Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ядуу байх нь нүгэл

Ирландын нэрт зохиолч, илтгэгч Бернард Шоу “Ядуу байх нь нүгэл хийж байгаа хэлбэр” хэмээн хэлсэн байдаг. Нобелийн шагнал болон Оскарын шагналыг хоёуланг нь хүртсэн цорын ганц хүн гэгддэг тэрбээр энэ үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй билээ. Бас түүний хэлснийг хахир хатуу, хүнлэг бус гэж шүүмжлэхийн ч аргагүй. Хатуу ч гэсэн үнэнийг тэр хэзээ ч шийтгэл нь ирэхийг мэддэггүй атлаа үйлийн үр, нүглээс айж эмээж явдаг хүн төрөлхтөнд зориулж хэлжээ. Ядуу байна гэдэг тухайн тэр хүний өөрийгөө хүндлээгүй, өөрийнхөө өмнө бурууг хийж байгаа хэлбэр яахын аргагүй мөн билээ. Цаашлаад өөрийг нь энэ орчлонд авчирч, өсгөж өндийлгөсөн ээж, аавыгаа чилээрхэхийн цагт эм аваад өгөхийн чадалгүй ядуу байна гэдэг яах аргагүй том нүгэл. Бас үргэлжлэлээ болгож төрүүлсэн үр хүүхдийнхээ өмнө ч нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Үр хүүхдээ сургаж, боловсруулж, эрүүл саруул өсгөж, бие, ухаан тэнцүү бяд суулгаж чадахгүй хоногийн хоолоо ч олж чадахгүй, бүр хүүхдүүдээ гудамжинд гаргаж уух архины мөнгөө олуулахаар явуулж байна гэдэг аав, ээж хүнд гэтлэхийн аргагүй том нүгэл.

Бас нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, татвар төлдөг байх үүргийг ч тэд огоорч л байгаа хэрэг. Татвар өгөх нь байтугай нийгмийн халамж, хоолны талон нэхээд суудаг хүмүүс зөндөө бий. Бас нэг талаасаа ийм нүгэлгүй амьдрахын төлөө зүтгэж яваа хүмүүсээ үзэн яддаг байдал ядуу хүмүүсээс нэвт шувт ханхалдаг. Өөрсдөө хөдөлмөрлөж, хичээж зүтгэж амьдрахгүй байж зүтгэж бүтээсэн нэгнээ үзэн ядах нь ядуу байхын нүглээс бүр ч илүү том нүгэл биз ээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Стресс, сэтгэлзүйн дарамтаас ангижрах цөөн зөвлөгөө

Хотжилт эрчимтэй явагдахын хэрээр иргэдийн дунд стресс буюу сэтгэлзүйн дарамт гэдэг ойлголт түгээмэл болоод байгаа. Ямар нэгэн стрессээс өөрийгөө чөлөөлж байх нь хувь хүний эрүүл мэндэд маш чухал.

Наад зах нь ходоодны шарх, нойр булчирхайн үрэвсэл, толгой байнга өвддөг болох, эрч хүчгүй байх зэрэг нь мөнөөх стрессээс үүдэлтэй. Тиймээс энэхүү шаналгаатай өвчнөөс хэрхэн өөрийгөө чөлөөлөх, салж байх талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Нэн түрүүнд нүүрээ бүлээн усаар угаавал тустай. Тайвширч амрахад чухал юм. Ядаргаа ихээр үүсгэдэг дааврыг бага ялгаруулах хэрэгтэй. Ингэхийн тулд магни агуулдаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглүүштэй. Ийм хүнсний бүтээгдэхүүнд вандуй, самар, шоколад зэрэг орно. Бас нэг чухал зүйл нь өөрийн хайртай хүнийхээ зургийг ширтэх гэнэ. Уг аргыг тун өндөр үр дүнтэй гэдгийг сэтгэлзүйчид дуу нэгтэйгээр баталдаг. Тархинд цусаар дамжин их хэмжээний хүчилтөрөгч очих нь сэтгэлзүйн ядаргаанаас ангижруулж дөнгөнө. Мэдээж стрессээс ангижрах өөр нэг өгөөжтэй арга бол байгальд алхах.

Тэр тусмаа намар навчис унасан гудамжаар алхах, гол горхины урсгалыг ажих, салхины исгэрээ нь хүнийг тэр чигээр нь стрессээс чөлөөлнө. Хүн эхнээсээ байгалийн амьтан байсан тул байгальтай ойр байх нь сэтгэлзүйн бэрхшээл дарамтаас салахад тун хэрэгтэй гэж эрдэмтэн судлаачид үздэг юм билээ. За тэгээд унтах болон сэрэх цагаа яг таг тогтоох хэрэгтэй аж. Нойр хүний биеийн эрүүл саруул байх үндэс суурийн нэг. Шөнө дүл болтол зурагт үзэх, гар утсаар интернэтээр хэт хэсүүчлэх нь хүнийг сэтгэл гутрал, ганцаардалд маш хурдан хүргэдэг бөгөөд тэр хэрээр элдэв зүйл бодож, бодлоосоо шалтгаалж стресст автана.

Тэгэхээр аль болох гар утас, телевизээс хол байхад буруутахгүй бөгөөд харин ч тус дэмтэй. Ер нь эдгээр зөвлөгөөг яг таг үгүй юм гэхэд багцаалдаж дагаад байхад стресс, нервээс хол байх нь. Бас нэгэн зүйл нь өөрийнхөө хоббиг хөгжүүлэх мөн ч чухал даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Дуучин М.Нарантуяа: Гоё сайхан харагдаж, бусдыг байлдан дагуулах надад үнэндээ сонин биш байна

Дуучин М.Нарантуяа буюу Наратай ярилцлаа.

Өнгөрч буй онд та нэлээд нам гүмхэн байлаа. Ээж болоод хэсэг завсарлав уу?

