Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утасны хэтийдсэн хэрэглээ эмэгтэйчүүдийг овортой харагдуулдаг гэнэ

Японы эрдэмтэд ийм судалгаа хийжээ. Гар утас барьдаг, түүнийгээ байнга ухаж төнхөж байдаг эмэгтэйчүүд наснаасаа илүү овортой харагддаг талаар дуу нэгтэй баталсан байна. Тэд албан ажил эрхэлдэг мянга гаруй бүсгүйчүүдийн дунд судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан бүсгүйчүүдийн талд нь хүссэн үедээ утсаараа оролдох боломж олгосон байна.

Нэг ёсондоо утасны хэрэглээнд нь хязгаарлалт тавьсангүй. Нөгөө хэсэгт нь зөвхөн шаардлагатай тохиолдолд мессэж бичих, утсаар ярихыг зөвшөөрчээ. Хоёр сарын дараа бүсгүйчүүдийн нүүр, хүзүүний арьсыг харьцуулж үзэхэд гар утаснаас салдаггүй хүүхнүүдэд хялгасан үрчлээ, булчин сулралт хэд дахин илүү байж.

Учир нь гар утсаа их ашигладаг хүмүүс байнга хагас тонгойдог учраас нүүрний булчин нь суларч унждаг гэнэ. Суларч, унжсан арьс мэдээж хэрэг амархан үрчлээтнэ. Тиймээс арьсаа гоё сайхан, залуу байлгахыг хүсвэл гар утсаа “маажихаа” багасгахыг Японы эрдэмтэд зөвлөжээ.

Сонирхолтой нь гар утасны хэтийдсэн хэрэглээ, түүнээс ялгарах долгионоос болж хөгширсөн арьсыг эргэн сэргээхэд байгалийн жамаараа үрчлээтэж буйгаас хэд дахин илүү хугацаа зарцуулдаг гэнэ.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

iOS 11 нийтэд гарна

Өнгөрсөн 7 хоногт iPhone X танилцуулах үеэр Apple энэ сарын 19-нд iOS 11 нийтэд гарна гэж зарласан. харин яг хэзээ, хэдэн цагт бол гэсэн асуултууд хэрэглэгчдээс их ирсэн тул энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Мэдээж Apple яг хэзээ гаргахаа зарлаагүй ч өмнөх үйлдлийн системүүдийн шинэчлэлээс харахад АНУ-н Баруун эргийн цагаар өглөөний 10 цагт гаргаж байсан.

Тухайлбал 2010 оноос хойших бүхий л томоохон өөрчлөлтүүд энэ цагт нийтэд татаж авахад бэлэн болсон билээ. Гэхдээ энэ цаг нь бидний байгаа газрын цагаар хэд юм бол? Доорх хүснэгтээс харахад манай Улаанбаатартай ижил цагийн бүс дэх Хонгконг, Бээжингийн цагаар Лхагва гарагийн шөнийн 01 цагт таарч байна.

iOS 11 дараах төхөөрөмжүүдийн хувьд дэмжих болно:

  • iPhone X, iPhone 8, iPhone 8 Plus, iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone SE, iPhone 5s
  • 12.9-inch iPad Pro 2nd generation, 12.9-inch iPad Pro 1st generation, 10.5-inch iPad Pro, 9.7-inch iPad Pro, iPad Air 2, iPad Air, iPad 5th generation, iPad mini 4, iPad mini 3, iPad mini 2
  • iPod Touch 6th generation

Мөн та бидний бэлтгэсэн iOS 11-н хүн бүрт таалагдах 13 функц нийтлэлийг уншин уг шинэ үйлдлийн системийн хэрэглэгчдийн хувьд хамгийн их хүлээгдэж буй цоо шинэ функцуудтай танилцаарай.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

iPhone8 худалдаанд гарна

iPhone8 зурган илэрцүүд

“Apple” компани iPhone 8 гар утас болон бусад загварын гар утсуудаа ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу энэ сарын 12-нд танилцуулахаар болжээ. Apple компани брэндүүдийг манлайлагч, шинэ үеийн iPhone гар утас үйлдвэрлэлийн шатанд бүрэн угсарч дууссан бөгөөд одоо зөвхөн танилцуулж, худалдаанд гаргах ажил л үлдсэн байна. iPhone 8 утас бүх талаараа өмнөх загвараасаа илүү болж 16 мегапиксель зураг буулгах өндөр чанартайн дээр 4k нягтаршил бүхий бичлэг хийх чадвартай аж. Мөн гүн хар, тод цагаан өнгөний хослолтой төдийгүй AMELOD хэмээх шинэ дэлгэц нь хэдэн мянган өнгө ялгахын зэрэгцээ үл зурагдах дэлгэцтэй хийгдсэн гэв.

iPhone8-ийн дэлгэцэц ямар ч товчлуургүй, хурууны хээ таних мэдрэгч нь “Home Button”-ийг орлохын зэрэгцээ хэрэглэгчийн нүдийг таньж, цоож нь тайлагдах гэнэ. Apple компани iPhone 8 утсыг дангаар нь буш iPhone 8 Plus, iPhone 8 Pro гэсэн төрлүүдээр, өнгөний зургаан сонголттой байхаар төлөвлөснөө хэрэгжүүлсэн байна. Ердөө хоёрхон хоногийн дараа худалдаанд гарах iPhone8 утас дэлхий нийтэд хүлээлт үүсгээд байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ iPhone гар утсыг ирэх сард танилцуулна

Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ ирэх есдүгээр сарын 12-ны өдөр товлосон тухай Уолл Стрийт Журнал мэдээллээ.

