Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

“Арслан”-гийн гөжүүд шавь

Дуурийн театрын тайзнаа “Хязгааргүй” моно операгаа 350 ам.доллараар тавьж тухайн үедээ шуугианы эзэн болж байсан эрхмийнд өнжлөө. Төв аймгийн ”Монгол туургатан” театрын дарга байхдаа найруулсан “Хязгааргүй” нь тэр жилийнхээ “Гэгээн муза”-гийн хөгжимт драмын төрөлд хамаг цомыг нь хамж, бүр гран приг нь хүртэл авч байсныг театрт дурлагчид андахгүй. “Хязгааргүй” моно операг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулсан юм. Тэрээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа аж. Ч.Ганхуяг найруулагч руу өнгөрсөн баасан гаригт утас цохилоо. “Хүрээд ир ээ” гэж уриалгахан зөвшөөрлөө. Найруулагчийнх Төв аймгийн Зуун мод суманд хоёр өрөө орон сууцанд амьдардаг юм байна. Биднийг ороход гэрийн эзэгтэй “Гэгээн муза”-гийн хэд хэдэн цом эгнүүлсэн ханын шүүгээ, буйдан, телевизтэй зочны өрөөндөө урив. Бага охин нь цай хоол бэлдэхэд ээждээ тусалж, найруулагч бидэнтэй яриа дэлгэлээ.

Ч.Ганхуяг найруулагчийн багш нь “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүрээр олны сэтгэлд үлдсэн Г.Доржсамбуу юм байна. “Миний багш наддаа бурхан. Хоёрдугаар курсээсээ багшаасаа салаагүй. Би ангиасаа ганцаараа найруулагчаар төгссөн юм. Шулуун шударга гэж жигтэйхэн хүн байсан. Их хатуу үгтэй. Хүний алдааг нүүрэн дээр нь шууд хэлж орхино. Хүнийг том жижиг гэж сүрдэхгүй, бардахгүй. Намайг дипломын жүжгийнхээ сургуулийг хийж байтал Гомбосүрэн гуай тайзан дээгүүр алхаад буугаад явчихлаа. Тэр мундаг том жүжигчинд нэг муу оюутан юу хэлэхэв. Гайхаад зогсч байтал багш, хөөе чи зогс гэж хашгирдаг юм.

За тэгээд л хэн чамд ингэж заасан юм, театр гэж юу болохыг мэддэггүй ийм хүн театрт ажиллаж байдаг, Монголын хамаг төмрийг энгэрээрээ дүүрэн овоолчихоод юугаа мэдэж явсан амьтан бэ чи, орж ирсэн газраараа буцаад гар гэж ирээд тачигнаж гарлаа. Гомбосүрэн гуай ч уучлал гуйгаад буцаад алхсан. Ийм тохиолдол ярья гэвэл өчнөөн л дөө” гэж байна. Багшийнх нь тухай гэгээлэг дурсамж сонсож нэг хэсэгтээ л инээд шуугиан болов. Найруулагч зургийн цомог эргүүлэнгээ “Миний хуриман дээр багш очсон юм. Тэгэхээр их сүрлэг хурим болсон байгаа биз. Хуримын орой өнөөдөр шавьтайгаа сайхан ярьж хононо оо гэж байна. Тэгээд “Монголын найруулагчдаас миний хүүд хэн илүү таалагддаг вэ” гэж асуудаг юм. Би Нямгаваа найруулагчийг их шүтнэ. Тэрийгээ л хэллээ. Гэтэл багш босоод хамаг юмаа цүнхлээд унав аа. Хаачих гэж байгааг нь асуутал “Битгий хуцаад бай, чи тэр Нямгаваа дээрээ очихгүй юу” гээд жигтэйхэн. Би ч дагаад гарлаа. Зочид буудалд өрөө авч өг гэхээр нь хэлснээр нь болголоо. Нэг их удалгүй за за больё больё хоёулаа гэртээ харья гэж билээ” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Цагаан инээдтэй ийм дурсамж багш, шавь хоёрын дунд өчнөөн юм.

“Хязгааргүй” моно операг 350 ам.доллараар тавих болсон шалтгааныг сонирхоход “Би Монголын урлагт гавьяа байгуулсан амьтан. Театрын билет 3000 төгрөг байх үед найруулсан жүжгээ 10 мянган төгрөгөөр тавьж байлаа. Араас нь Баабарын “Бооцоо” 999 мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Үүний дараа билет 6000 төгрөг болсон. “Хязгааргүй”-г 350 ам.доллараар үнэлж зарсан хойно театрын билет 10 мянган төгрөг болсон. Монголын урлагт үнэлгээний хэмжүүр тогтоосон л байгаа биз” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. “Монгол туургатан” театрын даргын албаа сонгуулийн дараахан өгсөн гэнэ. “Хөдөөгийн театр “Гэгээн муза” наадмаас гранпри авлаа гээд тухайн үедээ шуугицгааж байсан. Та яагаад ажлаа өгчихсөн юм бэ” гэж сонирхоход “Юм хийж эхэлдгийн даваан дээр сонгууль болоод давалгаанд нь арчигдсан даа” гэснээс өөр үг унагасангүй.

Ч.Ганхуяг найруулагчийнх хоёр охин, ганц хүүтэй юм байна. Охидыг нь Номундарь, Номунзаяа гэдэг аж. Бага хүү нь Тэнгис. Долдугаар ангийн сурагч гэнэ. Биднийг очиход Тэнгис найзуудтайгаа тоглохоор гарсан байлаа. Найруулагчийн ханийг Б.Ганчимэг гэдэг аж. Эхнэрээ “Манай гэрийн босс, миний асран халамжлагч. Хүүхдүүдтэйгээ үлдэхэд хоол цай нь таалагдахгүй. Байж байгаа нь таалагдахгүй. Энэ хүний гараас холдвол би гэдэг хүн үсрээд ойчно” гэж тодорхойлов. Байсгээд охиноосоо “Аавынх нь тэр юм хаана байна” гэж асууж байгаагаа “Би энэ айлд мэдэх юмгүй хүн. Ямар сайндаа л бага хүү “Миний аав” гэсэн зохион бичлэг хийхдээ “Миний аав ажлаасаа ирээд диван дээр хэвтэж, телевизор үздэг” гэж бичихэв” гэж тайлбарлаад хөгжилтэй инээлээ.

Гэрийн эзэгтэй загасны шөл, бууз, өргөст хэмхийн салат бэлджээ. Хооллох зуур удам судрын тухай яриа өрнөв. Ч.Ганхуяг найруулагч ааваараа бол Дундговийн хүн юм байна. Аав нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аж. Ээж нь Архангайнх гэнэ. Хотод төрөөд Архангайд өсч тэндээ дунд сургууль төгсчээ. Урлагийн гэр бүлд төрж өссөнөө ярив. Аав, ээж нь хоёулаа жүжигчин. Эмээгийнх нь эмээ “Дангийн даавуун майхан” гэдэг дууг зохиосон хүн гэнэ. Манжуудыг Монголоос гаргах үед нэг манж залуутай хайр сэтгэлийн холбоотой байж. Өнөө залуугаа хилийн ойролцоо майхан барьж байж гаргаж өгөхдөө олонд түгсэн энэ дууг зохиожээ. “Дангийн даавуун майхан даваан дээр дэрвэлзэнэ ээ, давхраат нүдтэй манжийн хүн даван давтлаа тормолзоно хө” гэсэн дууг зохиосон эмэг нь хэлэмгий гэж жигтэйхэн хүн байж. Гэрийн эзний аавын ээж Дэнсмаа гэж сайхан дуулдаг хөгшин байсан гэнэ. Зураач Доржпалам, зохиолч Д.Батбаяр хоёр аавынх нь талын хамаатан аж.

“Урлагийн гэр бүлд өссөн болохоор найруулагч болъё гэж шийдсэн үү” гэж сонирхоход урдаа байгаа загасны шөлнөөс халбагадангаа “Ёстой тэгж бодож байгаагүй. Би чинь арван жилд байхдаа сахилгагүй, сурлагаар гойд биш хүү байсан. Мөрөөдөл гэвэл жолооч болох. Хүүхдүүдийн дурсгалын дэвтэр дээр ачаатай, ЗИЛ-130 машин зурчихна. Тэгээд болоогүй ээ, доор нь энэ бол миний мөрөөдөл гээд биччихнэ. Арав төгсөх гэж байтал Архангайд кино драмын ангийн элсэлтийн шалгалт авахаар хэсэг хүн очдог юм. Аав шалгалт ирснийг дуулаад “Хүн болоод нэг удаа конкурсдсэн юм гэж хожим дурсаж ярихад сайхан шүү дээ. Миний хүү нэг шалгуулаад үзэх үү. Чамд авьяас бий. Тэнцэхгүй бол тэр л биз. Тэнцсэн ч үнэхээр дурлаад байвал жолоочоо хий” гэж аядуухан хэлж байна. Эвгүй хэлбэл гөжнө гэдгийг мэдэх учраас тэгсэн хэрэг. Тэгээд л ганцаараа тэнцэж байлаа” гэж ярив.

Дээд сургуулиа дөнгөж төгсөөд Архангайн соёлын ордонд найруулагчаар ажиллах үедээ аймгийн дарга нартай нэлээд үздэг байж. Сүүлдээ хурлаар орж дилломоо хураалгах шийдвэр сонсч байснаа сонирхууллаа. “Диплом хураана гэнгүүт өнөө мундаг амьтан чинь дипломтой ч, дипломгүй ч найруулагч гэж хэлээд ураад шидчихэж байгаа юм. Тэгээд мөрдөнд орж, 45 хоног суугаад жил зургаан сарын хорих ял сонслоо. Азаар Октябрийн 70 жилийн ойн зарлигт орж өршөөгдсөн дөө. Дараа нь намайг Хангай сумын соёлын төвийн эрхлэгчээр ажилла гэдэг юм. Юу гэж очихов. Тээврийн товчоон дээр энэ хүнийг гадагш явуулахгүй гэж бичээд зураг наачихсан. Аргаа бараад найзынхаа машины ачаан дор орж нуугдаад Архангайгаас гарч байлаа. Намын хянан шалгах хороонд өргөдөл бичлээ. Хотод ирээд ажилд авах газар байхгүй. Очих айлгүй. Оройдоо орцоор хоноглож хэсэг явдаг юм. Сүүлдээ хэцүүднэ биз дээ. Юу ч гэсэн намын хянан шалгах хороогоор оръё гээд Засгийн газрын ордонд ордог юм. Дарга нь Лхамжав гэж хүн байсан. Ороод ярих гэтэл самсаа шархираад болдоггүй. Аавыгаа харсан хүүхэд шиг гомдоод. Учраа хэлтэл шийдвэр аль эрт гарсан шүү дээ гэдэг байгаа. Бичиг хэрэг нь явуулаагүй байж л дээ. Лхамжав гуай тэр дор нь сайд руу яриад асуудлыг өнөөдрийн дотор шийд гэсэн үүрэг өглөө. Баярлаж үзээгүйгээрээ баярласан. Хоёр, гурван хоног юм идээгүй өлссөн гэж жигтэйхэн явсан үе. Юу нь хатгасан юм “Би танд маш их баярлаж байна. Та надад 50 төгрөг зээлээч. Цалингаа аваад явуулъя” гэчихлээ. Лхамжав гуай нэг их инээснээ ширээнээсээ цоо шинэ тавин төгрөг гаргаж ирээд “За залуу амжилт хүсье. Нисээд бай даа” гэдэг юм. Тэндээс яаж гарснаа ч мэддэггүй юм, нэг мэдэхэд Улаанбаатар ресторанд урдаа баахан хоол өрчихсөн сууж байсан” хэмээн ярилаа. Ингээд Дундговь аймгийн театрт найруулагчаар очжээ. Дараа нь Баянхонгор, Архангай гээд хэд хэдэн аймгийн театрт ажилласан гэнэ. Хэчнээн удаа нүүснийг нь сонирхоход “Юу ч үгүй болтлоо нүүсэн айл. Нэг ч тавилгагүй, хөнжил гудас, гурван аягатай болтлоо нүүж байсан. Улаанбаатарын бүх дүүргийг гүйцээсэн байдаг юм” гэж байна.

Энэ үеэр бага хүү нь орж ирлээ. Найруулагч хүүгээ өглөө босонгуут 100 суниалгаж, гантель өргүүлдэг гэнэ. “Миний хүү чинь тэгж болохгүй л гэвэл үгээр болно. Зургаан сард нэг чипс ид гэхэд зургаан сарыг тоолоод суучихдаг нөхөр дөө” гэж хэлээд бага хүүгээ үнсэв. Тэнгис ээжийнхээ хийсэн буузыг идэж аваад тоглохоор гарлаа. Гал тогооны өрөөнд ээждээ туслаад завгүй байсан Номунзаяа ч гарах гэж байгаа бололтой. Аль хэдийнэ хувцсаа солиод өмсчихөж. “Би ааваараа бахархдаг. Ийм аавын охин болж төрсөндөө баярладаг. Гаднаасаа ааштай юм шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ огтхон ч тийм биш. Миний аав их зөөлөн хүн” гэж хэлээд гарч одлоо.

“Энэ жүжгийг нь сэтгэлдээ тултал хийсэн дээ гэж бодох бүтээлээ нэрлээч” гэхэд “Ромео Жульетта”-гаа онцлов. “Будаа болтлоо шүүмжлүүлээд таг болсон доо. Надад амбицтай улс өөрсдийнхөөрөө зүтгэж буруутгах гэж үзсээр байгаад дарсан. Одоо дахин сэргээн тавья гэж бодож байгаа. Тэгвэл Францын Авинионы фестивальд тоглох юмсан гэж боддог” хэмээн ярив. “Ч.Ганхуягийн “Ромео Жульетта” бусад найруулагчдаас юугаараа онцлог, өөр вэ” гэж сонирхоход “Бүхлээрээ өөр. Уг нь “Ромео Жульетта” гайхамшигтай гоё хоёр залуугийн тухай жүжиг. Миний Ромео, Жульетта тийм биш. Галзуугийн эмнэлгийн өвчтөнүүд “Ромео Жульетта”-г уншаад дүрээ булаацалдаж авдаг. Тэгээд давтаж, тоглосоор дүрүүдээ өөрийн болгочихож байгаа юм. Ромео нь дал гарсан өвгөн. Жульетта нь 16, 17-той залуухан охин. Сүүлдээ үхэл нь жинхэнэ үхэл болдог. Тэд эмнэлгээсээ оргож задгай театрт жүжгээ тоглож байгаад баригддаг юм. Олон жил бодож байгаад хийсэн бүтээл. Өнөөдөр хайр сэтгэл гэж хаана юу байна, чин үнэн хайрын төлөө тэмцэл, чин үнэн дурлал бий юу гэсэн асуултад хариу хайсан. Дурлал, хайрынхаа төлөө тэмцэж байгаа хүн өнөөгийн нийгэмд галзуу хүн болж харагддаг. Тэгэхээр галзуу хүмүүс нь эрүүл үү, эрүүл нь галзуу юу. Мөн чанар нь яг юу юм. Энэ санааг хэлэх гэж сонгож авсан хувилбар” гэсэн хариу хэллээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан Баатар найруулагч “Ромео Жульетта” жүжгийнх нь талаар “Би хэзээ ч ингэж бодож чадахгүй юм билээ. Яаж бодсон юм гэж гайхдаг. Гайхалтай л гэхээс өөр үг хэлж чадахгүй” гэж ярьжээ.

Энэ жилийн наадмын нээлтийн баатруудтай хэсгийг Ч.Ганхуяг найруулагч найруулжээ. “Миний санаачилсан сценариар хийлгэнэ гэвэл хийе” гэж байж ажилласан гэнэ. Улсын наадмын нээлтийг зургаан удаа найруулсан юм байна. Наадмын нээлт дээр шүүмжлэлтэй явдгаа ч хуваалцав. “Хэн дуртай нь жил бүр наадмаар тоглоод баймааргүй санагддаг. Наадмын нээлт гэдэг чинь нэг л ёслол. Есөн цагаан туг залах ёслол шиг наадам нээдэг тогтсон нэг ёслолтой болмоор байгаа юм. Тэр ёслолыг нь үзэх гэж дэлхий ирдэг байвал илүү өгөөжтэй. Бээжинд өглөө бүр төрийн далбаа өргөх ёслол болдог. Дөрөв, таван цэрэг л хааны ордноос гарч зам хөндлөн гараад бүх хөдөлгөөн зогсч тугаа зөөгөөд алхдаг. Ийм жижигхэн ёслол хэрнээ дэлхийн жуулчдын үзэхгүй өнгөрөх аргагүй ёслол болчихсон. Монгол наадам тийм л байх ёстой. Би өмнө нь саналаа хэлж байсан. Төрийн ёслолын албаны өмнөх дарга халгаагаагүй” гэж ярив.

Гэрийн эзэгтэй хоолны дараа нэрс жимс таваглаж тавилаа. Ер нь л үг дуу цөөтэй хүн юм. 1987 онд аравдугаар анги төгсөөд аймгийнхаа соёлын төвд бүжигчнээр оржээ. Ч.Ганхуяг найруулагчтай 18 насандаа ханилсан аж. “Миний аав, ээж Дундговийн улс. 1959 онд гэр бүл болоод өнөөдрийг хүртэл сайхан амьдарч яваа буянтай буурлууд бий. Би ч гэсэн ханьтайгаа олон жил жаргал, зовлонгоо хуваалцаж сайхан амьдарч байна. Энэ л манай удмын бахархал даа” гэснээс өөр үг унагасангүй. Найруулагч хажуунаас “Манай хүн чинь өдөрт 16 үг хэлдэг байсан юм. Сүүлийн үед 1860 үг хэлдэг болчихсон. Хажууд нь ийм яриа хүн суугаад байхаар халдварладаг шиг байгаа юм” гэж эхнэрээ цаашлуулаад авав. Тэгснээ зургийн цомгоос эхнэрийнхээ бүжиглэж байх үеийн зургийг харуулаад “Ийм цагаан дарь эхийг ногоон дарь эх болгочихсон хүн дээ би” гээд мушилзав. Цагаан дарь эхийн өмсгөлтэй бүжиглэж байх үеийнх нь зураг аж. Хорь дөнгөж хүрч байгаа үеийнх нь патиар бололтой.

Гэрийн эзэн ноднингоос л гэр амьтай болж байгаа аж. Цэргийн дуу бүжгийн чуулгын найруулагч болсноос хойш өглөө бүр долоон цагаас гэрээсээ гарч байгаа гэнэ. Орой арав, арваннэгэн цагт л гэрийн бараа хардаг юм байна. Чуулгаа гадагш нь гаргах, дэлхийн урлагийн тайзнаа Монгол гэсэн нэрийг дуудуулах ойрын зорилготой яваагаа сонирхуулав. Кино хийх бодолтой яваагаа ч хуваалцав. Ч.Ганхуяг найруулагч эмнэлгээс чөлөөгөөр гарч биднийг хүлээж авсан юм. “Хамгийн болдоггүй юм зүрх. Аппараттай байгаа юм. Мөнгө төгрөгийн эв таарвал хагалгаанд орж судаснуудаа солиулаад ирчихвэл аятайхан болчих гээд байдаг. Японд хагалгаа хийлгэхэд 100 гаруй сая төгрөг болох юм билээ” гэж ярив.

Хошин шогийн хамтлагуудын талаар ямар бодолтой явдгийг нь сонирхоход “Урлаг биш гэх аргагүй. Би буруутгадаггүй. Эд чинь мэдрэмжийн хувьд их өөр. Зрителээ мэдрээд байна л даа. Тоглоод байгаа юм нь яг нарийндаа дорно дахины театрын элементүүд. Дорно дахиныхан инээх, уйлах дуртай. Бодох дургүй. Юм бодуулна гэдэг чинь европ стандарт. Дорно дахинд уярах, уйлах, инээх ёстой. Энэ үндсэн жанр нь. Хошин шог зарим хэсэгтээ нулимстай байдаг шүү дээ. Тэгэхээр хаа хамаагүй хүний юм хийгээд байгаа улс биш” гэж байна.

Найруулагч биднийг үдэж өгөхдөө “Сүүлийн үед хүмүүс хүүхдээ тоо сайн бодуулж, хэл сургах гэж зүтгээд байна. Хүүхдүүдийн зүрх сэтгэлийг зөөллөх уран сайхны суурь боловсрол гэж алга. Уран сайхны суурь боловсрол бодлогоор тавигдаагүй нөхцөлд хүний хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлийн ертөнц төгс боловсрохгүй. Зөв хүн болгохын тулд, сэтгэл нь эмзэглэж, өвдөж чаддаг хүчийг бий болгохын тулд уран сайхны суурь боловсрол байхаас аргагүй. Холливудын алдартай найруулагчид сургуульд үзсэн суурь боловсрол дээрээ л дөрөөлсөн байдаг” хэмээн бодлоо хуваалцсан.

“Хэнд зориулж юу бичиж юу хийхээ мэдэхээ байж байна. Өнөөдрийн үзэгчдэд таалагддаг юм хийнэ гэхээр тэдний сэтгэхүйгээр ажиллах хэрэгтэй болно. Тэр сэтгэхүй нь надад байхгүй. Тэгэхээр миний хийсэн бүтээл тэдэнд таалагдахгүй” гэх мэтийн найруулагчийн л амнаас гарах “хөндлөн” үгсийг тэднийд байх хугас өдөржин сонсч, урлагийн тухай, театрын тухай хөөрөлдлөө.

Ц.Баасансүрэн

Гэрэл зургуудыг Д.Лхагвадорж

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жин тавиад эдгээчих зүйлийг мэс хүргэж хүндрүүлдэг

Нярай эхчүүдийн хөх цочирч, булчин нь зангирах тохиолдол элбэг байдаг. Үүнийг
“горьдчихлоо, горьдсоноос боллоо” гэцгээдэг. Эхийн хөх нь чинэрч өвчин орсон ихэнх
тохиолдолд эмч нар мэс ажилбар хийж, өвчнөөс нь ангижруулдаг. Заримдаа мэс ажилбар
нь хүндэрч хөхөө авахуулах, хэд хэдэн удаа хагалгаанд орох, тэр бүү хэл эхийн амь
насанд хүртэл аюул учирдаг.

Хөх ийн хавдаж, булчин нь хатуурсан тохиолдолд хамгийн тустай зүйл бол халуун
усаар шүрших юм уу, халуун усанд норгосон алчуураар жин тавьж, саунд суун, тайвшруулах
эм ууж амарснаар булчин нь зөөлөрч хагалгаанд орох шаардлагагүй болдог байна.

Ингэж халуун жин тавин, зангирсан булчинг тавируулснаар заавал ч үгүй хагалгаанд
орох шаардлагагүй юм. Тэгэхэд манайхан горьдоог нь тайлж байгаа гэж нярай эхэд хомоол
цаасанд боож өгөх юм уу, ямар ч мэдлэг боловсролгүй
хар домын ёстнуудаар мэс хүргэх тохиолдол цөөнгүй гаргадаг нь харамсалтай.

Иймээс бүсгүйчүүд эх болсон цагаасаа эрүүл мэнддээ санаа тавьж, хэн ч мэдмээр
юм шиг боловч тэр бүрий анзаардаггүй ойр зуурын нэг ч болтугай аргыг мэдэж байх
нь чухал аж.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй

“Амьдрал гэдэг богинохон яарах хэрэгтэй

Амжиж би аз жаргалын тухай дуулах учиртай” хэмээн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир шүлэглэсэн нь бий. “Аятайхан бүсгүйн хажууд өнгөрөөсөн нэг цаг шүдний эмч дээр өнгөрөөсөн нэг цагаас хамаагүй хурдан өнгөрдөг” хэмээн Альберт Эйнштейн цаг хугацааны мэдрэмжийн талаар жишээ татан хэлж байсан тухай номоос уншиж байлаа. Ер нь бол нас ахих тусам цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрдөг тухай Австралийн эрдэмтэд судалсан байх юм. Чингэхдээ цаг хугацаа хэрхэн өнгөрдгийг нэлээд бодитойгоор дүрсэлж чаджээ. Тэр нь нас ахих тусам цаг хугацааг мэдрэх мэдрэмж хэрхэн өөрчлөгддөгийг харуулсан интерактив хуваарь аж. Бид бодит цаг хугацааг үнэмлэхүй цаг хугацаатай харьцуулан мэдэрч байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, бүхий л амьдралын хугацаатай харьцуулахад он жил нас ахих тусам илүү богино санагддаг гэсэн үг. Тухайлбал, дэгж дэрвэсэн таван настай гүйж явахад нэг жил хүний амьдралын 20 хувьтай тэнцүү байна. Харин 50 настай болоод ирэхэд ердөө л хоёр хувьтай тэнцүү болно гэжээ. Таван настай хүүхэд цагаан сарыг 24 хоног хүлээх нь 54 настайдаа энэ баярыг нэг жил хүлээхтэй яг тэнцүү гэж үзсэн байх юм. Харин 10 настай болоод ирэх үед нэг жил нь хүний амьдралын 10 болдог ажээ. Харин 18 настай болоод ирэхэд 5.56 хувь гэсэн үг. 30 наснаас хойш хурд арай удааширч эхэлдэг бөгөөд нэг жил нь амьдралын гурван хувьтай тэнцдэг ажээ. Уг судалгааны дүнд таныг 91 настай болоод ирэхэд амьдралын тань 1.1 хувьтай тэнцдэг гэжээ. Тиймээс бид аль болох олдсон цаг хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй болж байна. Маргааш хийнэ гэж алгуурлалгүйгээр зөвхөн өнөөдөр л гэдэг өнцгөөс асуудалд хандах хэрэгтэй болж байгаа юм. Мянган арвайг зүүний үзүүр дээр асгахад нэг нь л тогтдог лугаа хүн гэдэг тийм хувь заяагаар ирдэг хэмээн зүйрлэдэг. Хувь заяаны эзэд минь хийж бүтээх цаг хугацаа өдөр өдрөөр улам л ахарлан байна. Дээрх судалгаа нэг талаасаа өмнөх зорилгодоо хүрэхийн тулд зүтгээд бай гэсэн үг л дээ. Амьдрал гэдэг богинохон яарах л хэрэгтэй.

Э.ЭНХБОЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ази эрчүүдэд европ зөвлөгөө хэрэггүй

Европ, ази хүмүүс харагдах байдал, алхаа гишгээ, ааш зан гээд олон зүйлээрээ ялгаатай. Төрж өссөн орчин хийгээд уламжлан авч яваа ёс жаяг нь ч өөр. Ийм байтал Монголд буй зөвлөгөөний ном, цахим ертөнцөөр түгж байгаа гоо сайхан, харилцааны элдэв заавар, зөвлөгөө бүгд барууныхны өдөр бүр амьдралдаа мөрддөг жагсаалт байх юм.

Европ ээжүүдийн нялх үрдээ хийж өгдөг хоол ази ээжүүдийн хийдгээс өөр. Ази бүсгүйчүүдийн үс, арьсны бүтэц барууны эмэгтэйчүүдийнхээс ондоо.

Цахим ертөнцөд “Нөхрөө хэрхэн дуулгавартай байлгах вэ”, “Эрчүүдтэй яаж харьцах вэ. Тэднийг араасаа хэрхэн гүйлгэх вэ” гэх мэтийн зөвлөгөө уншигч ихтэй. Гэр бүл судлаач, сэтгэлзүйчдийн хувьд барууныхны энэхүү зөвлөгөөнүүд шүдний өвчин нь болжээ.

Европ эрчүүдэд “хэрэглэж” ирсэн дээрх зөвлөгөөнүүд монгол эрчүүдэд зөвлөх биш харин зовлон болж хувирдаг. Европ, ази эрчүүдийн хувьд эмэгтэй хүнийг эргүүлэх, болзоонд урих, хайр сэтгэлээ илчлэх нь тэнгэр газар шиг. Ийм атал барууны эрчүүдэд хэрэг болох зөвлөгөөг гүндүүгүй, жаахан дотогшоогоо зантай монгол эрчүүдэд хүчээр нааж, европын эрс шиг аяглахыг шаардах нь тун тохиромжгүй.

Гэр бүл судлаачдын хувьд эхнэрүүдэд элдэв зөв­лөгөөний дагуу нө­хөртэйгөө харьцахгүй байхыг санал болгож “Уламжлалт ёсоо хааяа ч гэсэн сөхөж харж бай” гэж өөрсдөд нь эргээд зөвлөдөг болж. Манай эрчүүд ч “Бидэнд европ зөвлөгөө харш” гэдэгтэй санал нэгдэж байна билээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүрэл хөшөөний оронд хүүхдийн эмнэлэг, номын сан л нэмэртэйсэн

Хүнээ боддог хөгжингүй нийгэмд эрүүл мэнд, боловсролын салбартаа л голлон анхаардгийг гадаадын олон улс орны жишээнээс харж болно. Манайд “Хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулна” гэж амны уншлага болговч начир дээрээ чонолог хүйтэн харьцааг л эрхэмлэх болсон нь нууц биш. Хүүхдийн гэсэн тодотголтой бүхнийг устгаж, газрын хөрснөөс арчихын улаан дон тусчээ гэдэг нь амьдрал дээр нотлогдоно. Хүүхэд залуучуудын театр гэхэд аль хэдийнэ хаалгаа бариад хөндий хоосон балгас л үлдсэн. Хотын хичнээн ч олон хүүхдийн тоглоомын талбай хүйтэн сэтгэлтнүүдийн гараар орж барилга байшин болов.

Ганц мод тарьчихгүй мөртлөө гудамжинд ганц нэгээрээ ургасан улиасуудыг хэдхэн хормын дотор хөрөөдөөд хаячихаж байгаа “барилгачид” олон. Тэд чухам юу барьж байгуулж байгаагаа ч эс мэднэ. Сүүлийн үед Ажаа гэгээний барьсан эмнэлгийг эс тооцвол хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг огт баригдсангүй. Харин түүний оронд нэртэй нэргүй хэн нэгнүүдийн үнэтэй үнэгүй хөшөө дурсгалууд хаа сайгүй л шавааралдах болов. Цахим орчинд ч энэ тухай “Хэн ч мэдэхгүй аавуудынхаа хөшөөг хаа сайгүй босгож байхаар хүүхдүүд нь хүнд хэрэгтэй ганц номын сан ч болтугай барьчихаасай” гэж жиргэсэн. Үндэсний төв номын сан маань ч даац нь хэтэрчихээд байгаа энэ үед номын сан баривал хойч үед маань л уг нь хэрэгтэй. Хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг бариад тэр үнэтэй хүрэл хөшөөнд хувилаад буй хэн ч мэдэхгүй аавынхаа нэрэмжит болгочихвол ч буянтай л үйл болж таарна даа.

Л.БатЦЭнгЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Автобусаар үйлчлүүлэгчид хүн чанараа гээжээ

Ууртай, харилцааны
соёл­гүй, үйлчлүүлэгчидтэй зүй бусаар харилцдаг кондуктор хэмээх ажлын байр устаж,
хүнээс ч ухаалаг, нягт нарийн тооцоо хийдэг цахим карт нийтийн тээвэрт нэвтрээд
хэд хонолоо. Дэлхийн жишигт нийцсэн, дэвшил болж байгаа байх. Гэхдээ өнгөрсөн хэд
хоногт энэ шинэчлэлийг да­гаад хүний мөс, мөн чанартай холбоотой доголдол гарсан
нь ажиглагдаж байна. Тод­руулбал, цахим карттай иргэд бууж, суух бүртээ картаа ун­шуулж
үйлчилгээ авсных нь хөлс данснаас нь цахим тооцоолуураар тооцогдон хийгдэж байгаа.

Харин карт аваагүй
ир­гэд тусгай хайрцагт нэг удаа­гийн төлбөр болох 500 төгрөгийг хийсний дараа үйл­чилгээ
авна. Энэ байдлыг далимдуулсан иргэд ч 500 төгрөг төлөх байтал улаан цагаан 100
төгрөг шургуулсан болоод зорчих болж. Бүр мөнгө төлөлгүй дайран орж хэдэн буудлын
дараа хээвнэг бууж одох тохиолдол ч ихэсчээ. Картгүй иргэд бүг­дээрээ л ийм араншин
гаргаж байгаа бололтой юм. Үнэндээ ахмад настнуудад л цахим үнэмлэхийг тараасан
учраас нийслэлийн нийтийн тээврээр зорчигчдын 80 ор­чим хувь нь мөн чанараа ийн
харуулж байгаа бололтой. Харин тасалбар тасалдаг бай­хад мөнгөө өгөөгүй хү­нийг
өшигчиж, нүдсээр авто­буснаас хөөж буулгадаг бай­сан кондукторууд үүнийг ёстой л хараагүй мэт өнгө­рүүлэх болсон
гэлцэнэ. Яагаад гэвэл тэдэнд ашиггүй болж, халаасанд нь мөнгө орохоо байсан учраас
тэр. Үйлчлүүлэгчид хийгээд кон­дук­торуудын мөн чанар ийм байна. Асуудалд анхаарахгүй удвал салбар санхүүгийн алдагдал
хүлээж нийтийн тээврийн үйлчилгээ доголдож ч мэдэх. Өнгөрсөн өдрүүдэд Лондонгийн
метро буюу ний­тийн тээвэрт доголдол гарч тус хотын дөрвөн сая иргэн өнөөдөр ч ажилдаа
ирж, бу­цаж чадахгүй байгаа нь асуу­дал хүндэрвэл нөхцөл байдал хэрхдэгийн жишээ
биз.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан зүйлийн талаар бодох нь бясалгал болдог

Дээрхийн гэгээн XIV далай лам “Амар тайван амьдрахуйн зурлага” номынхоо өмнөтгөлд бясалгалын тухай онцолжээ. “Хүмүүний хувьд бид бүгд зовлонгоос салж, жаргалд хүрэхийг хүсдэг. Харин жаргалд хүрэхийн тулд сэтгэл оюунаа ариусгах нь нэн чухал гэдгийг би амьдралынхаа туршлагаас олж мэдсэн. Миний шүтдэг Бурханы шашны ёсонд сэтгэл оюунаа ариусгах хамгийн үр дүнтэй арга зам нь бясалгал хийх явдал хэмээн сургадаг. Бясалгал хэмээх нь завилан сууж сэтгэл санаагаа чөлөөлнө гэсэн утгатай боловч, бас сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэнэ гэсэн утга агуулдаг” хэмээн Дээрхийн гэгээнтэн өгүүлжээ.

Бид бүхэн хорвоод мэндэлсэн цаг мөчөөсөө эцэг эхийн энэрэл хайр, нинжин сэтгэл анхаарал халамжаар өсч бойждог хийгээд хожим нь амьдралд нухлагдаж, өвчин эмгэгт нэрвэгдэх, насан өтлөх цагт дахин бусдын гар харах болсноо ухаардаг. Хүмүүн бид энэ насныхаа эхэн адагт бусдын хайр энэрэл халамжаар өлгийдүүлдэг мөртлөө хүчин чадал төгс ид дунд насандаа бусдад яагаад анхаарал халамж тавьдаггүй юм бэ хэмээн Далай ламтан айлдсан нь нэгийг бодогдуулна. Бид маш тэвчээртэй байснаар ерийн үед бэрх санагдаж байсан зүйл тийм ч бэрх бус болдог. Тэвчээр үгүй бол маш хялбар зүйл ч давахын аргагүй бэрх болно. Олон зүйл бидний хандлагаас хамаарна гэсэн Далай ламын зөвлөгөөг санахад илүүдэхгүй буй за.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жанч халсан ламын шарилд мөргөхөөр жаал жуул мөнгөө үрэхийн хэрэг юун

Монголчууд
бид шулуухан хэлэхэд хэзээнээсээ нааш бүтээгч ард түмэн биш. Ганц хадаас байсан
ч, нэг ширхэг дэвтэр, цай, тамхи, шатахуун тос, машин тэрэг гээд хэрэглээний бүхий
л эд зүйлсээ гаднаас авна. Тэгсэн атлаа мухар сүсэгт автан хэрэгтэй хэрэггүй нэгэнд
тархиа угаалгаж, олсон хэдэн төгрөгөө салхинд хамаагүй цацна. Үүний захын нэг жишээ
бол ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын Иволгын дацанд байдаг Итгэлт хамбын шарилд очиж
залбирах мөргөлийн аялал. Өвөл зун, өдөр шөнөгүй л тийш зорих ардын зам балрахгүй
байгаа. Хэчнээн ч олон автобус дүүрэн хүн тийш зорчиж, хэтэвчээ нимгэлдгийг тооцож
үзвэл нэлээд их тоо гарна. Итгэлт хамбын гэх тэр шарилыг очиж үзэхэд хатаж хорчийгоод
гурав дөрвөн настай хүүхдийнх шиг болсон байдаг.

Манайд ийм
шарил шуумал байдаггүй юу гэвэл байдаг. Наймдугаар богдын багшийнх нь шарил байж
л байна. Өнгөрөгч хавар айлын хашаанаас олдсон шарил бол Итгэлт хамбын шарилын дэргэд
маш сайн хадгалагдсан зүйл байсан. Үнэхээр л үхсэн хүнд мөргөх сайн байдаг юм бол
ийм шүтээнүүд манай өргөн дэлгэр уудам нутагт үй түмээрээ байж л байна. Тэгэхэд
Итгэлт хамбын итгэлт үгүй шарилд очиж мөргөх гэж үйл тамаа үзэн, хил гаалийн оросуудыг
царайчлан, баахан мөнгө төгрөг үрэн, ах дүү хамаатан саднаараа шуурцгаах нь бүр
хэрээс хэтэрсэн үзэгдэл болж. “Айст Монголиа” суваг харж байхад тэнд очиж мөргөж
байгаа монголчууд “Хамбадаа мөргөөд бие, сэтгэл ариуслаа. Орлогын үүд нээгдлээ”
гээд ёстой нэг донгосч өгөх юм аа. Юугаа, хэрхэн шүтэх нь Монгол Улсын “Үндсэн хууль”-аар
олгосон хувь хүний эрх ч эдийн засгийн хямралтай энэ цаг үед жанч халсан хилийн
цаана байх нэг ламын шарилд олсон долсон хэдэн бор юмаа аваачиж өгч, аж амьдралаа
доройтуулахын учир баймгүй л санагдах юм даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эцсийн мөчид…

Саяхан нэг
өгүүллэг уншлаа. Өгүүллэгт монголын нэгэн тансаг баян эрхмийн гэр бүлийн тухай гарах
юм. Тансаг зэрэглэлийн байранд дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч буй гэр
бүл. Эднийх хүү, охин хоёртой бөгөөд хүүхдүүд нь гадаадад сурдаг. Гэтэл энэ гэр
бүлд гай тохиож эцэг нь хүнд өвчнөөр өвчилж, эмчилгээний зардалд бүхий л зүйлээ
зориулж байлаа. Хоёрхон жилийн дотор ямар ч эд хөрөнгөгүй болж тансаг харшид байсан
айл хашаа байшин хөлсөлж, өнгөтэй өөдтэй явахад салдаггүй байсан найз нөхөд ч бараа
сураг нь тасарчээ.

Хоёр хүүхэд
нь сургуулиа ч төгсч чадалгүй эх орондоо ирж нэг нь барилгын туслах ажил хийж, нөгөө
нь эмнэлгийн үйлчлэгчээр ажилд орж аавынхаа эм тариа, хоногийн хоолныхоо мөнгийг
олохын төлөө эцэж, цуцталаа ажиллаж тансаг өссөн хүүхдүүд хүртэл туйлдаа хүрэв.
Энэ бүхэнд эхнэр нь хамгийн ихээр шаналж, шөнөжин уйлсан хоногийн тоо ч алдарчээ.
Ханиа харахаар хэзээ хорвоог орхих бол гэхээс зүрх нь шимширч, хар бор ажил хийж
яваа хүүхдүүдээ бодохоор сэтгэл нь сэмэрч байв. Ингээд эцсийн мөчид эхнэр нь хуримын
бөгжөө ломбарданд тавьж нөхрийнхөө гурав хоногийн тариаг авч байгаа зураглал гарна.

Энэ айлд
үүнээс өөр үнэд хүрээд байх зүйл ч үлдсэнгүй. Нөхөр нь эхнэртээ зориулж 2000 ам.доллараар
авч байсан боловч ердөө 500 мянган төгрөг л хүрсэнд эхнэр нь жаахан гонсгор гэртээ
харив. Гэвч нөхөр нь гомдсонгүй нөгөө мөнгийг нь авч дарга байхаас нь жолоочийг
нь хийж ирсэн хөгшинд өгөв. Энэ гэр бүлд ганц тус болдог хүн нь цагтаа эхнэрийнх
нь арчаагүй, заваан гэж ад үзэж байсан өнөөх жолооч байсан юм. Жолооч ч өнөөх мөнгийг
аваад эм, тариа авчрахаар гарав. Яг энэ мөчид нөхөр нь амьсгал хураалаа. Маргааш
нь уй гашууд нэрвэгдсэн эхнэрт жолооч нэгэн захиа өгөв. Энэ бол түүний нөхрийн үлдээсэн
захиа.

Захианд хоёр
хадгаламжийн дэвтэр болоод тэдний амьдралд хүрэлцэхүйц хангалттай хөрөнгө үлдээсэн
болохыг мэдэв. Захианд “Би нэгэнт эдгэршгүй өвчтэй учраас чинийхээ төлөө ийм шийдвэр
гаргасныг минь уучлаарай. Зовлон үзээгүй өссөн хоёр үрээ эцгийгээ үгүйд барьц алдаж,
ээжийгээ ямар ихээр зовоох бол гэж бодохоос элэг эмтэрч зориуд амьдралд сургасан
юм шүү. Одоо та гурав минь алзахгүй ээ. Намайгаа дахин уучлаарай” гэсэн байжээ.
Эцэг хүн ийм л алсын хараатай, агуу хүмүүс байдаг аж.

Д.ДАВААСҮРЭН

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

Монгол туургатны хөгжмийн зохиолч Б.Наранбаатарынх

“Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, МУУГЗ, Оросын Засгийн газ­рын тэргүүн дээд шагналт, Буриадын ардын жүжигчин, Бадамгаравын Наран­баатарынд өнжлөө. Биднийг очиход Б.Наранбаатарын гэргий соёл судлалын доктор Д.Оюун хаалгаа тайлж байна. Тэрээр нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын охин билээ.

“Өдрийн сонин”-ы хүүхдүүд ирнэ гээд бид хоёр хүмүүстэй уулзах байснаа хойшлуулаад гэртээ ирчихээд байна. Сүүлийн хэдэн өдөр уулзалт тасарсангүй. Алдрын одны хөлд үрэгдэх нь байна шүү дээ” хэмээгээд инээмсэглэв. Энэ гэр бүлийн хоёр орост сургууль төгсөөд Буриадад ажилласантайгаа нийтдээ 23 жил хойно байжээ. Мөн сүүлийн арваад жил Өвөрмон­голд ажилласан байна. Тиймээс Монголдоо олигтой төвхнөж амжаагүй нүүдэлчин маягаар ажиллаж байгаа болохоор хүүгийнхээ байранд байгаагаа учирлав.

Д.Оюун “Та хэд сууж бай. Дөнгөж л орж ирээд бай­сан болохоор юм бэлдэж амжсангүй” гэсээр гал тогоо руугаа орлоо. Бидний яриа саяхан болсон Алдрын хүндэтгэл тоглолтын талаар эхэлсэн юм. Б.Наранбаатар “Алдрын од шагнал авах болсныг хэдхэн өдрийн өмнө л мэдсэн. “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан маань урд тоглолттой явж байгаад нэг тоглолтоо орхиод ирсэн байх шүү.

Ч.Насантогтох Увсын баярт яваад ирж чадаагүй юм билээ. Ийм сайхан шагнал хүртээж байгаад нь баяртай байна. Америкт байдаг алдрын одтой ижил биш очир хэлбэртэй, самбар дээр нэрийг мөнхөлж байгаа нь таалагдлаа. Мөн Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн энэ зун Чингисийн талбайд хийсэн зүйлс хүмүүсийн сэтгэлд их нийцэж байна. Үндэснийхээ дуурь, рок поп, морин хуураа дандаа амьдаараа тоглолоо. Саяын алдрын одны арга хэмжээ ч сайхан боллоо. Бараг хүн ирэх юм уу гэж байтал бүр суудал ч олдохгүй арай гэж эхнэрээ урд сандал олж суулгасан шүү” гэв.

Баруун гарынх нь дунд хурууны өндөг цус хураад хүрэн өнгөтэй болчихож. Хүндэтгэлийн тоглолтын үеэр “Цэнхэр залаа”-г ятгаар тоглосноос ингэжээ. Тэр болгон ятга тоглохгүй болохоор жаахан сургуулилт хийтэл нь цэврүүтэж тоглолтын урд өдөр хагарч ус нь гараад давстай хар цайнд дүрж юм юм л болсон гэнэ. Тэрээр “Яг тоглох дээрээ хөндүүрлэж өвдөөд шүдээ зуугаад л тоглосон. Уг нь удаан тоглоод байвал хуруунууд эвэршээд ямар ч өвдөлтгүй болдог. Тоглохгүй удахаар ингэлээ л дээ. Тоглолтын өмнө ер нь болих уу эсвэл хөгжим тавьчихъя гэтэл тогло ам, гар барихыг зөвшөөрөхгүй гээд ээ” хэмээгээд инээмсэглэв.

