Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Хүргээд өгье, наашаа суу”

Өнөөдөр өглөө сонссон хамгийн сайхан үг энэ байлаа. Хэдийгээр надад зориулагдсан үг биш боловч ингэж хэлсэн залууд чин сэтгэлээсээ баярлаж, өдөржингөө сэтгэл тэнэгэр явав. Учир юу гэвээс өглөө эрт автобусны буудал дээр ийм явдал болов. Унаа хүлээн жиндэн зогсох хүмүүсийн дунд саяхан төрсөн болов уу гэмээр өлгийтэй хүүхэд тэвэрсэн эмэгтэй зогсож харагдлаа. Ажил, сургууль цуглах цаг давхацсан учир зам түгжрэл ихтэй, машины урсгал зайгүй хөвөрнө. Гэтэл нэг машины жолооч автобусны буудал тийш зориуд эргэн ирж зогсоод өнөө хүүхэд тэвэрсэн бүсгүйг дуудав. “Хүргээд өгье. Наашаа ирээд суучих” гэсэн үгэнд тэнд зогсоо хүмүүс дор бүртээ бүсгүйн өмнөөс баярласан харагдсан. Нэг нь бүсгүйг машин руу дөхүүлж, нөгөө нь гүйж очин хаалгыг нь нээж суулгаж өгөв. Үүнийг харсан хүмүүс бүгд л жолоочид талархаж байгаа нь илт. Жолоочийн гэргий саяхан төрсөн гэмээр толгойгоо цагаан алчуураар боосон харагдсан. Хэдийгээр унаа ирэхгүй бухимдаж, даарч зогссон ч сэтгэл нэг л баяртай болоод явчихсан. Дулаахан ч болчих шиг.

Аз жаргалтай, сэтгэл тэнэгэр явахад тийм ч их өртөг шаарддаггүй бололтой. Хүмүүс бид бие биедээ жаахан ч гэсэн сэтгэл гаргахад л бусдад халуун дулаан илч, баяр хөөр бэлэглэж байдаг юм байна гэдгийг тэрхүү бяцхан үйл явдал бэлхнээ батлаад өгөв.

Хорвоод ирээд хэдхэн хонож байгаа тэрхүү нялх үрийг өөрийн мэт санаж, сэтгэл төвдөхгүй хүргэж өгөхөөр зогссон жолооч залуугийн ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ. Хэдийгээр машины дугаарыг тогтоож амжаагүй ч түүнийг энд зарлах нь илүүц биз ээ. Жолооч залуу ч үүнийг ач санаж, бусдад гайхуулах гэж хийгээгүй нь тодорхой юм.

Categories
булангууд мэдээ өд-бэх

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Гүн хэлмэр”-ийн тухайд

Шинээр төрөн гарч буй залуу шүүмжлэгч, судлаач, СУИС-ийн багш Х.Чойдогжамцын “Гүн хэлмэр” хэмээх шинэхэн номын тухай уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. Нэрнээсээ авахуулаад л гүн гүнзгий утга агуулгатай, Монголын утга зохиолын шинэ зууны шүүмж судлалд өөрийн гэсэн орон зайг эзэлж буй энэхүү бүтээлд Монголд бараг үгүй болоод буй театрын шүүмжүүд орсон нь олзуурхууштай юм. “Хараачлах үнэний бараа буюу Ч.Түвшний “Эдип хаан”, “Байгалийн шинэ жам уу, Шинэ байгалийн жам уу” зэрэг театрын шүүмжүүд нь тайз, үзэгчийн хоорондох харьцааг шинээр нээж сэтгэлгээний өргөн загвараар боловсруулсан нь нэлээдгүй даацтай шүүмжүүд болсон байна.

Мөнхүү уран зохиолын хүрээний ахмад үеийнхэн гэхээс бус шинээр төрөн гарч буй залуу зохиолч, яруу найрагч, шүүмжлэгчид төдийлөн мэдэхгүй Ж.Төмөр хэмээх шүүмжлэгчийн “Үндэс үрнээсээ” номын тухайд “Салхин дундах зул” хэмээсэн тэмдэглэл нь ч өнөөгийн уран зохиолд үгүйлэгдэж байсан зүй тогтлыг олж харж, өмнөх үеийнхээ зохиолчдын олон сайхан бүтээлийг хойч үедээ таниулсан явдал юм.

Номын өмнөтгөлд МУСГЗ, яруу найрагч, утга зохиол судлаач Л.Нямаа “XXI зууны, оюун мандлын эриний хүмүүсийн оюуны хэрэгцээг хангах жинхэнэ урлагийг бүтээхийн төлөө зүтгэхэд Х.Чойдогжамцын “Гүн хэлмэр” ном тус болно” хэмээжээ. Өдгөө бид ертөнц текист гэдгийг ухаарсан, оргүй хоосонд орших олон хий биетүүдийн хөдөлгөөн, амьсгалахыг олж нээх хэмжээний оюун сэтгэхүйд хүний ертөнцөд аж төрж байна. Нөгөөтэйгүүр энэ л нийгмийн бурангуйг үл анзааран, эсвэл анзаарсан сэтгэлийн шаналангаа үгийн урнаар илэрхийлж буй жинхэнэ урлагийг бүгтээгчдийн дунд, тэдний бүтээлийн амин сүнсийг нээн илрүүлэхийн тулд “гүн хэлмэрч” мэндэлж буйд талархууштай.

