Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Гурван метр өндөр роботыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдэд танилцуулна

Японы Коосэн сургуулийг төгссөн залуу инженерүүдийн бүтээсэн, дотор нь хүн ордог, гурван метр орчим өндөр “Скелетоникс-Skeletonics ®” роботыг Монголд авчрах гэнэ. Коосэн Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран, Японы элчин сайдын яам, Коосэн загварын Монгол дахь гурван сургуулийн дэмжлэгтэйгээр “Коосэн-Технологийн баяр”-ыг зургадугаар сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах юм. Өдөрлөгийн үеэр аварга роботыг хүүхдүүдэд танилцуулах ажээ. Коосэн-Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан энэ тухай мэдээлэхдээ “Скелетоникс-Skeletonics®” робот нь хүний хөдөлгөөн мэдэрч, зааварчилгааны дагуу олон даалгавар хийх чадвартай. Өөрөөр хэлбэл, дотор нь байгаа хүний гар хөлийн хөдөлгөөнийг мэдэрч ажилладаг учраас бусад хүн хэлбэртэй роботуудын хийж чадахгүй үйлдлийг чаддаг онцлогтой” гэв. Уг роботыг зургадугаар сарын 1-нд болох Эх үрсийн баяраар Монголын хүүхэд залууст танилцуулахаар роботыг зохион бүтээгч, Скелетоникс компаний захирал Ака Томохиро ирэх юм.

Ака Томохиро өөрийн бүтээсэн роботынхоо тухай “Энэхүү роботыг хийе гэсэн санаа их энгийн байсан. Анх Коосэн-Робокон тэмцээнд оролцоод амжилт үзүүлж чадаагүй маань цаашид улам хичээж, өөрийн роботоо илүү сайн, хүчирхэг болгоход түлхэц болсон юм. Үнэхээр ч тэр хичээл зүтгэл маань надад 2008 оны Коосэн-Робокон тэмцээнд тэргүүн байрыг авчирсан. Тухайн жилийн роботын үзүүлбэр маань хоёр хөл дээрээ явдаг робот байсан. Энэ роботынхоо алхмыг нь томруулахын тулд хүний хөлийн хөдөлгөөнийг судалж, холбоосны механизмыг томруулах технологийг туршиж, их биетэй аварга робот бүтээх боломжтой гэсэн санаа төрж билээ. Энэ нь “Скелетоникс-Skeletonics®” роботын эхний загвар байсан. Роботондоо хүний гар хөлийн холбоосыг бүтээж өгснөөр чөлөөтэй хөдлөх боломжтой болсон. Роботынхоо анхны загварыг гаргаснаас хойш шинэчлэн сайжруулсаар тав дахь загвараа гараад байна. Цаашид зургаа дахь загвараа хийх бөгөөд шинэ гарах загварыг өмнөхөөсөө боловсронгуй байхаар зорьж ажилладаг” хэмээн ярьсан байдаг.

Дашрамд дурдахад “Коосэн боловсролын загвар” нь хүүхдийг 15 наснаас нь элсүүлж, таван жилийн хугацаанд инженерийн үндсэн боловсролыг эзэмшүүлэн, бүтээлч инженерүүдийг бэлтгэдэгээрээ онцлогтой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Автомашины зогсоолгүй үйлчилгээний газар үйлчлүүлэгчдээ алдах нь тодорхой болжээ

Манай Улаанбаатар хотод дэлгүүр хоршооноос эхлээд бараг бүхий л үйлчилгээний газар гаднаа авто зогсоолгүй гэж хэлж болно. Сохор азаар арайхийн зогсоол олдлоо гэхэд авто зогсоолын мөнгө гэж заавал төлөх хэрэгтэй болдог. Орлого оруулж худалдан авалт хийх гэж байгаа хэрнээ мөнгө хураагч нарт загнуулан барин зогсоолын мөнгө төлнө гэдэг Монголоос өөр газар ойлгоход нэн бэрх. 30 минут болов уу үгүй юү 1000 төгрөг нэхдэг олон газраас жишээгээр дурдахад “UB Mart” дэлгүүрийг нэрлэх байна. Кино театрт кино үзлээ гэхэд зогсоолд нь машинаа тавиад 1000, 1500 төгрөг төлнө. Зарим нь гэрийнхээ үүдэнд, ажлынхаа хашаанд машинаа тавихдаа ч мөнгө төлөх дээрээ тулчихаад байна. Орон сууцны гадаа гэхэд автомашины зогсоол уу эсвэл хүүхдийн тоглоомын талбай юу гэдэг нь ч ялгагдахаа байжээ.

Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж байгаа барилга байгууламж гадна, дотроо автомашины зогсоолтой байх ёстой байдаг. Гэтэл энэ шаардлагыг хангах барилга байшин үйлчилгээний газар нийслэл хотод маань хуруу дарам цөөн. Тухайлбал, III, IV хороолол их дэлгүүр, үйлчилгээний газар олонтой. Гаднаа автомашины зогсоол нэртэй боловч дийлэнхдээ худалдагч, тухайн байгууллагын ажиллагсдад хамаардаг.

Үүнийг хэдийнэ үйлчлүүлэгчид анзаарчихсан. Тиймээс машин тавих газар олддоггүй үйлчилгээний газруудаар ороод ч яахав дээ гэж ярьцгаадаг болсон. Авто зогсоолгүй, тэгсэн хэрнээ мөнгө нэхдэг газруудад аандаа үйлчлүүлэгчийн тоо нь буурч хаалгаа барихдаа тулах нь өдрөөс өдөрт тодорхой болж ирлээ.

Тиймээс барилга байгууламж барихдаа анхнаас нь автомашины зогсоолыг чухалд тавихгүй бол үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчээ алдах нь хууль болчихоод байгаа гэдгийг бодолцох цаг болжээ.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Nokia 3310 худалдаанд гарна

nokia 3310 new зурган илэрцүүдNokia 3310 гар утас шинэчлэгдэн дахин борлуулагдахаар болсон билээ. Энэ удаа Финландын HMD Global стартап компани шинэчилсэн Nokia 3310-ыг зах зээлд гаргаж байгаа юм.

Анхны хувилбараасаа жижиг, хөнгөн болсон шинэ утас нь 2.4 инчийн өнгөт дэлгэц, 2 мегапикселийн арын камер, 16 MB хадгалах байгууламж, 32 MB хүртэл өргөтгөх боломжтой MicroSD картны оролт, LED гэрэлтэй бүтээгджээ.

Улаан, шар өнгөтэй загварууд нь гялгар материалаар бүтээгдсэн байх бол хөх, саарал нь бүрсгэр (matte) өнгэтэй байна. Нэг цэнэглэлтээр 22 цаг ярих боломжтой, идэвхгүй нөхцөлд 31 хоног цэнэгээ хадгална. Алдарт Snake (могой) тоглоомыг суулгахаач мөн мартаагүй байна.

Шинэ Nokia 3310 Британид тавдугаар сарын 24-нд 49.99 паундын үнэтэй гарахаар болжээ. Харин Нидерланд, Бельгид зургаадугаар сарын 5-наас, Германд тавдугаар сарын 26-наас 59.99 еврогийн үнэтэй худалдаалагдаж эхлэхээр болсон байна. Бусад улс орнуудад хэзээ зарагдаж эхлэх талаар мэдээлэл гараагүй байгаа ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Galaxy S8, S8+ Монголд нээлтээ хийлээ

Монголын зах зээлд “Самсунг” компанийн Galaxy S8, S8+ утас өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Дэлхийн зах зээлд Galaxy S8 утас нь өнгөрсөн гуравдугаар сард танилцуулагдсан. Монголын зах зээлд Төв Азийн бүх оронд нэгэн зэрэг өнөөдөр нээлтээ хийж байна. Ингэснээр энэ сарын 5-аас Монгол дахь “Самсунг”-ийн албан ёсны дэлгүүрүүдээр болон “Мобиком”, “Юнитель”, “Нэкст электроникс”-ээр эдгээр утас нь худалдаалагдахаар боллоо.

Энэхүү шинэ загварын онцлог нь өмнөх S7-оос нүүрэндээ товчлуургүйгээр тэр чигээрээ дэлгэц болсноороо ялгаатай аж. Мөн нүүрэнд байрладаг лого байхгүй. Нүдний бүрхэвчийн хамгаалалт шинээр нэмэгдсэн. Энэ шинэлэг зүйлс одоо зах зээлд байгаа бусад ухаалаг утсанд байхгүй гэнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголын үнэртэй салхи

Монголын үнэртэй салхи зурган илэрцүүд

Монголын үнэртэй салхи гэж манай дуучид дуулдаг. Хээрийн салхинд үнэрсээд байх ч юув гэж эгдүүцэх нэгэн байхад Монголынхоо хилээр орж ирэхэд салхи нь хүртэл өөр шүү гэж нэг хэсэг нь зүтгэдэг. “Нээрэн Монголын салхи бусад орныхоос огт өөр байдаг” гэж нэг инженер залуу ярихыг сонслоо. Тэрбээр Салхитын хөндийд сүндэрлэсэн Салхин цахилгаан станцад ажилладаг бөгөөд “Монголын салхи хуурай хөнгөн байдаг болохоор том том салхин сэнсийг эргүүлэх хурд нь бага байдаг. Тэр хэрээрээ цахилгаан эрчим хүч төлөвлөснөөрөө гаргаж чаддаггүй” гэлээ. Тэгвэл Өмнөд Солонгост салхин сэнс яг стандартынхаа дагуу эргэж, төлөвлөсөн цахилгаанаа ч гаргаж авч чаддаг гэнэ. Учир нь өмнөдийн салхи чийгтэй хүнд байдаг бөгөөд түүгээр үлээгдсэн сэнс ёстой сэнсэртэл эргэдэг юм байх.

Тал нутгийн маань сэрүүн салхи бууж нисэх бор шувуу шигээ хөнгөн хөөргөн байдаг ажээ. Тиймдээ ч зуны аагим халуун өдөр исгэрэх төдийд сэвэлзтэл дэгдээд ирдэг байх нь.

“Халуун оронд салхиа л санаж явлаа” гэж манайхан ярьдаг. Аргагүй шүү дээ, тэндхийн хүнд залхуу салхинууд юу гэж л манайхныг исгэрэх төдийд сэрж өндийв гэж. Тийм газар оронд сэрүү таттал үлээдэг Монголынхоо салхийг саналгүй л яахав ээ.


Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван минутын дүрэлзсэн их уур хилэн

Ид хийж бүтээх насан дээрээ залуус гэмт хэрэг үйлдэж, олон жилийн эрх чөлөөгөө хасуулдаг. Тэр тусмаа залуус хүн амины хэрэг үйлдэж, 15-20 жилийн хорих ялаар шийтгүүлж буй гэмт хэрэг жил ирэх тусам өсч байгаа нь харамсалтай. Тэдний ноцтой хэрэг үйлдсэн шалтгаан нь ердөө л хэдхэн минутын дүрэлзсэн их уур, омог, хийж байгаа үйлдлээ хянаж чадаагүйгээс болсон байдаг. Залуус найз нөхөдтэйгөө нийлж архи, согтууруулах ундаа хэрэглэж, баар цэнгээнийн газар ордог. Ингэхдээ хэн нэгэнтэй ялихгүй зүйлээс болж маргалдан улмаар зодолддог. Ямар ч зодоон ердөө 3-5 минутын хооронд л болж өнгөрдгийг мэргэжлийнхэн тогтоосон байдаг. Гурван минутын уур хилэнгээ барьж дийлээгүйгээс хүн амины хэрэгтэн болж, амьдралдаа хэзээ ч арилшгүй хар толботой болж үлддэг.

Мөн ид хийж бүтээх, хайрлаж дурлаж, эхнэр, үр хүүхэдтэй болох хугацаагаа төмөр торны цаана өнгөрүүлэх болдог. Гэмт хэрэгтэн болж эрх чөлөөгөө хасуулсан залуусын олонхи нь “Талийгаач намайг янз бүрээр хэлж, доромжилсон. Үүнээс болоод гэнэт уур хүрч, зодолдож эхэлсэн. Маш богинохон хугацаанд бүх зүйл болоод өнгөрсөн” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Саяхан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хүний амь насыг хөнөөсөн мянга орчим гэмт хэрэгтнээс судалгаа авсан байна лээ. Судалгаанд хамрагдсан хоригдлуудын 90 гаруй хувь нь хэдхэн минутын уур хилэнгээ тэсвэрлэж чадаагүйгээс болж хүний амь нас хөнөөсөн талаараа ярьсан байна. Саяхан гэхэд цэргийн баяр тэмдэглэж явсан найзууд хоорондоо зодолдож байгаад нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан. Гэмт этгээд уураа барьж дийлээгүйгээс болоод талийгаачийг ширээний тавцангаар цохиж аминд нь хүрсэн байдаг. Энэ мэт хоромхон зуурын уураасаа болж олон мянган залуус гэмт хэрэгтэн болж байна. Тиймээс ялангуяа залуус найз нөхдөө харж онгирч, хэт дэрвэх, мөн хэдхэн минутын дүрэлзсэн их уур, омгоо дараад сурчихвал өөрийнхөө эрх чөлөөг болоод бусдын аз жаргалыг ч бүрэн хамгаалж, хадгалж үлдэх юм шүү.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ загварын “Galaxy S8”-г танилцууллаа

“Samsung Electronics” компани өөрийн Galaxy цуврал бүтээгдэхүүний нэг болох шинэ “Galaxy S8” ухаалаг гар утсаа хэрэглэгчдэд танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь урьд өмнө гаргаж байгаагүй “Bixby” гэдэг дуу хоолойг таниж хөрвүүлэх систем бүхий шинэ үеийн технологи ашигласан мөлчгөр гялалзсан загвартай юм.

Энэ шинэ бүтээгдэхүүн нь дээд зэргийн чанарын шил болон металлаар хийгдсэн хоёр хувилбараар гарах ба нэг нь спорт загварын 5.8 инчийн дэлгэцтэй, нөгөө нь түүнээс том 6.2 инчийн дэлгэцтэй байх аж.

Аль аль нь Супер AMOLED буюу өнгөний нягтрал сайтай дэлгэцтэй байх ба огт хүрээгүй байх юм. Үүгээрээ “Galaxy S7” ухаалаг гар утаснаас ялгаатай бөгөөд хавтгай эсвэл нумарсан дэлгэцгүй гэсэн үг.

“Galaxy S7”-той харьцуулахад “Galaxy S8” цуврал нь арай илүү урт, арай нимгэн юм. Нүүрэн талын хуруу мэдрэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Home товчлуурыг байхгүй болгосноор дэлгэцийг илүү том харагдуулж байна. Хуруу мэдрэгчийг утасны ард талд нь байрлуулснаар Home товчлуур ил харагдахгүйгээр хэрэглэгчийн хурууны даралтыг мэдэрч идэвхжих ажээ.

Энэхүү шинэчлэл нь дэлгэцийг илүү цэгцтэй харагдуулж, тоглоом тоглож, бичлэг үзэх дуртай ухаалаг утас хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.

Galaxy S8 болон Galaxy S8 Plus-гар утаснуудад салдаггүй 3,000 mAh болон 3,500 mAh-ын зайг суулгасан нь аюулгүй байдлын үүднээс батарейны хүчин чадлыг нэмэхээс “Samsung” татгалзаж байгааг харууллаа.

Дахин цэнэглэх үед гал авалцаж байсны улмаас “Galaxy Note 7”-г зах зээлээс эргүүлэн татаж, үйлдвэрлэхийг бүрмөсөн зогсоож байсан юм. Note 7 нь 3,500 mAh-ын хүчин чадал бүхий батарейтай байсан юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эртний нянг амилуулжээ

Мексикийн Найка хотын ойролцоох агуйн аварга том талстуудаас нян авч амилуулжээ. Тэдгээр бичил биет наад тал нь 10, магадгүй 50 мянган жилийн өмнө “унтсан” гэнэ. Амьд бие махбодь таагүй орчинд дасан зохицох чадвартайг ийнхүү дахин нотоллоо. Генийн сан мэдээлэл нь байхгүй нянгууд гэдэг утгаараа гайхалтай ажил боллоо” гэж АНУ-ын Калифорни муж улсын Моффет-Филд нисэх буудал дахь сансрын НАСА агентлагийн Одон орон, биологийн хүрээлэнгийн захирал, профессор Пенелопа Бостон тайлбарлажээ.

Грэл нэвтэрдэггүй ийм орчинд амьд организм хемосинтезийн аргаар буюу уулын хөрснөөс л шаардлагатай тэжээлээ авах ёстой аж. Тэрээр энэ удаагийн нээлтээ харь гаригийн амьдралтай холбоотой эсэхийг судлах гэнэ.

О.ӨНӨР

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сансрын “ховдог” хар нүхийг илрүүлжээ

Сүүлийн 11 жилийн турш Охины орд орчмын сансрын обьектуудыг залгиж байгаа асар том хар нүхийг АНУ-ын одон орон судлаачид илрүүлжээ. Энэхүү нүх нь манай гаригаас хоёр тэрбум гэрлийн жилийн зайтай орших Охины ордын аймагт байдаг аж. Энэ нүхийг санамсаргүй илрүүлсэн бөгөөд ордын төвд оршин замдаа таарсан бүхнийг залгидаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Олон гариг, сансрын хогийг татагч тэр нүх ертөнцийн хамгийн “ховдог”-оор хүлээн зөвшөөрөгдөөд байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Галт уулын тогоог эрчим хүч гаргаж авахад ашиглана

Исландын баруун эрэгт орших галт уулын тогоог өрөмдөх ажил дуусчээ. Геологчид 4659 метр гүн өрөмдлөг хийж, галт уулын хамгийн гүн цооногийг бий болгосон байна. Энэхүү цооногийг газрын гүнээс гарах уурыг ашиглан эрчим хүч гаргаж авах зорилгоор өрөмджээ.

Тооцоогоор цооногийн гүнд Целсийн нэмэх 427 хэм байгаа бөгөөд илүү өргөтгөснөөр дулаан нь нэмэгдэх аж. Төслийг 700 жилийн өмнө дэлбэрч байсан галт уулын бүсэд хэрэгжүүлжээ. Удахгүй төслийн дараагийн шат болох цооногт хүйтэн ус шахсанаар цооногийг нээх ажлыг гүйцэтгэх аж. Үүний дараагаар цооног дахин халахыг хүлээх аж.

О.ӨНӨР