Чулуу шидэхэд ятгаа хамгаалаад өөрөө цохиулдаг байжээ

Б.Наранбаатар бол анхны 16 мэргэжлийн ятгачны нэг юм. Хөгжим бүжгийн коллежид байхад нь Монголд анх ятга хөгжмийг мэргэжлийн түвшинд бэлтгэхээр анги байгуулжээ. Гэтэл чухам л ятга гэж яриад бусад хичээл ороод байгаа хэрнээ багш ч үгүй, ятга ч үгүй жил шахуу болсон гэнэ. Тэгсээр ардчилсан Солонгосоос Ким Зон Ан гэх эрэгтэй багш, ятгатайгаа ирсэн байна. Дөрөвдүгээр ангийн хүүхдүүд байсныг ч хэлэх үү. Ятганаасаа намхан. Тухайн үед хүүхдүүд их чулуугаар байлддаг. Хичээлээ тараад ятгаа аваад явахаар замд нь хүүхдүүд чулуу шиддэг байж гэнэ. Ингэхэд нь ятгаа хамгаалаад өөрөө чулуунд оногдоод явдаг байснаа хуучлав. Анги нь дөрвөн хүү, 12 охинтой. Эрэгтэйчүүд нь Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбатаа, Ж.Батсайхан энэ хэд. Төгсөх дөхөх үед нь Говь-Алтай аймагт “Алтай” чуулга дөнгөж нээгдэж байж. Тэгээд Б.Наранбаатар нөгөө гуравтаа “Эмэгтэйчүүдийг ч яахав ассамбль, чуулга аваад явчихна. Бид дөрөв хаана ч үгүй л хүмүүс болох нь. Ерөөсөө Алтай чуулга явъя. Хөдөөнөөс дөрвүүлээ ёстой үзүүлээд өгье” гэж ятгана. Нөгөө гурав нь хөдөө явах дургүй байртай. Ингэсээр төгсөлтийн шалгалт ч болж.

Төгсөлтийн дипломын шалгалтыг урлаг заалныхаа тайзан дээр нэг нэгээр нь тоглуулж авдаг байсан байна. Шалгалтын комисст бүх байгууллагын дарга, уран сайхны удирдаачид сууна. Солонгос багш болохоор солонгос дасгал, ая их заадаг байж л дээ. Харин төгсөх курстээ Б.Наранбаатар, Б.Эрдэнэхуяг хоёр гэртээ “Арван тавны сар”, “Дэлгэрхэн дэлхий” гээд ардын дуунуудыг ятганд тохируулж найруулаад тоглодог байсан байна. Солонгос багшийнхаа заасан нэг амархан аяыг аваад өөрсдийнхөө найруулж бэлдсэн “Арван тавны сар”-ыг чөлөөт сэдэв дээрээ тоглож үзүүлжээ. Шалгалтынхан ч босч алга ташаад их өндөр хүлээж авсан аж.

Ингээд тэр үеийн Ардын дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагч байсан МУУГЗ, хөгжмийн зохиолч Г.Цэрэндорж бүгдийг нь чуулгадаа авчээ. Чуулгад ороод хэдхэн хоногийн дараа төрийн концерт дээр “Арван тавны сар”-аа тоглосон байна. Гэвч түүнээс цааш эмэгтэйчүүд нь л мандаад байсан юм уу даа. Энэ талаар “Охидууд ятгын чуулга гэж гараад хөгжмөө тоглоод “гайхмаараа хө”, “би чамайг аваад явах уу” гээд Г.Дарамзагд гуайн гоё гоё дуунуудыг бүгдээрээ дуулна. Ятга уяхан дуутай эмэгтэй хүнд их тохиромжтой. Бид дөрөв тайзны шат зөөнө. Заримдаа найрал дуунд хүн дутвал зогсдог байлаа. Жаахан биетэй юмнууд том том жанжин малгай тавьчихна. Тэр нь бараг нүд халхалдаг байсан байх. Тэгээд мал төл, хадланд явуулна. Ерөөсөө л тийм ажилтай болж байгаа юм. Ятгатайгаа дуулах гэхээр дөрвөн барайсан хар юм дуу хоолой нь ч тохирдоггүй. Найрал дуунд байсан Н.Гэрэлт-Од манай командын нөхөр байлаа. Уг нь их сайхан дуулна гэхдээ бас л ер юманд ордоггүй нөхөр л дөө. Хадланд болохоор бид хамт явна. Хүүхдүүд болохоор дуртай ч байж дээ” гэв.

Гэхдээ цаагуураа нийлээд ардын дуунуудыг найруулаад ятгын зохиолууд хийгээд байж. Тэгээд уран сайхны удирдагч Г.Цэрэндорж руу ороод “Багшаа бид ятгаар төгссөн тэгээд мал төл, хадлан, тайзны засал хийж байна. Эсвэл бидний тайзны ажилчнаар шилжүүлчихвэл яасан юм” гээд гоморхсон гэнэ. Б.Наранбаатар “Багш дуугай явж бай бид мэдэж байна гээд гаргачихлаа. Тухайн үед Г.Дарамзагд, Э.Чойдог, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав гуай гээд дандаа том бурхдууд байлаа. Тэд Д.Түмэндэмбэрэл хоолой нь намдуу болохоор жаахан дарагдаад байна. Ятга л яг таарна гээд Түмэндэмбэрэл ятгын дөрвөн эрэгтэйтэй гээд хуваарилчихаж. Гэтэл Түмэндэмбэрэл гуай уурлаж “Тэгнээ тэгнэ. Та нар надад тааруулаад дөрвөн мууг нь өгч байгаа биз дээ” гэж байсан гэсэн. Тоглолтод орохгүй болохоор муу гээд ойлгочихсон хэрэг. Бид дөрөв нь ч Түмэндэмбэрэл гуайдаа тал засаад яах уу гэтэл “Монгол транс, Юндэн гөөгөө” гээд нэлээд янзгүй хэлж байна. Бидэнд тэр бол үдийн будаа л даа. Ингээд хоорондоо ярилцаад таван минутын дараа нийлж үзсэн. Тэгээд л шал өөр болж байгаа юм. Уран сайхны зөвлөлдөө ч шалгууллаа. Маргаашнаас нь л төрийн бүх концерт, тоглолтод оролцдог болсон доо” гэж ярив. Тэрээр цааш нь “Тэр үеэс ятгын дөрөв гэж гарсан юм. Нэг үе П.Адарсүрэн гээд дуучид дуулахад ч ард нь эрэгтэй эсвэл эмэгтэй ятгын дөрвөл гардаг байлаа шүү дээ. Ятгыг ардын дуутайгаа холбож ятган дээр анх удаа найруулгатай аккордын хүндрэлүүдийг анх нээсэн. Том том багш нарын нөлөө маш их байдаг” хэмээв. Тэгээд нөгөө хэд өөрийн хүн болох Н.Гэрэлт-Одыгоо татаж авсан байна. Ингээд Гэрэлт-Од, Түмэндэмбэрэл, ятгын дөрвөл хэмээн алдаршиж гадаад, дотоод тоглолт, төрийн концертод оролцож цалин нь нэмэгдэн нэг л өдрийн дотор байдал өөр болсон гэнэ.

“Ж.Батсайхантайгаа хамтлагаа байгуулах талаар мөрөөддөг байлаа”

Тэрээр “1969 онд манайх чуулгаараа Москва, Ленинградад соёлын өдрүүд хийлээ. Тоглолт дээр манай Н.Гэрэлт-Од “Подмосковные вечер”-ийг дуулсан. Мөн бид дөрөв ятгаар Чайковскийн “Хунт нуур”-ын аялгууг тоглож алдаршиж байлаа. Биднийг мундаг хүлээж авсан. Тэгээд зөвлөлтийн радиогоор бидний тоглолт Монголд нэвтэрч байлаа. Большой театрын тэр алдартай сайхан тайзан дээр тоглож байлаа. Ятга таван хөгтэй. Түүн дээр дэлхийн алдартай хөгжмүүдийг тоглож, найруулга гаргана гэдэг нарийн мэдрэмж” хэмээв.

Тэр дөрвийн найруулга гарган тоглож буй ритм, тоглож байгаа аккордын хүндрэлүүд гээд хэв маягийг нь тухайн үед хөнгөн хөгжим гэж ярьдаг байсан байна. Мөн 1970-аад онд барууны социалист хамтлагууд их ирдэг байж л дээ. Тухайлбал, Полшийн “Трубадур”, “Амазонк” гээд алдартай хамтлагууд, Германы том оркеструудын тоглолтыг алгасалгүй үзэж орчин үеийн хөгжмийг хардаг байжээ. Дээр нь орос телевиз үздэг нь ч нөлөөлсөн байна. Б.Наранбаатар “Миний баруун гар болж “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулж явсан хүн бол манай Ж.Батсайхан юм шүү дээ. Ноднин нас барсан. Тэр маань сая байсан бол их л сайхан байх байсан байх аа. Тэднийх 120 мянгатад гэртэй. Манайх хоёрдугаар 40 мянгатад байдаг. Бид хоёр ажлаа тарчихаад төв талбай дээр хоёр тийшээ салахгүй баахан ярьж, мөрөөдөж суудаг байлаа. Соёлын яамны орлогч сайд Лодойдамба гуай гадаад, дотоод их явдаг. Тэгэхдээ сонсдог мэддэг хүрээ нь өөр байдаг байсан байгаа юм. Тэгээд нэг өдөр Цох хорхой гэж хамтлаг байдаг та нар мэдэх үү. Тийм хамтлаг болж чадах уу гэж байна. Загатнасан газар маажчихаж байгаа юм. Ингэж л хамтлаг байгуулагдах эхлэл тавигдсан” гэж ярьлаа.

