Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Холливудад тоглосон Анхням, “Банш” Батаа, “ТВ коктейл”-ийн Өөскөгийн ангийнхан

СУИС-ийн бахархал, тайз дэлгэцийн бүтээлүүдэд мөнхөрсөн дүрээрээ, найруулсан уран бүтээлээрээ ард түмний эчнээ танил болсон эрхмүүдийг энэ удаагийн нэг ангийнхан буландаа урилаа. Тэд СУИС-ийн жүжигчний ангид 1998 онд элсэн суралцсан үеэсээ урлагийн амтыг мэдэрсэн нэг ангийнхан. Тиймдээ ч төдийгөөс өдийг хүртэл жүжигчид нь кинондоо тоглож, найруулагчид нь бүтээлээ найруулж, Монголын урлагийн салбарт өөрсдийн байр суурь, нэр хүндээ нэгэнт олцгоожээ. Мөрөөдлийн теат­­рын жүжигчин “Банш” Батаа, “Ийм нэгэн дурлал”, “Сайн, муу, хэрцгий”, “Ми­ний хөрш чөтгөр” зэрэг дэл­гэцийн олон бүтээлүүдийн зохиолыг бичиж, найруулсан “Миеэгомбо” кино компанийн захирал, продюссер, найруу­лагч А.Миеэгомбо, “ТВ кок­­тейл”-ийн Өөскө, нэрт алиалагч Латиф агсны хүү, жүжигчин Нурбулан, “Чонон сүлд” хэмээх Холливудын кинонд тоглосон жүжигчин Р.Анхням,хөтлөгч, жүжигчин, дуучин Ч.Ундрал гээд яривал эдний ангиас төрөн гарсан алдартнууд олон. Эдний ангийн алдартнууд ингээд дуусахгүй. “ТВ-9”, “ETV” телевизүүдэд ажиллаж байсан сэтгүүлч М.Бүжинлхам, “UBS” телевизийн найруулагч Б.Жаргалсайхан, “Янаг дур­лалын дууль”, Тусгай салаа” зэрэг уран бүтээлээрээ олны танил жүжигчин Т.Ариун­бу­­­лаг, МАХН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга З.Бадамсэд, Монголын Үндэсний радиогийн най­руулагч, хөтлөгч Мөнхбат, “17 чингэлэг инээд” хошиг шогийн гол дүрийн жүжигчин Г.Болормаа, киноны дуу оруу­лагч Т.Солонго, Бат­су­мъ­яа гээд салбартаа амжилттай ажиллаж яваа залуус өчнөөн.

Урлагт элэгтэй, жүжигчин, найруулагч болохыг хүссэн 500 гаруй шалгуулагчдаас эхний 25-д шалгарсан нь СУИС-ийн өндөр босгыг алхан оржээ. Ингэж элссэн оюутнуудын тал нь хүсэл эрмэлзэл, зорьсон зорилгодоо үнэнч хэвээр сургуулиа амжилттай төгссөн гээд бодохоор СУИС ямархуу өндөр шалгуур, шалгалтаар элсэлчдээ бүртгэн авч, мэргэжлийн хэр түвшинд хичээл номоо зааж, сурч мэдсэнийг нь хэрхэн бодитой, шударга шалгадаг нь бэлхнээ харагдана.

Нэг ангийнхан болзсон газраа цуглаж эхэллээ. Ангийн дарга А.Миеэгомбо ирц бүртгэж байна аа. “Рагчаагийн Анхням саяхан төрсөн, хүүхдийг нь харах хүнгүй болохоор ирж чадахгүй гэдгээ хэлсэн, Төмөрбаатарын Ариунбулаг замд түгжрээд явж байна гэсэн, Мягмарсүрэнгийн Бүжинлхам ирсэн байна, Доржийн Баттөмөр Хөтөлд шинэ жилийн арга хэмжээнд оролцоод явж байна, Батсумъяа хоцорч ирнэ гэсэн” гээд бичиг цаас харалгүй цээжээр дуржигнуулж гарав. Тэгснээ “Батаа, Өөскө хоёр шинэ жилийн арга хэмжээнд оролцож, бас хөтөлж байгаа гээд надаас “чөлөө” авсан. Жаргалсайхан бас баярын нэвтрүүлгээ бэлдээд завгүй байгаа. Дараагийн удаа заавал ирнэ гэдгээ амласан” гэв. Ангийнхныгаа овог нэртэй нь, үсгийн дарааллаар нь цээжээр мэдэж байгаагаа “Манай сургуулийн Н.Ганхуяг багш орж ирүүтээ нэгдүгээр салааны эхний ширээнд суусан оюутнаас эхлээд ирц бүртгэнэ. Хүүхэд бүр овог нэрээ бүтнээр нь хэлдэг байсан юм. Эхний оюутан овог нэрээ хэлэнгүүт дараагийнх нь түүнийг давтаж хэлээд, залгуулаад өөрийнхөө овог нэрийг хэлнэ. Гурав дахь нь өмнөх хоёр оюутныхаа овог нэрийг хэлж, өөрийнхийгөө залгуулж хэлнэ. Энэ мэтчилэн явсаар гуравдугаар салааны хамгийн арын ширээнд суусан хүүхэд бусад бүх хүүхдүүдийнхээ овог нэрийг бүтнээр нь хэлээд, нэрээ хэлдэг байлаа. Дандаа нэгдүгээр эгнээний эхний ширээнээс эхэлж ирц бүртгэхгүй. Хоёрдугаар салааны гурав дахь ширээнээс эхлүүлж ч болно. Тэгэхээр яалт ч үгүй ангийн хүүхдүүдийн нэр овогтойгоо цээжлэгдэнэ биз дээ. Эхэндээ гайхдаг байсан чтөд удалгүй энэ нь хөдөлгөөн дундаа цээжилснээ санах, хэл яриагаа зүгшрүүлэх анхан шатны дасгал байсныг ойлгосон. Энэ бол наад захын жишээ шүү дээ. Энэ мэтчилэн жүжигчний ур чадвар болоод хувь хүн талаасаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдэж, сурч байх ёстой мэргэжил эзэмшсэн хүмүүс дээ бид” гэлээ. Гэтэл М.Бүжинлхам хажуунаас нь “Зурагтаар гарч, тайзан дээр худлаа үнэн үсэрч цовхчин, тас тас хөхрөн эсвэл енгэнэтэл уйлж олны танил, “од” болохынхэнээтэй амьтдыг жүжигчин гэдэггүй юм шүү дээ. Нөгөө талаар тоо бодохоос зугтааж, ном уншихыг хүсдэггүй салбадай шиг нөхдүүд урлагийн замыг сонгодог гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Ийм авьяас билиггүй хүн ямар ч аргаар хамаагүй урлагийн зэрэг, дипломоо авлаа ч тайзан дээр гарах нь бүү хэл урлагт хөл тавьж ч чадахгүй. Харин соёлтой үзэгч болж чадна. Үнэн хэрэг дээрээ жүжигчин бол үзэгч олны зүрх хэмээх алтан авдрын түгжээг мулталж, сэтгэл хэмээх эмзэг агаад нандин орон зайд өөрийн үг үйлдлийг шивж үлдээдэг. Ерөөсөө урлагт арын хаалга байдаггүй гэдэг л энэ” гэж байна. Бусад нь ч “Үнэхээр тийм шүү. Жүжигчний хөдөлмөр хичнээн хүнд хүчир болохыг “UBS” телевизийн “Орших уу, эс орших уу” шоу нэвтрүүлэг жинхэнэ утгаар нь харуулж байна даа” гэцгээв.