Одоогийн байдлаар албан ёсны урилга тарааж эхлээгүй байгаа бөгөөд есдүгээр сард Apple гурван шинэ iPhone танилцуулах байх гэсэн таамаг бий. Хамгийн гол нь арван жилийн ойдоо зориулан гаргах эрс шинэчлэгдсэн, OLED дэлгэцтэй, нүүр хэсэг нь тэр чигтээ дэлгэц болсон гар утсыг тэд танилцуулна.

Энэ загварынх нь үнийг ойролцоогоор 999 ам. доллароос эхэлнэ гэж үзэж байгаа бөгөөд iPhone 7S/7S Plus загваруудыг мөн танилцуулах юм.

Түүнчлэн шинээр танилцуулах Apple Watch өөрөө сүлжээтэй болж, бусад төхөөрөмжтэй холбогдох шаардлагагүй болж магадгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Apple-ийн гар утасны борлуулалт удааширсан шалтгааныг iPhone 7 утасны загвар онц өөрчлөгдөөгүйтэй холбоотой гэж үздэг.

Тиймээс энэ удаад эрс шинэчилсэн загвар танилцуулж, худалдаанд гаргаснаар дахин тэргүүн эгнээнд орж магадгүй аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Samsung” шинэ ухаалаг утас “Galaxy Note 8”-аа танилцуулав

Өнгөрсөн лхагва гаригт Нью-Йоркт “Samsung” корпораци шинэ “Galaxy Note 8” ухаалаг утсаа танилцуулсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Энэхүү ухаалаг гар утас нь “Galaxy S8”-тай ижил нугардаг ч илүү том буюу 6.3 инчийн “Amoled” дэлгэцтэй, хос камертай, “Snapdragon” процессор болон 6GB RAM, 64GB багтаамжтай юм байна. “Galaxy Note 8” нь “Samsung”-ийн гол нэрийн бүтээгдэхүүн “Galaxy S8”-тай харьцуулахад илүү том дэлгэц, илүү дэвшилтэт функцүүдтэйгээрээ давуу талтай аж.

“Samsung” корпорациас “Хамгийн гол нь өмнөх цэнэг хураагуурын асуудал дахин давтагдахгүй” гэж мэдэгджээ. Note загварын энэхүү цуврал бүтээгдэхүүнээ “Samsung” ирэх есдүгээр сарын 15-наас олон улсын зах зээлд гаргах юм байна. Үнийн хувьд өмнөх загвар болон “iPhone 7”-оос арай үнэтэй буюу 850 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.

Өнгөрсөн онд энэхүү гар утасны өмнөх загвар цэнэг хураагуурын асуудал дагуулсантай холбоотойгоор тус компани нэлээд эрсдэлтэй алхам хийж байна гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус компаний “Note 7″ гар утасны шинэ загвар зургаан тэрбум ам.долларын нэмэлт зардал гаргахад хүргэсэн билээ. “Samsung”-ийн “Note” загварын гар утсууд “Galaxy S”-тэй харьцуулахад эрэлт бага ч дээрх хоёр загвар “Samsung” брэндийн “Apple”-тай өрсөлдөх нэрийн гол бүтээгдэхүүн гэж хэлж болохоор байгаа аж.

Categories
булангууд мэдээ өд-бэх цаг-үе

Буурал найрагчийн бодол ухаарал

Улаанбаатараас Мөрөн хотыг чиглэсэн машин зам Эрдэнэт, Булган хотоор дайрч цааш баруун хойш Намнан, Хөвсгөлийн их уулсын зүгт алсарна. Булган аймгийн Хутаг-Өндөр сум хүртэл 20 гаруй их өртөө яваад дөрөө мултална. Замын турш уулсын сайхан хөндийд Төв, Орхон, Сэлэнгэ, Дарханы нэр алдрыг өргөдөг тариан талбай эрээлжлэж уринш хагалж, хөрс боловсруулж байгаа хүчит техник шороон манан босгож харагдана. Тариан түрүү урт бадриун агаад шувтран авч алгандаа үрчин цайруулж үзвэл нэг толгойноос 25-30 ширхэг үр тоологдож энэ жилийн ургац арвин байхыг дохиолно. Тариан талбай тэр аяараа сэвшээ хонгор салхин аясаар давалгаалан өрхөлж үелзэн сэтгэлийн гүнд нэгийг бодогдуулна. Зурваслан тариалсан тариан талбай ажнай хүлгийн шанхалж, сумалж зассан дэл мэтээ. Газартай харьцах, тариалан эрхлэх соёл сайжирч, миний газар, миний тариа будаа гэдэг ухаарлаар хандсан нь илт анзаарагдана. Булган хотоос цааш Чачиртын голын гүүрээр гарч өгссөөр Түлүүгийн даваан дээр буугаад алсын цэвэр тунгалаг агаарыг Сайхан, Баян-Агтын айрагны сэнгэнэсэн үнэртэй хамт залиглан уужирч, Булган нутгийн нэрс, хуушуур буузны амтанд түр саатан биеийн чилээ гаргана. Түлүү гэдэг нэр “түлээ” гэсэн үг болой. Эндээс “Өрөмийн цагаан нуур”-ын ар биеэр давхиж “Мэргэн” хөтлөөр өнгийгөөд алдарт “Бүрхээр тогоо” уулын хөндий уруудана. Ар хөвч бүхий хоёр их уулыг холбосон цагаан хамрыг “Мэргэн” хөтөл хэмээнэ. Энэ хөтлөөр зэрлэг ан амьтан хойд урд ар хөвч рүү дамжин гүйдэг учир анчид тэр хөтөл дээр суурилан отож чоно үнэгнээс эхлээд тураг амьтад намнадаг байжээ. Сайхан, Баян-Агтын зүгт зурайх олон салаа шороон замын хойгуур Бүрхээр, өмнө этгээдээр Тогоо уулын байгалийн үзэсгэлэнт цогцолбор зорчигчдын нүдийг соронзон мэт татна. Арга буюу очиж сонирхвол Тогоо уулын хүрмэн чулуун хүрээний төвд зургаан га орчим тэгш талбай байх агаад тэнд эртний Түрэг, Хиргисийн булш, чулуун хөшөө арсайж харагдана. Харин Бүрхээр уулын дээр гараад өнгийхөд тэртээ доор нүдэн нуур гялайж, энэ том хүрмэн чулуун уул миний доороос ориглон тогтсон /бий болсон/ юм шүү гэж хэлээд байх шиг санагдуулнам. Энэ уулын хормойд амралт жуулчны бааз байгуулагджээ. Эндээс ялимгүй уруудаад

Шандын хүүхнүүд шартай шүү

Шанд ус нь рашаантай шүү

Шарсан мах, сайхан айраг нь

Шанд, Уньтын бэрээнд шүү гэж аархдаг нутгаар дайрч төдөлгүй “Цангааны ус” гэж эрт үеэс нэршсэн эдүгээ “саахарын өвчинд” зовсон олныг илааршуулдаг рашаан сувилал хүрнэ. Энэ сувилал богино хугацаанд их өргөжиж олны хөлийн газар болж хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх гэдэг болж байна. Эндээс Түлбэрийн голын хөндий уруудаж нүд баясган явсаар өргөн Сэлэнгийн хөвөө “Баатар ван” амралт сувилал хүрч “Гучин гурт гурван хайлантай” нутгийн сонин сайхнаар сэтгэл зүрхээ амрааж саатна шүү дээ. Булган нутгийнхан хэлэх ярих үгээ “шүү дээ”-ээр төгсгөдөг нь онцгой шүү дээ. Булган нутгийн нэгэн эрхэм хүн сонинд өгсөн ярилцлагадаа “шүү дээ” гэдэг төгсгөлийг хориод удаа давтсаныг анзаарсан биз ээ. “шүү дээ” гэдэг аялга төгсгөл нь хүнд итгэл үнэмшил төрүүлэх, үг яриаг аядуу зөөлөн болгох, төлөв тайван харилцааг илэрхийлэх шиг санагддаг. “Баатар ван” амралт сувилал цаашдаа улам их өргөжих бололтой дог оо. Ер нь Түлбэрийн голын адгаар эрт үеэс тариа ногоо тариалж, хятадын худалдаа наймааны пүүс ажиллаж, хүн зон ихээхэн зорчдог суман өртөө төвлөрч байсан нутаг л даа. Энэ орчимд түүх бичвэрт олонтаа дурдагддаг Гучин гурт гурван хайлантай, Хайлантайн хүрээ /одоо бол туйр үлдэж/, Хатанбаатар Д.Магсаржавын сэлэм гялалзаж, чамин бароны толгой бөндийж байсан газар шороо /энэ тухай тусгайлан босгосон пайз-самбар байдаг/бий. Сэлэнгэ мөрнийг гаталдаг дүнз модон хийцтэй бярвааз /1942 онд баригдсан перевоз/ буйраа сэлгэж зуу гаруй метр урт цемент-бетон гүүр босжээ. Ер нь Булганаас Хутаг-Өндөр хүртэлх нэгэн зуу гаруй километр замд эртхэн үедээ жолооч зорчигчдын муу үгийг бардаг Чачиртын голын шавар намаг, Түлбэрийн хөндийн дов сондуул, хонон өнжин цовхчуулдаг шороон зам, Сэлэнгэ мөрөн зайр гүйж хадгалах, цөн түрж баримтаглах тайлах үеэр нөгөө бярвааз нь ажиллахгүй хэдэн хоногоор саатаж хугацаа алддаг байсан гачаал бэрхшээл аль хэдийнээ чөтгөртэйгээ хамт арилж л дээ. Мал сүрэг идэш нялайсан, тариа ногооны ургац сагсайн халиурсан, уул ус, нутаг бэлчээр нь тэгширсэн энэ сайхан хангайд хошуу ноён жанжин түшээ гүн Ц.Ганжууржав, Хатанбаатар ван С.Магсаржав, Сайн ноён хан Ц.Намнансүрэн, Ардын хувьсгалын партизан М.Сундуйсүрэн, Автономит Монгол улсын баатар Ж.Далай /Богд хааны 1913 оны 8-р сарын 6-ны өдрийн зарлигаар “Шаламгай баатар” цол олгожээ/, Богд хааны эх дагинын бөх, даншиг наадмын анхны арслан Раднаабазар, Ардын хувьсгалтай мөр зэрэгцэн зодоглож, 1924 онд Ардын засгийн наадамд бүх цэргийн жанжин С.Магсаржавын нэрийн өмнөөс босож барилдаад “боохой” Данзангаар зургаа давж Монгол улсын заан цол авсан. “Хулгар”, “Гонжоон”, “Тунгалаг тамир” киноны гол дүрийн нэгэн “Цахиур Төмөр” буюу Т.Сандуйжав нарын алдар цуутнууд төрж өсөөд төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ажээ. Тэр замаар МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намдавын Дагвадорж ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлст ухаан бодлоо хурцалж үзэг цаас элээсээр явна.

