Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Ерөнхийлөгчийн ангийнхан

Урд эгнээний баруун гар талаас хоёр дахь нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

“Хөөе, Дарьцэрмаа хаа байна. Бушуул, бушуул. Энэ анги саваа онгойлго” хэмээн он цагийн буурал хүрд духны үрчлээнд нь тодорсон хүрэл бор царайтай нөхөр малгайгаа авангаа хоолой мэдэн хашгична. Түүний энгэрт “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” гэх тэмдэг нарны гэрэлд ойн буух ажаам. Харахад урлагийн гэж хэлэхээргүй харин ч эсрэгээрээ хөдөөний сайхан монгол малчин хүмүүсийн нэг байна хэмээн бодогдохоор энэ эрхмийг Банзайн Батмөнх гэдэг. Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн урдаа барьдаг, сургууль ч гэлтгүй сумынхаа нүүр царай болдог энэ шавилхан биетэй шаавай хөдөлгөөнтэй эр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ангийнх нь хүүхэд. Ангийнхаа урлагийн үзлэгийг Элбэгтэйгээ хамтдаа авч гардаг байсан журмын нөхөр нь юм байсан аж. “Манай Элбэг чинь хэлэмгий гэж жигтэйхэн, мундаг шүлэглэнэ. Мань мэтийг ангайтал нь ярьдаг хүүхэд байсан. За тэр ой тогтоолттой нь ярих юм биш. Нэг уншсан бол шууд тогтоочихдог байлаа. Уншсан үлгэр, үүх түүхээ бидэнд ярина. Багаасаа л ер нь тодорчихсон юм шүү дээ” гэж ирээд л сайрхан ярих. Ерөнхийлөгчийн гэж тодотгож болох энэ ангийнхан 1971 оны намар Зэрэг сумын сургуулийн 1б ангид орцгоон Бааст багшийн шавь нар болцгоожээ. Ахлах ангид ороод монгол хэл, уран зохиолын багш Сүрэнхүүгийн шавь нар болсон түүхтэй. Тус ангийнхан 1979 онд 8б ангийг төгссөн бөгөөд түүнээс хойш 35 жил заримтай нь ч уулзаж чадаагүй одоо л уулзаж байна хэмээн ярьцгааж байсан юм. “Манай ангийн эрэгтэйчүүд Алтантээлийн хөндийг адуу шиг цамнаж өнгөрөөсөн” хэмээн ангийн охид ярьцгаасан бол “Орохын булгийг оргитол охидынхоо инээд дунд найман жилийг өнгөрүүлсэн” хэмээн хөвгүүд нь сайрхаад авсан юм. 35 жилийн ойн уулзалтын үеэр харамсалтай нь багш минь байхгүй байна. 30 жилийн уулзалтаар багш минь бидэнтэйгээ хамт байсан юм шүү” хэмээн самсаа шархируулан ярьцгаах. Ангийн багш нь өөрөө хөдөлмөр хүнийг бий болгодог гэдгийг яс манхандаа шингэтэл ойлгосон байсан тул ангийнхныгаа хар багаас нь ажил, амьдралын ухаанд сургасан юм байна. Сайн багш нарын шавь нар сайн явдаг юм аа.

Улсын аварга ногоочин Ноосонгийн Алтансүх маань Дарханы жимс ногооны Орхонд сайхан л амьдарч явна. Халзангийн Баатархүү, Намидын Дарьцэр­маа, Галигаан Байгалмаа, Тогмидын Уранчимэг гээд манай ангиас мундаг багш нар, Монгол Улсын Ерөнхийлөгч мөн төрөн гарсан байна хэмээн бахархангуй өгүүлэв. Мажгаан Гэндэн ангиасаа төрсөн Ерөнхийлөгчийн тухай ийн ярьсан юм. “Манай хүн чинь дотуур байранд хамт амьдардаг байлаа. Элбэг орой унтахад бидэнд үлгэр ярьдаг ажилтай.

2008 онд 30 жилийн ойгоороо уулзав

Байрны хоолонд орохдоо хоол нэмүүлэх хүүхэд байна уу гэхэд Элбэг бид хэд гараа өргөж нэмүүлнэ. Манай ангийнхан одоо сайн явцгааж байна. Би харин мал эргүүлдэг ажилтай л сумандаа амьдарч байна даа” гэсэн юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 35 жилийн ойн уулзалтдаа ирж амжаагүй. Учир нь Тажикстаны Душанбед ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүдийн 14 дэх удаагийн уулзалтад явж таарсан тул ангийнхандаа мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Ангийнхан нь “Уг нь манай Элбэг байсан бол сайхан байх байлаа. Гэхдээ Төрийн тэргүүн хүн тэр чухал уулзалтдаа заавал очих ёстой юм шүү дээ” хэмээн зөвтгөлөө. Ерөнхийлөгчийн ангийнхан монгол хэлний хичээлдээ сайн байсан бөгөөд нэг ч алдаатай бичдэг хүн байхгүй. Цэвэр бичгийн тал дээр бүр янзтай хэмээн Ядамын Алтанцэцэг хэлсэн юм. Тэрбээр өдгөө Ховд аймгийн Чандмань сумын Чандмань хөх уулс хоршооны захирлаар ажиллаж байгаа юм байна. Тэдний ангид Ж.Алтанцэцэг, Я.Алтанцэцэг, А.Алтанцэцэг гэсэн гурван Алтанцэцэг байжээ. Гурван алтан цэцгийг өндөр, дунд, намхан алтан цэцэг гэж нуруугаар нь ялгадаг байсан гэнэ. Би өндөр Алтанцэцэг нь байлаа шүү дээ гэв. Тэднийх гурван хүүтэй бөгөөд хамгийн бага нь их сургуульд оюутан, нөхөр нь Чандмань сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр Элбэгээгийнхээ тухай ингэж ярьсан юм. “Элбэг их шогч хүүхэд байсан. Багадаа “Баавгай” шүлгийг их уншдаг байлаа” гээд шүлгийг нь цээжээр уншиж ангийнхаа 31 хүүхдийг хөгжөөгөөд авлаа. Мөн “Элбэгээ “Гахай” шүлгийг бас их уншинаа” гэлээ. Б.Батмөнх “Элбэг бид хэд намхан болохоор урдуур суудаг байсан. Юуг нь нуухав. Үймүүлнэ гэж үзүүлж өгнө. Манай энэ Алтаа бид хоёрын нэг онигоо бий. Сургуульд нь АСК тэмцээн болоход Элбэгийн санаачилгаар “Хорвоотой танилцсан түүх” зохиолоор бид жүжигчилсэн тоглолт хийж түрүүлж байсан” гэхэд “Алив би нэг дурсамж хэлье” гээд “Зургадугаар ангид урлагийн үзлэг болж Элбэг бид хоёр хөтөлсөн юм. Манай Элбэг Сүхбаатарын зураг барьж байгаад

“Сүх гэдэг хүү байжээ

Сүүлдээ харин баатар болжээ

Хонгор халиун унага байжээ

Хожмоо тэр хүлэг болжээ” гэж уншиж байсан юм. Бас л шүлэг бичнэ гэж үзүүлнэ шүү. Гурван жилийн өмнө тэр үед би гартаа барьж байсан зургаа хадгалсан зурагныхаа ард энэ дөрвөн мөрийг нь бичээд өгсөн” гэж байсан юм. Ангид ийн яриа өрнөж байтал арын ширээнээс атан тэмээ шиг биерхүү эр “Би нэг зүйл хэлье” хэмээн жаахан хүүхэд шиг ширээний араас гараа өргөдөг юм. Түүнийг Луутын Буяндэлгэр гэдэг. “Элбэг бид хоёр найман жил нэг ангид сурсан. Бид хоёр 1963 оны гуравдугаар сарын наймны өдөр зэрэг хорвоод мэндэлж байсан. Элбэг ангидаа хамгийн намхан нь би харин хамгийн өндөр нь байснаараа ялгаатай. Манай аав дотуур байрны тогооч байсан. Элбэг дотуур байранд амьдрахдаа аавын гарын хоолыг найман жил идсэн моньд доо” гээд инээмсэглэн үгээ залгичихав. Энэ ангиас Даржаагийн Чимэдбалжир Ерөнхийлөгчтэй хамт дотуур байрны нэг өрөөнд хамт амьдарсан юм байна. “Дотуур байранд найман жил амьдрахдаа зургаан жил нь Элбэгдорж бид хоёр нэг өрөөнд амьдарлаа шүү дээ. Элбэгийн аав намын хуралд ирэхдээ боорцог авч ирнэ. Өнөөхийг нь хуваагаад цохьчихно. Хэнийхээс ааруул ирэх бол гээд л өөр хоорондоо яриа үүсгэнэ. Сурагч байхад зурамны арьс авч ирэх даалгавар авч явдаг байлаа. Ангийн эрэгтэйчүүд тойрч сууж байгаад зурам хэрхэн намнаснаа хэд хоног ярьдаг байв шүү. Тухайн үед нэг намар 100 зурамны арьс нэг хүүхэд өгч хичээлийн хэрэгслээр шагнуулж байсан. Элбэг бид хоёр зурамны арьсаараа хичээлийн хэрэгслээр арай шагнуулж чадаагүй. Нөгөө ангийн Амаржаргал хоёр жил дараалан тэгж шагнуулсан. Сүүлдээ “Анчин” Амаржаргал нэр өгсөн дөө” гээд шилээ маажин суулаа. Чимэдбалжир цааш нь “Би яаж жолооч болох вэ гэж боддог байсан. Элбэгийн цээжинд ямар зүйл цохилж явсныг мэдэхгүй. Гэхдээ Элбэг хананд өлгөөтэй Оросын том удирдагч нарын зургийг хараад “Би эдэн шиг хүн болно” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм” гэлээ.

