Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ цаг-үе

Монгол орон танаас эхэлдэг

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 2014 оны зургадугаар сарын 15-ны өдөр “Монгол орон танаас эхэлдэг” уулзалт өдөрлөг боллоо. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тэргүүтэй улс төр, нийгмийн албатнууд, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгээр ахлуулсан утга зохиол, урлагийн төлөөлөгчид Монгол Улсаас хүрэлцэн ирж, Вашингтон хот орчимд суугаа монгол иргэдтэйгээ санал бодлоо солилцон, мэдээлэл өгч, уран бүтээлээсээ толилуулав.

Бололцоо байна, эх орондоо ирцгээ залуус аа

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав гадаадад хөдөлмөрлөж байгаа монголчуудаа хүнд хүчир хөдөлмөрийн хамгийн доод шатнаас эхэлж, өндөрлөгт хүрсэн болохыг бахархан дурдаад Монгол Улсад хүний нөөц их хэрэгтэй байгаа, эх орондоо ирцгээ хэмээн уриаллаа. Тэрбээр мөн гадаадад байгаа монголчууд эх оронтойгоо холбогдож, шинэ технологи санаа оноогоо хүргэж эхэлснийг, мөн Нацагням зэрэг залуус гадаадаас эргэж ирээд амжилттай хөдөлмөрлөж байгааг жишээ болгон ярилаа.

Эх орноосоо хол ажиллаж буй хүмүүсээ харж үзэх бололцоо нээгдлээ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х. Амгаланбаатар АНУ дахь монголчуудын хөдөлмөрийн нөхцөлтэй танилцах гол зорилготой ирснээ хэлээд саяхан дэлхийн 183 улсын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоод ажил олгогч нартай хамтран хуралдаад эх нутгаасаа хол, өөр улсад ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн эрхийг эдлүүлэх, хянах нэгдсэн шийдэлд хүрсэн тухай өгүүлэв. Мөн гадаадад байгаа монголчуудаа эх орондоо татах гол хүчин зүйл нь цалин болохыг, тиймээс цалинг нэмүүлэхийн төлөө ажиллахаа амлалаа.

Хятад ажилчдыг хоёр дахин бууруулсан

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны дэд ерөнхийлөгч Х. Ганбаатар АНУ дахь монголчуудыг зах зээл ойлгодог, системтэй ажиллаж сурсан, хариуцлагатай хүчин болохыг онцлов. Өнөөдөр Монгол Улсад чухам яг тийм л ажиллах хүчин хэрэгтэй байгаа ажээ. Хувийн хэвшлийнхэн, ажил олгогч нарт хүний нөөц, ялангуяа ажил хийж сурсан хүмүүс хэрэгтэй байдаг, гэтэл тийм хүмүүс нь одоогоор Монголд харийнхан болчих гээд байдаг зовлон байдаг аж. Харин ч Хятад улсаас 60 мянган хүн авсан байснаа хоёр дахин цөөлж 30 мянга болгосон хэмээхэд алга нижигнүүлэн ташиж байлаа.

Шагнал гардуулав

АНУ-д амжилттай хөдөлмөрлөж буй зарим иргэнд төр засгийн шагнал гардууллаа. Вашингтон хотноо компани байгуулан амжилттай ажиллуулж, олон монгол иргэнээ ажлын байраар хангасаар ирсэн Дашийн Өлзийхуяг, Гомбосүрэнгийн Ганзориг нарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”, Чикаго хотноо оршин сууж буй яруу найрагч Пүрэвсүрэнг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнав. Мөн Хөдөлмөрийн яамны жуух бичиг, Үйлдвэрчний эвлэлийн шагнал, “Хүндэт тэмдэг”-ийг арав гаруй хүнд олгосноос гадна компани байгуулан ажиллуулж буй иргэдэд ажил олгогч нарын хүндэт өргөмжлөлийг гардуулав. Ингэхдээ бас монголчуудыг олноор ажилд аван, ажлын байраар хангадаг америк эздийг ч орхисонгүй.

Монгол сурагчид тэтгэлгийн эзэд боллоо

Виржиниа мужийн Арлингтон хотод монголчууд олноор оршин суудаг. Тус хотын иргэдийн үндэслэсэн “Арлингтоны Хамт олны сан” хэмээх байгууллагын тэтгэлэг олгох үйл ажиллагаа өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрлөө. Тус байгууллага нь 1991 онд байгуулагдсан, Арлингтон хотыг хөгжүүлэх, оршин суугчдаа тэтгэн дэмжих, хүмүүнлэг, буяны үйл ажиллагаа явуулах зорилготой юм байна.

Тэдний нэг чухал үйл ажиллагаа нь Арлингтон хотын дунд сургуулиудыг дүүргэж байгаа шилдэг сурагчдад цаашид их дээд сургуульд сурахад нь тусалж, тэтгэлэг олгодог аж. Өнгөрсөн хугацаанд нийтдээ дөрвөн сая долларын тэтгэлэг олгосон тэд энэ жил 380 мянган долларыг хотынхоо шилдэг сурагчдад гардууллаа.

Тус хотын нийт дунд сургууль төгсөгчдөөс 64 шилдэг сурагч энэхүү тэтгэлгийг хүртэн, цаашид их дээд сургуульд суралцахаар боллоо. Бахархалтай зүйл юу хэмээвээс тэдний дотор авьяас сурлагаараа шалгарсан монгол хүүхдүүд маань ч бас багтаж, манлайлагчдын тоонд зүй ёсоор тооцогдлоо. Үүнд Түвшинзаяагийн Энхжин Жэймс Мэдисоны Их Сургууль, Баяндалайгийн Номин Жэймс Мэдисоны Их Сургууль, Энхболдын Жаргалмаа Виржиниагийн Их Сургууль, Эрдэнэболдын Туул Виржиниагийн Политехникийн Дээд Сургууль, Цэвээнсүрэнгийн Ачболд Денисоны их сургуульд суралцах тэтгэлгээ хүлээн авч, эцэг эх, улс орныхоо нэрийг сайнаар дуртгав.

Нийт тэтгэлэг хүртэгсдийг төлөөлөн Шалма Актер хэмээх охин үг хэллээ. Тэрбээр “Би долоон настайдаа АНУ-д ирсэн. Тэр үед би англи хэл огт мэддэггүй байлаа. Гэхдээ АНУ-ыг их хурдан, их сайн ойлгож чадсан. Сургууль, номын сан зэрэгтэй нь танилцуутаа боломж бол хангалттай байгаа юм байна гэдгийг мэдсэн юм. Ингээд л хичээн суралцаж эхэлсэн. Зүгээр нэг сайн сураад зогсоогүй, санаачилга гарган, араасаа ирсэн хүүхдүүдэд ч тусалдаг болсон.

Энэ бүхний эцэст амжилтад хүрэн, гэр бүлээсээ анх удаагаа их сургуульд сурч байгаа хүүхэд болсондоо их баяртай байна….” хэмээн ярив. Тэтгэлэг хүртсэн монгол хүүхдүүд ч мөн энэ улсад анх англи хэлгүй ирээд, үеийнхээ олон зуун хүүхдийн өмнө гартлаа сурч чадсан нь бахархалтай.

“Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аз жаргал, итгэлийн тухай

Хүний итгэлийг хүлээх, аз жаргалтайгаар амьдрах гэдэг их чухал зүйл л дээ. Тэр тусмаа өнөөгийн нийгэмд. Харин хүний итгэлийг олох ганцхан зам бий. Энэ бол хэлснээ хийх, хийж чаддаг байх зам билээ. Аз жаргалын тухайд хэдэн ч зам байж болох биз. Бенжамин Франклинь хэлсэн нэг үг байдаг. Аз жаргалтай байх хоёр арга бий. Эхнийх нь хэт их хүслээ хязгаарлах. Нөгөөх нь мөнгөө арвижуулах. Хэрэв чи ухаалаг байж чадах аваас энэ хоёрыг зэрэг хийчихнээ гэж. Яг л голыг нь олоод хэлчихсэн үг. Ухаалаг зан чанар л аз жаргалыг бий болгож, итгэл төрүүлнэ. Бусдад жигтэйхэн сайхан амлалт өгчихөөд амнаасаа ухран, хэлснээ умартах нь туйлын увайгүй, жудаггүй, өөдгүй хүний л шинж. Хэлсэн үгэндээ эзэн болдог хүнд л хойшдын ахуй амьдрал, ажил төрлийн бүтэмжтэй байх үүд хаалга нь нээгдэж байдаг гэдгийг санаж явахад илүүдэх юун. Нэгэнт бусдынхаа итгэлийг олсон хүн танд хангалуун сайхан амьдрал, гэрэлтэй тунгалаг ирээдүйн зам дардан байх биз ээ. Сайхан бүхэн эхлэх зам дээр гарч ирж чадсан л бол жаргалтай амьдрал гэгч тосон авна. Ер нь тэгээд хэлсэндээ байж итгэлт нөхөр байх нь хүн чанар гэгчтэй яалт ч үгүй холбогдоно. Хүн чанар, хүн байх нь бидэнд байх хамгийн дээд чанар гэж эрт эдүгээгийн мэргэд бүгд шахуу хэлсэн нь бий. Бодоод байхад цоорхой дээвэртэй муухан байшин мэт ухвар мөчид бодолтой хүнд л нэгнээ хуурах атгаг өөдгүй санаа төрөх нь лавтай. Нэгэнт орчин тойрон, бусдынхаа итгэлийг олж чадсан бол аз жаргалтай байх нь гарцаагүй. 

Я.БАЯРБААТАР

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Бөх нь найраагүй, морь нь будлиангүй сумын наадам

Наадам дөхөөд ирэхээр “Ай даа, сумын наадам ч сайхан шүү” гэх үг хүн бүрийн л амнаас гардаг. Ер бишийн сайхан болдог сумын наадам дээр өнжихөөр Төв аймгийн Батсүмбэр сум руу явлаа. Өнөө жил тус сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой нь. Тиймээс гурван өдөр дэлгэр сайхан наадахаар болжээ. Наадмын нээлт өнгөрсөн баасан гаригт болсон юм. Хөтөлбөр дээр 10 цагт нээлт болно гэчихэж. Улсын наадам шиг яг цагтаа эхлэх байх гэж санасаар хүрээд очлоо. Улаан юбка, цагаан богино цамцаар ижилссэн хүүхдүүд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн голд гүйлдэж байна. Тэднийг чанга яригчаар удирдах ажээ. “Нэг хоёр, нэг хоёр. Арын эгнээнийхэн яагаад зөрөөд байгаа юм бэ” гээд л. Тэгсэн нээлтийн бэлтгэлээ хийж байх нь тэр. Нээлтээс хоцорчихлоо гэж сандраад байтал эхлээгүйгээр барахгүй, дөнгөж бэлтгэлээ хийж байдаг байгаа. Таарсан хүмүүсээс “Нээлт 10 цагаас гэсэн биз дээ. Хэзээ эхлэх юм бол” гэж асуутал “Тэгж байгаад эхлэх байлгүй дээ” гэж байна. Цагаа барьсангүй гэж бодож байгаа ч хүн алга. Морио унах нь унаад, явган алхах нь алхаад хуушуурын гэр хэссэн шигээ явах ажээ. 

Эндхийн хуушуур 1000 төгрөг гэнэ. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хуушуурыг бодвол мах багатай. Ёстой нөгөө нар, сар нь гэрэлтэж байна. Уг нь хөдөөний хуушуур мах ихтэй байх болов уу гэж бодож байв. Гэхдээ амт сайтай юм билээ. Хуушуур эргүүлж байгаа хүмүүс аль байдгаараа гоёчихож. Хаашаа л харна шинэ дээл өмссөн хүмүүс. Залуус, багачууд нь ч гэсэн голдуу дээлтэй, эс бөгөөс монгол цамцаар гангарчээ. Хуушуурын гэртэй хаяа нийлэн суух наймаачид ус ундаанаас өгсүүлээд гутал, цамц, өмд, үсний хавчаар, нарны шил гээд есөн жорын бараа зарж байна. Ганц зуны настай хөнгөн шаахай таван мянган төгрөгөөс эхлэх жишээтэй. Түүний хажуугаар залуусын сонирхлыг татах хөгжөөнт тоглоомууд ч бий. Турникнээс зүүгдээд хоёр минут тэсэж чадвал 10 мянга, гучин секундын дотор бүтэн жигнэмэг идэж чадвал 15 мянган төгрөгийн шагналтай зэрэг зүйлээр залуусыг өрсөлдүүлж байв. Мөн морьтой залуусын дунд давхилтан дундаа нум сумаар харвах тэмцээн зохиож байсан. 