Тэлмэн жороо морьдын тэнхээ шалгасан газар минь

Тэнгэр заяат өвгөдийн сургаал оршоосон өлгий минь

Буцаад хүүгээ ирэхэд хур хайрласан хурмаст минь

Буянтай үйлсийн далай будаа тарианы орон минь

Чанадын сэтгэл өвөрлөсөөр чамайгаа түшиж ирлээ

Чарлан унасан бууцандаа хөрвөөж омогшиж явна би гээд л яруу найргийн шинэ бүтээлийн номоо тэрлэж суух авай. Тэрээр үе тэнгийнхнээ, эрдэмтэн багш нараа, өнгөрсөн цаг үеэ сэргээн бодох зуураа өөрийнхөө ургийн овгийг олон янзаар эргэцүүлж “харалган” гэдэг үгийг Я.Цэвэл гуайн “ногоон”-оос сөхөж үзэв. “Харалган” гэдэг үгийг хол ойрын хараа муудах гэж тайлсан учир “харлаг” гэдэг үгийг харвал “хар алаг” хэмээсэн байжихуй. Н.Дагвадорж толгой өндийлгөн миний ургийн овог бол “хар алаг” буюу үг сунжрахын эрхээр “хар лаг” болж л дээ. За одоо өнгөрч, залруулна гэвэл болохгүй биз гээд мушийж билээ. Нээрээн л тийм аж бичихэд ч хараа муудсаныг “харалган” хар алагийг “харлаг” гэвэл зохилтой. Дээр үед Төв аймгийн Гацуурт суманд эрээн цоохор адуутай Балдан гэдэг хүнийг адууны нь зүсээр “бар” Балдан гэдэг байж. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд “Хар үхэрт” овгийнхон бий. “Цэргийн хүү” кино бүтээсэн зохиолч С.Цэрэнбалжав гуай “Хар үхэрт” овгийнх шүү дээ. Манай энд Хувьт гэдэг айл алаг зүсмийн жороо удмын адуутай байж билээ. Нутгийнхан нь Хувьтын цоохор л гэнэ. Түүний хүү Х.Туваанжав нэгдэлд малаа нийгэмчлэхгүй гэж гүрийгээд 1960-аад оны үеийн сонин хэвлэлийн шүүмжлэлд ихээхэн өртөөд гучаад жилийн дараа мал хувьчлагдаж нэгдэл тарснаар түүний зөрүүд зөн үнэний ухааралд хүрч магнай тэнийлгэсэн. Энэчлэн хариулж адгуулж байгаа малынх нь зүс байдлаар овог нэр гуншин нь мөнхөрдөг байж. “Хавчир гангын” асга хадтай энгэрт хонь хариулж явахдаа өвлийн тасхийм хүйтэнд агь шавагны галын дөлөөр гараа бүлээцүүлж, Сэлэнгэ мөрний чилгэр хөх мөсөн дээгүүр шороо асгаж харуун зам гаргаад, мал сүргээ цувуулан тууж байсан тэр л агшин түүний нүдэнд харагдаж сэтгэл зүрхийг нь эзэмдэх аж. Н.Дагвадорж багадаа онигор нүдтэй, мариалаг цулцгар шар банди анги танхимийн арын ширээнд суучихаад хөвгүүд охидын үс гэзгээр оролдож, чимээ аниргүй үймүүлдэг онц сурлагатан байж л дээ. Өдгөө тэрээр цулцагар биш цэлцгэр шар царайтай цүлхэгэр биерхүү агаад бодол ухаарал хурхуулсан буурал найрагч болжээ. Бас ч түүний өмнө мэхийн намсхийж “багшаа” гэж хүндэлдэг уран үгийн увидастан, утга яруу эгшиглэнт Д.Буянтунгалаг, Н.Хишигдорж, Ц.Чинбат, Б.Цэрэнжамц гээд уран зохиолчдын сан хөмрөгт орон зай эзэлсэн нөхөд цөөнгүй. Дагва найрагч насан өндөр болж буй ч МЗЭ-ийн Булган аймаг дахь салбарыг удирдаж Булган нутгийн зохиолчдын бүтээл туурвилыг эмхэтгэн 12 дэвтэр хэвлүүлж амжжээ. Өөрөө гар хумихсангүй шамдаж “Ухаарлын чагтага”, уул усны шивнээ зэрэг ном хэвлүүлж нас болоод бүтээлээ дагаж алдар цол, шагнал сайшаал цөөдсөнгүй. МЗЭ-ийн шагнал, Хатанбаатар ван С.Магсаржавын хүндэт шагналтан хэмээгдээд зохиолч сэтгүүлчийн нэр хүндийг даруухан өргөж явна. Бодол ухаарлын ундарга болсон буурал Дагвадорж өдгөө Булган хангайн төвд суурьшин уран бүтээлээ цогцлоож зон олныхоо дунд амар амгалан аж төрж суунам. Н.Дагвадорж орой бүр бичгийн ширээний ард пөгвийн сууж үе үе тонголзон нүдээ анимар болоод гүн бодолдоо хөтлөгдөнө. Унаж шингэрээгүй буурал үс нь шанаа санчиг руугаа унжиж салхи шуурганд сагсалзах “үнэгэн залаа” өвсний толгой шиг намирна. Энэ зуур түүний халамжит хань Базарханд:

-За өвгөн минь бодолдоо хөтлөгдөөд дэлхийгээр тэнээд явчих шиг боллоо гээд чимээ аниргүйгээр нөгөө өрөөнд ороод хаалгаа сэмхэн хаана. “Буур эзнээ анддаггүй” гэгчээр бие биеэ ойлгож, хайрлан хүндэлсэн хамтарч амьдарсан он цагийн нэгээхэн өнгө төрх энэ. Онигор нүдээ огтхон ч нээлгүйгээр их л алсын бодол урт замын түмэн нугачаанд сэтгэл алдарсан бололтой:

-Тиймээ, Намнан уулын өвөр бие, цагаан голоор нутагтай Энхийн Бадарч тэр үед Гэгээрлийн яаманд ажилладаг байсан даа. Намайг УИС-г төгсөхөд сургуульдаа багшаар үлдэж ажилла гэсэн. Би гэдэг зөрүүд амьтан хөдөө явна гэж зүтгээд, тэгвэл чамайг Булганд явуулахгүй залгаа нутаг Хөвсгөл аймагт хуваарилна гээд анхны томилолт өгч билээ. Э.Бадарч дунд зэргийн нуруутай мах мариа зүс царайгаар олны хайр татсан нүдэнд дулаан хүн байсансан. Түүний дүү Э.Жарантай гэдэг жавхаалаг сайхан бүсгүй Намнан, Хутаг /Өндөр/-ийн бага сургуульд багшилдаг байлаа. Би олон багшаар эрдэм ном заалгажээ дээ. УИС-ийн манай анги даасан багш минь Цэндийн Дамдинсүрэн байлаа. Ямар их өргөн мэдлэгтэй уужуу тайван хүн байсан юм билээ. Хичээл зааж байхдаа ардын уран зохиол, үлгэр домог дээр үеийн хөлгөн судраас иш татаад сонин сайхныг ярьдагсан.1837 онд зохиогдсон “Болор толь”-д

Их хүн найр наадам ба жаргал хийгээд

Идээнд хурьцахгүй тэвчигдэхгүй /эс тэвчиж/

Дурлан шүлэнгэтсний гайгаар

Дашаграва хэмээх мангас алагдавай хэмээн шүлэглэсэн байдаг юм.

Та нар минь найр наадам архи идээг хэтрүүлбэл улс орон ч, та нарын ажил амьдрал ч тэр мангас шиг үхэл мөхлөөр дуусна шүү гэж захидагсан. Одоо бидний энэ үед найр наадам архидалт хэрээс хэтэрч байх шиг яана даа, та минь. Дамдинсүрэн багш минь босоодуухан агаад магнай тэнэгэр нүүртэй нэлээдгүй халзан ч гэлээ өтгөн хар үстэй, цайвар царайлаг хүн байлаа. Тэрээр монгол дээл өмсөх нь ховор, дандаа л европ хувцастай, зангиа зүүсэн, их цэвэрч цэмцгэр дээ. Буурал суугаагүй өтгөн хар соёо сахлаа үе үе имэрч, өргөн саруул магнайгаа илж суугаа харагдана. Тэр үед багш минь их залуу байж дээ. Харин Ри багш /Ринчин гуайг тийн хүндэлнэ/ европ хувцас өмсөх нь ховор, ямагт монгол дээлтэй байдагсан. Хааяахан хөх өнгийн монгол дээл өмсөнө. Мөнгөн голхитой хүрэн тэрмэн дээлэндээ ууртай даа. Хянгардуухан өндөр хамар, эргэлдсэн том алаг нүд, бууралтаж намирсан урт үс сахал нь тэр хүнийг улам ч цоглог сүрлэг харагдуулдагсан. Шатаар өгсөх уруудахдаа оюутан биднээс хөнгөн шалмаг гээч. Сэвшээ салхинд үс сахал нь намиж хийсээд, өөрөө намс намс алхлаад, ханцуйгаа сул тавьж гараа хаяласхийгээд явдагсан. Хичээл зааж байхдаа хошигнох, ёгтлох дуртай. Заримдаа дугуй малгай /берет/ дарж духдуулаад буриад гутал жийж гангарна. Хэл уран зохиолын Ш.Гаадамба багштан бусдаасаа хамгийн намхан, жижигхэн, хамгийн хоовон том толгойтой нь тэр. Түүний хурдан шалмаг хөдөлгөөн, сэргэлэн, гүйлгээ ухааныг ярих юм биш. “Монголын нууц товчоо” судалсан бүтээлээрээ төрийн шагнал авсан эрдэмтэн зохиолч хүн дээ. Хичээл заахын хажуугаар их сургуулийн дэргэдэх Утга зохиолын дугуйланг удирддаг байв. Энэ дугуйлангаар өнөөдрийн нэр хүндтэй академич, яруу найрагч, зохиолчдоос цөөнгүй хүн дамжсан гэхэд болно. Ш.Сүрэнжав, Д.Цэдэв, Т.Галсан, Г.Галсан Ж.Дашдондог гээд олон доо олон.