-Харин ч энэ онд бүхий л талын ажил хийлээ. Уран бүтээл, нийгмийн ажлуудад ч маш идэвхтэй оролцлоо. Хүүхдээ ч харлаа. Зав зайгүй их оволзсон жил өнгөрлөө. Харин ч хурдан он гараад хүүтэйгээ байх юмсан л гэж хүсч байна.

-Ямар ямар уран бүтээл дээр ажиллав?

-Энэ онд хоёр клипэн дээр ажиллая гэж төлөвлөж байсан. Гэхдээ бодсон шиг маань болсонгүй. Ямартай ч нэг цомог гаргахаар Ошейн грэй продакшнтай хамтарч ажиллаж байгаа. Эхнээсээ ганц хоёр дуу нь гарч байна. Сая “Эзлэгдсэн зүрх” шинэ уран бүтээлээ дүрсжүүлж олны хүртээл болголоо.

-Бусдад багагүй тус дэм хүргэдгийг хүмүүс мэдэх байх. Өнгөрсөн онд ямар хүмүүнлэгийн ажил зохион байгуулав?

-Би хандивын байгууллага ч юм уу, сайн дурын хүмүүнлэгийн ажилтан биш л дээ. Зүгээр л ядарсан хүмүүст өөрийн чадлынхаа хэрээр туслахыг хичээдэг. Сүүлдээ хандивын байгууллага шиг “ингээд өгөөч, тэгээд өгөөч” гэсэн хүсэлт их тавих болсон. Энэ жил фэйсбүүкээрээ түлэгдсэн хүүхэд, хүмүүст туслах уриалгыг нэлээд их гаргасан. Гэхдээ эндээс нэг зүйлийг ажигласан. Зовсон хүмүүсийн хажуугаар бизнес хийдэг хүмүүс олширсон байна. Бусдын аливаад хандаж байгаа байдлаар үнэн байв уу, худал байв уу гэдгийг яваандаа гадарладаг болчихдог юм байна. Бүтэн жилийн хугацаанд ганц хоёр хулхи хандивын ажиллагаанд мөнгө өгчихсөн. Гэсэн ч нэлээд их түлэгдсэн хүүхдэд тусалж чадсан. Сая Төмөрцэцэг гээд гурван хүүхэдтэй ээжийн хандивд нэлээд хүмүүсийг уриалж оруулсан. Хандивын дагуу 55 сая төгрөгийг цуглуулсан. Энэ хүн маш өндөр үнэтэй элэг дэмжих эмчилгээ хийлгэж байгаа юм билээ. Баттай эмчлэгдээгүй ч баяртай мэдээнүүд ирж байгаа. Хүмүүс аливаа зүйлд өөрсдөө маш хариуцлагагүй ханддаг юм байна гэдгийг ажигласан. Тусламж хэрэгтэй байгаа өчнөөн мянган хүн байгаа. Тэр бүхэнд ганцаараа тусалж чадахгүй учраас нэг хүнд хандсан хандив үзүүлэхээ болиод оронд нь аль болох тогтолцоонд нөлөөлж, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй юм байна гэдгийг эндээс би ойлгосон. Төмөрцэцэг эгчийн аяны дараа л гэхэд миний хүүхдэд туслаагүй байж энэ хүнд тусаллаа гэх маш олон гомдол ирсэн. Нялх хүүхэдтэй эх хүний хувьд маш эмзгээр хүлээж авсан.

-Гадны дуучид, одууд уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн дуу хоолой болдог. Та тэр чиглэлээр ажиллах бодолтой байна уу?

-Ерөнхийдөө миний “Эзлэгдсэн зүрх” дууны утга эмэгтэйчүүдийг хүчирхэг байх, өөдрөг, итгэлтэй байх зүйлд хандуулсан дуу байгаа. Өрх толгойлсон ээжүүд болон бусад бүхий л эмэгтэйчүүдийг өөдрөг байхыг уриалсан дуу. Амьдрал санасан бодсон, хүссэн бүхнээ авч чаддаггүй ч амьдрал өөрөө баялаг гэдгийг харуулсан уран бүтээл болсон. Ер нь эх хүн нөхөртэй ч бай, нөхөргүй ч бай үр хүүхэдтэй болно гэдэг гайхамшиг.

-Таныг мөн охид, бүсгүйчүүдийн дотно зөвлөгч гэж хэлж болох байх. Таны гоо сайхны болон тураах зөвлөгөөг дагадаг бүсгүйчүүд их байдаг. Одоо ч зөвлөгөөгөө өгсөөр байна уу?

-Зөвлөгөөгөө одоо ч гэсэн хүргэж байгаа. Би ер нь бусадтай хуваалцах дуртай. Мэддэг чаддаг зүйлээсээ бусадтай хуваалцах нь хүний л нэг зан шүү дээ. Бусдаас илүүг мэдчихсэндээ бус, миний мэдэж байгаа зүйлийг хүмүүс мэдэж байж ч болно, мэдэхгүй нэгэнд нь хэрэг болно биз гэсэн үүднээс зөвлөгөөгөө бэлдэж хүргэдэг.

-Хэзээнээс зөвлөгөө өгөх болсон бэ?

-Би арван жилд байхаасаа л өөрийнхөө бүх мэддэг, чаддаг зүйлээ хуваалцаад явдаг байсан. Фэйсбүүкийн ачаар бусдад хандсан хүмүүнлэгийн ажил, чин сэтгэлийн зөвлөгөөнүүдийг тавиад хүргэдэг болсон. Түүнээс гэнэт л хүмүүсийн анхаарал татах гээд ингээд байгаа юм биш л дээ.

-Та төрөөд удаагүй байгаа. “Хүмүүс төрөнгүүтээ турмаар байна, урьдынх шигээ сайхан болмоор байна гэх юм. Эмэгтэй хүн чинь байгалиараа буцаж хэвэндээ ордог” гэж хэлсэн байсан. Энэ үг чинь олон эхчүүдэд хүрсэн байна лээ?

