Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Теслагийн машинууд өөрийгөө жолооддог болно

Тесла компани өнгөрсөн долоо хоногт 2017 оны дөрөвдүгээр улирлын орлогын тайлангаа дэлгэжээ. Компани 3,3 тэрбум ам долларын орлоготой, 675 сая ам долларын алдагдалтай ажилласан байна.

Гэсэн ч Тесла судалгаа, хөгжүүлэлтээ зогсоолгүй компаний гүйцэтгэх захирал Элон Маск “3-6 сарын дараа Теслагийн машинууд Америкийн нэг эргээс нөгөө эрэг хүртэл өөрийгөө жолооддог болно” гэжээ.

Анх 2016 оны аравдугаар сард Маск ингэж амлаж байжээ. Гэвч Теслагийн машинуудад өөрийгөө жолоодох системийг хөгжүүлж байсан Mobileye компанитай хамтын ажиллагаагаа зогсоосноор дахин бүхнийг өөрсдөө хийж эхэлсэн юм.

Харин одоо компани итгэлтэйгээр хугацаа хэлж байгаа төдийгүй хэрэглэгчдэд санал болгож эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Categories
булангууд мэдээ өд-бэх

О.Цэнд-Аюуш: Би долоодугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуштай хөөрөлдлөө.


-Цаст Отгонтэнгэр хайрхан, Завхан нутгаас үе үеийн сод сайхан найрагчид мэндлэх юм. Өөрөө ингэхэд яг аль сумынх билээ?

-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн хүн. Хөгшин ээж, аавынхаа гар дээр өссөн. Манай хөгшин аав Арьяа гэж нутаг хошуундаа нэртэй уяач хүн байлаа. Ус ганзагалсаар байгаад хоёр бөөр нь цоорч, цагаан үс ургаж олойртсон морийг хүртэл уяад наадмын түрүү авч байсан мундаг хүн байсан. Хөгшин ээж минь Жаргал гэж буурай ная гарчихсан нутагтаа сууж байна. Сүүлийн үед манай нутгийг хүмүүс Улаагчны хар нуур, Бор хярын элсэн манхан, Мухартын голоор нь сайн мэддэг болсон.

-Бага насандаа хаана дэрвэж өсөв?

-Ээж минь намайг нэг ойтой байхад хөдөө орхиод сургуульд явсан. Би тэрнээс хойш нутагтаа л өсч, өндийсөн дөө. Арван хоёр нас хүртэл нагац ах нар минь намайг ёстой л ардаа үүрч, урдаа дүүрч байснаа түүнээс хойш эмнэг дааганд мордуулаад тавьчихдаг болсон. (Инээв.сур) Эхлээд айна, уйлна, амаа мэдэхгүй дааганыхаа эрхэнд орно, унана. Дараа нь хашрааж сурсан. Манайх өвөлдөө нам дор, зундаа уулын хяраар нутаглана. Хярыг Нахиу ч гэж нэрлэнэ. Гоё нэрүүд шүү. Хяр, Нахиу гэж. Өглөөний сэнгэнэсэн агаарыг цээж дүүрэн амьсгалаад тэртээ баруун хойгуур цэлийх Их Монгол элсний тэндээс борооны хөх үүл газар тэнгэртэй нийлэн айсуйг ажиглаад, гүү морь унаад явж байх хичнээн сайхан гээ. Гүү морь гэснээс зуны цагт хур хүчтэй, хурдан түргэн морь унана гэж байхгүй. Нэг бол хусран гүү, нэг бол амаа мэдэхгүй даага, шүдлэнтэй шогшино. Бодоод байх нь ээ энэ том хүмүүжил байжээ.

-Хөдөөгийн хүүхэд хэдийнээс шүлэг найрагт шимтэв дээ?

-Ах нараас хожим оо. Номын ах нар минь эрт бичиж, эрт уншиж эхэлсэн байдаг юм билээ. Долоодугаар ангид байхдаа л оролдож эхэлсэн. Манай монгол хэл, уран зохиолын багш Балт гэж сайхан хүн байлаа. Тэр сайхан хүнд би үүрд талархаж явах ёстой. Надад ийм сайхан замыг нээж өгч, уран зохиол руу гараас минь хөтлөөд явсан. Багш минь бас надад түшиг тулгуур болж явсан буянтай хүн байсан. Одоо тэнгэрт морилсон. Гэвч эргээд ирсэн байх гэж би боддог.

-Өөрөө ингэхэд Р.Чойномын, Б.Явуухулангийн, Д.Пүрэвдоржийн гээд томоохон наадмуудад одтой уншиж түрүүлж байна. Ер нь хэдэн наадмын түрүүг авчихав аа?

-Наадамд яахав ээ. Хүмүүс янз янзаар л ярьдаг. Яагаад байж болохгүй юм бэ. Яагаад уралдаж болохгүй юм бэ. Наадамд уралдсанаараа хэн ч биш болчихно гэж ярих л юм билээ. Наадамд уралдаад хэн ч биш болсон хүн би мэдэхгүй. Ер нь хэн ч биш болно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Тийм үү. Тэдэн наадамд тэгж уралдсан гэж яриад яах вэ. Тоогүй сонсогдоно шүү дээ.

-“Болор цом” яруу найргийн наадамд миний мэдэхээр арваад удаа шагналт байрт орчихов уу. Лав л нэгэнтээ “Хасар, Басар хоёр үзүүр түрүүнд үлдэв” гэж бичиж байсан санагдах юм?

-Сэтгүүлч Гангаа ах тэгж бичиж байсан. “Болор цом” сайхан наадам. Д.Нямсүрэн, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, Д.Урианхай нарын аваргуудын, их найрагчдын тоосоо өргөж явсан торгон дэвжээ шүү дээ. Энэ торгон дэвжээн дээр уралдаж байгаадаа баяртай байдаг шүү.

-Аль сургуулийг хэдэн онд төгсөв?

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуш захирлын Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Манай сургуулийг хүмүүс мэднэ. Сайхан яруу найрагчид, сайн сэтгүүлчид төрөн гарсан оюуны өргөө. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа багш минь биднийг тэр сайхан сургуульд тосч авсан. Ш.Дулмаа багш гайхамшигтай их хүмүүн.

-Айлын хэд дэх хүү вэ дээ?

-Айлын том нь доо. Дороо ганц эмэгтэй дүүтэй.

-Саяхан болсон төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, Зундуйн Дорж нарын нэрэмжит арван сая төгрөгийн бооцоотой наадамд түрүүллээ. Сэтгэгдлээ хуваалцаач!

-Сайхан наадам болсон. Хөөрч дэврээгүй ээ. Би түрүүлсэн нь чухал биш. Харин уран зохиолыг үнэлэх үнэлэмж сэргэж байгаад их баяртай байна. Энэ наадам дараа дараагийн жилүүдэд улам илүү өргөн цар хүрээнд, өндөр шагналын сантай зохион байгуулагдана гэсэн сураг дуулдана лээ. Энэ жил төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж хэмээх хоёр их найрагчийн нэрэмжит болсон бол ирэх жил Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Д.Нямсүрэн нарын нэрэмжит болж зохиогдох юм билээ. Сайхан үйлс бүтээж яваа “Сод Монгол” группийнханд болон хамтран зохион байгуулагчдад нь баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсэе.

-Өөрөө одоо хаана ажиллаж байна даа?

-Монголын радиогийн “Шинэ эрин” радио станц буюу нийгмийн нэвтрүүлгийн албанд ажиллаж байна. Манайхыг “Бага зохиолчдын хороо” гэж ч ярьдаг. Үнэхээр тийм. Манай албанаас соёлын гавьяат зүтгэлтэн, “Радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан, нэрт сэтгүүлч, яруу найрагч Базарын Цэдэндамба, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайхан, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр гээд олон сайн зохиолчид, яруу найрагчид төрөн гарсан түүхтэй.

-Яруу найргаас өөр төрлөөр бүтээл туурвил хийж байна уу?

-Уншиж л байна. Янз бүрийн оролдлого хийж үзэж байна. Гэхдээ амар, хялбар юм гэж хаа байх вэ. Богино өгүүллэг гэж маш гоё төрөл байна. Хүний хорхой хүргэсэн төрөл. Даанч түүнийг бичнэ гэдэг хэрийн аавын хүүгийн хийж чаддаг ажил биш бололтой юм. Тууж гэж бас гоё төрөл байна. Бас л бяр шаардах ажил. Роман, жүжигтэй юу ярих вэ. Гэхдээ өөрийгөө голохгүй шүү.

-Нийгэм цаг үеийн байдал ямар байна вэ. Хүндэлдэг улс төрч бий юу?