Миний Да багш, Ри багш, Га багш бүгдээрээ улс төрийн хилс хэрэгт ороогдож шорон гянданд зовж, ном бүтээлээ шатаалгуулж ажил албанаасаа халагдаж их л дарамтлуулж байсан даа. Тухайн үед тэд нар шиг бурхад, эрдэмтэн мэргэд ховор байжээ гээд уртаар санаа алдаж, нэлээд чилээрхсэн байдалтай толгой өндийлгөв. Эхнэр Б.Базарханд нь ааг үнэртэж, шар тос халигсан цай, гоньд ханхалсан аяга шөл барьсаар орж ирээд:

-Өвгөн минь! Одоо жаахан амар, ядарчихлаа хэмээн хошуу дэвсэнэ. Найрагч маань Дархадын цэнхэр уулсын орон-хоймор нутгаас өвөртөө багтааж ирсэн ханийнхаа үгэнд оромтгой. Б.Базарханд УИС-ийг орос хэлний мэргэжлээр төгссөн, дөч гаруй жил багшилж байгаа боловсролтой нэгэн. Дагва найрагч “Нүд” хэмээх шүлэгтээ:

Говьд ч хангайд ч байдаг л нүд

Гоёхон нүд, гойд нүд

Голд орсон нүд, гал асаасан нүд

Гайхам нүд, галзуу нүд

Гэр бариулсан нүд, гэгээ оруулсан нүд

Гэзэг дэрлүүлсэн нүд

Үүд нээсэн үүд, үр төрүүлсэн нүд

Үзэг бариулсан нүд, үнэнийг мэдрүүлсэн нүд

Үхэл холдуулсан нүд, ураг барилдуулсан нүд

Ай даа, мөн ч ачтай нүд, ертөнцийг таниулсан нүд

Ерөөл өрнүүлсэн нүд

Энэ нүд энхрийхэн нүд

Эхнэрийн минь нүд

Эх орны минь нүд гэж уянгалж ханийнхаа хайр энэрлийг гижигдсэн бол өрх гэрийн тухай өөр нэг шүлэгт:

…Хайрын бурхан ивээж

Ханийн заяанд учруулбу

Ханьсахын совин даллаж

Үрийн зулай үнэрлүүлбу

Цэлмэг санаа өвөрлүүлж

Хатгал тосгонд очуулбу

Цэнхэрхэн усыг нь ууж

Насны ханиа олбу… хэмээсэн буй.

Гуртын хөтөл дээр биеийн чилээ гаргаж алсын цэвэр тунгалаг агаар амьсгалан зогсоход яруу найрагчийн төрж өссөн нутаг Хужирт булангийн цагаан тохой, Сондуулт, Хутаг- Өндөр хайрханы баруун биеийн Хавчир ганга, Тээлийн хөндий, тэртээ цаана нь хан Намнан хайрхан цэнхэр униарын дунд хөвөрч хөндөлсөн харагдана. Хэн боловч тэр хайрханы зүг мэлмийгээ чилээн:

-Ээ, Лхам Намнан уул мину хэмээн мэхийнэ.

Н.Дагвадоржийн хүй дарсан чулуу Сэлэнгэ мөрний урьд хаялга Хужирт буланд бий. Тэрээр бага, дунд, их сургуулийн болоод ажил албанд зүтгэсэн баяр хөөртэй, бараантай цоогтой он жилүүдэд үеийн харчуудтай барилдан ноцолдож, охид бүсгүйчүүдийг сандаргаж шаналгаж сүүн завод, тариан талбай, малын бэлчээрт элээсэн дээл гутал мөн ч олон доо. Энэ сайхан нутаг усаа насны өндрөөс хараад мэлмэрч:

Буцалсан амьдрал, бужигнасан олны дунд байх дуртай

Булган хангайн будаа тариатай нүтгийн хүү би

Хувь заяаны төөргөөр, хурмаст тэнгэрийн зараалаар

Хутагт-Өндрийн Хужирт буланд төрсөн иргэн би

Цагийн саалтанд саатаагүй цадиг түүхийн гэрч

Цагаан сүүгээр ундаалсан цайлган сэтгэлт үр ач

Хаан Чингэсээрээ омогшдог хамуг Монголын угсаа

Хатан Сэлэнгээр бахархдаг харлаг овогтны гал голомт хэмээн уянгын халилтай шүлэг найргаа чээжний гүнээс цалиглуулан уншигч олноо баясгана. Булган нутгийн шүлэг найрагч яруухан агаад даруухнаар сэвшээлнэм.