Эдний ангийнхан дөнгөж нэгдүгээр дамжаанд байхдаа л төгсөх дамжааны оюутнуудтайгаа өрсөлддөг байж. Т.Ариунбулаг “Уран уншлагын тэмцээнд ангиараа ороод, хоёрдугаар шатанд бараг ихэнх нь тэнцчихсэн чинь гуравдугаар дамжааныхан өөр хоорондоо, манай нэгийнхэн чинь бүгдээрээ шахуу дараагийн шатанд тэнцчихэж, ёстой лут юм аа” гэж ярилцдаг байгаа. Тэгэхээр нь ангийнхан дээрээ ирээд дээд курсийн ах эгч нар биднээс айж байна шүү. Бүгдээрээ сайн бэлдээд үзүүлээд өгье гэж урам өгч байсан ч удаатай” хэмээн дурсав.

Жүжигчний ангийнхан учраас нэгнээрээ тоглоом хийх гэж үзүүлж өгдөг байж. Нэг удаа шийтгэлтэй тоглосон чинь Т.Солонго хожигдчихож. Ангийнхан нь ямар ч хамаагүй аргаар 500 төгрөг гаднаас олж ир гэж л дээ. Тэгтэл мань хүн сургуулийнхаа урдуур явсан хүн бүрээс “Уучлаарай, та надад 50 төгрөг байвал өгч туслаач. Ариун цэврийн хэрэглэл авах гэсэн ямар ч мөнгө байдаггүй” гэсээр 500 төгрөг цуглуулж байжээ.

Жүжигчин Д.Баттөмөр буюу Банш Батаа ангийн дундаа абсурд нэртэй юм байна. Учир нь тэрээр оюутан ахуйдаа ямарваа нэгэн дүр, бүтээл дээр ажиллахдаа “Абсурд байдлаар хандмаар байна” гээд багагүй хугацаанд бодож тунгаадаг байсан гэнэ. Ингэсний эцэст дүрээ чадварлагаар бүтээхийн сацуу, жүжиглэлт нь хүртэл бусдаас арай өвөрмөц болдог байж. “Мөрөөдлийн театрын шинэ тоглолт болгоны нээлтэндээ ангийнхнаа урьдаг гэнэ. Ангийнхан Батаагаа магтаад жигтэйхэн. “Би юун дээр анхаарвал болох уу? Миний тэр номерийн энэ хэсэг нь хэр болсон байна?, Би ингэж өөрчилдөг ч юм бил үү гэж бодож байгаа” гэхчлэн зөвлөгөө, туслалцаа биднээс байнга авдаг. Яг л оюутан ахуй цаг шигээ. “Од”-ын өвчин тусаагүй гэх юм уу даа. Ер нь ч олон “од”-той хэдий ч өнөөг хүртэл оюутан цагийн зангаараа байдаг. Ямар сайндаа ангийн дарга Миеэ рүү залгаж, учир байдлаа тайлбарлан энэ удаагийн уулзалтаас чөлөө гуйх билээ дээ. Хэсэг хугацааны дараа үнэхээр бидний зөвлөснөөр эсвэл өөрийн уран сэтгэмжээрээ зарим үзүүлбэр, жүжиглэлт зэргээ үргэлж сайжруулсан нь дараа дараагийнх нь тоглолтуудаас илт мэдрэгдэж байдаг. Ингэж л бие биенээ хурцалж, урам өгч байдаг даа, манай ангийнхан” хэмээцгээв.

Харин эдний ангийн нэг, жүжигчин Анхнямыг 2015 оны хоёрдугаар сард нээлтээ хийх Хятадын алдарт зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн Францын кино найруулагч Жин Жаквиз Аннаудын бүтээл болох “Чонон сүлд” уран сайхны кинонд дүр бүтээсэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Франц найруулагч Хятадын уран бүтээлчидтэй хамтран, дэлхийн хэмжээний буюу Холливудын хэмжээний кино хийсэн хэмээн урлаг судлаачид дүгнэсэн билээ. Сарын өмнөөс киноны албан ёсны трэйлер интернэт ертөнцөд цацагдаад эхэлчихсэн бөгөөд олон сая хүн үзээд байгаа. Тиймээс энэхүү уран бүтээлийг Монголын нүүдэлчин өвөг дээдсийн амьдралын үнэн мөнийг харуулсан шилдэг бүтээл хэмээн дэлхий дахинаа ихээхэн хүлээлт үүсгээд байгаа уран бүтээлээр тодроод буй. Харин түүний тоглосон монгол кинонуудыг нэрлэнэ гэвэл нилээдгүй урт жагсаалт гарах нь тодорхой. М.Бүжинлхам “Ийм дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлнө гэдэг үнэндээ нөр их хөдөлмөрийн үр дүн. Оюутан байх үеэсээ л манай Анхаа авьяаслаг, хөдөлмөрч байсан” гэсэн юм.