35 жилийн дараа ангидаа

Тус ангиас төрсөн дөрвөн багшийн нэг “Алтангадас” одонт Намидын Дарьцэрмаа Зэрэг сумынхаа сургуульд 31 дэх жилдээ багшилж байгаа юм байна. Тэрбээр Сүрэнхүү багшаа дурсан “Оролдлого сайт оройд нь, оролдлого муут ёроолд нь хоцорно гэж багш маань сургадаг байсан. Ерөнхийлөгч маань багшийн энэ үгийг сэтгэлдээ үлдээж оролдлого сайтай байсан болохоор оройд нь гарч чадлаа. Багш маань бидний төлөө үнэхээр их зүтгэдэг байсныг өөрөө багш болоод мэдэрч сууна. 2008 онд Элбэг маань Улаанбаатарт ангийнхаа хүүхдүүд, багшийгаа урьсан. Тэр үед багш маань үнэхээр шавиараа бахархаж байсан” гэсэн юм. Тухайн үед ангиараа тоосго цохиж сургуульдаа өгдөг байсан юм шүү хэмээн Г.Байгалмаа хэлж байв. Тэрбээр “Элбэгдорж, Батмөнх хоёр их дүрсгүй. Манай анги наран талдаа цонхтой болохоор жигтэйхэн халуун. Охидууд гадуур хувцсаа нимгэлж, зарим нь эсгий гутлаа тайлаад хичээлдээ сууна. Тэр үед Элбэг, Батмөнх хоёр ширээн доогуур мөлхөж ороод гуталнууд аваад нуучихдаг байсан. Хичээл завсарлаад гутлаа өмсөх гэтэл гутал олдохгүй шүү дээ” хэмээн инээмсэглэв.

“Элбэг хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд шоглосон, толгой холбож шүлэглэж тоглоом наадам хийдэг элдэвтэй гэж жигтэйхэн хүүхэд байв. Бид сурлагаараа хэн нь хэнээсээ даваад гарах хэмжээнд байгаагүй. Харин хичээл зүтгэл хүнд амжилт авч ирдэг юм байна гэдгийг манай Элбэг харууллаа” хэмээн ангийнх нь онцолсон юм. Жужуухайн Шилхүү ангийнхаа хөвгүүдийг магтсаны дараа Дамдины Ундрам нар “Элбэг бид хоёр нэг бригадын хоёр юм аа. Элбэгээгийн ахынх Шовогт байдаг байлаа. Тиймээс ахынх руугаа их очно. Бид гэр рүүгээ явахдаа мөсөн дээгүүр бие биенээ хөөж гүйлдэн тоглож явсаар гэртээ харьчихна. Оройдоо бол тэр намайг ингэсэн тэгсэн гэсэн зарга ярьсаар л харьдаг байв.Элбэгийг Очирлхагва ах нь “Яахаараа чи эмэгтэй хүүхдийг уйлуулдаг юм” гэж ирээд хэд сайн загначихна” гэсэн юм.

Уран зохиолын хичээл орж байхад өгүүллэг уншуулдаг байж. Ангийн хүүхдүүд бүгд уншаад дууссаны дараа Ц.Элбэгдоржийг багш нь самбарын урд дуудан гаргаад уншсан өгүүллэгээ ярьж өг гэдэг байж. М.Гэндэн сурагч ахуй цагийнхаа тухайгаа нэмж ярих хүсэлт гаргасныг ангийнхан нь бүгд дэмжсэн юм. “Дотуур байранд Элбэг, Буянаа бид хэд хамт амьдарна. Дээл хувцасаа урагдтал барилдана. Манай Элбэг хүүхэд байхдаа бас л барилдвал барилдчихдаг, зурвал зурчихдаг, шүлэглэвэл шүлэглэчихдэг мундаг байсан. Бид байрны багшаас их айна. Байрны хүүхдүүд үймүүлж байгаад багшийг хараад нам болно. Багш байрны үүдэнд ирээд сар хийтэл хамрынхаа бөглөөсийг онгойлгоно. Энэ дуунаар нь бид дэг журмандаа ордог байлаа” гэсэн юм. Тухайн үед эмэгтэйчүүд нь ногоон, эрэгтэйчүүд нь хөх дээл өмсдөг байж. Барилдсаны харгайгаар хөөврөө хаяагүй тором шиг юмнууд л салбайсан хувцастай гүйлдэх нь энүүхэнд. Нэг удаа барилдаад дээлийнхээ зүүн ханцуйг тэр чигт нь тасдуулчихлаа. Тэгсэн ээж чинь ирчихлээ гэхээр нь яваад очтол нэг ханцуйтай дээл өмссөн хүүгээ хараад ээж ичсэн гэж жигтэйхэн. Ядаж байхад хотныхоо олон хүмүүстэй хамт ирсэн юм билээ” гэв. Дотуур байранд байхад байрны ах нар нь айлаас бууз хулгай хийлгэдэг байж. Авч ирсэн буузаа данханд чанаад иддэг байж. Олон хавар нэгэндээ гэгчээр нэг удаа баригдсан аж. Хүүхдүүдээс хэдийг идсэнийг нь асуутал 30 гаруй хүүхдээс мань Гэндэн хамгийн олон бууз идсэн болж таарчээ. Гэтэл маргааш нь том цаасан дээр гуашаар том том бууз зураад хүзүүнээс нь зүүгээд ширээн дээр зогсоожээ. Тухайн үед ичиж барихаа ч мэдэхгүй хүзүүн дэх “Том том бууз” гэсэн бичигтэй идсэн дөрвөн буузных нь зурагтай самбараа санжигнуулан зогсож байтал эгч нь ирээд хөлөөс нь чимхээд явжээ. Яахав дүүгийнхээ өмнөөс ичсэн нь тэр байж л дээ. Ахлах ангид байхад нь биеийн тамирын хичээл дээр гүйлгэсэн юм байна. Өнөө сахилгагүй Б.Батмөнх хамгийн ард гүйж явж. Ядаж нэг хүн гүйцье гээд өмнөө гүйж явсан охины араас хичнээн гүйгээд ч өмнө нь гарч чадаагүй тул шаралхсандаа гүйж яваа охиныг дэгээдэж унагачихаад гүйсээр хойноосоо хоёрт оржээ. Амьсгаа ч намдаж амжаагүй байтал ангийнх нь охин араас нь чулуу аваад шидтэл хөлийг яз цохьсон юм байна. Тэрбээр “Алтаа чиний шидсэн тэр чулуу миний хөлөнд ийм сорви үлдээсэн. 30 жил өнгөрөөд байхад ерөөсөө арилаагүй шүү” хэмээн үг хаях аж. Өнөөх нь хариуд нь “Мэхт мэхэндээ хө” гээд инээмсэглээд зогсох. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн ангийнхны түүх хөврөх ажгуу. Монгол орны алс баруун хязгаар Ховд аймгийг Зэрэг сум хэмээх буйдхан нэгэн суурин бий. Баатархайрханы цаст цагаан өвөрт Алтантээлийнхээ хөндийд хүүхэд насны дурсамжаа 35 жилийн дараа ийн сэргээсэн бүлгээ. Орохын булагт хүүхэд нас нь өдгөө ч оргилж, 60 жилийн түүхтэй сургуулийнх нь хананд тэдний үлдээсэн гэгээн аялгуу өдгөө ч сонсогдох мэт ээ.

