Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өөрийгөө устгадаг лидиум ион баттерей бүтээжээ

“Transient electronics”-оос түр зуурын электроникгэж нэрлэгдэх өөрийн үүрэгийг хийж дууссан хойноо өөрийгөө устгаж үгүй болдог төхөөрөмж бүтээх шинэ салбарыг нээлээ.

Эрдэмтэд ийм төхөөрөмж бүтээхээр олон жил ажиллаж байгаа ч өдийг хүртэл бодитой шийдэлд хүрээгүй байсан.Тэгвэл АНУ-ын Айова Мужийн Их сургуулийн хэсэг эрдэмтэд өөрийгөө устгадаг лидиум ион баттерей бүтээжээ.

Уг бүтээл нь 2.5 вольтын багтаамжтай ба усанд хийхэд 30 минутын дотор задарч алга болдог урвалд оромтгой полимерийн нэгдлийг дотор нь суулгаж өгсөн тул усанд орохоороо түргэн задардаг шийдэлтэй.Одоогоор туршилтын баттерей нь энгийн ширээний калкуляторыг 15 минут ажиллуулах чадвартай ч үүнийг хэрэглээнд оруулахын тулд нилээдгүй ажиллагаа их орхыг харуулж байна.

Төгс боловсруулсны дараа үүнийг ашиглан дайсны гарт орохоороо өөрийгөө устгадаг цэргийн төхөөрөмж, өвчтөний биед үүргээ гүйцэтгэсний дараа уусдаг эмнэлгийн төхөөрөмж, байгаль орчинд хог болдоггүй задардаг төхөөрөмж зэргийг хийх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Б.УЯНГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийг наршихаас хэрхэн хамгаалах вэ?

Энэ өдрүүдэд ихэнх нутгаар хэт халж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд нарших, нарны хордлогод орох тохиолдол нэлээд гарах болжээ. Тэгвэл өнөөдөр 35 хэм хүрч халах төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд хэт халах юм байна. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ наршихаас хэрхэн хамгаалах талаар хэдэн энгийн зөвлөгөө өгье. Хэт халуун, бүгчим өдөр бага насны хүүхдээ аль болох гадаа тоглуулахгүй байхыг бодоорой. Хурц нартай үед хүүхдээ гадуур дагуулж олон цагаар явахгүй байхыг эмч нар сануулдаг. Хүүхдэдээ заавал нарны малгай өмсгөж шингэн ус сайн уулгах хэрэгтэй. Учир нь халуун өдөр хүний бие шингэнээр их дутагддаг. Таны хүүхэд наршсан бол бие сулрах, толгой өвдөх, биеийн халуун нэмэгдэх, цээж багтран амьсгаа цухалдах, цонхийх, бөөлжих, хөлс хэт их гарах эсвэл багасах, нүүр чинэрэх зэрэг шинж тэмдэг илрэх болно. Наршсан тохиолдолд аль болох сүүдэрт, сэрүүхэн газар амрааж хөлийг нь өргөж өндөрлөх хэрэгтэй. Ингээд бүлээн чихэртэй ус, цэвэр ус ойр ойрхон уулгаж нойтон алчуураар ороож, арчих хэрэгтэй. Мөн арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавьж, спиртээр биеийг нь арчсан ч болох юм байна.Улмаар хүүхдийнхээ биед иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй. Гэхдээ шингэн зүйл уулгахдаа бага багаар өгөхгүй бол бөөлжиж магадгүй. Мэдээж дээрх зөвлөгөө насанд хүрсэн хүмүүст ч хамаатай гэдгийг анхаараарай. Гэрийн нөхцөлд дээрх аргыг хэрэглээд намдахгүй бол эмчид хандахаа мартуузай.

Хүүхэд наранд хэтэрхий удаан хугацаагаар байсны уршиг хожуу илэрдэг байна. Насанд хүрсэн үед арьсны хорт хавдар, нүдний болор цайх өвчнөөр өвчлөх, эрт хөгшрөхөд шууд нөлөөлдөг төдийгүй бие махбодын дархлааг ч сулруулдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулжээ.

