Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“iPhone”-ий шилдэг аппликейшн 2

Image result for iphone top appЭнэ зуунд бидний амьдрал ухаалаг утастай нягт холбоотой болжээ. Ухаалаг утас хөгжихийн хэрээр түүнд зориулсан олон төрлийн аппликейшн бүтээгдэж байна. Ингээд “iPhone” барьдаг хүмүүст зориулсан шилдэг аппликейшнуудийг цувралаар танилцуулж байна.

“WSH LST”


Ухаалаг утастай хүн бүр өөрсдийн хүссэн аппликейшнийг өөрийн утсандаа суулгахыг хүсдэг. Гэхдээ үүн дээр ч эдийн засгийн хэмнэлтийг гаргаж цаг хугацаа хэмнэх хэрэгтэй. Авахыг хүссэн аппликешн чинь үнэтэй байна уу? Үнэ нь буурахыг хүлээж байн байн орж шалгах түвэгтэй байгаа биз! Энэ асуудлыг тань шийдэх аппликейшн бий. Өөрийн хүслийн жагсаалтанд хүссэн бүх л аппликейшнээ хийчих. Таны цаг завыг хэмнэнэ. Энэхүү аппликшнийг хэрэглэснээр таны цаг зав болоод сэтгэл ханамжийн баталгааг бүрэн дүүрэн хангах юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Гайхалтай бүтээлүүд 2- Хувийн зураглаач

Хувийн зураглаач (Flimbo Phone Dock)Барууны орнуудад хэдийн нэвтрээд буй гайхалтай бүтээлүүдийг та бүхэнд цувралаар хүргэхээр шийдлээ.

Ингээд танд хэрэгтэй бөгөөд гайхмаар шинэ бүтээлийг танилцуулъя.

Хувийн зураглаач (Flimbo Phone Dock)

Өөрийн сайхан гарсан зургийг ёошиал ертөнцөд тавихыг хүсдэггүй хүн гэж үгүй. Хүн бүр л сайхан харагдахыг, сайхан зураг даруулахыг хүсдэг. Гэхдээ таны зургийг дарах хэн нэгэн байхгүй үед та яах вэ? Мөн гоё бүжиглэж байгаа, тоглож байгаа бичлэгээ хиймээр байсан ч ганцаараа үед яах вэ? Ганцаараа гэлтгүй олуулаа байсан ч нэг нь бичлэг хийх хэрэг гардаг. Уг нь тэр хүн ч бас бичлэгэнд ормоор байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Харин уг асуудлуудыг шийдвэрлэх авсаархан, зөөврийн утасны тавиур гарчээ. Өөрөөр хэлбэл таны хувийн зураглаач юм. Таны хөдөлгөөнийг мэдэрч дагадаг тул хийгдсэн бичлэг нь ч чанартай болдог байна. 1 удаа цэнэглээд 8-н цагийн бичлэг дагах чадалтай. Энэхүү технологи нь 130-550$-ын үнэтэй зарагддаг аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Гайхалтай бүтээлүүд 3- Моддын хооронд уяагаар холбож босгодог майхан

Тентсайл (Tentsile) майханБарууны орнуудад хэдийн нэвтрээд буй гайхалтай бүтээлүүдийг та бүхэнд цувралаар хүргэж байна.

Ингээд танд хэрэгтэй бөгөөд гайхмаар шинэ бүтээлийг танилцуулъя.

Тентсайл (Tentsile) майхан


Аялах дуртай хүмүүсийн мөрөөдөл болж байгаа майхан гэхэд буруудахгүй л болов уу. Аялах дуртай хүмүүст майхнаа хаана барих вэ гэсэн асуудалтай байнга тулгардаг биз? Учир нь тэгш, зөөлөн газрын олдоц, борооны ус орж ирэх, намаг шалбааг, мөлхөгч элдэв амьтад майханд орж ирэх гээд мундахгүй их асуудал үүсдэг. Эдгээр асуудлыг шийдэхээс гадна танд цоо шинэ мэдрэмж өгөх энэхүү майхан танд лав таалагдана. Моддын хооронд уяагаар холбож босгодог уг майханг зөвхөн модод гэлтгүй машинуудын хооронд том хад асгын хооронд ч босгож болдог. Хамгийн олон талт майхан гэж нэрлээд байгаа уг майхны ид шидийг дараах видеоноос үзээрэй!