Э.ЭНХБОЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Намрын дунд сарын арван долоон

Монголчууд намрын дунд сарын арван долооны өдрийг хэзээнээс бэлгэшээж насны хань болох сэтгэлийн амрагтайгаа заяагаа зангиддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд бар өдөр давхцаж тал нутгийнхан унага тамгалах найраа хамтатган ёсолж байгаа. Эл билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд далан долоон хос гал голомтоо бадраах ёсоо үйлдлээ. Хөдөө нутагт ч олон хос тоонот гэрт толгой холбож, жаргалын дугараа мэлтрүүлж байгаа. Хүдэр залуус ороолон чавхдах унагадыг уургалан барилж, галд улайдсан тамгыг шархийтэл даран, хүлэг эрдэнээ эзний ёсоор тойлж байгаа. Намрын дунд сарын арван долооны өдөр орой намрын бороо шивэрч, уулсын орой будантан байна. Сэтгэлд гуниг, баяр ээлжлэн хургана. Угаас хүний амьдрал жаргалтай бас зовлонтой. Намар хэдий гунигтай ч залуу хосын сэтгэлд гэрэл гэгээтэй дурсамжаар дүүрэн үлддэгээрээ сайхан. “Жаргалтайн дэлгэр ээ” гэсэн уртын дууны шуранхай өргөө гэрийг нисгэх шахан жигүүрлэж, улаа бутарсан халмаг хүмүүс мөнөөх дууны үгийг гүйцэд мэдэхгүй ч “Ээ ээхийгээ” хэмээн баясгалантай сайхнаар түрэн дуулцгаана. Уяа шузга дээр мөнгөн тоног бүхий ганган боржигон эмээлтэй морьд молор эрдэнийн толгойгоо хаялан дүүхэлзэж, хазаарын амгайгаа хазлан эвшээцгээнэ. Залуу хос биесийг түшин жаргалтайхан залхуу маягаар талимааран хоймор голлоно. Өвгөд настан намбатайхан дүмбийцгээж, хэд гурван дугарааны дараа сургааль айлдан, “Халзан цагаан хонь, халтар гүүний унага аваарай” гэж халуун хошуут мал амлан мөнгөн аягатай сүүг цэнхэр хадган дээр мэлтэгнүүлэн барина. Найр хавтгайрч, өрх үүсгэж сум сунгасны жаргалтайн дэлгэр бүрдэнэ. Намрын дунд сарын арван долоонд найр хурим өрнөж, насны жаргал ирнэ.

Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ цаг-үе

Хилийн чанад дахь монголчуудын хэл соёлын асуудалд

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Үндэс язгуур, хэл соёлоо

Үрийн үрдээ өвлөн бадраая

“Монгол Улсын

Төрийн дуулал”-аас

Социализмын үед нэг ийм онигоо байсан юм.ТАСС мэдээлж байна гэнэ. “АНУ нь манай ЗХУ-ын дотоод хэрэгт бүх дэлхий даяар оролцож байна” гэж. “Дотоод хэрэг” гэсэн атлаа “бүх дэлхий даяар” гэж буй нь хачирхалтай учраас онигоо болжээ. Үнэн хэрэгтээ бол энэ хоёр их гүрний “дотоод хэрэг” гээч нь “дэлхий даяар” оршиж байдгийг цаагуураа айхтар хэлж байгаа хэрэг л дээ. Даяаршлын өнөө үед их бага гэлтгүй, дэлхийн бүхий л улс орнуудын “эрх ашиг” дэлхий даяар тархаж байна.

Бас нэг мэдээ сонир­хуулъя.Орос-Украйны асуудал хурцдахад АНУ болон Барууны бусад улсаас хавьгүй түрүүнд, хамгийн хатуу хоригийг Оросын талд тавьсан улс Канад байлаа. Яагаад тийм болсныг судлаад үзвэл украйнчууд Канад улсад 1890-ээд оноос хойш олноороо цагаачлан очиж, суурьшсан бөгөөд Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеийн хоёр том давалгаагаар нэн олноороо дүрвэн, очиж өдгөө тэдний үр хүүхэд нэгд, украйн хэл соёл, үндэс угсаагаа мартаагүй, хоёрт, тэр том гүрний гадаад бодлогод нөлөөлөх хэмжээнд хүрчихсэн нь тэр аж.

Үүний адилаар монголчууд ч гадаадын улс орнуудад олон цөөнөөр оршин суух боллоо.Бид дэлхийн бүх тивд хөл тавьж, байгаа байгаа газраа улс орноо сурталчлах, эрх ашгаа ойлгуулах хэмжээнд нэгэнт хүрчээ. Үнэндээ бол монгол хүн байгаа газар бүрт Монголын эрх ашиг буй хэмээн ойлгож болно.

Эхний үеийн цагаачид ямагт амьдралын хатуу хүтүүг үүрэн, ихэвчлэн үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөдөг бол тэдний үр хүүхэд буюу хоёр, гурав дахь үеийнхэн тухайн улсын иргэдийн хүүхэдтэй адил нөхцөлд сурч хүмүүжин, ижил гараанаас эхэлдэг тул, бас эцэг эхийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг харж мэдэрдэг тул илүү хол явж, амжилтад хүрэх магадлал өндөртэй байдаг аж. Тиймээс гадаад дахь монголчуудын үр хүүхдээс шинжлэх ухаан, урлаг соёлын алдартнууд, улс төрийн зүтгэлтнүүд төрөх нь тодорхой, тухайн байгаа улсынхаа бодлогыг тодорхойлогчид болох нь ч тодорхой, харин гагцхүү тэр цагт тэр ХҮН монгол хэл соёлоосоо огт харь хөндий хүн болсон байх уу, 100 жилийн өмнө Канадад очсон украйнчуудын адил Украйн улсаа хэмээн харсаар суудаг ХҮН байх уу гэдэг өнөөдөр та биднээс, эцэг эхчүүдээс, төр засгаас шалтгаалах амин чухал асуудал болоод байна.

ГАДААД ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛЬ, СОЁЛЫН ТӨВҮҮДИЙН БАЙДАЛ

Монголчууд гадаадад олноор гарч, сурч хөдөлмөрлөх болсон 1999-ээд оны үед ихэнх хүн хувийн амьдрал сэлтээ зохицуулах зэрэгт гол анхаарлаа хандуулан, үр хүүхдийнхээ монгол хэл соёлын талаар бага анхаарсан дутагдал түгээмэл байна. Харин 2000 он гарснаас хойш, нэгд олон ч хүн “Биеэ засаад гэрээ зас” хэмээдгийн үлгэрээр “бие, гэрээ засан”, товхиносон, хоёрт, хүүхдүүд нь монгол хэлээ илт мартан, санаа зовоох хэмжээнд хүрч байгаа нь тодорхой болж эхэлсэн, ийм хоёр шалтгааны үүднээс санаачилга сайтай эцэг эхчүүд, Монголдоо сурган хүмүүжүүлэх ажил эрхэлж байсан багш нар хувиараа болон хэсэг бүлгээрээ нийлж хүүхдэд монгол хэлний хичээл заах, улмаар сургууль, соёлын төв болон өргөжих хөдөлгөөн өрнөжээ. Энд нэг зүйлийг дурдахад энэ бүх сургууль, төвүүд санаачилга сайтай иргэдийн идэвх зүтгэлийн хүч юм.

Өдгөө АНУ-ын Вашингтон, Чикаго (3 сургууль), Дэнвэр (2), Сан-Франсиско (3), Лос-Анжелос, Сакраменто хотуудад, ХБНГУ-ын Штуттгарт, Мюнхень, Нюрнберг, Дюссельдорф, Берлин, Их Британийн Лондон, Нотингхэм, Австрийн Вена, Швед улсад (Монгол сургууль байхгүй, гэвч монгол хэлний сургалт буй) БНСУ, Бельги улсад тус тус Монгол сургууль, Соёлын төв албан ёсоор байгуулагдан, монгол хэлний сургалт явуулж байна.

Эдгээр сургуулийн үйл ажиллагааг харахад дараах адил, нэгдмэл тал буй. Үүнд:

1. Бүгд идэвх бүхий хувь хүмүүс, багш нарын санаачилгаар байгуулагдсан. Монгол Улсаас ямар нэг тэтгэлэг, дэмжлэг аваагүй байна. Зарим сургуулийн хувьд тухайн улсад суугаа Элчин сайдын яамд байр танхимаар тусалсан тохиолдол байна.