А.Далхжав.

Гучин гурт-2016

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Tesla компани “MODEL 3”-ийн үйлдвэрлэлээ тун удахгүй эхэлнэ

Image result for Tesla компани "MODEL 3"

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” комапни “Model 3” загварын автомашины үйлдвэрлэлээ энэ баасан гарагаас эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Зорилтот хугацаанаас хоёр долоо хоногийн өмнө үйлдвэрлэлийн бүх шаардлагыг хангасан гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск twitter хуудастаа жиргэжээ. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц автомашин үйлдвэрлэх “Tesla”-ийн 15 жилийн хөдөлмөрийн үр дүн гэгдэж байгаа “Model 3” загварын үнэ 35 мянган ам.доллараас эхлэх юм. “Tesla”-ийн хувьд 12 дугаар сар гэхэд “Model 3” загварын автомашины үйлдвэрлэлээ 20 мянгад хүргэх зорилт тавиад байгаа юм. Энэхүү шинэ загварын хүлээлттэй холбоотойгоор Калифорнид байрлах тус компанийн хувьцааны ханш энэ онд 65 хувиар өсөөд байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Samsung “Galaxy Note 7” –г дахин зах зээд нийлүүлнэ

Энэ баасан гаригт БНСУ-ын зах зээлд “Samsung Electronics” компани “Galaxy Note 7”-г “Note Fe” гэсэн шинэ нэртэйгээр танилцуулах юм. Батерейн асуудлаас болж зах зээлээс эргүүлэн татсан “Galaxy Note 7”-г энэ долоо хоногоос эхлэн худалдаанд гаргаж эхлэх бөгөөд үндсэн үнийнхээ дөрөвний гуравтай тэнцэх үнээр худалдаалагдах аж. “Galaxy Note 7” нь “Samsung Electronics” компанийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан бүтээгдэхүүнүүдийн тоонд багтаж байгаа юм. Харин энэ удаад тус компанийн зүгээс “Galaxy Note 7” гар утсыг 100 хувь аюулгүй хэмээн баталгаажуулж байна.

Б.ОДГЭРЭЛ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Элон Маскийн цахилгаан машинууд дэлхийн бизнесийг өөрчилж байна

Түрүү жилийн өдийд “Тесла моторс” компани автомашины салбарт хувьсал хийх цоо шинэ загварын машинаа танилцуулж байв. “Тесла моторс” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск дундаж орлоготнуудад зориулсан “MODEL-3” загварын цахилгаан машинаа танилцуулсан юм. “Тесла”-гийн цахилгаан машинууд хэрэглээнд ороод эхэлсэн тухай мэдээллүүд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрч буй энэ үед Фэйсбүүкийн нэгэн постыг онцолъё.

Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн ерөнхийлөгч М.Дагва нүүр хуудсандаа “Гурав байна уу дөрвөн жилийн өмнө Бээжинд нэг хуралд оролцох үеэр “Тесла” компанийн захирлын илтгэлийг сонсож, үзэсгэлэнгийн танхимд тавьсан Тесла машинд сууж үзэн, энэ компанийг биширч байж билээ. Цахилгаан машины батарей солих хугацааг ердийн машины банк дүүргэх хугацаанаас богино байлгахын тулд 3D програм ашиглан дизайныг нь гаргасан тухай, Невадагийн цөлд байгуулсан нарны станцад түшиглэн хойд америкийг хэрсэн цэнэглэх станцууд байгуулж, цахилгаан машин авсан хүмүүс уг станцуудаас машинаа үнэгүй цэнэглэх боломж олгож байгаа тухай мэдээллүүд тухайн үед тархинд их л цочир сонин бууж байсан. Саяхан Шанхайд буусан буудлын гадна Теслагийн сүперчарж станцуудад машинууд залгаатай байгааг, Тесла аль хэдийн урд хөршид ороод ирсэн байгааг нүдээр харлаа.Ашлее Вэнс гэгч хүний бичсэн Элон Маскийн тухай бэстсэллэр номыг ойрд ажлын заваар барьж тавих байдлаар уншаад байгаа юм. Бизнес уруу орсоноос хойш асуудлыг бизнес модель талаас нь харахыг оролддог болж. 90-ээд оны дот.ком-ын халуурлын үеэр энэ чиглэлийн хоёр ч бизнесийг бий болгон амжилттай зарж хөрөнгөжсөн залуу SpaceX, Tesla, Solar City гэсэн төслүүд уруу өөрийн мөнгийг оруулж, тухайн салбар бүрт уламжлалт бизнесийн схем, тогтолцоог эвдэж. SpaceX-ийн хувьд Америкийн батлан хамгаалах – аж үйлдвэрийн мангасууд болох Локхийд Мартин, Бойнг зэрэг аваргуудтай тулахын зэрэгцээ Орос, Хятад улсуудын эрх ашигтай ч харгалдаж. Сансарын бизнес маш их улс төржсөн, зах зээлийн хамгаалалттай, капиталист нийгэмд ийм салбар байдаг гэдэгт итгэмгүй бизнес бөгөөд энэ тал дээр Элон Маскийн туулж буй сорилтын дэргэд iPod, iTunes-ээ зах зээлд гаргах үедээ дуу бичлэгийн салбартай Стийв Жобсын хийсэн тулаан бол хүүхдийн тоглоом гээд хэлчихэд буруудахгүй юм гэнэ. “Гэр бүлийнхэнд минь намайг оросуудад нухуулчих вий гэх айдас байдаг” гэж Маск өөрөө хэлж. Тесла Моторс компани бол бүр машин үйлдвэрлэх, зарах тогтолцоог тэр чигээр нь өөрчилсөн, машинаа “бензин колонк”-той нь хамтаар нь зарж байгаа бизнес модель юм байна. Машинаа вэб хуудсаараа дамжуулаад зарчих тул бүхэл бүтэн машины дилерүүдийн тогтолцоог үгүйсгэж байгаа, цахилгаан машинд тос солих шаардлага байхгүй тул сервис үйлчилгээ хийдэг бизнесийг ч мөн үгүй хийж байгаа юм байна” хэмээн онцолжээ.