-Ер нь бүсгүйчүүдийг сүүлийн үед худалдааны шуурганд автуулчихсан байна. Дэлхий дахинд тэртэй тэргүй хүүхнүүдийг гаднаасаа гоё сайхан байхад уриалж байгаа. Үүний цаана бизнесийн ашиг сонирхол л байдаг. Хүмүүс төрсний дараа ийм байсан одоо ийм болж турлаа гэх байдлаар бусдынхаа тархийг угаагаад байдаг л даа. Миний бодлоор эмэгтэй хүн төрөөд тэр анзааны таргалах бол байх зүйл. Гурван жилийн дараагаас эмэгтэй хүн хүссэн хүсээгүй байгалиараа буцаад хэвэндээ ордог. Над шиг болохыг хүсвэл ийм гоо сайхны бүтээгдэхүүн, тураах эм бэлдмэл, цай, кофе хэрэглээрэй гэдэг. Эмэгтэйчүүд иймэрхүү бизнесийн юманд хуйлрах бус хамгийн түрүүнд үр хүүхэд, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Бид нар гаднаасаа гоё сайхан харагдахын тулд эрүүл мэндээ их золиосолдог. Үүнийг яагаад хэлээд байна гэхээр би ч бас өмнө нь гоё сайхан, сайн гэсэн юм болгоныг хэрэглэдэг байсан. Эцэст нь маш их эрүүл мэндээрээ хохирсон учраас эргээд бүсгүйчүүддээ анхааруулаад байгаа юм. Гоё сайхан харагдахдаа бус эрүүл байж үр хүүхэдтэйгээ хамт арав, хорин жилээр ч гэсэн илүү амьдрахын төлөө эрүүл мэндээ хайрлаачээ гэж уриалмаар байна. Ялангуяа монгол хоол, цагаан идээгээ хэрэглэж байгаарай гэж их зөвлөдөг. Амьдралын баяр баясгалан үр хүүхэдтэйгээ эрүүл энх урт удаан амьдрах болохоос гоё сайхан харагдахдаа биш. Оны дараагаар би эмэгтэйчүүддээ гаднаасаа гоё сайхан харагдахдаа бус дотроосоо эрүүл саруул байхыг зөвлөх юмсан гэж бодож байгаа. Одоо миний хүү ой есөн сар хүрч байгаа. Удахгүй хоёр нас хүрнэ. Одоо хүртэл хөхөөрөө хооллодог. Хүмүүс намайг “чи урлагийн хүн байж хөхөө бодооч, гоо сайхнаа бодооч” гэж л байдаг юм. Үнэндээ хөхний үндсэн байгалиас заяасан зорилго нь үр хүүхдээ хооллож, дархлааг нь дэмжин эрүүл саруул бойжуулахад байдаг. Бид нар үр хүүхдээ амжилттай яваасай, мундаг, ухаантай хүн болоосой гэж хүсдэг мөртлөө түүний эх суурь нь хөхөөрөө хооллож, эрүүл бойжуулах гэдгийг мартаад байдаг.

-Та өөрөө эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хооллолт гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Зөв хооллоно гэдэг нь зөвхөн ногоо идээд байх биш. Миний бодлоор цэвэр, цагаан хоолтой хүн нэг их эрүүл байгаа санагддаггүй. Хэт цагаан хоолтон, ногоон хоолтон гээд туйлшрахгүйгээр хандах нь зөв байх л даа. Бид нарын бие организмд олон зуун жилийн өмнөөс идэж ууж дасчихсан, зохицсон удамшилтай холбоотой хоол хүнсээ идэх нь зөв байдаг гэж би сонсч байсан юм. Саяхнаас л энэ олон гадны хоолнууд орж ирсэн ш дээ. Ингэлээ гээд үүнийг идэхгүй байх биш, яавал зөв хооллох вэ гэдгийг анхаарах нь чухал. Бид нар өнөөдөр маш их өвдөөд, элдэв хорт хавдар тусаад байгаа нь хооллолттой л холбоотой байх. Гаднаа зөв юм яриад л буруу цагт хооллоод, архи дарсаа хамаа намаагүй идэж уугаад байвал бие организм тэр хэмжээгээрээ хорддог. Хүний эрүүл мэнд өөрийнх нь гарт юм байна гэдгийг ойлгосон. Эрүүл хооллолт, зөв фитнесс гэдэг нь өөрт нь тохирч байна уу гэдгийг сайн мэдэрч, биеэ сонсох хэрэгтэй юм шиг байгаа юм. Би гэхэд биеэ муудтал фитнесс хийж, мацаг барьж, биеэ муудтал янз бүрийн юм идэж ууж, хэрэглэж байсан. Яг үнэндээ хүсч байсан гоо сайхнаа аваагүй, харин ямар ч тамир тэнхээгүй, хүч чадалгүй, дархлаагүй хүн л болсон байна. Үүнийг уншиж байгаа хүмүүс ч гэсэн дараа нь ямар үр дүн ирэх вэ гэдгийг бодож үзэх л хэрэгтэй юм билээ.

-Та төрснийхөө дараа хэр их дасгал хөдөлгөөн хийдэг байв?

-Төрсний дараа нэг жил би өөрийгөө бүтэн хаясан. Ямар ч гэсэн хүүгээ эрүүл саруул өсгөж илүү анхаарал хандуулахыг зорьсон. Түүндээ ч хүрсэн. Есөн сараас нь ядарч үхтлээ фитнесс хийгээд, үхэх гэж байгаа юм шиг хоолоо сойгоод их явсан. Тэрнийхээ горыг ч амссан. Тэгээд л эрүүл мэнддээ анхааръя гэж шийдсэн. Үнэнээ хэлэхэд урлаг уран сайхан, гоё сайхан харагдахаас илүүтэйгээр эрүүл саруул Нара, ээж Нара л үнэ цэнтэй санагдсан.Түүнээс гоё сайхан харагдаж, хүн амьтныг байлдан дагуулах үнэндээ сонин биш байна.