2. Нэгэнт улсаас санхүүж­дэггүй тул сурагчдын төлбөр, эцэг эхчүүдийн хандив зэргээр үйл ажиллагаагаа явуулж, анги танхимынхаа түрээс зэргийг төлдөг байна.

3. Багш нар нь Монголдоо хэл уран зохиол болон бусад хичээл зааж байсан, зохих сургууль төгссөн, мэргэжлийн багш нар байна.

4. Ихэвчлэн Бямба гаригуу­дад, 2-4 цагаар хичээллэдэг.

БАГШ НАРЫН

ТАВЬЖ БУЙ САНАЛ

Гадаадад монгол хэлээ зааж буй багш нар Нүүр номын бүлэг-чаат үүсгэн ярилцаж, тохиолдож буй бэрхшээл, даван гарах арга зам, төр засагт хийгээд нэг нэгэндээ хандан тавих санал зэргээ ярилцаж байна. Тэнд ирсэн саналуудыг багцалбал:

Бодлого, төсөв: Дани, Солонгос, Хятад, Польш, Латви гээд маш олон улс гадаадад гарсан иргэдийнхээ хэл соёлыг хадгалах талаар тодорхой бодлого явуулдаг, төсөв гаргадаг, үүний үр дүнд тухайн улсын иргэд ямар ч улсад хэдэн үеэрээ ч амь­дарсан хэл соёлоо мартд­даггүй байна. Энэ туршлагыг хэрэгжүүлэн холбогдох яамдын дэргэд гадаад дахь монгол иргэдийн хэл соёлын асуудалд зориулсан тусгай алба, төсөв буй болгох шаардлагатай байна.

Хөтөлбөр, стандарт: Холбогдох яамд, ажлын алба­наас гадаад дахь туршлагатай монгол хэлний багш нартайгаа хамтран хамгийн түрүүнд хийх ажил бол “Гадаад дахь хүүхдүүдийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр, мэдлэг чадварын стандарт”-ыг нас насны ангилалтайгаар боловсруулах шаардлагатай байна. Хөтөлбөрийг боловс­руулахдаа долоо хоногт 2-4 цаг л танхимд сурах боломжтойг, харь улсад сурч амьдарч буйг, бусад олон хүчийн зүйлийг харгалзан үзүүштэй ийм хөтөлбөр, стандарт буй болсноор багш нар юу заах, сурах бичгээ хэрхэн боловсруулах зэрэг чиглэл тодорхой болох юм.

Сурах бичиг, сургалтын материал: Боловсруулсан хөтөлбөртөө зохицсон “Сурах бичиг”-ийг нас насны ангиллаар зохион боловсруулах хэрэгтэй. Монгол Улсад сурах бичиг хийдэг, туршлагатай сурган хүмүүжүүлэгчид олон боловч гадаад дахь хүүхдийн хэл яриа, орчны онцлог их өөр тул эдгээр сурах бичгийг боловсруулах багт гадаадад монгол хэлээ зааж буй багш нар, ялангуяа урьд нь “Цагаан толгой”, “Сурах бичиг” зэргийг зохиож байсан туршлагатай багш нарыг татан оролцуулах хэрэгтэй.

Онлайн хичээл, мате­риал: Монгол хэл соёлын хичээлийн цөм нь гадаад дахь монгол сургуулиуд байх нь тодорхой боловч Монгол сургууль байгуулах боломжгүй газрууд, өөрөөр хэлбэл монголчууд цөөнөөрөө оршин суудаг улс, хотууд маш олон байдгийг бид ойлгох ёстой. Тиймээс өмнө дурдсан хөтөлбөр, сурах бичиг зэргийн онлайн хувилбарыг боловсруулж, монгол хүн бүр оршин сууж байгаа газраасаа үл хамааран хичээвэл, хүсвэл сурах боломж нь, хичээл нь интэрнэтэд байдаг болох ёстой. Энэ нь зөвхөн монгол хэл төдийгүй, морин хуур, хөөмий болон бусад урлаг соёлын хичээлүүдэд ч хамаатай.

Хурал, зөвлөгөөн, мэргэ­жил дээшлүүлэх сургалт: Гадаадад монгол хэл зааж буй багш нарын тусгай хурал, зөвлөгөөнийг жил тутам хийдэг байх.Ийм зөвлөгөөнд холбогдох яамдын түшмэд, заах аргачид оролцдог байх нь туршлага солилцоход нэн хэрэгтэй байна.АНУ, Европод ээлжлэн жил тутам зохион байгуулах нь тохиромжтой.

Мөн гадаадад хичээл зааж байгаа багш нартаа шинэ мэдээ мэдээлэл өгөх, орчин цагийн монгол хэлний журамлах хэлзүйн холбогдолтой сургалт зэргийг таниулах зорилгоор хэл шинжлэл, утга зохиолын мэргэжилтнүүдийн сургалт семинарыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй.

Багш нарын нийгмийн асуудал: Гадаадад олон жил монгол хэлээ заасан багш нарын нийгмийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Нийгмийн даатгалд хамрагддаггүй учраас багш нар хэчнээн олон жил, нутгаасаа хол ачаалал ихтэй, хүнд ажил эрхэлж байгаа боловч тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрэх аюул өнөө маргаашгүй тулгарна. Үүнийг Боловсролын болон Нийгмийн даатгалын тухай хуульд заалт болгон оруулах хэрэгтэй.

БНСУ-ЫН ТУРШЛАГААС

Манай төр засгийн түшмэд,, бодлого боловсруулагчид хэрэг болуужин хэмээн Солонгос улсаас АНУ-д болон гадаадад суугаа иргэдийнхээ хэл соёлын талаар явуулдаг бодлоо, зарим арга хэмжээний туршлагаас хуваалцъя.

Анх АНУ-д Солонгос сургууль 1906 онд байгуулагджээ. Ингээд 100 илүү жилийн дараа буюу өнөөдөр гэхэд АНУ-д нийтдээ 1200 Солонгос сургууль ажиллаж, 60 мянган хүүхдэд хичээл зааж байна. Хичээлийн дараа болон сайн өдрүүдээр хичээллэдэг. Ихэнх сургууль нь Христийн сүмийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг, учир нь АНУ дахь нийт Солонгос цагаачдын 75 хувь нь Христийн сүмд явдаг гэсэн тооцоо бий.

Эдгээр сургуулийн үйл ажиллагааг дэмжин, чиглүүлж өгдөг улсын санхүүжилттэй хоёр байгууллага буй. Үүнд

NAKS – National Association for Korean Schools буюу Солонгос Сургуулиудын Үндэсний Холбоо

KSAA – Korean School Association in America буюу Америк дахь Солонгос Сургуулиудын Холбоо

NAKS нь 1981 онд Вашинг­тон хотноо байгуулагдсан, эгнээндээ 14 өөр улс дахь Солонгос сургуулийн Зөв­лөлийг багтаасан, 1000 гаруй Солонгос сургуулийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Гол үйл ажиллагаа нь:

Жил тутмын хурал: Солонгос боловсрол сэтгүүл, солонгос хэлний SAT II сурах бичиг, солонгос хэлний хичээлийн хөтөлбөр, SAT II солонгос хэлний шалгалт.

KSAA нь 1982 онд байгуулагдсан, 182 Солонгос сургуульд ажиллаж буй 1839 багш, 14435 сурагчийг хариуцсан байгууллага юм.

Гол үйл ажиллагаа нь: Хичээлийн хөтөлбөр боловсруулах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, солонгос хэлээр үлгэр домог ярих тэмцээн, солонгос бичгийн тэмцээн, Han-Eol хэмээх сэтгүүл, SAT II -т бэлдэх шалгалт (жинхэнэ шалгалтыг нь NAKS авдаг)

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, манай багш нарын дурдаагүй нэг чухал санаа бол шалгалт байна. Үнэхээр сургуулиуд хэр чанартай ажиллаж байгааг, хүүхдүүд хэлээ хэр сурч байгааг тогтоох шалгуур байх ёстой юм.

