Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жинхэнэ наадмаа үзнэ ээ

Улсын наадмын дараа жинхэнэ наадам үзмээр бодогдоод болдоггүй. Суманд л жинхэнэ наадам болдог доо. Сумын наадамд минь эр цэргүүд бүжиглэж цэргийн сүрээ гутаахыг үзэхгүй. Цол, бай шагналын төлөөх бөхчүүд зүлэг ногоон дэвжээн дээрээ “зодолдох”-ыг харахгүй. Наадамчин олон харь улсад байгаа мэт талцаж, дов жалганы үзлээр Төв цэнгэлдэхдээ дуулалдахгүй. Хурдан морины салбар хорооныхон болон тайлбарлагчийн “Хүүхэд эндсэнгүй ирлээ” гэх зэрэг ерөөлгүй үгийг сумын наадмаар сонсохгүй. Сумын наадмаар энэ мэт таагүй яриа сонсогдоно гэж байхгүй. Эрийн гурван наадам жинхэнэ уламжлалаа харуулна. Бөх нь ч, морь нь ч үзээд суухад бахдалтай, дараа ярихад урамтай. Дээр нь ах дүү, найз нөхдөөрөө цуглаж ярьж хөөрөх нь нэгэн зуны баясал болдог билээ. Сумын наадмын сайхныг бичээд байвал тоймгүй их зай талбай шаардагдана. “Наадмын 30 хоног” гэдэг дээ. Сумын наадам үзэхээр сумаа зорих хүн олон бий дээ. Жинхэнэ монгол наадмаа үзнэ ээ. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цай чанах клуб

Найз маань хадамлаад ирж. Говийн бүсгүй л дээ. Нөхөр нь Ховдынх. Тэр ингэж ярьж байна. “Хадмындаа байж байлаа. Гаднаас нэг хүн орж ирэхээр нь цай аягалаад өгтөл намайг Өмнөговийнх уу гээд шууд мэдсэн. Цайг минь амсч үзээгүй байж төрсөн газрыг минь хэлсэнд гайхсан” гэлээ. Тэгээд Ховдоос ирээд гэртээ зочид хүлээж аваад цай өгчээ. Тэгтэл зочид нь “Манай Гоомарал ч баруун зүгийн бүсгүй болжээ. Цай нь шаргалтаад” гэж ирээд цайных нь амттай, аагтайг магтсан гэнэ. 

Цайг нь амсаад аль зүгийнх, бүр аль аймгийнх вэ гэдгийг нь мэддэгт бүсгүй их гайхжээ. Багаасаа эрдэм номын мөр хөөж, гадаадад олон жил болоод ирсэн болохоор цай цүйнээс хол найз маань “Айлын бэр болсноосоо хойш цайны талаар сайн мэддэг болсон шүү. Цайг хар, сүүтэй гэж хоёр янз л байдаг гэж бодсон чинь тоймгүй их юм. Цай сайтай бэр зан сайтай гэдэг юм билээ. Найз нь одоо янз бүрийн цай чанадаг болсон” хэмээгээд “Сүүлийн үед зочин ирэхэд жүүс ч юм уу, кофе аягалаад өгөхөөр яагаад ч юм нэг л хөндий хүйтэн уур амьсгал бүрдүүлээд байх шиг санагддаг болчихсон байна лээ” гэлээ. 

Ийм явдал зөндөө шүү дээ. Шинэхэн бэрүүд, бэр болох гэж байгаа бүсгүйчүүдэд зориулсан цай чанадаг клубтэй болчихвол үгүй мөн олон бэрүүд сайн цай чанаж, хадмууддаа таашаагдах байлгүй. Ядаж л аль аймгийнхан ямар цай уудгийг мэдээд авчихна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан наадмын садаануудаас санал болгоход

Наадамчид хамаг анхаар¬лаа морь, бөх рүүгээ хандуул­чихдаг болохоор уг баярын дэг жаягийг найруулагчид тэр болгон хэл аманд өрт¬дөггүй. Аливаа найр наадам төгөлдөр баймааж хотол олны сэтгэл ханамж дүүрэн “Сайхан наадлаа” гэлцдэг. Түлэнхий түүхий хуушуур идүүлж болохгүй. Ганц харах гэж ирсэн бөх нь эхний даваануудад өвдөг шороодож, таньдаг морь нь айрагдаагүй гонсгор явж байхад ядаж хуушуур нь бухимдал төрүүлэхүйц их үнэтэй, ховор бол үзэгчид баяр биш бусад өө сэвүүдийг нь гоочлоод эхэлдэг.

Баярын уур амьсгалыг бүр­дүүл­дэг дэгэнд өөрчилмөөр хэдэн санаа байна. Үүнд бөхийн барилдаан дундуур тавьдаг уртын дуу гэгч чихний чийр нэн ядаргаатай. Ардын дуу болохоо алдсан сайхан зохиолын дуу, сайн дуучид зөндөө бий шүү дээ. Ямар гээч уртын дуу нь юм бүү мэд. Толгой өрөмдөөд авах шиг ян ян гэсэн нэгэн хачин авиаг аль ч наадам дээр дахин дахин тавиад л байдаг даа.

Бөхийн засуулыг аль болох авсаар¬хан биетэй, хөл хөнгөн хүнээр сонгомоор. Үзэгчид төдийгүй зурагт таглаад пээ¬дийгээд хөшчихдөг мануу­хайнууд мөн ч их уур барна даа.

Телевиз үзэгчдэд зориулж давсан бөх болгоны тугаа тойрч дэвж байгаа хэсгийг бүрэн харуулж өгмөөр байна. Тэр бас их гоё ш дээ. Мөн морь бөх тайлбарлагчид ам хуурайгүй чалчдагаа жаа­хан хазаарлаж заримдаа мик­рофоноо талбай руу хандуулж амьд чимээг хүргэмээр…

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Шинэ зууны монгол багшийн загвар боловсруулж байна

Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал, доктор Д.Мөнхжаргалтай боловсролын шинэчлэлийн сэдвээр ярилцлаа. Сургуулийн үүдэнд тэтгэлгээр сурах боломжийн тухай мэдээлэл харагдана. Энэ сэдвээр захирлаас эхлээд тодрууллаа.   

– 650-750 гэсэн тоо бидний хувьд онцлог.  750-аас дээш оноотой хүүхэд багш мэргэжлээр элсээд ороод ирвэл төлбөргүй суралцах  боломжтой. Төлбөрийг нь Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор төрөөс хариуцна.

-Багш бэлтгэхэд төрөөс анхаарч байна гэсэн үг үү?

-Тиймээ. Төрөөс багш бэлтгэхэд анхаарч байгаа хэрэг.   Энэ бол багш бэлтгэдэг их дээд сургуульд төрөөс олгосон боломж юм даа.

-Тэр боломжийг хэр олон хүүхэд эдлэв?

-650-750-ийн хооронд оноо авчихвал сургалтын төлбөрөөс 70 хувь хөнгөлүүлчихнэ. Өнгөрсөн хичээлийн жилд 923 хүүхэд  650-иас дээш оноотой элсэн орсон. Багшийн мэргэжлээр 2000 гаруй оюутан элсүүлсэн. Түүний тал хувь нь 650-иас дээш оноотой оюутан байв. Энэ жил бас л энэ журмаа мөрдөөд явна. Ноднин жилийнхтэй адил тооны хүүхдүүд энэ жил элсэнэ гэж найдаж байгаа. Чанартай багш бэлтгэхэд төрийн зүгээс үзүүлж байгаа санхүүгийн, бодлогын дэмжлэг юм. 

-Өмнөх нийгэмд багшийн мэргэжил нэр хүндтэй байсан. Одоо багшийн мэргэжлийг хүүхдүүд хэр сонгож байгаа вэ?