Тесла компани шинэ загварын MODEL-3 цахилгаан машинаа танилцуулах үеэрээ мастер төлөвлөгөөнийхөө талаар сонирхуулж байсан юм. “Тесла”-гийн мастер төлөвлөгөө дөрвөн үе шатнаас бүрдэж буй. Эхний буюу хөгжүүлэлтийн үедээ маш өндөр үнэтэй цөөн тооны машин үйлдвэрлэх бол хоёр дахь үедээ MODEL S ба седан загварын өндөр үнэтэй машиныг дундаж хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байжээ. Харин гурав дахь үедээ SUV төрлийн MODEL –X загварыг үйлдвэрлэх зураг гаргаад ажилласан байна. “Тесла”-гийн төлөвлөгөөний дөрөв дэх шат нь өнгөрсөн жил танилцуулсан MODEL-3 цахилгаан машин юм.

“Тесла” компани БНХАУ-д автомашины үйлдвэрлэлээ эхлүүлэхээр Шанхай хоттой хамтран ажиллаж байгаагаа баталгаажуулаад удаагүй байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск энэ оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө илүү тодорхой боловсруулна хэмээн онцолжээ. БНХАУ-д үйлдвэрлэлээ эхлүүлэх хэлэлцээрт хүрснээр “Тесла” орон нутгийн бусад автомашин үйлдвэрлэгчидтэй илүү хүчтэй өрсөлдөөн үзүүлэх аж. Энэ хамтын ажиллагаа эхэлбэл автомашины импортын тариф нь 25 хувиар буурч, “Model S” седан болон “Model X” спорт загварын автомашины үнэ АНУ-ынхаас хямд байж, илүү өндөр ашиг олох боломжтой юм байна. “Тесла ийнхүү бусад улсад үйлдвэрлэлээ эхлүүлэх нь дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээлд байр сууриа нэмэгдүүлэхэд шаардлагатай алхам” гэж “Fiat Chrysler”-ийн БНХАУ дахь салбар нэгжийн захирал асан Билл Руссо мэдэгджээ.

Ц.СҮРЭН

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Самсунг хамгийн өргөн дэлгэцийг танилцууллаа

Баасан гарагт Самсунг компани CHG90 нэртэй компьютерийн шинэ дэлгэц танилцуулсан нь дэлхийн хамгийн өргөн дэлгэцэнд тооцогдож байна.

Түүнийг “super ultra wide” гэсэн шинэ ангилалд орох анхны дэлгэц гэж үзэж байгаа юм. Дэлгэцний хэмжээс нь 32:9. Харьцуулбал ultrawide ангиллын дэлгэцүүд 21:9 харьцаатай байдаг бол энгийн дэлгэцүүд 16:9 гэсэн хэмжээстэй байдаг.

Шинэ дэлгэц нь компьютерийн тоглоомчдын мөрөөдлийн дэлгэц болж байна. Түргэн хариу үзүүлэх чадвар (quick response), AMD-ийн FreeSync 2 технологитай зэрэг нь CHG90-ийг тоглоомчдын зах зээлд зориулсан гэдгийг харуулж байгаа юм.

49 инчийн супер өргөн дэлгэцэн дээр Эксел яаж харагдахыг дараах зурагнаас харж болно.

Мөн дэлгэцийг бүхэлд нь тоглоом тоглоход ашиглаж болохоос гадна хоёр хуваан өөр өөр ажилд зориулж болох юм. $1,500-ын үнэтэй CHG90 дэлгэцийг өнөөдрөөс Амазон онлайн дэлгүүрээс захиалж болох юм байна.