-Ойлгомжтой байна. Болж байна, бүтэж байна гэж би худлаа ярихгүй. Тэгж хүний дургүй хүргэхгүй. Ер минийхээр бол шударга байдал их чухал юм уу даа. Манай улс жар гаруй сая малтай, нэг сая 500 км квадрат газар нутагтай. Хөрсөн дороо асар их баялагтай, түүнээс ч илүү баялаг монгол хүний сэтгэл дотор байна. Тэгсэн атлаа дөнгөж гурван сая гаруйхан хүн амтай. Ингээд бодохоор л нэг хачин байгаад байгаа юм даа. Яавч ядуу дорой байх боломжгүй. Онгирч, дэвэрч, сагсуурч явахаас илүүтэй гудамжинд өмнөө хайрцаг тавьчихаад дуулж суугаа хүүхэд, насны асарт гарчихсан эмээ, өвөө нар жин дээр минь хэн зогсох бол гэж нүдээрээ горьдож, харуулдаад гудамжны хүйтэн чулуун шалан дээр сууж байхыг үзээд сэтгэл өвддөг. Ийм байхад болж байна, бүтэж байна гэж ярих утгагүй ш дээ. Би болж байвал болоо гэсэн муухай үзэлтэй байж яаж болно. Монгол хүн байна даа энэ чинь гэж нэг гоё байна. Энэ үгийг би ойлгохдоо монгол хүн хамгийн сайхан сэтгэлтэй гэсэн утгатай байх гэж боддог. Хүндэлж явдаг улс төрчийн хувьд харамсалтай нь байхгүй. Хүндлэл хүлээх хэмжээнд байгаа эх оронч байна уу, гэвэл хэцүү байх. Хэн нэгэн эрх мэдэлтэн надад тэгээд хэлчихвэл тэгж тусалж мэднэ, ингэж магадгүй гэсэн бодол ч алга. Хааяа номын хуудаснаас аугаа их Агданбуугийн Амар, Балингийн Цэрэндорж, Манлай баатар Дамдинсүрэн, Харчин гүн Бавуужав, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын их хүмүүсийн тухай олж уншаад тэднийг өөрийн эрхгүй хүндэтгэж хайрлах сэтгэл төрдөг шүү. Харин хожим энэ үеийг удирдаж байгаа хүмүүсээс сая дурьдсан халуун эх орончид шиг хойч ирээдүйдээ дуурсагдах хүмүүс хэд байх юм бол доо, мэдэхгүй. Хэтэрхий том юм ярьж байж мэднэ. Гэхдээ би энэ улсын иргэний хувьд л бодсоноо хэлчихлээ. Энэ бол жирийн л иргэн хүний бодол шүү дээ.

-Жаахан хүндхэн сэдвээр ярьчихлаа. Ярилцлагаа сайн, сайхнаар төгсгөвөл ямар вэ?

-Тэгэлгүй яахав. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ойртож байна. Монгол түмнийг минь нохой жил ивээж, өгөөж хишиг буянаа өгөх болтугай. Хилийн цаана хувь заяаны эрхээр үлдсэн Өмнөдмонгол, Халимаг, Шинжааны Ойрад, Буриад, Дээд Монголчууд маань ч гэсэн сайн, сайхан байгаасай билээ.

