Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун (7)

8Түрүүч нь
¹154, 155, 156, 158 (4794, 4795, 4796, 4798) дугаарт
8

Буриад бол манай зарим иргэдийн хувьд худалдаа наймаа хийдэг томоохон
газар нь. Наймаачид Хятадаас авсан бараагаа галт тэргээр Улаан-Үд рүү зөөнө. Нэгэн
үе Улаан-Үд монгол наймаачдаар дүүрчээ. Том том цүнх үүрсэн наймаачид хотын гудамж,
талбай, орон сууцны хороолол дундуур бараагаа бариад явна. Хүмүүс хямдхан үнэ сонсоод
хаана ч хамаагүй наймаа хийнэ. Дэлгүүр хоршоо, автобусны буудал, гэрийнхээ үүдэнд
хүртэл. Сүүлдээ эндхийн иргэд монгол наймаачдаас залхах хандлагатай болж. Засаг
захиргааны зүгээс энэ байдалд анхаарал хандуулж монгол наймаачдад зориулсан худалдааны
төв, дэлгүүр хүртэл гаргаж өгчээ.

Монгол гэсэн тодотголтой тэр дэлгүүрээр нь орвол голдуу Эрээний бараа
байх аж. Бараанууд нь хямдхан. Сонголт ихтэй. Одоо монгол наймаачид “гахай”-гаа
үүрээд Улаан-Үдээр хэсэхээ больсон гэнэ. Хятад-Монгол-Улаан-Үд гэсэн чиглэлд наймаа
арилжаа хийж амьдардаг монголчууд Улаан-Үдэд байр хөлсөлдөг юм байна. Тэндхийн монголчууд
бие биенээ танина. Тэр байрны төдөн давхарт хоёр монгол амьдардаг. Харин тэр байранд
хоёр монгол айл байдаг гэхчилэн заана.

Хөлсний байр гэснээс Улаан-Үдэд байрны үнэ манайхтай харьцуулбал
өндөр. Нэг өрөө шинэ байр байршил, зэрэглэлээсээ хамаарч 1.5-2 сая рублийн үнэтэй.
Сүүлийн үед орон сууцны хорооллууд ихээр баригдах болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор
залуу гэр бүлүүдийг ипотекийн зээлд хамруулах ажил ид өрнөж байна.

Улаан-Үдийн зун ерөнхийдөө халуун бүгчим. Их мөрний хөвөөнд байдаг
болохоор агаар нь ихэд чийглэг. Гудамжны моддын навчисыг нь имэрч үзэхээр өчүүхэн
ч тоос, тортоггүй. Нов ногооноороо. Зүлэг, ширэг нь ч мөн адил.

Харин өвөлдөө хүйтэрнэ. Ямар сайндаа цаа бугын арьсан гутал өмсөх
вэ дээ. “Юун ноосон малгай вэ. Өвөл дан малгайтай явна гэж байхгүй шүү” гэцгээнэ.
Ноосон малгай өмсвөл дээгүүр нь куртикнийхээ малгайг давхар өмсөнө. Цаг агаарын
хэм хасах 36 хүрч хүйтэрвэл цэцэрлэг, сургуулийн бага, дунд ангийнхан нь хичээлдээ
явахгүй. Хүүхдүүд урьд орой нь цаг агаарын мэдээ заавал үзнэ. Агаарын хэм -38 хүрвэл
ахлах ангийн сурагчид хичээлдээ явахгүй, Онцгой байдлын газраас нь онц байдал зарлана.

Улаан-Үдийн охид, залуусын арьс нь тунгалаг, нүд нь жавхлааг байдаг
нь зөөлөн, цэвэр агаар, устай нь холбоотой гэж Оросын бусад муж, улсуудын залуус
ярьдаг гэнэ.

Буриадууд оросуудыг орос гэхээсээ илүүтэй орд, мангад гэж хэлж, ярьдаг
нь сонирхол татсан билээ.

Улаан-Үдэд саатахдаа тэндхийн буриад иргэдтэй хөөрөлдсөн юм.

 

ЦЭДЭВ: БУРИАД ЗАЛУУС ЭХ ХЭЛЭЭ МАРТАЖ БАЙНА

Хөлсний тэрэгний жолооч Цэдэв.

-Та
такси бариад хэдэн жил болж байна вэ?

-Есөн жил болж байна.

-Та
аль аймгийн хүн бэ?

-Буриад улс чинь хорин аймагтай шүү дээ. Би Зэдийн аймгийнх.

-Буриадын
аймгуудыг эхнээс нь нэрлэвэл?

-Баргажин, Зэд, Сэлэнгэ, Хиагт, Түнхэн, Хурамхан, Яруун, Хорь, Тарвагатай,
Мухар шивэр гээд хорин аймаг бий.

-Сүүлийн
үед буриад залуус өв уламжлалаа сэр­гээж, хэл, соёлдоо ихээхэн анхаарал хандуулж
байгаа гэлцэх юм?

-Хөдөө аймгуудад ажил төрөл олдохгүй, бүгд төв бараадаж байна. Төвд
орж ирээд энд тэнд юм хийгээд л явцгааж байна. Хөдөөнийхөн ёс заншлаа авч үлдэх
талдаа сайн. Аав, ээжүүд, өндөр настнууд нь хүүхэд залуустаа хэл, ёс заншлаа хэлж
өгдөг юм.

-Улаан-Үдэд
ирсэн залуус голдуу ямар ажил хийж байна вэ?

-Худалдаа наймаа хийнэ. “Абсолют”, “Титан” гэсэн сүлжээ дэлгүүрүүдэд
ажиллацгаана. Барилга дээр ч ажиллаж байна.

-Залуус
үүх түүхээ хэр мэддэг вэ?

-Муухан даа. Хэдий хил зааглахад ахан дүүс салсан ч цаг сайхан болсон
болохоор бие биенийдээ байнга зочилц­гоодог. Бид чинь Улаанбаатар руу байнга явна.
Худалдаа наймаа хийнэ.

Намайг жаахан хүүхэд байхад нагац ахынх маань Монголд байдаг байсан
юм. Хожим нь сураг тасарч холбоогүй болчихсон.

-Та
буриадаар сайн ярьдаг юм байна шүү дээ. Гэртээ буриадаар ярих уу?

-Тэгэлгүй яахав. Манайхан хоорондоо буриадаар ярина. Улаан-Үдэд удчихаараа
л хэлээ мартчихдаг юм.

-Цагаан
сараа яаж тэмдэглэдэг вэ, танайх?

-Битүүндээ мах чанаж, бууз жигнэж идээд сүүгээ ууна. Маргааш нь аав,
ээждээ айлчилж очно доо. Дүү нар минь манайд ирж золгоно. Хотуудаар явж ахан дүүсийнхээрээ
орно.

-Дацангуудад
найр болдог гэх юм?

-Хурал ном хураад зон олноороо цуглаж, эрийн гурван наадмаа хийдэг.

-Монгол
ардын дуунуу­даа хэр дуулдаг вэ. Та дуулна биз дээ?

-Би дуулдаггүй. Спортоор явсан болохоор хоолой муутай (инээв). Монгол
дуу дуулдаг хүмүүс олон байдаг юм. Манай хамаатан садангууд бүгд монгол дуу мэднэ.

 

ЕСҮХЭЙ: БИ ОЛОН МОНГОЛ НАЙЗТАЙ

29 настай, өмгөөлөгч, маркетингийн менежер мэр­гэ­жилтэй Есүхэйтэй
ярилцлаа.

-Буриад
хэлээ хэр мэддэг вэ?

-Сайн мэднэ шүү. Буриад дуу ч мэднэ. Миний үеийн залуус буриад хэлээ
сэргээх гэж, сурах гэж их эрмэлзэх болсон. 1990-2000 оны үед бол юун эх хэлээ сурах
тухай бодох вэ, нийгэм хүнд байсан цаг. Харин одоо хэл соёлдоо анхаарал хандуулах
цаг нь болсон. Ер нь буриадуудын 90 хувь нь өөрсдийгөө Монгол гэж боддог.

-Таны
үеийн буриад залуус Улаан-Үдэд ихэвчлэн ямар ажил төрөл эрхэлж байна вэ. Нийгмийн
байр суурийг нь сонирхвол?

-Миний эргэн тойрны, миний таньдаг залуусын дийлэнх нь буюу жараад
хувь нь төрийн албан байгууллагад ажиллаж байна. Үлдсэн хувь нь худалдаа наймаа
хийж, өөрийн гэсэн бизнес эрхэлж байна.

-Ажилд
ороход ямар нэг хүндрэл байдаг уу?

-Буриад дарга нь буриад хүнийг ажилд авна. Орос дарга нь орос хүнийг
ажилд авдаг. Ерөнхийдөө ийм хандлага бий.

-Буриад
залуус ямар зан чанараараа ажлын байран дээрээ гайхагддаг вэ?

-Ажлаа сайн хийгээд явбал чи буриад, чи орос гэсэн ойлголт байхгүй
л дээ. Гэхдээ буриад залуусыг ажилдаа үнэнч, хөдөлмөрч, чадварлаг, хариуцлагатай
гэж үнэлдэг тал бий.

-Монголд
очихоор Улаанбаатарын хаагуур явах дуртай вэ?

-Гандан орно. Тэрэлж явна. Хотын төв болон III, IV хорооллоор явдаг.
Улаанбаатарыг сайн мэднэ. Монголд рубль хэдэн төгрөгт хүрч байна гэсэн бэ?

-54 төгрөг.

-Тэгвэл ойрмогхон явъя байз. Рубль Монголд үнэд орвол бидэнд ашигтай
шүү дээ (инээв). Би Монголд очих дуртай. Тэнд миний олон найз бий. Би өөрийгөө Монголын
нэг хэсэг гэж боддог. Хэрвээ Монголд надад тохирох боломжийн ажил байвал хэзээ ч
явахад бэлэн байна.

Би буриад хэл мэддэггүй найзуудаа шоолдог юм. “Ичих­гүй байна уу,
буриад хэлээ мэдэхгүй байгаадаа” гэж.

Буриад улс тэр дундаа Улаан-Үд бол их тайван газар. Хүмүүс нь уужуу
сэтгэлтэй. Энд буриад, орос гэсэн зааг ялгаа ер нь гардаггүй юм. Зон олон нь ижилсчихсэн.
Москва ч юм уу Оросын зарим газруудад үндэсний үзэлтэй нөхдүүд бусдыг хавчих үзэгдэл
гаргадаг л даа. Харин Улаан-Үдэд тийм зүйл барагтай бол тохиолддоггүй. Залуус нь
эв найртай. Сайхан ч нөхөрлөдөг.

Би Улаанбаатарт очоод автобуснаас буухад хэзээ ч харь улсад очсон
юм шиг сэтгэгдэл төрдөггүй юм. Ганцаараа явчихдаг. Ерөөсөө юунаас ч айж эмээдэггүй.
Чемоданаа чирээд л дуртай газраараа алхчихдаг. Гоё байдаг.

 

БААТАРДОРЖ: БУРИАД ХЭЛ МИНЬ МАРТАГДААД Л БАЙНА

Хүний нөөцийн менежер мэргэжилтэй Баатартай ярилцлаа. Тэрээр 27 настай.

-Буриад
залуус хүссэн мэргэжлээ эзэмшээд хүссэн газартаа ажилд орох боломж хэр байдаг вэ?

-Хүн хүнээсээ шалтгаална. Өөрөө хүсээд тэмцвэл хүссэн газартаа ажилд
ордог. Энэ тал дээр ер нь шударга шүү. Үүнд хааж боогоод байдаг зүйл байдаггүй.

-Нэр
усаа гаргаад амжилттай яваа буриад залуусаа дурдвал?

-Эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа залуус салбар салбарт л байна.
Улс төр, бизнес, урлаг гээд олон.

-Та
буриадаар ярьдаг уу?

-Буриад хэл минь мартагдаад л байна (буриадаар ингэж хэлэв). Би багадаа
их сайн ярьдаг байсан. Байнга ярихгүй болохоор мартчих юм.