-Тэгвэл ээж болоод та нэлээд өөрчлөгдсөн байх нь ээ?

-Эрүүл мэндийн асуудлыг зан араншинтай холбож үзэж болохгүй. Амьдралын хандлага маань өөрчлөгдсөн болохоос биш зан араншингийнхаа хувьд урьдын цоглог, эцэшгүй, цуцашгүй дайчин бүсгүй хэвээрээ байгаа. Гэхдээ хамгийн гол нь юунд дайчин хандах ёстой юм, юунд буулт хийх ёстой юм гэдгээ ухаарсан. Үүнийг ээж болсны дараахь ч юмуу, өнгөрсөн амьдралаас олж авсан ололтуудын нэг юм даа л гэж бодож байна. Өөрийгөө сайн чагнаж, өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна, хүн.

-Та бусад дуучдыг бодоход харьцангуй нээлттэй хүн байх. Өөрийгөө ганц бие ээж гэдгээ телевизийн нэвтрүүлгийн үеэр хэлсний дараа нэлээд шуугиан тарьсан. Бас таны хэлсэн үг олон ганц бие эхчүүдэд хүч өгсөн. Гэхдээ нөгөө талаар хэт илэн далангүй байснаар шүүмжлэлд өртөх нь их байдаг шүү дээ?

-Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг. Миний илэн далангүйд дургүй хүмүүс өөрсдөө л амьдралаа нууцлаг л дээ. Би худлаа байж чаддаггүй, дүр эсгэж чаддаггүй, багын л шударга зангаасаа болж их алддаг хүүхэд байсан. Гэхдээ яахав дээ. Ийм байх ёстой бол үүгээрээ л дуусаг. Нөгөөтэйгүүр яагаад ганц бие ээж болсноо зарласан гэхээр үүнээс хойш мөн чанарыг нь олоогүй байж олны танил болохыг мөрөөдөж байгаа, олны танил болчихвол баяждаг юм байна, нэр алдар хүртдэг юм байна, сайхан амьдардаг юм байна гэсэн буруу ташаа ойлголттой охид залуусыг эрсдэл хийхээс миний амьдрал бага ч гэсэн анхааруулга болоосой гэж бодож байсан. Зөвхөн олны танил болохыг чиг шугамаа болгодог охид үүнийг мэдээсэй гэж хүссэн. Нара гэтэл зөвхөн олны танил болох гээд дуучин болсон юм биш. Угаасаа л урлаг уран сайхан, дуучин болох хүсэл мөрөөдөл багаас минь миний зүрхэнд цохилдог байсан. Ээж, аав маань урлагийн хүмүүс учраас миний зүрх сэтгэлд урлагийн тухай ойлголт төрөхөөс аваад л байсан гэж хэлж болно. Ихэнхдээ олны танил болсон хүмүүс гоё сайхан хувцаслаж, үнэтэй машин унаж байгаагаар харагддаг. Үнэн хэрэгтээ хүний амьдралын хөшигний алд олон проблем үүсч байдаг. Ихэнх алдартнууд энэ асуудлаа нуудаг, болохгүй байсан ч болж байгаа юм шиг байж, уйлж байсан ч инээж байдаг. Надад илэн далангүй байсан нь амар байдаг. Хүн болгон уулзаад л чи ямар хүнтэй суусан юм, ямар үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм гэдэг асуултад хариулах ядаргаатай байна. Түүний оронд нөхөргүй, ганц бие ээж гэдгээрээ л баймаар байна. Түүнд чинь бусдаас айгаад эмээгээд байх зүйл байхгүй. Миний амьдралын цаанаасаа өгөгдсөн зүйл нь ийм л байх ёстой байсан биз. Энэ маань өөрсдийнхөө амьдралын баяр баясгаланг олж харж чадахгүй хаяад явсан хүний араас гомдоод туниад, өөрсдийгөө гундаагаад яваа маш олон хүмүүст дэм болсон байх. Надад ч хэдэн мянган эмэгтэйчүүдийн сэтгэгдэл ирсэн. Зүгээр л би өөрийнхөөрөө байсны төлөө маш олон хүмүүст урам зориг өгсөн байна. Өөрөө ч бас урам авч байсан.

-Та нууц биш бол хүүгийнхээ аавын талаар дурдаж болох уу?

-Хүүгийн аавын талаар дурдах ямар ч шаардлага байхгүй. Тэртэй тэргүй бид хоёр одоо хамт биш, ирээдүйд ч хамт байхгүй. Нэгэнт цэглэсэн юмыг би цэглэх л дуртай. Түүнээс өнгөрсөнтэйгөө зууралддаггүй. Хүүгийн аав дотроо юу гэж боддогийг би мэдэхгүй. Хүн л юм чинь үр хүүхдээ хааяа нэг дотроо боддог л байлгүй дээ.

-Та амжилтад хүрэх хүртлээ тайзны ард бүжиглэж, цайны газар ажиллах зэргээр янз бүрийн ажил хийдэг байсан гэдэг. Хэзээнээс дуучин болохоор зорьж эхэлсэн бэ?

-Багаасаа л урлаг уран сайхан руу тэмүүлсэн, дуучин болохыг мөрөөддөг хүүхэд байсан. Дуучны мэргэжлээр Японд сурсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэр болтол оюутан байхаасаа олон л ажил хийж байсан. Хоолны газар, бааранд ч ажиллаж л байлаа. Хүний ажилдаг л газар ажиллаж байсан. Ямар биеэ үнэлээд явсан биш.

-Зарим дуучид анх гарч ирснээсээ өөр чиглэлээр дуулдаг. Та нас ахихын хэрээр хэв маягаа өөрчлөх болов уу?