Батсүмбэрийн цэнгэлдэх хүрээлэн сумын төвийнхөө зүүн урдхан. Сумын 90 жилтэй холбогдуулан зам засварын ажил явагдаж буй тул морь уралдах газраа цэнгэлдэхээс 10 гаруй км-ийн цаана болгожээ. Сумын наадам дээр урагшаа харж суун бөхөө үзээд, хойшоо харахад морио үзчихдэг гэж ярьдаг. Тэгвэл Батсүмбэрчүүд бүтээн байгуулалтын ажлаас шалтгаалж морь барианы газраа хээр гаргажээ. Урьд нь цэнгэлдэхээ тойрон наадаад сурчихсан сумын төвийнхөн хурдан морины уралдаан үзэх гэж шороон замаар арван км давхиснаас хуушуур эргүүлээд байж байя гэлцэж байв. Хөтөлбөр дээрээ 10 цагаас эхэлнэ гэсэн нээлтийн ажиллагаа 13 цаг өнгөрч байхад эхлэв. Яарч байгаа, цагаасаа хоцорчихлоо гэж санаа зовж байгаа ч хүн алга. Цагт баригдахгүй, айвуу тайвуу байх нь сумын наадмын нэг онцлог ажээ. Ингээд төрийн есөн хөлт цагаан тугийг дуурайлган хийсэн цагаан сүлдээ залж, төрийн дуулал эгшиглэснээр наадмын нээлтийн ажиллагаа эхлэв. Батсүмбэрийн Засаг дарга Д.Ганбаяр сумынхандаа баяр хүргэж үг хэлсний дараа төрийн далбаа, Төв аймгийн хүндэт далбаа, Батсүмбэр сумын хүндэтгэлийн далбааг залан оруулж ирэв. Гурван далбааг тус сумын алдартай есөн хүн барьжээ. Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайхан, аймгийн харцага Б.Жавхлансайхан, спортын мастер Д.Баттулга, аймгийн заан Б.Цэцэнтунсаг, улсын аварга фермер О.Лхагважав, аймгийн аварга механикжуулагч Д.Бямба, улсын аварга саальчин Ц.Цэцэгмаа нарын хүмүүс хүндэтгэлийн далбааг мандуулж байв. Залгуулаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын уран гимнастикийн үзүүлбэр, албан байгууллагууд оролцсон баярын жагсаал, ардын бүжиг, уртын дуу зэрэг урлагийн үзүүлбэрээр нээлтийн арга хэмжээ үргэлжилсэн. Нээлт үзэж суугаа хүмүүс харин нэгнийхээ өмссөн зүүснийг ярилцан хоорондоо шивэр авир гэлцэж буй нь сонсогдоно. “Үйтэн хуаран дээр цагаан малгай ёстой зохидоггүй юм байна”, “Би шинэ дээл хийлгэж өмсөх гэсэн чинь амжсангүй. Аав ээж хоёрт дээл хийлгэж өгөөд өөрөө хоосон хоцорлоо”, “Нээлт сайхан болж байна шүү. Хотоос найруулагч авчирсан гээд байсан, овоо доо” гэхчилэн эргэн тойрны хов живийг базан суух ажээ. Цаг гаруй үргэлжилсэн нээлтийн дараа хүчит бөхийн нэгийн даваа эхэлсэн юм. Түүхт 90 жилийн ойд 128 хүчтэн зодогложээ. Аймгийн хурц арслангуудаас гадна улсын цолтнууд ч ирж. Монгол Улсын гарди Б.Гончигдамба зүүний магнайг, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу барууны магнайг тэргүүлжээ. Нэгийн давааг эхлүүлчихээд цэнгэлдэх хүрээлэн тойрлоо. Жаахан хүүхдүүд 3500 төгрөгийн үнэтэй цаасан шувуу авахуулан энд тэндгүй нисгэнэ. Зарим нь өндөрт хөөргөж чадахгүй морь мал үргээн томчуулд загнуулж байв. 

Бас ганцаараа суугаад жолоодож явдаг тоглоомон машин түрээсээр унуулж байлаа. Таван минут нь 2000 төгрөг гэнэ. Ер нь энд байхгүй юм алга. Яг л төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа наадмын өдрүүдэд ямар байдаг билээ. Яг л тийм. Морьтой залуус харин тэдэн дээр нэмэгдэнэ. Сумын төвд амьдарч байгаад сургууль соёлын мөр хөөн нутгаасаа холдсон оюутнууд ёстой нэг дураараа дургиж байна. Анги  хамт олноороо нийлэн морьтой давхилдаад л. Хөвгүүд нь бүрх малгайтай, охид нь ганган дээлтэй. Чанга чанга инээлдэх морьтой залуусын хөлд дарагдчихгүйн тулд  наадамчин олон холуур тойрон өнгөрөх ажээ. Ингэж тойрч явахдаа дахиад л хуушуурын гэрийн дэргэд ирэв. Үдээс хойш наадамчин олны захиалгаар бууз хийгээд эхэлчихэж. Хонины махтай бууз 800 төгрөгийн үнэтэй. Бууз, хуушуур захиалвал сүүтэй цай үнэгүй дагалдана. Бас айраг бий. Нэг аяга нь 1000 төгрөг. Литрээр нь авбал 3000 төгрөг ажээ. Хуушуур идэхээр ширээ тойрон суугаа хүмүүс нэгийгээ сураглан чих тавина. “Баатаржавын хүү өнгөрсөн жил цэрэгт яваад ирсэн гэж дуулдсан. Өнөөдөр барилдаж байгааг нь харлаа. Сайхан залуу болжээ”, “Сүрэнгийн ах дүү нар хотоос ирчихсэн, хуушуур хийж байгаа гэсэн. Төрсөн сумандаа барагтай бол ирдэггүй атлаа хуушуур хийж мөнгө олох болохоор бөөн бөөнөөрөө ирсэн байна лээ”, “Дашбалжирын авгай шинэ дээл оёулж байгаа гээд л сагсуураад байсан. Өнөөдөр биеийн тамирын хувцастай явж байх чинь билээ” гэх мэтээр нүдэнд харагдсан бүхнээ сонин болгож ярина. Мөн таарахгүй удсан хүмүүс бие биенээсээ ажил сураглаж байв. Батсүмбэр сумынхан хотод сургууль төгсөөд ирсэн залуусыгаа ажлын байраар хангах бодлого баримталдаг гэнэ. 

Нутаг орныхоо залуусыг дэмжихийн тулд, сургуулиа төгсөөд ирэхээр нь ажилтай, орлоготой болгохын тулд ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр санаачилжээ. Тиймээс ч сүүлийн хоёр жил сумаа зорьсон залуус нэмэгдэж байгаа гэнэ. Харин залуусыг олноор ажилд авч байгаагаас тэр үү дөч хүрч буй хүмүүст ажил олддоггүй тухай сумынхан ярьж байлаа. Гэхдээ сумандаа мод тарих аян эхлүүлсэн учраас хаврын улиралд суулгац суулгах, эсвэл газар шорооны ажил мэр сэр гарч ирдэг болжээ.  

Хурдан морины уралдаан цэнгэлдэхээс зайтай, бас эхний өдөр дөрвөн ч нас уралдчихсан учраас морины уралдаан үзэж чадсангүй. Тод манлай уяач Ц.Батсайханы хоёр, гурван ч морь айраг, түрүү авсан сурагтай. Түрүү морийг гурван сая төгрөгөөр байлсан гэж байна. Харин морьдоо түрүүлгэсэн унаач хүүхдийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдовын “Цагаан нуга” амралтад долоо хоног амрах эрхийн бичгээр урамшуулжээ. Харин хүчит бөхийн барилдаан өдөртөө болоод өнгөрөв. Бөх тайлбарлагчийн дэргэд зарим нэг залуус ирж нэрээ хэлээд “Ахаа, би хэнтэй таарсан бэ” гэж учраагаа асууж байна. Амласан бөхийнх нь нэрийг хэлэхээр “Өө, намайг амалчихаж байгаа юм уу” гэж хэлээд бөх тайлбарлагчид загнуулаад буцаж байв. Амьхандаа гайгүй цолтой хүнд амлагдаад хэд давчих санаатай. Харин найраа хөөрөө байхгүй болсон гэж бөхчүүд ярих юм билээ. Дөрөв, таван жилийн өмнө сумын заан хүртэл шөлний хонь л гэж ярьдаг байсан гэнэ. Одоо харин бөхчүүд өөрийн хүчээр цолоо нэмүүлэхийг эрхэмлэдэг болжээ. Энд харин давсан бөхөд давааны хэрээр мөнгөн шагнал олгодог юм байна. Нэг давбал 9000, хоёр давбал 13500, гурав давбал 16000 гээд л. Даваа өгсөх болгонд шагналтай. Түрүү бөхийг мотоциклиор байлсан гэсэн. 

Гурвын давааны дараа сумын наадамд түрүүлж, айрагдсан хурдан морины цолыг дуудаж, шагнал гардуулахаар болов. Энэ үед наадамчин олон ямар ч хаалтгүйгээр цэнгэлдэхийн дэвжээ рүү ороод ирэх юм. Морины хөлсийг авч духандаа хүргээд л. Хажууд нь зогсож зургаа авахуулаад л. Ер нь сумын наадамд элдэв хориг саад байхгүй, цагдаа цэргээр захиргаадуулахгүй эрх дураараа нааддаг болохоор сайхан байдаг бололтой. Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, шагнал гардуулах гэж цаг гаруй юм болов. Түрүүлсэн морины эзэд хамтдаа зургаа авахуулна, тэднийг таньдаг хүмүүс зэрэгцэн очиж баяр хүргэнэ гээд л. Бөхчүүдийг барилдах газаргүй болгосон цаг гаруйн дараа сая нэг дөрвийн даваа эхлэв. Сүүлийн даваануудын барилдаан тэгтлээ удсангүй. Гарлаа, давлаа гэдэг шиг л хурдан барилдчих юм. Бөхийн давааны дундуур харин тус сумаас төрөн гарсан алдар цуутай хүмүүс есөн хөлт цагаан тугийн дэргэд зургаа авахуулж байлаа. Ингээд долоогийн даваа дуусаж түрүү, үзүүрийн бөх тодорчээ. Улсын гарди Б.Гончигдамба түрүүлж, аймгийн арслан н.Дамба үзүүрлэжээ. Бөх дуусахтай зэрэгцэн гэгээ ч тасрав. 

Тав, арвуулаа нийлсэн залуус орой болох шоуг хүлээн энэ тэрүүгээр хөлхөнө. Сумын наадам, тэр дундаа тэгш ойтой жилийн наадам уулзаагүй удсан хүмүүсийг уулзуулдаг. Төгсөлтөөрөө, ангиараа, найз нөхдөөрөө, хамт ажиллаж байснаараа нийлэн хууч хөөрсөн хүмүүс оройн шоуг алга ташсаар байгаад цагаас нь өмнө эхлүүлэв. Транс, диско ая нүргэлэн наадамчин олныг хөгжөөх ажээ. Шоу эхэлснээр сумын наадам ч өндөрлөв. Нэг л ер бишийн юм сумын наадмын үеэр болдог мэт сэтгэгдэлтэй очжээ. Бага насны гэгээн дурсамжтай холбоотой болохоор төрсөн сум нь хэний ч сэтгэлд эрхэм байдаг байх. Бас хүүхэд ахуй цагийн хөгжөөнт өдрүүдээ эргэн дурсах боломж олгодгоороо сумын наадам сайхан байдаг байх нь.