НУТАГ

Манай нутгийн шувууд

Манан зүсээд нисэлдэж байна

Жаахан жаахан үрсийнх нь далавч

Жагарын орноо орхиод

Хорвоо шиг хоосон манантай

Холилдоод нисч байна

Зунжин тэднийг бөөцийлсөн өндөгний

Зулай шиг эмзэг хальс

Эндэж хагалсан дун шиг

Эвлүүлж болохгүй үзэгдэж байна

Аварга том бүргэдүүд дотроос нь

Амилж ниссэн тэр жижигхэн дэлхийнүүдийг

Амьсгал шиг зөөлөн салхи

Амьдралын альхан зүгт хийсгэх юм бол доо

Хөөрхий

Манай нутгийн буга, согоо

Манан зүсээд зогсож байна

Үрт амьтдын янзага нь

Үнэг чоныг мэдэхгүй

Орчлон шиг оргүй манан дотор

Оч шиг дулаахан унтаж байна

Хавар зуны зургаан сард

Хаданд үрж хурцалсан

Зун намрын зургаан сард

Зулзага янзагаа өмгөөлсөн

Сэргэр тэр сайхан амьтны эвэр

Сэтгэл эвдэртэл сэм унахад

Халиун магнайгаараа манай нутгийн буганууд

Харанхуйтай яаж мөргөлдөх юм бол доо хөөрхий

Манай нутгийн азарга, морьд

Манан дотор янцгаалдаж байна

Цагаан сүүндээ цадсан унаганууд нь

Цагийн хатууг санахгүй

Сүүлээ өргөлдөөд

Сүүдрээсээ үргэлдээд байна

Нүгэлтэй ноцолдсон олон сорвитой

Нүд рүүгээ унжсан хур дэлтэй

Манай нутгийн азарга, морьд

Чимээгүйн дундаас айдас хүйдсийг

Чихээрээ яаж олоод

Олон эмтэлсэн туурайгаараа

Онож тангарах юм бол доо хөөрхий

Манай нутгийн хөх чононууд

Манан дотор улилдаж байна

Цасан дээр мөр үлддэгийг мэдэхгүй

Цагаахан бэлтрэгнүүд нь

Уулын агуйд хэвтэх эхийнхээ

Улаан сарьсан хөхийг дэрлээд унтаж байна

Анхны цасны араас

Авын бүрээ татаж

Гөрөөчид суран ташуураараа

Гөлөмдсөөр хүрч ирэхэд

Зэвтэй сумтай зэрэгцсэн

Манай нутгийн чононууд

Зээртэй хөндийн дундуур зугтахдаа

Сөрөвгөр бэлтрэгээ зуусаар

Сөхөрч унавал яана даа хөөрхий

Манай нутгийн өвгөд, эмгэд

Манан дотор аж төрж байна

Үрийнхээ үрийг үүрсэн эмгэн

Үндсэн дээгүүр алхаж

Хүүгийнхээ хүүг дүүрсэн өвгөн

Хүн чанарыг өвөртөлж

Бурханд хоёулаа мөргөсөөр

Бууралтаж байна

Өнө хожмоо

Өвөөгөө санасан хүү яаж өнчирч

Эмээгээ санасан охин

Яаж эмтэрнэ дээ хөөрхий

Манай нутаг хөөрхий

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нисгэгчгүй зорчигч тээврийн нисэх онгоцны туршилтыг анх удаа амжилттай туршжээ

Зураг

Хятадын Гуандун мужид “EHang 184” нисгэгчгүй зорчигч тээврийн нисэх онгоцны туршилтыг анх удаа амжилттай хийсэн тухай Хятадын төв телевиз мэдээлэв.

Уг нисэх онгоцонд суусан зорчигч нисэх онгоцыг жолоодох шаардлагагүй бөгөөд суудал дээрээ суугаад, бүсээ бүслэх л шаардлагатай гэнэ.

“Өдөр тутмын амьдралд ийм төрлийн нисэх онгоцуудыг мөд ашиглаж эхлэх болоогүй учир одоогоор бүрэн бие даан нислэг үйлдэх боломжгүй байна. Энэхүү нислэг нь урьд өмнө нь зөвхөн зөгнөлт кинон дээрээс л хардаг байсан өндөр барилгуудын хооронд нисэх боломжийг энгийн хүмүүст нэг алхмаар ойртуулж байгаа юм” хэмээн Хятадын “EHang” компанийн хөгжүүлэгч Хуа Хуажи мэдэгджээ.

Тус онгоц нь цахилгаан зайгаар ажилладаг бөгөөд нэг удаадаа нэг хүн л тээвэрлэх боломжтой бөгөөд зорчигчийн жин нь 100 кг-аас хэтрэхгүй байх ёстой аж. Мөн дахин цэнэглэхгүйгээр 25 минутын турш 500 хүртэлх метрийн өндөрт 100 км цагийн дээд хурдтайгаар нисэх боломжтой гэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхийн хамгийн хүчирхэг “Falcon Heavy” пуужин амжилттай хөөрлөө

falcon heavy зурган илэрцүүд

Өнгөрсөн шөнө Falcon Heavy нэртэй, 70 метр урттай, гурван хурдасгууртай пуужин NASA-гийн Флорида дахь Кеннедийн нэрэмжит Сансар Судлалын төвөөс хөөрлөө. Зохион бүтээгчид нь “Falcon Heavy”-ийн талаар “Одоог хүртэл хөөрсөн бүх пуужингуудаас хамгийн том, хүчирхэг нь” хэмээн хэлсэн юм. Түүний зорчигч нь SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн 2008 оны Tesla Roadster автомашин, түүний жолооны ард суулгасан “Starman” хэмээх нэртэй хиймэл хүн ажээ.

Хүчтэй салхины улмаас хоёр удаа хойшилсны эцэст Улаанбаатарын цагаар үүрийн 04:45 цагт пуужинг хөөргөсөн байна. Маскийн автомашин агаар мандлаас гарах үедээ Дэвид Боуигийн “Space Oddity” дууг хөгжим дээрээ тоглуулж байгаа гэнэ.

Анх энэ төлөвлөгөөг 2011 онд зарлаж байхдаа Маск “Энэ бол дэлхийн хамгийн том пуужин болох юм” хэмээн хэвлэлд ярьж байв. Пуужинг агаар мандлаас гаргасны дараа түүний хоёр хажуугийн хурдасгуур нь салж, буцан эх дэлхийд газардах ёстой.

Энэ ажиллагаа амжилттай болж, хоёр хурдасгуур Канавералын хошууны агаарын бааз дахь хоёр тавцан дээр эсэн мэнд газарджээ. Харин пуужингийн голд бэхлэгдсэн гурав дахь хурдасгуур тэдгээрийн дараа эх биенээс салж, Атлантын далайд хөвж байгаа тавцан дээр газардах байсан ч эргэж ирээгүй байна.

Ингэснээр SpaceX компани нийтдээ 23 хурдасгуурыг амжилттай газардуулж, сансарт пуужин хөөргөх зардлыг бууруулж байгаа юм. Одоо Falcon Heavy пуужин нь Тесла автомашиныг Дэлхий-Ангарагийг тойрсон зууван хэлбэртэй тойрог замд хүргэнэ. “Бидний тооцооллоор энэ тойрог замд машин маань хэдэн зуун сая жил, магадгүй тэрбум жил аялсаар байх болно” хэмээн Маск тайлбарлажээ.

Илон Маск өчигдөр энэхүү аялалын төлөвлөгөөг харуулсан зураглалыг твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

Пуужин хөөрөх явцыг шууд дамжуулсан бичлэг:

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Falcon heavy” пуужинг автомашин зөөвөрлүүлж туршина

Америкийн Флорида мужид “Falcon heavy” пуужингийн туршилтын нислэг болох гэж байна. Тус пуужинг сансрын тээврийн үйлчилгээний SpaceX компани үйлдвэрлэсэн аж. Өмнө нь тэд Falcon-9 пуужингаа амжилттай газардуулах туршилтыг хийж байсан билээ.

Монголын цагаар маргааш 2 цаг 30 минутаас 4 цаг 30 минутын хооронд тус шинэ загварын пуужин хөөрөх юм. Энэхүү пуужин Ангараг гараг руу хүн болон ачаа тээвэрлэхэд ашиглахаар төлөвлөгдөж байгаа юм. SpaceX-ийн ерөнхий дизайнэр Элон Маск туршилтын нислэгийн үеэр өөрийн Тэсла Roadster загварын машинаа ачаа болгон хөөргөх аж.

Зохион бүтээгчид“Falcon heavy дэлхийн хамгийн хүчирхэг пуужин байх болно” гэж байна. Учир нь тус пуужин засгийн газар болонхувийн компаниудын нисгэдэг хиймэл дагуултай адил хэмжээний хүнд даацийн ачааг зөөвөрлөх зориулттай юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Д.Эрдэнэбаатар: Монгол улс зайнаас удирдах зориулалттай хиймэл дагуулын системтэй болно

Өнөөдөр МУИС-ийн номын санд “Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэг нь жижиг оврын хиймэл дагуул хөөргөх түүнээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг тодорхойлох зорилготой юм. Тус хэлэлцүүлэгт Японы Хоккайдо, Тохокү их сургуулийн профессорууд болон МУИС-ын доктор профессорууд ирж илтгэл тавьлаа. Мөн Онцгой Байдлын Ерөнхий Газар, ЦУОШГ, ШУА, УУХҮЯ-ны төлөөлөгчид оролцов.

Хоккайдо, Тохокү их сургуулиуд өнгөрсөн жил МУИС-ийн эрдэмтэн докторуудын хөөргөсөн “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд хамтарсан юм. Мөн тэд шинээр хөөргөхөөр төлөвлөгдөж буй жижиг оврын хиймэл дагуулыг бүтээхэд хамтрах аж. Жижиг оврын хиймэл дагуул нь агаарын болон бэлчээрийн нөхцөл байдлыг тодорхойлох, мэдээлэл дамжуулах хүчин чадалтай байна гэж МУИС-ын доктор Д.Эрдэнэбаатар хэлэв.

