Categories
булангууд мэдээ өд-бэх

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Гуйвшгүй Гризельда

Эл ном бол Италийн Сэргэн мандалтын үеийн тууриудын түүвэр юм. Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйн сонголтоор түүхэнд зураг нь ч үлдээгүй зохиолчдын бүтээлүүд багтжээ. Нийт 10 зохиолчийн анталоги юм. Алдарт “Poмео, Жульетта” драмын жүжиг болохоосоо ч өмнө туурь байжээ. Харин үүнээс яруу найрагч, их зохиолч Жованни Боккаччо (1313-1375)-ийн “Декамерон” буюу “Арав хоногийн хугацаанд яригдсан үлгэрүүд”-ээс арав дахь өдрийн үлгэр буюу Х туурийг нь сонирхуулж байна.

Гвальтьери хэмээх язгууртан гаралтай, ухаан сэргэлэн баян эр байв. Гэвч тэрээр гэр бүлтэй болох талаар огт боддоггүй бөгөөд ан авд хорхойсч явдаг нэгэн. Хэнэггүй хийсгэлэн эзэнтнээ үр удмаа үлдээхгүй байсаар “явчих” юм биш биз хэмээн зовнисон албат нар нь түүнийг “гэрлээч” хэмээн ятгах болов. Гэвч Гвальтьери өөрт таарч тохирох хүн хайж байна хэмээн алгуурлан явсаар зэргэлдээ тосгоныхоо Гризельда хэмээх ядуу тарчиг амьдралтай айлын охиныг эхнэрээ болгожээ. Гризельда царай зүсээр хэнээс ч дутахгүй үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. Гвальтьери Гризельдаг эхнэр болгон авахдаа болзол тавьж, ам өчиг авсан болой. Гризельда ч язгууртан нөхөртэй болоход татгалзах зүйлгүй тул нөхрийнхөө хэлсэн бүхнийг хийж, ямар ч ааш авир гаргасан хүлцэн тэвчиж, уурлахгүй, дуулгавартай байна гэсэн ам өчгийг ядуу хөгшин эцгийнхээ өмнө өгөв. Тэдний хурим сайхан болж албат нартаа хүндлэгдсэн аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарцгаах болов. Тэгтэл нэгэн өдөр Гвальтьерид ямар ад нь шүглэчихсэн юм өөгүй цэмцгэр, ааш авир сайтай, дуулгавартай, халамжтай эхнэрээ элдвээр гоочлон доромжлох болов. Язгуур угсаагүй ядуу зүдүү хүнийг эхнэрээ болгосон нь алдаа байжээ гэнэ. Энэ бүхэнд нь Гризельда анх амласан ёсоор ааш авир хувиршгүй, уурлан уцаарлахгүй байв. Энэ бүхэн Гвальтьеригийн эхнэрээ сорьж шинжсэн санаанд багтамгүй үйл явдлуудын өчүүхэн хэсэг нь байлаа. Гризельдаг хэлсэн үг, амласан амлалтдаа гуйвшгүй үнэнч гэдгийг мэдсэн ч нөхрийнх нь далд хорон санаа үүгээр дууссангүй. Албат нар нь аз жаргалгүй болж байна гэсэн шалтгаар төрсөн үрээ хөнөөлгөх санаа гаргав. Тушаал ёсоор албат нар нь охиныг нь аваад явахад ч Гризельда урьдын хэвээр байв. Энэ явдлаас хойш байдал намжин Гвальтьери эхнэрийнхээ чигч шулуун занд эрхгүй баясан сэтгэл хангалуун аж төрсөөр төдөлгүй хүүтэй болов. Хүү төрсөнд тэрээр хэмжээлшгүй их баяр жаргалтай байсан ч эхнэрээ урьдын аргаар турших санаа нь салж өгсөнгүй. Хүү минь ядуу хүний зээ хүү болно гэхээс айж байна. Ер нь чамаас салж өөрт нийцэх өндөр угсааны эхнэр авахгүй бол болохгүй нь. Хэрэв тэгэхгүй бол албат нар минь сэтгэл дундуур байх нь. Тэд маань сэтгэл дундуур байвал надад үнэнч биш болно шүү хэмээн гоншигоноход Гризельда, аажуу тайвнаар бүх зүйл таны хүссэнээр байх болно гэж би ам өчиг өгсөн шүү дээ. Би бол таны хүчинд амьд яваа ядуу тариачны охин. Танд л ая тухтай, сэтгэл амар байвал болох нь тэр хэмээгээд байдал намжив.