Мөн БНСУ-ын Боловсро­лын Яамны “Гадаад дахь Солонгосчуудад зориулсан тэтгэлэг” хэмээх хөтөлбөрийг товч танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна.Гадаад улс орнуудад амжилттай ажиллаж, суралцаж буй солонгосчуудаа олж таних, тэднийг солонгос эх нутагтай нь холбох, хэл соёлыг нь заах, сайжруулах, ирээдүйд боловсрол мэдлэгийг нь Солонгос улстаа зориулах зорилготой хөтөлбөр юм байна. Зөвхөн хүүхдүүд төдийгүй үр бүтээлтэй ажиллаж буй насанд хүрэгчдийг Солонгосын их дээд сургуулиудад авчран, мастер, докторын сургалтад хамруулна. Гурван шатны сургалт буй. Үүнд:

Сурагчдад зориулсан зуны, намрын, өвлийн гэсэн хэлний курс

25 хүртэлх насныханд зориулсан бакалаврын сургалт

40 хүртэлх насныханд зориулсан мастер, докторын сургалт.

Жилд бакалавртаа 40, мастер, докторын сургалтдаа 40 хүнийг сонгон, тэтгэлгээ олгоно. Тэтгэлэгт сургалтын төлбөр, бүх ном хэрэглэгдэхүүний үнэ, сарын 900 воны стипенд, даатгал, ирэх буцах онгоцны зардал орно. Сургалтын төлбөрийн хувьд тус хөтөлбөрт багтсан гадаадын Солонгос хүнийг их дээд сургуулиуд нь төлбөрөөөс чөлөөлөх гэрээг Боловсролын яамнаас сургуулиудтайгаа хийсэн байдаг аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан

Хорих ангид арав гаруй жил хоригдсон залууг түр чөлөөгөөр гарах үед хамт байж таарлаа. Харгалзагчийн хараа хяналтад гэр рүүгээ явж байгаа тэр залуу “Хот маань ямар сайхан болчихоо вэ. Энэ олон өндөр байшин, бүтээн байгуулалт, хөгжлийг хараач. Замаа яасан сайхан өргөн болгоо вэ. Машинуудыг харахад л хүмүүсийн амьдрал дээшилжээ. Тэр хүүхдүүдийг хараач. Инээлдээд жаргалтай гэдэг нь. Өө, тэр хүү формоо тайлаад хашлага дээр тавьчихлаа. Мартаад аав ээждээ загнуулна даа. Сайхан загнуулах ч сайхан шүү” гэх зэргээр ам хуурайгүй баясна. Тэгснээ “Гудамжаар алхаж байгаа хүмүүс яасан ч өнгөлөг, жавхаатай юм бэ. Арван хэдэн жилийн өмнөхөөс шал өөр, бүр сайхан болжээ” гээд бүсгүйчүүдэд харц унагана. Тэр залууд эрх чөлөөтэй хүн бүр жаргалтай, нийслэлийн минь зам талбай, байшин барилга, түгжирсэн машин, шарласан мод, бүр хөглөрсөн навчис хүртэл сайхан харагдаж байгаа нь мэдрэгдэв. Бүр биширч, атаархаж байгаа нь нүднээс нь харагдав. Харин хажууд нь суугаа харгалзагч залуу машиныхаа цонхоор ч хараагүйгээр үл барам “Байдаг л юм” гэх янзтай тоомжиргүй гар утсаараа оролдох аж. Хавь ойрдоо шунан дурлах, орчноо мэдрэхийг ч хүсэхгүй суугаа хоёр залууг хараад “Бид сайхан бүхний дунд дэндүү эрх чөлөөтэй яваагаа анзаарахгүй юм даа” хэмээн жаахан харамсав. Тэгснээ “Энэ залуу эрх чөлөөтэй байхдаа одоо ярьж байгаа бүхнээ анзаараагүйгээр барахгүй, амьдралдаа сэтгэл дундуур байсан биз” гэж харгалзагч залуу болон өөрийгөө өмөөрөх аядав. Зам түгжрэлтэй, гудамж шороотой, хүмүүс нь уур уцаартай ер нь Улаанбаатарт болж бүтэж байгаа юм алга гэж ярих хүн олон. Хөмсгөө зангидчихсан яваа нөхдүүдийн нэг нь өөрөө гэдгээ ч анзаардаггүй. Заавал хол, өөр газар байж сайхан байснаа мэдрэх гэж үү. Олныхоо дунд, эрх чөлөөтэй амьдарч байгаа нь өөрөө сайхан. Сайхаан, сайхан.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Нэгэн сургаалыг уншаад бодохдоо…

Нэг лаа нөгөөгөө асаахдаа юугаач алддаггүй гэж нэгэн мэргэн хүн сургажээ. Харин үүний үр дүнд гэрэл л нэмэгддэг. Харанхуй өрөөнд нэг лаа гэрэлтэй, харин хоёр болбол бүүр илүү гэрэлтэх нь ойлгомжтой.

Мэргэд хэн нэгний оюун ухааныг гэгээрүүлэхэд ямар ч зардал гарахгүй харин үүний үр дүнд нийгэм илүү сайхан, илүү аз жаргалтай болдгийг л ингэж зүйрлэн хэлсэн байна. Тэгэхлээр мэддэг чаддаг зүйлээ бусдадаа харамгүй хэлж өгөх нь, мэдлэг туршлага дутмаг хүмүүст зааж зөвлөх нь та өөрөө өөртөө тусалж байгаа хэрэг аж.

Хүн болгон мэдлэг туршлагатай, ухаалаг амьдарч эхэлбэл нийгэм маань гэрэл гэгээгээр дүүрэн байх болно. Нийгэм илүү гэрэл гэгээтэй байвал танд л амар амгалан аз жаргалтай амьдрахад амар байна биз дээ. Орчин үед хүмүүс бүүр их нийгэмшсэн цагт амьдарч байна. Нийгмээс өөрийгөө тусгаарлах оролдлого бүр амжилтгүй болж ирсэн түүхтэй.

Иймээс хүн бүр өөрийнхөө амьдралыг ухаалаг, бас аз жаргалтай авч явах ёстой. Хүн болгон аз жаргалтай байвал энэ хүн төрөлхтөн тэр чигтэй аз жаргалтай байх болно. Тэгэхлээр яаж аз жаргалтай байх аргаа бусдадаа харамгүй хэлж өгөөрэй. Ингэлээ гээд хувь хүний нийгмийг бүрэлдүүлэх байр суурь чинь бүдгэрэхгүй шүү гэсэн сургаал юм даа гэж дээрх үгийг уншаад бодож байлаа.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Залуус давжаараад байна уу даа

Нэлээд хэдэн жилийн өмнө Герман улсын нэгэн хотноо “Чингэс хаан ба түүний өв сан” гэдэг нэртэй үзэсгэлэн үзэж билээ. Овоо хэдэн улс хамтарч өөр өөрийн үзмэрүүдээ нэгтгэсэн гэх тэр үзэсгэлэн их л том байсан санагдах юм. Тэр үзмэрүүдийн нэг нь онцгой анхаарал татсан. Монгол дээл. Жирийн нэг монгол цэргийн даавуун дээл. Уг нь би тийм ч жижиг биетэй хүн биш. Гэхдээ тэр дээлийг аваад нөмөрвөөс томдоно уу гэхээс багадахааргүй хэлхийсэн тэрлэг байсан бөгөөд эзэн нь дэлхийн талыг чичрүүлж явсан өвөг дээдсийн маань нэг байсан гээд бодхул омогшиж байж билээ. Монголчуудыг том биетэй дайчид байсныг батлах эх сурвалж энэ дээлнээс гадна цөөнгүй тэмдэглээстэй байдаг шүү дээ. Арвангуравдугаар зууны үед ааруул, ээзгий, борцноос өөр хоол тэжээлгүй байсан тэр хүмүүсийн үр удам уг нь өнөө цагийн элбэг дэлгэр идэштэй үед бас дутахааргүй том байхаар. Гэтэл гудмаар хөлхөх залуус улам л давжаа болоод байна уу даа. Том, жижиг, гүзээтэй намхан эрчүүд ерөнхийдөө их олширсон байгаа биз. Бие бялдраа хөгжүүлэх тал дээр анхаарахгүй бол өмнөд Азийн иргэдтэй ижилсэхээр шахуу л болоод байна шүү.