Мөн тэрээр “Одоогийн хиймэл дагуулын салбар дахь технологийг тухайн улс өөрсдийнхөө хэрэглээнд зориулж хийсэн байдаг. Тийм учраас бидний онцлогт таарсан мал аж ахуй газар тариалангийн асуудлыг шийдвэрлэх зориулалттай хиймэл дагуулыг бид өөрсдөө бүтээнэ” гэлээ.

Шинээр хөөрөх хиймэл дагуулын талаар мэргэжилтнүүд “Энэхүү хиймэл дагуул нь ХАА, газар тариалангийн салбарт ургамлын гарц болон болц, өвчлөл зэргийг бүрэн тодорхойлох боломжтой. Мөн бэлчээрийн даац хадлан тариалангийн гарцыг хянаж тодорхойлно. Газрын гадаргаас авсан өндөр нарийвчлалтай зургаар байгалийн нөөцийг тодорхойлох боломжтой нь Уул уурхайн салбарт хэрэгцээтэй юм. Мөн 3D хэмжээтэй газрын гадаргын зургийг гаргаад түүнийгээ олон салбаруудад ашиглана. Жишээ нь барилга хот байгуулалт гэх мэт” гэв.

МУИС-ын доктор Д.Эрдэнэбаатар “Бид 2040 он хүртэл төлөвлөгөө гаргасан. 10 жилийн нарийвчлалтай. Эхний арван жилийн зорилго бол жижиг оврын зайнаас удирдах зориулалттай хиймэл дагуулийн системтэй болох. Энэхүү ажилд МУИС чухал үүрэгтэй. Бид чадварлаг боловсон хүчин бэлтгэх болон шинэ технологийг нэвтрүүлж судалгаа шинжилгээний ажил хийж ажиллана” гэв.

Б.АМАРТҮВШИН



Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Гар утсаа хийж болохгүй газрууд

Та гар утсаа эдгээр газруудад хэзээ ч бүү хий!

Арын халаас

Гар утсаа арын халаасандаа тээж явахад үнэхээр тухтай байдаг. Гэхдээ энэ газрыг сонгосноор бид дараахь асуудалтай тулгардаг.

  • Мэдрэгч дэлгэцтэй утаснууд хуруугаар удирдахаас илүү дэлгэцээрээ юм мэдэрдэг. Жишээ нь, танд мэдэгдэхгүйгээр 911 гэх мэт яаралтай дугаарууд руу залгагддаг бөгөөд иймэрхүү дугаарууд руу хялбар байдлаар залгагддаг.
  • Таны гэдэс, хөл өвддөг үү? арын халаасандаа гар утас хийж явснаар гэдэс хямарч, хөл өвддөг байна.
  • Мөн гар утсаа арын халаасандаа хийснээ мартаж сууснаар эвдэх эсвэл алдаж мэднэ.

Арын халаас

Урд халаас

Урд халаасандаа утсаа хийх нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд муу байдаг. Судалгаагаар урд халаасанд хийсэн гар утаснаас ялгарах цахилгаан соронзон цацраг эрчүүдийн бэлгийн эсд нөлөөлж, чанар болон хэмжээг нь багасгадаг нь тогтоогджээ. Гар утасаа урд халаасандаа удаан хийж явах нь эрсдлийг улам бүр нэмэгдүүлдэг байна.

Урд халаас

Хөхний даруулга

Гар утас хорт хавдар үүсгэдэг эсэх дээр эрдэмтэд одоог хүртэл санал зөрөлддөг. Гэхдээ зарим эрдэмтдийн үзэж буйгаар гар утсаа хөхний даруулгандаа хийх эсвэл хөхтэйгээ ойрхон байлгах нь хөхний хорт хавдартай болохыг эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

Хөхний даруулга

Сүүжин дээрээ

Судалгаагаар гар утсыг сүүжний хэсэгтээ авч явах нь сүүжний ясны бат бэх чанарыг алдагдуулдаг болохыг нотолжээ. Тиймээс гар утсыг сүүжний ясыг хол байлгаж, гар утасны зориулалтын хамгаалалтын хайрцагт хийхийг зөвлөж байна.

Сүүжин дээрээ

Нүүрэндээ наах

Гар утсыг нүүрнийхээ арьсанд нааж ярих нь их аюултай аж. Учир нь гар утасны дэлгэц дээр олон тооны бактер байдаг бөгөөд нүүрэндээ нааснаар тэрхүү бактерууд арьсанд халдварладаг байна. Мөн нүүрэндээ ойр барьснаар цахилгаан соронзон цацраг нүүрэнд илүү шингэдэг байна. Иймд гар утсыг хамгийн багадаа нүүрнээс 0.5-1.5 см-ийн зайтай барьж ярих хэрэгтэй.

Нүүрэндээ наах

Цэнэглэж байхдаа

Гар утас цэнэглэх нь таны эрүүл мэндэд хоргүй ч цэнэглэх явцад хэт ойр байх юм бол таньд хортой байдаг гэнэ. Учир нь, нөгөө л цахилгаан соронзон цацраг таньд шингэх боломж бүрддэг байна. Мөн утсаа шөнөжин цэнэглэхгүй байх нь таны эрүүл мэндэд тустай. Яагаад гэвэл шөнөжин цэнэглэснээр гар утасны батарей муудаж, үүний улмаас батарейнаас ялгарах хорт цацраг улам л нэмэгддэг байна.

Цэнэглэж байхдаа

Хүйтэн газрууд

Гадаа хүйтэн, хасах хэм рүү орсон ч та гар утсаа авч явдаг. Гэхдээ хүйтэн нөхцөлд гар утсаа аль болох халааснаасаа гаргахгүй байх, автомашиндаа үлдээхгүй байх нь таны эрүүл мэндэд тустай байдаг юм байна. Температур гар утсанд тун муугаар нөлөөлдөг бөгөөд хүйтэнд байснаар доторх мэдээлэлд асуудал үүсдэг байна. Иймд хүйтэн үед утсандаа “дулаан” гэр авч хийх нь чухал.

Хүйтэн газрууд

Халуун газрууд

Халуун нөхцөл электрон төхөөрөмжүүдэд муугаар нөлөөлдөг. Үүний адилаар гар утсанд нь ч бас муугаар нөлөөлдөг байна. Тиймээс гар утаа автомашин, далайн эрэг, мөн зуухны хажууд тавьж болохгүй юм байна.

Халуун газрууд

Хүүхдийн тэргэнд

Ээжүүд гар утсаа хүүхдийнхээ тэргэнд хийсэн харагддаг. Эрдэмтдийн хэлснээр, ингэх нь хүүхдийн эрүүл мэндэд аюултай байдаг. Учир нь, хүүхдийн тархинд нөлөөлж, зан аашийг нь хувиргаж, анхаарал төвлөрөхгүй болгох, цаашлаад янз бүрийн сэтгэцийн эмгэгтэй болгодог байна.

Хүүхдийн тэргэнд

Дэрэн доор

Утсаа дэрэн доороо битгий хийж унтаарай. Хэрвээ ингэдэг бол таньд ийм асуудлууд учирна.

  • Шөнө гар утсанд (notifications) ирэхэд дэлгэцний гэрэл асдаг. Дэлгэцний гэрэл хүнийг унтаж байхад ялгардаг мелатонин дааврыг зогсоож, нойр хулжааж, биеийг ядраадаг.
  • Урт хугацаанд толгойтой ойрхон байснаар толгой өвдөж, толгой эргэдэг.
  • Мөн гал гарах эсвэл дэлбэрэх аюултай. Дэрээр гар утсыг бүрэн дарж унтсаар гар утас халдаг агаад халаахгүйн тулд дэр, хөнжил, гудсан доороо хийхгүй байх хэрэгтэй.

Дэрэн доор

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эрдэмтдийн боловсруулсан нанотехнологи нь хавдрыг илүү үр дүнтэй эмчилнэ

Зураг

Өмнөд Солонгосын хэсэг эрдэмтэн хавдрын өвчин анагаахад ашиглаж болох нано бүтцийг боловсруулсан тухай The Korea Herald сонин мэдээлсэн байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр, Ёнсе их сургууль болон эмэгтэйчүүдийн Ива их сургуулийн анагаах ухааны факультетийн эрдэм шинжилгээний ажилтнууд фталоцианинд суурилсан фотосенсибилизатор ба үрэвслийн эсрэг митоксантрон гэдэг нийлэг бодисыг хооронд нь нийлүүлжээ.

Фотосенсибилизатор гэдэг нь гэрлийг мэдрэх бие организмын мэдрэмтгий чанарыг нэмэгдүүлдэг байгалийн гаралтай болон зохиомлоор гарган авсан нийлэг бодис юм. Хоёр бодисыг нийлүүлснээр PcS-MA гэдэг нано бүтцийг гарган авсан байна. Лабораторийн нөхцөлд хулгана дээр уг бодисыг туршиж үзэхэд хавдрын эсүүдийн 80 гаруй хувь нь ажиллагаагүй болж байжээ.

Өмнөд Солонгосын эмч нарын үзэж байгаагаар, PcS-MA бол өнөөдөр хэрэглэж буй туяаны эмчилгээний сул талыг нөхөж чадах үр дүнтэй хэрэгсэл ажээ. Харин судлаачдын бүлгийн ахлагч нарын нэг болох Нам Ки Тэкийн ярьснаар, шинээр гарган авсан нано бүтэц нь хавдрыг эмчлэхэд үр дүнтэй эсэхийг нягтлахын тулд хэд хэдэн туршилт хийх хэрэгтэй байгаа гэнэ.

Судалгааны дүнг ACS Nano сэтгүүлд нийтэлжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хиймэл оюун ухаан хүнээс илүү амжилт гаргасан байна

Зураг

Хятадын “Alibaba Group” компанийн боловсруулсан хиймэл оюун ухааны загвар нь уншсан зүйлээ хэрхэн ойлгосныг шалгах сорилыг хүнээс илүү амжилттай давсан байна. Энэ тухай Bloomberg агентлаг энэ сарын 15-нд мэдээллээ.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн боловсруулсан уг сорил нь “Википедиа” цахим нэвтэрхий толинд байгаа 500 нийтлэлд үндэслэсэн 100 мянга гаруй асуулттай ажээ. Ингээд хиймэл оюун ухааны машин нь их хэмжээний мэдээллийг боловсруулж, тавигдсан асуултуудад яг таг хариулт өгч чадах уу гэдгийг тодорхойлсон байна.

Сорилын дүн гарахад хиймэл оюун ухааны үзүүлэлт 82,4 байсан бол түүнтэй өрсөлдсөн хүний оюун ухаан 82,3-тай байжээ. “Alibaba Group” компанийн мэдэгдсэнээр, энэ бол хиймэл оюун ухаан нь хүнээс давж гарсан анхны тохиолдол аж. Үүний зэрэгцээ Америкийн Microsoft компанийн боловсруулсан хиймэл оюун ухаан мөн адил хүнээс давж гарч, 82,7 гэсэн үзүүлэлттэй байсан боловч сорилын дүнг нэг өдрийн хойно гаргасан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өөрийгөө жолооддог машин таныг хөнөөхөөр програмчлагджээ

Өөрийгөө жолооддог машин таныг хөнөөхөөр програмчлагджээ

Таныг машинаа бариад явж байхад яг зам дээр чинь хүүхдүүд гэнэтхэн гараад ирвэл та яах вэ? Таньд хүүхдүүдийг дайраад өөрийнхөө амийг аврах эсвэл ойролцоох ханыг мөргөж хүүхдүүдийн амийг авраад өөрөө амиа алдах гэсэн 2 л сонголт байгаа гээд төсөөл дөө. Ихэнх хүмүүс хүүхдүүдийн амийг л аврах нь чухал гэж хариулах байх гэж бодож байна.

За одоо тэгвэл арай өөрөөр бодоод үзэцгээе. Таны машин өөрийгөө жолооддог харин та зорчигч нь болчихсон явж байна гэж төсөөлье. Тэгвэл та хүүхдүүдийн амийг авраад өөрийнхөө амийг гаргуунд нь гаргаж чадах уу? Өмнөх тохиолдолд хүүхдүүдийг аварна гэж хариулсан хүмүүсийн ихэнх нь энэ тохиолдолд өөрийнхөө амийг аварна гэж хариулсан байсан. Ийм их эрсдэлтэй машиныг ер нь хүн худалдан авч унах уу гэдэг нь туйлын эргэлзээтэй асуудал байгаа юм.

Эндээс бидэнд “Өөрийгөө жолооддог машинд яагаад ийм хоёр сонголт л байдаг вэ?” гэсэн асуулт гарч ирж байна. Daimler AG компаний гүйцэтгэх захирал нэг удаа “Бид ямар ч үнээр хамаагүй зорчигчийнхоо аюулгүй байдлыг хамгаална” гэж мэдэгдэж байсан боловч яг цагаа тулахаар бүх машин үйлдвэрлэгчид энэ асуултанд хариулахаас бултдаг юм. Google компани “өөрийгөө жолооддог машин нь зам дээр байгаа хүн болон эд юмсыг мөргөхгүйн үүднээс ойролцоох ханыг очиж мөргөнө” гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бол дотор нь сууж яваа зорчигч амь насаа алдана гэсэн үг билээ.