Дахиад л хөгжил хөөртэй дурсамж хөврөв. Тайзны хөдөлгөөний сургуулилтаа хийх танхим олдохгүй болохоор нь нэг удаа сургуулийнхаа хажууханд хийжээ. Нэгнийгээ харааж зүхээд, цас бужигнуулан зодолдох залуусыг харсан хүмүүс цагдаа дуудчихаж. Төд удалгүй цагдаа нар иржээ. Баривчилж саатуулахаар ирсэн цагдаа нар өөдөөс нь хараад марсайтал инээлдэх залуусыг хараад гайхаж орхисон гэнэ. Энэ үед л юу болж байгааг ухаарсан Мөнхбат “Бид чинь хүн итгэтэл ийм үнэмшилтэйгээр тайзны хөдөлгөөнөө бэлдлээ гэж үү” гэсэн гэдэг.

Тэд дипломныхоо ажлаараа Европын нэгэн зохиолчийн “Тагтаа” гэдэг жүжгийг тогложээ. Сүргийнхээ ганц эр тагтаанд тоогдох гэж эм тагтаанууд нь байдаг арга чаргаа барцгаадаг тухай жүжиг гэнэ. Эм тагтаанууд эр тагтааны суусан газар нь сууж, алхсан газар нь шогшиж, хийсэн бүх үйлдлийг нь биенээсээ өрсөн хийдэг өрнөлтэй аж. Эр тагтаа лонхноос ус уунгуут эм тагтаанууд дуурайн уудаг хэсэг дээр нэг хөгтэй явдал тохиолджээ. Нэг “хорлонтой” нөхөр нь лонх руу архи хийчихэж. Багш нар жирийтэл суучихсан танхимд тоглож эхэлж дээ. Эр тагтаа лонхтойг уухдаа сүрхий огиулснаа балгачихаж. Харин эм тагтаанууд нь лонхыг булаацалдан авснаа үнэрийг нь авангуутаа бие бие рүүгээ түлхэж гэнэ. Гэсэн ч багш нарынхаа өмнө алдаа гаргаж болохгүй учраас бага багаар амссаар лонхтой архиа дуусгажээ. Бас хоёрдугаар дамжаандаа ангиараа шалгалт өгч байж. Тэгтэл хаалгаар З.Бадамсэдийг тайзан дээр гарч ирүүт дээрээс нь шуудайтай юм унаж, тэр үхэх ёстой байж.

Т.Солонго ярианд орол­цож, “Би Л.Нурланы онигоог ярих уу” гэвэл бусад “Тэг л дээ” гээд толгой дохив. Тэрээр “Нэгдүгээр курст ороод өөрийгөө танилцуул гэсэн чинь Л.Нурлан ангийнхныхаа өмнө гарснаа “Намайг Н гэдэг. Би нэрээ хэлэхгүй. Манай аавыг Л гэдэг. Монголын урлагийн нэртэй зүтгэлтэн гэхдээ бас нэрийг нь хэлэхгүй. Харин ахыг минь Н гэдэг” гэхээр нь ангийнхан нь гайхаад Д.Баттөмөр “Чи ядаж хэдэн онд төрснөө хэлэх юм байгаа биз дээ” гэсэн чинь “1970-аад онд” гэсэн биз дээ гэвэл бусад нь “Харин Болдбаатар “Би хээрээс ирсэн” гэж хэлсэн биз дээ” гээд бөөн инээдэм болов. Гэхдээ Л.Нурлан оюутан ахуйдаа багагүй хөдөлмөрч байжээ. Тагтааны дүрд хувилахын тулд ангидаа тагтаа хүртэл авчирч байжээ. Ажиглах гэж тэр шүү дээ. Тэр бүү хэл өгөр яс хүртэл анги дээрээ авчирч, “Наад өгөр яснуудаа гаргаж хая” гэж зэмлүүлсэн ч удаатай аж. А.Миеэгомбо “Биднийг оюутан ахуй цагт ДОХ-ын эсрэг сурталчилгаа телевизүүдээр их гардаг байсан даа. Тэгсэн Өөскө, Жак, Бадмаа гурав тамхи татчихаад ороод ирлээ. Тэгсэн Бадмаа “Би ДОХ тусчихаж. Өглөө шинжилгээ өгч мэдлээ” гээд намайг тэврээд уйлтал Өөскө, Бадмаа хоёрын царай барайгаад л явчихсан.Тэгсэн Өөскө “Өө новш, тамхи хэрэггүй хувааж татлаа” гэдэг байгаа. Манай хүмүүс бодвол тамхи хувааж татаад ДОХ тусчихлаа л гэж бодсон байх. Тэгж нэг Өөскө, Жак хоёроороо айхтар тоглож билээ” гээд тас тас хөхрөв.

М.Болормаа “Ихийг хийж бүтээх оргилуун залуу халуун насандаа Монголын урлагийн салбарт хүчин зүтгэж, тулгын чулууг нь тавилцаж, өдгөө тэрхүү урлагийн тулгандаа бадраасан галаа улам дүрэлзүүлж, тив дэлхийн тавцанд гаргахаар хөдөлмөрлөж байгаа Л.Чаминчулуун, Ардын жүжигчин Н.Сувд зэрэг чадварлаг багш нараараа бахархдаг. Багш нар маань бидэнд юм сургах гэж өөрснөө шатдаг байсан. Зөвлөх багшаар хошин урлагийн “X-Түц” продакшны жүжигчин Р.Алтансүх, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар ажиллаж байсан. Р.Алтансүх багш жүжиглэх ур чадвар тал дээр нь анхаардаг бол Н.Наранбаатар аливааг өөр өнцгөөс харах, сэтгэхийг шаарддаг байсан” гэв. А.Миеэгомбо “Тийм шүү, Багш нарынхаа ачаар бусдын хэлдэг шиг хоёр нь л жүжигчин бусад нь соёлтой үзэгч болоогүй. Манай ангийнхны хоёр нь сэтгүүлч, гурван нь найруулагч бол бусад нь жүжигчин. Бүгд мэргэжлээрээ олондоо хүндлэгдэж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид” гэв. Эдний ангийнхан оюутан ахуйдаа “Zaya`sh” студийн клип, уран бүтээлийн зураг авалтад ангиараа оролцдог байсан гэнэ.

Хэн нэгэн нь кино найруу­лах, кинонд тоглох, шоу тоглолт хийх бүрт нээлтийн ажиллагаан дээр нь ангиараа цуглардаг юм байна. Уран бүтээлийг нь сонирхсоныхоо дараа нэгэндээ юун дээр алдсан болон юуг нь сайжруулах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг гэсэн шүү.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эцэг хүн хэзээд гэр бүлийн сүр хүч нь байдаг

Хүүхэд ээжээсээ бүхзүйлийг асуудаг. “Ээжээ, хоол идье. Ээжээ гутал хаана байна” гэх мэтээр түмэн асуултыг асууж, нэхэж байдаг. Харин ааваасаа ганц л зүйлийгасуудаг нь “Ааваа, ээж хаана байна” гэх шог яриа бий.Эндээс харахад аавын үүрэгамьдралд тун бага мэт. Гэвч тийм биш. Амьдралынэх үндэс нь аав байдаг.

Ээжийг дэргэдээ байлгаж гэрийг элэг бүтэн амьдралаар гэрэлтүүлж байдагхүн бол аав. Аавынхайр үргэлж ээжийн хайраар илэрч байдаг. Тийм болохоор нэгэн гэр бүлийн амар тайван амьдрал нэгэн улс гүрний оршин тогтнох эх суурь гэж монголчуудхэлж ирсэн.

Эр хүн хэзээд гэр бүлийн сүр хүч нь байдаг билээ. Тэр сүр хүч нь гүн хүндэтгэл. Энэ нь үр хүүхдээр нь дамжиж эцгээсээ бус ээжээсээ бүх зүйлийг лавлаж асуухаас эхлэн илэрхийлэгддэг. Тэр нь эцгээ хүндэтгэж буй хэрэг. Аав байгаа учир ээж байдаг. Ээж байгаа тул үр хүүхэд байдаг гэсэн учир шалтгааны нэгэн энгийн философи оршдог. Эцэг хүняаж амьдрахыг үр хүүхдэдээ хэлдэггүй, харин амьдралаараахаруулдаг. Тийм учраас бид орчлонгийн сайхан муухай, сайн мууг дэнсэлж амьдарч, хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр нь овоглож, цаг хугацааг үргэлжлүүлдэг билээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Н.Түвшинбаярт Чингэсийн одон хүртээе

Олимпийн аварга Н.Түвшинбаяр шагналаар дутаагүй гэдэг нь үнэн. Гэхдээ монголчуудыг магнай хагартал баярлуулсан хүнийг өөрөөр хэрхэн тодотгох билээ. Энэ одонг түүнд олгох санааг Санжийн Баяр саяхны ярилцлагадаа дурдсан юм. Монгол хүн олимпийн аварга болсны дараа улстөрчид ч нэг ширээний ард суусан гэдгийг тэр баталсан. Учир нь энэ одонг үндэстний эв нэгдлийг хангахад үүрэг гүйцэтгэсэн хүнд зориулсан юм байна. Энэ үндэслэлээр бол Н.Түвшинбаяр яах аргагүй энэ одонг хүртэх учиртай хүн. Энэ залуу шиг монголчуудыг баярлуулсан хүн магадгүй монгол хүн сансарт ниссэн өдрөөс хойш гараагүй. Үндэсний бахархлыг дэврээж, Монгол хүн дэлхийн дэвжээнд ялалт байгуулах боломжтой гэдэг итгэлийг энэ л залуу өгсөн билээ. Энэ өдрөөс хойш олон монгол залуус оролцсон тэмцээн, уралдаан бүрээсээ амжилтын буухиаг өртөөлж байгаа. Монгол хүн олимпийн аварга болох өдөр хол мэт санагддаг байсан бол өдгөө монгол хүн хаанаас ч од шүүрэхэд гайхах зүйлгүй болсон. Долдугаар сарын 1-ний хар өдрөөс хойш монголчуудын сэтгэлийг дэвтээсэн хүн бол Н.Түвшинбаяр. Монголчууд нүдэндээ нулимстай, бахархал дүүрэн уухайлсан баярт өдрийг мартах аргагүй. Таван хүний амь нас үрэгдсэн, ард түмний хилэн хорсол дэвэрсэн ул мөр нь хатаагүй Сүхбаатарын талбай энэ л өдөр баяр, жаргалаар цалгилж билээ. Долдугаар сарын 1-нээс өмнөх хойдох Монгол ондоо. Олимпийн аваргатай Монгол, аваргагүй Монгол хоёр ч огт өөр. Энэ бүхнийг нэг л хүн хийж чадсан гэхээр дэндүү бахархалтай, бас агуу.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүний хамгийн хайртай дайсан нь магтаал

Манай нэг танил “инээдэг дайсан” гэж нэг эр нутагт нь байсан тухай хуучилж билээ.Сайхан инээд алдсан “аан уун” болсон эвлэгхэнэр гэнэ. Харин нутгийн хөгшчүүл болохоор түүнийг “инээдэг дайсан” гэх. Яаж ч юу болж байсан инээд алдаад л гүйгээд байдаг. Ороод гарсных ньдараа хайч алга болчихлоо, бээлий ч хаашаа орчихов гээд л бөөн шуугиан. Мань хүн л”өгөөгүйг авчихсан” байдагмуу зантай нэгэн аж. Гадаа бол чөдөр ногт гээд юухан хээхэн юу ч тэсгээдэггүй нөхөр байжээ.Хүмүүс түүнтэй муудаж чаддаггүй.Яагаад гэвэл өөдөөс инээд алдаад өөрийг чинь магтаж мандуулаад байхлаар “Тэр гуай мөн мундаг шүү, энэ өвөө за мөн ч гаатай бууддаг даа” гээд байхаар яаж муу байх вэ гэж хуучилдагсан.Хүнийг хүн магтахад ерөөсөө муухай байдаггүй.Магтаад байвал хайрлаад л байдаг муу зан бид бүхэнд байдаг аа. Магтуулаад л жижиг сажиг зүйлээ алдаж дуусаад байгаа мөртлөө муу байж чаддаггүй нөгөөөвгөд шиг бид бүхэн ч бас тийм билээ. Ямар сайндаа л “Хүний хамгийн хайртай дайсан нь магтаал” гэсэн үг гарах вэ. Уул нь хөндлөнгийн хүний магтах муулах хоёр чамд ямар ч хамаагүй юм шүү дээ. Чамайг муу хэлсэн ч чамд хамаагүйтэй адил чамайг яаж ч магтсан бас л чамд хамаагүй зүйл юм. Муулахад нь сэтгэлээр унах магтахад нь хөөрч баясан жолоогоо алдах нь хүний хамгийн сул тал гэж мэргэд сургадаг. Харин орчин үеийн бид нар “хэн намайг юу гэж магтах нь вэ” гэж сэрвэлзэж сэртэлзсэн л хүн байх юм. Магтуулах нь хэдийгээр сайхан ч дандаа тийм бишийг дээрх үг бид бүхний орой руу ортол хэлээд байх шиг санагдах юм.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөртөө бол ялалтын нэг алхам хийлээ

Утсаар ярьчих санаатай нэгэн танил руугаа залгаад нэмэр болсонгүй. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн эргээд залгаж байна. Ширээний теннис тоглоод утасны дуудлага сонсоогүй гэлээ. “За тэгээд хэр тоглов, хожив уу” гэтэл “Хожигдсон гэхдээ бас хожсон ч гэж болох юм” гэж хэлэв. Хэрэгт дурлаад “Юу гэсэн үг юм бэ” гэтэл тоглоомонд хожих хожигдохдоо чухал биш л дээ. Хөдөлгөөн хийснээрээ би өөртөө хожил авчирч байгаа юм” гэлээ.

Тэр цайны цагаараа ширээний ард аль нэг хоолны газар хэсэг нөхдийн хамт сууж хоол хүлээнэ гэж нэлээдгүй хугацааг, тэгээд болоогүй идэж дууссаны дараа баахан дэмий ярьж суудаг байж. Нийтлэг байдаг зүйл л дээ. Харин тэр байнгын энэ байдлаа өөрчилж өглөө арай эрт босоод үдийн цайгаа бэлдэж ажилдаа явдаг болсноор хоол идэхэд зарцуулдаг цаг хамаагүй багасч бас эдийн засагт ч хэмнэлттэй болоод явчихаж. Тэр хэмнэсэн мөнгө, цаг хугацааг өөртөө ашигтайгаар зарцуулж спортоор хичээллэж эхэлж. Нэг сумаар нэлээдгүй туулай буудна гэдэг л энэ байх. Дөнгөж сурч байгаа болохоор ихэвчлэн хожигддог ч өөртөө бол ялалтын алхам хийсэн гэж үүнийгээ тайлбарлана лээ. Байнгын хэвшсэн байдлаа жаахан л өөрчлөхөд ялалтын нэг алхам ирж байгаа нь энэ.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гандангийн тагтааг нүүлгэн шилжүүлье

Тэжээлгээд сурчихсан “Гандангийн тагтаа” ч хөөрхий, тагтааны сангаснаас болоод түүх соёлын нандин дурсгал болсон хийдийн дээвэр нурахдаа тулсан нь ч хэцүүхэн хэрэг болоод байна. Ганданд ирж үзсэн араб эр “Танай лам нар нэг шонхор тэжээх хэрэгтэй юм байна” гэж зөвлөсөн гэнэ билээ. Шонхор тагтаа үргээдэг гэнэ л дээ. Шувууны ханиад, тагтааны сангаснаас болоод хөөрхий тагтаа ад үзэгдэх боллоо. Тагтааны сангаснаас болоод хийдийн байшин барилга хэцүүдсэн гэдгийг ойлгож байгаа ч хөөрхий номхон тагтааг зөнд нь хаяж боломгүй. Гандангийн үүдээр явахдаа тагтаанууд нэг юман дээр жигтэйхэн овоорч байхыг олж харлаа. Юун дээр тэгтлээ овоороод байгааг нь олж харах санаатай дөхсөнөө зүрх хүрээгүй. “Арай нэг нэгнийгээ…” гэж муу юм бодож, нүгэл хураав. Сүм хийдийн газрууд тагтаанд будаа өгөхийг хориглох амархан. Харин тэжээлгэж сурсан тагтаанууд яаж амь зогоох бол. Тэдэнд ядаж шилжилтийн үе байх ёстой. Төрийн бус байгууллагынхан Ганданд санаа тавьсан байна лээ. Тэд тагтааны сангас дээврийг нураахад хүргэдэг тухай, тагтаа харшил өвчин үүсгэдэг тухай ухуулж, будаа зарсан хүмүүстэй “тулж ажиллаж” байна. Харин хөөрхий тагтаануудад хэн санаа тавих вэ. Амьтан хамгаалагч нар аа, шувуунд анхаарал тавиач. Хөөрхий номхон тагтааг өлсгөлөнгөөс болж амиа алдахад бүү хүргээч. Тагтааны сангас хэрэгтэй газар заавал байгаа. Сангас нь бордоо болж ашигтай түүхий эд болж болно. Хөөрхий тагтаануудыг нүүлгэн шилжүүлж, амь зогоож, бие дааж суртал нь бага ч гэсэн тэжээх хэрэгтэй байна. Бурханы шавь нар амьтан амьдрах аргагүй болж байгааг зүгээр хараад сууж боломгүй. Сүсэгтнүүдийнх нь сэтгэл алдарна. Лам нар аа, тагтааг өөрөөр амьдрахад нь заавал туслаарай.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамтдаа байгаадаа баярла, учир нь бүгд буцаж ирдэггүй

Хоолны ширээний ард нэгэн залуу ийм түүх ярьж байсныг би тод санаж байна. Тэр 40 гаруй насны хүн л дээ. Авлигын хэргээр хоригдоод гарч ирээд удаагүй байсан юм. Хэрэгт холбогдохоосоо өмнө залуухан бүсгүйтэй бараг л дэр нэгтгэхээр болсон байв. Эхнэрээсээ туурга тусгаар болоод хоёр жилийг үдэж байсан ч мөнгөөр бол тэр дутааж байгаагүй гэнэ. Харамсалтай нь түүнийг хоригдож байхад нөгөө бүсгүй нь битгий хэл найзууд нь ч зайгаа авсан аж. Эхнэрээс нь өөр хүн түүнийг эргэж тойрч байгаагүй бололтой. Суллагдахаасаа өмнө байнга эргэж ирж буй эхнэрийнхээ өмнө гэмшихдээ дэмий л “мөнгөтэй юу” гэж асуужээ. Эхнэр нь хариуд нь “Хамтдаа байгаадаа баярла, учир нь бүгд буцаж ирдэггүй” гэж хэлсэн байна. Тэгэхэд өнөөх залуу “Хайртай хүнээ олоход маш их цаг хугацаа хэрэгтэй ч алдахад ганц секунд ч хэрэггүй” гэдгийг тэр үед ойлгосон гэдгээ ярьж байсан юм. Хүний амьдрал богинохон. Гэвч энэ хооронд өөрийгөө мартталаа мөнгө, эрх мэдэлд шунаж хажуудаа байгаа үнэтэй зүйлээ гээтлээ амьдарсан энэ залуугийн түүх ухаарлаар төгссөнд олзуурхаж байсан юм. Амьдрал биднийг гоё сайханд төөрөлдүүлж уруу татдаг ч бас ухааруулах ямар нэгэн орон зай үлдээдэг нь гайхалтай. Тэгэхээр таны хэн болохыг мэдэж, бүх алдаа дутагдлыг тань тэвчиж, өөрөөс чинь алхам ч холдож чадахгүй, халамжилж хайрлаж байгаа тэр хүнийг хайрла. Тэр бол бидний дэргэд үргэлж байдаг хамгийн их үнэ цэнтэй зүйл билээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гарц байдаг

Үсчид өдөр бүр хүний үс засч, янзалж байж гэмээнэ орлоготой сууна. Гэтэл монгол зурхайгаар сарын гуч хоногийн бараг талд нь үс засуулахад муу, тохиромжгүй, сүлд тэнэж холдоно, үгүйрнэ гэх мэтээр номлосон байдаг. Хэрвээ энэ зурхайг хатуу баримтална гэвэл амьдрал дээр буушгүй юм. Тэгтэл үсчид хүний үсийг өдөр бүр засч, орлогоо таслахгүй байх аргаа олчихсон. Ямар ч өдөр, цаг, нар дор үс засахад харшлах үйлийг нь хариулдаг гэх тарни олоод толиныхоо дэргэд хадчихсан байдаг. Үйлчлүүлэгч орж ирээд “За, байз өнөөдөр чинь хуучны хэдэн билээ. Үсэндээ хайч хүргүүлчихвэл яадаг бол” хэмээн эргэлзэн асуухад өнөөх тарниа заагаад өгчихнө. Ингээд л боллоо. Үсчид монгол зурхайг харааж, зүхсэнгүй. Өөрсдийнхөө орлогыг тогтмол байлгахын тулд яах вэ гэж санаагаа чилээснийхээ хүчинд ийм энгийн гарц олчихжээ.

Үүн шиг юм бүхэнд гарц байдаг, том ч бай, жижиг ч бай. Эдийн засаг хямарлаа, хямарч байна, амьдрал хэцүүдлээ гэж хичнээн орилолдоод нэмэргүй. Бүгд л дор дороо хийж байсан ажлаа үргэлжлүүлж, авч байгаа цалин нь өмнөх шигээ хүрэлцэхгүй байгаа ч болно, бүтнэ гэсэн сэтгэлтэй зүтгэх хэрэгтэй юм шиг ээ. Эдийн засаг унтаж байсан хүн сэрэх шиг хормын төдийд сэргэдэггүй. Ард түмэн өмнөх шигээ амьдралаа залгуулж, хичээж ажиллах нь ирэх цагийн гарц нь ч юм билүү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жавар жанжин жар хонодог гэдэг дээ

Манай өвөл эхэлж байна. Гадаа тас няс хийсэн жавар тачигнах аж. Энэ хүйтэнд ч мань хэдээс нь өөр амьтан тэсч амьдрахгүй л дээ. Хэдэн муу бор шувуу шороо ухаж бөөвийцгөөгөөд, хэдэн мал минь даарч өлссөндөө шүдээ хавиран хөлөө эвхэцгээгээд л. Дээр нь хэдэн халтар монголчууд согтоод уначихгүй шүү бол тэсээд хаврын тэргүүн сарыг үзчихнэ дээ. Энэ хэдээс бусад нь манай хотын тачигнасан жавар, манарсан утаанд байж чаддаггүй юм гээ биз дээ. Байвал хүн амьдарч болохгүй аюултай газар байсны нэмэгдэл гэх мэт цалин цавгаа нэмэгдүүлж байгаад Бээжин хавьцаа л өвлийг авдаг бололтой юм. Муу годил тарвага хүртэл өвөл болохоор доошоо ухаад хөлдүүсийнх нь дор ороод унтаад өгнө гээч. Монголын энэ мөсөн дээр азарган чоно л бөөн хөөр баясал болж “хавтагаа” наан хөргөж ороо отоо нь орж байгаа. Бас тарган мах уур савсуулан чанаж халуунаар нь огтолсон монгол хархүү бөөн цан хүүрэг татуулан гэрээсээ гарч сэгсүүргэн дээлийнхээ энгэрийг яран жавар сэвэн сэрүүцэж байгаа. Өөр амьтай голтой амьтан энэ хөлдүүсэн дунд тэснэ гэж үү. Жавар тачигнаж бүх л юм хөлдөн болор мэт болж түүний талстан дээр туссан нарны гэрэл гялс гялс хийн ойно. Тийм ээ, Монголын энэ их тас няс хийсэн жавар ариусгах чанартай. Хөлдүү цэцэг, хөлдүү бохир хоёр ямар ч ялгаагүй мөс байдаг. Бас хөх Монголын хүйтэн жавар бидний тусгаар тогтнолын баталгаа ч болдог. Ай хүйтэн байна шүү. Жавар жанжин жар хонодог гэсэн үгтэй дээ.