Би хүүхэд байхдаа Монгол руу их явдаг байлаа. Одоо манай ахан дүүсийн
хүүхдүүд Монголд очиж сурдаг.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хуруу зайг буцааж авмаар байна

Бидний амьдралын байн¬гын хэрэглээ хуруу зай аюултай хог хаягдалд ордог. Манайхан хуруу зайнаас эхлээд бусад аюултай хог хаягдлаа ангилж устгах талаар санаа тавьдаггүй. Хортой аюултай бодисоо хогийн цэгт зүгээр л хаячихдаг нь хөрс, усыг хордуулж,  орчны бохирдол үүсгэж өвчний эх үүсвэр болж байдаг. Монголчууд хорт хавдраар хамгийн их өвддөгийн шалтгааныг холоос хайх хэрэггүй. Зарим нь хэрэглэж дууссан хуруу зайгаа зүгээр л гал руугаа шидэж далд оруулдаг нь хамгийн  хор хөнөөлтэй аргаар устгаж байгаа хэрэг.  Хорт бодисыг шатаахаар хорыг нь уушиглаж байгаатай агаар нэг.  Хэрэггүй болсон хуруу зайг хазаж шамшийлгах, хүүхдээрээ тоглуулах нь бүр ч аюултай. Хор идэж байгаа хүүхэд гээд төсөөл дөө. Ихэнх хүмүүс хуруу зайгаа хог руугаа шидэж орхидог. Хөрсөнд хорт бодис нэвчих аюултай учраас энэ ч сайн арга биш. Хуруу зай хорт хавдар үүсгэдэг бодис ялгаруулдаг гэнэ шүү. Хөгжсөн орнуудад дэлгүүр, супермаркетуудад хуруу зай буцааж залгидаг төхөөрөмж ажиллуулдаг юм билээ. Хэрэггүй болсон хуруу зайгаа энд буцааж, орчны бохирдлоос сэргийлэх нь иргэний хариуцлагаа ухамсарлаж буйн илэрхийлэл. Зарим оронд хуруу зайгаа буцаасны төлөө урамшуулал өгдөг юм байна.  Хуруу зайнд хорт бодисоос гадна ашигтай элементүүд ч бас бий. Түүнийг нь ялгаж авах боломжтой. Хуруу зайг дахин боловсруулах жижигхэн батарейны цех байхад л нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. Хорт хог хаягдлаасаа цэвэрхэн сална. Бас үйлдвэрлэл явуулаад, ажлын байр бий болгоод, бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг олчихно.

Б.ЯНЖМАА   

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

ГЕГ-ын О.Ганбатын “шинэчлэл” гэх шоуны үнэн нүүр царай

Өнгөрсөн жилийн сүүлээр гаалийн байцаагч сонгон шалгаруулж авсан байдаг. Тус шалгаруулалтад 500 гаруй байцаагч орсон гэж байгаа. Төсвийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг энэ байгууллага яагаад ийн нэг дор олон байцаагч авч байгаа нь асуудал дагуулж, санал гомдол нь одоо ч тасрахгүй байгаа аж. Шалгаруулалт хэр үнэн зөв явагдсан бэ гэдэг асуудалд  холбогдох албаныхан шалгалт оруулсан байна. Шалгалт нэртэй ч энэ нь  цаасан дээр баримт үлдээх гэсэн төдий зүйл болж,  шалгаруулалтад дийлэнх нь оролгүй авлига өгсөн байж болзошгүй байгаа гэнэ.Тухайлбал, шалгаруулалтад дарга нарын гуйлт, МАХН-ын  гишүүдийн  ах дүүс байгааг хэлж буй юм. Гаалийн байцаагч шалгаруулна гэсэн зарын дагуу олон ч хүн гаальд орохоор зүтгэсэн байна. Үүнийг дагаад  авлигын ханш арван саяар нэмэгдсэн бололтой. Нэг удаадаа л гэхэд О.Ганбат дарга 40 гаруй  гаалийн байцаагчийг нэг өдөр тангараг өргүүлж, Замын-Үүдийн гаальд ажиллуулахаар илгээжээ. Энэ нь гаалийн салбарт урьд өмнө нь гарч байгаагүй гаалийн байцаагч нарын “бөөндөлт” болж, “дөчдөх” гэсэн нэр томъёог гаргаад байгаа аж. Мэдээж энэ дунд өөрийн  хүч чадлаараа орсон нэгэн байх хэдий ч дийлэнх нь гуйлгын хүн байсан бололтой юм.

Н.Энхцогт гэж хэн бэ?

Сонгон шалгаруулалт нэрээр явсан гаалийн байцаагч нарыг төрүүлсэн гол хүмүүс нь  ГЕГ-ын дарга О.Ганбат,  дэд дарга Н.Энхцогт, Төрийн захиргаа, хүний нөөцийн газрын дарга О.Даваасүрэн нар  хэмээн буруутгах ч хүмүүс байгаа юм. Бүр тодорхой хэлбэл МАХН-ын  Удирдах зөвлөлийн   хурлаар зарим гишүүд нь хэн гэдэг хүнийг гаалийн байцаагч болгох саналтай байгаагаа ГЕГ-ын даргад хэлж, тэр нь ёсоор болгосон. Түүнийг нь баримт болгон авсан хүн ч байгаа гэнэ. Тэр бичлэгт  дээрх албан тушаалтнуудыг  бусдаар дайлуулж цайлуулж, ямар шан харамж авах, хэдэн төгрөгийн хахууль ярьсан нь  байсан гэх. 

ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт нь геологич, инженер мэргэжилтэй. Түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын хүн гэж ярих нь бий. Ингэж ярьж буй шалтгаан нь  Н.Энхцогт Ерөнхий сайдтай  хамт арван жилийн сургуульд  сурч байжээ. 2005 онд гаальд орж, Улаанбаатар хотын гаалийн газрын орлогч дарга хийж байгаад ГЕГ-ын хяналт шалгалт хариуцсан дэд даргаар дэвшин ажиллаж буй гэнэ.

 Сэлгэн ажиллуулсан гэх гаалийн байцаагчдын тоо

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэлгэн ажиллуулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор  өнгөрсөн онд 384 гаалийн улсын байцаагч, 2014 оны нэгдүгээр улиралд 314 гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулсан байна. Энэ нь төрийн тусгай албан тушаалд ажиллаж буй нийт 1128 гаалийн улсын байцаагчийн 74 хувь гэж үзэж болж байна. Харин энэ сэлгэн ажиллуулах нэрийн дор  ГЕГ-ын  дарга нарын танил тал ойр дотнынхон нь аль боломжтой  газар нь очиж амжсан гэх яриа ч бий. Албан хаагч нэмж аваад тэрбээр зөвхөн сэлгээ маягаар ажиллуулах нэрээр  мөнгө босгосон гэх баримт хөвөрнө. Энд жишээ татвал  бас л  зарим гаалийн ажилтны нэр усыг дурдах болно.

 Сэлгээнд хамрагдахгүйн  тулд 50 сая төгрөг өгөх хэрэгтэй гэнэ

 Иймд  нэр усыг нь зарлалгүйгээр нэгэн айлд тохиолдсон явдлыг дэлгэе.  Нэг гэр бүлийн хоёр гаалийн байцаагч. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй аж.  Гэтэл О.Ганбатын зохион байгуулаад буй сэлгээнд эхнэр нөхөр хоёулаа орж, хөдөө орон нутагт томилогдохоор болсон байна. “Хүүхдүүдээ яах вэ” хэмээн удирдлагадаа хэлж Улаанбаатарт үлдээгээч хэмээжээ. Ингээд үлдэхдээ  нэг нь л гэхэд авлигад 50 саяыг өгөх болсон гэнэ. Үндсэндээ сэлгээ гэх нэрээр ч ГЕГ-ын удирдлагууд мөнгө босгож чадаж буй бололтой. Хэдийгээр  гаалийн байцаагч нарын 74 хувийг сэлгэн ажиллуулсан гэж байгаа боловч нөгөө талдаа тэр хэмжээний хөрөнгө сэлгээнээс босгосон байх магадлал өндөр байгаа юм.

Авлигын мөнгө МАХН-ын дансанд ордог уу?

  Гаалийн байцаагч болоход 30 сая, сэлгээнд хамрагдахгүй үлдэхийн тулд буюу хүссэн газраа томилогдохын тулд 50 сая гэх мэтээр өгсөн авлигын мөнгөний тодорхой хувь нь МАХН-д ордог гэх мэдээллийг гаальчид өгч буй юм. Нэгэн цагт МАН-ыг МАХН нэртэй байхад нэгэн намыг санхүүжүүлж, явсан түүх ГЕГ-т бий. Тэгвэл энэ удаа ч ГЕГ МАХН-ыг санхүүжүүлж буй бололтой. ГЕГ-ын удирдлагуудын  дээрх аргаар мөнгө босгож буй нь хэрэв үнэн бол аудитын шалгалт оруулах тухай ч яригдаж буй юм. Шинэчлэл нэрийн дор ийм л явдал ГЕГ-т өрнөж буй бололтой.

Халагдсан хүмүүс буруугүй болохыг шүүхийн тогтоолуудаас харж болно

Газар хороодынхоо дарга нарын хууль бус үйлдлийг нь дэлгэсэн, ёс зүйн талаар нь  шүүмжлэл өрнүүлсэн 20 гаруй хүнийг ГЕГ-ын дарга ажлаас нь халжээ. Учир нь түүний намчирхан албан тушаалд томилсон хүмүүс нь ирээд хууль зөрчиж, хөрөнгөжих гэдэг гэнэ. Тэдний энэ  хууль бус явдлуудыг дэлгэсэн байцаагч нарыг О.Ганбат цээжээрээ хамгаалж,   өөдөөс нь цорволзлоо хэмээн ажлаас нь халж байсан аж. Түүнийг хувийн компанидаа ажиллаж буй мэт зоргоороо төрийн албан хаагчдыг халдаг гэх яриа бий. Ажлаасаа хууль бусаар халагдсан гэх зарим байцаагчид эхнээсээ шүүхийн байгууллагад ханджээ.  Тэдний дийлэнх нь  шүүхээр заргалдаж, шүүхийн анхан шатанд ялалт байгуулаад байгаа аж. 

 Г.ЯЛГУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нөгөө талаас нь харахаар Монголын эрлийз

Тэмүүжинг ядарч явах үед дүү Бэгтэр нь элэг буруу хүнийрхээд харвуулдаг. Бүр ноцтой нь өөрөө ч түүний ууган хүү ч цэвэр хиад Боржигон  цустай эсэх нь эргэлзээтэй гэх сэрдлэг явдаг. Одоогоор бол Өвөрмонгол ээжтэй (Хонгирад) буриад зүгийн эрийн (Мэргид) нуувар хүү юм уу даа. Хожим Чингэс хаан болж өөдлөх өнгөндөө орохын цагт дайсагнагч талын мэргэд, баатрууд ирж нөхөрлөснөөр Хамаг Монголын тоо үлэмж өсөн хүчирхэгжсэн. Харин Манж лугаа уусан сураг алдраагүй нь бидний бахархал. 

Цөөхөн монголчуудад бусдыг үндэс угсаагаар ялгаварлахыг цаазалсан анхны хаан нь Чингэс ч байж мэдэх юм. Тэрээр харь угсааны олон хүүхэд үрчилсэн байдаг.

Тэгш эрх, шударга ёс, ардчиллыг тунхагласны хариуд манай тусгаар тогтнолыг дэлхий даяар хүлээн зөвшөөрлөө. Хамгийн том газар нутаг, хүн амтай, тэр хэрээрээ хавийнхаа хамаг үндэстэнг өөртөө уусгагч хоёр хөрш гүрэн хажуу дахь Монголоороо оролдохоо больсон.  

Хүний эрдэнэт бие махбодь нь тухайн  төрж өссөн нутгийн ус, агаар, хүнснээс бий болсон болохоороо тэр л газар шороо, хүн ард өөрт  илүү тохирдог. Өссөн дассан газартаа элгэмсэг байдгийн нэг учир энэ юм. Гэтэл бусдын Орос, Хятад, Негр угсаа гарвалаас зарим маань юунд тэгтлээ үргэж цочин айдаг байна аа. Сайнаар бүү хэл муугаар хардсан ч нөгөө талаасаа бас  Монголын эрлийз биш юм уу? Өөдрөг байж, өөдөлж яваа бол юмсыг сайн талаас нь харж сур даа.

Ж.ГАНГАА

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун – томилолт(6)

Түрүүч нь
¹154, 155, 156 (4794, 4795, 4796) дугаарт

Үнэгэтэй
тосгоны төв гудам

Буриадын тосгоны амьдралыг сонирхохоор буриадууд голдуу амьдардаг
газруудыг сурлаа. Үнэгэтэй буюу Үнэгтэй, Ацагат буюу Ацагтад буриадууд амьдардаг
гэцгээнэ. Ингээд Үнэгэтэй рүү явдаг автобусанд суулаа. Суудлууд дүүрчихэж. Хамгийн
ард сул суудал харагдана. Очоод суучихлаа. Суудал дээр хар тортой зүйл байна. Тэмтэртэл
ундааны саванд хөлдөөсөн сүү бололтой, хүйт даана. Хажууд хүүхэдтэйгээ явсан бүсгүй
наад суудал чинь хүнтэй гэж байна. Орос залуу орж ирээд суудал нь эзэнтэй болчихсонд
дургүйцсэнгүй. Тортой юм минийх, буухдаа авна гэв. Сүү цагааг ямар хөл дороо авч
явалтай биш гээд тэврэх шахуу өвөр дээрээ тавилаа.

Үнэгэтэй тосгон Улаан-Үдээс зүүн тийш наяад километрт оршино. Замын
дунд явж байтал хүчтэй аадар бороо асгалаа. Үнэгэтэйд буухад бороотой байх нь. Шүхэргүй
гараад ирсэн хэцүүдэх нь гэж бодогдов. Замын хажуугаар өнгөрөх замын тэмдэг, тэмдэглэгээ,
газар усны нэрүүдийг сонирхсон шигээ хэрэндээ л ажилтай явлаа.

Эрхирэг тосгон, Тасархай гол, Даваат гол, Арвижил, Онхой тосгон,
Добо-Ёнхор, Чулуут, Хар шивэр, Ацагт гэх монгол нэрүүдийг харахаар Монголынхоо аль
нэг аймаг, суманд явж байгаа юм шиг санагдана. Автобусанд надаас өөр монгол хүн
байхгүй байгаа нь хүмүүсийн царай төрхнөөс харагдана. Ингэхэд би чинь буриад тосгон
руу очиж байна уу гэж өөрөөсөө асуухад хүргэлээ. 

Өнөө залуу тортой юмаа нэхэж байна. Өгчихлөө. Зайлуул ээждээ хотоос
сүү цагаатай очиж байгаа ачлалтай хүү байх нь гэж бодоод дуусаагүй байтал торноосоо
савтай зүйл гаргаад ирлээ. Сүү биш ээ, квас байж. Тагийг нь онгойлгоод залгилж гарлаа.
Бүр талд нь ортол нь шуналтай залгилав. Автобус бүгчим халуун гэж жигтэйхэн, бүх
цонх нь хаалттай. Цангаж явсан болохоор цэв хүйтэн квас ууж байгаа залууг хүн бүр
л шүлсээ гүдхийтэл залгин харна.

Бороо татарлаа. Хүмүүс замд нэг хоёроор буусаар Үнэгэтэйд дөрөв тавхан
л хүн ирлээ. Монголжуу төрхтэй ганц ч хүнийг автобусны цонхоор харсангүй. Монголоос
явж байгаа, буриад тосгоны аж амьдралыг сонирхох гэж байгаагаа автобусанд явсан
хүмүүст дуулгавал “Буруу газраа иржээ. Түрүүн Ацагатад буух байж. Энд буриадууд
байдаггүй, орос тосгон шүү дээ” гэж байна. Автобус 15.00 цагаас буцаад хөдөлнө.
Гучин минутын зай байсан учир Үнэгэтэйн гудмаар алхлаа. Нээрээ буриад хүн таарсангүй.
Өглөөнөөс хойш хэлэн дээрээ юм тавиагүй болохоор цайны газар сурвал байдаггүй гэнэ.
Дэлгүүрт нь орлоо. Идчихмээр юм алга. Лангуу нь ерөнхийдөө хоосон. Нэг ширхэг элэгний
нухаш байна. Үйлдвэрлэсэн хугацаа нь дуусчихаж. Нэг литрийн савтай цэвэр ус аваад
тал хүртэл нь нэг амьсгаагаар ууж цангаагаа тайлав.

Үнэгэтэй гэж энэ тосгон цагтаа сангийн аж ахуй байсан бололтой юм
даг. Энд тэнд эвдэрч хаягдсан ферм, үйлдвэрийн барилгын балгасууд. Халгай, шарилж
дүүрсэн газар. Ганцхан төв замтай. Замын хоёр талаар айлууд цуварчээ. Нүүрэн талын
л байшингуудтай. Араар нь бараг байшин савгүй. Нэг л урт сунасан тосгон. Автобус
төв замаар явсаар эцэст нь очоод эргэдэг юм байна. Ингээд автобусандаа буцаж суулаа.
Жолооч нь “Тэр холоос ирчихээд төөрчих гэж. Одоо би буриад тосгон дээр буулгаж өгье.
Харин буцахад чинь унаа байхгүй. Замын машинд дайгдаарай” гээд эелдэгхэн инээмсэглэнэ.

Ацагат буюу Ацагт тосгонд буулаа. Зүүн өмнөөс цахилгаан цахисан,
бөөн хар үүлс бараантан наашилна. Аадрын үүл. Удахгүй асгах нь. Хашааны булангууд
дээр “Раднаева”, “Доржиева” гээд биччихэж. Хүн амьтан харагдсангүй. Ядаж захиргаа,
сумын төв гэж байшин байдаг байлгүй. Дээрээ туг хатгасан байшин олж харлаа. Тийш
зүглэж явтал нэгэн өвгөн тааралдав. Сайн байна уу гэвэл “Мэнд амур” гэж байна. 

Ацагат тосгон бол буриадуудын хэдэн үеэрээ амьдарч ирсэн газар юм
байна. Улаан-Үдийн буриад тосгод дундаас иргэд нь баян чинээлэг, амьдрал ахуй нь
жигдэрсэн, бүгд ажил төрөл, үхэр малтай гэдгээрээ шагшигдана. Цагаан сарыг эндхийнхэн
өргөн дэлгэр тэмдэглэнэ. Бүр Монголоос ахан дүүс нь золгох гэж ирдэг гэсэн.

Тосгон нь дунд сургуультай учир хүүхдүүд нь бүгд их дээд сургуулийн
мөр хөөнө. Их сургуулиа төгссөн хүүхдүүдийн тодорхой хувь нь нутагтаа эргэн ирдэг
гэнэ. Энэ тосгон 130 гаруй өрхтэй. Залуус нь Улаан-Үдийн онгоцны үйлдвэрт голдуу
ажилладаг аж. Өглөө бүгд машинаа унаад хотын төв рүүгээ орчихно. Ард нь настайчуул,
үр хүүхдүүд нь үлдэнэ. Ацагатад машингүй айл бараг байдаггүй гэнэ. Яагаад гэвэл
бүгд хотод ажил төрөл эрхэлдэг болохоор хувийн тэрэггүй бол ажил нь амжихгүй. Орой
ажил тарах цагаар залуус нь ирээд тосгон дуу шуутай болно. Буриад өвөө хот руу явах
замд уул давахаар буузны газар байдаг гэв. Эхлээд юутай ч хүн амьтантай уулзъя дараа
нь хоол унд болъё гэж бодоод гудмаар нь алхав. Тэртээд нэг байшин руу хүмүүс орж
гарч байгаа нь харагдана. Тийш очлоо. “Асагадай соелой байшан” гэсэн хаягтай юм.
Соёлын төв нь. Ацагатын нэгэн залуу энд хуримаа хийх гэж байгаа гэнэ. Том зааланд
дөрвөн эгнээ урт ширээ засчихаж. Хоол унд, зууш, ундаа сархад, амттан алаглана.
Хурим 16 цагаас эхлэх зар тараажээ. Эхний зочид нь ирж байна. Бэр, хүргэн хоёр хотоос
гарч байгаа дуулдана. Тэгэхээр 18 цагаас нааш хурим эхлэхгүй нь бололтой. Соёлын
байшингаас гарч, нөгөө зааж өгсөн зүгт буузны газар руу зүглэлээ. Ацагатын даваан
дээр, дацангийн ойролцоо ирж байтал бороо ганц хоёр дусалж эхлэв. Соёлын төв рүү
буцахаар шийдлээ.

Хуримын зочид гийчид машинтай нь машинтайгаа, машингүй нь бороонд
норон гүйлдсээр ирцгээнэ. Нэгэн настайвтар эмэгтэйтэй танилцлаа. Тэр эмэгтэй тосгоныхоо
талаар танилцуулж, хуримаа хийж байгаа хосуудын талаар ярина. Залуу нь Ацагатынх
юм байна. Харин бэр нь Зэдийн аймгийнх. Бэрийн талдаа хийдэг найраа хийчихээд өнөөдөр
төрсөн газартаа, төрөлх нутагтаа ханиа дагуулж ирж хуримлаж байгаа нь энэ гэнэ.

Бороо хүчтэй шаагина. Хүмүүс соёлын төвийн үүдний өрөөнд борооноос
хоргодно. Бүгд гадагшаа харж бороо хэрхэн хүчтэй асгаж байгааг харна. Дотор биллиардны
ширээ байна. Өвгөчүүлтэй биллиард тоглолоо. Тэд ганц ч шарик унагасангүй, би ч унагаж
чадсангүй. Тэнд байсан хүмүүс намайг бэрийн талаас ирсэн үү, Зэдийн аймгийнх уу
гэж байна. Монголоос явааг дуулаад бөөн баяр хөөр болж, найрын ширээнд нэрэлхэхгүй
суугаарай. Манай буриадууд чинь зочломтгой улс, бид өөрсдөө хүргэний аав, ээжид
дуулгачихъя. Бэлэг сэлт гэж зовсны хэрэггүй. Чи өөрөө бэлэг, тэр холоос ирсэн зочин
юм чинь гээд дуу дуугаа авалцан баярлана.

Бороо шаагисаар. Тэгтэл биллиардны ширээний яг голд дээврээс дусаал
дуслаа. Эмэгтэйчүүд таваг тавиад тосчихов.

Цахилгаан цахина. Бэр, хүргэн хоёр дацан дээр ирсэн дуулдана. Дацанд
мөргөчихөөд ирэх гэж байна гэцгээнэ. Цахилгаан гялсхийж, тэнгэр дуугарав. Авгайчуул
“Ээ, бурхан багш минь! Айхавтар чанга бэр ирж байна даа” гэнэ.

Цэцэг, туузаар чимэглэсэн, гоёмсог хар саарал машин дохиогоо анивчуулсаар
бороон дундуур ирлээ дээ. Хүмүүс бүгд үүд рүү очлоо. Хоёр гурван цагийн турш хүлээсэн
мөч шүү дээ. Аав, ээж нь хүү, бэрдээ хадагтай сүү барилаа. Хүүдээ цэнхэр хадаг,
охиндоо цагаан хадаг барих аж. Залуу нь цайвар гоонжтой, бүсгүй нь цагаан даашинзтай.

Ингээд хосууд ширээ зассан танхим руу орж, зочид гийчид араас нь
дагалаа. Найр эхэллээ. Хүмүүс ширээн дэх идээ унданд хүрч, охид данхтай халуун аагтай
шаргал цай зөөнө. Гахайн мах, өөх, үхрийн хэлэн зууш, тахиа, загасны махтай салат,
өргөст хэмх, улаан лоолийн салат, давсалсан, хатаасан, чанасан загас, хар, улаан
түрстэй талх, сүши, кимбаб, усан үзэм, шийгуа, алим, чангаанз, чавганы компот, цөцгий,
чөмөгтэй чихэр гээд амттан шимттэнээр дүүрсэн ширээ. 250 гаруй зочин. Хөтлөгч нь
Буриаддаа нэртэй дуучин залуу. Мэндчилгээ дэвшүүлээд хурим эхэлснийг зарлана. Буриад
дуу дуулна. Залуу хосын ээжүүдэд зориулан буриадын “Эжий минь” дууг дуулав.

Юхэн хара хэбэл соогоо

Юумын гамтай шэрээш

Намар байгаа талхан соогуур

Намай түрөө бэлэйш

   Эжы, эжы, эльгэ зүрхэмш

   Эгээн дүтэш намдаа

   Эжы, эжы, оршон ябыш

   Элүүр энхэ зандаа…

Зочид хөтлөгч залууд нэрээ бичүүлнэ. Бичүүлсэн дарааллаараа тайзан
дээр гарч хүргэн, бэрд ерөөл дэвшүүлж бэлгээ гардуулна. Хүргэний найз нь гарч ирээд
бэрд алтан гинж бэлэглэв. Нэг эгч нь гарч ирээд мебель бэлэглэж байгаагаа хэлээд
авчирч чадсангүй. Гэрт чинь оруулж өгье гэнэ. Бас нэг ах нь хос буйдан өгч байгаагаа
хэлнэ. Садан төрлүүд нь нэг хоёроороо, ахан дүүсээрээ, гэр бүлээрээ бултаараа тайзан
дээр гарч ирж ерөөл хэлж, зарим нь халуун хошуутай мал тасалж өгч байгаагаа дуулгана.
Тайзан дээр ахан дүүс нь ийн ерөөлөө хэлж, бэлгээ өгч байхад наана нь бусад зочин
нь хундага тулгаж эхэллээ. Хундагатай зэрэгцэн шинэ хонины шөл, таван цулын шөл,
бүхэл мах, бууз ирлээ. Холоос ирсэн хүн идээний дээж сархад амсдаг юм гээд эхний
хундагыг барь гэлээ. Хоёр дахь хундагыг танилцсаных гээд тогтоо гэнэ. Гурав дахь
хундагыг аз жаргалын төлөө. Аз жаргалаа Буриадад үлдээгээд явахгүй биз дээ гэцгээнэ.
Тэгснээ дөрөв дэх хундагыг барь гэнэ. Барь гэхийгээ “Баригты” гэх. Дөрөв дэх хундагыг
эрчүүдийн төлөө барьдаг юм. Эрчүүдийг гомдоох гээгүй биз. Сайн нөхөртэй, сайхан
хөвүүдтэй болохын төлөө миний дүү наад хундагаа барь гэлээ. За тав дахь хундага
бол хайр дурлалынх байдаг юм, хамгийн чухал нь гэнэ.

Нөгөө танилцсан эмэгтэйд баярлалаа гэдгээ хэлээд, явж байгаагаа дуулгалаа.
Тэрээр “Дүү минь санаа зоволтгүй, сайхан үйл явдалтай таарлаа шүү дээ. Бид баяртай
байна. Буриад хурим маань нэг иймэрхүү болдог юм. Унаа олдохгүй бол буцаад ирээрэй.
Зочдоос хот руу буцах хүмүүс байвал машинд нь суугаад явчих” гэсээр гар даллан үдсэн
юм.

Бороо татарчихаж. Зам дээр гучаад минут гар өргөн зогслоо. Дахиад
нэлээд удсаны дараа суудлын тэрэг ирлээ. Жолооч нь буриад эр. Түүнд хуримнаас гарч
ирснээ хэллээ. Баахан хөөрөлдөв. Тэрээр Монголд ирэхээрээ говиор явах төлөвлөгөөтэй
байгаа тухайгаа, буриад залуус өв уламжлалаа сэргээх тал дээр сүүлийн үед их идэвхитэй
ажиллах болсон, ажилгүйдэл их байгаа ч буриад залуус ажилсаг зангийнхаа ачаар нийгмийн
бүхий л салбарт амжилттай яваа талаар ярьсаар Улаан-Үд рүү орж ирлээ.

 

Д.ГАНСАРУУЛ

Үргэлжлэл
бий 

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Н.Алгаа гуайн амар амьдрал

Монголын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа  гуайнд биднийг оро­ход  мань эр дөрвөн настай ач охинтойгоо хөзөр тоглож суув.  Ач охин нь Тулгын Гэрэл.   “Өвөөг дөрөв хожчихлоо” хэмээн баясангуутаа  охин хожигдсон хүнийг “Ажлаа хий” хэмээн  томорч байна.  Гэрийн эзэгтэй Тунгаа эгч “Манай энэ хэлэмгий доломгой” гэ¬нэ. Н.Алгаа гуайнх хоёр хүүтэй, ач хүү нартай. Эрчүүд олонхи гэр бүл учраас ач охин “жанжин”. Гэхдээ л эзэгтэй “Удам залгамжлах том ачдаа  хайртай” гэдгээ хэлэхээ мартсангүй.  

Зарим хүн Н.Алгаагийн эхнэр юм уу гээд “цочихоор” нь би “Тийм байна аа. Алгаа миний төрсөн нөхөр” гэдэг юм хэмээн эзэгтэй наргиа болгож билээ. 

Тунгаа эгч  гал тогоондоо гарын хоолоо хийж байна. Гэрийн эзний “ангийн олз” загас шарж өгөв. Н.Алгаа гуай зун намартаа загасанд явдаг гэнэ. “Таньдаг хүмүүс загасанд явахад дагаад явдаг юм. Хоёр, гурав хоног голын эргээр явна, амарна, ганц нэг юм дэгээдчихнэ, гогдчихно. Миний насны хүнд гимнастик болдог юм. Түүнээс биш мундаг загасчин биш” гэж гэрийн эзэн тайлбарлав.  Тэрбээр бөхөөс бусад оролдоогүй спорт гэж үгүй гэнэ. Гар бөмбөг, сагсан бөмбөг, одон бөмбөг, хокей хүртэл тоглож явсан. Ямар ч спортод эвсэлтэй ч онцгой амжилт гаргаагүй. Харин өөрч¬лөгдөөгүй ганц хобби нь ном унших аж. Хоёрдугаар ангидаа “Нууцат арал” ном уншсанаасаа хойш номын хорхойтон болсон. Сүүлийн үед түүхийн номнуудыг уншиж байгаа аж. Үүнийгээ тэрбээр социализмын үед МАХН, коммунизмын түүхээс бусдаар “цангаж” явсан  гэдгээр тайлбарлав. 

Түүний хадам аав нь  шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор Магсаржавын Санждорж байлаа.  Хүргэн хүү, хадам аав хоёрын хамтарсан нэг амжилттай ажил бий. Монгол Улс  зах зээлд орсны дараа Дэлхийн банкнаас стратегийн ач холбогдолтой салбарын талаар судалж, Ашигт малтмалын хууль боловсруулах ажил өрнөж байжээ. Тухайн үед Уул уурхайн хууль нэртэй байсан уг хуулийн ажлын хэсэгт Н.Алгаа багтсан юм. “Дэлхийн банкны хуулийн мэргэжилтнүүд хуулийн төсөл бичээд өгчихсөн” юм байх. Хадам аавдаа ажил төрлийнхөө тухай хуучлахад “Хүү минь манайх ч бас ийм дүрэм журамтай байсан” хэмээн түүх сөхжээ. 1913 онд Богд хаант Монгол Улсын Уурхайн дүрэм гэж байж. Богдын зарлигаар батлагдсан уурхайн дүрмийг өвгөн архиваас авч, крилл үсгээр буулгаж өгчээ. 38 зүйлтэй, одоогийнхоор бол концессийн эрх олгож байсан хууль аж. Жижиг хууль ч уурхай хаагдсаны дараа нөхөн сэргээлт хийх талаар ч зохицуулсан   байжээ.  Хайгуулын тусгай зөвшөөрөл нь л гэхэд “Уурхайг тэмтэрч үзэх тэмдэгт бичиг” хэмээх нэртэй. Тухайн үед ганцхан татвар авдаг. Олборлосон ашигт малтмалын  тодорхой хувийг нь улс авдаг гэрээтэй. М.Санждорж түүхчийн крилл дээр буулгаж өгсөн уг хуулийг хожим ассоциацийнхан  ном болгон хэвлэжээ.  Тухайн үед алт ухаж, ашиглаж байсан “Монголор” хэмээх нийгэмлэгт Орос, Бельги, Франц хөрөнгө оруулсан.  Төв нь Петроградад байрладаг. Зарим нэг тоног төхөөрөмжөө Америкаас авчруулж байжээ.  М.Санждорж эрдэмтнийхтэй олон жил хөрш явсан Г.Цэвээн доктор өвгөнийг шатар тоглохдоо сайн байсныг дурдаад “Хүргэдтэйгээ шатар тоглож шалгалт маягийн юм авдаг хэмээн тоглоом шоглоом болгон ярьж суудагсан” хэмээн дурссан бий. Н.Алгаа гуайг уг шалгалтаар хэр амжилттай орсныг лавлахад “Хол байсан болохоор шалгалтаар ороогүй. Гэхдээ багадаа хүн харж зогсч байгаад шатар тоглож сурсан. Бүх хүргэн шатар тоглодог. Өвөө (хадам аавыгаа хэлж байна. сурв) цагаан сар, шинэ жилээр шатрын тэмцээн хийдэг. Том хүргэн, дараагийн хүргэн хоёр шатар сайн тоглодог. Бид хоёр Эрдэнэтээс зочилж ирдэг болохоор хүндтэй. Нөгөөдүүл бүгд шалгалтаар орсон гэдэг юм” хэмээн хуучлав. 

Гэрийн эзэд эрхэлсэн ажилдаа тууштай хүмүүс юм. Н.Алгаа гуай 15 жил Уул уурхайн үндэсний ассоциацид ажилласан. Үүнийхээ 14 жилд нь гүйцэтгэх захирлын алба хашжээ. Гэргий С.Тунгаа  15 жил Ашигт малтмалын  Кадастрын газарт ажиллаж буй. Тэдний нэг гэрт орсон хугацаа ч сонирхолтой. Танилцаад долоо хоноод гэр бүл болсон гэнэ шүү. Н.Алгаа гуай энэ тухайгаа “Заяаны хань зам дээр хоёрын бидонтой зогсч байдаг” хэмээн хошигнох дуртай. Н.Алгаа гуай Зөвлөлтөд, С.Тунгаа  Монголдоо  их сургуулиа төгсөөд, Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар ирсэн байж.  Н.Алгаа найзуудтайгаа зугаалгаар явахдаа “Жимс түүж өгнө” гэж ирээдүйн гэргийнхээ хоёрын бидоныг гуйж авсан гэнэ. Аяллаас буцахдаа дотор муу байсан ч аньс түүхээр  мөлхжээ. “Хоёр литр аньсаар асуудлыг шийдэж байлаа шүү дээ” гэж гэрийн эзэн хөхөрч байна лээ.  Найзынхаа төрсөн өдөр дээр анх  “тормолзсон алаг нүдтэй” бүсгүйг олж харжээ. “Ертөнцийг үзэх үзэл, яриа хөөрөө,  гэр бүлийн амьдралын тухай санаа нийлсэн” учраас Н.Алгаа  гэрлэх санал тавьсан гэнэ.  “Зөв шийдэл болсон. Би азтай хүн гэж боддог. Хүн таньдаггүй юм шиг мөртлөө Тунгааг зөнгөөрөө мэдрээд суусан. Би намдуухан дуугүй, Тунгаа хэл яриа хурдтай. Хоёулаа хурдан түргэн байсан бол гал гарах ч байсан юм билүү гэж нөхөр нь дүгнэлээ.  Ойр зуурын юман дээр тар тур хийж байснаас биш мөнгө төгрөгнөөс болж муудалцсан удаагүй гэнэ. Гэргий нь бас “Нөгөө айхавтар асуудлаас болж муудалцаж байгаагүй” хэмээн нэмлээ. Нөхөр нь цалингаа аваад, халаасны мөнгө  үлдээгээд  эхнэртээ тушаана. “Гэр бүлийн татвар” гэж Тунгаа түүнийг нь тодорхойлов.  “Алт мөнгө зүүдэггүй, харшилтай. Энэ жил харин яасан юм, өөрчлөлт гарах шинжтэй” хэмээн нөхөр нь гэргийнхээ тухай ярив. Харшилтай гэхээр нь хашилтанд хүлээж авсан чинь шууд утгаараа юм байна. Тунгаа ховорхон тохиолддог алтны харшилтай хүн аж. Харин саяхнаас жижиг ээмэг зүүж эхэлжээ. “Гоёл чимэг хэрэглэхгүй, булга  нөмрөхгүй, гоо сайхны бараа ч хэрэглэдэггүй зардал багатай эхнэр шүү” гэж нөхөр нь инээж байна. Гэргий нь “Тослог арьстай болохоор будаг хэрэглэдэггүй юм” хэмээн тайлбарлав. “Булган дээлэнд дургүй” гэж хэлэх хэрэггүй, хүмүүс юу гэж бодох юм хэмээн нөхөртөө сануулж байна.  Алтны үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан нөхөр нь гэргийдээ хэд хэдэн удаа алтан ээмэг бэлэглэсэн. “Алийг нь ч зүүгээгүй” гэлээ. Гэргий нь харин ач охиндоо нэг насных нь төрсөн өдрөөр мөнөөх гоёлуудаа бэлэглэсэн аж. 

-Хувцас цэвэрхэн, таарсан байх хэрэгтэй гэсэн гэрийн хүмүүжилтэй гэж Тунгаа эгч тайлбарлав. Тэгвэл өөр ямар нэг шунадаг юм байдаг уу гэж хэрэгт дурлахад маань эзэгтэй “Хүн юм чинь шунал байж л таарна” гээд хэсэг бодов. “Шунадаг юм алга аа” гэж нөхөр нь өмнөөс нь хариуллаа. Эднийх  нүдэнд дулаахан сайхан айл юм. 

Нөхөр нь гэрийн ажил нэг их хийдэггүй   ч хөдөлмөр хөнгөвчлөх зүйлсэд маш их ач холбогдол  өгдөг гэнэ.  Угаалгын машин авах хэрэгтэй гэж нөхөр нь эхнэрээ ятгаж байсан гэнэ. Тунгаа эгч санхүү барьдаг болохоор түүнээс  зөвшөөрөл авах хэрэгтэй байж л дээ.  Монголд анх удаа пейж орж ирэхэд нөхөр нь гүйж яваад л авч өгч байж.  Анх айл гэр болохдоо авч байсан кресл хэмээн гэргий нь үнэт зүйлээ танилцуулав. Мөн аавынхаа хэрэглэж байсан чийдэн, ээжийнхээ хэрэглэж байсан жижигхэн хөөрхөн хөнгөн цагаан савыг нандигнаж явдаг аж.  Манай зурагчин мөнөөх кресл дээр гэрийн эздийг сууж байгаад зургаа  татуулахыг хүсэв. Тунгаа эгч “Алгаа царай муутай мөртлөө сүүлийн үед зурган дээр гоё гардаг болоод байгаа” хэмээн атаархлаа. Гэрийн эзэн “Эр хүн нэг их царайлаг байх шаардлагагүй” гэж хариу барив. Оросууд эр хүн мөнгөтэй, ухаантай, үнэртэй, үстэй, тэгээд сармагчнаас арай царайлаг байхад болно гэдэг хэмээн нэмж хачирлав. Үнэртэй гэдгийгээ оросууд учраас  хулмасыг хэлсэн болов уу  хэмээн тайлбарласан.

Тухайн үедээ Н.Алгаа 1200 төгрөгийн цалинтай. Орлогч сайдын цалинтай явж. Мөнгөө хуримтуулж байгаад гэргийтэйгээ хамт 1989 онд Зүүн Германд очиж үзжээ. “Гурав дөрвөн жил мөнгөө хуримтлуулж байгаад хоёулхнаа жуулчлах дуртай” гэж гэргий нь тайлбарласан. Сүүлийн хэдэн жил наадмаар майхантай аялал хийдэг болжээ.  Гэрийн эзэн морь, бөхийн хоббигүй. Өнөөг хүртэл нэг л удаа Төв цэнгэлдэхэд болон морь барианы газар очиж үзсэн гэнэ. Энэ жилийн наадмаар мөн л машинтай, майхантай аялалдаа гарах аж. Цагаан сарыг ч нэг их хөлтэй тэмдэглэдэггүй гэлээ. Учир нь гэрийн эзэд аль алин нь айлын дөрөв дэх хүүхэд. Тиймээс цагаас сараар настанууд, ах эгч нартаа золгодог байж. Тунгаа эгчийн ээж нь түрүү жил эднийд өвөлжсөн учраас цагаан сараа гэртээ тэмдэглэжээ. Гэр бүлийн онцгойлон тэмдэглэдэг баярын өдөр байдаггүй. Харин хөвгүүдийнхээ төрсөн өдрөөр гэр бүлээрээ зоогийн газар ордог гэсэн. 

С.Давааням хэмээх багын найзаа нөхөр нь онцлов. Багын найзтайгаа Эрдэнэтэд хамт ажиллаж, гэр бүлийн найзууд болжээ. Хөвгүүд нь нас ойролцоо учраас найзууд болсон, ач нар нь ч найзууд болж магадгүй байгаа гэнэ.   “Бидний найз нөхөд Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд нөлөөлөхүйц хэмжээний ажил үүрэг гүйцэтгэдэг”  хэмээн Тунгаа бахархлаа. Н.Алгаагийн  гэр бүл “Шувууныхан” группт багтдаг.  Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн нарын гэр бүлийнхэн энэ “фракцид” багтдаг юм.  “Шувууныхан” жил бүр наадмаар анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн төрсөн бууцанд очиж, хоёр хонодог уламжлалтай. Айл бүр тухайн жилд хийсэн бүтээснээ дурдаж, хэвлүүлсэн ном товхимлоо бие биедээ дурсгаж, онигооны тэмцээн зохиож,  дуулж бүжиглэдэг.  Ш.Цэвэлмаа онигооны мастер гэнэ. С.Тунгаа бас мундаг онигоочин агаад Ш.Цэвэлмаа гуайтай үзүүр, түрүү “булаацалддаг” аж.

Н.Алгаа гуайд “гавьяа шагнал” хэмээх анкетийн асуулт тавьж орхилоо. “Тэргүүний уурхайчин” тэмдэгтэй гэнэ. “Одон тэмдгэнд дургүй ч гэх юм уу даа. Социализмын үед бол  бүх юм төрийн өмч байх үед төрийн шагнал олгодог байж. Одоо бол өөрийнхөө төлөө ажиллачихаад төрийн шагнал авах ч хаашаа юм. Төрийн дээд шагналаар нийтийн сайн сайханд ашиг тустай ажил хийсэн, хүний амь аварсан, гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж баймаар санагддаг” гэж тэр тайлбарлав.  Гэргий нь харин “Алтангадас” одонтой,  Хөдөлмөрийн хүндэт медальтай аж. Социализмын үед бурхангүйн үзлээр хүмүүжсэн учраас эднийд бурхан тахил гэхээр юм байдаггүй аж. Алгаа  Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат. Бөхмөрөн шумуулаараа алдартай. Найм, есдүгээр анги хүртлээ хөдөө мал дээр байжээ. Түргэний сүрлэг уулсын орой гэрийн тооноор харагддаг газар байсан гэлээ.  Түргэний голын баруун талд Төгсбуянтын хүрээ байжээ. Эсэргүүний гэх хэргийн дараа хүрээний бурхан тахил, ном судрыг ачаад эрэг рүү асгаж шатаагаад булсан хэмээн нутгийнхан ярьдаг байж. Хүү хонь хариулангаа тэр хавиар “эрдэнэсийн эрэлд” гарч,  олон шармал бурхан,  үнэ цэнэтэй байж мэдэхээр зүйлс олсон ч тухайн үед хүмүүс энэ мэтийг нэг их сонирхдоггүй байж.  Зургаа, долоон шармал бурхнаа багшдаа аваачиж өгөхөд “Орон нутгийн музейд өгнө” хэмээн авсан аж.  Багш гэснээс анх тэрбээр Александр нэртэй байж. Орос нэр моодонд орж байсан үе. Харин тавдугаар ангидаа дотуур байранд ороход нь ангийн багш нь “Миний хүү, орос нэртэй байж болохгүй” гээд журнал дээр шууд Алгаа гээд биччихсэн гэнэ. “Хүний эрхэнд муухай халдаж байж шүү” гээд Н.Алгаа гуай инээж байна.  “Ээжид  тод монголоор бичсэн Алтангэрэл  судар байсан. Жилд нэг удаа лам залж, уг судрыг уншуулдаг байсан” хэмээн дурсав. Хорол гэж зандан модоор хийсэн тоглоом, эхил хөгжим байж. Залуу байхдаа иймэрхүү юм тоодоггүй байж. Хожим ээжийнхээ дурсгалт зүйлсийг эрж хайсан ч олж чадаагүй аж.    

М.Санждорж түүхч мэргэжлийн онцлогоос шалтгаалж, бүгдийг баримтжуулж явдаг зуршилтай байж. “Аав нэг зургийн аппараттай.  Биднийг төрсөн цагаас авахуулаад зураг дарна. Нэгдүгээр ангид ороход анхны дэвтрийг хадгалдаг. Сурлагын хүснэгт, сайшаалын үнэмлэх бүгдийг хадгалаад тусдаа гарахад нь хүлээлгэж өгдөг сөн” хэмээн Тунгаа  дурсав.  Анхны хичээлийн дэвтэр, сурлагын дэвтрээ тэр гаргаж  үзүүлсэн. Энэхүү заншлыг Тунгаа уламжлан авч хүүхдүүдээ өрх тусгаарлахад нь  багынх нь дэвтэр, анх мэндлэхэд нь төрөх газраас бугуйд нь зүүсэн таних тэмдэг зэргийг хөвгүүддээ хүлээлгэж өгчээ.  С.Тунгаа аавынхаа номыг бэлэглэсэн. Номын эхний хуудсан дээр “Магсаржавын Санждорж” хэмээн  аавынхаа нэрийн тэмдгийг даржээ. Нэрийн тэмдгийн дундах Т  үсэг их учиртай.   М.Санждорж Туяа, Туул, Төгс, Тунгаа, Тогос хэмээх таван охинтой хүн.  Бага охин Тогосыг мэндлэхэд аав нь “Би гэдэг хүн ингээд тарган шар авгайтай, таван  шар охинтой, таван тохой нуруутай нэгэн болов” хэмээн өөрийгөө тодорхойлсон удаатай. “Том  эгч Туяа маань аавын мэргэжлийг өвлөж, түүхч болсон. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс тэтгэвэрт гарсан боловч зогсоо чөлөөгүй бүтээл туурвина. Одоо Завхан аймгийн Сантмаргац сумын түүхийг бичиж байгаа. Туул эгч холбооны инженер мэргэжилтэй ч бие дааж англи хэл сураад, НҮБ-д орчуулагч хийж байсан. Хувийн орчуулгын товчоо ажиллуулдаг. Төгс эгч ШУТИС-д профессор, би Ашигт малтмалын газарт  ажиллаж байна. Отгон дүү Тогос маань АНУ-д ажиллаж амьдардаг” гэж Тунгаа хуучилсан. Аавын охид сайн яваа.  

-Аав маань 2000 онд инфарктаар нас барсан. 2001 онд Засгийн газрын тогтоолоор  төрсөн нутаг Сантмаргац сумын дунд сургуулийг аавын нэрэмжит болгосон юм. Одоо үр хүүхдүүд, ач зээ нар бүгд л энэ сургуультай хүйн холбоотой болсон доо. Энэ жил Сантмаргац сумын 90 жилийн ой болж байгаа.  Сумын ойд зориулж эгч дүү бид хэд бөх барилдуулах, морь уралдуулах бай шагналд хандив өгөх бус харин бодит үр дүн үзүүлэх ажил хийе гэж ярилцсан. Завханы шилмэл хонины ноос боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийн төслийг Төгс эгч маань санаачлан  хэрэгжүүлж эхлээд байна гэж Тунгаа ярилаа. 

-Ээж аядуу хүлээцтэй, аав бол их шартай хүн. Худлаа ярих юм бол аав хатуу арга хэмжээ авдаг. Миний хүүхдүүд онц дүн авах хэрэгтэй. Сайн дүн авбал муу сурсантай адил гэдэг сэн. Надаас бусад нь шалгалт өгөөд орж ирэхдээ “Амжилттай” гэдэг байсан. Би л заримдаа “Амжилтгүй” гэнэ. Би л ганцаараа шалгалтанд бэлтгэхгүй. Гэр дотор ганц эсэргүүцэгч, эрх чөлөө ярьдаг нь ч юу шалих вэ. Аав хүн бүр бие дааж амьдрахыг сургадаг байсан. Би том телевизор авч чадахгүй бол жижиг зурагт авахад л болно хэмээн Тунгаа тайлбарлав. Тунгаа их сургуульд сурч байхдаа  эгчийгээ өөрийнхөө орлон тоглогч болгосон удаатай. “Орос хэлний хичээлд тааруу байсан. Материализмын түүх хичээл дээр орос багш ордог. Яг “унах” болсон.  Дээд талын эгч Төгс орос хэлэндээ сайн. Ангийнхандаа сайн захиад,  эгчдээ сурлагын дэвтрээ бариулаад оруулчихлаа. Ганц жилийн зайтай төрсөн эгч, дүүг орос багш ялгахгүй. Төгс айж салгалаад арай хийж, дөрөв аваад гарч ирж билээ. Яахаараа сайн авдаг юм гээд эгчийгээ загнаад байгаа юм аа бас. Төгс эгч тэгсэн чинь”Чамайг аавд хэлнэ дээ” гэсэн.    Аав яг тэр үед нь мэдсэн бол боож үхэх шахна. Их сургууль төгссөн хойноо аавдаа ярьсан чинь “Холиодог хүүхдүүд юм аа” гээд зөндөө инээж билээ гэнэ.

Цайны цаг нь дуусахад гэрийн эзэн ажил руугаа буцлаа. Ажлын газар ойролцоо учраас түүнтэй зам нийлэв.  Зам зуур ажил төрлийн яриа хөөрөө өрнүүлэв. Ашигт малтмалын хуульд оруулах гээд байгаа өөрчлөлт хуулийг  сайжруулах уу, муутгах гээд байна уу гэхэд Н.Алгаа “Орох өөрчлөлтөөсөө илүү нэмэлтээ түргэн хийгээд, тусгай зөвшөөрлөө олгож эхлэхийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид хүлээж байна даа” гэв. “Аль нэг орныг дуурайх шаардлага байхгүй юм байна. Сургамжаасаа мэдлэг хуримтлуулаад, цаашид хөгжих хэрэгтэй.  

Ардчилал хэтэрвэл анархи тал руугаа явж, хий хоосон хардлага газар авдаг. Нийгмийн зөвшилцөл хэрэгтэй. Гурван том ашиг сонирхол яваа. Нийтийн эрх ашгийг төлөөлж төрийн ашиг сонирхол гэж байна. Бизнес эрхлэгчдийн ашиг сонирхол гэж байна. Иргэний нийгмийн буюу орон нутгийн иргэдийн ашиг сонирхол гэж бий. Зөвшилцөөд гарсан шийдвэрээ хүндэтгээд явах хэрэгтэй гэнэ. “Домгийн шинжтэй, сургийн мэдлэгтэй хүмүүс ихэссэн” гэсэн нь содон сонсогдлоо. Домгийн шинжтэй гэдгээ тайлбарлахдаа  “Чингэс хааны хажууд сууж байгаад сургаалыг  нь бичиж авсан хүмүүс олон байна” хэмээн ёжлов.  Сургийн мэдлэгтэй гэдэгтээ сонин хэвлэл, интернэтээс авсан мэдээллээ мэдлэг гээд бодчихсон хүмүүсийг хамруулав. Ашигт малтмалын гурван хууль гарлаа. Аль алиных нь сайн, муу талыг судалж байж, энэ заалт буруу байна гэхээс биш өөрчлөхийн тулд өөрчлөх гээд байж болохгүй хэмээн ярьж явлаа. 

 Эхнэр, нөхөр хоёр характер өөртэй ч ертөнцийг үзэх үзэл нэгтэй амар амьдардаг хүмүүс юм билээ. 

Б.ЯНЖМАА 

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хотын хөтөч

Хөдөөнөөс орж ирсэн гэр бүлийн хоёр. Эхнэр нь “Баруун талд Нону (Honey) гэдэг газар байна. Мах (Макс) гэсэн том барилга байна. Юу гэнэ ээ, хэн мэддэг юм. Ямар юм гэнэ ээ, наад газрыг чинь яаж мэддэг юм” гэж хэн нэгэнтэй ярьж байна. Автобуснаас буусан газраа хэн нэгэнд тайлбарлаж өгч байгаа аж. Эргэн тойрны байшингуудын гадаадаар бичсэн хаягийг өөрийнхөөрөө ийн уншина. Тэгээд такси бариад жолоочид нь утсаа өгч яриулж байгаа харагдлаа. 

Улаанбаатар бол олон хүн амтай том хот. Саяас их хүн амтай хотод хөтөч гэх хүмүүс ажилладаг. Холоос хараад тэр хөтөч байна гээд шууд олоод очихоор содон хувцастай, тусгай саравч дотор суудаг хүмүүс. Төөрсөн будилсан хөдөөнийхөн, хүүхэд багачууд, газар заалгах гэсэн жуулчид тэдэнд хандана. Хөтөч нар өөрт нь хандсан хүмүүст газрын зураг үзүүлж, хайж байгаа газарт нь яаж очих, ямар дугаартай автобусанд суухыг нь зааж өгнө. Даралтны эмээ гэртээ орхиод гэнэт бие нь муудсан ахмад настанд тусалж, үр хүүхдүүд рүү нь залгаж тусламж дуудна. Заримдаа хотынхонд зам, гудамж, талбай, өргөн чөлөөний албан ёсны нэрийг мэдэхгүй тохиолдол ч гардаг шүү дээ.

Зун бол манай орны хувьд аялал жуулчлалын улирал. Энэ үед ийм хүмүүсийг хотын төвд цөөн тоогоор ч  болтугай ажиллуулаад үзвэл яасан юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

PR

Бяцхан охин Кейтигийн аав “Гүүгл” компанид ажилладаг. Кейти тус компанийн захиргаанд хандаж, “Аав минь долоо хоногийн ганцхан бямба гаригт амардаг болохоор та бүхнийг түүнд энэ лхагва гаригт нэг өдрийн чөлөө өгнө үү гэж хүсч байна” гээд “Жич, Аавын минь төрсөн өдөр лхагва гаригт тохионо. Жич, зун болж байна шүү дээ” гэж захидал бичжээ. Охинд “Гүүгл” компани хариу захидал илгээхдээ “Ухаарал хайрласан захидал илгээсэнд тань баярлалаа. Танай аав “Гүүгл” болон дэлхийн сая, сая хүнд олон сайхан, бахдалтай зүйлс зохиох гэж маш шаргуу ажилладаг юм. Түүний төрсөн өдөр тохиож байгаатай холбогдуулахын сацуу зун цагт амрахын ач тусыг ч ойлгож байгаа тул аавд нь долдугаар сарын эхний долоо хоног бүтэн амрах зөвшөөрөл олгож байна. Сайхан баярлаарай” гэжээ. Охины өнгийн харандаагаар бичсэн захидал, “Гүүгл” компанийн лого бүхий албархаг хариу нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Нэг хэсэг нь охины ухаалаг, хөөрхөнийг гайхна. Нөгөө хэсэг нь “Гүүгл” компанийн удирдлагуудыг ажилтнуудтайгаа уялдаатай ажилладаг гэж сайшааж байна. Охины хүслийг биелүүлснээ олон нийтэд дэлгэснээрээ “Гүүгл”-ийн удирдлагууд компанийнхаа сурталчилгааг хийчихлээ. Бас ажилтнууддаа амрах цаг бага олгодог сөрөг талаа олон нийтэд эвтэйхнээр ойлгуулчихаж байна. Олон улсад үүнийг PR-ийн нэг арга гэдэг. Харин манайхан PR-ийг нэгийгээ газар доогуур ортол муулах, сөрөг сурталчилгаа хийх гэж ойлгодог талтай. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Танилцсаны 40 жил буюу 16 насандаа очсон нь

Архангай. Энэ нэрийг сон­сохоор цагцаахай бага насны минь гэгээн дүр тодорч, цаг хугацааны үнэнд гүйцэгдэж яваа үеийн хэдэн анд минь төсөөлөгдөнө. Бид “хархан” залуу насандаа энэ нутагт ирж дээ. Алс баруун хязгаараас Авданы охин, Самбуудорж гэж урианхай хүүтэй ирсэн. Байтаг богдын их уулсаас  Идэшийн Батсуурь, Зэргийн жижиг жижиг элсэн манхны өврөөс Дамдины хөвгүүн, Идэшийн охин хоёр хөтлөлцөөд л ирж байлаа. Тэртээх Увс нутаг хоёр охиноо илгээсэн. Түргэнээс алаг нүдэн Оюуныг, Тэсээс идэр жавхлан Минсэлийг би¬дэн­тэй нөхөрлө дөө гээд явуулсан байлаа. Их Монголын элсний баруун хаяанаас энэхүү дурсамжийг тэрлэж суугаа миний бие. Завханы Алдархаанаас Батсүхийн том охин хөх цэмбэн дээлтэйгээ, жавар хүйтэн хургасан Их-Уулаас Базар захирлын хүү, Улиастайгаас  чимээгүй  инээсэн  охин ирсэн нь  Нямсүрэнгийн Эрдэнэсувд гэх… Хөвсгөлөөс Завханы уугуул Жигжидсүрэнгийн нүд хөмсөг болсон охин ир¬лээ… Загийн голоос манай Алимаа хэзээний намба зааж зал­бирсаар, Шинэжинстээс цବ¬хил­сан зээр шиг цагаан охин ирсэн нь Доржийн Сарангэрэл бай­сан. Өвөрхангайн Хайрхан¬дулаанаас нэг мазаалайн зулзага шиг нөхөр ирсэн. 

Нэрий нь асуувал  Бурам гэж арааны шүлс гоожууллаа. Тэгснээ  би чинь бас  ганцаараа ч Өврийн сайхан хангайгаас ирээгүй шүү… Бат-Өлзийн ширэнгэнээс хоёр согоотой ирсэн гэсэн нь Энхтуяа Жигмэдмаа хоёр байлаа.  Говийн би  согоо үзсэн биш. Согоо гэдэг нь ийм л юм байдаг байх даа гэж бодлоо.  Булганыхан Могодоосоо хоёр охин илгээсэн нь  тэмээ ямаа шиг юм.  Уранцэцэг гэж ургаж байгаа ногоо шиг булцайсан  улаан хацарт,  Долгор гэж  иссэн айраг шиг  тэвхгэр цагаан охин.  Бид Архангайд ирж Архангайгаас бидний сүрэгт нийлсэн нь  нүдний шил зүүж жимбийсэн цагаан охин. Нуруу намхан сэтгэл өндөр.  Алдар асуувал Оюунцэцэг л гэнэ. Хөвсгөлөөс  гаралтай  гэх…Алиман улаан хацартай  Амарбаатарыг Жаргалантаас, автын жолооч Дашнамжил гуай ганц охиноо,  алдарт Цагаан давааны араас гүйж ирсэн нь Нямжав байлаа… За тэгээд  та нарт нэг “эгчмэдхэн” хэрэгтэй гэх шиг  нуруу туруу, бие хаа дүүрэн Шагдаржавын охиныг бас энэ нутгаас  бидэнтэй танилцуулсан. Дошин дээрээ  атаман гэдэг шиг Арын сайхан хангайхан  манай ангид хамгийн олон нь…Бас ч эргээд дурсахад манай ангийнхны уулзах бүртээ дурсан ярьдаг Дарьхүү маань Ховдоос ирсэн юм. Дарьхүү бол манай ангид ирсэн нэг том “үзэгдэл” байлаа. Балчирхан бидэндээ олон зүйлийг ухааруулсан.  Сайхан дуулна.  Үйтэн хуаран дээлийг анх л бидэнд  өмсөж үзүүлсэн. Цагаан гутлыг хараар будаж болдгийг хүртэл зааж өгсөн …”Болно болно, болохгүй юм байхгүй” гэж агуу их  дуун хөрвүүлэгч  зохиолч Мишигийн Цэдэндоржийн шүлэглэсэнчлэн Дарьхүү маань бидэнд   болохгүй юм байхгүй гэдгийг олон талаас нь зааж өгсөн ч олхиогүй бид хэд тэгтлээ суралгүй  Архангайдаа, багшийн сургуульдаа шигдсээр дөрвөн жил болсон.  Дарьхүү маань  сайхан сэтгэлтэй сайхан эжий болсон сураг дуулдсан. Тэр хичээл тасалж болдог, гадуур явж болдог, сургуулиа орхиж, амьдрал хөөгөөд  одож болдог гэдгийг ийнхүү заасан билээ… Дарьхүүгээ дурсахын учир нь  эргээд уулзахын түмэн хүслэнтэй явдаг шүү гэж ангийнхан чинь урьж байгаа урилга юм шүү… Өөр нэг үзэгдэл бол манай ангийн цөөнхийг  нэмж ирсэн Батдоржийн Баттогоо байлаа. Цэргээс ирсэн ах  орос хром жийнэ.  Яриа хэлээ нь цэгцтэй, өвөртөө намын батлахтай өнгөлөг “хар” нөхөр. Түүнийг манай хэдэн хөвгүүд  нэг их удалгүй  “унаашруулж”, өөрсдийнхөө зэргэмжид аваачсан. Төгсөхдөө адилхан л  хөвгүүн болсон байлаа. Ингэж бид түүнийг  гурван насаар залуужуулж гудиггүй марзан  нөхөр болгосон ачтай.  

Манай анги бусад ангиа бодвол тогтвор суурьшил сайтай байсан. Нэг охин замаасаа  хадуурч өөр зам сонгосныг эс тооцвол, нэг хөвгүүн  хот шилжиж зүг буруулсныг авч хэлэлцэхгүй бол, нэг залуу ирж бүл нэмснийг суурьшилгүй  гэхгүй бол өөр ийш тийш болсон зүйлгүй. Бүгдээрээ л ангидаа бужигнасаар өвөл хавартаа шалгалтын “хөөрхөн” дарамттай, намартаа баян  цуг­лаж, зундаа нутаг гүйж амарсан дөрвөн жилийг үдэж угтсан.  

Энэ дөрвөн жил бидэнд  алдаа оноо ажил амьдрал  бүхнийг зааж өгсөн.  Цэцэрлэг хотын орон сууцнуудын гаднах амбаар дээр амьдрал сайжирсан айлуудын илүүдэл болж “гадаалсан”  төмөр орыг  үүрч дүүрсэн,  Булган гуанз, хоёрдугаар гуанзанд  арван хоёр мөнгөний  нимгэн дэвтэр хувааж өрийн данс нээсэн өдөр хоногуудтай  түүхийн  шарласан хуудсанд үнэгчлэн байгаа.  

 Энэ дөрвөн жилийн явдал суудал орон сууцны  халаасны  өрөө, оюутны дотуур байр,  хөлсний шавар байшин  тохилог орон сууцны тансаг амьдрал гээд янз бүрээр үүц болон үлдсэн. Энэ дөрвөн жилийн түүх Ихтамирын ногоо бригад, алдарт цагаан байшин, мэргэн Богд-Уултайгаа, Цэцэрлэг сум Хануйн голын хөвөөнд шохойн бааюутай, тэнгэрийн дуу,  Алимаагийн залбираастай, Аюуш тогоочийн адууны махан цуйвантайгаа,  могойноос айдаг  багштайгаа, Ингэттолгойн САА, Сэлэнгэ мөрний хөвөөнд  дэрвэлзсэн хөх майхантайгаа,  дэгж дэрвэсээр үлдсэн. 

Энэ дөрвөн жилийн түүх  Хоолтын давааг  засаж,  анхны сонгууль өгч, сонгуулийн баярын бөхийн барилдаанд   хэдүүлээ аманд гарч,  Батсуурь маань хоёр давж өмдөө урсан түүхтэй  үлдсэн. 

Энэ дөрвөн жилийн түүх  Архангайн Цэцэрлэгээс,  Жаргалантын Хоолтын даваанаас хөвгүүдээ цэрэгт мордуулж, Сосорбурамыгаа мэлхий толгойгоос нэг удаа  цэргээс авч үлдсэн он жилийн түүх, хөвгүүн болсны түүх болон үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх  Энхээ Чука хоёрын гитарын гоцлолтойгоо, Алтаа Тоогоо хоёрын цангисан дуутайгаа,  үдэшлэг наадмын танхимд  үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх үсээ машиндуулсан “лам”  хөвгүүдийнхээ өмднийхөө шуумгийг жимбийтэл хассан дүртэйгээ, сийрсэн малгай, цэнхэр хилэн өмдөөр жигдэрсэн  охидынхоо зуны ажлын гоёлтойгоо үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх  ангиасаа ханиа сонгосон азтай Соокогийн, сургуулиасаа  ханиа олсон Урнаа, Чука, Алтаа, Сувдаа, Мөнхөөгийн амьдралын алтан шар зам болж үлдсэн.  Бид ингэж  нэг ангийн халуун бүлээ  Маагаа,  Баатар, Дорж, Дашка, Ариука нараар  сэлбэсэн  түүхтэй… Бид ингэж гучуулаа болсон. 

Энэ дөрвөн жилийн түүхийн алтан хуудсыг ангийн багш Мангалжав маань ямар сайхан эмх цэгцтэй бичүүлснийг хэлж яаж барна.  Халзан  Мангаагийн хэдэн хүүхэд, халзан Мөнхөөгийн хэдэн анд  ийнхүү  Архангайд наргиж даргиж,  наадаж цэнгэж, дуулж хуурдаж,  инээж хөхөрч,  илч илчиндээ дэм дэмэндээ явцгаасан.  Бидэнд эрдэм ном заасан  олон сайхан  эрдэмт  багш нар маань одоо ч сэтгэлийн өмнө  дүр дүрээрээ, ааш аашаараа, зан зангаараа  тодрон байдаг. Бид тэднийгээ энэхэн зайд дурсах учиртай. 

Ангийн багш маань физик  гэдэг хичээлийг  ёстой нүдэнд харагдаж,  гарт баригдтал заана. Дээр нь бидэндээ фото зургийн сонгон хичээллүүлнэ. Батхүү бид хоёр сүрхий сайн зурагчин болох дөхлөө. Халтар хултар хар цагаан зураг мөн ч их угаасан даа… Одоо ч саран доторх шиг тэр зургууд  бүгдийн минь зургийн цомогт  түүх гэрчлэн дурайсаар л байгаа даа. Манай ангид нэг том  ширээ байх. Бодвол физикийн лабораторийн л ширээ гэж тийм юм байсан байлгүй. Багш маань ширээнийхээ ард арын өрөөнөөсөө гарч ирээд л зогсоно. Нэг удаа Батхүүг ширээн доогуур голын хөндийд нь оруулчихсан байсан  гарч чадалгүй багш ирээд зогсчихсон хөгөө тарьж л байлаа. Сүүлийн хоёр жил анги маань хойд  хүрэн  дүнзэн байшингийн   зүүн мухарт орсон. Хүйтэн лаврин байсан даа. Цонхоор нь цас шуурчихсан ч байх шиг. Тэр бүхнийг залуу халуун насаараа л туулж байсан.  Ангийн багшийн эхнэрийг Цагаан гэнэ. Хэдэн шар хүүхэдтэй.  Манай ангийн Тунгаатай ах дүүгийн хамаатай.  Цэцэрлэг сум нутаг нь. Нутагтаа биднийг дагуулан очиж зуны ажил хийж байлаа… Яриад байвал ам мурийхааргүй олон сайхан дурсамж байна даа.  

Бүх багш нараа нэг бүрчлэн дурсвал цаг хугацаа их орох учир бурханы хутгийг олсон хэдэн буурал багшаа цухасхан дурсъя.

Сэнгэжав багш. Бидний сэтгэлийн орон зайд хамгийн тодоор үлдсэн хүний нэг.  Монгол хэлний хичээл заана.  Шингэн шингэн дуугараад нүдээрээ зальжин нээж  бид хэдийгээ  ч  “явуулж” өгнө дөө.  Тэр Алимаа гэж нэг тэмээний сүүл… Энэ  хэн гэж нэг  махан боодог… хэлэхгүй шоолохгүй  хүн түүнд байгаагүй. Тэгсэн хирнээ хамгийн хүн чанартай сайхан  багш минь байсан даа. Архангайдаа атаман нэгэн. Цагдаагийн мөрдэс хүртэл хуу татсан гэмтэй. Жилэн  дээрээ багш нь болдоггүй юм гээд инээж суусан дүр нь тодхон.  Хөглөж  явсан паянгаа инээд алдан ярьдаг сан. Сэнгэжав багштайгаа хожим  олон  уулзсан. Нэг удаа давхиад иртэл Тамирын голын хөвөөнд хэдэн малтай хэзээний хөдөөний өвгөн болсон байлаа.  Би ч сурвалжлагын  хураагуураа нээж байгаад задгай сайхан хуучилсан. Багш надад хүүхэд явуулсан юм гээд  виски задалсан. Радиодоо харьж ирээд “Цахирын задгай цагаан” гэж нэг хөрөг найруулал бичсэн дээ…Сүүлд  сураглахад  сонссон л гэж дуулдсан. 

Бадам гэж атан тэмээ шиг том ёнхигор хөгшин байлаа. “Алаг гарт” Бадам гэж алдартай. Түүхийн хичээл заана.  Хэн нэг маань хичээл дундуур бие засах хүсэлт гаргаж, Бадам багш хичээлээ заагаад л чимээгүй. Хариугүй завсарлах дөхөж байтал багш нэг эргэж харснаа  чамайг би аль түрүүн л  бие зас гэсэн шүү дээ.  Тэгтэл багш самбар дээр хичээл заах хоорондоо  самбарын нэг буланд  хоёр тэг зурчихсан юмсанж.  Түүнийг мань мэт нь яаж ухаарах вэ…Ингэж хүртэл мадлуулж л байлаа. Сайхан багш. Архангайдаа залуудаа нэртэй л явсан хүний нэг дээ. 

Чулуун багш гэж нэг үс болсон хүн. Орос хэлний багш. Оросоор ярьдаг хүн л ийм их үстэй байдаг юм байх даа гэж гарынх нь шууг хараад санагддаг байж билээ. Алтай нутгийн хүн л дээ. Хичээл сайхан заана. Манай ангийн  Камесхан, Оюунцэцэг хоёр орос хэлэнд биднээсээ илүүрхэнэ. Тэгж байтал Баттогоо гээд  бидэндээ бол “цул” орос нөхөр орж ирээд л…Түүх болж дээ. Сургууль төгсөөд  Баттогоо маань аргагүй л  Орос хэлний багш болсон. Сүүлдээ  англи хэл заадаг болсон гэсэн. Хэлний авьяас  аа гэж… 

АШМО / Анхан шатны математикийн онол/-гийн багш  анх очиход захирал байсан  буриад эрийг Алексей багш гэнэ. Ёжтой гэж жигтэйхэн.  Шуудайны амыг  цэцэг зангидаад боочихсон юм шиг л гэх… Нүдээ зураас таттал инээгээд л сүрхий сүрхий… Одон бөмбөг сүрхий нударч тоглоно. Нэг иймэрхүү.  

Дэмбэрэл багш маань цаг баримтлахын амьд жишээ байлаа. Геометрийн хичээл заана. Гоё ч заана гэж жигтэйхэн.  Хичээл дундуур  хэн нэгэн  хорь гучин секунд уулзан цагаас нь хороовол хонх цохиход “За жаахан  үлдлээ. Дараагийн хичээлийн эхэнд  заая.” гээд л гардаг сан. Тэгээд дараагийн хичээлийн эхэнд   хорь гучин секундэд  үлдсэнээ хэлээд шинэ хичээлдээ ордог байж билээ. Бас  биднийг Ихтамир суманд намрын  ажилд авч явахдаа  хөвгүүдтэйгээ хамт охидын үүдний өрөөнд унтдаг. Өглөө эртлэн босоод хувцсаа өмсөж,  гараад гар нүүрээ угаагаад,  сахлын баадуутай машинаараа сахлаа авч дуусаад биднийг сэрээдэг байлаа. Бид ч багшийн сахлын машины дуу гараад дуусахаар аяндаа сэрээд босдог болсон байлаа…Ийм л цагийн толь явлаа даа. Дэмбээ багш маань…

Гарам-Очир багш. Солгой гараараа зурна ч гэж сийлнэ дээ. Зургийн багш маань байлаа. Сүүлдээ Цэдэндагва  багш залгасан.  Би бас солгой  зурах гэж оролдоно. Дөч шахам жилийн өмнөх ангийхныхаа дурсамжийн дэвтэр нээвэл миний зурах ч гэж дээ гэж инээд хүрэх шиг санагдсан шүү… Гэхдээ л нэг шүхэр доор алхаж яваа хос хоёрын зураг их зуржээ… Бас Алтайгаа, цэцэг энэ тэр сүрхий зурсан байх нь зурах сонирхолтой л байсных юм байлгүй. Ангийнхаа Баасанжавыг гүйцэж зурахгүй л дээ. Гармаа багш маань бид­нийг зураач болгоогүй ч, зураг ойлгодог, зургийн хи¬чээл хүүхдүүдэд заах дад­лага чадвартай болгоод л төгсгөсөн. 

Дамба-Очир багш.  Чөрчгөр  туранхай энэ нөхөр их хатуу… Сургуулийн коридорт бидэнд биеийн  тамирын хичээл заана.  Нэг удаа  манай хөвгүүд өлгүүрийн хүүхэн  Отгонд   ахмад хөвгүүнийхээ  хайрын захиаг атгуулах гэж хөглөж билээ. Арай овсгоотойгоор нь Сосорбурамыгаа урдаа бариад сүрэг турлиах шиг юм  өлгүүрийн цонхон дээр очиж билээ. “Май” гээд авахгүй болохоор нь  өлгүүртийн цонхоор захиагаа шидчихсэн. Тэгтэл  Дамба-Очир багш маань аль хэдийн гарч ирээд охидыг жагсаасан байна. Бид ч гүйж ирээд жагсаалд ортол Дамба-Очир багшийн хөлд өнөөх захиа маань араас нисэн ирж уналаа. Ингээд ахмад хөвгүүнийхээ хайрын захиаг багшид олзлуулсан  сонин түүх өнөөдөр гэгээн дурсамж болон үлджээ. 

Халтарын Билэгжаргал. Хөгжмийн зохиолч  төрийн шагналт энэ сайхан авьяастны залуу нас Архангайд бидний дунд  нэг хэсэг нь үлдсэн. Бид шинэ,  багш шинэ.  Очсон намраа  Батхүү бид хоёр Билгээ багшийг  хичээл заах гээд ороод ирэхэд  хамгийн арын ширээнд суучихсан байлаа. Та хоёр  урагшаа суу.  Яагаад хойгуур суугаад байгаа юм гэхэд нь “айгаад” гэдэг үгийг  амнаасаа санамсаргүй унагасан нь санаатай мэт болж, анхны хичээл дээрээсээ  журналын хүснэгт тоолон улирлын дүн гарах тэр цонхонд хоёр гэдэг тоог томоор тавиулан  эхний хичээл дээр “муу” гэдэг дүн тавиулж  л байлаа.  Багш шинэ, бид  шинэ…Тэр ёсоор болоогүй л дээ… Билгээ багш маань  хорин дөрвийн чихэр халааснаасаа салгахгүй… Хоёр гараа үрчээд л… хөгжилтэй. Сургуулийн үүдэнд байх муурын байшин шиг цагаан байшинд байна. Төгөлдөр хуурын дуу шөнө дөл болтол  хангинуулсан. Одоо бодоход онгод гээч нь л тэгэхэд ид оргилж байж дээ… Гэрт нь орвол  төгөлдөр хуурынхаа дээр  Самбын Гончигсумлаа гэдэг алдарт хөгжмийн зохиолчийн зургийг тахьчихсан…. За товчдоо  нэг иймэрхүү.

Ванчигсүрэн багш гэж байлаа.  Цэгцтэй, шинжлэх ухаанч тун ч сүрдэн айдаг багшийн нэг. Хичээл сайхан заана. Орос хэл, сэтгэл сурган заана. Пулькин гэдгийг анх бидэнд  нээж өгсөн. Орос хэлний дөртэй болох ухаанд хөтөлж,  үг цээжлэх энэ тэрийг жинхэнэ шахаанд оруулсан багш байлаа. 

Арын сайхан хангайд  Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай,  Завхан,  Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Архангай аймгаас хуран цугласан тэр  намар 40 жилээр алсарчээ….Цаг хугацааны хүлэг морин  дөчин жил довтолгожээ.  Алиахан хүүхэд насаараа  гар барин золгож, анги танхимдаа  инээд хөөр болон орсон тэр намар  сэтгэлийн гэгээн толинд  тэр л янзаараа.  Цовоо цолгин бага насыг минь  өлгийдөн авсан Арын сайхан хангай,   зул бадамласан Булган уул, багшийн сургуулийн  цагаан байшин, дотуур байр,  жижүүрийн дэлгүүр гээд хуруу даран тоолох олон зүйл бидний сэтгэлд одоо  улам ч тодорч байна. Нэг л мэдэхэд дөчин жил өнгөрч.  Үр хүүхэд ач зээгээ дагуулсан өвгөн шувууд болж…Арын сайхан хангайгаас өд сөдөө дэвэн дэвсээр нутаг нутгийн зүг ниссэн хорин таван шувуу өнөөдөр өнөржин сэтгэлийн цэнхэр нуурынхаа мандал юуг дүүргэжээ… Энэ нуур амгалан цэлийж алс энгээрээ давлан давлан байхын ерөөл өргөе. 

Бид энэ дөчин жилд  таван бэр арван найман хүргэнтэй болж, Монгол Улсын  голомтонд  хорин дөрвөн өрх нэмжээ.  Нэмсэн өрх бүхэн нь аз жар­галаар дүүрэн байж, үр ачаа тойруулсан өнөр өтгөн өрх айлууд болжээ. 

Бид энэ 40  жилд  хүн амынхаа  тоог  46 хүү 44 .охиноор  нэмж, өөрсдөө 29 хүргэн 28 бэртэй болон салбарлаж 44 ач 44 зээтэй болон өргөжжээ.  Ингээд бодохоор  бид  салаа зандан мод шиг салбарлаж,  сайхан модны жимс шиг үржжээ. Эхнэр нөхрөө тооцоод үзвэл  40 жилд бид 259 болсон тоон үзүүлэлт бэлхнээ гарч байх юм.

Бид энэ дөчин жилд ард түмний алдрай жаахан 20 гаруй мянган үрсэд эрдэм номын хөтөч А  заасан байна.  Эх орны дөрвөн зүг найман зовхист ангаахай жаахан шавь нар нь ажиллаж хөдөлмөрлөж, алдар гавьяагаа дуудуулж нэр төртэй аж төрж байна. Багш хүн шавиараа бахархахын сайхныг эдэлж яваа андууд минь та нар болжээ. 

Бид энэ дөчин жилд хийж бүтээснийхээ төлөө алдар гавьяаны эзэд болцгоосон. Ардын боловсролын тэргүүний багш цол тэмдгийн эзэн 19, тэргүүлэх зэрэгтэй багш 20, ахлах багш 22, Алтангадас одонтой 6, Хөдөлмөрийн хүндэт медальтай 7, доктор цолтой 2, Ардын хувьсгалын ойн медалиудтай 24, салбарын  болон бусад яамны хүндэт жуух бичигтэй 24 аймаг дүүргийн аварга цолтой 24 сум, сургуулийн аварга 24, боловсролын салбарын ойн медальтан 20, бусад салбарын тэргүүн 7 тус тус төржээ. Энэ бол бидний хүн явсны, хэн явсаны баталгаа нотолгоо буюу…

Бид  энэ дөчин жилд халуун дулаан   эгнээнээсээ ангийнхаа анд  сайн багш  Бадрайн Нямжаваа тэнгэрийн оронд үдсэн харуусал бас байна.  Даржаагийн  Энхтуяа,  Мэндийн Амарбаатар, Маналын Долгор, Идэшийн Туяа дөрөв  маань хайрт ханиа алдсан харамсал бас байна. Энэ бүхний төлөө бүгдээрээ гүн хүндэтгэл үзүүлж, андуудаа орлоод үлдсэн  хүүхдүүд  ач зээ нар нь байгаа шүү гэж хорвоогийн жамыг ухаарахыг  захиж байна.  

Бид энэ дөчин жилд  ийм л сайхан багш нар болж, ардын үр хүүхдийн эрдмийн аяны хөтөч болцгоожээ. Одоо  алдар гавьяаныхаа амралтанд түрүүчлээд гарцгааж байна.  Аз жаргалтай амьдрал  хүлээж байна. Алс ирээдүй гэрэлтэй байна. Төрүүлж өсгөсөн үр хүүхдийнхээ сайн сайхнаар амьдрах цаг хугацаа хүлээж байна. Хийж сурсан ажил  сургаж хүмүүжүүлсэн шавь нарынхаа  амжилтаар бахархах он жилүүд эхэлж байна. 

Өнөөдөр бид дөчин жилийн өмнөх шигээ бага залуу насандаа эргэн  аялахаар энэхүү дурсамжийг хөглөж байна.  Хэн нь хэн болсноо сонирхон хөгжиж,   хууч дэлгэн баясахаар хуран цуглаж байна. Алиахан багын зангаа гээгээгүй алтанхан үеэ цуглуулж баярлахаар цуглаж байна.  Хожим эргээд  дурсахад  хөтөч болох гэрчийн судар  баринтаглаж байна. Хурай  хурай хурай… 

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Хэлбичгийн ухааны доктор, ангийн дарга  Бэсүд овогт Лханаагийн  МӨНХТӨР

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун (томилолт)

Сонины цэгт очлоо. “Буриад үнэн” сонин худалдан авлаа. Тэгтэл тэргүүн нүүрт нь “Буха ноёной эха тайлган” гэх нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “Түнхэнэй Далайхан hуурин хэдэн зуун жэлэйнгээ туухэ соо нимэ олон айлшдые угтан абаагүй байгаа. Хэды тиигэбэшье, эндэхи ажаhуугшад “Буха ноёной ехэ тайлган” гэhэн регион хоорондын хуралдаанда хабаадагшадые үндэр хэмжээндэ угтан абаа” гэжээ. 

Эндхийн ахмад настай буриадууд бас төрийн албан хаагчид эл сониныг шимтэн уншдаг аж. Шинэхэн дугаарыг нь хүлээн аваад “Хөөе ямар гоё юм бэ, энэ чинь манай ах байна ш дээ. Булган аймагт амьдардаг шүү дээ” хэмээн сонин дээр зураг, нийтлэл нь гарсан хүмүүсийг дотночилон танилцуулна. “Буриад үнэн” сонин дээр гарна гэдэг бол эндхийнхний хувьд том хувь тавилан. Буриадууд Монголын уран бүтээлчид ирж тоглолт зохиохыг хамгийн ихээр хүсдэг гэнэ. Та Монголын ямар дуунд дуртай вэ гэж асуухаар “Ход ход”, бас “Сайхан амттай цай” гэдэг дуунд дуртай гэнэ. Ход ход гэдэг нь 

Ход ход ход ход ход инээгээд

Хоёр гурав гиш­гэлээд 

Хөөр баяр болох юм

Хөлд орж дээ миний хүү буюу “Том болж дээ миний хүү” гэдэг дуу. Ер нь тааралдсан монгол хүн бүр энэ дууг амандаа аялж, үргэлжлүүлэн дуулахыг хүснэ. 

Сайхан амттай цай гэдэг нь дуучин С.Жавхлангийн “Ээжийн чанасан цай” дуу. “Хамаг Монгол” тоглолт ирэхэд буриадууд догдлон тосон авч, бүхэл үдшийн турш баяр хөөртэй байсан гэдгээ илэрхийлж байлаа. Эндхийн буриад залуус “Татар”, “Камертон” хамтлагийн дуунд дуртай юм байна. Аялж сонирхуулна. Бас дуучин Алтанцэцэг, Ариунаа, Сарантуяа гоё дуулдаг гэцгээнэ. Монголд ирээд сүүлийн үед ямар дуу моодонд орж байгааг асуугаад цомгийг нь худалдаж авъя гэхээр хүмүүс сэтгэлд нь хүрсэн дуутай цомог өгдөггүй гэв. “Сүүлийн үед хит болж байгаа дуутай цомог сонсъё гэвэл юу гэж асуувал зүйтэй вэ” гэнэ. “Хит болж байгаа рок, поп дууны цомог байна уу гэж асуу” гэвэл “Аан, за тийм байх. Бид нар асуухаараа эстрад дуу байна уу гэхээр “Ход ход” дуутай цомог өгөөд байдаг юм. Тийм учиртай байж. “Ход ход” дуу чинь хэдэн оны дуу юм бэ” гэж асууцгаана. 

Буриадууд мон­гол уламжлал, ёс занш­лынхаа талаар ярихдаа омогшин догдолдог ч оросуудад их элэгтэй. Улаанбаатарт очиход хүмүүс бухимдалтай, хар яр хийгээд хэцүү. Өлмийн дээр гишгэчихээд уучлал ч гуйдаггүй. Харин оросууд өөр. Тэд боловсон. Энэ зан нь замын хөдөлгөөнд оролцохоос эхэлдэг гэх. Туслах замаас машин орж ирж байхыг алсаас харчихаад ёс юм шиг хүлээж байгаад оруулах нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог бидэнд бол ядаргаатай мэт санагдана. Явган хүний гарцаар хүн гарч байвал манайхан огцом хурдаа сааруулдаг бол Улаан-Үдийнхэн их тайвуун. Хотын замын хөдөлгөөнд ихэд уужуу тайван оролцдог нь сэтгэлд таатай.

Буриадууд Улаан­баатарт ирээд автобусанд сууж явна. Хүүхдүүдээ суудалд суулгаад өөрсдөө зогсоно. Хөгшин хүмүүс орж ирээд суудал тавьж өгсөнгүй гэж баахан үглээд “Муу сайн хужаанууд” гэж хараахаар нь голдоо ортол гомддогоо нуусангүй. Улаан-Үдэд нийтийн зорчигч тээврээр явахдаа настай хүмүүс гэхээсээ илүүтэй хүүхдүүдэд суудал тавьж өгдөг аж. Яг л тэр аясаараа Монголд автобусанд суугаад доромжлуулснаа дахин дахин ярьцгаах. Буриад хүүхдүүд Монголд байх ахан дүүс хамаатнууддаа зуны гурван сараа өнгөрүүлнэ. Гурван сар болоод ирэхэд хэл нь зүгшрээд яг л монгол хүүхэд шиг болчихдог аж. Тэгээд л буцаад орос орчинд орчихоор монгол хэлээ мартагнана. Улаан-Үдийн дунд сургуулийн нэг ангид 30 хүүхэд байлаа гэхэд 3-4 нь буриад хүүхэд байна. Тийм болохоор гэртээ хичнээн монголоор яриад нэмэргүй, хэл нь орос болчихно. 

Буриадууд Монголд амьдардаг төрөл садан дээрээ ирэх дуртай. Зарим нь “Бид Монголд юу болж байгаа талаар бүгдийг мэднэ. Орой болгон skype-гаар харилцаж, фэйсбүүкээр уулздаг юм чинь” гэнэ. Тэд “Монгол метротой болох гэж байгаа гэл үү. Метро нээлтээ хийнгүүт очиж сууж үзнэ дээ. Бас морин хуур шиг хэлбэртэй том цогцолбор барих гэж байгаа гэлүү” гэж сураглана. 

Буриад залуус наймдугаар сар, бас өвөл, хавар гээд жилд гурван удаа Монголд орж ирнэ. Улаанбаатарт ирээд III, IV хорооллоор явж хувцас хунар цуглуулна. Бас “Нарантуул” зах гарч тосгон дахь өвөө эмээ нартаа юм цуглуулна. 

Харин настайчуул нь Улаанбаатарт ирээд “Түндэмүн” гэх зэрэг хэдэн саунд орж, төв талбайн ойролцоо байрладаг гэх бааранд орж үздэг гэнэ. Бас хүүхдийн паркаар орж тоглоцгооно. “Модерн номадс”-ын салбараар орж хоол иднэ. Улаан-Үдэд хоолны газар ажиллуулах гэж байгаа хүмүүс Улаанбаатарт ирж туршлага судалдаг юм байна. Хуушуурны иж бүрдэл сонирхлыг нь ихэд татдаг аж. Бас хорхогны шөл анхаарлыг нь татдаг ч Улаан-Үдийн оросууд шөлийг нь ууж чаддаггүй, хурц гэдэг аж. Буриадынхны Улаанбаатарт ирээд амтархан зооглож байгаа хоолнуудыг Улаан-Үдэд нутаглуулахыг хүсдэг ч энэ мэт хүндрэл их гардаг гэсэн. 

Д.ГАНСАРУУЛ

Үргэлжлэл бий.