-Тухайн цаг үеэс л шалтгаалах байх. Цаг үеэ мэдэрнэ гэдэг чухал. Бид рок попын дуучин гэдэг утгаараа гандан буурахгүй хүмүүс. Сараа эгч, Ариунаа эгч, Алтаа эгч нар одоо хүртэл анх яаж гарч ирсэн тэр хэвээрээ эрч хүчтэй л явж байна. Нас ахихын хувьд одоо хэлэхэд эрт байна. Дөнгөж гучин насны босго алхаад явж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Чамайг хамгийн их дарладаг зүйл

Чамайг хамгийн их дээрэлхэж дарладаг зүйл бол чи өөрөө гэсэн сургаал байдаг. Чи тэнэг, чи ухаангүй, чи бүтэлгүй, чи дорой, чи ядуу, чи хэзээ ч баяжиж, албан тушаал ахиж чадахгүй, дээрэлхүүлж байхдаа таарсан амьтан мөн, хэзээ чиний ажил чинь бүтэлтэй байлаа гэх зэрэг үгнүүдийг санаж байна уу.

Энэ үгийг танд хөндлөнгийн хүн барагтай л бол хэлэхгүй. Хэлсэн ч та түүнийг хэлүүлээд байна гэж үү. Заавал ч үгүй хариуг нь барьж таарна. Ил цагаан чаддаггүй юм бол нууцаар ч гэсэн тэр хүнийг чадахыг боддог.

Харин дээрх доромж үгийг та өдөр болгон өөртөө хэлж байдаг. Бүүр ингэж хэлэх нь аятайхан ч юм шиг санагдах нь бий. Өөрөө өөрийгөө өрөвдөөд хэнгэнэтэл санаа алдан нүдэндээ нулимс цийлэгнүүлдэг муу зан хүнд байдаг. Үүнээс үүдэн чамайг хамгийн их доромжилдог зүйл бол чи өөрөө гэж хэлээд байгаа юм.

Энэ тэгээд муу юу гэж үү. Зүгээр л нэг жишээ татъя л даа. Хүндийн өргөлтийн тамирчин төмөр өргөхөөсөө өмнө төвлөрөөд л нэг хэсэг нам гүм болчихож байгаа нь харагддаг. Тэд би энэ төмрийг өргөж чадна гэж өөртөө итгүүлж байгаа нь тэр юм. Тамирчин төвлөрч гүйцлээ. Тэр нөгөө хүнд төмрийг өргөж чадна гэдэгтээ итгэлтэй болжээ. Тамирчин төмрөө өвс шүүрч аваад толгой дээрээ гаргаж байгаа мэт сэвхийтэл түлхлээ.

Түрүүний хэсэгт гардаг шиг “Чи яаж наад төмрөө өргөж даахав дээ. Бүтэлгүйгээ мэдэхгүй” гэж бодсон бол тэр туйванг газраас ч хөндийрүүлж чадахгүй. Яг үүн шиг өглөө болгон өөрийгөө дарлаад байвал таны ажил бүтэлтэй баймаар байна уу. Юу ч бүтэхээргүй байгаа биз дээ.Наад муу чамайг элдвээр хэлээд байгаа зүйлээ өнөөдрөөс эхлэн тархи толгойноосоо хөөж явуул.

Ж.САНДАГДОРЖ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Жолоочгүй машин”-д зориулсан зам ашиглалтад оржээ

БНСУ-ын Кёнги дүүрэгт “жолоочгүй машин”-д зориулсан анхны зам ашиглалтад орсон байна. Тус дүүргийн захиргаа автомашины хөдөлгөөн багатай хоёр км урт, дөрвөн эгнээ замыг “жолоочгүй машин”-д зориулан засчээ. Тэдгээр зам дээр бямба, ням гаригуудад уг машиныг унаж туршилт хийж болох аж. “Жолоочгүй машин” нь жолооны ард хүн суугаагүй байсан ч машинд суурилуулсан найм ба түүнээс дээш тооны камер болон мэдрэгчийн тусламжтайгаар ажиллаж, жолоочийн өгсөн өгөгдлийн дагуу замын хөдөлгөөнд оролцох чадвартай юм байна. БНСУ 2020 он гэхэд “жолоочгүй машин”-ыг энгийн иргэдэд худалдах зорилго тавин ажиллаж байгаа аж. Тус хөдөлгөөнд оролцсоноор автозамын ослын улмаас амь насаа алдах иргэдийн тоо 50 хувиар буурна гэж тооцоолжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Өдрийн сонин”-оор уучлалт гуй

“Өдрийн сонин”-ы
саяхны нэг дугаарт “Иргэн Ариунболд танд өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас
хангалтгүй үйлчилгээ үзүүлсэндээ хүлцэл өчиж, уучлал гуйж байна” гэсэн гурван ч
хүний нэртэй зүйл нийтлэгджээ.

Үүнийг уншсан
уншигчид сошиалаар нэг шуугив. Юу болсон бэ гэхээр нэг хүн хоолны газар орж үйлчлүүлж
л дээ. Харин хоолны газрынхан түүнд хангалтгүй үйлчилгээ үзүүлж, уурыг нь барсан
уу, ямар нэг бухимдахаар зүйл болж. Ингээд өнөөх үйлчлүүлэгч хэвлэлээр албан ёсоор
уучлал гуйвал асуудлыг цэглэе гэсэн юм шиг байна. Мэдээж үүнийг хэргийн эзэд манай
сонинынхонд хэлээгүй л дээ. “Үйлчлүүлэгчээ гомдоосон юм аа. Танай сониноор дамжуулан
уучлалт хүсэх гэсэн юм” л гэснээс өөр зүйлгүй. Ингээд үйлчлүүлэгчийнхээ сониноор
дамжуулан уучлалт хүсэх саналыг гомдоогсод зөвшөөрч, нэгэн хэвлэлд гаргасан байна.
Харин өнөөх хүн “Олон хүн уншдаггүй ийм хэвлэлд гарсныг тооцохгүй, хамгийн олон
уншигчтай “Өдрийн сонин”-оор дамжуулан уучлал гуй” гэжээ. Ингээд л хоолны газрын
хэдэн хүн манай сонинд хандан хүлцлээ нийтлүүлсэн нь энэ. Маргаж, уурлах, гомдох
үе бишгүй л таардаг даа, амьдралд. Гэхдээ ойлголцож, инээж, нөхөрлөх нэг өдөр ч
бас бий.