Д.Сүрэн

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ улиралд Фэйсбүүкийн хэрэглэгч 60 саяар нэмэгджээ

Энэ улиралд шинээр 60 сая хэрэглэгчтэй болсон нь фэйсбүүкийн хэрэглэгчдийг 1,71 тэрбум болгосон бөгөөд 6,02 тэрбум долларын ашгийг үзүүлжээ. Фэйсбүүкийн хувьцааны ханш 123,34$ байдаг. Тэгвэл энэ жилийн эхний хоёр улиралд их хэмжээний ашгийг үзүүлж рекорд эвдсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Манай улсад Зүүн хойд Азийн судалгааны төв байгуулахаар төлөвлөжээ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнг түшиглэн Зүүн хойд Азид болж өнгөрсөн нийгэм, түүхийн үйл явцыг судлах зорилго бүхий “Зүүн хойд Азийн судалгааны төв”-ийг манай улсад байгуулахаар болжээ. Тус төвийг энэ сарын 28-ны өдөр нээх бөгөөд Японы Хүмүүнлэгийн хүрээлэнгийн санаачилгаар байгуулж байгаа аж.

Энэхүү төвийг байгуулснаар манай эрдэмтэд эх орныхоо түүхийг бүс нутгийн хэмжээнд судлах, хамтран ажиллах өргөн боломж нээгдэх юм. Тэр дундаа түүх, археологийн чиглэлээр хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх аж. Төвийн нээлтэд Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун, Японы Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Нарифуми Тачимото, Японы Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Хоккайдо их сургуулийн профессор Акихиро Ивашита нар оролцох юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

100 км-т 1000 төгрөг зарцуулдаг цахилгаан машин

Дэлхийн автомашины үйлдвэрлэл, зах зээлийн хэрэглээг харвал 10-15 жилд “эко” чиглэлд шилжих магадлалтай хэмээн олон улсын эдийн засгийн шинжээчид үздэг. Парисын “СОР-21”уулзалт агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа нүүрс болон нефтийн эсрэг нар, цахилгаан, усан эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих нэгдсэн тохиролцоонд хүрсэн байдаг. Тэгвэл манай улсад Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхан монгол залуусыг удирдан нэг км-т арван төгрөгийн цахилгаан хэрэглэдэг машин үйлдвэрлэсэн. Энэхүү машиныг “Эко бус” компанид үйлдвэрлэсэн ба эхний машин 11 сая төгрөгөөр бүтсэн аж. Уг авто машиныхаа талаар “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй танилцуулсан ярилцлага өгөхдөө “Бид өмнө нь хөгжлийн араас гэтдэг байсан. Энэ удаа угтаж хөгжих бүрэн потенциаль бидэнд байна. Үүний хамгийн том баталгаа нь энэ цахилгаан машин юм. Би өөрөө энэ машиныг унаад 1000 км явж байна. Зардлаа тооцож үзсэн чинь нэг км-т арван төгрөгийн цахилгаан зарцуулсан байна” гэжээ. Манай улсын амьжиргааны боломжтой 50 мянган өрх, нэг машин захиалбал Азид маш том зах зээлд гарах боломжтой гэсэн тооцоо байдаг аж.

Э.МӨНХ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бүрэнтөгсийг түрүүлэхэд бүчиж байлаа. Эхэр татан уйлахад эргэн тойронд нь хэн байв?

Өнөө жилийн наадмын халх дөрвөдийн талцал, эх захгүй хийрхэл, шороотой арслан, өвдөг тохойны маргаан тийм ч сонин биш санагдана. Болдог юм болдгоороо, монгол төрийн наадам үзүүштэй сайхан боллоо. Харин соёл, спортыг хариуцаж байсан сайд бүсгүй “Энэ сайхан бөх эхэр татан уйлахыг харах яасан хэцүү юм бэ” гэж санаа алдсан шиг гунихрал эрхгүй төрөв.

Бүрэнтөгсийг төрийн наадмын манлай болоход наадамчин олон “Улсын цолгүй бөх шууд түрүүллээ. Монгол бөхийн түүхэнд ховор заяах тохиол” гэж шагшиж байлаа. Үндэсний бөхөөр дамжуулж монгол ёс уламжлал, соёл түүхээ бид ингэж дээдэлдэг. Залуу арсланг “Увс нуур” дэвжээний бөхчүүд тал талаас нь бүчээд, бүгд л нүдэндээ нулимстай үнсэж байлаа. Нутгийн бөх түрүүлэхэд баярлахгүй хэн байхав. Гэвч тэрхүү баяр хөөр, хайр хүндэтгэл, нулимс үнэндээ цаг зуурынх байжээ. Бүрэнтөгс энэ жил баталлаа.

Цэнгэлдэх дүүрэн олон өрсөлдөгч бөхийг нь дэмжиж, өөрийг нь “хас” хэмээн орилолдож, наадамчдын эсэргүүцэл усны урсгал шиг давалгаалан ирэхэд хорин хэдтэй залуу тэсч чадаагүй. Яалт ч үгүй эхэр татан уйлсан. Гэтэл давахад нь далдганан баясаж байсан хүмүүс яав. Нүдэндээ нулимстай үнсэж үнгэж байсан нутгийнх нь бөхчүүд хаачив. “Хүний хуучин дээлийн шинэ” гэдэг шиг Одгэрэл заан л гүйж очин, эхэр татан мэгшсэн ханагар эрийг түшиж зогссон. Тухайн агшинд “Амьдрал яг үнэндээ ийм худлаа ш дээ” гэх зүйл бодогдож билээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өмнөд Африкт ДОХ-ын шинэ вакцин туршина

Дархлалын олдмол хомсдол нь хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин бөгөөд мөн бусад зүйлийн амьтдад үүнтэй төстэй вирүсүүд байдаг. Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирүсийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ өдий хүртэл гарч ирээгүй байдаг.

Тэгвэл энэ оны сүүлээр Өмнөд Африкт ДОХ-ын хамгийн сүүлийн үеийн вакцин туршихаар төлөвлөжээ. ДОХ-ын тархалтыг зогсооход үр дүнтэй нь батлагдвал даруй туршилтын ажлыг эхлүүлэх талаар ВВС уламжилсан байна. Өнөөдрийн байдлаар ALVAC-HIV/gp120 вакцины туршилтад хамрагдахаар 252 сайн дурынхан бүртгүүлээд байгаа талаар Өмнөд Африкийн Дурбан хотод зохион байгуулагдсан олон улсын хурлын үеэр танилцуулжээ.

2015 оны байдлаар Африкт шинээр ДОХ-ын халдвар авсан хүний тоо 2.1 саяд хүрсэн байна. Дээрх вакциныг Өмнөд Сахарын ДОХ-ын өндөр эрсдэлд байгаа ард иргэдэд турших юм байна. Тодруулбал, туршилтад Өмнөд Африкийн дөрвөн хотын 5400 иргэн хамрагдах бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сараас эхлэн гурван жилийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Та нарт ер нь таалагддаг юм гэж байна уу

Сайхан бүсгүй байвал явдалтай гэнэ, нотлоогүй ч шууд тэгж хэлдэг. Үнэн худлыг сонсохыг ч хүсдэггүй. Тийм байх ёстой гэж л боддог. Баян хүн байвал заавал хаа нэгтэйгээс хулгай хийсэн, арга ядахад танил ихтэй, тендер олж авсан байх гэж хардана. Бүгд муулна. Үзэн ядна. Ямар ч гоё сайхан зүйл байлаа гэсэн ямар нэг өө заавал олж харчихна. Мэдээж төгс зүйл ховор ч ямагт муу муухайг нь түрүүлж олж харж, эсвэл заавал муухай болгох гэж яагаад хичээдэг юм бэ. Өөлбөл өндөгнөөс ч өө олдоно гэж ахмад хүмүүс хэлдэг. Саяхан болсон сонгуулиар нэр дэвшигчдийг амтай болгон элдвээр нь хэллээ. Хүн л юм болохоор алдаа оноо байж л таарна. Шулуун дардан замаар өдөр бүр аз жаргалтай амьдарч, нэг ч алдаа гаргалгүй явж ирсэн хүнийг ертөнцөөс хайгаад олох уу. Урт үстэй бол сэгсийсэн юм гэнэ. Эсвэл ухаан нь заавал богино байж таараа гэнэ. Богино үстэй бол эр хүн шиг муухай юм гэнэ. Ер нь ямар байвал энэ хорвоо сайхан харагдах юм. Зарим хүнийг царай муутай гэнэ. Царайгаа ямар захиалж төрөх биш түүний буруу гэж юу байхав. Төрөлхийн гоё сайхан байсан ч заавал нэг засвар орсон байх ёстой гэнэ. Ер яаж ч болохгүй. Сайхан байж болохгүй, муухай байж болохгүй. Сайн явбал түүнийг зулгаагсад олон. Чи ингэж үйлчлэх ёстой гэнэ. Муу явбал арчаагүйг нь дуудаж хохино гэнэ. Хэн нэгнийг магтвал долоогч бялдуучлагч гэнэ. Эцсийн эцэст өөнтөглөгч та ер нь эдгээр ангиллын алинд нь багтах вэ. Та ер нь төгс бүтээл, төгс хүн мөн үү. Үргэлж бусдыг хардаг шигээ өөрийгөө нэг ажин шинжээрэй. Дуугүй явбал донгио, дуутай явбал онгироо, дундуур нь явбал бөөрөнхий гэнэ” гэж хэлсэн найрагчийн үг өөнтөглөгчдийг харахаар санаанд буух юм.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Монгол түмэн минь сайхан наадаарай

Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаж байна уу. Энэ зуны наадам бороо хур тэгширч АСЕМ-тай, Олимптой дэлхийн Монголчууд орон бүртээ уухайлан нэгдсэн сайхан наадам болж байна. Монголын маань тамирчид дэлхийд алдараа цуурайтуулж, хүүхдүүд нь ой тогтоолтын дэлхийн аварга болон мандаж, залуус нь дэлхийн чанартай өндөр боловсролуудыг эзэмшиж эх орон элэг нэгтнүүдээ баясгасаар байгаа билээ. Энэ буухиа цаашдаа улам өргөжин тэлэх болтугай гэж ерөөгөөд та бүхэндээ үе үеийн агуу яруу найрагчдынхаа Монгол наадмын тухай шүлгүүдийг хүргэе. Босоо Монголын хөх хийморь үргэлж гал шиг өөдөө мандан бадарч явах болтугай!

Д.Пүрэвдорж : Сумын наадам
Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадам ч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Болий гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Б.Лхагвасүрэн :Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам...
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн

Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууньi шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.

Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.

Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн…

Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосньi дундаас
Зургаан даага сугарсан сан…

Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан…

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж…
Зөв тальiн дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.

Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.

Хөлсий нь хусахьiн зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сут юм билээ.

Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Гүрбазар: Дугуй хээтэй наадам

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа

Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх
Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойрос хийн алхаж ээ явах хүн хүнээс наадам сонсон холихжээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амс хийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдас хийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харьнаа гэхээр
Сумын захиргааны орой дэрэвсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоогуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурхыг яана
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингин сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа

Гүрбазар: Би Монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн юм

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би, хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Тийм ээ, би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийн ус шиг бүсийг нар зөв бүслэж гоёдог
Шилрэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор өчүүхэн чулуу ташчихаад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насандаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан шилийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулай минь гэж залбирна аа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна аа эх орон минь
Бөөрийн чинээхэн улс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхэт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацна
Дулаацсан биенээс минь хийморь савсан
Савссан уурны нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар, дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар, дээлтэй сахиус шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар, энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар, эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар, үнэн худлыг ялгах сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар, үүлтэй нартай хорвоод сүүдрээ адлаж чадах биш дээ
Гэхдээ би, агтны мөртэй Монголдоо
Амгайн чинээ ойрхон явах юмсан гэж боддог юм
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юм
Эх орон минь
Би Монголоороо гоёдог

