Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

12 мянганы тэртээгээс ирсэн үлэмж биет арслангийн гүег

Сибирийн хөлдүү цэвдэг, гүн хөр цас бол эртний хүн, амьтан, ургамлыг өнөө цагт хадгалан үлдээх хамгийн сайн бунхан. Эндээс эртний арслан заан, хүн, барсын олдворууд гарч ирэх нь элбэг. Өнгөрсөн сард л гэхэд Якутын Шинжлэх ухааны академи бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн эртний агуйн арслангийн хоёр зулзага олжээ. Эрт цагт эдгээр гүег эхийн халуун хэвлээс унаж, хөхөө хөхөж, амьдрал гээчтэй танилцаж байсан биз ээ. Гэвч гэнэтийн ослын улмаас хорвоод төрөөд нүдээ ч нээж амжаагүй байсан зулзагнууд цасан дор үүрд нойрсчээ. Тэднийг 12 мянган жилийн настай гэж үзэж байна. Магадгүй үүнээс ч урт настай байж болох. Эрдэмтэд жинхэнэ насыг нь тогтоохоор нарийвчилсан судалгаа хийж байгаа юм. Тэдэнд Якутын Шинжлэх ухааны академийнхан Уян, Дина гэх нэр өгчээ. Гүегүүдийг Абын дүүргийн “Уяндина” голын эрэг орчмоос олсон хэмээн академийн эрдэмтэн доктор Алберт Протопопов мэдэгдсэн байна. “Уяндина” гол нь Якутын нийслэлээс 1045 км зайд оршдог аж. Археологийн үнэт олдворууд гүн цэвдэг дор олон мянганы турш байсан ч үс, ноос, дотор эрхтэн, амны хөндий, тэр бүү хэл сахал гээд бүхий л бие нь дөнгөж өчигдөрхөн амьдарч байсан мэт маш сайн хадгалагджээ. Энэ бол агуйн арслангуудын олдворууд дотроос хамгийн бүрэн бүтэн үлдсэн томоохон олдворуудын нэг юм. Эрдэмтэд өдгөө генийн судалгаан дээр илүү ажиллаж агуйн арслангуудын тухайн үеийн хооллолт, ахуй амьдралыг судалж байна. Түүнчлэн гүегүүдийг Их Бри­танийн Гронингенийн их сур­гуульд радиокорбаны шин­жилгээ хийхээр авч явжээ.

Уян, Дина нар хорвоод мэндлээд тун удаагүй, магадгүй хоёр долоо хоног, хамгийн цаад тал нь нэг нас хүрч байсан аж. Тэдний хүйсийг хараахан тогтоогоогүй ч эмэгчин байх магадлалтай гэсэн байна.

Анх 2008, 2009 оны үед Оксфордын их сургуулийн эрдэмтэд манай дэлхий дээр тодруулбал одоогийн Их Британи, Европ, хойд Америкийн нутаг орчмоор 13 мянган жилийн тэртээ vлэмж биет арслангууд амьдарч байсан талаар тогтоож байжээ. Аварга том арслангууд нь Африкийн арслангаас дөрөвний нэг дахин том бөгөөд идэш тэжээлээ барьж авахад зориулагдсан урт мөчтэй байсан аж.

Оксфордын судалгааны багийнхан эртний арслангуудын vлдэгдлийг хойд Америкт амьдарч байсан Америкийн арслан, Орос, Аляск, Юкон болон Европын хойд хэсгээр амьдарч байсан агуйн арслан гэсэн хоёр хэсэгт хуваасан юм. Эл амьтад хүйтэн, мөсөн тундртай бүс нутагт амьдарч байсан гэх. Тэд газар нутгаа заан, хирс, бар, буга гэх зэрэг биеэр том амьтдын сvрэгтэй хуваалцаж байсан байж болох. Одоогийн арслангийн өвөг болох эдгээр нууцлаг амьтад 13 мянга орчим жилийн тэртээ бөөнөөрөө устаж үгүй болсон аж. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр, эсвэл сөргөлдөгч дайсан, хүний үйл ажиллагааны улмаас устсан байх гэсэн таамаглалыг археологийн судлаачид, эрдэмтэд дэвшүүлдэг. Тухайлбал, эртний хүмүүс хүнс, тэжээлийг нь устгаж, арслангуудыг олноор нь авласан гэж тэд vздэг байна. Харин эдгээр олдворууд эртний агуйн арслангууд яагаад устаж үгүй болсныг хэлж чадна гэжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хамгийн хурдан “SUV Bentayga”-гийн анхны хувилбар гарлаа

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч АНУ-ын “”Bentley компани анхны SUV төрлийн “”Bentayga машиныхаа анхны загварыг танилцууллаа.