Д.БАТЭРДЭНЭ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зээлтэй хүн хариуцлагатай ажилтан байдаг

“Өртэй хүн өөдөлдөггүй” хэмээх үг ул болжээ. Телевизээр урсч буй “Гадаадад бол зээлтэй хүнийг ажилд авах дуртай байдаг” гэсэн үг чих дэлдийлгэв. Зээлтэй хүн хариуцлагатай ажилтан байдаг. Саяхан манайдаа нэртэй нэгэн бизнес эрхлэгч “Хүмүүс намайг их баян хүн гэж боддог. Харин би өрийнхөө хэмжээгээр нэлээд дээгүүрт орно шүү” гэж ярьсан юм. Үнэхээр далайцтай ажиллаж байгаа хүн өр тавихаас айдаггүй аж. Олон орны хувьд орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээл гэдэг хүмүүсийг шударгаар ажиллаж амьдрахыг нөхцөлдүүлж байдаг юм билээ. Зээлгүй хүн, хөрөнгөгүй хүнд алдах юм байхгүй. Дургүй нь хүрвэл ажлаа хаяад талийж орхино. Харин моргейжийн зээлтэй хүн байгууллагынхаа үнэ цэнэтэй ажилтан байж гэмээнэ баталгаатай ажилтай, зээлээ төлөх боломжтой. Сингапурт хүмүүс бүгд байр орон сууцтай бол бослого тэмцэл гарахгүй гэж ярилцдаг гэнэ лээ. Юутай ч “Өртэй хүн өөдөлдөг” гэсэн сургалт хүртэл бий болчихож. Танил залуу “Байрны зээл өгдөг бол утга учиртай ажилламаар байна” гэж ярив. Хариуд нь “Өнөөг хүртэл утга учиртай ажиллаж чадаагүй бол хэн чамд байрны зээл өгөх юм бэ” хэмээн шооллоо. Үнэндээ “Олон жил үр бүтээлтэй ажиллалаа” гээд хэр олон хүн зээл авч чадсан юм бол доо. Төрөөс хүн амынхаа төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны бодлого хэрэгжүүлж чадвал олон олон асуудлыг шийднэ дээ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамгийн сайн цагдаа камер

Хурандаа Д.Батжаргал Дарханы цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаатехник технологийн дэвшил бүхий багаж төхөөрөмжөөр цагдааг тоногложбайж амжилт гаргах тухай ярьж билээ. Үнэхээр цагдааг”зэвсэглээгүй” байжгэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэхийгшаардах нь буугүй цэргийг дайнд хөөж явуулахтай л адил.”Бүхэл бүтэн хүн хотоос алга болчихоод байхад 14 хоног олж чадсангүй” л гэнэ. “Хоёр оргодол алга болчихоод байхад олдоггүй цагдааг шинэчилье” л гэнэ. Магадгүй цагдааг биш тоног төхөөрөмжийг нь шинэчлэх шаардлагатай байж мэднэ. Цагдаа ч бас бусдын л адил хоёр нүдтэй, хоёр чихтэй хүн. Түүнээс гурван нүүдлийн цаадахыг хардаг Дува сохрын чадварыг нэхэх боломжгүй. Дарханд суурилуулсан камерийн хяналтын нэгдсэн систем тэрбум төгрөгийн өртөгтэй бүтсэн юм билээ. Улаанбаатарыг камержуулахад түүнээс илүү мөнгө орох байлгүй. Гэсэн ч ард иргэдээ аюулгүй орчинд амьдруулах нь төрийн үндсэн үүрэг шүү дээ.Орчин үед камерын систем хөгжөөд гэмт хэрэгтнийг нүүр царайгаар нь таньж, илрүүлдэг болсон юм билээ. Гэмт хэрэгтний зураг байхад л камер хайгаад олчихно гэсэн үг л дээ.”Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдэг. Бүх хүн нүднээс далд зөв байж чадахгүй чкамер бичиж байхад бол олон хүн зөв байж чадна даа.

Б.ЯНЖМАА

Categories
булангууд мэдээ нийгэм өд-бэх

Будант өдрийн буурал морь

Өглөө гадаа гартал өвдгөөр татам манан суунаглаж, уулын орой бүдэг бадагхан харагдана. Зуслангийн айлууд арай л босоогүй бололтой нам гүм. Анир чимээгүйд гэнэтхэн адууны зөөлхөн тургилах чимээ сонсогдоод, өтгөн манандундаас сугаран гарах шиг нэгэн буурал морь манай урд замаар уруудан аажуухан явсаар эргээд саарал мананд сарнин уусах мэт замхран алга боллоо. Будан дундаас гарч ирсэн энэхүү буурал морь, сэтгэлд маань үе үехэн бодогдсоор байдаг нэгэн дурсамжийг санагдуулсанд өөрийн эрхгүй хоолой минь зангирав.

Одоогоос нэлээд олон жилийн өмнө нөхөр маань эрдмийн зэргээ хамгаалах гээд толгой өөд татах завгүй ажиллаж байсан тэр жилүүд санаанаас минь гардаггүй юм. Хоёр жаахан бор хүүтэй манайх гэдэг айл модон дунд умбасан Австралийн хөдөөний жижигхэн хотод амьдарч байв. Оюутны амьдралын жилүүдэд бага хүү маань мөлхөж, том нь дөнгөж сургуульд орж, үсэг холбож, бичиг сурч байлаа.

Нэгэн орой бид хэд нөхрийн багш, өвгөн профессорын гэрт оройн зоогонд уригдаж очсон юм. Таягаа тулсан бууралпрофессор яг өөрийнхөө дүр төрхөд зориуд тохируулан тааруулсан мэт, эртний хуучин загвартай тос даасан сайхан байшингийнхаа үүдэнд биднийг тэврэн угтаж авлаа. Нүд алдам цэлийсэн эдлэн газрынх нь баруун хэсэгт томоо гэгчадууны хоосон хашаа харагдана. Үүдээрээ дүүрэн морины тах битүү эгнүүлэн хадсан хүнд гэгчийн хүрэн хаалгаа дэлгэн биднийг гэртээ оруулав. Гэрээр нь дүүрэн шарсан тахиа, чанасан эрдэнэ шишийн содон үнэр, барьсан талх, агшаасан будаа,улаан дарс, тамхины утаатай холилдон хамар цоргино. Уртаас урт модон ширээн дээрээ том том хүнхэр тавагнуудад хоолоо ундаа овоолон тавьсныг үзвэл эмэгтэй хүний эвлэг гар дутаж буй нь илт хэдий ч хоол нь амттай гэж жигтэйхэн. Урдаас харансуух өвгөн багш инээх тоолондоо амнаасаа ганц нэг цагаан будаа унагаана. Гээгдсэн будаа бөмбөрсөөр энгэрийг нь шүргэсэн буурал сахал дээр нь тогтсон ч бөнжийн санжигнах нөгөө хэдэн будаа нь унана гэж үгүй, байнга л нүдэнд өртөнө. Би өөрийн эрхгүй сэм сэмхэн нөгөө хэдэн будаа нь унасан эсэхийг харж шалгаад, сүүлдээ тэсэлгүй нөхөртөө шивэгнэв. Нөхөр маань ч “уучлаарай” гэж хэлээд эгдүүтэй харагдаад байсан хэдэн будааг эвтэйхэн аваад хаячихав. Ирсэн цагаасаа хойш өвгөний сахлаас нүд салгахгүй хараад байсан хүү маань:

-Та шөнө унтахдаа сахлаа хөнжил дотроо хийдэг үү эсвэл хөнжлийнхөө гадуур гаргадаг юм уу? хэмээн ихэд нухацтай асуулаа. Буурал профессор хэсэг бодолхийснээ :

– Би нээрээ сахлаа яаж унтдаг юм болоо хэмээн ихэд инээж, “энэ олон жилүүдэд надаас хэн ч ийм энгийн мөртлөөих хэцүү асуулт асуугаагүй юм байна шүү” хэмээж байсан юм. Тэгээд маргааш нь сургууль дээрээ нөхөртэй маань уулзаад”Өнгөрсөн шөнө олигтой унтаж чадсангүй, сахлаа хөнжил дотроо нэг хийж үзлээ, гаргаж бас үзлээ” хэмээн хангинатал инээж байсан гэдэг.

Хоолны дараа бид хэд сайханүнэртэй халуун цай ууцгааж, сэтгэлд дотно дулаан яриа өрнүүлэн, өвгөн багш тамхиа уугиулан татангаа Монгол орны маань тал нутаг, хурдан морьдын тухай, мөн өөрийн хайртай буурал мориныхоо тухай ярьж удтал сууцгаав. Хүүхдүүд мааньч аль хэдийн унтаадөгсөн харагдана. Бидний яриа хөөрөө өндөрлөх тийшээ хандаж байтал өвгөн багш маань “Баяраа би танай гэргийд хэдэн зураг үзүүлье” гээд миний гараас хөтлөн явсаар, шалнаасаа тааз хүртэл битүү ном өрсөн томоо гэгчийн өрөөнд орууллаа.Миний хамгийн хайртай, үнэтэй, нандин зүйлс маань энэ дээ хэмээн хурдан буурлынхаа олон сайхан зургийг үзүүлэхэдханаар дүүрэн жаазлан өлгөсөн олон арван зургуудаас нь хоёр зураг л яахын аргагүй анхаарал татаж байлаа. Гоолигхон биетэй залуухан,царайлаг бүсгүй төгөлдөр хуур тоглонгоо турьхан мөрөн дээгүүрээ эргэн харж, оч гялалзсан мэт нүдээрээ ялдамхан инээмсэглэх нь цаанаа л үзэсгэлэнтэй, сэтгэл татам. Нөгөө нь сайхан буурал морь уралдаж байгаадхалтиран унаж,хүзүүгээ хугалан үхэж байгаа зураг. Ганцхан нулимс дусаасан, тэр том сайхан нүднээс үхлийн аймшиг, тэсэхийн аргагүй шаналсан өвдөлт,аргаа барсан байдал мэдрэгдэх мэт. Морины тунгалагхан том хар нүдийг үгээр илэрхийлэх юм биш… Зургийг харах тутам миний сэтгэл хачин оргиж, бүх бие минь сэртхийн, нуруу минь хүйт даах мэт болов. Хэдэн хором бид хоёрын хэн нь ч дуугарсанүй. Би ёстой хүчээр л амаа нээж:

– Энэхөөрхөн бүсгүй, бас сайхан буурал морь таны хамгийн … гэж арай хийж хэлээд хоолой зангиран, дуу гарч өгсөнгүй тул чимээгүйхэн зогслоо.

– Тиймээ, эхнэр маань хөгжимчин байсан.Би түүнийгээ алдахад хөл дээрээ арай чамай л зогсож байлаа. Гэтэл дараа нь хурдан буурал маань намайг орхилоо. Энэ бүхнээсээхагацахад сэтгэл гэдэг чинь эзгүй,цуурай татам хоосордог юм билээ, их хэцүү хэмээн зангирсан хоолойгоор өгүүлэв. Өвгөний буурал сахал дээр шүүдрийн дусал адил хэдэн нулимс гялтаганан харагдана. Сахлаас нь цэрвээд байсан би өөрийн мэдэлгүйалгаараа нулимсыгнь зөөлөн арчаад, өвгөний гараас хөтлөн өрөөнөөс гарав. Машиндаа суухаар гарахад өвдөг хүрэм манан татжээ.Бу дан дунд үүдэндээ зогсон биднийг үдэнгараа даллан зогсох тэр сайхан хүнийг эргэн эргэн харж, сэмхэн урсахнулимсаа арчсаар явж билээ.

Д.Аззаяа

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Бөхийн холбооны тэргүүлэгчид болоод академич Б.Жадамба нарын ангийнхан

“Нэг ангийнхан” буланд МУИС-ийн физик-математикийн факультетийн физикийн ангийн 1972-1977 онд төгсөгчид онцлогдлоо. Энэ ангийг арван есөн оюутан төгссөнөөс тав нь эмэгтэй байж. МУБИС-ийн ректороор олон жил ажилласан академич, шинжлэх ухааны доктор, онолын физикч, Монгол Улсын гавьяат багш Б.Жадамба бол энэ ангийнхны бахархал гэхэд хилсдэхгүй. Архангай аймгийн Тариат сумын уугуул эл эрхэм арван жилийн сургуулиа алтан медальтай төгсөж ирсэн “танк хүлэгч” аж. 1932 оны эсэргүү хөдөлгөөн дэгдэхэд Тариатынхан танк хүлнэ гэснээс үүдэлтэй энэ хочийг ангийнхан нь түүнд оюутан болсон эхний өдрөө л өгсөн гэнэ. Тамхи татахаас өөр ноцтой дутагдалгүй тэрээр ангийн даргаар томилогдож, таван жилийн хугацаанд үүргээ ч сайн гүйцэтгэжээ. Түүний нэг онцлог бол хөөрхөн барилдчихна, бас гар барилдаанаар ангийнхаа хөвгүүдэд хэзээ ч дийлдэж байгаагүй шөрмөслөг эр аж. Эх орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас Х.Хайрат хэмээх сэргэлэн хөвүүн ирсэн нь онолын физикч болжээ. Ангийнхнаа хооронд нь холбогч гүүр бол яах аргагүй тэр юм. Хайрат сургуулиа дүүргээд ШУА-ийн физик техникийн хүрээлэнд олон жил ажиллаж, Монголын анхны өнгөт “Монел” телевизийг хийлцсэн инженер гэж байгаа. Тэрээр эдүгээ байгаль орчны үнэлгээний компани удирдан ажиллуулдаг юм байна.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзан найзынх нь тодорхойлсноор “Говь-Алтай аймгийн Чандмань сумаас ирсэн өндөр хар залуу” бол эдүгээгийн МУСГЗ, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Рэгжийбуугийн Нямдорж байж. Тамхийг бол хуруу шиг бүдүүн ороогоод сайхан маналзуулчихдаг нөхөр ирсэн гэж байгаа. Ер нь Д.Данзан бээр Б.Жадамбаа, Р.Нямдорж хоёрын тамхи татах зуршилтай олон жил уйгагүй тэмцсэн нэгэн юм билээ. Ямар сайндаа л оюутан байхдаа сонин сэтгүүлээс тамхины хор холбогдлын талаарх булангуудыг хайчилбар хийн бэлэглэдэг байсан юм билээ. Харамсалтай нь мөнөөх хоёр нь андынхаа хичээл зүтгэлийг өнөө хүртэл талын нэг тарааж хаян, уушгины улаанаа уугиулсаар буй юм. Өнөөгийн тэргүүн Нямдорж оюутан байхдаа төрөлх сумандаа зуныхаа амралтаар очин барилдаж сумын начин цолтой ирж. Нямдорж, Данзан хоёр их сургуульд элссэн анхны өдрөөс эхэлж үерхэн өнөөг хүртэл холбоотой хоёр үрээ шиг зорилго үйлсээ нэгтгэж яваа нь хүн атаархмаар. Бөх хамт үздэг, уран зохиолын сонирхлоороо нэгдсэн гээд тэр хоёрыг холбох зүйл маш олон байжээ. Р.Нямдоржийн хувьд уянгын өгүүллэгүүд бичнэ. “Газрын хол”, “Дөмөн дуутай намар” зэрэг өгүүллэгийн түүврүүдээс гадна нийтлэлийн хорь гаруй ном туурвисан хүн бол тэр юм. “Газрын хол” киногоо 2002 онд олноо толилуулжээ. Данзан шүлэг оролдоно. Сонирхуулахад мань хоёр цагдаагийн байгууллагын ойгоор найруулал бичиж уралдаанд оролцож байсан. Төгсөх жилээ ангийн дарга онц сурлагатан Б.Жадамбынхаа тухай “Оюутны цонх гэрэлтэй” гэсэн найруулал бичин “Залуучуудын үнэн” сонинд хэвлүүлсэн нь ирээдүйн ректорын хувь заяанд эергээр нөлөөлсөн байх магадлал өндөр гэнэ. Учир юу гэвэл эдний ангийнхан байгалийн шинжлэх ухааны хичээлдээ “гавал” болохоос Шинжлэх ухаан коммунизмын түүх зэрэг нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүддээ “нохой хориход” маруухан байж. Сурган хүмүүжүүлэх ухааны хичээлийн шалгалт авахад ганц ч хичээлд сайн дүнгүй Б.Жадамба нэлээд баргар харагдана гэнэ шүү. Тэгтэл аз болж тэр өдөр нөгөө найруулал сонинд нийтлэгдсэн байсныг шалгалт өгөхөөр орсон ангийнхаа нэг нөхрөөр шалгалтын комиссын багш нарт атгуулчихаж. Нөгөөдүүл нь дамжуулж уншаад, хоорон­доо шивнэлдэн байж цонх гэрэл­түүлэгч найрууллын баат­рыг онц дүнгээр мялаажээ.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор Довдонгийн Данзан бол Ховдын Дарвийн уугуул нэгэн бөгөөд аймгийнхаа дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд МУИС-д элсэх урилга гардсан завшаантай. Сурагч байхдаа л ангийн эвлэлийн үүрийн даргын албан тушаалтай байсан тэрээр оюутан ангидаа ч, төгсөөд сургуулийнхаа багшаар ажиллахдаа ч энэ сэнтийгээсээ буугаагүй дархан дарга аж. “Монгол эрийн жавхаа”, “Түшээт хааны Намхай аварга”, “Гэртээ ирлээ”, “Насны хайр” тэргүүт олон дууг нь аялах хүн олон байж таарна. Мөн “Босоо дэлтэй борлог”, “Дэлхийд ганц наадам” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн нэгэн. Тэрээр МУИС-ийг онц дүнтэй төгсөж, сургуульдаа өчигдрийн оюутнаас өнөөдрийн багш болж, 16 жил бодис зүйн эрдмийн шимийг амтлуулж явсан багш, сурган хүмүүжүүлэгч, ардын боловсролын тэргүүний ажилтан хүн. “Хэт богино радио долгионы тархалтын судалгаа” гэсэн сэдвээр 1992 онд физик математикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Үндэсний бөхөө эрхэмлэн дээдэлж хөгжүүлэх үйлст оюун билэг, авьяас чадвараа сорин МҮБХ-г байгуулалцаж Бөхийн өргөөтэй болох нүсэр ачааг үүрэлцэж уран барилга, архитекторч болж үзсэн толгой. Д.Данзан “Эгшиглэнт нас”, “Босоо дэлтэй бор”, “Дэлхийд ганц наадам”, “Дэлхий чимсэн нутаг”, “Бусдынх амттай хорвоо” тэргүүт яруу найргийн түүврүүд хэвлүүлж, “Насны хайр”, “Сайхан хүмүүс” тоглол­тоо ард түмэндээ толилуулсан. Энэ эрхэм нийтлэл, танин мэдэхүйн гуч гаруй номыг хэвлүүлсэн хөдөлмөрч, авьяаслаг нэгэн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумаас ирсэн Ц.Нинжбат төгсөөд сумандаа багшаар очин, сургуулийнхаа хичээлийн эрхлэгч, захирлын алба хашихын зэрэгцээ физикийн улсын олимпиадад шавь нараа олон жил тууштай сайхан сойж байгаа “уяач” болжээ. Эдний ангийнхан намрын ажилд Төв аймгийн Жаргалантын САА-д хэдэн жил дараалан очиж ажилласан байна. Харин 1974-1975 онд хоёр жил дараалан зуны ажлаар Дорнод аймгийн Баяндун суманд очин сумын клубийн тоосгон барилгыг босголцжээ. Ийн ажиллахдаа 1974 оны наадамд Р.Нямдорж зодоглон үзүүрт тунаж, сумын заан Басгадайд тахимаа өгч байсан нь дурсгалтай санагддаг гэнэ. Хойтон жилийнх нь наадамд Ц.Нинжбат шигшээ барилдаанд түрүүлж, ангийн анд Жадамбаа, Данзан хоёрынхоо хорыг гозолзуулж байсан гэж байгаа. Учир нь энгийн үед барилдахад мөнөөх хоёр Нинжийгээ ёстой нэг нүдээрээ үздэггүй байж. Тэгсэн тэр барилдаанд нөгөө хоёр нь доор даваанд нутгийн ханагаруудад унаж, унаад байдаг найз нь түрүүлж л дээ. Эдний ангийн хөвгүүд Тасганы овоон дээр гараад бараг өдөржингөө барилдчихдаг байсан нь Монголын үндэсний бөхийн ирээдүйн их зүтгэлтнүүд төрөх үүдэл болсныг үгүйсгэх газаргүй. Баяндунд хоёр жил дараалан зусахдаа тухайн сумын наадмыг жинхэнэ утгаар амилуулсан гэдэг. Учир нь буриадууд монгол наадмыг тэгтлээ нэг их сонирхдоггүй болохоор идэвхгүй, нэг л тийм үлбэгэр наадманцар болдог байж л дээ.