МУИС-ийн багш доктор Д.Галбаатар нэгэнтээ “Шүүмжлэл бол нохойд барьдаг мод биш” хэмээсэн. Шүүмжлэл гэдэг шүүн тунгаах, зохиолын сайн мууг үнэнээр нь ялган салгаж, шинжлэхийн нэр биз ээ. Тийм л учраас залуу судлаач Х.Чойдогжамц “Гүн хэлмэр” номондоо “Л.Өлзийтөгсийн шүлгүүдийг уншихад хэзээ ч ийм удаан байдаггүй байлаа” гэж хүүрнэл зохиолчийнх нь тал дээр зоригтой дуугарч чадсан бол “Л.Өлзийтөгсийг яруу найрагчийн хувьд өмөөрөхийн тал дээр ярих ч хэрэггүй. Тэр шинэчлэгч (уншигчдаасаа “зул задарчихсан”) уран бүтээлч, жинхэнэ (гэхэд л хангалттай) яруу найрагч” хэмээгээд “Буриадын нэрт яруу найрагч Сергей Тумуровын “Хүннү уулын нойрсогч өвс” шилмэл шүлгийн түүвэр оюун санааны минь ойд оршигч нэгэн сүнсийг сэрээх шиг болов”, “Мэдрэхүйн бүхэллэг чанар-хайку” зэрэг шүүмжүүд нь зохиолчдын оюун сэтгэлгээ, өөрөө төрсөн бүтээлийн чанарт шинээр хандсан байна.

Уран сайхны шүүмж гүн хэлмэрч Х.Чойдогжамцын номын шүүмжүүд ийм буюу. Бусдын бүтээлд хэрхэн ажиглалт хийж, үнэн зөвөөр нь зохиолчийг нээж гаргах нь судлаачдын хэрэг боловч нэг ёсондоо шүүмж гэдэг тэдний өөрсдийн оюун санааны томоохон бүтээл юм. Яг үүнтэй адил эл номыг бүтээгчийн өөрийнх нь хэлсэн шиг уран бүтээл, уран сайхны шүүмжлэл “бүтээгдэнэ, бүтэцлэгдэнэ, дүрслэгдэнэ, тэмдэглэгдэнэ” гэдэг энэ билээ. Дашрамд дурдахад Х.Чойдогжамц “Гүн хэлмэр” номоороо Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртсэн бөгөөд МЗЭ-ийн 87 жилийн түүхэнд анх удаа энэхүү шагналыг шүүмж, судлалын мэргэжлийн хүн хүртэж буйгаараа ихээхэн онцлогтой юм.

Л.Цэнгэл

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН”, “ҮНЭНИЙ ХОРВОО”, “БӨХӨН ШАРЫН НУРУУ”-Г АМИЛУУЛСАН ХӨГЖМИЙН АНГИЙНХАН

Монголын соёл урлагийн түүхэнд хожмын өдөр алтан үсгээр бичигдэх тэнгэр заяатай нэгэн ангийнхны түүхийг уншигчдадаа хүргэх болсондоо талархалтай санагдана. Амьдрал аялгуу эгшгийн сайханд гэрэлтэж, алаг хорвоогийн баяр гуниг төгөлдөр хуурын хар цагаан даруул шиг уярал баярын өнгөөр тодорном. Ерээд оны эхээр хөдөөнөөс голдуу ирсэн гүзээлзгэнэ шиг улаахан хацартай охид хөвүүд өнөөдөр Монголын хөгжмийн урлагийн гэрэлт дэнлүүд болон бадамлажээ. Ямархан сайхан хувь заяагаар тэд нэгэн ангид тохой нийлүүлэн сууцгааж, басхүү биесээ хөглөн амьдрах одонд төрцгөөгөө вэ. Эд бол Багшийн сургуулийн 1990-1994 оны төгсөлтийнхөн юм аа. Тэд анх нэгдүгээр дамжаанд орохдоо гучин зургуулаа байлаа. Одоогоор ангийнхнаа алдар хүнд, авьяас билгээрээ түүчээлж яваа нэгэн бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нийтийн дууны нэрт аялгуу туурвилч хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од юм. Энэ эрхэм хүмүүнтэй өнгөрөгч намар төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн жаран насны ойгоор Булган аймагт очихдоо сэтгэл зүрхний гүнээс ойртон танилцсан сан. Газар газрын хөгжимд дуртай хүүхдүүд цугласан эл ангийн анхны дарга нь Дархан хотоос ирсэн Ваанчигийн Мөнхбат аж. Хоч нь Памбига гэж байгаа. Багшийн сургуулийн хөгжмийн ангиа төгсөж СУИС-ийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан тэр авьяастан одоо АНУ-ын Вашингтон хотод аж төрж байгаа гэсэн. Тэр оюутан байхдаа л “Бодол”, “Чулуу” романсууд бичиж, “Торонд суусан болжмор” номыг бичсэн зохиолч Т.Рэнцэний “Уяхан хангайн бүсгүй” шүлэгт аялгуу зохиож явсан нэгэн юм.