Тэд эл машинаа Холливууд дахь “Sunset Marquis” зочид буудлын цэцэрлэгт цөөн тооны хүмүүс, хэвлэлийнхэнд үзүүлсэн байна.

Энэ загвар нь 608 ширхэг үйлдвэрлэгдэж байгаагаас 75 нь Америкийн зах зээлд гарах юм. Энэхүү хамгийн хурдан гэгдэх машиныг дээдсийн хүрээний хэдхэн хүнд, давтагдашгүй загвараар гаргаж өгч байгаа юм.

Ийм ангиллын автомашинууд олон гарсан ч Bentayga нь анхны гар хийцийн SUV гэдгээрээ онцлог.

Арван өнгөний сонголттой Bentayga нь зөвхөн өөрт нь зориулагдаж бүтээгдсэн зургаан литрийн “W12 twin-turbo” хөдөлгүүртэй. Энэхүү 600 морины чадалтай хөдөлгүүрийн дээд хурд 300 км/цаг буюу ангилал дотроо хамгийн хурданд тооцогдож байна. Үнэ нь 287,000 ам.доллараар үнэлж байгаа аж.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангараг гариг дээр ажиллах роботуудыг бүтээнэ

Сар эсвэл Ангараг гарагт бааз барихад туслах, мөн уг баазуудад үйлчлэх роботуудыг Японы сансар судлалын ЖАКСА агентлаг бүтээхээр төлөвлөжээ.

Дэлхийгээс алслагдмал зайд ажиллах үед командын төвөөс холбогдох дохиог хүлээж авахад асар их хугацаа шаарддаг учраас сансрын орон зайг эзэмшихэд ийм бие даасан роботууд бүтээх нь маш чухал болохыг онцлон тэмдэглэж байна.

Эрдэмтэд роботуудаар сар юмуу, ангарагийн гадаргын бодисоор барилгын материал хийлгүүлэхийг зорьж байгаа гэнэ. Тэдгээр материаль нь төмөр, хөнгөн цагаан, эрдэс янз бүрийн эрдэс бодис гээд ямар ч материал байж болох аж.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Японы сансрын агентлаг Канагава мужийн Сагамихара хотод туршилтын талбай байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь сар эсвэл Улаан нүдэн гарагийн гадаргууг дуурайлгасан 400 хавтгай дөрвөлжин метр элсэн талбай байх юм. Роботуудыг бүтээхэд ЖАКСА-гийн мэргэжилтнүүд Японы хэд хэдэн компанитай, тухайлбал, жолоочгүй автомашин бүтээж байгаа автомашин үйлдвэрлэгчидтэй идэвхтэй хамтран ажиллах төлөвлөжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Амт, үнэртэй болгодог аяга бүтээжээ

Өдөрт гурвал литр цэвэр ус ууж хэвших нь эрүүл мэндэд сайн гэдэг. Гэхдээ дан цэвэр уснаас илүүтэйгээр ундаа, жүүсний сонголт хийдэг хүмүүс олон. Тэр тусмаа хүүхэд багачуудад ус уулгана гэдэг асуудал байдаг. Тэгвэл эдгээр хүмүүст зориулсан нэгэн ид шидтэй аягыг бүтээжээ.

Энэхүү аяганд цэвэр ус хийгээд уух үед яг л жимстэй цай юм уу ундаа ууж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үнэр амтыг мэдрүүлдэг байна.

Ингэснээр таны тархи цэвэр ус биш ундаа жимсний жүүс ууж байгаа мэтээр хүлээн авч, танд таатай мэдрэмж төрүүлэх гэнэ.

Categories
булангууд мэдээ өд-бэх

ӨГҮҮЛЛЭГ: Гүнз

“Өдрийн сонин” зохиолч, яруу найрагчдын шилдэг бүтээлийг хүргэж, уран бүтээлчдийн энэ гэгээн ертөнцөд өрнөсөн шинэ содон үйл явдлын мэдээ мэдээллийг хүргэхээр “Утга зохиол” булан нээсэн юм. Энэхүү буланд хэвлэгдсэн Г.Аюурзана зохиолчийн “Гүнз” өгүүллэгийг нийтэлж байна.

Үүр хаяараа ч үгүй байхад Гүнз сэрэв.

Үдэш хүүгээ унтуулчихаад, салхинд гарсан эхнэр нь шөнө дундаас хойш орж иржээ. Одоо жигдхэн амьсгалаад унтаж байна. Хацарт нь эрүүл цус гэрэлтэн туяарч байгаа даа хэмээн төсөөлөхдөө Гүнз залуу эхнэртээ хайр хүрч инээмсэглэв. Эхнэр нь хөнжлөө дэлгэн шургах зуураа амандаа ямар нэгэн дуу гүнгэнэн аялсан сан. Ямар дуу байв даа? Тэрүүхэн үед нь сайн тогтоож авсан ч, одоо бол мартжээ. Юутай ч тэр дууны үгийг өвгөн залуудаа буйд хөдөөгийн нэгэн тариачнаас олж сонсоод, цааснаа буулгаж тэмдэглэсэн билээ. Тэмдэглэсэн дууны тоо гурван зуу хол давсан тул чухам аль дууг эхнэр нь аялсаар гэртээ орж ирснийг санах амаргүй аж.

Гүнз насан өндөр болсон хойноо өөрөөсөө гурав дахин залуу, гурав дахин царайлаг, мэдээж гурав дахин тэнэг эхнэр авчээ. Мэдээж гэсний учир нь, ямар ч ухаалаг эм хүн тахианы хэрийн л уураг тархитай гэж үздэг Гүнзийн хувьд залуу эхнэр өөрөөс нь дор хаяж гурав дахин тэнэг л байсан байж таарна. Чалхтай өвгөн сайхан хүү хийж, залуу эхнэр гоц ухаантай хүү төрүүлсэн тэр гайхамшигт өдөр цагийн аясаар тэртээд хоцорч, өвгөний хувьд гэрээс гарах нь бүү хэл, хорин алхмын цаадтайх цэцэрлэгийн сэхээвч рүү очих ч хүчир хэцүү хэрэг болов. Харин тэрхүү сэхээвчинд өвгөнөөс, магадгүй, ес дахин мунхаг боловч хүч чадал, хүсэл тэмүүллээрээ ес дахин илүү идэрмэг эр үдшийн цагаар нуугдан суудаг болжээ.

Эхнэрийнхээ уулзаад буй хархүүг Гүнз сайн мэднэ. Тийм ч цэл залуухан эр биш. Яахав дээ, чихний үзүүрт бол “ганц бие эр хүн” гэдэг үг хэзээд дур булаам, магадгүй, эрэлхэг баатар гэх шиг сонсогддог байх л даа. Харин “хөгшин эрийн залуу эхнэр” гэдэг үг ямагт хялбархан олз мэт дуулдана. “Хялбар олз” өөр рүү нь харц унагасан “дур булаам баатарт” унаж гүйцэх нь аргагүй. Үнэн хэрэгтээ бол, инжний мөнгөгүй ядуу дорд нэгэн учраас л өдий хүртэл гоонь яваа гэдгийг нь олж харахын тулд эр хүн болж төрөх хэрэгтэй ч юм бил үү? Гүнз эхнэрээ өөрөөс нь ч илүү ойлгодог тул, хацар нь туяаран унтаж буйг төсөөлөхдөө ахин инээмсэглэлээ.

Ер нь хүмүүсийн мөн чанарыг нэвт шувт мэддэг байх ч дэмий зүйл юм даа.

Уг нь Гүнз авааль эхнэртэйгээ тавин нас хол давтлаа сэтгэл нийлж сайхан амьдарчээ. Гэвч эхнэр нь тавин тавтайдаа тэнгэрт одож. Нас барахынхаа өмнө энэ залуухан бүсгүйг гэрийн ажилд хамжилцуулахаар авчирсан бөгөөд яг үнэндээ бол эр нөхрөөсөө нууцаар эр нөхөртөө зориулан сүйлж, инж бэлгийг нь сэм төлөөд авчирсан хүүхэн байсан хэрэг. Ажилсаг, дуулгавартай, бага иддэг, бас цэвэрч бүсгүй талийгаач эхнэрт нь машид таашаагдсан юм. Хөгшин нь амьсгал хураахдаа дараагийн эхнэрийг нь бэлдсэнээ нөхөртөө дуулгаад, “Энэ бүсгүй бидний хүүг төрүүлэх ёстой шүү!” гэж хатуу сануулсан аж.