Бусдаас уучлал
гуйх гэдэг тийм ч муу муухай зүйл биш. Тэдний энэ уучлал хүссэнийг уншаад сэтгэл
их л өег болчихлоо. Нөгөө эрхэм ч гэсэн тэднийг уучилж, тайвширсан байлгүй. Олон
мянган уншигч тэр хүмүүсийн уучлал хүссэнийг олж уншлаа. Тэр ч бүү хэл нийтийн сүлжээгээр
нэг яриа боллоо. Уучлал гуйна гэдэг амаргүй ч, уучлуулсан хойно сайхан. Уучлах ч
бас таатай. Хүнд уурлаж бухимдаж явах юу нь сайхан байхав. Хоёр тал аль алиндаа
өгцөө, авцаагүй боллоо. Хэн хэн нь санаа амарч, сэтгэлд нар гийгээ байлгүй дээ.
“Өдрийн сонин” та бүхнийг ойлголцоход тусалсан гэж найдна.

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийжээ

-Б.БУЛГАНЫ БИЕИЙН БАЙДАЛ МУУ БАЙГАА ГЭДГИЙГ ӨМГӨӨЛӨГЧ ХЭЛЭВ-

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Б.Булганыг цагдан хориод сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хуулийн байгууллагаас албан ёсоор өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. ЦЕГ-аас ”Б.Булганыг баривчилсан нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж тухайн үед мэдэгдсэн. Б.Булган яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүн О.Содбилэг “Миний аав Ш.Отгонбилэгийг С.Зориг агсны хэрэгт буруутган хэлмэгдүүлэх гэж байна” гэж твиттер хуудастаа жиргэсний дараа УЕПГ-ын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат “Энэ хэргийн талаар хэвлэлд мэдээлэл гарах нь ямар ашигтай вэ. Харин ч хэргийн явцад сөргөөр нөлөөлнө. С.Зоригийн хэргийг улстөржүүлж байна гэдэг ч улс төрийнхөн энэ тухай асууж байгаа нь өөрсдөө үүнийг улстөржүүлээд байгаа хэрэг. Хэргийг шалгаж дууссаны дараа ганц ч зүйл орхигдуулахгүйгээр мэдээлэх болно” хэмээсэн юм. Дээрх тодорхой бус хоёр хариултыг эс тооцвол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний 17 жилийн дараахь мөрдөн байцаалтын явц, маш нууц гэж хаягласан энэ хэрэг үнэхээр илэрч байна уу.

Чухам юу болоод байна вэ гэсэн асуултад олон нийт анхаарлаа хандуулсаар байна. Хуулийн байгууллагынхны мэдээлэлтэй мэдээлэлгүй С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудаас хэвлэлийнхэн боломжоороо шүүрдэн мэдээлж байгаа.

МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛ 65 ХУВЬТАЙ ЯВААГ ОНЦОЛСОН БАЙНА

Бидэнд олдсон мэдээллээр тус ажлын хэсгийнхэн Б.Булганыг ямар шалтгаанаар баривчилсан, Орхон-Уул аймгаас баривчилсан гэх хоёр иргэн энэ хэрэгт ямар оролцоотой зэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саяхан танилцуулжээ. Хуулийн байгууллагынхны танилцуулгыг сонсоод зөвлөлийн зарим нь “Энэ хэргийг нягтлан шалгаж, ул суурьтай хандсаны эцэст тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой” гэсэн байр сууринаас хандсан гэнэ.

Эх сурвалжийн ярьж буйгаар бол энэ хэргийг илрүүлэх мөрдөн байцаалтын ажил 65 хувьтай явааг онцолж, нотлох баримт судалгааны ажлыг цуглуулж байгаа бөгөөд гадаадаас шинжээчид оролцуулж буй гэх мэдээлэл өгсөн байна. Мөн энэ үеэр хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүсийн өмгөөллийн асуудал болон хэргийг бүрэн илрүүлтэл маш нууцын зэрэглэлийг өндөр түвшинд байх ёстойг ажлын хэсгийнхэнд анхааруулсан гэх мэдээлэл байна.

ӨМГӨӨЛӨГЧИД ЮУНААС БОЛЖ ТАТГАЛЗАВ

Харин энэ хэргийн эргэн тойронд үйл явдал багагүй өрнөж байгаа бололтой. Б.Булганыг баривчлагдсаны дараа ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгч авсан боловч ажлын хэсгийнхэн нууцын зэрэглэлтэй хэмээн гарын үсэг зуруулж өндөр шаардлага тавьж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр ажлын хэсгийнхний зүгээс үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломж бололцоогоор өмгөөлөгч нарыг хангаж өгөхгүй байсан аж. Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож буй Б.Булгантай өмгөөлөгч нь уулзахад багагүй бэрхшээл тулгарсан байна. Иймд өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчтэйгээ уулзах, өмгөөлөл авах эрхтэй гэдэг асуудлыг холбогдох газруудад тавьсан боловч амжилт олоогүй юм байна. Маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул энэ тухай олон нийтэд хандаж үг хэлэх боломж өмгөөлөгч нарт байхгүй учраас тэд Б.Булганыг өмгөөлөхөөсөө татгалзжээ.

Орхон-Уул аймгаас баривчлагдсан хоёр залуу харин өмгөөлөгч авсан байна. Гэхдээ өмгөөлөгчдийг нь ч бас уулзах боломжоор хангахгүй байгаа мэдээлэл бидэнд ирсэн юм. Б.Булганы ар гэрийнхний авсан өмгөөлөгч нар “Энэ хэрэгт ажиллах боломж бололцоо алга” хэмээн татгалзсан хариу өгсний дараа дахин өмгөөлөл үзүүлэх хүн олдоход бэрх болсон гэнэ. Иймд Хууль зүйн яамны дэргэд байдаг улсын өмгөөлөгч нарыг авах асуудал ч яригдсан байна. Улсын гэх тодотголтой өмгөөлөгчид нь төлбөрийн чадваргүй болон өмгөөлөх хүн олдохгүй байгаа сэжигтэнд өмгөөллийн үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр хүргэдэг юм байна. Харин Б.Булганы гадаадад амьдарч байсан охин нь ээжийгээ баривчлагдсаныг дуулаад Монголд ирсэн байна. Тэрбээр өмгөөлөгч авч, ээждээ анхаарал тавьж байгаа гэнэ.

ХЭҮК-ЫНХОН Б.БУЛГАНЫ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАГДАЖ БУЙ ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

С.Зориг агсны амь насыг илрүүлэх ажлын хэсгийнхний баривчилсан хүмүүст өмгөөлөл үзүүлж буй зарим өмгөөлөгч нараас тодруулга авсан юм. Нууцын зэрэглэлтэйгээр хэрэг шалгагдаж буй тул тэдний нэрийг нууцалж мөн мөрдөн байцаалтын нууцад хамаарах зүйлсийг асуугаагүй гэдгээ энд тодруулах нь зөв байх. Нөгөө талаар хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Шүүхээр шийтгэгдэж, ял аваагүй бол сэжигтнүүдийг гэмт хэрэгтэнд тооцдоггүй бөгөөд иргэн бүр өмгөөллийн үйлчилгээ авах эрхтэй гэдгийг энд дурдах нь зөв байх.

Учир нь Хүний эрхийн үндэсний комисс хэд хоногийн өмнө хүний эрх зөрчигдөж буй талаарх судалгааны тайлангаа тавьсан байна. Үүнд хуулийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний баривчилсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж олдохгүй байна. Тэдний эрх зөрчигдөж байна гэсэн зүйл яригджээ. Зарим нэг хүн энэ талаар гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Харамсалтай нь тус комиссынхон хуулийнхны шалгагдаж буй хэрэг шүүхээр шийдэгдээгүй л бол хөндлөнгөөс оролцох эрхгүй байдгаа уламжилсан гэнэ. Ингээд өмгөөлөгч нараас авсан тодруулгаа нэгтгэн хүргэе.

Өмгөөлөгч: МАШ НУУЦЫН ЗЭРГИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА ГЭЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРААД БИДНЭЭС БАТАЛГАА АВСАН

Та үйлчлүүлэгчтэйгээ уулзсан уу?

-Нэг л удаа уулзсан. Тэр болгон уулзуулахгүй байна. Бид чинь маш нууцын зэргийг хангаж ажиллана гээд гарын үсэг зураад баталгаа өгсөн болохоор хамаагүй дэлгэрэнгүй зүйл ярьж болохгүй байна.

Мөрдөн байцаалтын нууцтай холбоогүй энгийн зүйл асууж байгаа болохоор гайгүй байлгүй дээ?

-Тэгсэн ч гэсэн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаа­лаад хэрэгт хамааралгүй гээд хэлэх ч боломж алга, хэцүү байна.

Өмгөөлөл явуулах бүрэн боломж олгохгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үнэхээр ажил хийх боломж бололцоо гаргаж өгч чадахгүй байна. Ажлын хэсгийнхнээс зөвшөөрөл аваагүй бол Төв аймгийн цагдан хорих төвийнхөн үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломжоор хангахгүй, хэцүү юм. Гэтэл бусдыг ямар байна. Ямар баримт үндэслэн саатуулсан зэргийг лавлаж ч чадахгүй явна. Мэдүүлэг авах үед нь очсон болоод байж байна. Хэлэхэд хэцүү ч үнэн нь тэр. Ийм байдлаар үйлчилгээ явуулж байхаар өмгөөлөхөөсөө татгалздаг ч юм бил үү гэж бодож байна.

Б.Булганы биеийн байдал ямархуу байгаа вэ. Ар гэрийнхнийг нь уулзуулж байна уу?

-Түүний бие муу байгаа. Ядарсан, цонхийсон, даралт нь өндөр байна. Хоригдоод суурь өвчин нь сэдэрч эхэлж байна. Эмчлүүлэх, биеийн байдалд нь анхаарал тавих битгий хэл очоод уулзах боломж алга.

Нөгөө шалгагдаж буй хүмүүст өмгөөлөл үзүүлэх байдал иймэрхүү янзтай байгаа юу?

-Бас л ийм л янзтай байгаа гэлээ.