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Машины подкастер гэж юу вэ?

Хөдөлгүүрийн блок болон кастерын дундах подкастер дээр тахир гол байрлаж эргэлтийн хүчийг автомашинд дамжуулна.

Подкастер элэгдсэн шинж тэмдгүүд

  1. Хөдөлгүүрийн тос гоожих
  2. Хөдөлгүүрээс тогших мэт дуу гарах

Подкастерын техник үйлчилгээ

Подкастерыг суурилуулахдаа битүүмжлэлийг нь сайн хангаж өгөх шаардлагатай

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Гар утас хэрэглэгчдийн тоо 3.5 хувиар өсжээ

Манай улсын гар утас хэрэглэгчдийн 2 сая 439 мянга 236
хүн ухаалаг утас ашигладаг ажээ. Тодруулбал, харилцаа холбоо мэдээлэл
технологийн 2017 оны статистик үзүүлэлтээр энэхүү судалгааг гаргасан байна. Энэ
нь 2016 оноос 3.5 хувиар өссөн үзүүлэлттэй юм.

Ухаалаг утас хэрэглэгчдийн 71.90 хувь нь
андроид үйлдлийн системтэй утас ашигладаг бол 21.71 хувь нь
“Apple”-ын утсыг хэрэглэдэг байна. Ухаалаг утас хэрэглэгчдийн
тоог дагаад дата хэрэглээ ч мөн ихэссэн аж. Дата хэрэглээ 2017 онд өмнөх оноос 51 хувиар
өссөн байна.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Ертөнцийг хавар мэт шинэтгэх найргийн гэрэлт өдөр өө…

Оросын их зохиолч Ф.М.Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн удаатай. “Яруу найраг ертөнцийг аварна” гэж яруу найрагч Гүн Аюурзана эшлэх дуртай. Монгол түмний оюун сэтгэлгээнд яруу найрагчдын гэрэлт мөр шад дурайсаар байдаг нь сайхан. Ванчинбалын Гүларансын

“Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт

Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил

Үсийн хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад

Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмой” гэж “Сайхан хүмүүн” шүлэгтээ өгүүлсэн нь сэтгэлийн дотор бүсгүй ертөнцийн гайхамшгийг мэдрүүлэн байдаг билээ л. Явуугийн “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би”, дорнын их найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ”, Эрээнцавын Нямсүрэнгийн “Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм. Дэргэд нь усны хөх ванн байсан юм”, Ванхүүгийн Батбаярын “Юутай сайхан бэ, эжийн минь өгсөн ертөнц” зэрэг алдарт шүлгүүдийг уншаагүй, сонсоогүй монгол хүн байдаг гэвэл өвсөнд зүү хайхаас хэцүү. Нямбуугийн Нямдоржийн

“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг

Зүрхний их хулгайч юм

Олон эрсийг шаналгах

Сэтгэлийн тулалдааны талбар юм

Энгүй сайхан түүнд

Зуун зүрх тэмүүлж

Эцэс хойно нь болоход

Ерэн ес нь шархална” гэсэн шүлэг бий. Нэг л сонсоод чихэнд хоногшдог эгшиглэнт ийм мөрүүдээр Монголын яруу найраг хэзээд дуташгүй буюу. Мөнгөн бахал нь салхинд хийсэх шиг хөнгөн халуун сэтгэлт найрагч Ламжавын Мягмарсүрэнг

“Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам” гэж уншихад мянгантаа сонссон ч уйдсан хүнийг би найрагчдын ертөнцөөс олж хараагүй. Ерээд онд “Зүс бүгэг андууд”-ын Баатархүүгийн Пүрэвсүрэн ахын “Шулга хархан нүдийг чинь санахын цагтаа яанам бэ…” гэсэн мөрийг бодох бүр л нэг л гэгээхэн мэдрэмж төрдөг сөн. Өмнө нь өчнөөн л найрагч нүдийг янз бүрээр магтан дуулаа биз ээ. Гэлээ ч “шулга хар нүд” гэхэд л сэтгэлд гунигтай ч юм шиг, баясгалантай ч юм шиг хэлэхийн аргагүй догдлол үелзэл амилна.

Тэнгэр зүг халгин одсон Урианхайн жонон Хөөдөө Эрдэнэбаатар андын минь

“Урианхайн хөх уулс гэрлээр давалгаалж

Умрын салхиар хавар тэнүүчилсэн

Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд

Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй

Зэрвэс нүдийг зүүдний манантай хөвөрдөх

Зэрэглээ тэнд хаялга болж чадахгүй…” гэсэн халгиа мөрүүд ямархан яруу сонстном билээ дээ. Түүний “Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад минь

Жари эхийн тал нам гүм бороорхог

Жаахан тэр минь хөл нүцгэн байсан

Хацрынх нь хонхорт бороон дусал тогтож

Халгин инээхэд нь усан цацраг үүснэ

Мөнгөн лаа мэт бэлхүүс нь гэрэлтээд

Мөнөөхөн өдрийг минь зүүдлүүлж орхино” гэсэн шүлгийг ерээд оны олон найрагч анд нь цээжээр уншдаг сан.

“Уудам лаа түнгийн оройгоор

Уйтай лаа шашраа татна аа…” гэж дуулсан тэрээр униартагч ертөнцийг уянга дуугаараа сүлээд оджээ. Цэл залуухан насандаа Жан шамбалын орноо заларсан намуун тунгалаг найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил маань

“Хаалга задгай Шамбалын

Хаанаас нь ч орж болно.

Харанхуйд гэрэлтэгч дэнлүү шиг

Гэгээн болоод тодорхой” гэсэн ариун шид увдисыг өнөө чухам хэн тайлан чаднам. Дашбалбар найрагчийн баруун гарын шүлэгч шавьд тооцогддог Говь-Алтайн Хөхморьтын Дашдондовын Цогбадрахын

“Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана

Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би” хэмээх гайхамшигт мөр эдүгээ Шүлэг уулын хөх салхинаа гэрэлтэн бий.

“Охидын инээд сар адил мөнгөлөг гялалзах

Ойрадын шилтгээн-Ховдын цэцэрлэгт би ургаж явсан

Улиасны мөчрөөс соёолж хэдэн хаврыг ширтээд

Уйдангуй эгшгийн хатан сүйх шиг тасарч хийссэн

Өөр модон дээр хээнцэр бүсгүй цэцэглэдэг байсан

Өчнөөн шувуу жиргэлдэн үүрээ засах гэдэг байсан

Өнгө бадрангуй наран цагийн хаш элгийг дэвтээх

Өнцгий нь урж зажилсан бадгууд минь түүнд очдог байсан” гэсэн яруухан бадагсыг бичсэн Малиг баяуд сэтгэгч найрагч Төрийн Баянсанг ямархан хүн яруу шүлэгч биш гэж маргах билээ. Хонгор нутгийн Өлзийтийн суурингийн хүү, Ламын гэгээний найрагч Цэндийн Доржсэмбийн “Цас бороо” шүлгийг өнөө үеийн утга зохиолын хүрээний гэрэлт охид хөвүүд найрал өнгө хоршуулж

“Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна…” гэж уншихад “хүйтэн өдрийн турш ганцаардсан” найрагч хөлчүүхэн, турьгүй намхан биеэ найгуулан ганхаж зогсдог нь тэнгэрийн зараалын учир биз ээ.

“Гоо сайхан гэдэг энгийнээр

Хорвоо бид хоёрын дундын өмч юм

Гоо сайхан гэдэг эцэстээ

Хайр гэдэг үгний өргөмөл охин юм” хэмээн тансагхан бичдэг Лхамсүрэнжавын Ганзулыг

“Алтан дальтай шонхорын жигүүр надад байлаа ч

Агуу ихийн дээгүүр нисэж үл зүрхэлнэ

Арслангийн омгоор дүрэлзэх зориг надад байлаа ч

Аав л ээжийнхээ амьдад үхэж үл зүрхэлнэ” гэж уншихад хэн түүнийг авьяасгүй хэлж зүрхэлнэ. Хэлж зүрхэлсэн нэгэн хээгүй тэнэгт үзэгднэм зээ. Хөвсгөл буйдхан нутагтаа аж төрж хаврын хаварт шинэхэн номтойгоо хамт аяны шувуу шиг айсдаг Пүрэвжалын Майнбаяр гэж гэрэлт нэгэн найрагч бий.

“Жижигхэн нахиа өөр ертөнцөөс яаран ирээд

Жирийн л моддыг яруу сайхнаар хучнам

Хар турлиахнуудын шаагилдаан

цав цагаан цагираг үүсгээд

Нугын дээгүүр эргэлдэхэд

Нууцын гүнд нулимс өнхрөөд,

Хавар болмуй” Энэхэн дэлхийг шинэтгэгч хаврыг тэр ингэж мэдэрч. Авьяас төгөлдөр монгол найрагчдын ай уянга хэзээ ч тасрашгүйг Сайнжаргалын Начин найрагчийн

“Орчлонгийн захад хүрэх гээд жигүүр нь цуцсан хүлгийн

Омруун дээр гэрэлтэх толионд хүслээ живүүлэхсэн”,

“Бид мэдэрдэг юм

Мод биш ч

Бичсэн, зурсан, урласан

Мөр бүхнийхээ цаасны амийг нөхөх гэж!

Эх дэлхийнхээ хэвлийд шингээд

Эргэж төрөхдөө өөрөөсөө үй олон ой төрүүлнэ гэдгээ” гэх гэгээн утгат уянга юутай сайхан гээч. Дагийраазын Нямдорж хэмээх даруухан найрагч залуугийн “Одод живчихжээ

Огторгуйн цээлд

шувууд л сэлнэ” гэсэн “ХИЯН” шүлгийг унш даа. Хэний ч илэрхийлээгүй яруу найраг энэ биш үү.

Од, сарыг найрагч бүхэн л магтан дуулсан. Тэгвэл Ш.Хатанбүүвэйбаатар

“Од оддын бэлчирт

Нэгэн нуур байдаг

Урьдын адил туулай сэлсээр л…” гэж дүрсэлсэн буй.

Энэ цагийн уянгат гэгээн найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш

“Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд сүүдрээ нууна

Үгүй ээ…

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд сүүдрээ хайна

Үгүй ээ…

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд тэнгэрээс бууна

Үгүй ээ…

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувуудын далавч

Харанхуйг үл даана

Тийм ээ…

Тэнгэрийн мөн чанар үнэндээ

Тийм хүнд” Энэ бол жинхэнэ монгол философи, жинхэнэ монгол найраг.

Яруу найрагч Энхбаатарын Энхболдын оюутан ахуйдаа ээжийгээ санахдаа бичсэн

“Үрээ гэсэн эхийн сэтгэл уул юм билээ

Ижийгээ санасан хүүгийн бодол тал юм билээ

Бие биедээ тэмүүлэх итгэл нь мөрөн юм билээ

Ижий бид хоёр эх орон юм билээ” гэсэн мөр сэтгэлд нэг л дотно байдаг. “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн найрагч бүсгүй Батсуурийн Баясгалангийн

“Хамгийн сүүлд хэзээ уйлснаа чамд хэлэхгүй

Хашааны завсраар яралзах нохойн шүд шиг эрэмгий өдрүүд

Харван дүүлж айсуй ирээдүйгээс

Харин чи бүү ай, ирээгүйгээс…” гэх нь ямархан уншигдана, танд.

Давхардаваагийн Гансаруул гэх этгээддүү зантай ч гэмээр энхрий нэгний “Цоргоноос цацарсан далай минь

Шүршүүрхэн минь!

Зуныг, бороог санагдуулсан усан минь

Санамсаргүйгээр савж унах

Үхлийн шалтгаан минь.

Шалдан агаад хөрсөн бие дээр минь

Тасралтгүй үнэнчээр цутгах хур билээ л, чи

Шүршүүрхэн минь!

Чи миний аадар.

Над дээр тасралтгүй үнэнчээр цутга!” гэх мөн нарийн мяндсан мэдрэмж дээ. Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Балдоржийн Алтанхуягийн

“Үргэлжлэл нь эхлэл болдог гэдгийг ойлгох

Үгсээр мэс урлах шиг өрөөсгөл санагдахуй

Хаягдаж хоцорсон мэт мэдрэмжийнхээ ачаар л

Харьж гэртээ ирсэн халамцуу бие минь…” гэхийг унших ямархан байна. …

“Аяа, ядаж ялаа нисээсэй!

Ай, энэ нулимс хашгирч унадаг ч болоосой!” Яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаа ганцаардал гунигийг юутай зэвүүн, хичнээн гиюүтэй “хашгирсан” байна даа? Ай, яруу найраг гэж хүний сэтгэлийн уй гуниг, яруу баяслыг илэрхийлэгч мөнхийн жигүүр минь дээ. Эрхэмсэг гэгээн уншигчдадаа Дэлхийн яруу найрагчдын өдрийн мэндийг хүргэж, яруу найрагч Я.Баяраагийн

“Дүүрэн сархдыг дундуур аягалаад

Үүрэн гэлдэрсэн гунигаа сэгсэрье

Үхэж дуусдаг нь амьдралын жам

Үхэшгүй мөнх нь бидний зам” гэсэн шүлгээр эл бичвэрээ өндөрлөе дөө!

Ямагт биднийг ариусгадаг яруу найраг мандтугай!


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг

disappointment зурган илэрцүүд

“Гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг” гэж бялдаржуулах төвийн багш найз маань ярьсан юм. Түүний ажигласнаар жингийн илүүдэлтэй хүмүүс гоолиг сайхан биетэй болох гэж хэт их шунаснаас улам л бүдүүрээд байдаг гэнэ. Учир нь тийм хүмүүс хоолоо ч үнэн сэтгэлээсээ дурлаж идэж чадахаа больдог ажээ. “Ийм их хоол идчихлээ. Одоо нэмж таргална даа” гэх юм уу “Яах гэж энэ хоолыг идэв ээ” гэх зэрэг санаа зовоосон бодлууд таныг улам стрестүүлж, үүнээсээ үүдэн хүссэн, хүсээгүй жин нэмж эхэлдэг байна. Харин хоолоо аз жаргалтайгаар үнэн сэтгэлээсээ таашаан идэж байгаа хүмүүст хоол нь эрч хүч, сэтгэл ханамж өгч байдаг болохоор таргалалтын шалтгаан болох нь бага ажээ. Мэдээж хоолны илчлэг, хэдэн цагт идэж байгаа зэрэг нь хамаатай боловч таргалалтын шалтгааны жин дарах хувь нь тухайн хүний санаа зоволт.

Мөн турахаар фитнесст явж байгаа хүмүүс хийж байгаа дасгалуудаа ял мэт боддог нь бие махбодид нь сөргөөр нөлөөлдөг байна. “Яаж дасгал хийнэ ээ, цаг нь хурдан дуусаасай” гэж зүрхшээн бодож байгаа хүн жин хаядаггүй, хаясан ч эргээд амархан нэмдэг гэлээ. Тиймээс алив зүйлийг хийхдээ ял мэт санаж байгаа бол үр дүн гарахгүй гэсэн үг. Харин хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, түүнээс аз жаргалыг мэдэрч чадаж байвал үр дүн нь нүдэн дээр мэдэгдээд ирдэг байна. “Гоё байх, гоо үзэсгэлэн төгс амьдарна гэдэг бол нэг, хоёр сар фитнесст хичээллээд болчихдог юм биш, насан туршийн зөв дадлын үр дүн юм шүү” гэдгийг тэр багш бусдад байнга сануулдаг.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ жил 450 кг жинтэй цахилгаан машин худалдаанд гарна

Polymaker car зурган илэрцүүд

Италийн цахилгаан машины компани XEV болон 3D материал хэвлэлийн компани болох Polymaker хамтран, баг бүрдүүлж 450 кг жинтэй олон тооны цахилгаан машин үйлдвэрлэн, худалдаанд оруулахад бэлэн болжээ.

Тэд энэхүү машиныг дотооддоо болон гадаадын орнуудад нийлүүлэх аж. Машины эд анги, суудал, шилнээс бусад нүдэнд харагдах бүх хэсгийг Polymaker компанийнхан 3D хэвлэл ашиглан хийсэн аж.

XEV компанийн зүгээс “Машины загварын ажилд 3-5 жилийг зарцуулсан ч эцсийн загварыг жилийн дотор гаргасан. Энэ жилийн сүүлээр худалдаанд оруулна” гэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар гэдэг дэндүү уйтгартай улирал болж дээ…

Холбоотой ЗурагХавар гэхээр л хүн бүхэн шив шинэхэн улирал гэж бодно. Гэвч хавар хуучнаас хуучин улирал бололтой. Өвлийн хуучин цасны шар ус уйтгартайгаар далан дагаж урсана. Хотын гудмаар өвлийн өлөн тоосонд дарагдсан машинууд цаанаа л нэг гундуухан хөлхөцгөөнө. Тэдний хөлхөж буйн шалтгаан ч хиртэй, хуучин төгрөг. Шинэ төгрөгүүд тэдний хэтэвчинд хэзээ ч очихгүй. Шинэхэн бороо хэзээ нэгтээ орж, хуучин өлөн тоосыг үргээтэл өдий.

Хотын айл бүхний зурагтаар хуучин улстөрчид хуучин хэрүүлээ хийцгээнэ. Байгаль дэлхийтэйгээ ойрхон байсан бол ийм улиг домог болсон зүйлсийг хэн ч анзаарахгүй сэн. Тэртээх жалганд хөгшин бух өеөдөн үхээд ширийг нь гуринхи үнэг сэглэсэн ч хэн үл тоох тийм нэг нэг амгалан Монголын хөдөөд минь бий. Тэнд ямар ч гуниг байдаггүй. Байгаль дэлхий гэдэг жам ёсоороо л цаг улирлаа давтаж буй нь тэр. Харин энэ их хотжилт, хүний нийгэмд бол алив бүхэн уйтгартай. Эргэн санахад Овоон таг дээр хонио хариулж явахад цасан дундаас ургасан яргуй ямархан дотно, ямар сайхан харагддаг байлаа. Одоо гэтэл амьд хүмүүсийн дунд амьдарч яваа атлаа тэртээ олон жилийн өмнө харсан үхсэн цэцгээс ч хоосон санагдах нь дэндүү гунигтай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өнгө өнгийн такси, өөр өөр үнэтэй

Томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээ, хүн тээврийн нэлээд хувийг такси компаниуд нуруун дээрээ үүрч явдаг. Харин манайд таксины компани ашиггүй учир хоосон орон зайг нь хувийн тэрэгтэй хүмүүс нөхөж байна гэдэг. Үдэш орой замын дэргэд гараа өргөхөд ямар ч хамаагүй жижиг тэрэг ирэхээр суучихдаг. Тэр такси биднийг гэрт минь хүргэх эсэхийг мэдэхгүй, тэр талаар юу ч бодоцгоохгүй. (Таксины жолоочийн үйлдсэн гэх гэмт хэргүүд өдөр бүр гардаг) Зорьсон газраа ирлээ гэхэд өөр өөр үнэ хэлнэ. Зарим нь бүр маршрут гаргаад тариф тогтоочихсон байдаг. Бензин, тос үнэртсэн, хир тоостой суудалтай, салж унах гэсэн жижиг тэрэг, тохилог, аятайхан такси хоёр ижилхэн тарифтай. Хувийн тэргэнд суучихаар хүний машинд дайгдаж, гуйж суусан юм шиг, ер нь жолоочийнх нь аясаар. Жолооч нь тамхи татвал дагаж дам тамхидалтад өртөнө. Ярианы сэдвийнх нь дагуу ам дагуулж тэрхэн зуур буу халахгүй бол төлбөр дээр мөнгө нэмж мэдэх.

Жуулчид “Улаанбаатарт такси маш ховор. Зөвхөн тусгай дугаар руу утасдаж дууддаг. Замын хажууд гар өргөхөд ирж зогссон жижиг тэрэгний жолоочид итгэж болохгүй” гэж нэгэндээ зөвлөж “Монгол руу аялал, жуулчлалаар явахаар төлөвлөсөн бол анхаарах 20 зүйл”-ийнхээ эхэнд Улаанбаатарын хувийн таксичдаас болгоомжил гэсэн байна билээ шүү. Такси компаниуд шинээр нээгдэх боломжгүй юм бол энэ халтуурчдаа чиглэл чиглэлээр нь багцалж баг, хоршоо болгож зохион байгуулалтад оруулмаар байна. Хүнээс мөнгийг нь авах гэж байгаа бол үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг нь нэг удаа ч болов хэлээд өгөхсөн. Тэгж байтал сайхан цаг ирж, алаг бөөртэй таксинууд олшрох нь мэдээж.