С.ЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Тэнгэрт диваажин, газарт Сужоу

Дорнын Венец

Хятадын Энхтайван хөгжлийн сангаас Хятадын Ардын Их сургуультай хамтран зохион байгуулсан “Орчин үеийн хэвлэл мэдээллийн чиг хандлага” сэдэвт сургалт аялалд оролцох боломж тохиов. Тус сан МАН-тай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд сэтгүүлчдийн багийг урьсан нь энэ ажээ. Энэ удаагийн сургалт аялалд Монголын хэвлэл мэдээллийн арав гаруй байгууллагын төлөөлөгч оролцсон. Зохион байгуулагчдын зүгээс тав хоногийн сургалтыг Бээжинд хийгээд эдийн засгийн загвар хот Шанхай, дорнын Венец хэмээн нэрлэгддэг Сужоу хотоор аялах маршрутыг сэтгүүлчдэд зориулан бэлтгэжээ.
Хятад улс зарим талаараа гадаад мэдээллийн сүлжээнээс хаалттай байгаа боловч интернэтийн өөрийн гэсэн дотоод сүлжээгээ бий болгож чадсан аж. Манай багийнхныг Синьхуа агентлаг, Хятаддаа алдартайд тооцогдох QQ.com, Baike.com сайтуудын үйл ажиллагаатай танилцуулсан юм. Дэлхийд алдартай Синьхуа агентлаг бүтэц, туршлагын хувьд дээгүүр жагсдаг ч орчин үеийн мэдээллийн хурдаас хоцрохгүйн тулд шинэ мэдээний албыг байгуулжээ. Тус албыг агентлагийн ирээдүйн гол хүч болно гэж үзэж буйгаа ч Синьхуагийнхан илэрхийлж байсан. QQ.com, Baike.com сайтуудын хувьд дэлхийг хэрээд буй Google, Facebook-ээс хандалтын тоо, ашиг орлогоороо илүү гарна уу гэхээс дутахгүй гэж танилцуулсан. Ер нь автобус, метрогоор зорчигчид гар утас, таблетаа ширтээстэй л суугаа нь харагдана. Тэгэхээр тэдний танилцуулга бодит үнэнд дөхөж очих байх. Орчин үед гар утас, интернэт сүлжээ хүн бүхний хэрэглээ болсон. Ухаалаг гар утас болон олон төрлийн төхөөрөмжөөр мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулдаг ч бодит мэдээлэл тэр бүр авч буй нь эргэлзээтэй. Мэдээлэл дамжуулах хэрэгсэлд интернэт хүч түрэн орж ирсэн ч уламжлалт мэдээллийн хэрэгсэл сонин, телевиз, радио чухал үүрэгтэй хэвээр байгаа талаар Хятадын их сургуулийн эрдэмтэн багш нар сургалтын үеэр голчлон хэлж байлаа. Хятадын Иргэний их сургуулийн мэдээллийн сургуулийн профессор Шенг Бао Вэйн хэлснээр сонин дөрвөн зууны тэртээгээс тэргүүлэх байр сууриа алдалгүй явж иржээ. Одоогоос 100 жилийн өмнө буюу радио үүсч бий болоход сонингийн эрин үе дуусна гэж үзэж байж. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонирхогчдын тоо буурсангүй. Жараад онд телевиз гээч цоо шинэ юм гараад ирж. За одоо сонин ч байхгүй болно гэцгээж. Гэтэл сонин уншигчийн тоо улам нэмэгдэж. Ерээд онд интернэт сүлжээ дэлхийг хэрж эхэлсэн. Тэгсэн ч сонин тэргүүлэх байраа тавьж өгсөнгүй. Гэхдээ цаг үетэйгээ уялдуулаад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн хурд, өгөлт, дамжуулалт, чанартаа онцгой анхаарч шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатай байгааг ч дурдаж байсан. Тус улсад анхны вэб сайт 1994 онд шангаа татаж байсан бол өдгөө интернэт хэрэглэгчийн тоо 600 сая хол давжээ. Хятадын жиргээчид ч twitter-ийнхнээс дутахааргүйгээр жиргэдэг гэнэ. Нэгэн зурагтай жишээг сургалтын үеэр үзүүлсэн юм. Хятадын тэргүүн хатагтай Iphone утсаар ярьж буй зураг хэвлэлд гарч жиргээчдийн нүдэнд өртчихөж. Улмаар жиргээчдийн шүүмжлэл ч өрнөж. Үүний дараахан Хятадын дарга Си Жин Пиний гэргий эх орны үйлдвэрийн Nubia гар утсаараа “гангарах” болсон аж. Бээжинд бидний сонирхсон газрын нэг бол Хориотой хот буюу хааны ордны цогцолбор. Гадаад, дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй газруудын нэг. 1406-1420 онд баригдсан энэхүү цогцолбор нь том жижиг 980 барилгаас бүрддэг. Найман мянга гаруй өрөөтэй. Өрөө бүрт нэг хоноод явахад 24 жил зарцуулах юм гэсэн. Хориотой хот нь 500 жилийн турш хаадын төрийн үйл хэрэг явуулдаг гол төв байжээ.

Сургалт-аяллаа өндөрлөөд дурсгалын зургаа татуулав.

Бээжингээс Шанхай хүртэл ойролцоогоор 1500 км зайтай. Бидний хөлөглөсөн хурдны галт тэрэг таван цаг давхиад хүрэв. 300 км/цагийн хурдтай давхиж явааг вагон доторхи хурдны заалт байнга заах нь харагдана. Газрын түвшнээс дээш 5-6 метр өндөрт тавигдсан төмөр замаар цахилгаан ашиглан утаа тортоггүй, тоос шороогүй орчинд зорьсон газраа түвэггүйхэн хүрэх нь тун амар. Санаагаар болдогсон бол Улаанбаатарын “агаар”-т ийм зам тавиад метро явуулчихвал түгжрэл, бөглөрөлгүй болох байх даа гэсэн гэнэн бодол тээж явлаа. Зам дагуух хотуудад ердөө гурван минутын хугацаатай саатна. Зорчигчид энэ хугацаанд амжиж бууж, суух ёстой юм билээ. Шанхай хот хорь гаруй сая хүнтэй. Дээр нь арваад сая хүн орж гардаг гэсэн статистик байдаг аж. Аргагүй л эдийн засгийн чөлөөт том бүс гэдэг нь аяндаа мэдрэгдэнэ. Бидний танилцсан худалдааны томоохон төв Пудон дүүрэг ч үүний бас нэг илэрхийлэл. Эртний түүхэн дурсгалт байшин барилгаа яг байсан хэлбэрээр нь харуул хамгаалалттайгаар олон нийтэд үзүүлдэг байна. Мөн хуучны барилгын хэв маягийг өөрчлөлгүйгээр тохижуулсан орчин үеийн пабуудад гаднын жуулчид шар айраг тамшаалан сууцгаана. Олон давхар замтай учир автомашины түгжрэл харьцангуй бага. Гэхдээ манайд автомашин худалдаж аваад дугаараа зүүдэг бол энд эсрэгээр. Дугаартай болсныхоо дараа машинаа худалдаж авна. Автомашины дугаар харьцангуй үнэтэй. Бээжинд дунджаар 20 мянган юань бол Шанхайд 80 мянган юань буюу манайхаар 24 сая төгрөг. Хотын төвд тэнгэр баганадсан нэгэн барилга баригдаж дуусах шатандаа орж байлаа. Энэ аварга “амьтан”-ыг өндрөөрөө гүйцэх барилга дэлхийд одоогоор байхгүй юм гэсэн. Алдарт “Forbes” сэтгүүлийн Хятад дахь салбар Шанхайд төвлөрдөг. Биднийг тус салбартай танилцаж байх мөчид Улаанбаатарт “Forbes” сэтгүүл монгол хэлээр хэвлэгдлээ гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдав.

Сужоу хот

Бидний дараагийн буудал Шанхайгаас зуугаад км зайтай орших Сужоу хот. Дорнын Венец гэж нэрлэгддэг Сужоу бол эртний түүхийг авч үлдсэн Хятадын гурван томоохон хотын нэгд зүй ёсоор ордог байна. Бас сайн чанарын торго, дурдангаараа алдартай. Италийн Венец адил зарим барилгууд нь усаар хүрээлэгдсэн. 12 сая хүн амтай, аялал жуулчлал өндөр хөгжсөн хот. Эртний, орчин цагийн, барууны хэлбэрийн барилгын архитектураар барьсан гурван өөр бичил хотыг Жижи Фу, Янжу Фу, Душу Фу гэсэн гурван нуурын хөвөөг дагуулан байгуулсан нь тун өвөрмөц бөгөөд“Тэнгэрт диваажин, газарт Сужоу” гэдэг хэлц үгтэйгээ дүйнэ.
Их дээд сургуулиудын хотхонуудыг нэг дор төвлөрүүлсэн хот цэвэр цэмцгэрээс гадна нам гүм орчныг бүрдүүлжээ.Эртний хаадын цэцэрлэгт хүрээлэн болон эртний барилга байгууламжтай хотод гадаад, дотоодын жуулчид хөлхөлдсөн хүн ихтэй бол, барууны хэв маягтай хот нь гоё ганган машин тэрэг хөлөглөсөн залуус, өнгө өнгийн гэрэл гялбасан паб, уушийн газраар дүүрэн.

Дэлхийн хамгийн өндөр барилга

Эцэст нь энэхүү сургалт аяллыг зохион байгуулсан Хятадын энхтайван хөгжлийн сангийн талаар товч танилцуулъя. Энэ сан нь 2011 онд байгуулагдсан, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт зэрэг нийгмийн халамжийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж. 2011 онд Монголд хараа сэргээх хагалгаа хийх ажлыг амжилттай зохион байгуулсан бол 2012 онд МХАҮТ-тай мэргэжлийн сургалтын төв байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Манай багийг ахалж явсан Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Г.Ганбаяр тус сангийн удирдлагуудтай уулзах үеэрээ “ажлаа амжуулж” Улаанбаатарын хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн машин шаардлагатай, хүүхдийн эмч дутагдалтай байгааг дуулгаад боломж байвал туслахыг хүссэн. Тус сангийнхан ч Монголд явуулах хүмүүнлэгийн ажлаа өргөжүүлэх сонирхолтойгоо илэрхийлж байсан. Хятадын Ардын их сургууль 1937 онд байгуулагдсан. Улсдаа тэргүүнд эгнээнд бичигддэг сургуулиудын нэг. Нийгмийн ухааны чиглэлээр голлон сургахаас гадна шинжлэх ухааны чиглэлүүдээр ч мэргэжил эзэмшүүлдэг. Одоо тус сургууль 20 мянга орчим оюутантай. Монголоос 25 оюутан тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг юм билээ.

Б.ЭНХБОЛД

Бээжин-Шанхай-Сужоу

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголчуудын уучлаарай, баярлалаа гэдэг үг хамгийн үнэ цэнэтэй

Англи, Орос, Америкийн эрдэмтэд хамтарч нэгэн сонирхолтой гэмээр судалгаа хийжээ. Тэд дэлхийн улс үндэстний үг хэллэг, зан төрх, амьдралын хэвшлийг судалсан байна. Ингээд хамгийн нөхөрсөг, алхам тутамдаа уучлал эрж байдаг орнуудын уртаас урт жагсаалтыг гаргаж. Тэгэхэд өндөр хөгжилтэй орнууд буюу Америк, Англи, Япон гээд орнууд жагсаалтыг тэргүүлжээ.

Гэхдээ эрдэмтэд энд нэг зүйлийг чухалчлан онцолсон байгаа юм. Хамгийн нөхөрсөг, найрсаг гэж тодотгогдсон орнуудын уучлаарай, баярлалаа гэдэг үг бүгд хиймэл, товчхондоо хуурамч гэсэн байна. Харин монголчуудын хувьд энэ нь эсрэгээрээ гэнэ. Монголын ард түмэн уучлаарай гэдэг үгийг алхам тутамдаа бус үнэн сэтгэлээсээ хэлдэг аж. Баярлалаа гэдэг үгийг ч ялгаагүй энэ тохиолдолд чин сэтгэлээсээ хэлдэг гэж тодорхойлжээ. Энэ нь хамгийн үнэ цэнэтэй байдаг тухай ч өгүүлж. 

Яагаад гэвэл бидний амьдралын хэвшил, өнгө аяс ийм ажээ. Хэн нэгний өмнө алдаа дутагдал гаргадаггүй, гэмшил төрөхүйц үйл хөдлөл хийдэггүй учраас бид энэ үгийг байнга хэрэглэдэггүй, хэрэглэсэн тохиолдолд үнэ цэнэтэй байдаг байна.

Л.МӨНХТӨР

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Баянхонгорын анхны 10- ынхан

1963 онд Баянхонгор аймагт.

Тэртээ 1954 оны зуны эхэн сар. Хөх ногооны униар цэнхэртсэн сайхан өдөр байлаа. Баянхонгор аймгийн арван жилийн сургуулийн анхны төгсөгчид тодотголтой, өд сөд нь ургаж гүйцээд үүрнээсээ нисэхийг завдан буй хорин “дэгдээхий” байжээ бид чинь. Төгсөх шалгалтаа амжилттай давчихаад бүрэн дунд боловсролын үнэмлэх, их, дээд сургуульд суралцах эрхийн бичгээ гардсан тэр өдөр. Сургуулийн захиргаа, багш нар маань биднийг хүндэтгэж цэнгүүн зохиож, цайлж дайлж билээ. Бүрэн дунд боловсрол эзэмшиж томчуулын армид шилжсэн бид сургууль багш нараараа бас өөрсдөөрөө бахархаж, багш нар маань биднээрээ бахархаж үнэт сургаалаа хайрлаж, багш сурагчидгүй л огшиж байсан торгон мөчийг яахан мартах билээ.

Цаг хугацаа яасан түргэн нисэн одож, хүмүүний амьдрал ямар амархан хувьсан өөрчлөгддөг юм бэ. Тэр дурсгалт мөчөөс хойш нэгэн жаран биднээс алслан холджээ. Өнөөдөр эргэн санахад 60 жилийн өмнөх сурагч насны амьдрал нүдэнд илхэн, сэтгэлд тов тодхон.

 Наймаас аравдугаар анги төгстөлөө хөгнөөтэй хурга шиг ижилдэн дассан эвсэг найрсгаараа, сурлага сахилга, спорт, урлагийн авьяас чадвараараа гайхагдсан хамт олон байлаа бид.

“Та нар сургуульдаа байтугай аймагтаа юм юмаар аваргалдаг хүүхдүүд байсан. Анхны сурагч та нараараа би үргэлж бахархаж явдаг шүү гэж анги даасан Л.Раднаа багш  уулзах бүртээ ярьдаг юм. Цана, тэшүүр гэдгийг бараг мэдэхгүй байсан Баянхонгор аймагт уулын спортын мастер, тоо физикийн багш Л.Раднаа, малын их эмч, тэшүүрчин Р.Сандаг зэрэг хэсэг сэхээтэн ирснээр өвлийн спортын энэ төрөл тус аймагт дэлгэрсэн юм. Аз болоход уулчин Л.Раднаа манай анги даасан багш болсны ачаар бид аймагтаа анхны цаначид, тэшүүрчид болж билээ. Л.Раднаа багш маань өдгөө УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн аав билээ.

1953 онд Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай аймаг, нийслэлийн “Туяа” нийгэмлэгийн цаначдын бүсийн тэмцээн манай аймагт болсон юм. Уралдааны эрэгтэйчүүдийн 15, 30 км-т манай С.Жамбал, эмэгтэйчүүдийн тав, 10 км-т Ц.Бадамжанцан, трамплейн харайлтад ангийн багш Л.Раднаа, манай ангийн Д.Төмөрбаатар, 1х4 км-ийн буухиа уралдаанд Халзан, манай ангийн гурван охин (Ц.Бадамжанцан, Б.Цэвэл, Д.Дорждулам) нар түрүүлснээр тэмцээний бүх төрөлд ангиараа тэргүүлж аймгийнхаа нэрийг гаргаж байсан юм.

Сурагчдын өвлийн амралтаар хацар нүүр хайрах идэр есийн жавар сөрөн хөгжмөө үүрээд Мандал, Эрдэнэцогт, Өлзийт сумдаар бид багштайгаа цанаар аялж, концерт тоглоод сургуульдаа баярын бичигтэй, өөрсдөдөө чихэр боов, үзэг дэвтрийн шагналтай ирж байсан удаатай. Бид цанаар аваргалаад зогсохгүй тэшүүрээр бусдыг урдаа гишгүүлдэггүй аваргуудтай анги байв аа. Тэд бол Ж.Адъяабазар, С.Давдай нар.

Хагас, бүтэн сайнд бид ангиараа Баруун булгийн мөсөн дээр очиж өнжин хонон гулгацгаана. Эсгий гутал дээрээ дээс, сураар оосорлосон “Какск” тэшүүрээ түлээний модоор тэвхдэж бэхлээд, монгол дээлийн ханцуйг шамлан, хормойгоо эргүүлж бүсэндээ хавчуулчихаад л: 

Ган тэшүүрийн ирэн дээр

Гар хүргэхийн аргагүй ээ

Галтай цогтой залуус бүгдээрээ

Гар гараасаа барилцан хурдалцгаая.

Толь шиг тунгалаг мөсөн дээр

Тоглон наадацгаая бүгдээрээ

Далавчгүй нисэх мэт

Даанч сайхны нь хэлээд яах вэ…

хэмээн хоолой нийлүүлэн дуулж, хөтлөлцөн хөлсөө гартал хурдлахад нүүр, нүд хөмсөг цавцайн цантаад цаанаа л нэг жавхаа төгс байдагсан. Тэр үеэ эргэн санахад,  “Аз жаргал дүүрэн хонгорхон бага нас минь” хэмээн дуу алдмаар болдог юм. Бидэн шиг цанаар аялж, хөдөөгийн хөдөлмөрчдөд урлагаар үйлчилж явсан анги хамт олон өнгөрсөн жаранд гараагүй юм билээ.

Манай ангид урлаг спортын авьяастан олон байсаан. С.Давдай, Ч.Шарав-Арилдий хоёр баян хуурдаж, М.Сүрэнхорлоо аман хуур, хулсан хуураар, М.Сүрэнхорлоо, Ц.Бадамжанцан хоёр мандолинаар хоршиж, Балдангийн Лхагваа пляск товшиж бусад нь дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина. Э.Жамъян “Хүрэн толгойн сүүдэр” танхим дүүргэн цангинуулахад үзэгчид алга нижигнүүлэн ташиж, хөгшид нулимс мэлтрүүлэн байж дахиулдагсан. Оюуны спорт шатар, даамаар бол С.Халзан, С.Давдай, М.Сүрэнхорлоо, С.Даваа, С.Жамбал нар аймагтаа дээгүүр ордог шаггүй тоглогчид байсан шүү!

2013.01.09. Улаанбаатар зочид буудалд. Ангийн багш Л.Раднаа, Дорждулам, Б.Цэвэл, С.Халзан, М.Сүрэнхорлоо нар.

Арван жилээ амжилттай төгссөн анхны хорь бид амьдралын хорин өөр замаар алхсан хэдий ч сурагч насны үерхэл нөхөрлөл маань холдож хөндийрөөгүй ээ. Сурлагаар манийгаа манлайлагчийн нэг Ц.Жамбал маань Москвад сурч барилгын материалын үйлдвэрийн инженер болсон. Биднээс гадаадад суралцсан ганц нь. Бас ангиас төрсөн төрийн сайд ганц нь ч Ц.Жамбал. Тэр хорин тавтайдаа Монгол Улсын Барилгын яамны орлогч сайд, хорин долоотойдоо тус салбарынхаа сайд, хоёр ч удаа Ардын Их Хурлын депутатаар сонгогдож явсан “онцгой” эр. Салбаруудын тэргүүнээс эхлээд Ардын хувьсгалын ойн ба Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон түүний энгэрт гялалздаг байв. Хамгийн ажилсаг, ухаантай, нөхөрсөг, даруу болохоор түүнийг маань бурхан арай л эрт аваад явчихсан даа. 

Манай онцчуулын нэг М.Чундар бол арван жилийн боловсролыг долоохон жил сурч Онц төгссөн онцгой IQ-тай нөхөр. Гадаадад сургахаар хуваарилахад “би Монголдоо л сурна” гэж зөрүүдлээд Анагаахыг ангийн найз Ж.Адъяабазар, Ч.Шарав-Арилдий хоёртойгоо хамт сурч төгссөн. Төгсөөд аймагтаа анхны их эмчээр очсон. Ч.Шарав-Арилдий, М.Чундар хоёр маань хоёргүй сэтгэлээр хонгор нутгийнхандаа хорь гучаад жил үйлчилж, олон мянган хүнд эрүүл энхийн жаргал бэлэглээд хорвоогоос одсон хоёр доо. Гурав дахь эмч Ж.Адъяабазар эмчийн диплом өвөртөлмөгцөө алс баруун хязгаарын Баян-Өлгий аймагт хөлгийн жолоо залсан. Казак түмэнд сайн эмч гэдгээ мэдүүлж байтал ЭХЯ төвд дуудаж Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт ажиллуулсан. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр олон жил ажилласан. Ер нь мэдээгүйжүүлэлтийн талаар бол монголдоо л нэг номер.

Түүнийг Эрүүлийг хамгаалах Яам, нэгдсэн хоёрдугаар эмнэлэг нь хүний гавьяат эмч болгохоор олонтаа тодорхойлж байсан. Тухайн үед шалгуур хатуу байлаа. Ажлаараа болзол хангасан хэдий ч ар гэрийн будилаанаас болоод гавьяатын оосороос атгаад алдчихсан юм аа тэр. Гэхдээ Монгол төрийн хамгийн том нь болох Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад бүх одонг “түүчихсэн” хүн шүү манай Адъяа эмч.

Тоо физикийн хичээлд толгойлдог М.Сүрэнхорлоо, Балдангийн Лхагваа, Г.Даш гурав Их сургуулийн тоо физикийн ангийг төгсцгөөсөн. М.Сүрэнхорлоо Монгол улсын гео-физикийн анхны инженер. 1958 оноос усны системийн байгууллагад 34 жил ажиллахдаа эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист усны цахилгаан хайгуул хийж, хүн ам, малын бэлчээр усжуулах ажилд онцгой хувь нэмэр оруулсан юмдаг. Түүний ажлын үр дүнг хамгийн товчоор, тоон үзүүлэлтээр хэлбэл 34 жилийн 3768 хоногийг хүнд хэцүү нөхцөлд хээрээр гэр, хэцээр дэр хийж явж цахилгаан хайгуулын 459670 цэг хэмжиж, түүнийг хийхийн тулд дэлхийг бүслүүрээр нь дөрвөн удаа тойрсонтой тэнцэх 113840 км замыг туулж, 681 уст цэг тогтоож, 70607 хавтгай дөрвөлжин км талбайг усжуулсан байдаг юм. 1958-1968 онд цахилгаан хайгуулын бригадын дарга, инженерээр ажиллахдаа байгууллага, иргэдийн захиалгаар говь хээрийн бүс, отрын бэлчээр, мал тууврын зам дагуу, төв суурин газарт цахилгаан хайгуул хийж инженерийн хийцтэй гүн өрмийн болон богино яндант худгийн 225 уст цэг илрүүлж 14400 хавтгай дөрвөлжин км талбайг усжуулжээ. Тэр энэ их ажлыг амжуулж явахдаа дуулж, хөгжимдөж, дэмбээдэж ардын язгуур урлагийг ард түмэнд түгээж явсан авьяас билгийн ундарга болсон “этгээд”. М.Сүрэнхорлоо дэмбээгийн, хулсан хуурын улсын аварга цолтой ганц хүн шүү дээ ангийнхан дундаа. Түүний хөдөлмөрийг төр засгаар үнэлүүлж Гавьяат усжуулагч болгохоор усны байгууллага хэд хэдэн удаа тодорхойлсон юм билээ. Гэвч гавьяатын оронд “одон” олгосоор нөгөө гавьяат нь “будаа” болчихсон болохоор үндсэн байгууллага нь гомдолтой байдаг гэсэн.

Балдангийн Лхагваа чинь бидэн дундаа нисэхийн инженер ганц хүн байсан юм. Тэр иргэний нисэхийн төв, орон нутгийн байгууллагад насаараа ажиллахдаа мэргэжил, мэдлэгээрээ улсын урдаа барьдаг инженер байсан. Г.Даш маань Батлан хамгаалах Яаманд цаг уурын инженерээр ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд шамдаж, газарзүйн шинжлэх ухааны дэд докторын зэргийг 1990 онд хамгаалсан. 1993 онд “Хурын шим” төвийн суурийг тавилцаж, уг төвийн албаны даргаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийг төр, засаг үнэлж Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнасан. М.Даш маань бүтээн туурвих ид насан дээрээ 1996 онд бурханы оронд явсаан. 

2004 оны тавдугаар сар. Зүүн гар талаас ангийн багш уулчин Л.Раднаа, хичээлийн эрхлэгч Л.Сандаг, М.Сүрэнхорлоо

Бид хориос хамгийн олон буюу долоо нь багшийн мэргэжлийг сонгосон. Тэд бол С.Давдай, С.Халзан, Б.Цэвэл, Баатарын Лхагваа, Ц.Бадамжанцан нар. Арван жилдээ орос хэлийг онцгой сонирхож, түүндээ онцоос өөр дүн авдаггүй С.Халзан сонирхлынхоо дагуу Багшийн дээдийн орос хэлний ангид орж суралцсан. Бас л хонгор нутгаас төрсөн орос хэлний анхны багш. С.Халзан Өлзийт, Баянцагаан сум, аймгийн төвийн сургуулиудад арваад жил багшилж, олон зуун хүүхдийг гадаад ертөнцөд нэвтрэх хөлтэй, хэлтэй болгосон ачтай багш аа. Дараа нь нийслэлд дэвшин ирж, Боловсролын хороо, Яамандаа төв, хөдөөгийн сургуулиуд хариуцсан мэргэжилтнээр насны тэтгэвэрт гартлаа ажилласан Ардын боловсролын Тэргүүний ажилтан билээ.

Манай Б.Цэвэл бас Ардын боловсролын тэргүүний ажилтан цолтой ажил, мэргэжлээрээ явсан газар, уулзсан хүн бүхэндээ багш болсон нэгэн бий. Тэр 1958 онд Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийг төгссөнөөс хойш насны тэтгэвэрт гартлаа нийслэлийн 14-р сургуульд багшилсан, амьдралдаа ажлын байраа солиогүй ганцхан хүн дээ. Сайн багш, авьяаслаг дуучин, уран үйлчин гээд л Цэвэлийг магтан алдаршуулах зүйл олон.

Манай долоон багшаас С.Давдай бас онцгой авьяас билигтэй нэгэн байв. Түүхийн багшийн мэргэжилтэй түүнд мэдэхгүй чадахгүй ажил гэж үгүй. Бүх төрлийн хөгжмийг чадамгай эзэмшиж, гайхалтай хөгжимдөнө. Гар, сагсан, одон бөмбөгөөр хэнтэй ч өрсөлдөхөд дийлдэж байгаагүй гэвэл худлаа болохгүй ээ. Тэр  наяад он хүртэл хонгор нутагтаа төв, хөдөөгийн сургуулиудад багш, захирлын алба хашиж, очсон сургууль болгоноо тэргүүний болгож байсан юм.

Наяад оны эхээр нийслэлд ирж, МАХН-ын Төв Хорооны ерөнхий хэлтэст бичиг хэргийн ажилтан болоод удалгүй тасгийн даргаар дэвшиж, Монгол Улсын хэмжээний бичиг баримтын үлгэрчилсэн загварыг гаргаж мөрдүүлсэн нь одоо ч хэрэглэгдэж байгаа. Аливаад авхаалжтай, нягт нямбай, хатуу чанд шаардлагатай С.Давдай маань хийж бүтээх ид насандаа хорвоог орхисон нь даанч харамсалтай.

Балдангийн Лхагваагийн амидаа Баатарын Лхагваа бол сурагч ахуй цагаасаа үг дуу цөөтэй, дэндүү даруухан, тэгэхдээ хичээл, ажлын алинд нь ч хувиа тавьдаггүй хөөрхөн бор хүү байлаа. Даруухан болохоороо ярихаас илүү биеэр хийж бүтээж үзүүлэхийг бодсон биз. Тэр зураг хөдөлмөрийн багш болсон. Хот хөдөөд олон шавьтай, олон хүнд амьдралаа авч явах насны мужаан, дархны мэргэжил олгосон гартаа ур дүйтэй, ухааны сум нь урт нэгэн байсан даа, Лхагваа минь. Өнөөдөр бас л биднийхээ дунд алга. Ангийн гурван найз охины хамгийн их авьяастай нь Ц.Бадамжанцан. Урлаг спортын амжилтаар аймагтаа л гайхагдаж байсан. Цана, тэшүүр, гар бөмбөг, одон бөмбөг гээд амжилт үзүүлээгүй спортын төрөл түүнд бараг байгаагүй. Сургуулийн концерт ч манай Бадамжанцангүйгээр болж байсныг санахгүй байна. Тэр дуулна, шүлэг уншина, бүжиглэнэ. Утсан хөгжим сайхан тоглочихно. Тэр их авьяас нь багшийн хөдөлмөрт нь их тустай байсан байж таарна. Хэдэн жилийн өмнө тэнгэрт хальсан найз минь биднийгээ бурханы орноос харж л байгаа байх даа.

54 жилийн дараа уулзав.

Д.Төмөрбаатар гэж манай ангийн цор ганцхан эдийн засагч. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэргийг социалист нийгмийн үед амжилттай хамгаалсан нөхөр дөө. Тэр төрөлх аймагтаа төлөвлөгөөний комиссын орлогч даргын алба хашиж байсан. Хожим нь Улаанбаатар зочид буудлын даргаас авахуулаад аль нэг газар, ямар нэг “хурган” даргын алба хашсаар байгаад насны тэтгэвэртэйгээ золгосон. Нэг үгээр хэлэхэд “даргын одонд” төрсөн хүн.

С.Даваа, Ж.Сэрчин хоёр маань орон нутагтаа багш, баг, бригадын дарга “сэтэртэй” явсаар насыг элээсэн. Уулзаж ярилцаж сэтгэл бодлоо хуваалцах хүсэл хэн бүхэнд маань байсан ч газрын хол, усны урт, ажил албаны нөхцөлөөс болоод тэр хоёр минь бидэнтэйгээ ховорхон л уулзаж байж дээ.

Ц.Жамбалын амидаа С.Жамбал бол арван жилдээ цанын аваргаар (бүсийн) шалгарч шуугиулж явсан одтой эр.

-Би цагдаа болж та нарыгаа хамгаална гэж сурагч цагаасаа ярьдаг байсан С.Жамбал маань мөрөөдлөө биелүүлж, цагдаагийн хурандаа, онц сэргийлэгч болтлоо нийслэлийн сэргийлэх байгууллагад хүчин зүтгэсэн. Жаран хэдэн онд нийслэлд тохиолдсон их үер усны аюулаас олон хүний амь аварч, олон зуун саяын өртөг бүхий эд хөрөнгийн хохирол учрахаас хамгаалж, амь биеэ үл хайрлан зүтгэж явсан гавьяатан байсаар идэр залуудаа нарт хорвоог орхисонд нь бид гүнээ харуусаж явдаг юм.

Хүн ардад өдөр тутам амин хэрэгтэй чухлаас чухал мэргэжил эзэмшсэн хүн бол манай С.Цэдэнбалжир байлаа. Тэр нийслэлийн гэр хорооллын цахилгаанчнаар насан туршдаа ажилласан. Уг хүн нь даруухан, ажилдаа үнэнч болохоороо үйлчлүүлэгчид нь түүнд дандаа “онц” дүн тавьж, их сургуульд сураагүй ч инженерийн дайтай цахилгаанчин гэж үнэлдэг байсан юм.

Анх олсон малын эмчийн мэргэжлээ сэтгүүлчийнхээр сольж, ажил мэргэжлээсээ “урвасан” ганц нөхөр бол энэхүү тэмдэглэлийг тэрлэгч би билээ. Хэдийгээр мэргэжлээсээ урвасан “нүгэлтэй ч” анхны 20-ийнхоо нэр, алдрыг цаасан дээр үлдээж байгаадаа мэргэжлээрээ би бас бахархнам.

Улиран одсон жаран бидэнд ихийг өгч бас багагүйг авчээ. Өгөө аваатай хорвоогийн жамыг яалтай билээ. Биднийг төгсөхөд 30 настай байсан төрөлх сургуулийн минь 90 жилийн ой энэ жил тохиож байна. Мянга мянган хүүхдийн оюуны мэлмийг нээж амьдралынх нь чиг замыг заадаг эрдмийн их уурхай-төрөлх сургуульдаа ойн баярын мэнд дэвшүүлж, эрдэм мэдлэгийн далай их амжилтыг анхны 10-ынхны нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч 

Даваагийн Дорждулам

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийг юугаар ч дутаахгүй өсгөж болохгүй

Загвар зохион бүтээгч Н.Соёлмаа “25 дугаар суваг телевиз”-д “Амьдралаа гэж” нэвтрүүлэг хөтөлдөг байхад нэг ийм яриа өрнөсөн юм. Нэгэн ээж шууд нэвтрүүлэгтэй утсаар холбогдож “Би хүүхдээ  юугаар ч дутаахгүй өсгөсөн. Гэтэл одоо…” хэмээн баахан гомдоллодог юм байна. Н.Соёлмаа хариуд нь “Юугаар ч дутаахгүй байж болохгүй, дутаах ёстой байсан юм” гэж “загнаж” билээ. Үнэндээ хэн ч гэсэн үр хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөхийг хичээдэг. Амьтны хүүхдээс дутуугүй  явуулахыг хүсдэг. Гэтэл юугаар ч дутаахгүй байх нь эргээд сул тал болдог биш байгаа. Б.Лхагвасүрэн найрагчийн “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам, цэцэг нар хоёртоо бахардсан наадам, ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам чихэр, инээд хоёртоо бялуурсан наадам” гэсэн шүлгийн мөрүүд бий. Хэрэв ижийтэйгээ  жил бүр наадам үздэг байсан бол энэ өдрүүд ийм нандин мөрүүд үлдээх байсан болов уу. 

Орой харих бүртээ хүүхдэдээ амттан авч өгөөд үзээрэй. Хүүхдийн чинь ааш шууд хувирч, цүнх рүү чинь дайрч, хэрэв ямар нэг юм авчраагүй бол бөөн юм болох вий. Харин хааяахан авчирдаг амттаны дараа охин маань ээждээ талархаж сурсан. Хүссэн юм болгоноо авч болдоггүй гэдгийг ухаарах шиг  санагдсан.  Сэтгэл зүйчийн зөвлөгөө уншиж байтал боломжтой байсан ч хүүхдээ өдөр бүр паркад тоглуулах хэрэггүй гэсэн байна лээ. Тэрбумтны охин амиа хорлосон мэдээ уншаад ойлгодоггүй үе байсан. “Юу дутсан гэж тэр вэ” гэж гайхсан сан. Магадгүй тэр охинд амьдралын зорилго алга болсон ч байж мэднэ. Ядуу, баян хүний сэтгэл ханамж өөр шүү дээ. Ядуу хүн хүүхдэдээ нэг шинэ хувцас авч өгч чадсандаа баярладаг байхад, баян хүний сэтгэлийн хоосон орон зайг дүүргэхэд уул овоо ч дутах вий.  Хүүхдийг зарим юмаар дутааж болно. Харин хайраар л дутааж болохгүй.

Б.ЯНЖМАА         

Categories
булангууд мэдээ цаг-үе эх-орон-сумаас-эхэлнэ

Марал саруул нутаг Мандал хайрхан уул мину

Хүний зүрх сэтгэлд төрсөн нутаг ус, төрөлх сум орон нь юу юунаас илүү эрхэмлэгдэн оршдог. Энэ талаар хэн ч маргахгүй биз ээ.

Бид хотоос 900-аад км засмал, шороон зам туулан байж шөнө дүлээр төрсөн сумандаа хүрч аяны дөрөө мулталлаа.

Эрт дээр цагаас Сайн ноён хан аймгийн Пүрэвжав жонон бэйлийн хошуу гэж хангай, тал хээр, говь хосолсон үзэс­гэлэнт сайхан нутагт эрдэ­нэт хүмүүн амьдарч, буянт мал сүрэг өсөж үржсэн заяа тавилант газар нутагт Хүрээмарал сум минь оршдог юмаа. Хөх сүмбэр Мандал хайрхныхаа өвөр бэлд гал голомтоо бадраасан сум маань оноосон Хүрээмандал нэртэйгээр байгуулагдсан ч тэр үед төвдөө тамга сийлэх үедээ босоо монгол бичиг юугаа маруухан мэддэг, юманд хааш яаш ханддаг хэн нэгний балгаар мандал гэдгийн “Д” үсгийг “Р” хэмээн тааж, “Н” үсгийг гээгдүүлэн орхиж тамга тэмдэг бүтээснээр Хүрээмарал гэсэн олдмол алдар нэр хүртсэн түүхтэй билээ.

Нэгэн түүх сөхвөл манай сум тэртээ 1923 оны усан гахай жилийн хавар Цэцэрлэг-Мандал уулын айм­гийн Богдмарал уулын хошууны “Цоохор” сум нэртэй байжээ. Цоохор хэмээсний учир Пүрэвжав жонон бэй­лийн хошууны өмнөд хэсэг, Жамъяндорж вангийн хошуу­ны Осор тайж, Нацаг тойны хамжлага албатууд зэрэг хоёр хошууны ард нэгдэн нийлснээс ийнхүү нэрлэх болжээ.

1924 оны модон хулгана жил засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Гурван шар сум гэж нэрлэгдэн даргаа­раа нутгийн ард Бат-Очирын Нармандал гэдэг хүнийг сон­госон байна.

Ийм учраас өнөө жил сум байгуулагдсаныхаа түүхт ойг тэмдэглэхээр шийджээ.

Хүрээмаралчуудын удам угсааг сайн тунгаавал Чингэс хааны хатан Бөртэ-үжингийн дөрөвдүгээр хүү Тулуйн долоо дахь үеийн Батмөнх (1464-1543) Даян хааны хатнаас төрсөн Гэрсэнз Жалайр хунтайж түүний гутгаар хүү Онох үйзэн ноёны ууган хөвгүүн Автай сайн хааны албат ардуудын үр хойчис юм. Энэ суманд Боржигон, Чинос, Хошууд, Мангуд, Өөлд, Харчин, Харчууд, Хиргэс, Тайчууд, Олхонууд, Долоод, Мянгад, Сартуул,Гурван шарынхан, Бэсүд гээд халх Монголын олон овгийн үр удам амьдарч байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсч учир замбараагүй болж буй өнөө үед өөр ч үндэстэн ястан бүхний үр удам байгааг үгүйсгэх аргагүй билээ.

Тус сумын Алтангэрэлийн хүрээ хэмээн олноо алдаршсан “Цорж”-ийн хүрээ нь 1925 оны харагчин үхэр жилийн намрын дунд сард зургаан гэртэйгээр Дэлгэрмөрөнгийн Хөх толгой гэдэг газар анх байгуулагджээ. Энэ хүрээг 1926 оны хөх гал бар жилийн хавар Дашзэвэг тавнан үхэр тэргээр нүүлгэн “Цорж” хэмээх буяны үйлс дэлгэрэх, бурхан номын авшиг арвидах өлзий дэмбэрэлтэй өргөн дэлгэр энэ нутагт залж, зуны эхэн сарын шинийн гуравны цогийн наран гийж, өлзий учрал бүрдсэн өгөөмөр сайн өдөр хааны багш Юндэндорж чойр дөвлөсөн тухай түүхийн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Цоржийн хүрээ хийдийн тэргүүн хамба Юндэндорж нь Сайн ноён хан Намнансүрэнгийн багш нь байсан учир сүсэгтэн ард олон нэрийг нь хэлдэггүй зөвхөн хааны багш гэж нэрлэдэг байжээ. Түүний шавь нар Чойрын номонд нэвтэрхий байсан гэдэг. Тиймээс ч Богдын хүрээний чойрын том лам нар, Төвдийн лхарамбууд ирж, дагсал хаяхад хааны багшийн шавь нарыг чойрын номоор дийлдэггүй байжээ. Хааны багшийн шавь нараас Нацагийн Дагийсүрэн лам төв ганданд сууж, түүний орчуулгын зарим ном судар англи хэл дээр хүртэл хэвлэгдэж байсан юм. 1930-аад онд олон зуун сүм хийдийг устгахад Цоржийн хүрээ мөн л өртсөн ч сүүлийн үед сүсэгтэн олон сэргээн буян үйлдэж, Цоржийн хүрээнд чойр байгуулахад босгосон чулуун суврагыг сэргээсэн явдалд ард олон талархалтай ханджээ. Сүүлийн үед шашнаа сэргээж, шавь нараа сургаж, ном судар цуглуулан баяжуулж, хийдээ сэргээх талаар ихээхэн санаачилга гаргаж, анхаарал тавьж биечлэн зүтгэсэн хамба Лхамжавсүрэн гуайн гавьяа зүтгэл ч их байсныг дурсахгүй өнгөрч болохгүй ээ.

Хүрээмарал сум нутаг дэвсгэрийн хувьд Хангайн нурууны өмнөд хэсэг их уулсын урдах уул толгод, тал хөндий хосолсон хангай говийн завсрын бүсэд оршдог. Нутгийн өмнө хилээс хойд цэг хүртэл 70 км, зүүнээс баруун хил хүртлээ 104 км, хилийн тойрог уртаараа 1000 шахам км юм. Хойд талаараа Баянбулаг сумтай 45 км, Гурванбулаг сумтай 85 км, зүүн талаараа Заг сумтай 118 км, урд талаараа Бууцагаан сумтай 48 км, баруун талаараа Говь-Алтай аймгийн Дэлгэр сумтай 85 км нутгаар хиллэдэг. Сумын төв Дэлгэрмөрөн нь далайн түвшингээс 2000 метрийн өндөр өргөгдсөн дэлхийн бөмбөрцгийн зүүн уртрагийн 98015I, хойд өргөргийн 46021I-ийн солбилцолд оршдог.

Тус сум 1963 онд Цоржийн хүрээ хийд байсан газраас нүүж Дэлгэрмөрөн хэмээх энэ газар суурьшсан түүхтэй. Нутгийн хамгийн өндөр уул нь Мандал хайрхан бөгөөд далайн түвшингөөс 2200 м өргөгдсөн байна.

Хүрээмарал саруул нутаг байгалийн сонин тогтоцтой үзэсгэлэнт газар болох Мандал, Богд хайрхан, Чандмань, Сувараа, Норовлин, Овоо, Өл, Хүнхэл, Бүрэг, Гурван шар, Бараан хад, Хангай улаан уул нурууд, Домбон цохио, Ловон цохио, Дөрвөлжингийн багана хад, Сэрвэн, Мааньт, Майхан, Хэвтээ босоогийн үелсэн хадан хясаа, Наадам толгой зэрэг үзэсгэлэнт газар, Агийн хөндий, Хооног, Чандманийн хоолой, Шилүүстэй, Босоогийн уудам тал цайдмууд үнэхээр хөлгийн шандас сорьсон нутаг билээ. Уртын гол, Ац, Ховолын голууд, Бүрдийн нуур, Дал, Хөлийн нуур, Холбоо, Бор-Овоо, Мандалт, Уст хонхорын нуурууд, Майхан хадны рашаан, Сүүжийн рашаан, Рашаант мухар, Тарвагатайн булаг, Цоржийн булаг гээд эх усны ундарга элбэгтэй. Хэнзийн хөтөл, Холбоогийн дөрөлж, Ангалаг, Хөх энгэрийн даваа, Дөрөө хангинадаг, Ачаа давдаг гээд нутаг олны алтан шар замын хөтөч хөтөл, даваа гүвээ олон бий.

Манай сумын хэмжээнд Хүрэл зэвсгийн үеийн зүйлсээс авахуулаад хиргэсүүр, бунхан булш, хөшөө дурсгал, хадны сүг зураг, бичээс, байгаль түүхийн дурсгалууд арвин. Уул, нурууд, ус бэлчээр хосолсон энэ өргөн уудам нутагт дэлхийд ховор аргаль, янгир, ирвэс, шилүүс, хойлог, шонхор, тас гээд жигүүртэн шувуу, ан амьтан, төрөл бүрийн ургамал, цэцэгс, эмийн ургамал, алтан харгана, ортууз бут сөөгөөс авахуулаад цөм бий. Солир буусан нутаг учраас нарны туяаны өндөр эрчмийн дор алмаз эрдэнэс үүссэн, түүнийг дагаад олон төрлийн нэн ховор элемент ашигт малтмалын орд энд бий гэдэг. Эрдэс баялаг, барилгын материал , хүрмэн чулуу, ашигт малтмал алт, зэс, төмрийн хүдэр, алмаз эрдэнэ хүртэл асар их ашигт малтмалын арвин их нөөцтэйг цухасхан дурдаад өнгөрөхөөс өөр арга боломжгүй байна.

Хүрээмарал сумын өвөг дээдэс, ард түмэн, тэдний үр удмын дотроос Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдар цолтон, гавьяат үйлстэн, эрдэмтэн мэргэд олноор төрж гарсан даа.

Намын төв хорооны тэргүүлэгч гишүүн, Ухуулан боловсруулах хэлтсийн дарга Гомбын Гэндэн нам, төр засгийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд өөрийн зохион байгуулах авьяас чадвар, сэтгэл зүрхээрээ тухайн цаг үедээ тодорч “Суртлын Гэндэн”, Хүрээмаралын Гэндэн хэмээн алдаршсаныг ард олон андахгүй мэдэх билээ. Анхны дарга нарын нэг Ойдовын Донёд нь Авто­номитын үеийн хошууны бичээ­чээс Цэцэрлэг Мандал уулын аймгийн Улаанбаатар хот дахь жасын төлөөлөгч, сумын дарга, 1932 оны эсэргүүг дарах Амгай захирагчтай хувьс­галт цэргийнхэн тус суманд хувьсгалт түр хороо байгуулахад түүний бүрэлдэхүүнд орж, хүмүүсийг хоморголон баривчлах, хил­сээр хороох явдлыг таслан зогсоохын төлөө ухаалгаар ажил­лаж, энх цагийн амар тайван амьдралыг төвх­нүүлэхэд өөрийн нэр хүнд, зохион байгуулах ур чадвар, ухаалаг бодлогоороо идэвхтэй орол­цож тэмцэж явсан жин­хэнэ хувьсгалт тэмцлийн зүтгэлтэн байсан юм.

Монгол Улсын хөдөлмөрийн баа­тар Бэгзийн Батчулуун намын уриа, эвлэлийн илгээл­тээр Төв аймгийн Угтаал­цайдамд очиж атрын сангийн аж ахуй байгуулан 16 жил удирдан, аж ахуй зохион бай­гуу­лалтын хувьд бэхжүүлж, хөдөлмөрийн гарамгай амжилт гарган баатар болсон билээ. Атрын хоёр дахь гараанд Төв аймгийн Цээл суманд очиж “Залуучууд” сангийн аж ахуйг байгуулж нэр алдраа дуурсгаж явсныг уншигч та бүхэн мэдэх бизээ.

Монгол Улсын шигшээ багийн гавъяат тамирчин Шаг­дарын Чанрав тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож самбо бөхийн дэлхийн аваргын алт, мөнгөн медаль хүртэж, Монгол улсаас бөхийн төрлөөр хам­гийн анхны дэлхийн аварга болж байлаа. Түүний зэрэгцээ улсын баяр наадам, цагаан сарын үндэсний бөхийн барилдааныг 25 жил тасралтгүй тайлбарлаж үзэгч олноо баярлуулж байсныг хэн бүхэн наадам дөхөж буй энэхэн үед бүр ч тодхон санаж байгаа.

Жамбалын Жамъян 1939-1945 оны дайнд оролцон гавьяа байгуулж, байлдааны гавьяаны улаан тугийн одон, ЗХУ-ын улаан таван хошуу одонт хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний нэг ээ. Баруун хязгаарыг зэвсэгт халдлагаас хамгаалан төвхнүүлэх үйлсэд гар бие оролцож, Хатанбаатар Магсаржав жанжны морин хөтөч, төрийн тугийн дуучнаар арван хэдхэн насандаа явж байсан ахмад дайчин партизан Ундрахын Бямба, 1939 оны халх голын байлдаанд оролцож одон тэмдгээр шагнагдаж олондоо “Одонт” хэмээн алдаршсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, алдарт уяач Балдангийн Бэгзжав, БНМАУ-ын начин, улсын аварга малын их эмч Жанцангийн Бэгз, 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан Б.Баярсайхан, Г.Бүдий, Г.Жадамбаа, М.Гантөмөр, Т.Ширмэн, НҮБ-д Монгол улсаа төлөөлөн сууж байсан нэрт дипломатч Цогтийн Нархүү, хүний гавьяат эмч С.Нацагдорж, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Цэдэв, гавьяат эдийн засагч С.Тарва, доктор Б.Базаррагчаа, А.Намхай, Т.Намхайжанцан, Б.Сангидорж, Ж.Заанхүү, Я.Дашжамц, Ц.Батдорж, С.Цэрэнсоном, Ж.Алтангэрэл, БНМАУ-ын сайн малчин цолыг сумаасаа анх удаа авсан нь Ц.Баасан байсан бол дараа нь Улсын аварга, сайн малчин Б.Доржсүрэн, Д.Хаянхярваа, Б.Бэх, С.Маахүү, Т.Намхай, Д.Бямбасүрэн нарын олон алдартан төрж гарсан байна. Ямар ч уран бүтээлч, зохиолч, зураач, яруу найрагч хэний ч сэтгэл зүрхэнд эх нутаг, эх орон, нутгийн зон олон нь байнга л бичигдэж, зурагдаж, дурсагдаж байдаг буй за.

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Лхагвын Дагийрааз

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Алтан хөршүүд

Социализмын үед хөрш айлаасаа давс, сонгино мэтийг гуйх нь байх л үзэгдэл байв.  Одоогийн хүүхдүүдэд хачирхалтай санагдах байх л даа. ”Би чамд хайртай” кинон дээр хөрш нь хаалга цохиод, сонгино гуйснаа, дараа нь бууз оруулж ирдэг хэсэг байдаг даа. Тиймэрхүү өгөө аваа хөршүүдийн дунд өрнөнө шүү дээ.  Сайн хөршийн үнэ цэнэ одоо ч буураагүй. Муу хөрштэй бол ядаж л  “гэр бүлийн дайн”-ы гэрч болчих гээд хэцүү. Улс орны хувьд ч хөрш чухал юм байна. Оксфордын их сургуулийн профессор Пол Коллиэрийн “Адагт үлдсэн тэрбум” ном хөршүүдээ өөр өнцгөөс харахад хүргэв. Урд, хойд хөршүүдээ муулах үг яриа бидний амнаас бишгүй унадаг. Харин Пол Коллиэр хөршийн эдийн засгийн өсөлтийг сайн шингээж авах бодлого хэрэгжүүлбэл улс орны эдийн засагт нэмэртэй тухай дурдсан байна лээ. Манайх шиг далайд гарцгүй улсад хөршийн дэд бүтэц гарц болно. Дэд бүтэц муутай хөрштэй бол хөлгүй л гэсэн үг.  Далайд гарцгүй Швейцарь хойд хэсгээрээ Герман, Францтай, өмнөд хэсгээрээ Италитай хиллэдэг. Хөршүүд нь энэ улсын далайн гарц, зах зээл нь болдог учраас  хөгжихөд нөлөөлжээ. Үүний оронд адагт үлдсэн гэгдэх Африкийн орнууд шиг дайн тулаан, бослого үймээнтэй, ядуу хөрштэй гээд төсөөлөөд үз дээ. Хилээр ядуурал, өвчин зовлон  нэвчинэ шүү дээ.  Харин Монгол Улс азтай. Дэлхийн хамгийн том зах зээл хажууд ханхайж байдаг. 

Урд хөршийнхөнд эзлэгдэх аюулаас олон хүн айдаг. Бурханы авралаар тэд манайхыг биш бид Хятадыг эзэлж явсан улс. Харин хоёулаа Манжийн дарлалд явсан зовлон нэгтэй хөршүүд.

Б.ЯНЖМАА      

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Aмерикан Экспресс: Бид шилдгүүдтэй хамтарч ажилладаг

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа эхлэхээс өмнө манай уншигчдад
өөрийгөө танилцуулахүй юу?

-Баярлалаа. Намайг Марио Клапсис гэдэг. Би Американ Экспресс
байгууллагын Европ, Ойрхи Дорнод, Африк бүсийн бизнес хөгжил хариуцсан захирлаар
Грек, Канад зэрэг дэлхийн олон улсуудад 10 гаруй жил, бизнесийн стратеги, бизнес
хөгжлийн борлуулалт, зах зээл тэлэлт, хамтын ажиллагаа зэрэг  өргөн хүрээнд ажиллаж ирлээ. Бид Голомт банктай  хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьснаас хойш
нийтдээ 6 жил, Американ Экспресс картыг Монголын зах зээлд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг
хангаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд картын бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд
амжилттай гаргаж чадлаа. Энэ бол манай 2 байгууллагын гайхалтай хамтын ажиллагааны
илрэл гэж дүгнэж байна.

-Дэлхийн шилдэг брэнд Монгол улсад ирж байгаад бид маш их баяртай байна.
Та манай уншигчдад Американ Экспресс картыг танилцуулахгүй юу?

-Өнөөдөр харилцагч бүхэн хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг
авахыг хүсдэг шүү дээ. Энэ шаардлага нь өөрөө Американ Экспрес брэндийг улам тодотгож
өгдөг. Учир нь Американ Экспресс нь тухайн бүс нутгийн хэрэглэгчдийн таалалд хамгийн
их нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн төлөө шаргуу ажиллаж ирсэн, 160 гаруй
жилийн баялаг түүхтэй байгууллага юм. Американ Экспрес брэнд нь нэр хүнд, дэлхийн
хэмжээний үйлчилгээ, нууцлал хамгааллын давуу талуудаараа өрсөлдөгчдөөсөө ялгарч
ирсэн нь бидний бахархал билээ. Бид 1997 оны “шинэчлэлтээс” хойш, банк болон бусад
байгууллагуудтай илүү өргөн хүрээнд нээлттэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд, үүний
үр дүнд Американ Экспресс брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээ өсч, хамтран ажиллагч
байгууллагуудын сүлжээг илүү хурдацтайгаар нэмэгдүүлж чадсан. Банк санхүүгийн байгууллагуудтай
хамтарч ажилласнаар бид тухайн зах зээл дээрх Американ экспресс брэндийн картуудын
тоог нэмэгдүүлж, худалдаа үйлчилгээний байгууллагуудад өндөр дүнтэй худалдан авалт
хийх, үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчдийг татах боломжийг олгож,  мөн картаар үйлчлэгч байгууллагуудын тоог нэмэгдүүлж
байгаа зэрэг олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа явуулж байна. Бид Голомт банктай
хамтарч ажилласнаар, Монголын харилцагчдад Американ Экспресс брэндийн үнэ цэнэ болон
давуу талуудыг авчрах боломжтой болсондоо сэтгэл хангалуун байна.

-Монголчуудын хувьд Американ Экспресс бренд нь цоо шинэ зүйл биш юм.
Одоогоос 6 жилийн өмнө Монголын арилжааны банкуу­даас Голомт банкийг “Американ Экспресс”
кар­тыг  хүлээн авах цор ганц банкаар сонгон
хамтын ажил­лагааг эхлүүлж  байс­ныг манай
уншигчид ан­дах­гүй. Тэгэхээр танай 2 байгууллага  нэлээн эрт­нээс хамтын ажиллагаа­гаа эхлүүлжээ?

-Тийм ээ. Голомт банк Монгол дахь Аме­ри­кан Экспресс картаар
үйлчлүүлэгч байгууллагуу­дын тоог маш амжилттайгаар өсөн нэмэгдүүлж чадсан шил­дэг
банк бас шилдэг түнш юм. Тийм ч учраас харилцагчиддаа хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн
үйл­чилгээг зориулах бидний зорилготой хамтдаа байдаг, Голомт банк шиг хамгийн шилдгүүдийг
бид сонгон хам­тарч ажилладаг.

Бидний хамтын ажилла­гаа­ны үр дүнд Голомт банк, Монгол
Улсад Американ Экспрес брэндийн картыг гаргагч цор ганц банк болс­ноор харилцагчиддаа
дэл­хийн хэмжээний бүтээгдэ­хүүн  үйлчилгээ
болон олон төрлийн боломж, давуу талыг олгон, мөн Монгол Ул­сын зах зээл дээр бидний
баримталж буй бодлогыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой. Бид шилдэг түнш
болсон Голомт банктай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж дэлхийн хэм­жээ­­ний бүтээгдэхүүн
үйлчилгээг Мон­голын зах зээлд нэвтрүү­лэ­­хийн төлөө ажил­лах болно.

-Монголд Американ Эксп­ресс картыг төлбөр тоо­цоонд хүлээн авдаг бо­лоод
багагүй хугацаа өнгөрсний дараа Американ Экспресс карт Монголын зах зээлд нэвтэрч
байна. Энэ хугацаанд  ямар нэг шалгуур тавьж
байв уу? Эсвэл зах зээлийн тохи­ромж­той цаг үеийг хүлээж байв уу?

-Өмнө дурьдсанчлан, Го­ломт банктай Американ Эксп­ресс
картыг төлбөр тооцоонд  хүлээн авах хамтын
ажилла­гааг эхлүүлснээс хойш бид Монгол улс дахь Амери­кан Экспрес картаар үйлчлэгч
байгууллагуудын тоог нэ­мэг­дүүлэхэд гол анхаар­лаа хандуулж ажилласан. Картаар
үйлчлэгч байгуулла­гуу­дын­хаа тоог нэмэгдүүлэх нь бидний Голомт банктай хамтын
ажиллагаагаа өргө­жүүлэх, картын бүтээгдэ­хүүнээ зах зээлд нэвтрүүлэх шийдвэрийг
гаргахад чухал нөлөө үзүүлсэн.

Мөн бид Монголын харил­цагч­дын санхүүгийн амьдрал, аяллын
хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг гар­гаж, зах зээлээ ойлгохын тулд Голомт
банктай өргөн хүрээнд хамтарч ажил­ласан. Хэдэн сарын турш үргэлжилсэн бидний ажлын
үр дүнд Монголын зах зээлд нэвтэрч буй хөнгөлөлт урам­шуул­лаар дүүрэн бүтээг­дэхүүн
маань нэр хүнд, амжилтаараа ялгарч чад­сан хүмүүсийн амьдрал,  аял­лын хэв маягт зохицож санхүүгийн хэрэгцээнд
бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй бай­на. Энэ бүтээгдэхүүн маань амьдралын онцлог, ажлын
шаардлагатайгаа уял­дан дэл­хийг тойрон аялж амьдар­даг хүмүүст зориулсан аяллын
болоод олон төрлийн хөнгөлөлт  урамшуулалтаар
дүүрэн гэдгийг онцлон хэлэ­хийг хүсэж байна.

-Американ Экспресс кар­тыг тухайн улс оронд нэвт­рүүлэх банкийг сонгохдоо
ямар шалгуур тавь­даг вэ? Ер нь яагаад Аме­рикан Экспресс картыг банкуудтай хамтран
гарга­даг вэ?

-Бидний картаа шинээр нэвтрүүлж байгаа улс бүхэн, салбар
сүлжээгээ өргөт­гөн тэлэх, өндөр дүнтэй ху­далдан авалт хийдэг үнэнч харил­цагчдыг
татах стра­те­гийн түвшний өндөр ач холбогдолтой юм. Монгол улс цаа­шид илүү хурдацтайгаар
хөгжинө гэж бид үзэж байгаа. Тийм ч учраас энэ бүс ну­тагт өөрсдийн бизнесээ, тэр
тусмаа өсөн нэмэгдэж буй бэлэн бус гүйлгээг улам өргө­­­жүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид Голомт банктай хамт­­ран зөвхөн төлбөр тоо­цоо гүйлгээ
хийх бус үнэ цэнэ, чанарыг харилцагчид­даа хүргэхийн  төлөө хи­чээх 
болно. Үүний тулд хамт­ран ажиллаж буй бай­­гуул­лагуудынхаа хамт ха­рилцагчид­даа
зо­риул­­­­­сан бү­тээгдэхүүн үйлчил­­­гээг хөн­гөлөлт, урамшуу­лал, харил­цааны
өндөр соёл, ур чадвар, нэгдсэн зарла­гын тайлан зэрэг олон хөтөлбөрүүдээр дам­жуулан
хүргэдэг. Цаашид зөвхөн Монгол улсын карт хэрэглэгчдийн хэрэгцээ шаард­лагад нийцсэн
шинэ­лэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахын төлөө ажил­лах болно. Мөн Алтан картыг
Монголын зах зээлд нэвтрүүлснээр Американ эксп­рес картаар үйлчлэгч бай­гууллагууд,  өндөр дүнтэй худалдан авалт хийдэг үнэнч харилцагчдынхаа
тоог өсөн нэмэгдүүлэх  сайхан боломж нээгдэж
байна.

-Американ Экпресс кар­тыг дэлхийн 130 гаруй оронд хүлээн авдаг нийт
107 сая карттай гэж танай вебсайтаас уншлаа. Танай байгууллага ийм олон хү­ний итгэлийг
яаж тэгт­лээ та­тав аа? Олон сая хэрэг­лэгчдийг хэрхэн нэгтгэж, нэ­гэн гэр бүл болгож  чадав?

-Бид дэлхий даяар Американ Экспресс брэн­дийн гол ялгарал
болсон шилдэг үйлчилгээ, нууцлал хамгаалалт, нэр хүндийн баталгаа болсон эрхэм зо­рилгод  нэгдэж чадсан бан­куудыг сонгон хамтарч ажил­ладаг.
Энэхүү шалгуур маань ч Американ экспрес брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү өвөрмөц
байлгаж, дэл­хий даяар тогтсон нэгэн хэвшмэл ойлголтоос ялгаж өгдөг. Өнөөдөр өдөр
ирэх тусам карт эзэмшигчдийн маань хэрэгцээ шаардлага шинэч­лэгдэж,  өсөн нэмэг­дэж байна. Харин бид карт эзэмшигчдийнхээ
энэ хэрэг­цээ шаардлагаас давахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг хамт­ран ажиллагч  байгуулла­гуудтайгаа хамтран гаргахыг эрмэлзэж
ажилладаг. Үүний дүнд бид харилцагчдынхаа итгэ­лийг илүү нэмэгдүүлж үнэнч харилцагчидтай
болж чадсанаараа өрсөлдөгчдөө­сөө ялгарч чаддаг.

Американ Экспрес Ал­тан карт бол бидний энэ амжил­­тын
хамгийн шилдэг жишээ­нүүдийн нэг. Энэ карт нь санхүүгийн илүү эрх чөлөөтэй амьдралын
хэв маягийг эрхэмлэдэг Монгол харилцагч­дад маань бүрэн тохирохоос гадна хөнгөлөлт
урамшууллуудаар дүүрэн карт. Тодруулбал Алтан карт эзэмшигч нь American Express
Membership Rewards® хөтөлбөрийн хүрээнд хийсэн гүйлгээ бүхэндээ оноо цуглуулж, цуглуулсан
оноогоороо төрөл бүрийн хөн­гөлөлт, урамшууллуудыг аваад зогсохгүй нислэг, зочид
буудал, худалдааны ваучер болон тансаг зэрэглэ­лийн бараа бүтээгдэхүүн худал­дан
авах боломжтой. Мөн Американ Экспрес нь өөрсдийн  карт эзэмшигчиддээ зориулж хамгийн шилдэг даат­галын
үйлчилгээнүүдийг үзүүлдэг бөгөөд үүнд аяллын, замын тусламж, аюулгүй худалдан авалтын
даатгал зэрэг орохоос гадна 24/7 харилцагчийн үйлчилгээг үзүү­лэх бөгөөд таны картыг
24 цагийн дотор сольж өгөх боломжтой.

-Цаашид Голомт банк, Американ Экспрессийн хам­тын ажиллагаа хэрхэн үргэлжлэх
бол?

-Энэ хамтын ажиллагаа­ны хүрээнд Голомт банк харилцагчиддаа
дэлхийн хэм­жээний бүтээгдэ­хүүн үйлчилгээ болон боломжуу­дыг  илүү ойртуулах, мөн бид­ний Монгол улсын зах зээлд
баримталж буй бодлогыг дэм­жих зэрэг олон талын ач холбогдолтой болж байгаа юм.
Мөн бид олон улс болон дотоодын зах зээл дээр илүү олон өндөр дүнтэй гүйлгээ хийдэг
үнэнч харилцагчидтай болох боломжтой болж байна. Цаашид та бүхэндээ үргэлж сайхан
мэдээллүүдийг хүргэж байх болно гэдэгтээ итгэлтэй байна.

-Танай хоёр бай­гуул­лагын хамтын ажил­­лагаанд уншигчдын­хаа
өмнөөс өн­дөр амжилт хүсье. Бид­ний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Монголчуудын хувьд Американ Экспресс бренд нь цоо шинэ зүйл биш юм.
Одоогоос 6 жилийн өмнө Монголын арилжааны банкуу­даас Голомт банкийг “Американ Экспресс”
кар­тыг  хүлээн авах цор ганц банкаар сонгон
хамтын ажил­лагааг эхлүүлж  байс­ныг манай
уншигчид ан­дах­гүй. Тэгэхээр танай 2 байгууллага  нэлээн эрт­нээс хамтын ажиллагаа­гаа эхлүүлжээ?

-Тийм ээ. Голомт банк Монгол дахь Аме­ри­кан Экспресс картаар
үйлчлүүлэгч байгууллагуу­дын тоог маш амжилттайгаар өсөн нэмэгдүүлж чадсан шил­дэг
банк бас шилдэг түнш юм. Тийм ч учраас харилцагчиддаа хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн
үйл­чилгээг зориулах бидний зорилготой хамтдаа байдаг, Голомт банк шиг хамгийн шилдгүүдийг
бид сонгон хам­тарч ажилладаг.

Бидний хамтын ажилла­гаа­ны үр дүнд Голомт банк, Монгол
Улсад Американ Экспрес брэндийн картыг гаргагч цор ганц банк болс­ноор харилцагчиддаа
дэл­хийн хэмжээний бүтээгдэ­хүүн  үйлчилгээ
болон олон төрлийн боломж, давуу талыг олгон, мөн Монгол Ул­сын зах зээл дээр бидний
баримталж буй бодлогыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой. Бид шилдэг түнш
болсон Голомт банктай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж дэлхийн хэм­жээ­­ний бүтээгдэхүүн
үйлчилгээг Мон­голын зах зээлд нэвтрүү­лэ­­хийн төлөө ажил­лах болно.

-Монголд Американ Эксп­ресс картыг төлбөр тоо­цоонд хүлээн авдаг бо­лоод
багагүй хугацаа өнгөрсний дараа Американ Экспресс карт Монголын зах зээлд нэвтэрч
байна. Энэ хугацаанд  ямар нэг шалгуур тавьж
байв уу? Эсвэл зах зээлийн тохи­ромж­той цаг үеийг хүлээж байв уу?

-Өмнө дурьдсанчлан, Го­ломт банктай Американ Эксп­ресс
картыг төлбөр тооцоонд  хүлээн авах хамтын
ажилла­гааг эхлүүлснээс хойш бид Монгол улс дахь Амери­кан Экспрес картаар үйлчлэгч
байгууллагуудын тоог нэ­мэг­дүүлэхэд гол анхаар­лаа хандуулж ажилласан. Картаар
үйлчлэгч байгуулла­гуу­дын­хаа тоог нэмэгдүүлэх нь бидний Голомт банктай хамтын
ажиллагаагаа өргө­жүүлэх, картын бүтээгдэ­хүүнээ зах зээлд нэвтрүүлэх шийдвэрийг
гаргахад чухал нөлөө үзүүлсэн.

Мөн бид Монголын харил­цагч­дын санхүүгийн амьдрал, аяллын
хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг гар­гаж, зах зээлээ ойлгохын тулд Голомт
банктай өргөн хүрээнд хамтарч ажил­ласан. Хэдэн сарын турш үргэлжилсэн бидний ажлын
үр дүнд Монголын зах зээлд нэвтэрч буй хөнгөлөлт урам­шуул­лаар дүүрэн бүтээг­дэхүүн
маань нэр хүнд, амжилтаараа ялгарч чад­сан хүмүүсийн амьдрал,  аял­лын хэв маягт зохицож санхүүгийн хэрэгцээнд
бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй бай­на. Энэ бүтээгдэхүүн маань амьдралын онцлог, ажлын
шаардлагатайгаа уял­дан дэл­хийг тойрон аялж амьдар­даг хүмүүст зориулсан аяллын
болоод олон төрлийн хөнгөлөлт  урамшуулалтаар
дүүрэн гэдгийг онцлон хэлэ­хийг хүсэж байна.

-Американ Экспресс кар­тыг тухайн улс оронд нэвт­рүүлэх банкийг сонгохдоо
ямар шалгуур тавь­даг вэ? Ер нь яагаад Аме­рикан Экспресс картыг банкуудтай хамтран
гарга­даг вэ?

-Бидний картаа шинээр нэвтрүүлж байгаа улс бүхэн, салбар
сүлжээгээ өргөт­гөн тэлэх, өндөр дүнтэй ху­далдан авалт хийдэг үнэнч харил­цагчдыг
татах стра­те­гийн түвшний өндөр ач холбогдолтой юм. Монгол улс цаа­шид илүү хурдацтайгаар
хөгжинө гэж бид үзэж байгаа. Тийм ч учраас энэ бүс ну­тагт өөрсдийн бизнесээ, тэр
тусмаа өсөн нэмэгдэж буй бэлэн бус гүйлгээг улам өргө­­­жүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид Голомт банктай хамт­­ран зөвхөн төлбөр тоо­цоо гүйлгээ
хийх бус үнэ цэнэ, чанарыг харилцагчид­даа хүргэхийн  төлөө хи­чээх 
болно. Үүний тулд хамт­ран ажиллаж буй бай­­гуул­лагуудынхаа хамт ха­рилцагчид­даа
зо­риул­­­­­сан бү­тээгдэхүүн үйлчил­­­гээг хөн­гөлөлт, урамшуу­лал, харил­цааны
өндөр соёл, ур чадвар, нэгдсэн зарла­гын тайлан зэрэг олон хөтөлбөрүүдээр дам­жуулан
хүргэдэг. Цаашид зөвхөн Монгол улсын карт хэрэглэгчдийн хэрэгцээ шаард­лагад нийцсэн
шинэ­лэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахын төлөө ажил­лах болно. Мөн Алтан картыг
Монголын зах зээлд нэвтрүүлснээр Американ эксп­рес картаар үйлчлэгч бай­гууллагууд,  өндөр дүнтэй худалдан авалт хийдэг үнэнч харилцагчдынхаа
тоог өсөн нэмэгдүүлэх  сайхан боломж нээгдэж
байна.

-Американ Экпресс кар­тыг дэлхийн 130 гаруй оронд хүлээн авдаг нийт
107 сая карттай гэж танай вебсайтаас уншлаа. Танай байгууллага ийм олон хү­ний итгэлийг
яаж тэгт­лээ та­тав аа? Олон сая хэрэг­лэгчдийг хэрхэн нэгтгэж, нэ­гэн гэр бүл болгож  чадав?

-Бид дэлхий даяар Американ Экспресс брэн­дийн гол ялгарал
болсон шилдэг үйлчилгээ, нууцлал хамгаалалт, нэр хүндийн баталгаа болсон эрхэм зо­рилгод  нэгдэж чадсан бан­куудыг сонгон хамтарч ажил­ладаг.
Энэхүү шалгуур маань ч Американ экспрес брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү өвөрмөц
байлгаж, дэл­хий даяар тогтсон нэгэн хэвшмэл ойлголтоос ялгаж өгдөг. Өнөөдөр өдөр
ирэх тусам карт эзэмшигчдийн маань хэрэгцээ шаардлага шинэч­лэгдэж,  өсөн нэмэг­дэж байна. Харин бид карт эзэмшигчдийнхээ
энэ хэрэг­цээ шаардлагаас давахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг хамт­ран ажиллагч  байгуулла­гуудтайгаа хамтран гаргахыг эрмэлзэж
ажилладаг. Үүний дүнд бид харилцагчдынхаа итгэ­лийг илүү нэмэгдүүлж үнэнч харилцагчидтай
болж чадсанаараа өрсөлдөгчдөө­сөө ялгарч чаддаг.

Американ Экспрес Ал­тан карт бол бидний энэ амжил­­тын
хамгийн шилдэг жишээ­нүүдийн нэг. Энэ карт нь санхүүгийн илүү эрх чөлөөтэй амьдралын
хэв маягийг эрхэмлэдэг Монгол харилцагч­дад маань бүрэн тохирохоос гадна хөнгөлөлт
урамшууллуудаар дүүрэн карт. Тодруулбал Алтан карт эзэмшигч нь American Express
Membership Rewards® хөтөлбөрийн хүрээнд хийсэн гүйлгээ бүхэндээ оноо цуглуулж, цуглуулсан
оноогоороо төрөл бүрийн хөн­гөлөлт, урамшууллуудыг аваад зогсохгүй нислэг, зочид
буудал, худалдааны ваучер болон тансаг зэрэглэ­лийн бараа бүтээгдэхүүн худал­дан
авах боломжтой. Мөн Американ Экспрес нь өөрсдийн  карт эзэмшигчиддээ зориулж хамгийн шилдэг даат­галын
үйлчилгээнүүдийг үзүүлдэг бөгөөд үүнд аяллын, замын тусламж, аюулгүй худалдан авалтын
даатгал зэрэг орохоос гадна 24/7 харилцагчийн үйлчилгээг үзүү­лэх бөгөөд таны картыг
24 цагийн дотор сольж өгөх боломжтой.

-Цаашид Голомт банк, Американ Экспрессийн хам­тын ажиллагаа хэрхэн үргэлжлэх
бол?

-Энэ хамтын ажиллагаа­ны хүрээнд Голомт банк харилцагчиддаа
дэлхийн хэм­жээний бүтээгдэ­хүүн үйлчилгээ болон боломжуу­дыг  илүү ойртуулах, мөн бид­ний Монгол улсын зах зээлд
баримталж буй бодлогыг дэм­жих зэрэг олон талын ач холбогдолтой болж байгаа юм.
Мөн бид олон улс болон дотоодын зах зээл дээр илүү олон өндөр дүнтэй гүйлгээ хийдэг
үнэнч харилцагчидтай болох боломжтой болж байна. Цаашид та бүхэндээ үргэлж сайхан
мэдээллүүдийг хүргэж байх болно гэдэгтээ итгэлтэй байна.

-Танай хоёр бай­гуул-лагын хамтын ажил­­лагаанд уншигчдын­хаа өмнөөс
өн­дөр амжилт хүсье. Бид­ний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.