Дээрх мэдээллүүдээс харвал С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хүрээнд үйл явдал ийн өрнөж байгаа бөгөөд хууль зөрчсөн зүйлс ч явж байгааг дээрх тодруулга харуулж байна. Талийгаачийн эхнэрийг барьж, саатуулснаас хойш олон хүн С.Зориг агсныг алсан хэрэгт нэр холбогдож эхэлсэн. Эхлээд УИХ-ын гишүүн О.Содбилэгийн аав Ш.Отгонбилэг агсны нэр дуулдлаа. Түүнийг өөрийн малчин, тогооч нартаа захиалга өгч С.Зориг агсныг хөнөөлгөсөн тухай яриа гарав. Харин үүнд түүний хүү О.Содбилэг тайлбар өгөхдөө “Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна. Хэдэн сарын өмнө нөлөө бүхий нэг хүн намайг дуудаж, аавыг чинь С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хэлсэн. Хоёулаа учир битүүлгээр амиа алдсан энэ хоёр хүний хэргийг хооронд нь холбох гэсэн улс төрийн зорилготой зохиол явж байна” хэмээн өөрийн бодлоо илэрхийлсэн юм. Чухам 17 жил ахиц гараагүй С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 2016 оны сонгуулийн өмнө ийнхүү гарч ирлээ. Улстөржилт эсвэл үнэхээр хэрэг илэрч байгааг хэлэхэд эрт юм. Учир нь шүүхээр гэм буруутайг нь хэлэлцээгүй энэ үед асуудал хаашаа ч эргэж болох. С.Зоригийг Ш.Отгонбилэг хөнөөсөн хэмээн бичигдэж эхлээд удаагүй байтал түүнийг Э.Бат-Үүл хөнөөсөн, хэргийн эзэн олдлоо гэх мэдээлэл түгэв. Хэрэг гардаг өдөр Э.Бат-Үүл малгайгаа орхисон нь хэргийн гол баримт гэж үзсэн талаарх мэдээлэл “Ноцтой мэдээ” сонинд цацагдсан. Үүнийг шалгуулахаар Хотын дарга Э.Бат-Үүл хуулийн байгууллагад хандсанаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөрсдөө хөдөлмөрлөж, үр хүүхэд нь зугаацаад байвал ач, зээ нь гуйлга гуйхын цондон

Монголчуудын дийлэнх нь биш юм аа гэхэд нэлээд хэсэг нь найз нөхдөөрөө тухтай уулзах ч завгүй хөдөлмөрлөж байна. Завгүй иргэдтэй улс хөгжинө гэдэг талаас нь харвал ярих юм алга. Гэхдээ нзаарахаас аргагүй нэг өнцөг байна. Ажил, гэр гэж гүйсээр хүү, охиноо ч анхаарах завгүй ажилладаг аав, ээж олширчихож. Заримынх нь хүүхдүүдийн өдрийн хэмнэл нэг л биш ээ. Аав, ээж нь үлгэрлээд ажил хийлгэхгүй болохоор буйдан дээр тухлангаа зурагт үзэж өдрийг өнгөрөөнө. Аав, ээж нь анхаарал тавьж, яав ийв гэхгүй учраас баар ресторан хэсч цагаа барна. Дажгүй орлоготой зарим айлын хүүхэд гадаад, дотоодоор аялсан шигээ аж төрж байна. Цөөн хэсэг нь бүр хар тамхи татаж хүртэл зугаацна. Тэд гэрийн үйлчлэгчтэй учраас гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, хувцсаа угаахгүй, халаасны мөнгө, сургалтын төлбөрийг нь хангалттай өгчихөөр хэрэглээний хэдэн төгрөг олох гэж зөөгч хийхгүй. Ямар нэг зүйлд хүрэхийн төлөө, сурахын төлөө, хэрэглээний мөнгөө олохын төлөө тэмүүлэх орон зай өгөлгүйгээр өсгөчихсөн учраас зугаа цэнгэл, зүгээр суухаас өөр зүйлд дурлахаа больсон хэрэг.

Орлого сайнтай, сайнгүй нь хамаагүй, үр хүүхдэдээ зав гаргалгүй хөдөлмөрлөж байгаа бүх хүний бодохоос аргагүй асуудал ажил сураагүй хүүхдүүд нь болчихоод байна даа.

Өөрсдөө хөдөлмөрлөсөн хэрнээ үр хүүхдэдээ ажил сургаагүй хүмүүсийн ач, зээ нь яаж амьдрах бол. Хариулт нь тодорхой. Ажил сураагүй, хөдөлмөрлөж мэдэхгүй хүмүүсийн хүүхдүүд гуйлга гуйхаас өөр юу ч хийж чадахгүй. Амьдралын бичигдээгүй хууль, гашуун үнэн гэвэл энэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Толгой шилжүүлэх мэс заслыг амжилттай хийжээ

Дэлхийд анх удаагаа толгой шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон талаар “www.apoupdate.blogspot.com” мэдээллээ. Мэс засал Өмнөд Африкийн Йоханнесбург хотын “Academic Hospital”-д болжээ. Хагалгаа 19 цаг үргэлжилсэн байна. Мэс засалд орсон 36 настай, эрэгтэй таван жилийн өмнөөс тархины хорт хавдраар шаналах болжээ.

Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг удирдсан, доктор Том Довней “CNN” агентлагт “Бид бүхий л хүчээ дайчилсан. Толгойг шинэ биед залгасан. Хагалгаа амжилттай болсон. Мөн өвчтний биеийн байдал хэвийн байгаа. Тун удахгүй дэлхий нийтээрээ ид шидийг харах болно. Хагалгааны явцад олон хүндрэлтэй асуудал гарсан. Гэхдээ бид бууж өгөөгүй” гэж ярьжээ.

Профессор Мурон Данус өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн залуугийн өвчний түүхтэй танилцаж, хагалгаа хийх боломжтой гэх дүгнэлтийг гаргасан аж. Тэрбээр “Хагалгаанд орсон өвчтөн хорт хавдартай байсан. Хагалгаа эхлэхээс өмнө бид донор хайсан. Азаар сар хагасын дараа бид донортой болсон. Авто ослоор 21 настай эрэгтэй амиа алдсан. Бид эрэгтэйн биед толгой шилжүүлэн суулгасан. Мөн ослоор амиа алдсан 20 настай эмэгтэйгээс шаардлагатай эрхтэнг нь авсан. Доноруудын гэр бүл зөвшөөрсөн учир бид хагалгаагаа эхлүүлсэн” гэж хэлжээ.

Донорууд ослын дараа ургамлан хүн буюу зөвхөн хүчилтөрөгчийн аппаратны тусламжтай амьсгалж байжээ. Хагалгааны нийт зардал 11 сая ам.доллар болсон байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Адууны яснаас гаргаж авсан бэлдмэлд “Технологийн дэвшлийн шагнал” олгожээ

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын энэ оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор болжээ. Улмаар шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсөн байна.

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд гурав дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна.