Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хуучин гэрэл зурагнуудаа гар утсаар “сканердах” боломжтой боллоо

Google компани өнөөдрөөс PhotoScan нэртэй аппликэшнийг Android, iOS системүүдэд зориулан гаргалаа.

Уг аппликэшн нь таны гэр бүлийн цомогт байгаа хуучин гэрэл зурагнуудыг чанартайгаар “сканердаж” гар утсанд оруулах юм. Ингэхдээ зургийг хэсэг хэсгээр хуулаад дараа нь machine learning технологийн тусламжтайгаар эвлүүлж, нэгэн бүхэл гэрэл зураг болгодог.

Өмнө нь та гар утасны камераар цаасан дээр байгаа зургийг авахад гэрэл ойсон, чанар муу, тэгш хэмтэй бус зураг бий болдог байсан. Тэгвэл энэхүү аппликэшн нь энэ бүх асуудлыг шийдэж өгсөн байна.

Аппликэшнийг эхлээд ажиллуулаад оруулах зураг руу чиглүүлэхэд дөрвөн хэсэг цэг гарч ирнэ. Тэдгээр цэгүүд дээр ээлж ээлжээр камераа шилжүүлэхэд зургийг бүхэлд нь оруулж дуусах юм.

Ганцхан хувь үлдсэн, үрэгдэж гээгдэх магадлалтай, ховор гэрэл зургуудаа ийм аргаар дижитал болгож болохоор болжээ.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхийн хамгийн анхны хуульч роботыг бүтээжээ

Танд хууль эрхзүйн зөвлөгөөг робот өгнө гээд төсөөл дөө. Английн нэгэн оюутан дэлхийн хамгийн анхны гэж хэлж болох хуульч роботыг бүтээснээ танилцууллаа. Стенфордын их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Жошуа Браудер энэхүү хуульч роботыг зохиосон бөгөөд “DonotPlay” хэмээн нэрлэсэн байна. Тэрээр энэхүү хуульч роботоо эхлээд гэр бүл, найз нөхөд болон өөрийн сургуулийнхаа эдийн засаг, шинжлэх ухааны сургуулийн оюутнуудад танилцуулжээ. Харин дараа нь торгуулийн хуудаснаас болж хэцүү байдалд байсан мянга мянган жолооч нарт тусалж байжээ.

Учир юу гэвэл, “DonotPlay” хуульч робот 180 мянга гаруй тээврийн хэрэгслийн зогсоолын торгуулийг хүчингүй болгожээ. Хуульчдын 95 хувь нь энэхүү робот үнэхээр хуульч мөн юм гэж хэлж байгаа бол үлдсэн 5 хувь л нь эргэлздэг гэсэн судалгаа байдаг байна. Мөн “Миний бүтээсэн энэхүү робот хуулийн зөвлөгөө авахад төлбөрийн чадамжгүй олон мянган эмзэг бүлгийн иргэдэд туслах болно” хэмээн Браудер хэлсэн байна.

Түүнчлэн тэрээр өдөрт хамгийн багадаа 12 ширхэг талархлын үгтэй цахим шуудан хүлээн авдаг болсон тухайгаа хэлж байна. Энэхүү робот нь ажиллаж эхэлснээсээ хойш Лондон болон Нью-Йорк хотын шүүхүүдэд 250 мянган хэргээс 160 мянган хэрэг дээр нь ялж хэрэгсэхгүй болгожээ. Браудер одоогоор хууль, эрх зүйн мэдээллийг автоматжуулж, “DonotPlay” цахим хуудсанд оруулах тал дээр ажиллаж байгаа юм. Мөн онгоцны нислэг хойшилсонтой холбоотой маргааныг шийдвэрлэх зэрэгт ажилладаг болохоор төлөвлөж байгаа юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сар дэлхийн нэг хэсэг байсныг баталжээ

Хатдын сударт өгүүлэгдсэн Дэлхий ээжийн айлдсаныг шинжлэх ухаанаар баталжээ. Энэхүү судрыг Аянга хэмээх удган онгодын өгүүлснээр буулгадаг аж. Тэрхүү сударт дэлхий ээж өөрөөс нь сар тасран одоход тэнгэр эцэг түүнд маш олон амь илгээжээ. Тэр амин чанарууд нь өнөөгийн хүний үүсэл юм. Монгол хатдын онгон түүхийн гялбаа судараас: …Бид Нарнаас үүссэн.Нарны их цацрагаар бидний биес үүссэн юм. Өөр өөрийн орон зайд очиж эргэлдэх орон зайгаа олж авсан юм.Энэ гаригс бүхэн өөрийн цөм Амьтай.Гэтэл нэг удаа тэнэмэл гариг,гаригийн тасархай солир гээч нь ирээд намаййг мөргөөд миний биеээс сарыг огтлоод гаргачихсан .Энэ шархыг би тэсвэрлэж чадахгүй би мөхөх аюулд орсон.Нэг хэсэг сар гэдэг зүйл надаас ховхроод уначихлаа шүү дээ.Энэ үхлийг Тэнгэр эцэг илааршуулахын тулд надад миний аминаас гадна маш олон бяцхан амиудыг над руу илгээж өгсөн.Тэнгэр эцэг надад өгсөн энэ амьд амь ,энэ амийг би өөрийнхөө эрүүл хэсгийн орон зайгаар Хий Чийг Тоос гурваар биежүүлээд биет амьтан болгосон юм.Энэ амьтад миний биеийн энэ их цоорхойг илааршуулж амьдрах чадвартай болгосон учиртай…Аянгат:Өвгүдийн түүхээс сонссон асар их гамшиг болж ,том солир хүчтэй мөргөснөөс тасарч одсон таны хэлтэрхий Сар танаас тасарсан гэдгийн баталгаа юу байх бол?Хүмүүс дараа нь судлаад энэ түүх үнэн юмуу?Худлаа юмуу гээд ,Сар Дэлхий хоерын найрлага нь ижил байх ч юмуу ?Ямар нэгэн төсөөтэй юм байх боловуу?Сар дэлхийн яг аль хэсгээс нь мултарч унасан бэ? Дэлхий Ээж:Харамсалтай нь сансар огторгуйд байгаад түүнийг сансрын тоос хучсан тул төвдөө л миний жижиг тасархайтай болжээҮргэлж сансар огторгуйн тоосонцорт байдаг.Тэр тоосонцор хучсаар байгаад надаас нилээн ондоо болсон.Гэвч түүний гүн рүү нь ухаад үзэхэд дэлхийтэй яг ижилхэн хатуулаг бодисуудтай байгааг мэдэх болно гэжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хиймэл оюун ухаантай роботууд дуу бүтээжээ

Хиймэл оюун ухаан бүхий роботууд
хүний гүйцэтгэдэг үүргийг орлох тухай сүүлийн үед их ярьдаг болоод байгаа. Роботуудын
зарим нь хуулийн фирмд ажиллаж, зарим нь Го даамны тэмцээнд дэлхийн аваргыг бут
ниргээд байна.

Тэгвэл одоо роботуудын дуу хөгжим зохиох ээлж болжээ.

Sony компанийн судлаачид сүүлийн хэдэн жилийн турш хиймэл оюун ухааны
бүтээсэн хөгжмийн төсөл дээр ажиллж байгаа. Тэгвэл тэд саяхан хиймэл оюуны
зохиосон анхны поп дууг нийтэд танилцуулжээ.

Эхний дуу нь “Daddy’s Car” нэртэй. Сонсоход яг л Битлзийн аялгууг
санагдуулам. Дараагийн дуу нь “Mr.Shadow”. Америкийн хөгжмийн зохиолчид болох
Ирвинг Берлин, Дюк Эллингтон, Жорж Гершвин, Коул Портер нарын хэв маягаар
зохиогдсон бүтээл гэнэ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“Арав дахь хавар”-ын төгсөгчид тавин жилийн дараа

50 жилийн дараа сургуулийнхаа үүдэнд

“Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочид бол Баян-Өлгий аймгийн төвийн арван жилийн II сургуулийн 1966 оны төгсөгчид. Тэд тавин жилийн дараа төрөлх сургууль дээрээ уулзсан юм.

10А ангийнхан ангидаа орж тус тусын суудалдаа суусан байлаа. Тэдний ширээн дээр “Баян-Өлгий аймгийн арван жилийн II сургууль, 1956-1966 он. 10 дахь төгсөлт” гэсэн зургийн цомог дэлгээтэй байв. Тэр л зураг дээрх цагаан цайлган, гэнэн томоогүй, харцанд нь хөнгөн инээмсэглэл тодорч, дүрэмт хувцсаараа гоёсон хөвгүүд, охид нас сүүдэр хэдийнэ жар хол гарч өвөө, эмээ болсон өөрсдийнх нь өөдөөс сониучирхан харах мэт сэтгэгдэл тэдэнд төрж байсан биз ээ.

Ангийнх нь анд Хусманы Хаваат, Жакейн Мизамхан, Дүгэрийн Тунгалаг, Хусаяны Кулзада нар нь уулзалтад оролцохоор холоос зорьж ирсэн ангийнхныгаа төрсөн нутагтаа хүлээн авсан байна. Тэдэн дээр долдугаар ангиа хамт төгссөн охин Шагыйн Казима, Чэгжээн Бижий нар нь нэмэгджээ. Улаанбаатараас Дүгэрийн Лхагваа, Тотойн Бадам, Батхуягийн Буянцог, Пэрэнлэйн Тогжил, долдугаар ангид тохой залган сууж төгссөн Лэгцэгийн Ядам, аравдугаар ангийн хөвгүүн Равсалын Заан Сэлэнгэ аймгаас, долдугаар ангийг цуг төгссөн Мэдээн Цогзолмаа Дархан хотоос ирж нөхөдтэйгөө нийлэн хот хоорондын автобусанд сууж хоёр хоногийг ардаа орхин Баян-Өлгийд буужээ. Тэгвэл Сампилын Дэжид Улаанбаатараас, долдугаар ангийн охин Цэвэгийн Эрдэнэчимэг Эрдэнэт хотоос гарч Улаанбаатарыг дайран Баян-Өлгийд онгоцоор ирсэн байв. Гондигийн Палмаа Увс аймгаас ирсэн байлаа. Г.Палмаа Багшийн сургууль төгсөж Баян-Өлгийд олон жил багшилж хэдэн зуун шавьтай болсон ажээ.

Нэгэн ангийнхан уулзсан даруйдаа биенийгээ бүртгэж эхлэв. Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж, Төв аймгийн Батсүмбэрт идээшсэн Чэжиний Даваасамбуу, Дархан хотод аж төрж буй Цэндийн Буядаа, Эрдэнэтэд суугаа Батшүлэгийн Тагтаа нар эрүүл мэндийн байдлаас болж уулзалтад ирж чадаагүй бол нутагтаа аж төрж буй хоёр охин Т.Манат, С.Макей хоёр эмчилгээ сувилгаанд явсан тул, С.Татъяана, Жамиш, Жазира гурав нь хилийн чанадад Казахстанд аж төрж байгаа учраас аян замын уртаас шалтгаалан мөн л ирж амжаагүй байна. Ангийн хамгийн өндөр хүү Жинлэвийн Тэрбиш, бас холбоотой мэт явдаг хоёр анд Риймэдийн Дамдинсүрэн, Цэвэгийн Мүсрэв нарын сургийг ангийнхан нь энэхүү уулзалтын өмнө ер гаргаж чадаагүй гэнэ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэ ангийн долоон хүүхэд анд найзуудтайгаа эргэж хэзээ ч уулзахгүйгээр бурхны оронд оджээ. “Тэд маань нас биед хүрч, өвөө, эмээ болсон хойноо төдийлөн ангийнхантайгаа уулзаж учирч байгаагүй болохоор андууд минь хүүхэд ахуй насны тэр л дүр төрхөөрөө нүдэнд тодрон үзэгдэх нь зүрх өвдмөөр ч юм шиг ээ” хэмээн найзуудынх нь нэг харуусан ярьж байв. Ийн ангиараа өөд болсон нөхдөө эргэж нэгэнтээ дурсацгаалаа.

9а анги 1965 он. Бахлак бригадад.

