Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Ардчилсан нам бол Монгол Улсын тулах баганын нэг” гэж У.Хүрэлсүхийн хэлснийг бодоод…DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг Ерөнхийлөгч саяхан хүлээн авч уулзахдаа “Ардчилсан нам бол Монгол Улсын тулах баганын нэг. Тиймээс энэ цаг үед улс орныхоо төлөө хамтарч ажиллах ёстой. Хийрхсэн улс төрөө одоо хойш тавь” гэж хэлнэ билээ. “Эрдэнээд хуурамч тамга атгуулж өөртэйгөө өрсөлдүүлэн төрийн тэргүүн болсон хүн ингэж хэлэлгүй яахав” гэх үүднээс Хүрэлсүхийн үгийг хүмүүс хүлээн авч байна. Гэвч цаад наадах нь падгүй, хамгийн гол нь түүний хэлсэн үг гарцаагүй үнэн.

Харин харамсалтай нь улс орны тулах багана, ард түмний итгэл найдвар болсон уг намын гишүүд өөрсдийгөө шороотой хутган намынхаа нэрийг төдийгүй үндсэн дархлааг нь устгаж байгааг бид харж байна. Энэ тухай “Өдрийн сонин” “Эрх мэдлийн төлөөх хуваагдал үеийн үед оршиж, дарга нарынхаа ужгирсан тэмцлийг гишүүд нь өөгшүүлж ирсэн. Тэд ердөө даргад өрсөлдөж байгаа нөхдийн мөнгийг үрж хэдэн өдөр архидах гэсэн бодолтой. Тиймээс хэдэн зуун мянгаараа намынхаа хуваагдлыг хүлээн зөвшөөрч сонгуульд санал өгч, Их хурал гээчид нь тал талаас цуглаж байна. Намын эв нэгдэл тэдэнд хамаагүй болжээ” гэх үнэнийг өчсөн. Түрүү жил Ардчиллын баатар Бат-Үүлийг нэг авгай цагаан толгойноос нь үсдээд бараг л гудамжны нохой шиг гулдчиж чирч байгаа харагдсан. Сүүлд сонсох нь ээ, “Тэсо” компанийн ажилтан ч гэлүү, ямарчиг байсан тэр хүнд Ардчиллын баатар Бат-Үүл огтоос үнэ цэнэгүй бололтой.

Саяхан Х.Баттулгыг батламжилж буй их хурал гээч дээр “Тэсо”-гийн О.Цогтгэрэл “Ардчилсан намыг хэн нэгэн 10 хүн тойрч суугаад байгуулчихсан юм биш. Ардчилсан нам бол мянганы тэртээх их гүрнийг санагалзсан үндэсний бахархал дээр, сүүлийн зуунаар тоологдох жилүүдийн эрх чөлөөний хүсэл тэмүүлэл дээр байгуулагдсан” гэсэн үг хэлж танхимд суусан нөхөд нь алгаа хорстол ташсан. Ардчиллын баатруудаа, анхны лидерүүдээ үгүйсгэсэн энэ үг АН-ын гишүүдэд тэгтлээ их таалагдаж байгаа юм байх. Ерэн оны цагаан морин жилийн түүхэн хувьсгал маань ер нь юу болж хувирах нь вэ. Ямарчиг байсан Ардчилсан нам бол үнэхээр Монгол Улсын тулах баганын нэг, улс төрийн гол хүчин мөн гэдгийг хэлье.


Д.БАТБОЛД

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хоёр хүний суудалтай цахилгаанаар нисдэг автомашин нээлтээ хийнэ DNN.mn


Нисдэг машин үйлдвэрлэгч Японы “SkyDrive” компани “Suzuki” компанитай хамтран цахилгаанаар нисдэг машин бүтээж байна. Машиныг 2025 онд Осакагийн дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр бүтээж дууссан байхаар төлөвлөжээ.

Нисдэг машин найман хөдөлгүүртэй, хоёр хүний суудалтай, тунгалаг бүхээгтэй, хагас тонн жинтэй ачааг 500 метрийн өндөрт өргөж, хамгийн дээд тал нь 100 км цагийн хурдтай нисэх боломжтой аж. Мөн газарт буугаад цагт 60 км/цаг хурдлах боломжтой бөгөөд гурван дугуйтай цахилгаан машин болж хувирдаг онцлогтой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүүхдийнхээ үе үе хэлдэг ухаалаг үгэнд цочирдоод байх хэрэггүй DNN.mn

Томчууд хүүхдийнхээ ярьсан сонин үг, өгүүлбэр эсвэл инээдтэй ярианд ихэд анхаарч, гайхмаар, гайхалтай санааг нь шагшин магтаж “Тийм жаахан байж, орой руу ортол хэлдэг юм даа” гэж ангайдаг. Гэтэл хүүхэд бол угаасаа ухаантай “амьтан”.

Уураг тархитай, бүх мэдээллээ нүд, чих бүхий л мэдрэхүйн эрхтэнээрээ хүлээн авч, тогтоож, дүгнэлт хийдэг. Харин эцэг эхчүүд тэднийг бага, балчир, жижигхэн, жаахан гэж чамладаг учир тэднээс тийм ухаалаг үг, өгүүлбэр, санаа гарахаар л шоконд ороод байдаг. Хэрвээ хүүхдийг багаас нь хүний ёсоор хандаж, ухаантай хүн гэж хүлээн зөвшөөрвөл хэлж, ярьж байгаа зүйлс нь ердөө гайхалтай биш юм. “Хүүхэд юм байж”, “Хүүхдэд хамаагүй ээ”, “Хүүхдэд хэлээд ойлгохгүй”, “Хүүхэд цаашаа, холд” гэдэг хориг үгс бол тэднийг хүн биш, юм ойлгохгүй гэж ханддаг томчуудын буруу хандлага.

Хүүхэд орчин, гэр бүл, хайртай хүмүүс, цаг агаар, хоол, найз, багш гээд хүрээлэн буй бүхий л зүйлсийнхээ тухай мэдээлэл авч, хувьдаа дүгнэчихсэн л байдаг. Тийм учраас үе үе гайхшируулдаг ухаалаг үгэнд нь балмагдаад байх хэрэггүй.

Наадуул чинь нас нь бага болохоос тантай л адил ухаант хүн. Харин ч уураг тархи, сэтгэл зүй нь бохирдоогүй илүү цэвэр хүн байх шүү.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Ёлын хэцийн хадны оршуулгаас олдсон хос гутал DNN.mn


Увс аймгийн Өмнөговь, Тариалан сумдын зааг “Ёлын Хэцийн эх” хэмээх газарт нэгэн хөндөгдөж тоногдсон хадны оршуулгыг 2019 онд малтан судалжээ. Малтлага судалгааны үр дүнд харьцангуй сайн хадгалагдсан дундад зууны үеийн оршуулгыг илрүүлэн судалсан бөгөөд сонирхолтой хэд хэдэн олдвор хэрэглэгдэхүүн илэрч олдсоны нэг нь хос арьсан гутал юм.
Энэхүү гутал нь шарилд өмсгөөтэй чигээрээ үлдэж хоцорсон байх бөгөөд хүрэн шаргал өнгийн ширээр хийж олон хэсэг залган оёжээ. Нарийн шөвгөрдүү хоншоортой, түрийгээрээ хэлхгэр өргөн загвартай ажээ. Гутал түрий, зулаг, хоншоор, ул зэрэг үдсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд нийт 13 хэсгийг залган оёж хийсэн байна. Ёлын хэцийн хадны оршуулгаас илэрсэн уг гутал Цагаан ханан, Шүүтийн хадны оршуулгаас илэрсэн гуталтай хэлбэр, хийцийн хувьд тун ойролцоо байгаа юм. Эдгээр дурсгалын он цагийг судлаачид XIII-XIV зууны үед холбогдуулан үзсэн байна.
Эх сурвалж: Ц.Цэлхагарав, Я.Бемманн, Ц.Төрбат Ёлын хэцийн хадны оршуулга. //Studia Archaeologica. Tomus XXXIX, Fasc. 17. Улаанбаатар, 2020.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Шашин минь хаашаа зүгэлнэм DNN.mn

Христийн шашны томоохон урсгал болох католик шашин анх үүсэн хөгжиж байхдаа тун хэрцгий араншинтай байлаа. Өөр үзэл баримтлалтай нэгнийг зүгээр л шатаачихдаг, бусад улсууд руу загалмайтны аян дайн гээд шашнаараа халхавчилж байгаад зуун дамнасан хичнээн ч түрэмгийлэл өдөөж байсан юм бүү мэд.

Колумб, Магеллан зэрэг нь шинэ тив нээж явахын зэрэгцээ нутгийн уугуул иргэдийг хүчээр өөрийн номлолдоо шингээнэ. Ийм нэгэн шашин цаг үеийн хувьсалд өөрчлөгдөн төрөл арилжсан гэхэд болно. Дэлхийн аль ч өнцөгт, ямар ч жижигхэн сүм ажиллуулж гэмээнэ бүгд Ватиканд захирагддаг. Номлогч гэхээсээ сэтгэл зүйч болчихсон хүмүүс ядарсан, зүдэрсэн нэгэнд сэтгэл засах урмын үгийг ойлгомжтой утгаар нь хайрлахаас гадна боломжоороо эд материалаар дэмжиж, залуучуудыг нь хил дамнан сурч боловсрох замыг нь засаад л. Яаж энэ хүнийг өөрийн шашиндаа татах вэ гэдгийг зөөлөн араар нухацтай ашиглана.

Яармагт нэг хөөрхөн жижигхэн хийд айлын хашаанд бий. Лам нь сайхан унзад хоолойтой, гүрэм номыг сэтгэл гэгээртэл төвөдөөр уншаад өргөлөө авчихна. Бие даасан, хэн нэгэнд захирагддаггүй гэж байгаа. Ийм “чөлөөт уран бүтээлч” лам нар зарим сумын төвүүдэд бас шавилан суучихсан байхыг хараа л биз дээ. Ядаж эхний ээлжинд ганц “атаман” хамбын удирдлага дор бүгд захирагдаж болдоггүй юм болов уу.

Д.Бат-Эрдэнэ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Өнөөдрөөс хуванцар сав, гялгар уутны хэрэглээнээс татгалзаарай DNN.mn

Хүний цуснаас хуванцрын ширхэглэг илэрсэн талаарх судалгаа өнгөрсөн сард эрүүл мэндийн “Science Direct” сэтгүүлд нийтлэгдсэнээр дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн тал хувьд нь “PET plastic” буюу ус ундааны хуванцар саванд элбэг байдаг төрөл илэрсэн аж. Мөн заримд нь хүнсний болон бусад бүтээгдэхүүний пластик боодол савлагаанд хэрэглэгддэг “polystyrene” гэх биет, үлдсэн цөөн хувьд нь гялгар уут хийдэг материал болох “polyethyl­ene” илэрчээ.

Хуванцар сав нь хорт хавдар үүсгэгч нэг хүчин зүйл гэдгийг сүүлийн жилүүдэд монголчууд бид нэлээд сонсож байгаа. Түүнээс цаашлаад ч олон хор хөнөөл хуванцар сав, гялгар уутанд байгааг дэлхийн эрдэмтэд баталсаар байна. Хуванцар сав, гялгар уутны хор аюулаас хэрхэн сэргийлэх вэ. Энэ тухай эмч, мэргэжилтүүд дараахь зөвлөмжийг өгч байна.

Нэн тэргүүнд бэлэн пластик савтай усны хэрэглээг бууруулах ёстой. Түүнээс гадна кофе шопоор үйлчлүүлэхэд пластик доторлогоотой нэг удаагийн аяга бас л энэ төрлийн хор хөнөөлтэй юм байна. Тиймээс та кофе авахдаа зөөврийн аягандаа авч байгаарай. Зөвхөн хуванцраар тогтохгүй гялгар уутны хэрэглээ өнөөдөр ч бидний дунд өргөн тархсан. Өнөөдрөөс эхлээд гялгар уутыг халж, цаасан болон даавуун уутыг сонгох нь зүйтэй.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Аляскийн тэнгэрт нисдэг таваг шиг биет ажиглагджээ DNN

Аляскийн Лэйзи уулын ойролцоо /Lazy Mountain, Alaska/ өттэй төстэй хачин хэлбэрийн үүл ажиглагдсан байна.

Хэргийн газраас авсан гэрэл зургуудад Аляскийн мужийн цагдаагийнхан харь гаригийнхны нисдэг таваг, эсхүл Оросын цэргийн маш нууц зэвсэг байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Тэд учрыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээллээ.

Мөн тэдгээр гэрэл зургууд интернэтээр нэлээдгүй маргаан үүсгээд байгаа аж. Интернет хэрэглэгчид үүнийг солир, нисдэг таваг, хиймэл дагуул, эсхүл Украины нөхцөл байдалтай холбоотой Оросын цэргийнхний зэвсэг ч байж магадгүй хэмээн өөрсдийнхөөрөө янз бүрийн таамаг дэвшүүлж эхэллээ.

Ямартай ч, Аляскийн цагдаагийн газрын мэдээлснээр онгоц алга болсон, осолдсон гэх мэдээлэл ирээгүй гэв.

Аврагчид нисдэг тэргээр Лэйзи уулыг бүтэн тойрч ажиглалт хийсэн ч ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй, онгоц сүйрсэн шинж тэмдэг олж илрүүлээгүй байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ХӨВСГӨЛ АЙМАГ: Түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого 50 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Хөвсгөл аймгийн 3асаг даргын захирамжаар Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж тооллогын ажлыг өнгөрсөн оны 12 сараас эхлүүлжээ.

Тус аймгийн хувьд Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал 8, аймгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал31 бүртгэлтэй бөгөөд улсын тооллого өнөөдрийн байдлаар 12 суманд зохион байгуулагдаж 50 хувьтай үргэлжилж байна. Энэ удаагийн улсын тооллого Улс, аймгийн хамгаалалтад орших үл хөдлөх дурсгалыг тоолж2015 оны тооллогоосхойш шинээр илрүүлсэн дурсгалуудыг бүртгэн баримтжуулж байгаараа онцлог гэдгийг Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газрын мэргэжилтэн Х.Баасансүрэн хэлж байлаа.


2015 оны тооллогоор Хөвсгөл аймагт 11081 ширхэг соёлын үл хөдлөх хөрөнгийн дурсгалтоологдож байжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Вирусийн ертөнцөөр аялахуй DNN.mn

“Нэпко паблишинг”-аас орчуулан гаргасан “Вирусийн ертөнц” гэдэг тунчиг сонирхолтой нэгэн номын тухай товчхон бичье гэж бодлоо. “Зугаатай ч гэмээр, аймшигтай ч гэмээр энэ номыг хүн бүхэнд ойлгомжтой хэлбэрээр бичжээ” гэх тодотголтой эл бүтээлийг Еэлийн их сургуульд шинжлэх ухаан байгаль орчны талаарх хялбарчилсан зохиол хэрхэн бичих тухай хичээл заадаг, алдартай нийтлэлч Карл Циммэр хэмээх эрхэм бичжээ. Дэлхийн нийт хүн амын бараг долооны нэг шахуу нь вирусээс гаралтай архаг болон цочмог өвчнөөр өвддөг аж. Цагаан цэцэг мэтийн зарим өвчнийг үүсгэгч вирус нь устаад үгүй болсон ч гэлээ өөр өөр төрлийн вирусийн гаралтай өвчнүүд шинээр гарч ирсээр байдаг. Эдгээр нь хүн төрөлхтний хувьд хэцүүхэн асуудлын нэг хэвээр байсаар байгаа юм.

Вирус гэгч өчүүхэн жижиг биетийн талаарх чухал, чухал зүйлсийн талаар эрдэмтэд ХХ зууны эхэн үе хүртэл төдийлөн сайн мэддэггүй байж. Тухайн үед вирус судлал хэмээх салбар дөнгөж л хөгжих эхлэлээ тавьж байсан үе. Эрдэмтэн судлаачид ч айхтар өвчин үүсгэдэг вирусүүдийг л онцгойлон анхаарч судалж байснаас бусдыг нь төдийлөн анхаарч авч үздэггүй байжээ. Харин вирус гэгч нь өөрийн гэсэн агуу том ертөнцтэй эд юм аа гэдгийг дэлхийн нэгдүгээр дайны үед л Фредрик Творт, Феликс Д Эрель гэдэг хоёр эмч тун санамсаргүйгээр нээжээ.

Их нээлтүүд заримдаа алдаа шиг санагдах үе байдаг гэнэ. Гэвч энэ нь зөвхөн эхний үедээ л шүү. 1986 онд Лита Проктор гэх нэгэн эрдэмтэн далай тэнгисийн усанд хэр зэрэг олон вирус байдаг тухай судалгаа хийж үзэхээр шийджээ. Тухайн үед далайн усанд вирус байдаггүй гэж дэлхий нийтээрээ боддог байж. Учир нь далайн уснаас вирус хайгаад олж чадаагүй, ганц нэг олдсон нь хуурай газраас усны хоолойгоор дамжин орсон байж таарна гэж үздэг байж л дээ. Тиймээс тэнгис далайн усанд вирус яг байдаг уу, үгүй юү гэдэг дээр судлаач эрдэмтэд нэгдсэн ойлголтгүй байсан байх нь.

Проктор судлаач энэ тэрүүгээр аялж, Карибын тэнгис, Саргассын тэнгисээс дээж аваад лабораторидоо боловсруулж, шинжилтэл вирусийн бүхэл бүтэн ертөнц тэнд бужигнаж байх нь тэр. Хөвж яваа вирусүүд бүр нянгийн дотор үржээд, тэндээ нуугдасхийгээд байж байгаа үй түмэн вирусийг олж харжээ. Мөнөөх судлаач маань өөрийн шинжилсэн дээжид байх вирусийг тоолоод, литр усанд байх тоог нь гаргажээ. Тэгээд тэнгисийн ганцхан литр усанд байх вирусийн тоог зуун тэрбум гэж тоолсон байх юм. Аймшигтай их тоо байгаа биз.

Бид гадаад дотоодод аялж зугаалж явахдаа далай тэнгисийн усанд ордог. Тэр үедээ тэрбум тэрбум вирусүүдтэй “найзалдаг” болж таарлаа. Хэрэвзээ тэнгис далайн их усанд байгаа бүх вирусийг цуглуулаад жигнэж үзэх аваас даруй далан таван сая цэнхэр халимтай тэнцэхүйц жин татна. Бас тэдгээр вирусийг цувуулаад тавилаа гэж бодоход 42 сая гэрлийн жилтэй тэнцэхүйц урт болно гэж тооцоолжээ. Тэгэхээр ямар агуу ертөнц вэ гэж уулга алдахаар байгаа биз. Далай тэнгисийн усанд өдөр бүхэн 100 тэрбум вирус үүсч, үүсмэгцээ шинэ нянгуудад халдварлаж байдаг ажээ.

Хүн төрөлхтөн янз бүрийн вирусээр халдварлаж өвчлөхдөө үнэхээр “гаргууд” бөгөөд тэр хэрээр шинэ вирусүүд үүсгэж байдаг. Тэжээвэр гахайнаас гэхэд л халдвар авангуутаа өмнө огт байгаагүй цоо шинэ вирус үүсгэчих жишээтэй. Хаа байсан ширэнгэн ойд байгаа шимпанзе сармагчингаас хүртэл ДОХ-ын вирус авчихна. Тэр нь шинэ вирус болоод өнөөдөр дэлхий дахины толгойн өвчин болчихоод байгаа билээ. Харамсалтай нь тэрхүү шинээр үүсгээд байгаа вирусээсээ салж чадахгүй байдаг нь тиймхэн.

Хүн төрөлхтөн вирусийн эсрэг элдэв эм тан эмчилгээг яаж ийгээд гаргаж аваад байх хэдий ч нөгөө гайхлууд нь яаж ийгээд эм домноос бултаад байгаа төдийгүй заримдаа бүр хүчирхэг болчихно. Яахав элдэв эмчилгээ, эм тан нь вирусээр үүссэн халдварын хор уршгийг нь л багасадаг байна. Юутай ч шинжлэх ухааны өнөөгийн өндөр хөгжил, эрдэмтэн судлаачдын уйгагүй хөдөлмөрийн үр шимээр ухаант хүн төрөлхтөн арай ч вирусээр хиараад дуусахгүй биз.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

SpaceX: Аялал жуулчлалын зориулалтаар сансрын станц байгуулна DNN.mn

1998 онд хөөргөсөн ОУ-ын сансрын станцын ашиглалтын хугацаа 2030 онд дуусах бөгөөд түүний халааг авах шинэ станцыг SpaceX-ийн охин компани болох Axiom Space байгуулахаар төлөвлөж байна.

Шинээр байгуулах станц нь судалгаа шинжилгээний ажилд ашиглагдахаас гадна сансрын аялал жуулчлалд зориулсан буудлын үүрэг давхар гүйцэтгэх юм.

Хувийн хөрөнгөөр бүтсэн анхны сансрын станц ашиглалтад орсноор шинэ төрлийн аялал жуулчлалын бизнес цэцэглэх хүлээлт бий. Тухайлбал, өнөөдөр хөөрсөн Crew Dragon сансрын хөлгөөр ОУ-ын сансрын станцыг зорих 10 хоногийн аяллын хөтөлбөрөөр жишээ татаж болно.

Crew Dragon хөлгийг өнөөдөр (2022.04.08) орон нутгийн цагаар бага үдийн 11.00 цагийн үед хөөргөсөн юм. © Bloomberg

SpaceX: Аялал жуулчлалын зориулалтаар сансрын станц байгуулна

Тус хөлгөөр нисэхийн тулд АНУ-ын иргэн Л.Коннор, Канадын иргэн М.Пати, Израилын иргэн Э.Штибе нар тус бүрдээ 55 сая ам.доллар Axiom Space компанид төлсөн бөгөөд ОУ-ын сансрын станцад байрлах хугацаанд лабораторийн туршилт гүйцэтгэх, арилжааны сурталчилгаа хийх, нэрт тогооч Х.Андресийн тусгай жороор бэлтгэсэн зоог барих зэрэг үйл ажиллагаа тэдний аяллын хөтөлбөрт багтжээ.

Л.Коннор, М.Пати, Э.Штибе нартай хамт НАСА-гийн туршлагатай ахмад нисгэгч М.Лопез-Алегриа аялах бөгөөд тэрээр тэтгэвэртээ гарсныхаа дараа Axiom Space-ийн бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм.
Л.Коннор, М.Пати, Э.Штибе нартай хамт НАСА-гийн туршлагатай ахмад нисгэгч М.Лопез-Алегриа аялах бөгөөд тэрээр тэтгэвэртээ гарсныхаа дараа Axiom Space-ийн бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм.© Bloomberg

Энэхүү аялал зах зээлд өндөр эрэлттэй байгаа агаад дараагийн хоёр аяллын захиалга хэдийн дууссан байна.

Эх сурвалж: Bloomberg