Ж.САНДАГДОРЖ

Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ цаг-үе

Америкийн Монголчууд Их эзэн Чингис хаанаа 27 дахь удаагаа тахилаа

ЧИНГИС ХААНЫ ТАХИЛГА АНУ-Д ИРСЭН НЬ

Хорьдугаар зууныг хүртэл монголчууд их эзэн Чингис хаанаа тогтсон дэг уламжлалынхаа дагуу тахисаар иржээ. Монгол нутгийн урд хязгаар болсон Ордос нутгийн Эзэн хорооноо энэхүү тахилгыг үйлдэнэ. Тахилгыг жилд дөрвөн удаа, улирал бүрд, билгийн гуравдугаар сарын 21-ний өдөр хийдэг уламжлалтай. АНУ-д энэхүү тахилгын зан үйлийг авчирсан Хангин Гомбожав гуай 1947 онд Хятадад коммунист засаг тогтсоноор, ялангуяа 1954 онд Алтан Ганжир байгуулан, эд өлөг, соёлын бүхий л зүйлийг нэг дор байрлуулснаар жинхэнэ зан үйл нь байхгүй болсон хэмээн үздэг юм билээ. Нэг үгээр бол тайлга, тахилгыг чухам удирдан явуулдаг Дархад монголчуудын мэдлийн асуудал биш болсон гэсэн үг.

Тусгаар тогтносон манай Монголд бол байдал бүр хэцүү байв. Тахих нь байтугай магтан сайшааж ч болдоггүй үе байсан билээ. Тэр цагт буюу 1986 онд Индианагийн их сургуулийн монгол хэлний багш Хангин Гомбожав гуай эх нутгаасаа гарсаар 40 жил болсны дараа анх удаа Эзэн Хороондоо очжээ. Гомбожав гуайн овог болох Хангин нь Ри багшийн тэмдэглэн үлдээснээр бол Ордосыг бүрдүүлэгч долоон аймгийн нэг (Даруй Далд, Зүүн гар, Хангин, Ван, Засаг, Үүшин, Нутаг), мөн Чингис хааны шүтээнийг харж хадгалж байхаар томилсон Дархад нэрт 1000 өрх айл байсны нэг гол сурвалжит (жонон цолт) овог нь байжээ. Тийм ч учраас Хангин Гомбожав гуай нутагтаа очуутаа Чингис хааныг тахих өв уламжлалаа судлан сурвалжилж, баримт бичиг, тэмдэглэл зэргийг АНУ-д авчирсан байна. Ирээдүйд улс төр хэмээх яаж ч хөрвөсөн бай, АНУ-д дэлхий даяарх монголчууд цуглан Чингис хаанаа чөлөөтэй тахисаар байх боломжтой гэдгийг зөгнөн харж чадсаны учир тэрбээр Цорж лам, Лувсан Хиёод нартай хамтран Америкийн Монголчуудын Соёлын Холбоог үүсгэн байгуулж, Чингис хааны тахилгыг эртний уламжлал ёсоор нь үйлдсэн аж. Гэхдээ бас АНУ-д хийж байгааг нь бодолцон, бага зэрэг нэмэлт засвар оруулсан байна.

ЕСӨН ЯМТАН-ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ

Бидний хэсэг нөхөд Чингис хааны уламжлалт 27 дахь удаагийн тахилгад ороцохоор Нью – Жерси мужийн Принстон хотыг зорилоо. 11 сарын 8-ны өдөр. 27 дахь гэдэг нь АНУ-д тахиж эхэлсээр 27 шүү дээ. Өмнө өгүүлсэн Хангин Гомбожав гуайн Эзэн хорооноос авчирсан зан үйлийн дагуу болдог тахил л даа.

Тахилыг “Есөн ямтан” гүйцэтгэдэг юм байна. Есүүл өөр өөрийн нэр цолтой, хүлээсэн үүрэгтэй аж. Үүнд, Жонон, Хонжин, Тайш, Тайбуу, Хөх, Манлай, Тууль, Хасага, Чэрби гэх агаад Хөх нь Их эзэнд зул өргөсөн бол Тууль нь сархад барих гэх мэтээр тус тусын ёслолыг гүйцэтгэдэг, ингэхдээ бүгд өөр өөрийн хэлдэг үгтэй аж. Тухайлбал хамгийн эхэнд Жонон “Жээ, Богд Чингисийн минь зохиосон Бүгд Монголын зан журам минь” хэмээхэд үлдсэн найман ямтан бүгд зэргээр “Жээ, байжухуй” хэмээнэ. Үйлдсэн зан үйл бүрийг энд нэгд нэгэнгүй тайлбарлавал хэвлэлийн сурвалжилга биш угсаатны зүйн тэмдэглэл болчихын учир дараа өөр газар бичихээр амлаад цааш нь үргэлжлүүлье.

Тахилгыг зохион байгуулагчид дэлхий даяар тархан суурьшсан монголчуудаа аль болох татан оролцуулахыг хичээсний илрэл нь есөн ямтаны угсаатны бүрэлдэхүүн байлаа. Тухайлбал, Жонон, Хөх, Хонжин, Тууль нар нь Өвөр Монгол, Тайбуу нь Буриад, Тайш нь Тува, Чэрби нь Халимаг, Хасага нь Хазара, Манлай нь Тусгаар Монгол улсаас ирэгсэд байсан юм.

ГҮНЗИЙН ХҮРЭЭЛЭН ГЭЖ БАЙДАГ ШИГ ЧИНГИСИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Үүний дараа тархан суурьшсан монголчуудын төлөөлөл үг хэлэв. Хазара Монголчуудыг төлөөлөн түүхч Ишак Мохаммади, Халимаг Монголчуудыг төлөөлөн “Билгийн далай” төвийн судлаач Цэцэн Надбитов, Тува иргэдийг төлөөлөн Андрей Кужугет үг хэллээ. Өвөр Монголчуудын төлөөлөл болсон зохиолч Б.Түмэн -Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад дахь монголчуудаа нутагтаа ирэх уриалга гаргасан боловч яг өнөөгийн нөхцөлд улс төрийн боломж нь бүрдээгүй байгааг онцлов. Буриад Монголын эрдэмтэн Владимир Хамутаев Хятадын Гүнзийн Хүрээлэн дэлхий даяар Хятад соёлыг түгээж байдгийг дурдаад үүн шиг монголчууд бид “Чингисийн хүрээлэн”-г үүтгэж, хэл соёлоо түгээн дэлгэрүүлж явах ёстойг өгүүллээ. Миний бие эцэст нь тусгаар Монгол улсаа төлөөлөн мэндчилгээ хүргэхдээ Нармай Монгол үзэл улс төрийн хувьд биелэх боломжгүй ч оюун санаанд хил хязгаар гэж байдаггүйг, мөн дэлхий даяар тархсан олон монголчуудыг нэгтгэх үзэл санааны цөм нь хэл, соёл, шашин гэхээсээ илүүтэй Чингис хаан болж буйг дурдлаа.

ОНГОД ОРШДОГ УУ,

СҮНС БАЙДАГ УУ?

Тахилгын үеэр судлаач нар мөн илтгэл тавив. Профессор Николас Гайер Хазара нарыг шашных нь хувьд гадуурхан хэрхэн хөнөөсөөр ирсэн тухай тайлагнасан бол Массачусеттсийн Технологийн Хүрэээлэн (MIT) хэмээх нэртэй сургуульд хичээл зааж буй багш Буяндэлгэрийн Мандухай буриадууд бөө дээр яагаад очдог, бөөд хонио өргөснийхөө хариуд чухам юу хүлээн авдаг талаар сонирхолтой илтгэлээ. Тэрбээр орон нутагт очиж, бөөлөх ёслолыг нүдээр үзэн судалсныхаа эцэст онгод сүнс хэмээгч буусан үедээ болж өнгөрсөн түүхийг хэлдэг, сануулдгийг, жишээлбэл гучаад оны их хэлмэгдүүлэлтийг өгүүлж байсан нэгэн онгодын тухай яриад үнэхээр онгод байдаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ өнгөрсөн явдлыг ийнхүү өгүүлж буй нь мартсаныг сануулах, болж өнгөрснийг ном сонинд бичсэнээс өөрөөр хэлж өгөх ач холбогдолтой, тэр бүгдийг цуглуулаад байвал нэг сонин дүр зураг гарч ирэх боломжтойг ярив. Өөрөөр хэлбэл сүнс онгод гээч болж өнгөрснийг эргэн санах дуртгал хэлбэрээр оршдог гэсэн үг. Ингээд Мандухай буриадуудыг бөөд өргөсөн хониныхоо хариуд эрүүл мэнд, эд баялаг, амжилт гэхээсээ илүү аман түүх, домог сэлтийг хүлээн авдаг хэмээн дүгнэлээ.

НАРМАЙ МОНГОЛ ТОГЛОЛТ

Илтгэлийн дараа газар газрын монголчууд авьяас чадлаа үзүүлэн, ёстой л нөгөө “өвдөг газрыг өлчиртөл” бүжиглэн наадав. Вашингтон Хотын Монгол Сургуулийн хүүхдүүд Дашмагт, Ботго, Шигшрэгт, Цаатан, Уургатай адуучин бүжгүүдээр мэндчилгээ дэвшүүлсэн бол Буриад дуучин Аюуша, Дарина хоёр хурсан олныг уриалан дуудаж ёохор хатируулав. Тэр хоёр мөн “Түрүүшын дуран” хэмээх сайхан дуугаа өргөлөө. 17 настай Роберт гэж багашаархан америк залуу тува нараас хөөмий сурснаа үзүүлэв. Халимаг Монголчуудын “Орон нутаг” хэмээх хамтлаг дуу, бүжиг, хөөмий бүхий бүтэн тоглолт сонирхууллаа. Манай тусгаар Монгол улсын төлөөлөл мэргэжлийн жүжигчид учраас үнэхээр ялгарч байв. Дуучин Эрдэнэбатын Саран, Батчулууны Дэлгэрмаа, морин хуурч Хатанболд нар Хэлхээ аялгуу, Икэлийн аялгуу, Аягатай бүжиг, Үелзүүр, Монголын тал нутаг зэрэг аялгуу, дуу бүжгээрээ хурсан олон монголчуудын цөсийг хөөргөж, Чингис хаан хэмээх их өвгөөрөө бахархах сэтгэлийг нь бадраасан билээ.

ӨНЧИН ХҮҮХДҮҮДЭД ӨГЛӨГ ИЛГЭЭВ

Их эзэн Чингис хаанаа тайна, тахина гэдэг бол зүгээр нэг “саглагар модны доор найрладгийг” нь дуурайх төдий хэрэг биш, үйл хэрэг, үзэл бодлыг нь үргэлжлүүлэхийн нэр билээ. Өнчдийг асрах, ядуусыгг тойлох хааны бодлогыг Америкийн Монголчууд бас үл мартан үйлдэж, Монгол дахь Асрамжийн газарт хандив илгээх зорилгоор уран зургийн дуудлага худалдаа зохион байгууллаа. Худалдааг зохион байгуулсан Чимид Энхээ, Палжий нар уран зургуудыг дуудлагаар авсан мөнгө ямар нэг шимтгэл хуваарилалтгүйгээр 100 хувь Монгол дахь асрамжийн газарт хүрнэ гэдгийг онцлон хэлж байлаа. Арваад зураг дуудлагаар худалдсаны дотор Ардын зураач Амгалан гуайн гурван ч бүтээл байв. Худалдааг зохион байгуулагчдын хувийн цуглуулга ажээ.

Мундаг өрсөлдөөн болно хэмээн бодож байсан боловч тэгсэнгүй. Өрсөлдөөн өрнөсөнгүй гэсэн нь зургууд үнэд хүрсэнгүй гэсэн үг биш л дээ. Давид Содбинов гэж Принстоны их сургуульд ажилладаг халимаг эр дуудсан зураг бүрийн үнийг зуу зуугаар нэмэн, өрсөлдөгч гарч ирсэн тохиолдол бүрд хоёр, гурван зуугаар нэмж дуудсаар бүх зургийг авчихдаг юм байна. Доод тал нь 1000, дээд тал нь 5000 хүрсэн тэр бүх хөрөнгө Монголын өнчин хүүхдүүдэд хүрнэ гэж бодохоор бас л буянтай үйл хийлээ дээ, Давид Содбинов гуай.

Ийнхүү Америкийн монголчууд их эзэн Чингис хаанаа 27 дахь удаагаа тахилаа. Өнгөрсөн энэ бүх үйл ажиллагаа, зохион байгуулалт, хөрөнгө мөнгөний голыг Санж Алтан гуай нуруун дээрээ үүрсээр иржээ. Түүний нас өндөр болж, их ажилд түүртэн чилээрхэх болж. Тиймээс дараа жилээс тахилгыг Америкийн Монголчуудын Соёлын Холбоо бус, шинээр буй болох Чингис Хааны Дуртгалын Сан хэмээх байгууллага үргэлжлүүлэн хийж байхаар шийдвэрлэлээ.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь

тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Т.ӨСӨХБААТАР