Тэгтэл нэгэн өдөр хатуу хахир нөхөр нь Гризельдаг дан цамтай нь гэрээсээ хөөж явуулаад өөрөө өөр эхнэр авна хэмээв. Төдөлгүй өөр эхнэр авч иржээ. Харин Гризельда нөхрийнхөө шинэ эхнэрт үйлчлэн, сэтгэлд нь сэв хийчих вий хэмээн хичээх болов. Энэ бүхнийг хөндлөнгөөс ажиглаж байсан Гвальтьери эхнэрийнхээ чинхүү сэтгэл, үнэнч байдалд дахин хэзээ ч эргэлзэхээргүй болж сэтгэл догдлон хамаг үнэнээ өчнө. Үнэн хэрэгтээ шинэ эхнэр гэгч үзэсгэлэнт охин бол тэр хоёрын анхны охин байжээ. Охиноо хөнөөсөн хэмээн нууцаар өсгөснийг мэдээд Гризельда уйлан хайлан охиноо тэврэн аваад бүх хэрэг явдлын учиг тайлагдав.

Тэгээд Гвальтьери өгүүлсэн нь: “Эрхэм Гризельда минь ээ, одоо л чи минь удаан хагацааны тэсвэр тэвчээрийнхээ үр шимийг хүртэх боллоо. Би чамайгаа хүн бүхэн дуурайхуйц үлгэр жишээч эхнэр байгаасай гэсэндээ тэсэхийн аргагүй зовлон шаналал чамдаа үүрүүлж байлаа. Би бол энэ орчлонгийн эрчүүд дотроос эхнэртээ хамгийн ихээр сэтгэл ханамжтай хэмжээлшгүй их аз жаргалтай байдаг цорын ганц эр хүн” гэвэй. Тэд урт удаан аз жаргалтай амьдарч буйгаар зохиол төгсдөг.

Магадгүй энэ туурийг уншсан хүн амлалт болоод, үнэнч байна гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрэх биз. Ялангуяа таарамж муутайхан хосууд, харилцаагаа шинэ хандлагатай болгохыг эрмэлзэж буй залуус унших аваас үл ойлголцлын манан сарнин замхарч, итгэлцлийн наран гийнэ вий.

Г.Лхагвадорж

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хоолны илчлэг, калорийг тодорхойлдог ухаалаг таваг бүтээжээ

Утас, унадаг дугуй, цаг, машин ор гээд бүхий л зүйл цахим хэлбэрт шилжин ухаалаг болох болсон. Үүнтэй адил таваг ч ухаалаг болжээ.

Энэ таваг нь эрүүл хооллолтоор хичээллэдэг, биеийн жиндээ анхаардаг эмэгтэйчүүдийг сонирхлыг маш их татаж байгаа юм.

“Smartplate” нэртэй уг тавган дээр тавьсан бүх хоол хүнсний илчлэг, тэжээл, уураг, нүүрс ус гээд бүгдийг нь тодорхойлох бөгөөд хүний биед хэдэн цагийн дараа шингэхийг хүртэл харуулдаг байна. Энэ тавгийг хэрэглэхийн тулд тавагны аппликэйшнийг давхар гар утсандаа татах ёстой. “Smartplate” апп-ыг суулган ажиллуулснаар тавган дээр тавьсан хоолныхоо мэдээллийг утсаараа авах боломжтой юм. Хэд хэдэн өнгөний сонголттой энэ бүтээгдэхүүн зун гэхэд 229 ам.долларын үнэтэй худалдаанд гарах аж.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр

Жил бүрийн 3 дугаар сарын 21-нд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг хэмээн тодотгосон юм.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй хэрэг юм.

Үе үеийн яруу найрагчдадаа болон яруу найраг сонирхогч шимтэн уншигчдад Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг хүргэе!

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Зохиомлоор элэг ургуулжээ

Японы
Йокогама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн
гуйцэтгэж чадахуйц хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн элгийг
амжилттай ургуулж чадсан байна.

Мэргэжилтнүүд
уг элгийг дотор эрхтэнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр
хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай телевизийн
“Эн-Эйч-Кей” суваг мэдээлжээ.

Ургуулан
гаргаж авсан жижигхэн элэг нь яг л хүний жинхэнэ элэг шиг хорт бодисыг
маш үр дүнтйгээр хоргүй болгож гадагшлуулдаг аж. Судлаачдын багийн
ахлагч, профессор Хидэки Танигути цусанд шаардлагатай уургийг уг элэг
ялгаруулж чаддаг хэмээн ярьжээ. Японы судлаачид ургуулсан элэгнийхээ
клиникийн туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Уг элгийг хүнд өвчтэй хүмүүсийн элэгний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шилжүүлэн суулгах бодолтой байгаа ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Apple” компани маргааш шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

appleГуравдугаар сарын 21-нд буюу маргааш жижиг хэмжээтэй, хямд
үнэтэй “iPhone 5SE” мөн “iPad” таблет компьютерийн шинэ хувилбарыг ч танилцуулж
магадгүй байна.Шинэ гар утас нь “iPhone 5” болон “iPhone 5S”-ийн адил 4 инчийн
дэлгэцтэй байх ч хүчин чадлын хувьд “A9” чипийг ашиглажээ. “Apple”
компани хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу дээрх загваруудыг гаргаж байгаагаа
албан ёсоор мэдэгджээ.

Categories
булангууд мэдээ өд-бэх

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Иргэншлээс оргох тасалбар”

Уншчихаар ном олж чадалгүй удсан юм уу, эсвэл гадаадын сонгодгуудыг шимтдэг хүмүүст “Иргэншлээс оргох тасалбар”-ыг санал болгоё. Олон нийтэд биш харин жинхэнэ уншигчдад зориулан хэвлэсэн “Иргэншлээс оргох тасалбар” абсурд жүжиг, урбан өгүүллэгийн түүврийг “Ном ярьж өгье” буланд онцолж байна. Монголын зохиолчдын эвлэлийн болон утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн, яруу найрагч Ө.Үлэмжтөгсийн 2014 онд хэвлүүлсэн уг номыг бүхэлд нь өөр мэдрэмж төрүүлэм гэж хэлбэл арай бүдүүн тойм хэлсэн болно. Нийтлэг, нийтэд таашаагддаг дүр зураг, өнгө будаггүй уг номыг мэдрэх нь уншигчаас зайлшгүй өндөр мэдрэмж, боловсрол “нэхнэ”. Утга зохиол дахь шинэ үеийн залуусын дунд сэтгэлгээний хувьд задарсан, бичлэгийн өөрийн гэсэн дэгтэй Ө.Үлэмжтөгсийн уг номоос “Зуун хувь төгс эхнэр”-ийг товч сийрүүлье л.

…Амь нэгтэй, амралтын өдрөөрөө чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг хөршүүдтэй хотхоныхон ая тухтай, амар амгалан сууж, тавлаг байдлаа алдагдуулахгүйг хичээдэг. Эхнэрүүд нь шинэ жороор амтат зоог бэлтгэнгээ дэл сул яриа дэлгэдэг бол эрчүүл нь ширээ тойрч суун хол ойрын бизнесийн санаа уралдуулцгаана. Ийм нэг хотхон. Гэтэл эдний хотхонд учир битүүлэг нэгэн эр амьдарна. Их нууцтай хүнийг хүн бүр л нүдээ онийлгон гайхаж харангаа дэргэдэхээ ёворч түүний тухай уран зөгнөлөө ярьж гарцгаадаг билээ.

Энгийн нэгэн өдөр хуримын сүржиндүү цуваа хотхонд орж ирэв. Өнөөх эр гоёмсог чимэглэсэн тэрэгнээс буулаа. Тэр өнөөдөр хуримаа хийжээ. Бүгд л гайхаж, заримынх нь ам ангайж хоцров. Хэнтэй ч нийлдэггүй, бүрэг, хаалттай түүнийг ингээд заяаны ханиа дагуулаад хүрээд ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй байж. Хотхоны оршин суугчдын хувьд хуримын цуваа, сүйт хархүү огтхон ч сонин биш. Зожиг эрийн эхнэр болсон бүсгүй нь хэн юм бол гэж дотроо төсөөлцгөөнө. Баян юм чинь залуухан бүсгүй л уургалсан байж таараа, эсвэл хөгшин, нэг бол гадаад бүсгүй ч байж мэднэ гэцгээнэ. Ингээд хотхоныхон анхааралтай ажиж, амьсгал даран зогсч сүйт залуу машинаас шинэхэн гэргийгээ урин буулгаж ирэх торгон агшныг хүлээв. Машинаас ямар бүсгүй бууж ирэх бол?

Тэсвэр муутайхан хүн “Хурдан гаргаж ирээсэй, эхнэрийг нь харахсан, энэ эв дүйгүй амьтныг ямар эмэгтэй тоодог байна аа” гэж түмэн асуултаар өөрийгөө булж салганахаар.

Нууцлаг эр машинаас эхнэрээ тэвэрч буулгалаа. Эхнэрийг нь хараад хотхоныхон, хөршүүд нь нүдэндээ ч итгэсэнгүй. Зожиг эр хиймэл хүүхэнтэй гэрлэчихжээ. Хийлдэг хүүхэн шүү, очиж очиж.

Энэ өдрөөс эхлээд хотхоныхон хаа тааралдсан газартаа ярьдаг зүйл нь хиймэл эхнэртэй эр. Түүнийг элдвээр хараан зүхэн гаж мэтээр ярьж охид, бүсгүйчүүлээ хол байлгацгаая ч гэнэ. Хүнээс хол, өөрийнхөөрөө л чимээгүй аж төрдөг байсан эр гэнэт хотхон дундаа адлагдах болсон ч түүнийг аз жаргалтай, улам л баяр жавхаа нэмэн эрч хүчтэй амьдрах болсныг эрчүүл анзаарч эхэлвэй. Аягүй бол энэ хотхоны хамгийн азтай гэрлэлттэй учирсан эр нь тэр байж мэдэхээр болоод явчихав. Учир нь түүний эхнэр үргэлж үзэсгэлэнтэй, хэзээ ч үрчлээтэж, уурлахгүй, нөхрөө хардаж зовоож элдэв хараал урсгаж гомдоохгүй, түүгээр ч үл барам олж ирсэн цалинг нь хуу хамаад хувцас, гутланд үрэхгүй. Байсхийж утасдаж, байцааж цагдахгүй. Тэгээд хэзээ ч үзэл бодол харшилдаж хашгирахгүй, үргэлж зожиг эрийн зөв байх юм чинь. Тиймдээ хуримын өдрүүд ард хоцорсон ч өглөө гэрээсээ аз жаргалтай гарч, орой хөл хөнгөн гүйн ордог болсныг нь бүгд харцгаана. Хиймэл хүүхэнтэй аз жаргалтай байгаа эрийн амьдралыг хотхоныхон өөрсдийнхтэйгөө зүйрлэцгээдэг болов.

Хотхоныхон зожиг эрийн талаар өмнөх шигээ сүр бадруулан ярихаа байсан ч гэртээ яаж аж төрдгийг нь битүүхэндээ сонирхоно. Гэтэл далд амьдралтай эр гэртээ шинэ тавилга худалдаж авсан тэр өдөр амьдрал нь нийтэд ил болчихов. Нүсэр тавилгаа хаалгаараа оруулах гэж зүдэрч байхад нь нэг хөрш нь өргөлцөж туслахдаа гэр доторхыг нь харцаараа нэгжжээ. Гэрт нь шинэхэн гэрлэсэн хиймэл эхнэрээс нь гадна өөр хэд хэдэн тийм хүүхэн торойцгооно.

Ярианы сэдэв болсон нууцлаг эрийг гадагшаа ажлаар явсан хойгуур хэн нэгэн гэрт нь нэвтэрч хиймэл хүүхнүүдийнх нь дунд хиймэл эр суулгаж даажигнасан нь зожиг эрийн тэсвэрийг алдагдуулж буун дуу гаргалаа…

“Зуун хувь төгс эхнэр”-ийг эрхэм уншигч та өөрөө гүйцээж уншвал амттай байх санж. “Иргэншлээс оргох тасалбар”-т багтсан “Цоожтой гүүр”, “Зөрлөг дээр өнгөрүүлсэн 1:30 минут”, “Зүүдэнд авахуулсан гэрэл зураг”, “Terrorist Win”, “Морг”, “Нуугдаж тоглоё” өгүүллэгүүдийг уншаад Монголын утга уран зохиолд овоо залуус хэдийнэ ороод ирчихсэн явж байгаа юм байна гэх бодол төрөх байх. Тийм болохоор уншчихаар аятайхан ном хайдаг цаг ард хоцрох нь гэсэн үг л дээ, цаашид.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хамгийн нимгэн “iPhone7” загварын тухай

“Apple” компани “iPhone 6” “iPhone 6S” утасныхаа дараагийн загвар болох “IPhone 7” загварыг ирэх намар худалдаанд гаргана хэмээн танилцуулсан. Энэ нь хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа аж.

Гэхдээ үүнийг яг “iPhone 6”-ын үргэлжлэл гэж хэлж болохгүй гэнэ. Учир нь өмнөх загваруудаас эрс шинэчлэл хийжээ. Шинэ загвар ерөнхийдөө “iPhone 6s”-ийн их бие дээр суурилагдсан ч арын хэсэгт камераас өөр юу ч байхгүйгээрээ ялгагдана.

“IPhone 7” болон “iPhone 7 Plus”-т TSMC компанийн шинэ үеийн маш хүчирхэг процессор A10-ыг суулгасан гэх мэдээлэл байгаа. Өмнөх загваруудаас хамгийн гол ялгаа нь чихэвчний оролт юм. 3.1 мм-ийн өргөнтэй уламжлалт оролтыг “Lightning” оролтоор сольсон байна. Энэ нь утас илүү нимгэн болсонтой холбоотой аж. “iPhone 6” 7.3 мм, “iPhone 6S” 7.1 мм байсан бол “iPhone 7” саяхан худалдаанд гарсан хамгийн нимгэн таблет болох 6.1 мм “Ipod Touch”-той бараг ижил зузаантай байх юм.

OLED буюу органик гэрэлт диод дэлгэцийн нимгэн хальсан бүтэц бүхий органик материал нь өөрөөсөө гэрэл ялгаруулах учир электрон цацрагт хоолойт (CRT) болон шингэн кристал (LCD) дэлгэцтэй адил арын гэрэлтүүлэгч зэрэг нэмэлт эд ангиуд шаардлагагүй.

Шинэ загварын бас нэг онцлог шинж нь хосолмол дурантай камер болж байна. Энэ шинэ технологийг бид “IPhone 7” юм уу “iPhone 7 Plus”-т заавал харна. Хоёр камертай болсноор объектыг нэгэн зэрэг хоёр байдлаар зураглах боломжийг үүсгэж байгаа юм. Нэг камер ерөнхий дүрс авч байхад өөр камер тодорхой цэг дээр төвлөрөх боломжтой гэсэн үг.

“Apple” 2017, 2018 оноос OLED дэлгэцийг гар утсандаа ашиглаж эхэлнэ гэсэн төлөвлөгөө гаргасан байдаг. Тэгвэл энэ төлөвлөгөө “Iphone 7 plus” дээр хэрэгжих магадлал өндөр байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хамгийн их хорт цацраг ялгаруулдаг утсаар “Мotorola Вгаvо”, “Моtогоlа Аndroid 2 Global” нэрлэгджээ

ДЭМБ-аас гар утас тархины хорт хавдар үүсгэдэг гэж дүгнэжээ. Энэ дүгнэлтийг гаргах судалгааны явцад цахилгаан соронзон туяаг хамгийн ихээр ялгаруулдаг смартфоны жагсаалтыг гаргасан байна.

Мэргэжилтнүүд “Мotorola Вгаvо”, “Моtогоlа Аndroid 2 Global” смартфоныг хамгийн аюултайд тооцсон байна. Харин “Sony Еricsson Satio”, “Sоnу Еricsson Хреria Х10 Мini Рго” утас удаалжээ.

Тэдгээрээс гадна “Моtогоlа-1335”, “Nokia Аstound “, “Моtorola Dеfу”,”Моtогоlа Grasр”, “ZТЕ Salute”, “LG Rumог 2”, “Моtогоlа Аndroid”, “Sаnуо Vего”, “Моtогоlа Dгоid 2”, “НТС Desire”, “LG Сhocolate Тоuсh”, “Моtoгоlа Аtrix 4G”, “Куосега Wild Сагd М1000”, “Куосега Х-tc” зэрэг ухаалаг утаснууд хамгийн ихээр хорт туяа ялгаруулдаг нь тодорхой болжээ.

Categories
булангууд мэдээ өд-бэх

“Бор цэргээс Бороо генерал” номын нээлт боллоо

Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатарын “Бор цэргээс Бороо генерал” номын нээлт өнөөдөр боллоо. Тэрбээр Монгол төрийн хошууч генерал Михлайн Борбаатарын тухай уг номдоо өгүүлжээ. Тодруулбал, М.Борбаатар генералын дүр төрх, зан төлөв, удирдах чадвар, хүнийг хүн ёсоор нь хүндэтгэдэг хүнлэг чанар, аядуу зөөлөн атлаа хатуу чанд чанар гээд түний хувь хүний олон талыг нь энэхүү номдоо харуулжээ.

“Бор цэргээс Бороо генерал” ном нь “Өсөх нас өгсүүр зам”, “Генералын мөрдэстэй он жилүүд”, “Дурсах нөхөдтэй дурсагдах үйлстэн”, “Дотно хууч”, “Дотоод сэтгэл” гэх зургаан хэсгээс бүрдсэн байна. Мөн хурандаа генерал Б.Дорж, Б.Цог, Ж.Авхиа, Ж.Ёндон, Л.Болд гээд Батлан хамгаалахын салбарт ажиллаж байсан нэр алдартай хүмүүсийн дурсамж, арван жилийн ангийн хүүхдүүд, хамтран ажиллагсдынх нь сонирхолтой хууч яриагаар бүтсэн ажээ.

Номынхоо тухайд доктор Ш.Сүхбаатар хэлэхдээ “Бороо генерал бол нэг талдаа их энгийн нөгөө талдаа Монголын агуу жанжидын нэг гэж би энэхүү номоо бичсэн.Тэрбээр байлдагчаас эхлээд хошууч генерал хүртлээ цэргийн авах ёстой бүх л цолыг ном журмын дагуу бүгдийг нь авсан, энгийн байлдагчийн медалиас Сүхбаатарын одон хүртэл авсан ийм л агуу хүн, халамжит хань, аав байсан юм” хэмээн тодотгож байлаа.

Уг номын зохиогч Ш.Сүхбаатар нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн тухай “Монгол төрийн мэргэн өвөө”, хурандаа генерал Ж.Авхиагийн тухай “Эр хүн”, зурхайч С.Дашдамбын тухай “Толгойдоо тооны машинтай зурхайч” зэрэг намтар судлалын номууд туурвиж байсан юм.

Ж.Хулан

Categories
булангууд мэдээ өд-бэх

“Бор цэргээс Бороо генерал” номын нээлт болно

Өнөөдөр 16 цагт Хууль зүйн ухааны доктор, хурандаа Ш.Сүхбаатарын “Бор цэргээс Бороо генерал” номын нээлт болно. Тэрээр Монгол төрийн хошууч генерал М.Борбаатарын тухай уг номдоо өгүүлжээ.

Мөн цаг цагийн Батлан хамгаалахын сайд нарын дурсамж, арван жилийн ангийн хүүхдүүд, хамтран ажиллагсадынх нь сонирхолтой хууч яриагаар бүтжээ.

Ш.Сүхбаатар нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн тухай “Монгол төрийн мэргэн өвөө”, хурандаа генерал Ж.Авхиагийн тухай “Эр хүн”, зурхайч С.Дашдамбын тухай “Толгойдоо тооны машинтай зурхайч” зэрэг намтар судлалын номууд туурвиж байсан юм.