Ингээд Соёлын сайд Сосорбарам гуай Аж ахуйн дарга Шаравтаа “Энэ дөрвөн хүүхэд эстрад хамтлаг байгуулна. Хэрэгтэй юмнуудыг нь өг” гэж үүрэг өгчээ. Нөгөөх нь бараа захисан гээд яваад байдаг. Өнөө дөрөв нь байнга шалаастай сайдад нь очиж хов хүргээстэй хэдэн сар болжээ. Тэгж байтал “Бааз дээр хэдэн гитар ирсэн та нар очоод ачаа барааг нь буулгаад ав” гэсэн гэнэ. Дөрвөн гитараа авах гэж бүх л ачааг нь буулгаж ачиж өгч. Гэтэл дөрвүүлээ басс гитар байсан аж. Тэгээд дахиад хэдэн сар хөгжимгүй явсан байна. Япон руу захисан гээд хүлээж байтал цэцэрлэгийн хүүхдийн сургалтад ашигладаг юм хүртэл өгч байжээ. Ерөнхийдөө “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулах гэж бужигнаж байхдаа л Соёлын яам солл, басс гээд гитарууд өөр байдаг гэдгийг мэдсэн гэнэ. Ингээд хагас жил шахуу болсон хойно нь Соёлын сайд байсан Сосорбарам гуай Япон руу хуралд явах гэж байсан сайдад үүрэг өгч хамгийн сайн хөгжим, тоноглолтой болгожээ.

Монгол попыг “Соёл-Эрдэнэ” үндэслэсэн гэв

Хөгжим хэрэгсэлтэй болчихоод Галсанбат, Жаргалсайхан нар нэмэгдээд хамтлагаа байгуулж байжээ. Дуучнаар Гэрэлт-Од, Нандинцэцэг нар байж. Ингээд орчин үеийн хөгжим дээр өөрсдөө тоглож сурсан байна. Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд байсан болохоор сууриа дандаа ардын дуунуудаар тавьсан аж. Энэ үедээ “Хүүш Дамдин”, “Хадны орой”, “Сэр сэр салхи” зэрэг ардын дуунуудыг шинэ хөгжмийн найруулгатай олон хоолойгоор салгаж дуулж эхэлжээ. Биднийг ийн хөөрөлдөж байхад Д.Оюун “Монгол попыг үндэслэсэн хамтлаг бол Соёл-Эрдэнэ юм шүү дээ. Д.Болдыг үндэслэсэн гэж яриад байгаа нь том эндүүрэл юм” гэлээ.

Ингээд 1971 онд концертын программаа батлуулжээ. “Соёл-Эрдэнэ” хэмээх 1930-аад оны Дорждагва гуайн дууг Б.Наранбаатар шинээр найруулан тавьж түүгээрээ хамтлагаа нэрлэсэн байна. Тэдний анхны тайзны хувцсыг УГЗ Доржпалам скизийг нь гаргаж урлажээ. Тухайн үедээ материалын хямдыг бодоод танзан хилэнгээр гурван шар, гурван улаан пиджак хийлгэн өмсөж байсан гэнэ. Хэт өргөн биш ч трапиц өмдтэй, бие барьсан содон өнгийн пиджактай тухайн үедээ сонирхол татахуйц хувцастай болжээ. Бас зузаан ултай гутал өмсч тайзан дээр гарчээ.

Энэ талаар Б.Наранбаатар “Тэр үед дотоод хяналт гээд бүх том хөгжмийн зохиолчид, багш нар үзнэ. Дараа нь гадаад хяналт гээд Соёлын яам, Төв хорооны үзэл суртал, Хөгжмийн зохиолчдын холбооноос бүрдсэн хүмүүс үздэг байлаа. “Энэ хэдэн сөөсийсөн банди нар юун ч том нэртэй юм” гээд шүүмжилнэ. Алив Наранбаатар хамтлагийн ахлагч нэрээ тайлбарла л гэж байна. Би ч манайх Ардын дуу бүжгийн үндэсний чуулгын дэргэд байдаг. Тийм болохоор бамбарууш, динозавр гэсэн нэр өгмөөргүй байна. Тэгээд Соёл-Эрдэнэ гэж Дорждагва гуайн сайхан дуугаар нэрлэлээ гэж байсан юм. Чанга, сул байна гээд баахан юм ярьсан ч бидний концертыг 100 хувь баталж байгаа. Манай Цэрэндорж багш их айхтар хүн байсан. Махкомбинатад тэр үед дандаа германы мэргэжилтнүүд ажилладаг. Тэр мэргэжилтнүүдийн баяр дээр биднийг анх тоглуулж байлаа” хэмээн ярив. Тухайн цагт шүүмжлүүлж байсан зүйлсийнхээ талаар “Найрамдлын дуу дуулж байхад яагаад дундуур нь хэй хэй гэж хашгирч байгаа юм. Хүүш Дамдин гэж гуч гаруй хэлдэг нь яаж байгаа юм гэж сонин дээр шүүмжлүүлж байлаа. Бас миний “Эндүүрэл” дууг “Энэ нөхөр эндүүрчээ, андуурчээ гээд орилоод байх юм. Эндүүрсэн андуурсан юмаа бид энд дуулахгүй шүү нөхөөр гээд шүүмжилж радио бичлэгийг нь хааж байсан. Дараа нь болохоор энэ их сайн дуу, маш мэргэжлийн хэмжээнд бичигдсэн дээшээ доошоо их гарсан сайхан дуу” гэж байлаа. Манай Зундарь бид хоёр үзэл суртлын хэлтэст зөндөө дуудагддаг байсан шүү дээ. Одоо чөлөөтэй сайхан болж. “Нисванис”-ийн Амгаа “Зүрхээ зүсээд хуваамаар” гээд дуулж байна ш дээ. Бид одоо 70 хүрэх гэж байгаа хүмүүс. Гэхдээ сэтгэлгээгээрээ залуу. Урлагаар дамжуулж хүмүүжил, соёл, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн юм” хэмээн ярив.

Ятгын ганцаарчилсан төрлөөр Дэлхийн залуучууд оюутны наадмаас алтан медаль хүртжээ

1973 онд Дэлхийн залуучууд оюутны X их наадамд монголын чуулга, сор болсон хүмүүс, ардын хөгжмийнхөн тусгай программ зохиож оролцжээ. Тэнд Монгол Улсыг төлөөлсөн концертод “Соёл-Эрдэнэ” хамтлаг “Хүүш Дамдин”, “Цэнхэр залаа” болон наадамд зориулж “Залуус их наадамдаа” зэрэг дуунуудаа дуулахаар оролцжээ. Тэр үед болсон нэг хөгтэй зүйл нь “Социалист оронд явах гэж байж ийм байж болохгүй” гээд хамтлагийнхны үсийг нь тайрч сарфан шиг зүйл өмсгөн жигдрүүлж байсан гэнэ. Энэ талаар Б.Наранбаатар “Тухайн үедээ үзэл суртлын юм байсан. Гэхдээ аажимдаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Тийм хөгжмийг чинь зүгээр нэг хөвөнтэй өмдтэй гараад тоглоод байж болохгүй биз дээ. Биднийг анх монгол захтай урт хантааз өмсүүлээд, үсийг нь тайраад байдаг байсан. Тэгээд аяндаа нийгэм, хөгжил хүлээн зөвшөөрч эхэлсэн” гэв.

Берлинд болсон тэр Дэлхийн залуучууд оюутны фестивалийн бас нэг сонин нь Б.Наранбаатар ятга тоглоод алтан медаль хүртэж байжээ. Язгуур урлагийн төрөлд тэмцээн зохиоход нь оролцмоор санагдаад л оролцчихсон гэнэ. Тэгээд Цэрэндорж багшдаа хэлж бүртгүүлээд ангийнхаа найзын ятгыг гуйгаад ганцаараа тоглож очжээ. Бэлдэж очсон хүмүүс тэр хөгжмөөрөө гоцлож ард нь үндэсний хөгжим хавсарч байсан гэнэ. Гэсэн хэдий ч түрүүлж монголдоо анх удаа ятга хөгжмөөр алтан медаль авчирч байжээ.

“Соёл-Эрдэнэ” орцонд архи уудаг хүмүүсийг алга болгов

“Соёл-Эрдэнэ” хамтлаг гарснаар орцонд архи уудаг хүмүүсийг гитар тоглодог залуус шахаж гаргасан байна. Өнөө хэр түүнд Харангын Чука, Энхманлай, Одсүрэн нар “Нараа ах сайхан залуу байсан шүү. Бид ингэж тоглох юмсан гэж боддог байсан” гэж ярьдаг гэнэ. Хөдөө орон нутгаар ч яваагүй газаргүй гэв. Тухайн үед Улсын филармонийн төлөвлөгөөг ганцхан “Соёл-Эрдэнэ” хийдэг байсан аж. Энэ талаар “Тэр үед нэг сард 45 мянган төгрөгийн орлого хий гээд үүрэг өгнө. Бид чинь концертоо тоглоод нийтийн бүжиг явуулна. Ямар сайндаа Дуурийн театр төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байна гэхээр нь бид хоёр удаа үнэгүй тоглож төлөвлөгөөг нь биелүүлж өгөх жишээтэй. Хүмүүс орох гээд хамаг цонхыг хага цохичихно. Нөгөөдүүл ч мөнгө л бүрдэж байвал эвдэх хамаагүй гэдэг байсан. Циркийн тэр том сайхан шилийг бас л хагалуулна. Очсон газар бүхнийхээ цонх хаалгыг хагалуулдаг байсан даа. Ямар сайндаа “Эх нутгийн дуу” билүү концерт 19:00 цагаас тоглох байтал 20:00 цаг болж байхад үзэгчид нь орж чадахгүй. Сэргийлэх ирээд нохой тавьж, гал команд ирээд гурван есийн хүйтэнд ус цацаж байж замбараатай болгож байлаа. Хөлийн дор дэвсдэг шороотой даавууг нэг сахилгагүй нь л дээш нь гаргачихсан бололтой. Бөөн шороо маналзсан даавуу газар унахгүй явж байгаа харагддаг байв. Би чинь 10-аад жил “Соёл-Эрдэнэ”-ийн уран сайхны удирдаачаар ажилласан. Тэгэхэд хөдөө ч, хотод ч үзэгч пиг дүүрэн, билет олддоггүй байсан” гэж хуучиллаа.

Сургуульд явуулахгүй болохоор нь Ханх сум руу ажиллахаар явж байлаа

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн уран сайхны удирдагчаар ажиллаж байсан болохоор сургуульд явуулдаггүй байсан гэнэ. Энэ талаар “Хэрвээ явуулчихвал дууны найруулга, төлөвлөгөө, ашиг тасарна гэж үздэг байсан юм шиг байна лээ. Тэгээд би өөрөө Ханх сум руу ажиллахаар хүсэлтээрээ явж байлаа. Тэгээд удаа ч үгүй дуудагдаж ирээд ажилласан. Дараа нь Ленинградад сургуульд явсан юм. Оюутан ахуйдаа Д.Оюунтай танилцаж гэр бүл болсон” гэж ярив.

Б.Наранбаатарын хүүх­дүүдээс “Сонорын Н.Халиун аавынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа. Энэ талаар “Хүү маань хийсэн уран бүтээлээ үзүүлнэ. Надаас зөвлөгөө авах юу байхав. Урам хайрлана. Миний хүү их авьяастай. Анх аранжровшик гэдэг мэргэжлийг албан ёсоор гаргасан хүн нь Халиун шүү дээ. Бүх одууд Б.Сарантуяа, Т.Ариунаа, Камертон. Тэр бүх аранжровшикийг нь хийгээд дашка мастерийг нь хийгээд одооны энэ зүйлийг тавьсан” хэмээв. Д.Оюун ч “Халиун үнэхээр аавынхаа авьяасыг авч төрсөн хүүхэд. Дээрээс нь маш ажилсаг, даруу шүү дээ. Анх аав нь найруулга хийгээд 1990-ээд оноос хүү нь бүр мэргэжлийн болгож байна. Манайд дуучин алдаршаад байдаг тал байх юм. Хөгжмийн найруулга гэдэг хамгийн гол ажил л даа. Байшингаар бол өрлөгчин, шаварчин нар алдаршаад, инженерүүд нь мэдэгдэхгүй өнгөрөөд байна гэсэн үг” гэв. Мөн охин Н.Нар-Оюу нь Ленинградад оюутан ахуйд нь мэндэлжээ. Буриадад цэцэрлэгээсээ эхлээд хөгжмийн дунд, дээдийг төгссөн. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны хамгийн залуу гишүүн эмэгтэй юм байна.

Б.Наранбаатар гуай загасчлах их дуртай гэнэ. Д.Оюун “Халиун аавтайгаа загас л их ярина шүү дээ. Энэ хоёрын дуртай юм нь” гэсэн бол Б.Наранбаатар “Бид оюуны ажил эрхэлдэг хүмүүс. Загасчлах тархинд маш сайхан амралт болдог. Бас өөрөө ч мэдэлгүй их хол алхсан байдаг юм. Монголынхоо бараг бүх голд загасчилсан байх аа. Би бас загас барих түүгээрээ хүмүүст хоол хийж өгч магтуулах дуртай. Ер нь загасчлах бол хэрэгцээнийхээ хэрээр л авах хэрэгтэй. Хэрэгцээнээсээ илүү гаргаж бариад өмхийрүүлдэг хүмүүст дургүй. Ашиг олох зорилгоор дэлбэлэх, тор тавих таалагддаггүй юм. Ер нь тэгээд тул загас Улаан номонд орсон барьж болохгүй л гэсэн бол болохгүй шүү дээ. Дэлхий тэр чигээрээ байгаль орчноо хамгаалах чиглэлд явж байна” гэж ярив.

Улсын томилолтоор монгол туургатнууддаа туслахаар явжээ

1990-ээд онд Буриадаас манай улсын Соёлын урлагийн хороонд ардын урлаг, орчин үеийн урлагийн талаар мэддэг мэргэжилтэн явуулахыг хүсчээ. Тухайн үед дарга нь байсан Б.Бадар-Ууган тэр дагуу Б.Наранбаатар, Д.Оюун хоёрыг гурван жилийн хугацаатай томилолтоор явуулсан байна. Хэдий гурван жилийн гэрээгээр Буриадын “Байгаль” чуулгад очсон боловч тэдний хүсэлтээр гэрээгээ хоёр, гурван жилээр сунгасаар 17 жил болжээ.

Анх очиход нь Буриадын Үндэсний хөгжмийн оркестр гэхэд баянтай, басс гитартай, ёочинтой халтар хултар байсан гэнэ. Тэгээд том оркестр болгосон төдийгүй ОХУ-д дээгүүр орох хэмжээнд хөгжүүлжээ. Тэрээр “Буриадад би 400 дуу хийсэн байдаг. Мөн бүжгийн хөгжим, киноны дуу гэхэд 100 гаруйг бичсэн байна. Арваад драмын жүжгийн хөгжим бичжээ” хэмээв. Түүний Буриадын театрт зориулж бичсэн “Угийн сүлд” хэмээх хөгжимт жүжиг нь ОХУ-ын хэмжээнд 87 мэргэжлийн театр өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт оржээ. Өвөрмонголын Одон телевизийн Радио телевизийн улсын хороо том чуулга, найрал дууны бүлгэмтэй аж. Тэнд очиж ажиллан үндэсний хөгжмийн хамтлаг шинээр байгуулжээ. Энэ мэтээр монгол туургатныхаа хэмжээнд хийсэн ажил нь их гэнэ.

Ирэх есдүгээр сард Өвөрмонголд очиж хүүхдийн найрал дууны СD гаргах гэнэ. Тэрээр “Ер нь нас өндөр болсон болохоор Монголдоо амьдрахаар юмаа дөхүүлж байгаа. Одоо ятгынхаа CD-г гаргах гэж байна. Ятгын сурах хийж байна. Дандаа ардын дуугаар хийх гээд бэлдэж байгаа. Гэхдээ энд тэндээс дуудаад юм хийж өгөөч гээд байдаг юм. Баянхошуунд байдаг дүүгийндээ, хүүгийнхээ энэ байранд, XIII хороололд байдаг охиныдоо юмнуудаа тараагаад байж байна” хэмээв. Харин Д.Оюун “Номоо ангилж дугаарлатал 85 хайрцаг болсон. Баянхошуунд амбаарт хураах гэж арав гаруй хоног ноцолдсон. Манай хүний даралт нь өгсчих гээд байдаг. Уг нь манай хүн пянзны цуглуулгатай. Бид хоёр ч гадаадад явахдаа заан их цуглуулдаг. Харин хамаг хогшлоо энд тэнд тараачихаад үзүүлэх юмаар тааруухан байна даа” хэмээх аж.

Ийнхүү биднийг ярилцсаар явах болоход Өвөрмонголын Одон телевизийн найруулагч Хас-Эрдэнэ залгаж нэг дууг дөрвөн ятганд найруулаад даруйхан явуулаад өгөөч гээд байгаа бололтой. Нөгөөхийг нь Б.Наранбаатар гуай “Энэ дуу чинь манай дунд голтой адилхан юм байна” хэмээж байв. Тэгээд утсаа таслаад “Зөвхөн рок поп ч биш би хөгжмийн зохиолч болохоор миний энэ ажил дуусашгүй, ширгэшгүй ажил юм. Одоо нас яваад Монголдоо суурин байж их юм хийх хүсэлтэй болж байна даа” гэсээр хаалган дээрээ үдлээ.

Ж.Баярсайхан

Гэрэл зургийг Г.Лхагвадорж