Тэнгэрийн санааг бид таах биш дээ.

Хөгшнөө нас барснаас хойш Гүнз чанд ёсыг даган, гурван жил гашуудав. Энэ гурван жилд бүсгүй журамтай, ажилсгаараа түүний сэтгэлийг татаж чадсан бөгөөд өвгөн өөрийгөө бараг залуугаараа байгааг гэнэт мэдрээд ахин аз жаргалтай болсноо одоо эргэн дурсаж хэвтэнэ. Талийгаачийнх нь насан туршаа мөрөөдөж байсан хүүг залуу эхнэр төрүүлж өгчээ. Гүнз удам залгах хүүгийнхээ нялх улаан царайг баясан ширтэхдээ тэнгэрт буй эхнэртээ илүү талархаж байсандаа одоо жаахан гэмшив. “Өөрт нь хангалттай талархаагүй учраас л шөнө болмогц сэхээвчний сүүдэрт нуугдан буй тэр харанхуй бүдүүлэг амьтан руу гүйх болсон юм биш байгаа?”

Хэдий асар их ухаантай боловч, Гүнз заримдаа өөрийнхөө өтөл насыг, эхнэрийнхээ залуу насыг мартчихдаг аж. Эр хүний л араншин даа. Гэвч түр зууртаа мартагдсан зүйлс эргэцүүлэлд нь баригдаад ухаан санаанд нь жам ёс ахиад л тов тодорхой болдог юм.

Эмэгтэй хүнд өөрийгөө биш, өөрийнхөө амьдралыг ч биш, зэрэг зиндаа, өв хөрөнгө, бүр үр хүүхдээ ч биш, эр хүнийг л илүүтэй бодох нас гэж байна. Энэ хорвоог Гүнз ямар мэдэхгүй биш дээ. Тэр өөрөө ч мөн эр хүн. Гэхдээ залуу эмэгчний хүсэл болсон эр хүн бол амьсгал бачимдтал нь тэврэх чийрэг гар, шунамгай халуун үнсэлт, хамаг биеийг нь бадайруулж орхидог тэр л ичгүүртэй хүчирхэг эрхтэн. Магадгүй, эм хүн өөрийгөө ямар нэгэн зүйл сох дутуу заяагдсан амьтан гэж дорд үзэж явдгаасаа болоод л бусдын илүү зүйлийг өөртөө оруулан барих мөчдөө жинхэнээсээ сэтгэл дүүрэн болдог ч байж мэднэ. Өвгөнд харин залуу эхнэрээ дүүрэн байлгах ид шид үлдсэнгүй. Гэвч энэ нь хорвоод гомдох шалтаг биш ээ.

Гомдолд ч, талархалд ч тэнцэх зүйл угаас хаа ч үгүй.

Гүнз залуу эхнэртээ нялуун үг хэлдэггүй. Эм хүний чихэнд наалдацтай уран гоё үг урсгая гэвэл хэн хүнээс илүү чадах ч тийм үгсийг шидтэйхэн хэлэх нас гэж бас байна. Тэгээд ч анхнаасаа л тэдний хооронд эзэн хийгээд үйлчлэгчийн л харьцаа оршсоор иржээ. Харин нөгөө сэхээвчний сүүдэрт нуугдсан ядуу эр бол “Чи ямар хөөрхөн нүдтэй юм бэ?” гэж хэлдэг байж таарна. Бас биеийнх нь нууж хааж явдаг өөр хэсгүүдийг ч хормойг нь сөхөнгөө магтдаг биз. Эм хүний хувьд эр хүнээс бие эрхтэн рүү нь хандсан магтаалын үг сонсоно гэдэг “Чамайг би жирэмслүүлье” гэж буй мэт, эм хүн өөрөө цаад эрдээ сайхан харагдахыг хичээх нь “Чамаас би хүүхэд олъё” гэж буй мэт тийм л нэг нууц хуйвалдаан юм. Гүнз чилсэн сүүжээ сэлгэн хөрвөөнгөө “Магадгүй, хүү минь төрсөн дүүтэй болбол сайн ч биз” хэмээн өөртөө хэлэв.

Эхнэр нь амандаа дуу аялсан ч, дуу нь нэг л гунигтай байсан шиг.

Нүүр царайндаа, хувь тавиландаа, хайр сэтгэлдээ, ерөөсөө энэ амьдралд сэтгэл дүүрэн явдаг нэг ч болов эм хүнтэй таарч байснаа Гүнз огт санахгүй байлаа. Ой ухаан нь ингэтлээ мохсон ч юм биш, сэтгэл дүүрэн байх гэдэг угаасаа л эм хүнд харш зүйл шүү дээ. За, тэгээд хов ярих, буруу замд бусдыг зуучлах дуртай авгайчуул хорвоогоор нэг байна. Эхнэрийг нь гоонь эрийн амраг болгохоор ятгахдаа “Хүзүүнд чинь үрчлээ гарах нь ээ. Өвгөжөөр нөхөртэй хүүхэн амархан өтөлдөг юм байна шүү. Одоохон, чамайг хүн шохоорхож байгаа дээр янаглаад амжихгүй бол, амьдрал чинь дууслаа!” гэж санаа тавьсан ч байж мэднэ. Эм хүн аминчилж шивнэсэн үгэнд автамхай, журамт эхнэр байх уу, эмэгчин амьтан явах уу гэдгээ ч хөндлөнгийн хүний үгээр л сонгодог. Өвгөрсөн нөхөр нь түүний дутуу гуцуу тал юм бол, залуу эртэй амраглаж л байхгүйгээ сэлбэхээс яах вэ?

Гэхдээ үүрийн энэ харанхуй тэнгэр насны бөгсөнд залуу эхнэр авсныг нь буруутган шоолж буй ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй. Харин ч залуу эхнэрийн хүчээр Гүнз өв залгамжлагчаа хорвоод үлдээж чадлаа шүү дээ. Эхнэр нь шөнөдөө сэм гарч гүйх бол яльгүй явдал. Өөр эр хүн шохоорхохын тухайд бол, аль залуу хүчирхэг эрчүүл хормой султай эхнэртэй байхыг тоочиж барах билээ? Эд хөрөнгөгүй, байр суурьгүй, нэр алдаргүй, ямар ч ирээдүйгүй эрд өөрийгөө зориулахаар хөгшин хэдий ч баян, нэр хүндтэй, язгууртан нөхрөө мэхлээд тэр сарампай сэхээвч рүү үдэш бүр гүйнэ гэдэг чинь цаад утгаараа бол эхнэр нь үнэн сэтгэлтэй хүн болохыг харуулж байгаа бус уу?

“Мэдэхгүй дээ, эм хүнийг гүйцэд танихын тулд өөрөө эм хүн болж төрөх ёстой дог оо” гэж Гүнз бодоод, нэг их тайвшралыг мэдэрч инээмсэглэв.

Тайвшрахад нь үүр цайж, дараа нь нар манджээ. Өдөржингөө Гүнз “Шүлэглэлт ном”-ыг энд тэндээс нь сөхөн уншсан бөгөөд нар шингэхтэй хамт түүний амь ч бөхлөө. Дараа нь бүрэнхий нөмөрч, чив чимээгүй суурингийн дээгүүр одод түгэв. Тэр л оддын зүг нисэн хөөрөх замдаа Гүнз сэхээвч рүү гүйн очих залуу эхнэрээ сүүлчийн удаа энхрийлэн харж, “Дулаан юм өмсөхгүй дээ!” хэмээн дуу алджээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Байршил илрүүлэгчтэй гутал үйлдвэрлэжээ

Японд GPS төхөөрөмж суурилуулсан гутал худалдаалагдаж эхэлжээ. Энэ зүг чиг тодорхойлох систем бүхий гутал тухайн гутлын эзэн чухам хаана явж буйг үүрэн гар утас юм уу компьютерийн дэлгэцэн дээр харуулах болно. Төхөөрөмж гутлын өсгий дотор суурилагдав. Тусгай сайт дээр бүртгүүлснээр гутлын эзний байрлалыг эцэг, эх нь төдийгүй танилууд нь, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ч хянаж байх боломжтой юм.

Киото хотод үйл ажиллагаа явуулдаг “Вишхиллс” компани тэдний үйлдвэрлэж буй энэ гутал ой санамжаа алдсан хөгшин хүмүүст болон хүүхдүүдэд ашиг тустай хэмээн мэдэгдэв. Хөгшид болон хүүхдүүд их хот дотор төөрөх юм уу алга болох магадлал өндөр гэнэ. Үүнээс өмнө Японд тусгай зүүлтийг нэвтрүүлсэн хэдий ч өндөр настнууд тэдгээрийг мартаад гэртээ үлдээдэг байжээ. Харин хүмүүс гутлаа гэртээ мартах нь юу л бол гэж компанийн төлөөлөгчид өгүүлэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тамхины утаа

“Тамхины хяналтын тухай” хууль гарснаар олон нийтийн газар улайм цайм баагиулаад байх нь багассан гэж болно. Харин энэ хууль гарснаар тамхины үнэ өсч, олдоц нь багасч, хулгайгаар зарах нь нэмэгдсэн гэж гомдогсод олширсон. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор архаг тамхичид гадаа гарч тамхилах нь багасч байна. Мэдээж тэдэнд зориулсан дулаан байр бэлдэж байгууллага илүү зардал гаргахгүй. Тиймээс архгууд хаа нэгэн газар булан тохой, умгар өрөөг бараадаж тамхилна. Олон жилийн өмнө Английн эрдэмтэд нэгэн судалгаа хийж олон нийтийг цочирдуулсан гэдэг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хязгаарлагдмал орчинд тамхи татах нь задгай орчинд татсанаас хэд дахин илүү хор уршигтайг тогтоожээ. Машиндаа тамхилдаг иргэд уушги болон зүрхний шигдээсээр өвчлөх нь их байдаг байна. Тамхичны сороод гаргасан утаа нь хүчилтөрөгчтэй холилдож илүү хоржиж уушгинд буцаж орно.

Мөн хувцсанд шингэсэн утаа хүүхэд, хөгшдийн амьсгалын замын эрхтэнд хөнөөл учруулдаг аж. Өнөөдөр тамхичид өдөрт 3-5 мянган төгрөгийг танхимд зарцуулдаг. Та тамхинаас гарч чадвал сард 90-150 мянга, жилд багаар тооцоход сая төгрөг хэмнэнэ. Бие эрүүлжиж, халаас ч зузаарна.

Х.Баттөгс

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бүх зүйлийг багтаах хүрэм зохиожээ

Энэтхэг гаралтай Хирал Сангхави гэх залуу эрдэмтэн нэгэн сонирхолтой бүтээл хийжээ.

Тэрбээр ажлын шугамаар болон АНУ-д амьдарч буй эхнэр Ёоганшитайгаа уулзахаар тогтмол гадагшаа явдаг байна. Нисэх онгоцны буудал явах бүртээ хүзүүний дэрээ мартчихдаг зуршилтай байв.

Хүзүүний дэр худалдаж авах гэж байнга 25 ам.доллар төлдөгийн улмаас нэгэн мэргэн санаа олжээ. Тэр нь бүх зүйлийг багтаах халаастай хүрэм хийх санаа байж. Аялахад зориулсан энэхүү гайхалтай хүрэмээ “Baubax” гэж нэрлэжээ.

Баубакс хүрэм нь маш олон төрлийн зүйлсийг багтааж багтаах төрөл бүрийн халааснуудтай. Хүзүүний хийлдэг дэр, ундааны халаас, iPad-ны халаас гэх мэт зүйлсэд зориулсан 15 зориулалтын халаастай аж.

2012 онд олон нийтийн санхүүжүүлэх интернет хуудсанд хосууд хүрэм бүтээх санаагаа танилцуулан санхүүжилт хүсчээ. Тэд ердөө хоёр сарын дотор нийт 11,000 дэмжигчдээс хоёр сая ам.долларын санхүүжилтийг олж чадсан байна. Хосууд Мексик рүү нэг жилийн ойн баяраар нисэхдээ хүрэмний анхны дизайныг гаргасан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүний нүүрийг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Америкийн эмч нар хүний нүүрийг
шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. 41 настай Патрик Хардисон хэмээх гал сөнөөгч
залууд хийсэн хагалгаа 26 цаг үргэлжилсэн байна. Өвчтөн нь 2001 онд шатаж буй ачааны
машинд байсан эмэгтэйн амийг аврах гэж байгаад түлэгдэж хараагүй болсон төдийгүй
нүүр нь нэлээд гэмтжээ. Нью-Йорк хотод амьдарч байсан 26 настай зураач Дэвид Родебау
хэмээх залуу түүний донор болсон бөгөөд нэг жилийн өмнө бэртлийн улмаас амиа алдсан
гэнэ. Өвчтөнд шинэ нүүрийг шилжүүлэн суулгахын тулд гавлын ясыг нь үл ялиг өөрчилсөн
байна. Эмч нарын ярьснаар Патрик Хардисон удахгүй хараа орох гэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тэнгэр эзэгнэгч энэ цагийн төмөр хүлгүүд

Шувуу адил нисч, тэнгэрийг эзэгнэх хүн төрөлхтний хязгааргүй хүсэл биелэлээ олсон нь 100 гаруй жилийн тэртээх үе. Харин өнөө үед нисэх онгоцны хөгжил технологийн өндөр түвшинд хүрч, дуунаас дөрөв, тав, арав дахин хурдан гайхамшигт онгоцнуудыг бүтээх болсон байна.

Үлгэр домог болон яригдаж ирсэн нисдэг биeтийн тухай ойлголтыг анх цаасан дээр буулгаж, нисэх аппаратын анхны зургуудыг зурж, хойч үедээ үлдээсэн хүн бол Италийн сэргэн мандалтын үеийн суут эрдэмтэн Лeонардо да Винчи юм. Мөн Оросын нэрт эрдэмтэн М.В.Ломоносов, Д.И.Мeндeлeeв нар xүнд төхөөрөмж агаарт хөөрч болох онолын үндсийг анх боловсруулж байжээ.

Оросын авьяаслаг инжeнeр, зохион бүтээгч А.Ф.Мoжайский 1882 онд анхны уурын хөдөлгүүртэй нисэх аппарат бүтээж туршсан байдаг.

Харин агаарын бөмбөлгийг бүр 1783 онд Франц улсын иргэн ах, дүү Монгольфьe нар зохион бүтээж, тэнгэрт хөөргөж байжээ. Энэ нь хүн агаарт хөвсөн анхны гайхамшигт алхам болсон юм.

1885 онд А.Ф.Можайскийн төслөөр xүн жолоодоод агаарт гарч болох нисэх онгоц бүтээжээ. Тэрбээр нэгэн туршилтаараа онгоцоо газраас xөндийрүүлсэн боловч төдөлүй унаж далавчаа эвдсэн байна. Тийм ч амжилттай болоогүй ч энэ нь хүн төрөлхтөн онгоц жолоодох анхны оролдлого байв. Энэ үеэс л олон орны зохион бүтээгчид нисдэг онгоц, нисдэг тэрэг зохион бүтээx нөр их ажилд идэвхийлэн орцгоох болжээ.

Өдгөө АНУ, Их Британи, Франц, Бразил, ОХУ, Хятад, Египет, Герман, Энэтхэг тэргүүтэй дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч 30-аад улс оронд нисэх онгоц үйлдвэрлэн гаргаж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт Японы “Mit­subishi Aircraft” корпораци Mitsubishi Regional Jet (MRJ) нэртэй зорчигч тээврийн онгоцоо нийтэд танилцуулж, туршилтын нислэг үйлдлээ.

Ингээд хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг танилцуулж байна.

1.Дуунаас арав дахин хурдан “Skreemr” онгоц

Агаарын тээврийн хамгийн сүүлийн үеийн, хамгийн хурдан загварын нисэх онгоц. Нисэх онгоц үйлдвэрлэгч Европын “Airbus” компанид үйлдвэрлэсэн “Skreemr” гэх нэртэй энэхүү онгоц нь энэ сарын 7-нд анхны нислэгээ үйлджээ. Анхны тээвэрлэлтээ Нью-Йорк-Лондон чиглэлд 75 зорчигчтойгоор хийсэн байна. Тус онгоцоор АНУ-ын Нью-Йорк хотоос Английн Лондон хот хүртэл нисэхэд ердөө 30 минут зарцуулсан аж. Энэ нь хэзээ ч тогтоож байгаагүй амжилт юм. Өмнө нь “Конкорд” онгоцоор Атлантын далайг гаталж, Нью-Йоркоос Лондон хүрэхэд гурван цаг зарцуулдаг байв. Харин энгийн тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоор долоон цаг нисдэг. Тэгвэл “Skreemr” онгоцоор ердөө 30 минут явна. Яг л агаар дээрх галзуу хулгана адил. Үүнийг Америк, Европт хүмүүс технологийн жинхэнэ тэсрэлт гэж нэрлэжээ. Хэний ч санаанд багтамгүй солиотой гэмээр хурдтай энэхүү онгоц нь дунджаар 12.348 км/ц хурдтай нисдэг аж.

“Skreemr” хөлгөөр үйлчлүүлсэн анхны зорчигчид “Чих дүнгэнэж, нүд эрээлжилж, толгой эргэж байсан. Дуунаас хурдан гэж үүнийг л хэлнэ” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Аливаа “конкорд” онгоц, нисдэг тэрэг, хурдны машины хурдыг хэмжихдээ “мах тоо” ашигладаг. “Мах тоо” гэдэг нь тухайн биетийн хурдыг дууны долгионы тархах хурдтай харьцуулсан тоо юм. Тэгвэл энэхүү супер онгоцны мах тоо нь М10 аж. Тус онгоцыг цахилгаан хөөргөх систем ашиглан нисгэсэн бөгөөд “scramjet” хөдөлгүүртэй. “Scramjet” гэдэг нь “ Supersonic combusting ramjet” гэдэг үгийн нийлэмж бөгөөд хэт авиан шаталтат нарийн хөдөлгүүрт онгоц гэж орчуулагдах аж. Шингэн устөрөгч болон нүүрстөрөгчөөр ажилладаг. “Skreemr” онгоцны загварыг Канадын нэрт инженер, зохион бүтээгч Чарльз Бомбардьер гаргаж, зураг төсөл дээр артист Рэй Маттисон ажиллажээ. Загварын тухайд “Хамгийн дур булаам, сэтгэл татам” загвар мөн хэмээн олон улсын шүүмжлэгчид үнэлсэн байна. “Skreemr” онгоц нь пуужин мэт урд, хойт хоёр хэсгээс бүрдэх ба урд талдаа хоёр жижиг далавч, хойт талдаа хоёр том далавчтай юм. Ардаа пуужин адил тийрэлтэт хөдөлгүүртэй.

2.“Transatlantic” далайн нисэх онгоц

Энэхүү далайн нисэх онгоцыг 2015 оны эхээр зохион бүтээсэн. Загварыг Их Британийн хатан хааны нэрэмжит коллежийн залуу эрдэмтэн, зохион бүтээгч Эррикос Левис гэх хүн гаргажээ. “Атлантын далайг гэтлэгч” гэх тодотголтой тус хөлөг онгоц нэг дор хоёр мянган хүн зөөвөрлөх хүчин чадалтай юм. Энэ онгоцны онцлог нь далавчгүй, эх бие, далавч хоёр нь хамтдаа байдагт оршино. Загварын хувьд нисдэг тэрэгтэй ойролцоо, гэхдээ сэнс ч байхгүй. Мөн хөдөлгүүр нь дээрээ байрладаг аж.

3.“Progress eagle”

Монголоор хөрвүүлбэл “Дэвшилтэт бүргэд” гэх нэртэй энэхүү төмөр хүлгийн загварыг зохион бүтээгч Оскар Вихалс гаргажээ. Далавч болон их биен дээрээ нарны зайн хураагууртай “Дэвшилтэт бүргэд” онгоц нарны эрчим хүч болон устөрөгчөөр ажилладгаараа онцлог юм. 800 хүн тээвэрлэх хүчин чадалтай.

4.“Skywhale” буюу “Тэнгэрийн халим”

“Тэнгэрийн халим” мөн инженер загвар зохион бүтээгч Оскар Вихалсын бүтээл аж. Өнгөрсөн онд зохион бүтээсэн энэ онгоц нь том том цонхнууд, агаарт ямар нэгэн гэмтэл гарвал автомат удирдлагаар засах далавчнуудаараа давуу талтай. Нийтдээ 755 зорчигчийн багтаамжтай заалтай юм.

5.“Аirlander”

Энэ бол агаарын хөлөг болон нисэх онгоцны холимог загвар бүхий онгоц юм. Загварыг 2014 онд Их Британийн тээврийн хэрэгслийн загварын компанигаргажээ. Аварга том агаарын бөмбөлөгний хэлбэртэй, 92 метрийн урттай аж.

6.Цонхгүй дуунаас хурдан онгоц

Цонхгүй гэдгээрээ онцлог энэхүү онгоц нь бизнесийн зориулалттай анхны дуунаас хурдан онгоц юм. Тус онгоцны хурд дууны хурдаас 1.8 дахин их аж. Энэ онгоцны цонхны оронд гаднах орчинг бүхлээр нь харуулах дэлгэцийг зорчигчдын суудлын урд байрлуулжээ.