Урд эгнээний зүүн гар талаас Ж.Тэрбиш, Бригадын дарга Ц.Ожиг, багш Хылаш, Р.Дамдинсүрэн, Б.Буянцог, Д.Лхагваа, багш Р.Баасандай, Ж.Нямгүр, Д.Намхай, Х.Хаваат, Ж.Баасанжав, З.Дорж, багш Х.Насер, Р.Заан, Ч.Даваасамбуу, Ц.Мүсрэв

Жүгдэрийн Баасанжав Багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын анги төгссөн. Түргэн хөдөлгөөнтэй, шоволзсон, жижгэвтэр биетэй бор хүү. Баян хуур дардаг, концертод оролцдог хүүхэд байжээ. Ховд аймгийн хөгжимт драмын театрынхан сургууль дээр нь ирж концерт тоглосны дараа Марат гэдэг дэггүй найз нь Баасанжавыг тус театрын нэг гоцлол хөгжимчинтэй зүйрлэн Магсаржав гэж дуудах болж гэнэ. Хараад байхнаа Баасанжав хөгжим дараад зогсож байгаа нь тэрхүү хөгжимчинтэй нээрээ адилхан ч юм шиг байдагсан хэмээн нөхөд нь өнөөдөр дурсан ярьцгааж байна. Даривханы Марат тавдугаар ангиас есдүгээр анги хүртэл хамт сураад гэнэт л нэгдүгээр арван жил буюу казах сургуульд шилжсэн байна. Хожим тэрээр МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсч аймагтаа багшилж, аймгийн төвийн бараан захад лангуу хүртэл ажиллуулж байгаад хэдэн жилийн өмнө өөд болжээ. Магирын Хорлоо нь Баасанжавтай нэг сургууль төгсч, Сэлэнгэд багшилдаг байжээ. Сургуулийнхаа хөвгүүдийн харцыг булаасан алаг нүдтэй, даруухан, сайхан охин байсан гэнэ. Тэрбээр өөрөөсөө нэг ангиар ах С.Пүрэв гэдэг залуутай гэрлэжээ. Харин Дистэйн Рааш улаа бутарсан сайхан охин байж. Сүүлд Хөтөлд аж төрж байгаад өөд болжээ. Жинлэвийн Нямгүр Тэрбишийн төрсөн дүү, цочмог, дүрсхийсэн зантай сэргэлэн хүү байсан аж. Одесст жин хэмжүүрийн мэргэжлээр техникум дүүргэж мэргэжлээрээ ажиллаж байжээ. Хөдөө орон нутагт томилолтоор их явдаг байж. Тэр болгондоо ангийнхантайгаа уулзахаа ер мартдаггүй байсан гэнэ. Д.Намхай гэж аажуу тайвуу намбатай хүү. Ленинградад эмнэлгийн багаж төхөөрөмжийн чиглэлээр техникум төгссөн. Түүнийг ажилдаа хариуцлагатай, сайн ажилладаг байсныг ангийнхан нь хэлсэн. Хулгана гэж даруу төлөв, намба төгс сайхан охин. Арьс ширний үйлдвэрт инженерээр ажиллаж байжээ. Зодогийн Дорж бахим чийрэг хүү. Тэгээд ч цэргийн дээд сургууль төгсөж цэргийн жавхалзсан дарга болсон байжээ. Ангийн андууд нь уулзалтынхаа эхэнд нэг хором дуугүй зогсож эдгээр нөхдийнхөө гэгээн дурсгалыг нь хүндэтгэлээ.

1966 оны төгсөгчид “Бид нэг ангийнхан” дурсамж уулзалтдаа зургаа, долдугаар ангийн анги даасан багш Баадайн Пунцагдаш, найм, ес, арав гээд гурван жил өөрсөдтэй нь “ажилласан” багш Хорхоны Рапиза нарыгаа хүндэтгэн урьжээ. Пунцагдаш багш нь Баян-Өлгийтэй хаяа залгаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумандаа зусаж байгаа болохоор өглөө мордоод үд хэвийж байхад хүрээд ирж. Харин Рапиза багш нь Казахстан улсад шилжин суурьшиж Павлодар хотод үр хүүхдүүдтэйгээ аж төрж байгаа учир ирж амжаагүй юм байна.

10а ангийн охид. Урд эгнээ зүүн гар талаас А.Хулгана, Т.Должинсүрэн, Д.Тунгалаг, Г.Палмаа, С.Дэжид, К.Жамиш, С.Макей, Д.Рааш, Т.Бадам, К.Жазира, С.Татъяана, О.Манат, Х.Кулзада, М.Хоролоо

Уулзалт эхэлж ангийн дарга Д.Лхагваа хоёр багшдаа мөн л хадаг, мөнгөн аягатай сүү мэлтэлзүүлэн өргөн барьсны дараа Б.Пунцагдаш багш мэндчилгээ дэвшүүлэхээр болоход мань хүн сэвхийтэл босч ангиас гарч одсоноо журнал юугаа сугавчилсан байдалтай намбалзтал алхалсаар орж ирээд шавь нартайгаа “Сайн байцгаана уу” хэмээн мэндлэхэд сурагчид суудлаасаа зэрэг босож “сайн” гэж нэгэн дуугаар хариулав. Б.Пунцагдаш багш “Миний дааж төгсгөсөн 7б ангийнхан хичээлдээ жигд сайн, харин хөвгүүд нь жаахан дүрсгүй талдаа байсан” гэв. Тэгээд Пунцагдаш багш шавь нартаа хандаж сургаалын сайхан үгээ хэлсэн юм. Тэрбээр “Би одоо нас сүүдэр 84 хүрч байна. Хориод жилийн өмнө тэтгэвэртээ суух болоход ингээд бүх зүйл дуусдаг байжээ, хийх ч юмгүй боллоо гэж бодож байв. Тэгсэн тиймгүй юм байна. Тэтгэвэрт сууна гэдэг чинь хамгийн их ажиллахыг шаарддаг юм байна. Би 1984 оноос судалгааны ажил хийж, Өөлдүүдийн овгийг ангилах талаар нийт дөрвөн боть ном бичиж хэвлүүллээ. Хүн ямагт сэтгэл өндөр байх хэрэгтэй. Уурлаж ердөө болохгүй. Дандаа баяр баясгалантай юм бодож байх хэрэгтэй. Энэ тархийг ер амрааж болохгүй. Зовоож байх хэрэгтэй. Ном их уншигтун. Би ном их уншдаг. Энэ хоёр хөл буюу аморжинийг амрааж болохгүй. Дандаа зовоож байх хэрэгтэй” гэж шавь нартаа захив.

Пунцагдаш багш 1956 онд УБДС-ийн Монгол хэлний анги төгсч Баян-Өлгий аймагт хуваарилагдаж, казах сургуульд хоёр жил, монгол буюу арван жилийн хоёрдугаар сургуульд зургаан жил багшилжээ. Нутаг усандаа Пу багш хэмээн хүндлэгдсэн энэ эрхэм Монголын багш нарын хоёр ч их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ. Түүний ажил үйлсийг төр засгаас үнэлж Алтан гадас одонгоор шагнасан байна.

Дурсамж уулзалтад оролцохоор очсон ангийн дарга Лхагваа, түүний гэргий Т.Бадам, ангийн анд Б.Буянцог гурвыг ангийнх нь хүү Х.Хаваат гэртээ хүлээн авч тэр гурав тэдний томоо гэгчийн өргөө цагаан гэрт өглөө эхнэр Х.Зиягаар нь өрхөө татуулж хоол цай зөөлгөж хэдэн өдөр тухалсан бол Улаанбаатар, Дарханаас очсон охид ангийн анд Тунгалагийнхаа хоёр өрөөний нэгийг эзэгнэн төвхнөжээ. Тунгалаг ангийнхнаасаа хамгийн түрүүнд ээж болсон гэж байна. Нөхөр нь долдугаар ангид цуг сурч байсан З.Намжав гэдэг элдэвтэй, сэргэлэн хүү байжээ. Тунгалаг ангийнхнаасаа нэг жилийн дараа УБДС-ийн Монгол хэл уран зохиолын ангид элсэн орж төгсөөд насаараа нэгдүгээр арван жилийн казах хүүхдүүдэд монгол хэл зааж одоо насны тэтгэвэртээ гарч, ач зээ нараа тойруулсан шигээ жаргаж суугаа аж. Тус ангиас ердөө ганцхан хос төрсөн нь Лхагваа, Бадам хоёр юм байна. Тотойн Бадам Бая-Өлгий аймгийн Бугат сумын Ховд бригадын уугуул. Лхагваа 1971 онд тавдугаар курсын оюутан байхдаа Киев-Москва-Чита-Баянтүмэний галт тэргэнд сууж Чойбалсан хотод очиж ангийн охин Бадамтайгаа гэрлэжээ. Бадам тэгэхэд цахилгаанчин мэргэжилтэй, Чойбалсан хотын дулааны цахилгаан станцад ажиллаж байжээ. Нэг ангийнхан уулзалтын турш халуун дотно яриа өрнүүлж, хүүхэд нас, сурагч ахуйн он жилүүдийг дурсаж, өөрсдийнхөө тухай, багш нарынхаа тухай ёстой л шавайгаа ханатал ярьж, инээж хөхрөлдсөн. Ангидаа орж, өөрийн ширээнд очиж суусныхаа дараа тэдний дунд ийм нэг яриа өрнөв.

-Хөөе, энэ манай анги чинь ямар жаахан болчихсон юм бэ гэхэд хажуунаас нь:

-За ярьшиг чи өөрөө ангидаа хойноосоо хоёрт жагсдаг жижигхэн амьтан байсан бол харин одоо хөөрхөн гүзээлчихсэн өвгөн болчихоод анги чинь жижигдээд байхгүй юу даа.

-Тийм юм болов уу. Гэхдээ л. Химийн кабинетын олон үзүүлэн материал, шил сав, элдвийн бодис бүхий шүүгээтэй хэрнээ их л том өрөө санагддаг байсан юм даа. Жижигхэн Буядааг хичээл эхлэхийн өмнөхөн цонхон дээр гаргаад тавьчихаар тэндээсээ буух гэж тэвддэг, цонх нь ч тийм л өндөр байгаагүй бил үү.

-За тэр ч яахав, анги, химийн кабинет гэснээс манай ангийн багш бидний нэгийг цаанаасаа минзурк аваад өг гэхэд мань хүн мэдэмхийрч очсоноо хуруу шил бариад ирж байсан онигоог та нар санаж байна уу?

-Санаж байна аа, санаж байна. Тэгээд тэр минзурк гэдэг чинь юу юм бэ?

-Минзурк л байхгүй юу.

Энэ ярианы дараа дурсамж уулзалтад ирсэн ангийнхан Рапиза багшаа дурсацгаав.

-Манай багш үнэхээр л сайн сайхнаар дурсан санахгүй байхын аргагүй хүн байжээ, одоо бодохноо. Манай багш нүд шүд, үс зүс тэгш сайхан, гэрэл цацарсан царайтай, уурлаж уцаарлахыг мэддэггүй сайхан бүсгүй байж билээ. Гадаадад дээд сургууль төгссөн хэрнээ Улаанбаатар хотноо УБДС-д багшилж байсан болоод ч тэр үү, монголоор ямар ч аялгагүй ярина. Багш товор товор алхалсаар ангид орж ирээд цамцныхаа ханцуйг шамласнаа самбар дээр химийн томьёо бичдэг байсан, одоо ч нүдэнд харагдах шиг.

-Яг үнэн. Багш гол нь биднийг ахлах ангид маань гурван жил дааж, аравдугаар ангийг төгсгөж ажил амьдралын алтан шар замд үдэж өгсөн гавьяатай хүн. Ангийн багш маань хэнд ямар мэргэжил тохирохыг дотроо тооцоолчихсон байсан юм билээ гэж ангийнхнаас нэг нь ярив.

Энэ ярианд С.Дэжид оролцож “Харин тийм. Намайг л гэхэд зээрэнцэг шидэлтийн тэмцээнд оролцоод Ховд аймагт явж байх хойгуур Эдийн засгийн дээд сургуульд хуваарилчихсан байсан ш дээ” гэв. С.Дэжид дээд сургуулиа төгсөөд Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтэст тасралтгүй 30 гаруй жил ажилласан бөгөөд ангидаа ганц цэргийн цолтой нь Дэд хурандаа С.Дэжид юм байна.

Аравдугаар ангиа төгссөнөөс хойш тавин жилийн дараа болж байгаа “Бид нэг ангийнхан” дурсамж уулзалтад оролцогчид Толбо нуурын жуулчны баазад ирж амрахаар тухалсан байлаа. Ангийнхан математикийн улсын шалгалтаа хэрхэн өгсөн тухай хөгжилтэй явдлаасаа хуваалцав.

Шалгалтын өмнөх өдөр Ависхан захирал догширч, биеийн тамирын заалыг улсын шалгалтад зориулж тусгайлан засуулжээ. Тэгээд “Та нар нэг нэг метрийн зайтай сууцгаана. Нэг нэгнээсээ хуулна гэж бодож байгаа бол санасны гарз” гэхчилэн сүрдүүлжээ. Шалгалт эхлээд удаагүй байтал ширээнүүдийн хооронд үзүүрт нь “шпи” уяж дамжуулахаар бэлтгэсэн утас илэрч хэрэг мандсан байна. Захирал тэрхүү утсыг хөвж аваад ширээн дээрээ тавьчихаж. Түүний харцанд хуулах гэж горьдож байгаа бол бүтэхгүй шүү гэсэн хатуурхал илт байсан гэнэ. Үүргээ гүйцэтгэж чадаагүй тэр утсан холбоог тус ангийн хэн гэдэг тоочин чухам хаана, хэнд хүргэхээр тавьсан эсэх нь өнөө хэр тайлагдаагүй ангийнхны нууц хэвээр үлджээ. Харин шалгалт эхлээд дундаа орж байтал сурагчдад ашигтайгаар эргэж. Ангийн тоочид бодлогуудаа бодож дуусч байхад Ависхан багш гэнэт танхимаас гарч хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан ангийн багш нь үлджээ. Багш ч яаралтай тусламжийг зохих эздэд нь цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх үүргээ биелүүлж, “шпи”-г зөөх ажилдаа оржээ.

Долдугаар ангийн анд Ш.Казима нь ангийхныгаа гэртээ урьж өдрийн зоог барив. Өлгийн захад орших тэдний олон тасалгаатай байшингийн зочны өрөөнд том ширээ засч казах заншлаар идээ будаа дүүрэн өржээ. Казимагийн нөхөр ч эхнэрийн ангийнхан ирлээ гээд сүйд болов. Ангийнхан нь “Ингээд Казима маань алдарт эх болчихдог байжээ” хэмээн гайхлаа. Тэгснээ “Ер нь бидэн дотор Мизамхан, ангийн дарга хоёрыг эс тооцвол алдарт эх, гавьяат эцэг болоогүй хүн байгаа юм уу? Заан маань арван хүүхэдтэй гэж байна. Манай ангийнхнаас хамгийн түрүүлж эцэг болсон юм байна. Хориодхон настай байхдаа Алтай нутгийн охины толгойг эргүүлж аваад суучихсан байгаа юм даа” хэмээн хөөрөлдөв. 1966 онд тус ангийг 15 хүү, 15 охин төгсчээ. Төгсөгчдийг хамгийн интернационалч анги байсан гэж хэлж болно. Учир нь энэ ангид 11 дөрвөд, найман урианхай, найман казах, хоёр тува хүүхэдтэй байсан бол ганцхан халх охинтой байжээ. Ганц халх охин нь Түдэвийн Должинсүрэн. Тэрээр урт үстэй, булцгар цагаан охин байж. Должинсүрэн нөхрийнхөө буяны үйлийг гүйцээхээр Увс аймаг руу явах болоод энэ уулзалтад харамсалтай нь оролцож чадаагүй байна.

Энэхүү ангиас хоёр эрдэмтэн төржээ. Тэр нь Дүгэрийн Лхагваа, Жинлэвийн Тэрбиш нар юм байна. Одоо дахиад хоёр гавьяаттай болохыг мөрөөддөг байна. Хусмааны Хаваат хэзээний л техник сэтгэлгээ сайтай хүүхэд байжээ. Юм юмыг эвлүүлээд засчихна. Гарын их дүйтэй. Хар цагаан телевиз түвэггүй засч Өлгийн ард түмэнд буян болж байсан гэдэг. Мөн Хотгорын уурхайд орон тооны бус инженер. Хаваат Барилгын хүнд машин механизмын инженер мэргэжлээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад зах зээл гүнзгийрэхийн хэрээр аймагтаа хамгийн том машин засварын газар нээн ажиллуулжээ. Машин оношилж, засах ажилд хөвгүүдээ сурган дадлагажуулж одоо өөрөө зөвлөх хийж байна. Бөхөн уулын ар дахь Хаваатын засварын газрын том хашаа дүүрэн төрөл бүрийн маркийн машин засварт орох, сэлбэг хэрэгсэл ирэхийг хүлээн зогсож байгааг харсан хүн тэнд ямар их ажил ундарч байдгийг аяндаа ойлгоно.

Харин ангийн дарга Дүгэрийн Лхагваа багын л нягт, нямбай хүүхэд байж. Арван жил онц сурчээ. Улмаар Украины Киев хотын Политехникийн дээд сургууль, Патент судлалын дээд сургуулийг зэрэг төгсөж Радио электроникийн зохион бүтээгч, Патент судлалын инженерийн диплом өвөртөлжээ. Монголын холбоо ашиглалтын чанарын асуудлаар докторын цол хамгаалсан байна.

Лхагваагийн ажил Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институттэй салшгүй холбоотой юм. Тэрээр тус институтэд техникч, инженер эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч захирлыг нь хүртэл хийжээ. Завсарт нь сайд нарын Зөвлөлд референтийн албыг хашиж байгаад Москваг зорьж Эдийн засгийн харилцан туслах Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт шинжээчээр таван жил ажилласан байна. Лхагваа Монголдоо анх удаа өнгөт кодыг нэвтрүүлснээс гадна холбооны тосон кабелийн залгааны анхдагч болсон “Мандваа” компанийг 1996 онд байгуулжээ. Тэр цагаас хойш Монголын есөн аймаг, 25 дүүрэг, сум, суурин газарт гар утас, интернет ажиллуулах боломжийг нээж, 1000 гаруй км шилэн кабель сурилуулж, ингэхдээ цоо шинэ олон төхөөрөмж нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг хорь гаруй дахин нэмэгдүүлсэн тооцоо бий.

Ангийн уулзалтын үеэр

Униар татсан хавьрын орой

Урьхан салхи шивнэхдээ

Удахгүй сургуулиа төгсөх бидний

Урдах зам минь хаагуур зурайна вэ… хэмээн байн байн аялах. “Арав дахь хавар” дуу тус ангийнхныг төгсөх жил олны хүртээл болсон түүхтэй. Тиймээс тус ангийнхан энэ дууг ихэд бэлгэшээж, өөрсдийгөө “Арав дахь хавар”-ын жилийн төгсөгчид гэж хэлэх дуртай юм байна.

Тавин жилийн дараа уулзсан ангийнхан 2021 онд Улаанбаатарт дахин уулзахын ерөөл тавин салсан юм. Мөнхүү ангийн толгой математикч Ж.Мизамхан “Таван жилийн дараа бид бүхний аравдугаар ангиа төгссөний 55 жилийн ой болно. Дээрээс нь Хүннү гүрэн хийгээд Их Монгол Улс үүсэн байгуулагдсаны, Ардын хувьсгалын, манай аймаг, сургуулийн гээд олон тэгш ой давхацсан жил тохиох болно” хэмээн бэлгэдэж уулзалтыг тооцоолсон байв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ялалтын дуутай паралимпийн медаль бүтээжээ

Бразилийн Рио Де Жанейро хотноо Паралимпийн зуны олимпийн наадам үргэлжилж байна. Зуны олимпийг тэргүүлсэн баг тамирчдад олгож буй медаль дэлхий нийтийн талархлыг хүлээгээд байна. Тус медалийг шинжлэх ухаан, ур хийцийн хувьд гайхалтай хослуулан урлажээ.

Тухайлбал, харааны бэрхшээлтэй тамирчдад баррейл үсгээр шивсэн, сэгсэрхээр дотор нь хийсэн ган бөмбөлөг дуу чимээ гаргадаг байдалтай хийжээ. Энэхүү медалаас гарч буй дуу чимээг зохион байгуулагчид “Ялалтын дуу” хэмээн нэрлэсэн байна. Сонирхуулахад, Алтан медаль нь дотроо 28 ган бөмбөлөгтэй бол мөнгөн медаль нь 20, хүрэл медаль нь 16 бөмбөлөгтэй аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Японд нулимс гаргадаггүй сонгино бүтээжээ

Японы эрдэмтэд сонгины шинэ өвөрмөц сортыг
бий болгожээ. Энэхүү сонгино нь хэрчих үед нүднээс нулимс гаргадаггүй аж.
“Инээж буй бөмбөлөг” гэж уг сонгиныг нэрлэсэн байна. Хэлбэр, өнгөний хувьд
энгийн сонгиноос ялгарах юмгүй ч энэ шинэ сортын сонгино үнэртэхгүй. Амт нь
чихэрлэгдүү, алим, лийртэй төстэй аж. “Инээж буй бөмбөлөг”-ийг салатанд хийхэд
илүү тохиромжтой байгаа гэнэ.

Дээрх шинэ сортыг гаргах гэж эрдэмтэд 20 жилийг зарцуулжээ.
Нүднээс нулимс гаргадаггүй, илүү гоё амттай сонгино энэ намраас Японд гарч
байна.

Categories
булангууд мэдээ эрэн-сурвалжлах

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир

Сонгуулийн өмнө жүжигчин Амараа “Нэхий боодол бохины үнэгүй боллоо” гэж хэлснийхээ төлөө цагдаад шалгагдлаа гэх шуугиан дэгдэж байлаа. Жүжигчин залуу улс төрийн зорилгоор үг хэлсэн, түүнийг нь бас улс төрийн зорилгоор шалгасан асуудал бий л байх. Гэхдээ өнөөдөр нэхий боодол бохины үнэгүй байгаа нь үнэн. “Эмээлт” түүхий эдийн захад өнгөрсөн долоо хоногт хонины нэхий 300-700 төгрөгийн үнэтэй байлаа. 700 төгрөг нь энэ зуны хамгийн өндөр ханш. Бас нэхий авч байгаа хүн “Эмээлт”-д тун цөөн. Арьсаа тушааж байгаа малчин ч ховор. Хаа холоос 300 төгрөгөөр өгөх гэж хүн царайчилснаас хотондоо хаячихсан нь малчдад гарлагагүй гэх юм билээ.

Зах зээлд арьсан гутал, цүнх үнэтэйд тооцогддог. Тэгвэл гутал, цүнхний түүхий эд яагаад “хог” болов. Хонины нэхий боодол бохины үнэгүй болсон учрыг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.

“ЭМЭЭЛТ” ЭЗГҮЙРСЭН УЧИР

Хэдэн жилийн өмнө “Эмээлт” захыг “Хятадын эмээлт үү, Монголын нутаг уу” гэцгээдэг байлаа. Ерөөсөө л “Эмээлт”-ийг хятад ченжүүд хөдөлгөж байсан учраас тэр. Одоо тэндээс хятад хүн олоход хэцүү. Хятадуудад ажилладаг ченжүүд ч ховор болж. Ноолуур авч байгаа ченжүүд байх боловч хонины арьс, шир авч байгаа нь тун ховор юм. Мал зардаг төвлөрсөн цэгийн гадна хонь, ямааны арьс авч байгаатай таарлаа. Тэдний яриагаар гурваас долдугаар сар хүртэл тарз угаасаа үнэгүй байдаг. Үйлдвэрийн хэрэгцээ, шаардлага хангадаггүй учраас тарз авахгүй, зөвхөн өлөнг нь л үнэлж авдаг. Харин наадмын дараагаас үнэ нь арай өсдөг. Энэ жилийн тухайд ханш өсөөд, өсөөд 700 төгрөг л болж байгаа гэнэ. Сүүлийн хоёр жил хятадууд ирж түүхий эд авах нь ховордсон. Тэгэхээр эрэлт байхгүй, “Эмээлт”-д ажиллах шаардлагагүй болсон талаар тэд ярилаа. “Хятадууд үнэ цохиж түүхий эд авдаг гэж муулдаг, муухайгаар ярьдаг байсан үед бид ажилтай, орлоготой байсан. Түүхий эд авч хядадуудад зарахдаа дундаас нь ашиг гаргана. Ачигч хийж цалин авна. Харин одоо хятад түншүүд ирэхээ больчихсон. Тэд эндээс авсан түүхий эдээ заавал боловсруулж хилээр гаргадаг болсон. Тэр үеэс хятад түншүүд харагдахаа больсон” гэж ярьсан юм.

Энэ зун “Эмээлт”-ийн ченжүүд авсан нэхийнийхээ ноосыг авч, зараад арьсыг нь “Биокомбинат”-ын хогийн цэгт аваачиж шатаах ажил хийсэн гэнэ.

Саяхнаас “Дархан нэхий”, “Дархан минж” компаниуд ченжүүдээс 500-700 төгрөгөөр нэхий авч эхэлжээ. Гэхдээ ялгаж сайн чанарын нэхийг энэ ханшаар авч байгааг ченжүүд ярилаа. Сайн чанарын гэх шалгуурт нийцэх нэхий бараг байхгүйг ч ярьсан.

Харин хятадууд 300-400 төгрөгөөр авч байгаа гэнэ. Түүхий эд авдаг хятадууд бараг байхгүй болсон талаар дээр өгүүлсэн. Гэхдээ сүүхэйтэй хэд нь түүхий эд авч, нутаг руугаа гаргах аргаа өөрчилж, “ажлын байр”-аа сольсон тухай баримт бас олдсон юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ТҮҮХИЙ ЭД УНАСАН УЧИР

Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэж мал, малын гаралтай түүхий эдийн үнэ унасныг эдийн засгийн үзүүлэлт харуулж байгаа. Хямралаас үүдэлтэй үнэтэй арьсан цүнхний эрэлт багасч, тансаг хэрэглээ хумигдсан гэхэд болно. Бас манай гол харилцагч БНХАУ-д цөөнгүй үйлдвэр хаалгаа барьж, түүхий эдийн эрэлт буурсан. Хятадад малын арьснаас илүү сентетик материалаар хийсэн бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа нь ч бас нэг шалтгаан.

Өмнөд монголчууд түүхий эдийн үнэ унасныг эсэргүүцэж, хонь ямааныхаа арьсыг шатааж байсан нь ч саяхан. Гэхдээ тэнд арьс, шир огт хэрэггүй болчихсон юм биш. Хамгийн багадаа хонины нэхий 15-17 юань (5200-6000)-ийн үнэтэй байгаа аж. Гэтэл Монголд малчдын нэхий хог болж, зарагдлаа гэхэд бохины үнэ хүрэхээ больчихсон байгаа. Хятадууд Монголоос түүхий эд авах зардал нь хэдэн жилийн өмнөхтэй адил 3800-4200 төгрөг байгаа гэвэл та итгэх үү. Малчнаас зарагдахад боодол бохины үнэ хүрэхгүй нэхийг хятадууд хаанаас дөрвөн мянга гаргаж аваад байна вэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр хонины нэхий малчдын хувьд “хог” болсон нь Засгийн газрын хоёр тогтоолтой холбоотой.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэрлэлийг дэмжих гол бодлого орсон. Үйлдвэрлэгчдээ дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг буруутгах аргагүй. Гэтэл тэр бодлого замаасаа хазайж түүхий эдийн үнийг унагах гол шалтгаан болжээ.

Монгол Улсын Засгийн газар 2013 оны наймдугаар сарын 20-ны өдөр 300 дугаар тогтоол гаргасан. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлах тухай уг тогтоолд “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10.2, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс, ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь, 1. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталж, 2013 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 2. Энэхүү техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нарт тус тус үүрэг болгож, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зөвлөсүгэй” гэж заасан байдаг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд байсан үед энэ тогтоол батлагдсан юм.

Тогтоолд заасны дагуу арьс, ширний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлагдаж Хонины арьсыг вет-блю техникийн шаардлагын дагуу боловсруулж хилээр гаргахаар болсон билээ. “Вет-блю” гэж химийн аргаар үсийг нь унагасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурилаг давсаар нэвт идээлэгдсэн, жигд өнгөтэй нойтон хөх арьс, ширийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ технологийн дагуу боловсруулсан арьсыг л хилээр гаргадаг болсон. Засгийн газрын 300 дугаар тогтоол гарахаас өмнө анхан шатны боловсруулалт хийсэн буюу идээлж, тосолж хатаасан, өнгө засал хийгээгүй арьсыг хилээр гаргадаг байсан.

МАЛЧИНД 400, ҮЙЛДВЭРТ 4000

Уншигчид санаж байгаа бол 2013 оны намраас арьс, ширний үнэ огцом буурсан билээ. Хятадаас ченжүүд Монголд ирэхээ больж, Эмээлтэд ч хөл хөдөлгөөн цөөрсөн.

Үүний дараа Засгийн газар бас нэгэн тогтоол гаргаж адууны ширний үнийг навс унагасан. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар тогтоолоор Арьс, ширний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтад өөрчлөлт орж адуу, тэмээний ширийг бүрэн боловсруулж хилээр гаргахаар болсон. Үр дүнд нь “Эмээлт”-д 200 гаруй мянган адууны шир өмхийрөх болж Засгийн газар сарын хугацаанд энэ тогтоолоо түдгэлзүүлж түр гал унтраасан билээ.

Засгийн газар ийм тогтоол гаргасан нь үндэсний үйлдвэрээ дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байсан. Гэвч гурван жилийн хугацаанд арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэр хөгжсөн бэ гэдэг нь бас асуудал. Хангалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд экспортод гаргах бараг боломжгүй байгаа. Ченжүүдийн ярьснаар өдийд хэдхэн үйлдвэр л нэхий авч байгаа гэдэг бас л асуудал. Тэгсэн атлаа арьс, шир боловсруулах үйлдвэр ажиллаад байгаа нь сонин биш гэж үү.

“ЭМЭЭЛТ”-ИЙГ ЭЗГҮЙРҮҮЛСЭН ХЯТАДУУД ҮЙЛДВЭРҮҮДЭД НҮҮГЭЭД ОЧЧИХСОН ГЭВ ҮҮ

Малчдаас, ченжүүдээс нэхий бараг авдаггүй үйлдвэрүүд ажиллаад байдаг. Үүний шалтгаан нь “Эмээлт”-д малчдаас түүхий эд аваад нутаг руугаа гаргадаг хятадууд боловсруулах үйлдвэрт нүүгээд оччихож.

Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалжийн ярьснаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 34 боловсруулах үйлдвэрийн ихэнхийг хятадууд түрээсэлжээ. Юун нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Гадныхан үнэгүй шахам авсан түүхий эдээ монгол үйлдвэрүүдэд боловсруулаад нутаг буцаж байна.

Монголын боловсруулах үйлдвэрүүд нэг нэхий боловсруулахад 11-12 юанийн түрээс авдаг гэнэ. Хятадууд “Эмээлт”-ээс 300-400 төгрөгөөр авсан нэхийгээ 3500-4000 төгрөгөөр боловсруулдаг. Ингэхээр Монголд нэг хонины нэхий 3800-4500 төгрөгийн ханштай гэсэн үг. Харин Засгийн газрын 300, 330 дугаар тогтоолын үр дүнд малчинд 400, үйлдвэрт 4000 төгрөг ноогдож байна. Үйлдвэр ашигтай ажиллахад ажлын байр нэмэгдэнэ гэж тайвширч болох талтай. Гэтэл хятадууд боловсруулах технологио өөрсдөө хариуцна гээд тэндээсээ технологичид авчирдаг юм байна. Монголчууд ачигч, угаагч гээд цалин багатай, хар ажил хийх төдийхөн. Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ бага учраас төдийлөн олон хүн ажилладаггүй. Өнөөх нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гоё зорилготой үйлдвэрүүд байр, тоног төхөөрөмжөө түрээслээд нэг нэхийнээс 4000 төгрөгийн орлоготой сууж байна.

Ийм наймаа хятадуудад ч алдагдалгүй. Угаасаа тэндээ нэхий хамгийн багадаа 5200-6000 төгрөгийн үнэтэй байгаа. Ийм үнээр авсан нэхийгээ зардал гаргаж боловсруулна. Боловсруулах зардал нь тэндээ 20 юань (7000 төгрөг)-иас багагүй Тэгвэл энд 400 төгрөгөөр авсан нэхийгээ 4000 төгрөгөөр боловсруулаад, хилээр татваргүй гаргачихсан нь ашигтай.

Энд бид хятадууд муухай, монголчуудыг ашиглаж байна гэж цоллосонгүй. Тэд л биднээс түүхий эд авдаг гол зах зээл учраас буруутгах ч аргагүй. Харин Монголын төр нэг л тогтоол гаргахад малчдыг үгүйрүүлж, хэдхэн үйлдвэрийн эздэд монцойгоод сууж байх боломжийг олгочихож байгаа нь харамсалтай.

Бид арьс, шир боловсруулах хэд, хэдэн үйлдвэртэй холбогдож нэхий боловсруулах түрээсийн үнэ судлахад 10-12 юань гэх нь ч байсан бол зарим нь үйлдвэртэй танилцсаны дараа үнэ хэлнэ гэцгээж байсан юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Үргэлжлэл бий

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“iPhone 7” ирэх сарын 16-д худалдаанд гарна

Жил бүр олны анхаарлыг татаж байдаг нэг зүйл бол Apple компанийн зохион байгуулдаг шинэ iPhone утасны танилцуулга билээ. Тэгвэл энэ жилийн шинэ загвараа есдүгээр сарын 7-д танилцуулж 16-нд худалдаанд гаргахаар болжээ.

Шинээр гарах iPhone 7 нь 256GB-н багтаамжтай, 5.5 болон 4.7 инчийн дэлгэцтэй байх юм байна. Мөн удахгүй iPhone 7 plus, 7Pro нь гарах аж. Өмнөх загвартайгаа ерөнхийдөө ижилхэн хэлбэр, зузаантай байх авч 1 мм-р нимгэрсан байж магадгүй гэсэн сураг байна. Чихэвчний хувьд 3.5 мм-н хэмжээтэй утасгүй гарахаар болжээ. Өнгөний хувьд хар өнгийн сонголт нэмэгдэж байгаа бөгөөд Home товчгүй байх гэнэ. 2017 онд iPhone утасны 10 жилийн ой болно.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Дэлхий дээрх хамгийн урт настай амьтад

Энэхүү яст мэлхий нь 475 паунд жинтай бөгөөд хоол идэж ус уухгүйгээр нэг жилийн хугацаанд амьд байх чадалтай. Дэлхийд 20.000 ийм аварга яст мэлхий зэрлэг байгальд амьдарч байна. Тэд ойролцоогоор 100 жил насалдаг.

The old Spanish word

Аварга том Шарк

Энэхүү Гринландын махчин загагс нь 21 фүүтийн урттай бөгөөд 2000 паунд жинтэй. Үнэрлэх мэдрэмж маш сайн хөгжсөн. Дунджаар 272 жил насалдаг ч 400 жил наслах боломжтой аж.

Greenland sharks, which live an average of at least 272 years, rank as the longest-lived vertebrates on Earth, a <a href=

Туатара гүрвэл. Энэхүү гүрвэл нь Шинэ Зеландын эргээсээ нэлээд хол оршдог 32 арал дээр амьдардаг бөгөөд тэдний өвөг дээдэс нь динозавртай хамт амьдарч байсан хэвлээр явагч юм. Дор хаяж хоёр паунд жинтай бөгөөд 100-гаас илүү жил насалдаг байна. Тэдэнд чих байхгүй ч сонсож чадна. Мөн гурван нүдтэй ч хоёр нь л хардаг. Маш хүчтэй хаздаг бөгөөд хурц шүдтэй.

Tuatara, which live on 32 offshore islands of New Zealand, are the only surviving species in an ancient order of reptiles that lived during the age of dinosaurs. They tip the scales at 2 pounds or less, according to <a href=

Африкийн ховор заан. Энэхүү заан нь 70 жил насалдаг. 12 фүүт өндөр, 14.000 фаунд жинтэй.

Rare aquatic species generally put land animals to shame in terms of lifespan, and yet the African elephant deserves mention. In the wild, this beast can live to be 70 years old, according to the <a href=

Эрдэмтэд энэхүү далайн амьтныг 1550 настай гэж тогтоожээ. Тэрээр Антарктидад амьдардаг бөгөөд маш бага температурт удаанаар өсөн үрждэг байна.

A simple glance reveals the Antarctic sponge to be among the most primitive of animals. Yet these remote sea creatures have versatile feeding behaviors, can produce unique chemicals and can display complex developmental processes, according to the <a href=

О.ӨНӨР