Монгол наадам Ч.Дагмидмаа
Борлог зүстэй үүлс тэнгэрийн хаяа руу нүүж
Бор тойрмын бялзуухай хурмастын инээдээр жиргэнэ
Босоо заяатай монголын наадмын өглөө эхлэж
Баяр цэнгэлийн магнайд хүлгийн тоос үнэртэнэ
Зодог шуудга нь нарны хээ тогтсон
Зогсоо хийморь бөхчүүд уулсын оргил дэвнэ
Өтөл болсон буурлын магнайн үрчлээ тэнийж
Өргөн түмний цэнгэл лусын хаадтай үелзэнэ.

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам үзнэ

Хангайн цэнхэр уулс баярын хөөнгө татаж
Хуйларч эргэсэн морьдын тоосноос сугарч үлдэнэ
Хул эцээсэн айраг наадамчдын цэнгэлд исэж
Хувилгаан дэлхий хуучин бүхнээ умартана
Ээж нь хүүгийнхээ дээлийн захыг мушгихад
Эрэмгий бөхийн мэхэнд азын тэнгэр сөгдөнө
Мөнх тэнгэрийн одод газарт чуулсан наадмын өдөр
Морь бөх монгол гурав дууныхаа шуранхайнд багтнам зээ…

Categories
булангууд мэдээ өд-бэх

Наран тогоруу

Төрийн шагналт, ардын уран зохиолч
Сэнгийн Эрдэнийн алдарт өгүүллэгийг уншигч танаа толилуулж байна.

Миний бие зуны оройн нартай салах
ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр
сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их
үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч
харамсах юм алга. Бага байхдаа олон гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас
зүүгдэн авирч гардагсан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан,
хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн
дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдагсан. Бурханд мөргө гэхээр нь мөргөнө. Тэр
бүхэн газар цөмөрсөн мэт алга болж зөвхөн сүмийн чулуун суурь үлджээ. Тэр чулуун
дөрвөлжүүдийн хоорондуур лууль шарилж ургажээ. Харамсах юм алга. Мөхөх ёстой болоод
л мөхөө биз. Худаг нь хүртэл ширгэчихсэн. Энэ худгийг миний аав ухалцсан гэж ярьж
байсан санагдана. Аав минь ч байхгүй. Ер нь сүм дуган, аав бас өөр олон юм алга
болж урьд өмнө байгаагүй олон шинэ юм бий болдог юм байна. Дайн болов гээд манай
нутгийн аль чадалтай түшигтэй эрчүүд цэрэгт дайчлагдсаар жил болж байна. Миний ах
ч бас явсан. Эргэж ирэх үгүйг бүү мэд. Дайны газар хүнд алуулчихдаг гэнэ. Маргааш
өглөө би ч бас явна. Аймгийн сургуульд явж байгаа хүн дайнд явж байгаа биш боловч
урьд байсан юм байтугай, хүн алга болчихдог ертөнцөд ямархан хувь заяа угтаж байгааг
хэн мэдэх билээ.

Ингэж бодоод газраас хайрга авч
худаг руу шидэхэд ёроолын шалбаагт чол чол хийн унав. Би нутгийнхаа нартай салах
ёс гүйцэтгэж байгаа учир шингэтэл нь энд сууна. Оройн саалины цаг. Айл айлын үнээний
хороод тавьсан майн утаа найман сарын нов ногоон нуга тал дээгүүр алгуурхнаа суунаглан
мөлхөнө. Тэрүүхэн урдах модны булгийн ойролцоо сүрэг улаан тогоруу бэлчиж явна.
Оройн наранд ийнхүү улайран харагднам бөгөөд дэгдээхий тогоруунууд хүчийг сорих
гэсэн мэт жигүүрээ дэлгэж явгалан гүйнэ. Тэр тогоруунууд алс холоос ирдгийг мэдэх
боловч “Миний нутгийн тогоруунууд баяртай” гэж дотроо би өгүүлнэм. Урд арын модны
захын цэл ногоон цагдуулууд шингэх нарны гэрэлд мөн л улбар өнгөтэй болжээ. Надтай
хамт өссөн тэр зулзаган моднуудыг би цөмийг танина. Булгийн эхний ганц хөгшин шинэс
одоо хөгшрөөд бөв бөгтөр болжээ. Хөгшин мод үхэж, залуу мод ургаж байдаг ёс юм биз
ээ.

Бага байхдаа борооны дараа татсан
солонгыг барих гэж ойн зах хүртэл гүйхэд энэ цагдуул зам хаадаггүйсэн. Чингэхээр
надтай хамт “төрсөн” нялх модод байжээ.

Дэлэнгээ хөнгөлсөн үнээнүүд майн
утаан дундуур толгойгоо сэжлэн олон зуны турш гаргасан цувцаараа бэлчээр тийш явна.
Баруун хотын тэндээс нэгэн том улаан бух гарч ирээд хааяа шороо цацлан хүлзэж “надтай
цанхаагаа гаргах бух байна уу” гэх шиг урамдан бүрхэрнэ. Наран сөрөг нэлдээ агь
ургасан зуслан дэнж мөнгөн сортой харагдана. Хүүхдүүд хонио ялган шуугилдаж тэртээ
зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу хүн улаан юүдэнгээрээ даллан хашгирна.
Тэр Тэхийн Палхай лав мөн. Тэх гэдэг нэртэй байх яах вэ. Харин Палхай гэдэг маань
юу гэсэн үг вэ. Багад нь муу амтан болно гэж ёрлож өгсөн нэр шиг. Тэр Палхай манай
нутагт үлдсэн цөөхөн эрчүүдийн нэг бөгөөд цаг үргэлж архи ууж авгай хүүхэд түйвээж
явна. Өрөөсөн гар нь татанхай учир цэргээс гологдсон хэрэг. Палхайн орь дуунаас
үргэх мэт нөгөө улаан тогоруунууд нисэж майн утаан дээгүүр эргэлдээд ганц модны
булгийн тэнд дахин буув.

Нар шингэх дөхжээ. Маргаашаас эхлээд
би үхрийн хорооны шургааг дээр юм уу энэ худгийн ирмэг дээр сууж нутгийнхаа нар
шингэхийг үзэхгүй, хол явчихсан байна. Нөгөө улаан бух хичнээн шороо цацлавч мөргөлдөх
зүрхтэн ирсэнгүй тул цээлхэн залуу дуугаар урамдан үнээнүүдийн хойноос яваад өглөө.
Би Палхайг тэр бухтай тархий нь хага мөргөлдүүлэх юмсан гэж бодоод инээд алдав.
Манай хөрш Сангид гуайн гадаа үнээгээ сааж дууссан хүүхнүүд цуглараад хангинасан
сайхан хоолойгоор дуулцгаав. Тэдний дуу үдшийн сэрүү буусан нуга талын дээгүүр зэллэн,
шингэх нарны түмэн цацрагаар дамжин одож байх мэт.

“Огторгуй харахад минь хол шиг аад

Орох л борооны түргэнийг дээ

Орчлон санахад минь хол шиг аад

Очих л насны түргэнийг дээ…” Цэрэгт явсан
эр нөхөр, сэтгэлт хүнээ санаж дээ гэмээр гэгэлгэн гунигтай дуулна. Хүн хүнээ хайрлах
ба санах ёсыг би мэддэг болжээ. Чингэснээс хоолой дээр минь бөөн хар юм тулж ирээд
арай л уйлчихсангүй.

“Ганга л мөрний гургалдай

Гадаа ирээд жиргэнэ л…”

Ээжийн бурхны орон гэж ярьдаг тэр
Ганга мөрөн хаа ч юм билээ. Энэ тогоруунууд тэндээс ирдэг юм биш байгаа. Үгүй, бий
болох үхэх, төрөх жамтай энэ ертөнц ямар их уудам бэ. Тэр Ганга мөрөн гэдэгт нь
хүрч очих цаг ирэх ч юм бил үү “Мөнх биш хорвоод хүн төрдөг, ухаантай зоригтой яваарай”
гэж аавын захидаг үнэн. Ухаантай зоригтой явбал аймгийн сургууль байтугай тэр гайхамшигт
Ганга мөрөнд ч хүрч болно.

Хүүхнүүдийн дууг уяран чагнаж байтал
нар шингэж улаан тогоруунууд жирийн хөх тогоруу болов. Нутгийн минь нар баяртай.
Тогоруунууд ч нар шингэхийг хүлээж байсан мэт агаарт хөөрөн майн хөх суунаг дээгүүр
алсыг чиглэн нисэв. Тогоруунууд минь баяртай. Би маргааш та нарын хойноос одно…

Од түгж дулаахан шөнө болов. Хөрш
айлуудынхаа хөгшдийг сайн сууж байгаарай гэж хэлээд ир гэж ээж минь хэдэн хадаг
өвөртлүүлээд явуулав. Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд
өлзийтэй болно гэж би итгээд, Ерөөл сонсохоос илүүд бодох нэгэн зүйл надад бий.
Үерхдэг охин гэх юм уу, юу гэмээр юм бэ дээ. Булгийн ганц модон дор түүнийгээ хүлээж
байхдаа зүрх минь түг түг цохилон байв. Зүгээр нэг үерхдэг бол юундаа ингэж зүрх
булгилах билээ. Энэ амьтан болгон ямар нэг юм хүлээж ийм одтой дулаан шөнийн тэнгэр
дор анир чимээ чагнаархан байдаг болов уу гэмээр. Хээр талд адуу янцгаан, мэлхий
нойрмог дуугаар вааг вааг гэж ноход хөв хөв хуцна. Адуу адуугаа мэлхий нь мэлхийгээ,
нохой нь нохойгоо хүсэмжлэн дуудаж байх мэт. Хүлээсэн тэр минь нүцгэн хөлөөрөө хий
агаарт явах мэт чимээгүй гишгэлэн оддын гэрэлд сүүтэгнэн хүрч ирээд “Цайгаа буцалгах
гэсээр удчихлаа. Чи их хүлээв үү” гээд зайдуухан суув. Саяхан болтол бид эзэнгүй
зуслангийн байшин саравч, лууль шарилжинд нуугдаж тоглодог байсан атал одоо тийнхүү
тоглох байтугай бие биендээ хүрэхээсээ эмээн болгоомжлох болжээ. Бие биесээ нууцаар
хүсэмжилж сэтгэл догдлох соньхон. Бид хэн, хэнийхээ дээрхэн гарсан амьсгааг чагнаж
нэг хэсэг дуугүй суулаа. Хажууд чөдөртэй морьд өвс ширд ширд зулгаахаас өөр чимээгүй.
Охиноос буцалсан цагааны үнэр ханхлах нь нөгөө л аарц сүү болсон оготор даалимбан
тэрлэгтэйгээ аж. Харин би дэлгүүрийн үнэртэй шинэ даавуу дээл савхин гутал өмсөөд
харанхуйд боловч түүнийгээ байн байн харж, тийм сайхан шинэ хувцастайгаа охинд мэдэгдэх
аргаа олж ядан суув. Ялангуяа савхин гутал хүсэл болсон эд билээ. Нэлээд томдсон
тэр хуучин савхийг ээж минь бүтэн бодоор авч өгсөн юм.

-Сампилын аав, Баатарын ээж гээд
бүгдээрээ над мөнгө өгсөн. Ээж ноосныхоо мөнгөний талыг өгнө гэсэн. Би аймгаас чамд
савхи авч явуулна аа.

-Аймгийн хоршоо нээрээ их юмтай
байх даа гэж охин горьдож итгэсэн дуугаар хэлэв. Бидний дуу хүртэл өөр болжээ. Ээж
намайг ёстой эр хүн шиг бүдүүн дуутай болсон гэнэ. Охин хоолой дээрээс гарах огцом
чанга дуутай байснаа одоо цээжний зөөлөн дуутай болжээ. Харанхуйд би түүний номхон
бор нүдний гунигт харцыг мэдэрч байлаа. Би аймгийн сургуульд явж тэр минь аарц цагаа
буцалгасаар үлдэх тул гуниглах нь аргагүй дээ. Би түүнд зүрх шимширтэл хайр хүрч
байлаа. Оготор даалимбан тэрлэгний хормойгоор үхрийн баас, шавхай болсон нүцгэн
хөлөө ороож хацраа өвдөгтөө наагаад нулимст нүдээр гөлрөн хоцрох хөөрхийлөлт дүр
нь үзэгдэв. Хүүхдийн харьцах гэнэн цагаан ёсыг эвдэж, аргагүй ертөнцийн нүгэлт амьдралын
амтыг үзүүлдэг тийм нэгэн цагт ийнхүү хагацан салах өдөр тохиолдоно гэж санасангүй.

Гэвч хайр бол зөвхөн бодлоор биш
бас биеэр хүрдэг ажээ. Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадас, зуны шөнийн түмэн
түмэн од гялалзах аугаа ертөнцийн дор хослон байдаг жаргал зовлон өчүүхэн хоёр амьтанд
бас ноогджээ. Хүүхэд бас гэнэт нисэн одсоныг харамсах адил чимээгүй уйлан гашуун
нулимсаа залгихад маань дотор бяцхан онгойв.

-Би аймгийн сургууль төгсөөд цэргийн
сургуульд явна. Цэргийн дарга болоод чамайгаа аваачна. Тэр болтол зуны амралтаар
уулзаж байх боллоо доо.

-Би чамайг хүлээгээд л байна. Ах
жин тээж аймаг орвол хамт очиж магадгүй. Чи надад захидал л их бичиж байгаарай.

-Тэгнэ ээ.

-Ээж чинь яачихав гэж хүлээж байгаа
даа.

-Яах вэ, миний хүүгийн дуу хүртэл
бүдүүрээд ёстой эр хүн болж гээд л байсан.

Охин шүүрс алдаад миний гарт нэг
зөөлхөн юм бариулав. Миний багын үс. Чи комсомол болгоно гэж гэзгийг минь хайчилчихсанаа
санаж байна уу гэв. Дүрсгүй толгой би нээрээ тайранхай үстэй хүүхнүүдийг хараад
шодгорхон гэзгийг нь тас хайчлан “комсомол” болгосон юм. Хүүхдийн үнэр анхилсан
тэр туг үс эрдэнэ чандмань шиг нандин болно гэж хэн санах билээ дээ.

Охин түүнийг зөнгөөрөө мэджээ. Амьдрал
гэдэг үлгэр шиг ч юм шиг, үгүй ч юм шиг. Үлгэр хэвээрээ байгаасай гэтэл барин тавин
үнэн юм болчихно. Амьдрал үлгэр байдаг нас өнгөрчээ. Бид хоёр үүнийг мэдрэн тэнгэр
ширтэж гайхан хэвтлээ. Балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй. Салалтын гунигт
мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа. Тэнгэр над үлгэр хайрлав. Мөнгөн тоос татан
зурайх тэнгэрийн заадсаар замнан сүрэг улаан тогоруу нисэн явтал нутгийн минь нарны
гэрлийг авч яваа тэдгээр наран тогоруу алсын алсад нисэж одъё гэж намайг дуудан
байх мэт.

-Наран тогоруу. Хараач, тэр наран
тогоруу!

Амьдрал үлгэр биш ажээ. Хайрт бяцхан
нөхрөөс минь үлдсэн юм хүүхдийн үнэртэй сэвлэг үс байна. Нутгийн минь нарны гэрэл
сүүлчийн гэнэхэн үлгэрийг авч одсон Наран тогоруунууд альхан газартаа явна вэ. Алсын
алсад нисэн одъё гэж одоо ч намайг дуудсаар байна уу.