Энэ ангийнхан хоёрдугаар курсээсээ гурван бүлэгт хуваагдан хичээллэх бол­жээ. Хатуу биеийн физикийн бүлэгт Д.Данзан, Р.Нямдорж, Ц.Нинжбат, Л.Майдар, Ш.Жаргалсайхан, Ц.Одончимэг нар, радио физикийн бүлэгт С.Бэрхээ, Г.Хүрлээ, С.Баасанцэрэн, А.Тогтох, Д.Ишзэн, Р.Бат-Эрдэнэ, С.Мягмарсүрэн нар, онолын физикийн бүлэгт Б.Жадамба, Ж.Бааст, Төгөлсүрэн, Ц.Мөнхжаргал, Х.Хайрат, Цэндсүрэн нар тус тус хуваагджээ. Шинжлэх ухааны докторын зэргийг Б.Жадамба хамгаалсан бол боловсролын докторын зэргийг С.Мягмарсүрэн, Д.Данзан нар нэр төртэй хамгаалсан байдаг. С.Мягмарсүрэн Ховдын багшийн дээд сургуульд насаараа физикийн багшаар ажилласан хөдөлмөрч, маш цэвэрч нэгэн. Цэвэрч нь дэндүүдээ оюутан байхдаа өглөө бүр цүнхнээсээ тусгай алчуур гарган сандал, ширээгээ бараг нүүр харагдтал зүлгэн арчиж байгаад суудаг байж. Энэ нь хамт суудаг Данзанд сайхан санагддаг байсан гэнэ. Харамсалтай нь энэ нямбай хүмүүн тавь гаруйхан насандаа бурхан болжээ. Төгөлсүрэн, Мягмарсүрэн, Майдар, Бэрхээ, Ишзэн нар нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч ангийн нөхөд нь оюутан ахуйн тэр л гэгээн дүр, хүүхдэрхэг занг нь өнөө ч дурссаар. Сургуулиа төгссөн даруйд Хүрлээ, Бэрхээ, Хайрат, Баасанцэрэн нар ШУА-ийн физик техникийн хүрээлэнд хуваарилагдан баяртайгаар очиж, хожим тэд “Монел” теливизийн хамтран зохион бүтээгчид болсон түүхтэй. Р.Нямдорж төгсөөд МУИС-ийн хуулийн тэнхимд криминалистикийн багшаар 16 жил ажилласан бол Оюунчимэг Геологийн төв лабораторид инженерээр ажилласан байна.

Ангийн гарын таван хуруу, цэцгийн таван дэлбээ болсон охид нь Төв аймгийн Жаргалантын САА-гаас ирсэн Жаргалсайхан хэмээх аманцар шар охин, нийслэлийн V сургуулийн төгсөгч Оюунчимэг, Сэлэнгэ нутгаас ирээд нутагтаа багшаар одсон Мөнхжаргал, Увсын Цэндсүрэн, Өмнөговийн Тогтох нар юм. Тогтох шиг гайхамшигтай сайхан бичигтэй хүнтэй өнөөдрийг хүртэл таарсангүй гэж ангийнхан нь ам шүд алдаж байна. Майдар, Баасанцэрэн хоёр Эрхүү хотоос эдний ангид ирсэн аж. Тэд орос хэлэнд ус цас болохоор нөгөөдүүл нь бараг л хадаг барьж шавь орохоо шахдаг байж. Ишзэн гитарыг ёстой л уйлуулж дуулуулах шиг тоглож, дуулахыг ч нэг үзүүлж өгдөг байсан нь оюутан цагийн уянгыг хөглөж үлджээ. Г.Хүрлээ нийслэлийн нэгдүгээр сургууль дүүргэж ирсэн болохоор математикаар толгой цохино. Аав Гомбосүрэн нь хот тохижилтын зүлэг услалтын жолооч хүн байж. Зан сайтынд хүн болгон цуглана гэгчээр эднийхийг тус ангийнхан бараг босгогүй болгосон гэж байгаа.

МУИС-ийн физик-математикийн факультетийн физикийн ангийн багш нь Монголын үндэсний сурын спортын мастер, физикийн шинжлэх ухааны доктор, Монголын үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг байжээ. Эднийг анх оюутан болоход МУИС-ийн захирал академич Н.Содном байсан бол төгсөх үед нь Монгол Улсын нам төрийн удирдагч Жамбын Батмөнх гуай захирлаар ажиллаж байсан гэнэ. Тэд мэргэжлийн хичээлийг доктор Д.Батсуурь, Д.Цэрэн, Г.Шилаагарьд, Н.Лувсандорж, Ө.Баваасан, Э.Дамдинсүрэн, И.В.Арсентеев нарын эрдмийн гэрэлт мэргэдээр заалгаж, ухааны жигүүр тэлсэндээ өнөө ч бахархаж явна.

Л.БАТЦЭНГЭЛ