Ер нь энэ ангийн авьяастнуудыг нутаг нутгаас нь олж ирсэн багш нарын билгийн харааг магтахаас яалтай. Гавьяат Сэр-Одыг гэхэд Хөвсгөлийн Ханх сумаас Одонтунгалаг багш нь олж ирсэн бол, Баянхонгорын Гурванбулагаас “Зөөлөн зөөлөн замбуулин”-гийн Норовын Баасандоржийг Баттогоо багш, “Үнэний хорвоо” дууны зохиогч Пүрэвдоржийн Ганбатыг Төв аймгийн Эрдэнэсант сумаас улсын начин Чанарав гуайн гэргий хуучрын багш Лийриймаа олж ирж байжээ. Ангийнхан нь Сэр-Од зохиолчийг Сэрээ гэж нэрлэнэ. Тэрээр оюутан болж ирэхдээ л бас ч ганц нэг хүүхдийн дууны ая зохиочихсон тэрүүхэндээ хоосонгүй нэгэн байж. Хөгжмийнхний дунд “Эрдэнэбатын ногоон” хэмээн алдаршсан онолын номыг гараар хуулаад биччихсэн, ноот хараад баянхуур тоглочихдог байсан гэж байгаа. Дуучин Хишигбаяр, Дэлгэрмаа нарын “Би чамд хайртай”, Чинболорын “Төгөлдөр гоо” дуунуудыг зохиосон соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Даваажавын Сүхбаатар бол арын сайхан хангайн Цахир сумын унаган хүү. Завхан аймгийн Нөмрөг сумаас ирсэн Мөнхцэцэг эдүгээ Идэр сумын дуу хөгжмийн багшаар ажиллаж буй агаад арванзургаан дуунаас бүтсэн хүүхдийн дууны цомгоо гаргаад байгаа авьяаслаг нэгэн. Мэдээж ангийнх нь хөгжмийн мэргэжилтнүүд дууных нь найруулжуулга сэлтэд сэтгэл гарган тусалсан юм билээ.

Нийслэлийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн хөгжмийн багш, соёлын тэргүүний ажилтан Батмагнай, Дэлгэрмаа хоёр бол өөрсдөө дууны найруулгаа хийдэг, Баянгол дүүргийн хэмжээнд мэргэжлээрээ гайхуулж яваа зүтгэлтнүүд юм билээ. Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Одончимэг хүүхдийн дууны уран бүтээлээрээ бас л гайхагдаж явдаг юм байна. ОХУ-ын Уралын их сургуулийг дүүргэсэн, Монголын анхны мэргэжлийн хөгжмийн зохиолч эмэгтэй, ардын жүжигчин Самбуугийн төрсөн дүү Дэнсмаа эдний ангийнхныг нэгдүгээр курст ороод дөнгөж арвандөрөв хонож байхад “Миний хүүхдүүд хичээл номоо хэцүү гэж бүү шантраарай. Танай ангид наанадаж авьяас төгөлдөр арван хөгжмийн зохиолч байна гэж би итгэл дүүрэн хэлье” гэхэд дунд сургуулийн ширээнээс хөндийрөх төдий оюунтан болоод гэрээ санамаглах аядаж байгаа хүүхдүүд тэр үгийг гайхах төдий болоод өнгөрчээ. Гайхахаар ч барахгүй “Хөгжмийн зохиолч гэж биднийг мөн ч томоор харж байна даа” гэж багшаа дооглон мушилзасхийцгээж байжээ. Энэ нь нэг талдаа өөрсдийн авьяас билгээ таньж хараахан мэдрээгүй, ирээдүйд юу бүтээхээ мэдэхгүй ариун тунгалаг үеийнх нь гэгээхэн эндүүрэл, гэрэлт андуурал байжээ. Дэнсмаа хэмээх тэр авьяаслаг багшийнх нь таньж ерөөснөөр ч юм уу, тэнгэр бурхнаас заяасан өглөг хишгийн буяных ч юм сан уу ямартай ч өнөө энэ ангийнхны олонхи нь хөгжмийн зохиолч, хөгжмийн урлагийн зүтгэлтнүүд болцгоон өсөн торниж, туурвин бүтээж явцгаана.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хөгжмийн багшаар Д.Одгэрэл, хөгжмийн зохиолч П.Ганбат нар яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн “Аргалын гал” яруу найргийн түүврийг аван “Үнэний хорвоо” шүлэгт аялгуу зохиосон түүх бий. Одгэрэлийн аялгуу зохиосон хувилбар төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит “Сэтгэлийн дуу”-д байр эзэлж шалгарсан бол Ганбатын аялгуутай дуу нь “Төгс аялгуу” уралдаанд дэд тэргүүн байр эзэлж, 1992 оны “Морин хуур” наадмын тусгай шагнал хүртэж байсан түүхтэй. Тэр жил Багшийн сургуулиас “Морин хуур”-т хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “тахиа” хэмээн алдаршсан “Сүүдэр цармын цэцэг” дууны зохиогч Сайнцогийн Мөнхбат, хөгжмийн зохиолч Ёндонгийн Сүхбаатар, одоогийн урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналын энтэй хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр нарын авьяасын шандас сорьсноос урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарчийн Бямбабаярын “Орхон түшээ мөрөн” дуу тэргүүлж, оюунтан Ганбатын бүтээл тусгай шагнал хүртсэн гэлээ. Оюутан хүү улсын наадмаас тусгай шагнал авчихаад Хүнсний хорьдугаар дэлгүүрийн урд талаас “өвгөнт” хэмээх архи олныг авч найруулан ангийнхнаа дайлж байсан ажээ.

“Төрүүлээд өсгөдөг нь ээжий юм аа

Төөрүүлж орхидог нь хорвоо юм аа хө

Хайрлаад өсгөдөг нь аав минь юм аа

Хагацуулж орхидог нь хорвоо юм аа хө” хэмээх эл дууг гавьяат жүжигчин Болормаа дуулж анх олны хүртээл болгож байсан. Хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбатын хувьд 1992, 1996, 1997 оны “Морин хуур” наадмын шагнал хүртэж, 1999 оны “Морин хуур” наадмын дэд тэргүүн байр, “Хайрын дуу – 2000” наадмын тэргүүн байрын шагналыг авч байсан билээ. Тэр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд хөгжмийн зохиолчоор суралцсан байдаг. Тэрээр Ширмэнтуяагийн дуулсан “Бодол”, яруу найрагч Д.Дашбадрахтай хамтарч “Санахгүй байхын аргагүй”, гавьяат жүжигчин Хонгорзул дуулж 1999 оны “Морин хуур” наадмын дэд тэргүүн байрын шагнал хүртсэн “Их Монгол орон мину” романс, дууны шүлгийн мастер З.Түмэнжаргалтай хамтарч “Зүүдэнд уяатай уул минь” зэрэг олны хүртээл болсон жар гаруй нийтийн болон мэргэжлийн дууны уран бүтээл хийсэн байдаг.

Эдний ангийн багш Солонго болбоос Багшийн сургуулийн ёочингийн багш төдийгүй хойт улсад дуулаачаар сурч байгаад агаар таарахгүйн улмаас ирсэн авьяасын гэрэлт нэгэн байсан гэдэг. Энэ хүмүүн эдүгээ нийслэлийн 84 дүгээр сургуульд ахлах багшаар ажиллаж байна. Шавь нар нь багшаа “Улаанбаатарын наяад оны миссүүдийн нэг байсан даа” гэж шагширч байна. Багшийн сургуулийн байранд Сэр-Од, Баасандорж, Памбига Мөнхбат, Одгэрэл дөрвүүл оржээ. Тэр үед оюутнууд 180 төгрөгийн стипендтэй байлаа. Дөрвүүлээ далан төгрөгөөр нийлцгээв. Тасгийнхаа санхүүг Бааска хариуцна. Тогооч нь Д.Одгэрэл. Гучдугаар дэлгүүр лүү явж нэг килограмм элсэн чихэр, төгрөг дөчийн хоёр талхтай ирнэ. Нэгийг нь Сэрээ стакан ус барьж байгаад идчихдэг байж. Үлдсэн нөгөөхийг нь гурвуул хувааж иддэг байж. Оюутны цалингаа эхэндээ амьжиргаандаа хүргээд л байдаг байж. Хөгжмийн зохиолч О.Эрдэнэбат дөрөвдүгээр курсийн оюутан. Нэг удаа ах нэгдүгээр курсийн Сэрээгийн тасгийнхныг шар айргаар дайлж, түүнээс хойш стипендээ амьжиргаандаа хүргэхээ больсон гэж байгаа. Дал, далаар нийлэхээ ч больж тус тусдаа санхүүгээ барьцгаах болжээ. Тасгийн тогооч Одгоо хоолоо ахин дахин амссаар цадчихдаг байсан хөөрхөн зальтай. Нөгөө гурав нь шүлсээ залгиад хараа л суугаад байдаг байжээ. Хажуу талын зэргэлдээ өрөөнд ангийнх нь охид амьдарна. Тэднийхээ хоолыг Сэрээ баараггүй бууддаг гэж байгаа. Солонгоо багш нь ангийнхаа хүүхдүүдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн байжээ. Хүнсний 100 дугаар дэлгүүрээс хямдхан гэж цувдай авч ирэн хувцас угаадаг цагаан түмпэндээ цувдайныхаа шөлийг үлдээгээд гаргаж асгахаас ялархан байсаар хэд хонотол ангийн багш нь иржээ. Гэтэл тасгаас нь бөөн өмхий үнэр ханхлаад хачин юм болж дээ. Багш нь Сэрээгээр асгуулсан гэж байгаа.

Сэрээгийнхээс Хөвсгөлийн цагаан загас, чихэр боов их ирнэ. Яагаад гэвэл тэр Ханхын хүүхэд шүү дээ. Харин нөгөө гурвынхаас нь өрөм зөөхий, мах ирдэг байжээ. Баялагмаа гэж Говь-Алтайн охин байж. Ардын жүжигчин Загдсүрэнгийн удирдлага дор дуулаачаар төгссөн нэгэн. Чико буюу Шаравын Мөнхжаргал эдүгээ Эрдэнэтэд багшилж байна. Мөнхбатаас хойш Дуламсүрэн гуравдугаар курсээс ангийн дарга болсон Дорнодын Хөлөнбуйрын барга охин. Одоо тэр 94 дүгээр сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Тэд хоёр нийгмийн ид шилжилтийн үеийн даржинхан оюутнууд байсан ч өнөө бүгд мэргэжлээрээ ажиллаж байгаа чин сэтгэлтнүүд ажээ. Анх оюутан болж ирээд Борнуурын САА-д төмс хураалтад явж, механик зоорин дээр төмс ялгадаг байжээ. Улсын нөөцийн төмсийг ялгадаг том мэргэжилтнүүд гэж байгаа. САА-д явсан долоо, найман хөвгүүн нь зэргэд ангиудаасаа нэг, нэг найз охинтой болж ирлээ. Хоёрдугаар курсээсээ Багшийн сургууль, Цэцэрлэгийн багшийн ангиудын хөгжмийн ангийнхан нэгдэж, статусын хувьд Хөгжмийн багшийн коллежийн оюутнууд болон төгсөцгөөжээ. Сүхбаатараас ирсэн Мөнхзаяа хожим англи хэлний алдартай багш болсон байна. Лхамжав хоёрдугаар курсээс багшийн ангид орж одоо хотод цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Байгальмаа Говь-Алтайдаа багшилж байгаа нь сайшаалтай. Суурьбат гэж хөдөлгөөнтэй хүү одоо Сэлэнгэдээ алдарт уяач болсон байна. Гэрэлцэцэг хэмээх тэр турьхан охин Эрдэнэтэд багшилж байгаа гэсэн.

Дорноговиос ирсэн Энхбат Замын-Үүдэд ажиллаж амьдарч байгаа юм билээ. Ангийнхан нь холбоо бариасай гэж хүссээр л байна. Хоёр буудлын атаман, “Чулуутын минь гол оо хө” гэсэн дууг зохиосон Минжүүрдоржийн хүү Дэмчиг гэж хөдөлгөөнтэй, авьяастай нэгнийг өнөө ч ангийнхан нь халуун дотноор дурссаар байна. Төгсөлтийнхөө хорин жилийн уулзалт болохоос хэдхэн сарын өмнө бурхан болсон бүжиг дэглэдэг, хөгжмийн авьяастан Эрдэнэболдоо тэд мартаагүй ээ. 2014 оны зургадугаар сард эдний ангийнхны хорин жилийн уулзалт баяр, гуниг дүүрэн болж өнгөрчээ. Сэрээгээ 2010 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цол авахад ангийнхан нь Төрийн ордноос Хөгжмийн зохиолчдын холбоо руу хамт алхахдаа Бааска, Ганбаа хоёр нь “Хойшоо болоорой, хойшоо болоорой” хэмээн куперлэж явсан гэж байгаа. Нэгэндээ тийм л хүндтэй ханддаг хүмүүс ажээ. Энэ анги хоёр багшийн гар дамжжээ. Түүний нэг нь дуучин мэргэжилтэй Чулуунхүү. Багшдаа хайртай ч гэж жигтэйхэн. Солонго багш нь балчир хүүхдүүдийг нь оюутан болгосон бол Чулуунхүү багш нь хатуу шаардлагаар тодорхой нийгмийн хүмүүс болгосонд тэд өнөөдөр ч чин зүрхнээсээ баярладаг юм билээ.

Ая зохиогч, хөгжмийн зохиолч Норовын Баасандоржийг манай уншигчид андахгүй биз ээ. Түүнийг “Элээх тавилан”, “Хос шарга”, “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Тэр л хэвээрээ” зэрэг олон сайхан нийтийн дуугаар нь танина. Тэр “Морин хуур” наадмын сонсогчдын таашаалд нийцсэн дуу, Монголын радиогийн “Цагаан лавай”-н тэргүүн байрын эзэн болж байсан гайхамшигтай уран бүтээлч билээ. Эдний ангийнханд агуу их хөгжмийн зохиолч Ч.Сангидорж хөгжмийн онолын цагаан толгойг заасан юм билээ. Бас нэг сонирхолтой түүх өгүүлэхэд Баасандорж, Ганбат хоёр СУИС-д 2000 онд элсэхэд ангийнх нь анд Тогтохын Сэр-Од багшаар хүлээж байсан гээд бод доо. Бас л гоё түүх шүү. Муратбек гэж Баян-Өлгийн Алтанцөгцийн хүү эдүгээ Баян-Өлгийнхөө театрт уран сайхны удирдаачаар ажиллаж байна. Тогтохын Сэр-Од бол ХЦДБЧ-ын уран сайхны удирдаач, СУИС-ийн профессорын багийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Do Re­Sound music production”-ий продюсероор, хөгжмийн зохиолч П.Ганбат БГД-ийн Хүүхэд, залуучууд хөгжлийн төвийн захирал, СУИС-ийн хөгжмийн онолын тэнхимийн багш, соёлын тэргүүний ажилтан Н.Баасандорж “Soft music” продакшны захирлаар тус тус ажиллацгааж байна. Ийм л тэнгэрлиг, авьяаслаг ангийнхан Монголын соёл урлагт хувь нэмрээ оруулсаар явцгаана даа.

Categories
булангууд мэдээ өд-бэх

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Иван Ильичийн үхэл”-ээр амьдралаа сонжихуй

Оросын алдарт зохиолч Л.Н.Толстойн “Иван Ильичийн үхэл” туужийг унших явцдаа Иван Ильичийн амьдралтай өөрийнхийгөө жишиж зэрэгцүүлж, сэтгэл хөдөлж, баясаж, бачимдан уурсаж, 95 дугаар хуудасны хэсэг дээр мөн түүн шиг уйлж ч үзлээ.

Тэгээд дараа нь Иван Ильич шиг амьдралын аахар шаахар бүхэнд хууртаж, жинхэнээсээ амьдрахгүй байгаа юм биш биз гэсэн бодол төрснийг нуух юун. Эл жижигхэн туужийн 110-аадхан хуудсанд хүний амьдралын үнэн дүр төрх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, хандлага зэргийг ямар ч нэмэр хачиргүй өгүүлжээ.

XVIII зууны сүүлийн хагаст зохиогдсон эл тууж зуун дамжин өдгөө хүний ухаан сэрэхүй, мэдрэмж мэдрэхүйд цоо шинээрээ хүрч байна. Сонгодог зохиол мөнхийн бүтээл байдаг аж.

Зохиол, Иван Ильичийн үхсэнийг ажлын хамт олон буюу шүүхийн зөвлөлийнхөн нь сониноос мэдэж буйгаар эхэлнэ. Тэд дор бүрнээ түүний албан тушаалд сэмхэн санаархацгаах аж. Хэзээ нэг цагт хүмүүс бүгдээрээ үхнэ гэдгийг мэддэг мөртлөө хамгийн эхлээд Иван Ильич үхсэнд л сэтгэл ханацгаана. Ийм хувиа хичээх үзлийг эл зохиолд үзүүлж, “Иван Ильичийн үхэл” туужийг бичсэнээрээ үхэлтэй нүүр тулж үзэх боломжийг Лев Толстой хүн төрөлхтөнд олгожээ. Энэхүү зохиол эртний бүтээл. Тиймээс уншиж мэдэрсэн хүн ч олон, уншиж мэдээгүй нь хүн төрөлхтний ирээдүй үе гэж бодохоор түүнээс ч олон биз ээ.

Харин, алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский уг туужийг уншсан тухайгаа 1886 оны долоодугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг юм байна.

Юу гэвэл “Би “Иван Ильичийн үхэл” туужийг уншлаа. Хэзээ нэг цагт, хаа нэг газарт байсан уран бүтээлч зохиолчдоос хамгийн агуу нь Л.Н.Толстой мөнөөс мөн гэдэгт би одоо хэзээ хэзээнээс итгэл төгс боллоо. Хүн төрөлхтөнд Европын өгсөн агуу болгоныг гаргаж тавих тэр цагт орос хүн толгой гудайлган ичихгүй байхад ганц энэ зохиолч л хангалттай” хэмээжээ.

Эл зохиолоос бид гэр бүлдээ хүн хэрхэн хандах тухай ойлгож болно. Түүнээс наана гэр бүл зохиохоосоо ч өмнө хайр дурлалын асуудалдаа хүн ямар шийдвэр гаргах ёстойг ухаарах болов уу. Иван Ильичийн амьдрал болоод л байсан хэрнээ огт болохгүй байж. Тэр хэзээ ч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагүй хэрнээ уг чанараараа буруу байж. Тэр хэзээ ч хүүхдээ зодож занчиж байгаагүй ч гэлээ тэднийхээ төлөө юу ч хийдэггүй байж. Мөнгө сайн олдог байсан ч гэлээ мөн чанартаа тэр өрхийн тэргүүн биш байж. Харин түүний эхнэр, дүр эсгэсэн нэгний өмнөөс, дүр эсгэгч, баг зүүсэн нэгний өөдөөс баг зүүсэн нэгэн байжээ.

Эцэст нь хэлэхэд энэ зохиолыг хүн хоёр, гурван цагийн дотор уншчихна. Тэгээд 20, 30 жилийн дараахь өөрийгөө төсөөлөөрэй.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Та D витамины тухай ямар ойлголттой явдаг вэ?

Монголчуудын дийлэнх нь D витамины дутагдалтай байдаг гэдэг нь сүүлийн үед улам бүр тодорхой болж байна. Нярай болон бага насныхан харьцангуй гайгүй байдаг нь D витаминыг тунгаар авдагтай холбоотой аж. Манайхан шинэ төрсөн хүүхдүүддээ D витамин өгөхгүй бол хөлрөөд байдаг, рахит болно гэхчилэн сүрхий анхаардаг. Харин томроод ирэхээрээ энэ асуудлыг таг хаячихдаг учраас үнэндээ насанд хүрэгчид D витамины асар их дутагдалтай явдаг ажээ. D витаминыг бол байгаль дээр нарнаас авдаг. Харин хангалттай авч чадахгүй бол нэмэлт тунгаар хүртэхээс аргагүй байдаг байна. Уг нь Монгол бол нарлаг орон. Жилийн 365 өдрийн бараг гурван зуугаад нь нартай байдаг. Гэвч нар ташуу тусдагаас нарнаас хангалттай D витаминыг авч чаддаггүй ажээ. Жилд гагц дөрөвдүгээр сард нарнаас дээрх витаминыг авах боломжтой үе тохиодог гэх боловч бид ид хаврын салхи хавирга нэвт гээд жигтэйхэн зузаалж явдаг үе л дээ. Гадаадад очсон монголчууд шинжилгээ өгөхөд D витамины хомсдолд орчихсон, бүр байх ёстой хэмжээнээсээ 200 дахин бага гэгдсэн тухай сонсч байлаа. Гэтэл D витамин хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс бодис яах аргагүй мөн юм. Хүний дархлааны гол хүчин зүйл. Хэрэв дархлаа муудаад өвчин ороож нэг л өөдлөхгүй бол D витамины хэмжээ хэр байгааг мэдэх л ёстой гэсэн үг. Үүний дутагдал нь хөхний хавдар, бүдүүн гэдэсний хавдар, түрүү булчирхайн хавдар, зүрхний өвчлөл, даралт ихсэх, депрест орох, жин нэмэх, аутизмтай хүүхэд төрүүлэх гээд олон өвчлөлийн шалтгаан болж байдаг байна. Бас манайхан кальци багассан гээд л ходоодоо өвдтөл кальцийн шахмал хэрэглэх болсон. Гэтэл энэ нь D витаминтай хавсарч ясанд хүрдэг болохоос дангаараа бол худлаа л гэдэг. Тэгэхээр нялх хүүхдэд өгдөг болохоос томчуудад хэрэггүй гэж ойлгодог D витамины тухай ойлголтоо бид өөрчлөх цаг болжээ. Аз болоход дөнгөж хоёр, гурван жилийн өмнөөс эхлээд Монголд D витамины дутагдлыг тогтоодог болсон. Томоохон шинжилгээний газруудад очоод та D витамины хэмжээгээ үзүүлээд авахад илүүдэхгүй юм байна шүү. Ерөнхийдөө оношлууртайгаа холбоотой байх, хэмжээг нь тогтооход 50 орчим мянган төгрөг гэгддэг юм билээ. Гэхдээ сүүлийн үед үнэ нь бууж байгаа сурагтай байсан. “Онош-мед”-д 38000 төгрөгөөр үздэг нь хамгийн боломжтой үнэтэйд тооцогдож байна лээ. Учир шалтгаангүй олон өвчлөлийн шалтгаан болдог D витаминыхаа хэмжээг үзүүлээд бага байвал тунгаар авч хэрэглэх ёстой шүү.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарны аймаг есөн гаригтай юу?

-ЭРДЭМТЭД ҮЛ МЭДЭГДЭХ Х ГАРИГ ИЛРҮҮЛЖЭЭ

Сансар ертөнцийн тайлагдаагүй нууцын нэг хэсэг нь бидний оршин буй нарны аймгийн систем юм. Одоогоор нарны аймгийг үндсэн найман гаригтай, хэд хэдэн одой гаригтай хэмээн тогтоосон ч илрээгүй маш олон гариг, хиймэл дагуул, тоосонцор хүн төрөлхтний үл мэдэх нууц оршин байгаа гэж үздэг.

Үүний баталгаа болж Пасаден хотын Калифорнийн технологийн дээд сургуулийн одон орны судлаач эрдэмтэд Майк Браун, Константин Батыгин нар нарны аймагт нэгэн шинэ гариг байгааг илрүүлжээ. Энэхүү үл мэдэгдэх X гариг нь нарны аймгийн хамгийн жижиг нь болох Дэлхий ван гаригийн тойрог замын цаана байрлах аж. Хэмжээгээрээ Далай ван гаригтай адилхан бөгөөд дэлхийгээс арав дахин хүнд жинтэй шинэ гаригийг нээсэн тухай өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ.

Энэ гариг өмнө нь одон орончдын дуранд өртөж байгаагүй шалтгаан нь нарыг зууван тойргоор 15 мянган жилийн хугацаанд нэг удаа тойрдогт оршино. Эрдэмтдийн тогтоосноор Х гариг бүтцийн хувьд Тэнгэрийн ван, Далайн ван зэрэг хийн гаригуудтай адилхан юм байна. Уг гариг 4,5 сая жилийн өмнө нарны ойролцоох гаригуудынх шиг тойрог замаас шахагдан гарсан байна.

Нар болон шинээр нээгдсэн гаригийн хоорондын зай нь астрономын 200 нэгжтэй (нарны аймгийн гариг хоорондын зайг хэмжихэд хэрэглэгддэг нэгж юм. Нар ба дэлхийн хоорондох зайг 1 астрономийн нэгж болгон авдаг) тэнцэж байгаа бөгөөд Х гаригийг нарнаас хамгийн их холдох зай нь 600-1200 астрономын нэгж гэнэ. Тэр нь Далайн ван гаригийн байрлах Койперийн бүс гэдгийн цаана тойрог замыг гаргаж байна гэсэн үг юм.

Гэхдээ эрдэмтэд тус гаригийн яг бодитоор хараагүй аж. Сансрын бусад биетэд үзүүлэх түүний таталцлын нөлөөг эрдэмтэд судлан уг гариг байгааг тогтоосон байна. Майк Браун, Константин Батыгин нар энэхүү гаригийг одон орны дурангаар харсан цагт л нээлт баталгаатай болно гэжээ. Ингээд тэд Хавайн арал дахь “Subaru” гэдэг Японы одон орноос судалгаа хийхээр болжээ. Тэд гаргийг судлахдаа найман метр урт сансрын дуран ашиглаж байгаа аж. Х гариг үнэхээр байгааг баталтал тав орчим жил хэрэгтэй хэмээн тооцоолж буй юм. Учир нь ойролцоогоор таван жилийн дараа Х гаригийг таван жилийн дараа гэхэд одон орны дурангаар харах боломжтой болох аж. Хэрэв уг гариг бий гэдэг нь тогтоогдвол нарны аймгийн ес дэх гариг болно.

Энэ дашрамд уншигчдадаа нарны аймгийн талаар товч танилцуулъя.

НАРНЫ АЙМАГ

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй хэмээн үздэг аж. Нарны аймгийн төв болох орчлон ертөнцийг гийгүүлэгч алтан нар нь бидний нүдэнд хамгийн ойр орших од билээ. Тэрхүү од болон түүнийг тойрон эргэх гарагууд нь мананцрын бөөгнөрлөөс үүссэн юм. Гэвч энэ мананцар нь их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй. Тэднээс өөр олон элемент сансар огторгуйд тоосонцор адил тархаж байсан. Харин тэр элементүүд Их дэлбэрэлтээс хойш 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд хоёр хувьд ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гараг, дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг байна. Манай нарны аймаг ч бас гараг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм.

Нарны аймаг нь үндсэн найман гаригтай. Зарим эрдэмтэд есөн гаригтай гэж тайлбарладаг ч хамгийн бага Дэлхий ван гаригийг одой гаригт оруулснаар найман гариг хэмээн тооцох болсон билээ. Мөн маш олон тооны нээгдсэн болон нээгдээгүй одой гаригууд, нийт гаригийн дагуулууд болон тоо томшгүй жижиг хатуу биет, тоосонцруудаас бүтдэг.

Ингээд нарны аймгийн найман гаригаа нарнаас холдох байдлаар нь жагсаавал:

•Буд Mercury

•Сугар Venus

•Дэлхий Earth

•Ангараг Mars

•Бархасбадь Jupiter

•Санчир Saturn

•Тэнгэрийн ван Uranus

•Далайн ван Neptune

Одоогоор эрдэмтдийн нээгээд байгаа хамгийн багадаа 41 одой гариг байгаа бөгөөд эдгээрийг жинхэнэ одой гариг уу, эсвэл гариганцар уу гэдгийг тодруулах шаардлагатай юм. Хамгийн тод ажиглагддаг томоохон, баттай тогтоогдсон таван одой гариг:

•Дэлхий ван Pluto

•Седна Sedna

•Оркус Orcus

•Квавар Quaoar

Нарны аймгийн үндсэн найман гаригийг хөрстэй гариг болон хийн гариг гэж хоёр ангилдаг. Хөрстэй гаригт Буд, Сугар, Дэлхий, Ангараг гариг багтана. Эдгээр гарагууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гараг гэдэг.

Харин хийн гариг болох Бархасбадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг аж.

Бэлтгэсэн Э.НОМИНЭРДЭНЭ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Байгалийн антибиотик цангис

Кранберрис гэдэг жимс бий. Монголоор бол цангис. Цангис гэдэг энэ жимсийг байгалийн гаралтай хүчтэй антибиотик болохыг тогтоосон байдаг. Хүний биед байгаа хорт бодис буюу антиоксидантыг гадагшлуулах тал дээр бусад ямар ч жимсийг дагуулахгүй. Эмийн чиглэлээр тэргүүлэгч орнуудын эрдэмтэд энэ жимс нь эмийг орлох шидтэй бөгөөд бөөр болон шээсний замын үрэвсэлт өвчинд түлхүү сайн үр дүнгээ өгдөг гэдгийг нотолчихсон. Тодорхой судалгааны дараа цангисын шүүс нь биед удаан хугацааны туршид шингэсэн хорыг гадагшлуулдаг өндөр чадвартай гэдгийг нь бүрэн батлаад байгаа аж.

Цангис нь шээсний замын үрэвсэлт өвчнийг үүсгэгч нянд үржих боломж өгдөггүй. Тэр хэрээрээ үрэвслийг богино хугацаанд устгаж, биеийг сэргээдэг. Е витаминаас дор хаяж 30 дахин хүчтэй гэж байгаа. Мөн химийн гаралтай эм хэрэглэх үед ямар нэгэн дагалдах нөлөө үзүүлэхгүй, хоргүйжүүжүүлэх чадалтай тул хөгшрөлт болон хорт хавдраас ч сэргийлэх боломжтой. Тиймээс энэ жимсийг хэрэглэж байхад огтхон ч буруудахгүй.

Дашрамд нь дурдахад нүд доогуураа хөхрөөд байвал мэдээж ядарсных. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдалтай шууд холбоотой. Голдуухан оюуны хөдөлмөр эрхлэгчид, нэг дор удаан сууж дэлгэц ширтдэг ажилтай хүмүүсийн нүд хөхөрдөг. Тиймээс хүйтэн усаар норгосон алчуур толгой дээрээ тавьж болно. Бас бүлээн усаар норгосон алчуурыг нүдэн дээрээ тавьж болох юм. Ингэж 10-15 минут болсны дараа нүд амарсан нь танд илт мэдэгдэнэ. Мөн хоёр гарынхаа алганы хонхорт нүдээ тааруулаад зөөлөн дарах нь чухал.

Ингэх нь нүдний ухархай, дээд, доод зовхины цусан хангамжийг сайжруулахад тун хэрэгтэй.

Мэдээж цусан хангамж сайжрахын хэрээр нүдний доогуур хөхөрсөн нь бага багаар арилна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо тэрбум 590 мянгад хүрчээ

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар АНУ-ын иргэн Марк Цукербергийн үүсгэн байгуулсан фэйсбүүк олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн тоо тэрбум 590 мянга болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсчээ. Энэ нь тус сүлжээний нэг өдрийн хэрэглэгчийн тоо 17 хувиар өсч, өдөрт дунджаар нэг тэрбум найман сая хэрэглэгч үзэж буй гэсэн үг аж.

Хэрэглэгчид уг сүлжээг өөр хоорондоо харьцах, текст бичлэг хийх зэргээр ашигладаг байсан бол эдүгээ видео бичлэг оруулах, үзэх талбар болгон ашиглах нь ихэсчээ. Өнгөрсөн онд хэрэглэгчид өөрсдийн 100 сая цагийн видео бичлэгийг фэйсбүүкт оруулсныг тэрбум орчим хүн үзсэн байна. Фэйсбүүк олон нийтийн сүлжээний нийт орлогын дийлэнхийг АНУ, Канад улсуудаас ордог бол 25 хувийг Ази тивийн орнуудаас олсон байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ирээдүйд онгоцны ослоор хүн нас барахгүй

Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд онгоцны осол ихээр гарч, олон хүний хэмжээнд хүрэх болсон. Дахин ийм эмгэнэлт үйл явдал гаргахгүй байх үүднээс судлаачид шинэ санаа бодож олжээ.

Тэд онгоцны кабин хэсэг, зорчигчийн хэсгийг саланги хийх санаа дэвшүүлсэн байна. Ингэснээр осол болох үед зорчигчдыг аюулгүй байлгах боломжтой гэжээ. Кабин, зорчигч хэсгийг салдаг болгосноор ослын үед кабин их биеэс салж унана. Харин их биеийг дээд талд нь байрлах том шүхрүүд автоматаар дэлгэгдэн аюулгүй газардуулна. Мөн газардах үед доод хэсэгт тусгай зөөлөвч хийлэгдэх аж.Ингэснээр зорчигчид ямар ч аюулгүйгээр эх газартаа буух боломжтой болох гэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Оригамигаар бодит машин бүтээжээ

Английн Лондон хотноо нэгэн сонирхолтой үзмэр тавигджээ. Учир нь Японы Автомашин үйлдвэрлэлийн “Toyota” компанийн “Lexus” маркийн автомашиныг бодит машинтай адилхан хэмжээтэй цаасаар урласан байна. “Lexus” загварын энэхүү цаасан машин нь бүх талаараа жинхэнэтэйгээ яг адил бөгөө гэрэл асч, хөгжим явж, дуут дохио дугардаг байна. Тус машиныг бүтээхэд нийтдээ 1,700 хэсэг картон цаас ашиглажээ.

Машиныг бүтээхэд таван багийн дизайнерууд оролцсон байна. Хийхдээ их бие, хянах хэсэг, салон суудал гэх маягаар тус тусад нь бүтээгээд угсарчээ. Энд ашигласан картон цаас нь 10 мм зузаантай аж.

Энэхүү цаасан бүтээл автомашин сонирхогчдын хорхойг ихэд хөдөлгөж байгаа бөгөөд худалдан авах хүсэлтэй хүн ч ихээр хандаж байгаа юм байна.