-Манайд элсэгчдийн 60-70 орчим хувь нь хөдөө орон нутгаас элсдэг. Хөдөөд багш болох сонирхолтой хүүхдүүд их байдаг. Аав ээж нь багш мэргэжилтэй, уламжлаад багш болох хандлага элбэг. 

-Багш болох хүүхдүүдэд онцгой шалгуур тавьдаг уу?

-Манайд  багш болох авъяас сонирхолтой хүүхдийг нээх илрүүлэх, сонгон шалгаруулах,  шинжлэх ухааны үндсийг боловсруулах, эрдэм шинжилгээний төсөлт ажил явж байна. Энэ төсөлт ажлаар тодорхой хэмжээний сонгон шалгаруулалтын даалгаврууд боловсруулж, багш сонгоны хүүхдүүд дээр туршиж үзсэн.  Иймэрхүү ажлын үр дүнд бид сонгон шалгаруулалтдаа арай өөрчлөлт оруулах юм. Одоо бол төвлөрсөн маягаар сонгон шалгаруулалт явж байна шүү дээ. Цаашдаа багшлах авъяас сонирхолтой хүүхдүүдээ эрж хайж нээн илрүүлдэг, оношлодог. Үүнийхээ үр дүнд сонгон шалгаруулдаг тогтолцоонд шилжих юм.

Дээд боловсролын агуулгад шинэчлэлт хийнэ, сургалтын агуулгад өөрчлөлт гаргана гээд яригдаад байгаа. Танай сургуулийн хувьд шинэчлэл яаж өрнөж байна?

-Дээд боловсролын шинэчлэл нийтлэг явж байна. Зарим хүн үүнийг буруу ойлгоод байх шиг. Ерөөсөө нарийн мэргэжил эзэмшүүлэхгүй, маш ерөнхий юм заачихаад төгсгөх юм байна гэж ойлгодог. Боловсролын шинэчлэлийн мөн чанар нь юунд байна гэхээр бид мэргэжлийн суурь чадамж гэдэг юмыг эхлээд олгох ёстой. Багшийн чадамжийг гурван чиглэлээр багцалдаг. Нэгдүгээрт, хувь хүний чадамжууд, хоёрдугаарт нийгэмшлийн чадамжууд, гуравдугаарт нь мэргэжлийн чадамжтай хүн төгсч гарвал нийгмийн захиалга, одоогийн  шаардлага хэрэгцээг хангах юм. Шинэ зууны монгол багшийн загвар боловсруулж байна. Шинэ зууны монгол багш дээр өгүүлсэн гурван чадамжтай байх учиртай. Монголоо гэсэн сэтгэлтэй, хүүхдийг зөв хүн болж төлөвшихөд сэтгэл зүрхээ зориулж чадахуйц зөв төлөвшил хандлагатай багш чухал. Хувийн чадамж гэдэгт өөрийгөө хөгжүүлэх, илэрхийлэх чадвар асуудал шийдэх чадвар, мэдээллийн технологийг ажил төрөлдөө хэрэглэх чадвар гэх мэт олон чадварууд багтана. Нийгэмшлийн чадварт хүнтэй зөв боловсон харилцахаас эхлээд бусдыг сонсдог, өөрийгөө бусдад ойлгуулж, илэрхийлэх чадвар орно. Үүний дараа нарийн мэргэшүүлэх багц сургалтууд орохоор өөрчлөлт  хийсэн. Дээд боловсолд хийж байгаа шинэчлэл эцсийн эцэст үр дүнд суурилсан шинэчлэл болж байна. Бид багшийн  хөгжилтэй холбоотой хичээлүүдийг түлхүү оруулж өгсөн. Тухайлбал энэ жилийн хичээлийн хөтөлбөрт логик сэтгэлгээ гэсэн хичээл байгаа. Энэ хичээл хүүхдийг сэтгэн бодох, бүтээлчээр сэтгэх чадвар, сурах арга барилд сургах, аливаа зүйлийг шүүн тунгаах чадвартай болгох,  зөв үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болгоход тустай. Дараагийн нэг шинэ хичээл нь “Яриа бичгийн соёл“. Энэ хичээлийг нэгдүгээр курсээс ороод эхэлсэн.  Амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлдэг чадварт хүүхдүүдээ сургах юм. Энэ хоёр хичээлийг бүх оюутнуудад заавал үзүүлэхээр сонгосон. Мэргэжлийн гүнзгийрэлтийн түвшингээ хаяж гээхгүй. Өндөр ур чадвар суулгах хичээлүүд ордогоороо орно.

-Өмнө нь багш нар  дүрсгүй, хичээлдээ  муу хүүхдийг тоншоод авах нь байж болох үзэгдэл байсан. Одоо ч ийм тохиолдол гардаг. Ирээдүйн багш нарт энэ талаар сургадаг уу?

-Цаг цагаараа цахилдаг хөхөөрөө. Шинэ багш нарт тийм юм байж болохгүй. Дэлхий нийтээрээ үүнийг  хориглож байгаа. Хүүхдийн онцлогт тохируулаад, арга барилаа чөлөөтэй өөрчилж чаддаг хөрвөх чадвартай багш нар хэрэгтэй учраас сургалтын технологио шинэчилж, хүүхдийн онцлог, авъяаст зохицуулсан шинэчлэлтүүдийг хийж байгаа. Энэ талаар бид нэлээд судалгаа хийж үзсэн. Та бүхний сэтгэл судлал боловсрол судлал хичээлээр үзсэн мэдлэг хэр хэрэг болж байна гэхэд залуу багш нар харилцааны чадвар дутагдалтай байна гэдэг.   Жишээлбэл математикийн бодлогыг хүүхэд ойлгохгүй бол яах вэ, хүүхэд бүртэй яаж ажиллах юм, энэ бүхнийг бид шинэчилсэн агуулгаар зааж өгөхийг оролдож байна. Хэт их онол заагаад л байдаг. Эцсийн эцэст хүүхэдтэй ажиллах арга барил нь дутуу дулимаг байна гэдэг судалгааны дүн гарсан юм. Боловсрол судлал, сэтгэл судлал, заах аргын хичээлийн хөтөлбөрүүдээ шинэчилж амжсан л даа. Энэ хөтөлбөрүүдээр хичээл явагдах юм.

-Сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ дэлхий нийтийн хандлагыг тусгасан байлгүй.  Бусад орнуудтай харьцуулбал манайх хаана нь явж байгааг харах боломж байдаг уу?

-Байлгүй яах вэ. Манай МУБИС 60 гаруй орны их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Ихэнхи нь багш бэлтгэдэг сургуулиуд. Жишээлбэл би сая Японд  яваад хэд хэдэн багш бэлтгэдэг сургуультай гэрээ байгуулахаар ярилцаад ирсэн. Дэлхийн их сургуулиудын холбоо,  Азийн  боловсролын их сургуулиудын сүлжээнд хамрагддаг.  Багш бэлтгэх хөтөлбөрийн Олон улсын магадлан итгэмжлэл гэж бий. АНУ-ын багш бэлтгэдэг хөтөлбөр, магадлан итгэмжлэлийн байгууллагатай тодорхой зүйл ярьж байгаа. Сүлжээгээр дамжуулаад хуулбарлах нь гол биш. Үндэсний их сургуулиуд ямар түвшинд ажиллаж байна. Бид тэр түвшинд ажиллах ёстой.  Чадамжид суурилсан багш боловсрол гэдэг маш чухал  байна. 

-Боловсролын шинэчлэл,  сургалтын хөтөлбөр, технологийн шинэчлэл хийхэд мөнгө  хэрэгтэй. Энэ бүхнийг сургалтын төлбөрөөр хийж хүчрэхгүй болов уу. Санхүүжилтын эх үүсвэр олж чадаж байгаа юу?

– Чанарын шинэчлэл  гэдэг асар их зардал гаргадаг. Ганц том дэмжлэг бол Боловсрол шинжлэх ухааны яам. Нэгдүгээрт түрүүний хэлдэг багш мэргэжлээр өндөр оноотой элсч байгаа хүүхдүүдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа дэмжлэг. Онлайн сургалтын  орчин бүрдүүлэхэд энэ жил бас бидэнд дэмжлэг үзүүлж байна. Дээр нь мэдээж төсөл хөтөлбөрүүд байна. АХБ-ны дээд боловсролын шинэчлэл, дунд боловсролын шинэчлэл төслүүд, ЖАЙКА,  НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн  сангийн төсөл байна. Энэ бүх төслүүд манайд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж байна.

-Сургалтын төлбөр хэд байна. Манайхан хувийн,  өндөр төлбөртэй бага, дунд сургуульд өчнөөн саяар хүүхдээ сургаад байдаг. Гэтэл нөгөө талд нь дээд боловсролыг хямдхан авах гээд улайраад байдаг эсрэг тэсрэгийн туйл яваад байна?

-Энэ бол боловсролын салбарыг улстөржүүлсний гай.  Боловсролын салбарын  нэг чөдөр нь төлбөрийн хязгаарлагдмал байдал. Манай МУБИС сая 240 мянган төгрөгийн төлбөртэй. Энэ жил инфляцийн түвшинтэй уялдуулаад арав орчим хувь нэмж байна. Сая 400 мянган төгрөг л болох юм уу даа. Нэг оюутанд ногдох зардал гурван сая төгрөг болдог. Талыг нь бид оюутны сургалтын төлбөрөөс авч байна. Талыг нь улсаас өгч байгаа гэсэн үг. Өнгөрсөн хичээлийн жилд бид тусгай хэрэгцээтэй боловсролын багш бэлтгэх ангийг шинээр нээсэн. Лабораторийг нь яамнаас тохижуулж өгсөн.  Монгол Улс түүхэндээ анх удаа эх орондоо тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэж  байгаа. Нээхээс өөр аргагүй л дээ.  Эхний 60 багш нь тусгай  сургууль, цэцэрлэгийн багш нар голдуу байсан. Тэндээсээ 47 хүн төгсгөлөө. Энэ жил бид  ажиллаж байгаа багш  нараа үргэлжлүүлээд нэг жилээр сургана. Шинээр дөрвөн жилийн анги авч байгаа.  Тусгай хэрэгцээ гэдэг нь  хоёр талтай. Нэг талаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нөгөө талаасаа онцгой авъяастай хүүхдүүдийг хөгжүүлэх багш нарыгаа бас тусгай хэрэгцээт гэж нэрлээд байгаа юм.  Нэг ангид байгаа хоёр туйлын хүүхдүүдтэй ажиллах багш нар бэлтгэгдэж байна. Нэг ангид ороход сурлагаар хоцрогдсон хүүхдүүд байна, эсвэл түрүүлээд хөгжчихсөн хүүхдүүд байна. Тийм хүүхдүүдтэй яаж ажиллах вэ гэсэн ур чадвар суулгах хөтөлбөр юм. 

-Боловсролын салбарт хүйсийн хувьд жендерийн тэгш байдал алдагдсан салбар. Үүнийг тодорхой хэмжээгээр залруулах боломж бий юу?

-Хүйсийн харьцаа алдагдсан гэдэг нь ойлгомжтой. Нийт элсэгчдийн 80 орчим хувь нь эмэгтэй байдаг. Тийм учраас эрэгтэй элсэгчийг ахиу авахаар жендер дээр санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн асуудал тавьдаг.  Үндсэн хуульд хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан учраас хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх тал дээр санхүүгийн дэмжлэг авч болохгүй байгаа юм. Ноднин жил төлбөрийн хөнгөлөлтийг дагаад эрэгтэй хүүхэд олон элссэн. Монгол хэлний ангид 30 хүүхдийн нэг, хоёр нь эрэгтэй байсан бол ноднин жилийн ангид 5-7 эрэгтэй хүүхэд байсан. 

-Сургалтаас гадна судалгааны чиглэлээр ажиллана гэсэн. Ямар судалгаанд анхаарч байна?

– Бид судалгаа-сургалтын  статустай их сургууль болох зорилт тавьсан юм. Боловсрол судлалын судалгааны ажлыг тэргүүлэх чиглэлтэй хөгжүүлэхээр Боловсрол судлалын төв байгуулсан. Энэ төв дээр судалгааны төсөл хөтөлбөрүүдийг төвлөрүүлээд, туршлагатай судлаач багш нарын баг бүрдүүлээд, ажиллаж байна. Хэд хэдэн төслүүд явж байна. Багш, боловсрол судлалд анхаарал хандуулж бид юу болоод байна, манай төгсөгчид юу болж байна гэсэн тандалт судалгаануудыг хийнэ. Сургалтын үнэлгээ арга зүй гэсэн чиглэлүүдээр нэлээд нарийн судалгаа явуулаад инновацийн шинжтэй бүтээгдэхүүнийг гаргаж ирье гэсэн санаа бий. Боловсролын их сургуулийн боловсруулсан сурах бичиг гэвэл ямар сонсогдож байна.  Бид бас сургалтын технологич гэсэн магистрын анги нээж хичээллүүлсэн. Аливаа нэг шийдвэр судалгаа шинжилгээний үндэслэл муутай гараад байна гэдэг. Тэгэхээр хэрэгжилт нь дутуу дулимаг болоод улс орны хөгжилд саад болоод байгаа хэрэг. 

Сургалтын хөтөлбөр, арга зүйгээр мэргэжлийн хүмүүс бэлтгэнэ.  Энэ нь орчин үеийн дэлхий дахины боловсролын ерөнхий сургалтын технологийн чиг хандлага арга зүйгээр сурсан  хүмүүс байх  юм. Энэ жил 30 магистр элсүүлээд арай өөр хөтөлбөрөөр явж байна.  Гадаад, дотоодоос хамгийн сайн багш нарыг урьж ажиллуулахаар хичээж байна. Ялангуяа манайхыг  төгсөгчид ерөнхий боловсролын салбарт өрнөж байгаа шинэчлэлээс хоцорч болохгүй, харин манлайлах учиртай. 

-Энэ олон шинэчлэлийг хэн хийж байгаа вэ. Танай сургуулийн багшийн цалин шинэчлэл хийх хэмжээний багшийг уяж чаддаг уу?

-Манай сургуулийн цалин хөлс боломжийн түвшинд хүрсэн. Гадаад дотоодод төгссөн хүмүүс ч ирж байна. Өнгөрсөн хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд доктор хамгаалсан таван багш шинээр авсан. 

Манайх 500 багш, эрдэмтэн судлаачтай том хамт олон. Энэ хүч нөөцийг зөв чиглүүлэх учиртай. Манайд Монгол судлал хөгжиж ирсэн уламжлалтай. Монгол судлалын төв маань монгол хэл бичиг, түүх зан заншил, угсаатны зүй, энэ бүхнийг өргөн хүрээтэй судалдаг. Олон улсын Монгол судлалд жинтэй хувь нэмэр оруулдаг их сургууль болох зорилго өвөрлөж байна.     

-Багш бэлтгэж байгаа хүмүүс өөрсдийгөө  хэр шинэчилж, сурч байдаг бол?

-Манайх  60 сургуультай хамтын ажиллагаатай. Багш нараа гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан судалгааны ажил хийлгэх, туршлага судлах, ажлуудыг тогтмол хийж байна. Сургууль дотор багшийг тасралтгүй хөгжүүлэх хөтөлбөр хэрэгждэг.  Цахим  бүтээлийн сантай боллоо. Энэ бүртгэл тасралтгүй өсч байх ёстой. Үүнд үндэслээд ажлын байр өгсөх, цалин хөлс нэмэгдэх учиртай.

 Б.ЯНЖМАА

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын баярын өмнөх Хүй долоон худаг, Галзуу харын худаг, Цагаан хөтөлийн өнгө

Хүй долоон худаг, Галзуу харын худаг, Цагаан хөтөл наадамчин олны хөлд дарагджээ. Улсын баяр наадам хором, хормоор ойртож буй энэ өдрүүдэд уяа мориныхоо сойлго, давхилыг тааруулах уяачдын хөдөлмөр, гараа, барианы зурхайг тохижуулах ажлын явц Эмээлт тосгоныг өнгөрмөгц ажиглагдана. 

Хүй долоон худаг хурдан морины барианы зурхай орчмыг хөгжиж байна гээд хэлчихэд хилсдэхээргүй болж. Олон жил яригдаж, өнгөрсөн жилээс эхэлсэн бүтээн байгуулалт өнөө жил бүр ч хурдацтай, ахицтай байна. Наадамчин олны тав тухыг хангах үүднээс гурван мянган түшлэгтэй сандал байрлуулах ажил өнгөрсөн баасан гаригаас эхэллээ. Бас автомашины зогсоол, хуушуур, айраг, хорхог худалдаалах талбай, орчин үеийн боловсон жорлон гээд бүхнийг хийж байгаа нь томоохон хотын төв талбайтай жишихүйц өнгөлөг байна. Төмөр замын автобус явах зам, зогсох буудал, автомашины асфальтан зам уулзварууд ч нэгэн өнгө нэмэн байна. 

Хур бороо элбэг, долоон сарын зун дэлгэр байгаагаас орчин тойронд зүлэг ногоо жигдрэн өнгийн цэцэгс алаглан байна. Гэм нь ойр ойрхон бороо орж байгаагаас газрын хөрс зөөлөрч балчиг ихтэй болсон ажиглагдана. Оготно, зурамны нүүдэл энэ хавийг одоохондоо дайраагүй ч өнгөрсөн жилүүдэд үүссэн үлий бас л бэрхшээл дагуулж магадгүй байгаа юм байна. Хүй долоон худагаас Цагаан хөтөл өнгөрч гарааны зурхай хүртэлх газрын өнгө төрх нэг ийм.

Хүй мандалын хөндийд уяачид 200 орчим гал болон айлсчээ 

Бараг 30 орчим км үргэлжлэх энэ хэсэгт улсын болоод аймгийн алдар суут уяачид гал болон гарчээ. Дааганы уяаг онцгой сайн тааруулж олон түмэндээ “Дааган” хэмээн цоллуулах болсон  манлай уяач Ц.Цэнд-Аюушийн гал Галзуу харын худгийн зүүн урд аманд байна. Хуучин “Ноёд” гурппийн гэх тодотголтой М.Буяндоржтой нэг гал болдог байсан бол өнөө жил нутгийн уяачидтай айлсан буужээ. Тэрээр арав гаруй хурдан ажнай уяан дээрээ сойж соёолон, дааган насны морьдоо Цагаан хөтөлд энэ өдөр болох сунгаа руу авч явсан байлаа. Ц.Цэнд-Аюуш уяачийнхтай айл, саахалт гуч гаруй гал байгаа нь бүгд баруун нутгаас ирсэн гэдгийг унаач хүү өгүүлнэ. Айл, саахалтуудынх нь уяан дээр ихэвчлэн 10-20 морь сойсон байх агаад ганц модонд ганц морь уясан айл ч байх. 

Нутгийн залуу Батболд боломжийн үнээр авсан морио сойж байгаа нь энэ гэж хавийн хүмүүс хэлэлцэнэ. Тэрээр хурдан моринд саяхнаас хорхойсч буй шинэ тутам хүн учраас олон алдарт уяачийг бараадан байгаа нь энэ аж. Ер нь Ц.Цэнд-Аюуш уяачийн үйл хөдлөл бүрийг нь ажиглан дагаж хөдөлдгийг хүмүүс мэдэх юм билээ. Гал, галын уяа руу дуран сунган үйл хөдлөлийг нь дагаж хийж үнэ хаяж авсан хээр мориныхоо хөлс, хүчийг тааруулж байгаа гэх. Шөнийн хоёр цагт морио идээшлүүлж, өглөө үүрээр барьдаг эрдэмд саяхнаас суралцаж байна гэх наргиа ч дуулдаж байсан. Хурдан ажнайн хөлсийг тааруулж авахад уяач цалинжуулбал ханш өндөр болсон сураг ч энэ хавиас сонсогдлоо. Зургадугаар сараас намар болж, наадам шингэртэл морь мэддэг, дүйтэй нэгнийг цалинжуулахад арав гаруй сая төгрөг зарцуулдаг тухай яриа байна. Тиймдээ ч Батболд өөрийн арга барилаар хурдан хээр морио сойж буй нь энэ гэнэ.

Энэ амны баруун хойд захын уяан дээр 40 орчим хурдан морь сойсон нүсэр гал байх нь тод манлай уяач, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийнх. Тод манлайнхтай бас нэгэн тод манлайнх айлсан буй нь Э.Эрдэнэчулуун. Өвөрхангай гаралтай хоёр тод манлай өглөө Улаанбаатарын зүг хөдөлсөн бөгөөд Г.Батхүү гишүүн Цагаан хөтөлийн сунгаанд оролцоогүйгээрээ онцлог байлаа. Саяхан болсон дунд сунгаанд оролцож их сунгааг хүлээн буй нь энэ аж. УИХ-ын гишүүн Г.Батхүү гал дээрээ байрлаж буй бөгөөд таван ханатай дүнэгэр цагаан гэр барьжээ. Хоолны гэр, унаач, уяачдын гэр гэж барьсны зэрэгцээ том чингэлэг, хэд хэдэн жийп тэдний галыг чимнэ. Зүүн жигүүрийн улаан халзтай таван ханат нь Э.Эрдэнэчулуун тод манлайнх байлаа. Эртлэн боссон томцуул нь үдээс өмнө дугхийж өдрийн ажлыг ихэвчлэн хүүхдүүд амжуулдаг бололтой. Гийнгоо хадаан морьдоо хөдөлгөхөөс эхлээд шавших, услах, ундны ус, түлээ мод бэлтгэх гээд хүүхдүүд тун завгүй. 

Энэ галаас цааш хөдөлбөл манлай уяач Түвдэн агсны хүү алдарт уяач Т.Батцоожийнх ганц гэрээр байх нь тааралдана. Сүүлийн үед бага залуу насны морьдын уяа сойлгийг тун ч сайн тааруулж буй Т.Батцоож алдарт уяач өнөө жил ч нас насны морьд сойжээ. Харин “Налгар” амралтын газрын наад аманд “Талын хүлэгч” галын улсын алдарт уяач Н.Даш-Өлзий ганц гэрээр буусан байна. Цөөн тооны гүү саяхан барьсан бололтой унага нь зэлнээсээ зулран байх. Мөн л нас насны арав гаруй хүлэг сойсон харагдана. “Талын хүлэгч” галыг тарсан тухай мэдээлэл саяхан цацагдаж байсныг түүнээс асуухад мэдээлэл худлаа болохыг баталж байв. Энэ галын уяачид Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь аймгуудад бэлтгэлээ базааж буй бөгөөд энэ сарын наймнаас нэгдэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Жил бүр “Талын хүлэг” гал энэ аманд гардаг байсан бөгөөд галын уяачдын морь олширсноос ийн тарж нүүсэн гэнэ. Харин Н.Даш-Өлзий гуай галынхаа шавыг тавьсан энэ газарт байнга гардаг бөгөөд худаг гаргаж урд уулан дээрээ хийморийн овоо босгон тахижээ. Мөн зарим уяачдынх нь морь өнгөрсөн жил уралдааны замаас хадуурч энэ ам руу гүйсэн болохоор ганц нэг нь Цагаан хөтөлөөс зүүн тийш барианы зурхай хүртэлх зам дагуу зусч байгаа аж.

Галзуу харын худагийн урд уулын бэлээр ийн уяачид 40 гаруй гал болон гарсан байгаа бол Цагаан хөтөл орчимд бараг 100 орчим уяачийн гал байна. Хамгийн баруун талд “Макс”-ын гал байхаас эхлээд сүүлийн үед олны хараанд өртөөд буй аймгийн алдарт уяач Т.Ихбаяр ойролцоогоор 70 орчим морь сойж байна. Тэрээр “Хүй мандал” гал уяандаа нутаг усныхнаасаа эхлээд Монголын томчуулын хурдан ажнайг ийн нэг дор сойж байгаа нь энэ юм байна. Түүний 2013 онд нэг түрүү, 13 айраг авсан амжилт нь залуу гэлтгүй буурь заасан уяачдыг ч эмээхэд хүргэж байгаа гэлцэх.

 Цагаан хөтөлийн баруун хэсгээр Ховд, Баянхонгор, Увс, Завханы зүгийн уяачид улсын алдарт уяач Б.Ерөөлтийг бараадан бууцгаажээ. Мөн хонгор азаргаа Их хурдад айрагдуулж, төвийн бүсийн хурдад торгон жолоо өргүүлсэн Дамбын Баяраа, хурдан хүрэн үрээгээ төвийн бүсэд айрагдуулсан Батмөнхийн Шагдаржав, хурдан буурал морьтой Шаравын Мөнгөншагай нарын уяачид гал, галын тоог нэмэн хол саахалтын зайтай хаяа хатгацгаасан байна. Олноо Дугараа хэмээн авгайлах болсон Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий өнгөрсөн жил зургаан  түрүү, найман  айраг авсан амжилтаа эвдэхээр бэлтгэж байна. Хурдан мориндоо зориулан сүүдрэвч, асар барьсан ганц айл тэднийх байлаа. 

Даага, соёолонгийн сунгаа будлиантай болж, хэд хэдэн хүүхэд унажээ

Энэ өдрүүдэд хоёр хоногийн зайтай сунгааг уяачид зохион байгуулж буй бөгөөд баасан гаригт уяач Т.Ихбаяр даага, соёолон насны морьдоо сунгах санал гаргаснаар ийн Цагаан хөтөлийн арын дэнжид уяачид нийлцгээжээ. Энэ сунгаанаас бас Хүй мандалын хөндийд айлссан уяачдыг ажиглахад өнөө жилийн наадам тун ч өтгөн болох шинжтэй. Сунгаанд 70 гаруй соёолон, 100 орчим даага уралдаж байгаа нь үүнийг илтгэнэ. Өвөрхангай аймгийн хойд болон Архангай аймгийн урд биеийн сумдын уяачид улсын наадмын түрүүг зүүдэлж ирснээсээ хойш тунчиг амь нэгтэй байгаа гэдгийг хавийн хүмүүс хүүрнэцгээж байна. Тэд гурав хоногийн өмнө ирцгээж гэр ч барилгүй уяа хатган “Портер” машиндаа амьдарцгааж байгаа сураг байна.  Үүнийхээ хажуугаар сунгааны хуушуур зарж бэлээхэн ашиг хайцгааж байхтай нь таарлаа.

Уяачид төвийн хэвлэл мэдээллийн байгууллага, зургийн аппарат, телевизийн камераас нүүр буруулдаг болчихож. Улсын баяр, томоохон уралдаануудаас өмнө олон нийтийн хэвлэлээр өөрөө эсвэл мориных нь дүрс цацагдчихвал хар, цагаан хэл ам хүрэх нигууртай гэнэ. Тиймээс улсын баяр наадам хүртэл зураглаачдын дуранд өртчихгүйг хичээж ойр байгаа гэр, хуушуурын палатка, машины цаагуур зугтан орж байна.  Харин баяр наадмын дүн гарсан тохиолдолд өөрийгөө олонд таниулах сонирхол тун их байдаг учир сэтгүүлчдийг урьж залдаг тухай ч тэд ярьж эхэлсэн байна. 

Цагаан хөтөлөөс зүүн тийш Хүй долоон худаг зүгт 17 км явж байж соёолонгийн уралдааныг эхлүүлэхээр ярилцаж тохиролцоод байв. Бараг 30-40 жийп машин хашиж явсан ч газрын цээжинд хүрүүтээ унаач хүүхдүүд эргэхийг санаархаж эхэлсэн юм. Баруун жигүүрийг захлан явсан арваад хүүхэд мориныхоо амыг эргүүлэн гүүглэхэд унаач хүүхдүүдийн бараг хагас нь дагасан нь морьд хоёр тасрахад хүргэсэн. Эзэд нь аль болох цааш нь шахсан ч төдий л холдолгүй  үлдсэн морьдыг эргүүлэхээр болсон юм. Ингээд хоёр тасарсан морьд уралдаж барианд ороход хэний морь түрүүлж байгаа нь тодорхой мэдэгдсэнгүй. Сүүлд хөдөлсөн хэсэг нь гүйцэж түрүүлсээр утга учраа алджээ. УИХ-ын гишүүн асан Р.Буд соёолон насны хоёр ч үрээ хөтөлж ирсэн нь нэлээд хойгуур иржээ. Унаач хүүхдүүддээ 20 хуушуур авч өгчихөөд Улаанбаатарын зүг шууд хөдөлж байгаа харагдсан. Харин хэний морь түрүүлсэн бэ гэхэд нэг хэсэг нь “Макс”-ын уяанаас гэж байхад нөгөө хэсэг нь тод манлай Э.Эрдэнэчулууны үрээ түрүүлсэн гэцгээж байснаар үзүүр, айргийн тавд хурдалсан морьд ч тодорхой болсонгүй. Дааган насны уралдаан ч мөн л дээрхийн ижил будлиантай боллоо.  Хоёр тасарч эргэснээр хэн гээч уяачийн даага өнгөлж байгааг тэнд очсон хүмүүсийн хэн нь ч мэдсэнгүй. Морьдоо дагаж явсан уяачид л өөрийнхөө ажнай хүлгийн сойлго хэр таарсныг барагцаалж мэдэх шиг боллоо. Энэ үеэр дөрөв таван ч хүүхэд унаж зарим нэгнийх нь даага барианы зурхайд биш гүүн зэл рүүгээ давхиж оджээ. 

Хүүхэд унасан тухай асуудлаар туслах уяачид тойрч суугаад хэсэг хөөрөлдлөө. “Талын хүлэгч” галын бололтой арав орчим насны хүүхэд морьд тасарч эргэхэд унасан тухайгаа өгүүлэхэд “Ийм асуудалтай уралдвал хүүхэд битгий хэл том хүн ч унана. Одоо ч тэгээд хүүхдийн асуудлыг хөндөж, хүний эрх ярьж улс төр хийх гэсэн хүмүүс олон болж дээ. Бага байхад морь унаж байна гэж зүүдэлж босч ирдэг байлаа. Тэр үед чинь одоогийнх шиг хамгаалалт, аюулгүй байдал хангах нь бүү хэл ярьдаг ч үгүй байсан үе. Одоо ч овоо л болоод байна. Хурдан морийг хүүхдээр унуулахгүй гэвэл яах бол. Үс сахал нь өрвийж, дэлэн хөхөө савчуулсан хүүхнүүдээр унуулах гээд байгаа юм байх даа. Хэрвээ тийм зүйл болбол би л лав морь уяж, наадам үзэхгүй. Та нар том хүн бүдүүн хоолойгоор бархирч, хэлээ унжуулсан морьд барианд орж ирж байхыг харах сайхан уу” хэмээн ёжлонгуй ярих нэгэн ч байсан. 

Мэдээж бэсрэг наадам дээр нутаг нутгийн ахан дүүсийн ярилцаж байсан дараагийн асуудал нь “Хэний морь хурдан байх вэ” гэдэг. Уяачдын өгүүлж буйгаар тод манлай Э.Эрдэнэчулуун, “Макс”-ын гал, “Талын хүлэгч” галын морьдын уяа жигдэрч тэр дундаа бага залуу морьдынх нь хөл чанга байна гэцгээж байсан. Тэгвэл улс төрийн хүрээнээс “Мон Уран”-ы буюу УИХ-ын гишүүн Б.Наранхүү, сайд Д.Бат-Эрдэнэ, Ч.Улаан гээд улсын наадмын айргийг авдгаараа уламжлал болчихсон гээд хэлчихэж болох уяач улстөрчдийн морьдыг өнгөтэй байна гэлцэж байсан. 

Хүй мандалын хөндийгөөр бүтэн өдрийн турш бэдчиж “Танайд өнжье” булангаа бэлтгэхэд ийм сонин сайхантай байлаа. Жил жилийн наадмаас өнөө жилийн баяр бүр ч өнгөтэй, өтгөн сайхан болох бололтой. Барианы зурхайд баяр наадмын бэлтгэл ажлыг базаагсад хийгээд хурдан буянаа сойх уяачдын морьд өнөөдөр өнгөтэй байна. Чухам хэн гээч аавын хүүгийн хурдан ажнай торгон жолоо өргүүлэхийг харахад хэдхэн хоног үлдлээ. 

Л.МӨНХТӨР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН  

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Улаан тугнууд чинь унаатай ч юм шиг

 “Тусгай салаа”-ны Дэндэв

Онигоо: “-Унаа машинтай юу?

-“Эксел”-тэй ш тэй

-Одоо нэг унаатай болооч…”

Данхар толгойтой, хамаргүй, хөх өнгийн атигар  “Поортер”, мөн цаана нь дөрвөн дугуй нь дотогшоо маажийсан, их утаат үнсэн саарал “Мийкро” гэгчүүд  машины замаар явж байна. Тэд улсын баяр наадмын өдрүүдээр Их Монгол Улсын төрийн алтан соёмбот томоо гэгчийн далбааг мандуулжээ.

Солонгос, япончууд эдэлж дуусаад төмрийн хогонд тушааж байсан эдгээр “Эксел”-үүдийг манайхан оруулж ирээд асаахаар барах уу дахин амь оруулан бүр машинд тооцчихсон.

Гадны хүмүүс тохуурхах нь эдгээр комиссын бараа ямбий техникүүд ба улаан туг хоёр яг таарч дээ гэх юм. Монгол бахархлаа илэрхийлж маш том туг машин дээрээ намируулжээ, овоо доо  гэж бодсон нь эндүүрсэн байна. 2200-аас наашгүй жилийн агуу түүх, суу алдрыг шүншиглэсэн үндэсний их  бэлгэ тэмдэг төрийн далбааг минь муусайн төмрийн хайлш, “пиавар”-ын хог сэгэн дээр аваачаад дур дураараа өлгөчихөж.  Ёс төрөө эрхэмлэгчид энэ зууны хурд хүчний гайхамшиг болсон цоо шинэ “Лаанд, Бээнз”-ээр хөлөглөсөн ч өөртөө төрийн далбаа хүндэдчихээс болгоомжилдог юм билээ. Хүний сор үе үеийн мянга мянган охид, хөвгүүд тив дэлхийн дэвжээнд уралдаад тэр болгон мандуулж чаддаггүй төрийн далбаа цадигаа алдвал улаан даавуу төдийхөн ажээ.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Борооны охидыг ширтэх сайхан

Хүүхэд насанд бороо орох туйлын сайхан санагддаг сан. “Бороо бороо ороорой. Оросын маамуу ирээрэй” гээд бөөн хөөр болно. Дэнжийн тогоруу хүртэл бороо орохыг хүсэн хүлээх мэт цам харайх нь гайхамшигтай. Зүсэр бороотой өдөр гэрийн хаяаны шуулттай гэгээнд ном уншсан шигээ хэвтэх хамгийн жаргалтай байлаа. Тэр үед зарим оронд борооны улирал байдагт битүүхэн атаархана. Ухаандаа, завчлаад ном уншаад хэвтээд байх нь байна шүү дээ. Гутал хувцас хүндрүүлсэн намар оройнх л биш бол одоо ч гэсэн бороонд нороод алхаж явах сайхан. Бороо орчлонгийн бүгээн бүхнийг угаадаг тэнгэрийн шүршүүр юм шиг санагдана. Эсвэл, тэнгэр газрыг холбосон шидэт нэгэн гүүр ч юм шиг. Бороо ороход охин минь цэнхэр шүхрээ дэлгээд алхаж яваа нь дүүжийсэн цэнхэр тогоруу шиг эгдүүтэй хөөрхөн харагдана. Шүхэр барьсан бүсгүй болгон гоёхон үзэгдэнэ. Автобусны буудал дээр унаа хүлээн зогсох зуур энэ орчлонгийн нэгэн чимэг болсон борооны охидыг ширтэхэд нэг л тунгалаг гэгээн сэтгэл төрж энэхэн дэлхийдээ улам л хайртай болном. Цонхны шил зүлгэн урсах борооны ширхэг тэнгэрээс таталган буулгадаг эх монгол босоо бичиг шиг минь төсөөлөгдөнө. Тэр тэнгэрийн бичгийг хүн бүхэн л өөр өөрийн ойлгоцоор хөрвүүлж уншина. Бороо орох бүрт орчлонд дахин мэндлэх шиг мэдрэмж төрж, их хотынхоо нүргээнт аж төрлөөс түрхэн зуур ч тасарнам. Ай, сайхан бороо минь намиран шивэрч орсоор л байна даа.

.БАТЦЭНГЭЛ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Нэг хүнийх шиг бичгийн хэвтэй Хишиг-Өндөрийн хичээнгүй сурагчид

Төрийн шагналт эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийг 1972 онд С.Ичинхорлоо багштай төгссөн наймын “а” ангийнхан дөч гаруй жилийн дараа төрөлх сургууль дээрээ уулзахаар болзжээ. Анх 1964 онд Ц.Гунгаа багшийн удирдсан ангид баг багаас ирсэн охид, хөвгүүд цуглаж байж. Ангийн багшийнхаа уншуулсан “Салан баавгайн үлгэр”-ийг “Салаан баавгайн үйлгэр” гэж уншиж байсан гэнэн хонгор үе тэртээд алсран үлдэж бүгд амьдралын харгуйд аав, эжий болон замнажээ. Өнөөдөр ангийн хоёр багш нь мэнд амар аж төрцгөөж байна. Их эрдэмтэн Ш.Гаадамбын төрсөн охин С.Солонгос ч эдний ангийн хүүхэд. Харин тэрээр өргөмөл эцэг Сууриараа овоглодог юм билээ. Солонгос бол Эрхүүгийн ХААИС-ийг төгссөн өндөр боловсролтой нэгэн. Хожим Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ-ын нарийн бичиг, Засаг даргын орлогчоор ажилласан байна. Гадаадад суралцсан бас нэг эрхэм нь ЗХУ-ын Омскт техник мэргэжлийн сургууль төгссөн Бя.Даваажав. Бя гэхийн учир нь Баасандамбын, Цэндбазарын гэсэн хоёр амидай нь цаана нь байгаа хэрэг.

Энэ ангийнхан наймаа төгссөнөөс хойш үндсэндээ цацсан будаа шиг л талын нэг тарчихсан хамт олон. Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Өмнөговь, Могод, Дорноговь, Хөвсгөл, Тэшиг, Гурванбулаг, Хангал гээд ёстой л Монголын өнцөг булан бүрт үүрнээсээ ниссэн шувуухай шиг тархаж орхиж дээ. Эдний анги бол тэнгэрт гартал тасраад цойлчихсон алдартан суутан хомсхон Монголын түм түм төгсөлтийнхний л адил байдаг нэг эгэл жирийн нэг ангийнхан. Ангийн төлөөлөл болсон доктор, профессор С.Бадарч ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургуулийн маркетингийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Монгол Улсын ууган хөдөлмөрийн баатар Зундуйн Очир гуайн өргөмөл хүүгээс төрсөн ач хүү. Ууган хоньчин баатрын бас нэг хүү Дамдины охин Дэнсмаа нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуульд багшилдаг, хэлбичгийн ухааны доктор хүн. Тэрээр ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын уран бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалсан юм билээ. Бүлгийн дарга, таван онцын эзэн тэрээр гуравдугаар ангид байхдаа нам төрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбалыг хүндэт пионерт элсүүлж пионерийн тэмдэг зүүж өгч байсан нэгэн.

Бал дарга савхин дээлтэй байсан болохоор хоёр ч тэмдэгний зүү хугалсны эцэст “За, миний охин наад тэмдгээ надад өгчих. Би зүүлгэсэн гэж бодоод авчихъя” хэмээн халаасалсан гэдэг. Энэ тухай “Пионерийн үнэн” сонинд “Ю.Цэдэнбал даргыг “бөхийлгөсөн” хүүхэд” гэсэн сурвалжлага гарч байсан түүхтэй.

Сурвалжлагыг “Тэмээн дээрээс наран ойрхон” дуугаараа алдаршсан, яруу найрагч Жанчивын Шагдар гуай бичиж байж. Жан.Шагдар найрагч хоёр докторын өвөө Зундуйн Очир гуайн тухай “Эргэх дөрвөн цаг” баримтат туужийг бичих гэж бүтэн жил дагалдан хоньчин байсан хүн. Эл тууж дунд сургуулийн уран зохиолын сурах бичигт бараг ерээд он хүртэл байдаг байсан. Өвөөгийнхөө зурагтай туужаар үнэндээ бахархдаг байсан шүү гэж тэд өнөө дурсаж сууна. С.Бадарч хэрдээ хөөрхөн дуулчихдаг авьяаслаг нэгэн байсан гэнэ. Хишиг-Өндөр сумын урлаг соёлын гурван хоног Булган аймгийн төвд болоход зургадугаар ангийн сурагч Бадарч “Могой хээр” дуугаар оролцож, мандолины чуулгад Д.Дэнсмаа хөгжимдөж байсан аж. Гавьяат жүжигчин Нямын Цэгмид, Сүрэнхорлоо, Доржсүрэн, Гүрбазар нарын шүүлтүүрээр ийн сонгогдож байсан гэхээр Хишиг-Өндөрийнхний авьяас түрмэг байсан нь илэрхий. Ангийн дарга Гэндэнсүрэнгийн Цэцгээ төрөлх сургуулийнхаа орос хэлний багшаар насаараа ажиллажээ. Салаан дарга Ёндонгийн Билгүүн бараа судлаач мэргэжлээрээ Улаанбаатар хотын бөөний бараа баазуудад олон жил ажиллаж, эдүгээ “Миний фото” студийн арвангуравдугаар салбарын эрхлэгчийн алба хашиж байна. Билгүүн охин саваатай бүжгийг ёстой нэг нахилзаж намилзтал хийдэг байсан гэнэ дээ. Монгол Улсын гавьяат багш Цэдэв эдний ангийг “Одонтой анги” хэмээн тодорхойлсон нь учиртай. Алтан гадас одонгоор О.Тарвий, М.Батсуурь, Ч.Наранцэцэг, Г.Цэцгээ, О.Болд, С.Бадарч нар энгэрээ мялаасан бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Удвал нарын дөрвөн хүн шагнагдсан болохоор арга ч үгүй биз. Ангиас Б.Баасан, Г.Цэндсүрэн хоёр хүүхэд насны үерхлээ амьдрал болгон холбож. Сум орныхоо нэр нүүрийг тахалж яваа мянгат малчид хэд хэд бий. Хишиг-Өндөр сумандаа О.Тарвий, А.Пүрэвсүрэн, Ц.Должинсүрэн, С.Ягаан нар буянт сүргээ өсгөж үржүүлж яваа бол Бугат суманд Ж.Гарамсамбуу, Могод суманд Д.Мяхлай нар малынхаа тоог мянгаас дээш давуулан аж төрж байгаа юм байна. Төгсөлтийн 38 хүнээс магистрын зэрэгтэй 32, салбарын тэргүүний ажилтан 35 хүн байгаа нь нэгэн жигд сайн сурлагатай анги байсны илэрхийлэл гэлтэй.

Тэшүүрийн спортын мастер Ц.Сайнцэцэг Эрдэнэтэд холбооны инженерээр ажилладаг бол хөнгөн атлетикийн нэрт тамирчин О.Гансүх Өмнөговь аймагт “Оюу толгой” компанид мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрчлэн зээрэнцэг, бөөрөнцгийн нэгдүгээр зэргийн тамирчин Ба.Даваажав биеийн тамирын багш бөгөөд улсын арслан Д.Азжаргалын авга эгч нь аж. Гартаа их бүлтэй энэ бүсгүй Намхай аваргын удмын хүн гэнэ. Сурагч ахуй наснаасаа гар бөмбөгөөр гайхуулж явсан Дамдинсүрэнгийн Мягмарсүрэн Орхон аймгийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаа гэсэн. Эдний анги сайхан бичлэгээрээ сумандаа байтугай улсдаа толгой цохиж монгол хэлбичгийн улсын олимпиадад ангиараа хоёрдугаар байр эзэлж байсан сайхан түүхтэй. Энэ бол гавьяат багш Доржийн Цэдэвийн л гавьяа гэж өнөө ч тэд боддог юм билээ. Багш нь “Адармаатай үгийн толь” хөтлүүлж “буур-буурь, аргал-аргаль, нударга-шударга” гэх мэтээр хүүхэд бүртэй тулж ажилласаар гуч гаруй хүүхдийг яг нэг хүүхдийнх шиг алдаагүй, цэвэр сайхан бичүүлж сургасан ачтай. Тухайн үед ардын боловсролын тэргүүний ажилтан Балжирын Байвал багш эдний ангийг улсын олимпиадад бэлтгэж оруулжээ. Б.Байвал багшийгаа ирээд удаагүй байхад самбарт юм бичиж байх үеэр охид хөвгүүдгүй “Баллуур байвал баллая”, “Боорцог байвал идье”, “Багш байвал суралцъя” гэх мэтээр багшийнхаа Байвал нэрийг оролцуулан тоглоом тохуу хийдэг байснаа олимпиадад уйгагүй сэтгэл гарган бэлтгэл хийлгэснээс хойш хэн нь ч тэгж дооглохоо больцгоосон гэдэг.

Цэвэрч нямбай бичиж сурахын тулд ангийнхаа самбарыг долоо хоног тутамд шинэчлэн сольдог байсан гэхээр хичнээн их хичээл зүтгэл гаргаж байсны гэрч болох нь дамжиггүй. Монгол хэлбичгийн олимпиадад дээгүүр байр эзлэхэд нь гавьяат багш Гонживын Рэнцэндоржийн ажлын арга барил ч их нөлөөлсөн гэдэг. Хишиг-Өндөрийн сургууль угаасаа “Тайлбартай дасгал”-аараа Монгол Улсын боловсролын салбарт хувь нэмрээ оруулсан монгол хэлний багш нараараа алдартай ажгуу. Монгол Улсын их, дээд сургуулийн монгол хэлний багш, мэргэжилтнүүд ирж их туршлага судалдаг байсан гэдэг. Монгол хэл бичгээрээ гайхуулж явсан эл ангиас найман эдийн засагч, гурван эмч, хоёр малын эмч, хоёр холбооны инженер, нийтийн хоолны технологич хоёр, цагдаагийн офицер, барилгын инженер, ойн техникч тус бүр нэг гээд улс эх орондоо хэрэгтэй мэргэжилтнүүд төрөн гарчээ. Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгыг ээлжлэн олон жил барьсан ангийн андууд бол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Н.Батсуурь, сумын Ардчилсан намын дарга О.Тарвий хоёр юм. Тус сумын сургуулийн хичээлийн эрхлэгч, захирлын албыг хорин гурван жил хашсан удирдах ажилтан гэвэл ардын боловсролын тэргүүний ажилтан Ч.Наранцэцэг аж.

Эдний ангийнхан улс орондоо нэр төртэй сайн сайхан яваагаа эрдмийн гэгээ хайрласан багш нартайгаа л холбон ярьцгаана. Хишиг-Өндөрөөс нэгэн үе тэшүүрийн спортын тамирчид шил дараалан төрж алдар суугаа мандуулж байсан нь биеийн тамирын багш Д.Зампаалай, Ч.Нямсүрэн нарын хичээл зүтгэлтэй зайлшгүй хол­бог­доно. Ангийн багш С.Ичинхорлоо нь гэхэд сургууль дөнгөж төгсөж ирсэн залуухан бүсгүй дугуй, мотоцикль унан хөдөөгийнхнийг бишрүүлэхээс гадна цанын спортын мастер хүн байсан гэдэг. Физик, математикийн багш С.Ичинхорлоо ангийнхандаа Жюль Вернийн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Капитан Грантын хүүхдүүд”, “Арван таван наст ахмад” романуудын хорхой хүргэм хэсгийг уншиж өгөөд “За, та нар үргэлжлүүлэн уншина биз” гэж амтшуулаад орхидог байсан нь оюун билгийн далайд сэлэх өвчүүн завь шиг шавь нарт нь салхинаа дэрвэх далбааг орлодог байсан гэнэм.

Хишиг-Өндөр сумын сургуулийн түүхт 90 жилийн ой ирэх сарын эхээр уугуул нутагтаа болно. Тэр үеэр ангийнхан уулзацгааж 42 жилийн дотор хэрхэн аж төрөн явцгааж байгаагаа нэхэн дурсаж, баяр-гунигийн нулимстайгаар тэврэлдэн учирцгаах биз ээ. Дөчин хоёр жил гэдэг хүний нэгээхэн амьдралд маш урт хугацаа. Энэ хооронд эдний ангийнхнаас олон найз нь бурханы оронд оджээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Л.Жийжээ, Н.Баяраа, Ш.Цэндсүрэн, Ш.Туяа, Л.Чулуунпүрэв, Т.Бат-Өлзий, Я.Сосор, А.Баярсайхан, Д.Бурмаа, М.Ганболд, Ш.Гантөмөр, Б.Батжаргал, С.Ичинхорлоо, Э.Оюунтуяа, С.Бямбажав, С.Ганболд нараа тэд хүүхэд ахуйн гэнэн гэгээхэн төрхөөр нь дурсацгааж, сэтгэл зүрхэндээ амьдралын мөн чанарыг мэдэрцгээнэ. Тэр л цагт нэг ангийнхан гэдэг хичнээн үнэ цэнэтэй, хүний амьдрал гэдэг ямархан гайхамшиг болохыг ойлгоцгоох буюу. Ай хөөрхий, сурагч насны хонгорхон мөчүүд юутай хол одовч, юутай ойр санагднам бэ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цөөн хүн амын давуу талаа ашиглаад ажлыг сорчилж сонгож болно

Одооны дарга түшээд бүгд ард түмний дотроос гарч ирсэн нь үнэн бол боломж л гарвал төрхөм рүүгээ гурил будаа гэрээсээ хулгай хийгээд зөөчихдөг шинэхэн бэрүүд шиг баймаар. Дараа дахин сонгогдохоо бодсон ч тэр эгэл иргэдийн хүсээд байдаг чухал мест, гоё ажлуудыг нь бололцооныхоо хэрээр олшруулаад өгөх сэтгэл ер байхгүй шүү.

Шинээр ажлын байрны зарыг уншихад доромжилж байгаа юм шиг тувтан боол, зарцын орон тоонууд бичээстэй. Цалин нь боломжийн бол ч хамаа алга. Сайхан сайхан ажил, хөөрхөн эрх мэдлүүдийг өөрт нь ашиггүй ба танихгүй хүнд тарааж өгнө гэхээс л Цахиур Төмөрийг дагасан Түгжил лугаа гол нь горойцгооно.

Саяхан л жолооны үнэмлэхтэй болох, дээд сургуульд элсэх, хот  руу шилжих бүтэшгүй зүйл байлаа. Хөөрхий дөө, ард түмнийхээ иймхэн хүслийг нь хүртэл чангалаад яасан ч өөдгүй байсан юм. Одоо ч хэвээрээ шив дээ. Спортоор хичээллэснийх энгэртээ ганц медаль зүүх мөрөөдөл хэнд ч байсан байх даа. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд, уралддаг морь хүртэл өөртөө таарч тохирсон одон тэмдэг олоод зүүчихсэн болж л байна. Ингэлээ гээд олимпийн алтны үнэ цэнэд, ер нь юунд ч муу юм болоогүй.

 Одоо гадаадад Америк, Япон дахь элчингийн газарт төсвөөс цалин хангалт үл гарган баахан орон тоо нэмэх гарц байж л байгаа.  Гаалийн байцаагчийн цалингийн санг өсгөлгүйгээр местнийх нь тоог олшруулахад аль алиндаа ашигтай. Энэ мэтийн арын хаалганы гоё ажлуудын жагсаалт гаргаад түүнд “гадны хүн” ороход нээлттэй болгоод орхивол доод дунд шатанд нийгэм эрүүлжинэ.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Адгууг биш аажууг нь сонгож үйлчлүүлье

Автобусны талаар “Нисдэг авс”, “Уралддаг байшин” зэрэг онигоо ч гэх юм уу, сэрэмжлүүлэг ч гэмээр юм уу янз бүрийн хэллэг бий болжээ. Автобус хүн мөргөсөн, онхолдсон, өөр машинтай мөргөлдсөн гэх зэрэг таагүй мэдээлэл салахаа больсноос энэ яриа гарсан байх. Саяхан Сүхбаатараас ирж байсан автобус осолдож зургаан хүн амиа алдаж, олон хүн гэмтсэн. Тэгтэл уржигдар Налайхаас ирж явтал Сүхбаатар гэсэн хаягтай автобус эсрэг урсгал руу орчихсон хурдтай давхиж яваатай таарлаа. Өгсүүр зам учраас гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэгтэй л дээ. Ерөөсөө л өгсүүр явж байгаад тонгойтол эсрэг урсгалаар хурдтай автобус ороод ирж байгаа юм. Ийм адгуу, яаруу жолооч нараас болж осол гардаг. Нарийн зам дээр, гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг байсаар байхад чөлөө гаруут эсрэг урсгалаар давхиж адгасан тэр жолооч тавь шахам хүний амийг дааж яваагаа мартталаа яарсан гэж үү. Өөрийнх нь унаган араншин нь тэр. Жолоо барьж явахад зарим хүний адгуу, бусдаас илүү гарах гэсэн жөтөөч, дээрэлхүү зан илэрдэг. Хувь хүний ийм ааш авираас болж олон хүн хохирдог нь харамсалтай. Тиймээс нийтийн тээврийн компаниуд жолоочоо сонгохдоо олон жил машин барьсан гэхээс илүүтэй ааш занг нь судалдаг болмоор байна. Сэтгэлзүйчээр сориулсан ч яахав. Аливаад тайван хүлээцтэй, уужуу хандаж байгаад нь олон хүний амийг даатгая. Хүмүүс ч гэсэн холын замд явахдаа суух унааныхаа жолоочийг хэсэг хугацаанд ажиглахад илүүдэхгүй. Эд зүйлээ шидлээд л, сандарч мэгдээд байвал дараагийн унаагаа хүлээхэд өлзийтэй. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР