Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ийнгаа миний хээр тал

Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор, Төрийн шагналт зохиолч Дарма Батбаярын хайр, эрх чөлөө, бусдад сэтгэлийн их амар амгалан, сайн сайхны ундарга бүхнийг бэлэглэхийн их тэмүүлэл, хүмүүний өөртөө хийгээд өрөөлд үнэн байхын жаргалыг мэдрүүлдэг нэгэн сайхан бүтээлээс төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байна.

Эрдэм шинжилгээний ажилдаа дарагдсан Анар өөрөө хайрлаж, өөрийг нь хайрлах эмэгтэйг битүүхэн эрэвч, санаанд нийцэх нь үл олдоно. Гэхдээ энэ эрэлдээ цаг зав зарцуулахгүй байгаа нь түүний сэтгэл атраараа байгааг илтгэх шиг. Анарын сэтгэл зүрхээ зориулан, дурладаг зүйлсийн нэг нь морь унах. Энэ нь магадгүй сэтгэл зүрхээ зориулж, үнэн голоосоо хийдэг цөөхөн зүйлсийн нэг байсан биз. Тиймдээ ч хүсэлдээ хөтлөгдөн наадмын морьд харахаар, болж л өгвөл морь унахаар Хүй долоон худагийг зорьдог. Дуртай зүйлдээ хөтлөгдөн очсон Анар морь унасан бүсгүйтэй танилцсанаар өөрийнхөө хийгээд амьдралынхаа хээр талыг нээх боломж эхэлдэг. Гэхдээ мэдээж тэр боломжийг Анар болоод Ийнгаа хэрхэн таамаглах билээ. Анар, Ийнгаа хоёр бол уншигч таныг дотоод сэтгэлийн хүч хийгээд бусдад сэтгэлийн гэрэл гэгээг бэлэглэх эрх чөлөө рүү хөтлөгчид. Дөнгөж танилцсан Анарт Ийнгаа унаж явсан морио өгч, хүссэн зүгтээ давхихыг зөвшөөрснөөр үүний эхлэлийг тавьдаг. Ийнгаагийн Анарт морио өгч, өчнөөн хол давхисан ч үл зовних сэтгэл, танилцаж амжаагүй шахам байж дуртай зүйлээ хийх эрх чөлөөг өмнө нь хэн ч өгч байгаагүйгээр олгосон нь Анарыг бүсгүйтэй дахин уулзах, бүр гэрт нь очно гэж эрхгүй амлахад хүргэнэ. Морио унуулсных нь хариуд, өөртэй нь сайхан харилцсанд ч бус тэр эрхгүй л сарын дараа гэрийг нь олоод очно хэмээн амласан биз ээ.

Дотнын найзаасаа зөрж, өдөр шөнөгүй хийсэн эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнг хүлээлгүй Ийнгаад амласан амлалтаа л биелүүлэхийн төлөө Анар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Дун уулын Талим өвгөнийхийг, үнэндээ бол Ийнгааг зорино. Өөрийг нь танихгүй байх вий гэхээс эмээж зогссон Анарыг удтал хүлээсэн Ийнгаа угтана.

Анар нэг удаа “Бурханд тус болох юмсан” гэж боддогоо Талим өвгөнтэй хуваалцсанаар дун мэт дотогшоо өвгөний гүн их амьдралын далайгаас хүр­тэх боломжоо нээнэ. Бурханд тус болохыг хүснэ гэдэг чухам Талим өвгөний хийгээд зохиогчийн бусдыг хайрлах, өөрөөсөө гэгээрлийг эрэх, олоххүсэлтэй агаар нэг юм. Тиймдээ ч хааяа нэг үг солилцохдоо амьдралын нарийн ширийний учгийг тайлж өгөх нь Анарт тэдний гэрт удах нэг шалтаг болдог. Гэхдээ хамгийн эрхэм шалт­гаан нь Ийнгаа билээ.

Анарын хувьд эрх чөлөөг өөртөө нээсэн нэгэн томоохон үйл явдал Ийнгаагийн өдөр тутмын энгийн нэг дэггүйтэл байж таарна. Ийнгаа чулуун гэрээ үзүүлж, хүссэн цагтаа тоглодгоо жаахан охин шиг тог­лож суухдаа ярьсан нь Анарт хийгээд олон зуун уншигч Анарт мартагдсан хийгээд байж боломгүй эрх чөлөө, аз жаргал өгнө. Мөн Дун уулын өвөр дэх хүн төрөлхтний ч хүсэл, нууцыг хадгалж чадах чулуужсан дунгууд дунд авчир­сан ньАнарын хувьд өөр нэгэннээлт байв. Зохиолд Анарын энэ бол нээлт, тэр бол ололт хэмээн тунхагласан нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин зохиол цааш хөврөх тусам Анар­тай хамт уншигчийн дотоод ертөнц хөгжиж, амьдралаас үүссэн гав гинжийг тасчин хая­даг билээ. Тиймдээ ч тэр бугуйн цагныхаа зайг эргэлзэх юмгүй авч хаяад цаг хугацааг чөлөөлдөг. Бас өөрийгөө цаг хуга­цаанаас ангижруулдаг. Үүнийг уншсан хэн бүхэн цаг хуга­цаа хэмээх хүлээснээс өөрий­гөө чөлөөлөхийг ямар нэгэн байдлаар оролддог биз ээ.

Их хотын дуу чимээ, чөлөө завгүй ажил, хэмнэлээс хэсэгтээ тасарч, цаг хугацааг чөлөөлсөн Анар гэнэтхэн буцахаар болно. Ийнгаа үлдээхийг хэчнээн хүсэж байсан ч явахад нь бит­гий гэж хэлэлгүй, үүц базааж өгөөд, үднэ. Магадгүй энэ л уужуу сэтгэл Анарыг энд анх авчирч, үүрд үлдэх шалтгаан болсон биз. Буцахаар гарсан ч явж чадаагүй Анар найздаа дахин захидал бичнэ. Тэр “Чи намайг том нээлт хийж дэлхийд данстай эрдэмтэн болохыг хүсдэг гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ түүнээс ч илүү бас нэгэн хүсэл байдаг маань бурханы төлөө ямар нэг үйл хийх юм. Гэхдээ энэ хугацаанд би хэрхэн яаж бурханд тус хүргэхээ мэддэггүй байсан. Яг одоо би хариултыг нь олчих шиг боллоо. Энэ бол хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах юм байна. Тиймээс би Ийнгааг бүх насаараа хайрлан хамгаалж, түүнийг аз жаргалтай байлгахын төлөө өөрийн зорилгоо хойш тавьж байна. Тэд нүүдэл хийхэд бэлдэнэ. Энэ нь зөвхөн гэрийнхээ буурийг сэлгэж, эсвэл хаа нэгтээ нүүдэллэх нүүдэл төдий зүйл биш юм. Энэ бол Анарын сэтгэл зүрх, дотоод мөн чанарын хэннүүдэл. Бэсрэг романыг уншигч бүхний нүүдэл. Гэхдээ энэ нь мэдээж уншигч танаас, эндээс нээсэн нээлтүүдээс тань хамаарах билээ. Үг, өгүүлбэр бүрт нь ухаарал, тэмүүлэл шингэсэн уг бүтээлээс миний дурдаагүй олон зүйл уншигч таныг хүлээж байгааг хэлэх нь зөв байх.

Шүр, сувдаас ч үнэтэй ухаарал, бясалгал, энэрэл, хайр­ласаар л дуусахын чин үнэн хүслэнг надад бэлэглэсэн энэхүү бэсрэг романыг уншаад та ч бас өөрийн тааллаараа ямар нэг ухаарлыг олох биз ээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Шинэ жил яахав, архиа л багасгая

Эзгүй хээр талд биш түм түжигнэж, бум бужигнасан хотын төвд олон түмний нүдэн дээр нэгэн эр хэнэг ч үгүй морь харж зогсжээ. Төрийн ордны ойролцоо, “Туушин” зочид буудлын үүдэнд юм шиг байна. Хэн нэгэн түүний зургийг хэдийнэ аваад фейсбүүк ертөнцөөр түгээв. Хүмүүс түүнийг элдвээр хэлж, буруушааж байна. “Соёлт хүмүүн болоход нэг сая жил зарцуулсан. Харин буцаад сармагчин болохын тулд ганц цаг л байхад хангалттай юм байна” гэх мэтээр халаглацгаажээ. Мэдээж түүнийг шүүмжлэх нь түмэн зөв. Малаас дор аашилж байгаа тэр эрийг хараах, гайхах, жигших ч багадмаар.

Гэхдээ энд нэг л зүйл тодорхой байна. Тэнэг л биш бол эрүүл хүн хэзээ ч ингэж авирлахгүй. Ухаанаа алдсан хүн л айх, ичихийг мэдэхгүй, соёл, хүмүүжил гээчийг мартдаг. Тэгвэл яавал ухаанаа алддаг нь ойлгомжтой. Савнаасаа бусдыг дийлдэг сархад л ухамсарт хүн төрөлхтнийг энэ мэт ухаангүй болгож байна. Тэр эр шинэ жил тэмдэглээд согтуу байсан учраас л ингэж шившиглэсэн байж таараа. Одоо энд тэндгүй шинэ жил тэмдэглэж, шилэн өргөмжлөлүүд тэвэрсэн хөлчүү залуус олширч байна. Архиа бага уухгүй бол өнөөдөр энэ эрийг шүүмжилж, хэлэх үгээ барж суугаа танд ч ингээд зогсч байх өдөр ирэхгүй гэх баталгаа алга, монголчууд минь. Шинэ жил яахав солигддогоороо солигдоно, архиа л багасгая.

Я.мӨНгӨНЦЭЦЭг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эцэг хүн хэзээд гэр бүлийн сүр хүч нь байдаг

Хүүхэд ээжээсээ бүхзүйлийг асуудаг. “Ээжээ, хоол идье. Ээжээ гутал хаана байна” гэх мэтээр түмэн асуултыг асууж, нэхэж байдаг. Харин ааваасаа ганц л зүйлийгасуудаг нь “Ааваа, ээж хаана байна” гэх шог яриа бий.Эндээс харахад аавын үүрэгамьдралд тун бага мэт. Гэвч тийм биш. Амьдралынэх үндэс нь аав байдаг.

Ээжийг дэргэдээ байлгаж гэрийг элэг бүтэн амьдралаар гэрэлтүүлж байдагхүн бол аав. Аавынхайр үргэлж ээжийн хайраар илэрч байдаг. Тийм болохоор нэгэн гэр бүлийн амар тайван амьдрал нэгэн улс гүрний оршин тогтнох эх суурь гэж монголчуудхэлж ирсэн.

Эр хүн хэзээд гэр бүлийн сүр хүч нь байдаг билээ. Тэр сүр хүч нь гүн хүндэтгэл. Энэ нь үр хүүхдээр нь дамжиж эцгээсээ бус ээжээсээ бүх зүйлийг лавлаж асуухаас эхлэн илэрхийлэгддэг. Тэр нь эцгээ хүндэтгэж буй хэрэг. Аав байгаа учир ээж байдаг. Ээж байгаа тул үр хүүхэд байдаг гэсэн учир шалтгааны нэгэн энгийн философи оршдог. Эцэг хүняаж амьдрахыг үр хүүхдэдээ хэлдэггүй, харин амьдралаараахаруулдаг. Тийм учраас бид орчлонгийн сайхан муухай, сайн мууг дэнсэлж амьдарч, хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр нь овоглож, цаг хугацааг үргэлжлүүлдэг билээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Н.Түвшинбаярт Чингэсийн одон хүртээе

Олимпийн аварга Н.Түвшинбаяр шагналаар дутаагүй гэдэг нь үнэн. Гэхдээ монголчуудыг магнай хагартал баярлуулсан хүнийг өөрөөр хэрхэн тодотгох билээ. Энэ одонг түүнд олгох санааг Санжийн Баяр саяхны ярилцлагадаа дурдсан юм. Монгол хүн олимпийн аварга болсны дараа улстөрчид ч нэг ширээний ард суусан гэдгийг тэр баталсан. Учир нь энэ одонг үндэстний эв нэгдлийг хангахад үүрэг гүйцэтгэсэн хүнд зориулсан юм байна. Энэ үндэслэлээр бол Н.Түвшинбаяр яах аргагүй энэ одонг хүртэх учиртай хүн. Энэ залуу шиг монголчуудыг баярлуулсан хүн магадгүй монгол хүн сансарт ниссэн өдрөөс хойш гараагүй. Үндэсний бахархлыг дэврээж, Монгол хүн дэлхийн дэвжээнд ялалт байгуулах боломжтой гэдэг итгэлийг энэ л залуу өгсөн билээ. Энэ өдрөөс хойш олон монгол залуус оролцсон тэмцээн, уралдаан бүрээсээ амжилтын буухиаг өртөөлж байгаа. Монгол хүн олимпийн аварга болох өдөр хол мэт санагддаг байсан бол өдгөө монгол хүн хаанаас ч од шүүрэхэд гайхах зүйлгүй болсон. Долдугаар сарын 1-ний хар өдрөөс хойш монголчуудын сэтгэлийг дэвтээсэн хүн бол Н.Түвшинбаяр. Монголчууд нүдэндээ нулимстай, бахархал дүүрэн уухайлсан баярт өдрийг мартах аргагүй. Таван хүний амь нас үрэгдсэн, ард түмний хилэн хорсол дэвэрсэн ул мөр нь хатаагүй Сүхбаатарын талбай энэ л өдөр баяр, жаргалаар цалгилж билээ. Долдугаар сарын 1-нээс өмнөх хойдох Монгол ондоо. Олимпийн аваргатай Монгол, аваргагүй Монгол хоёр ч огт өөр. Энэ бүхнийг нэг л хүн хийж чадсан гэхээр дэндүү бахархалтай, бас агуу.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүний хамгийн хайртай дайсан нь магтаал

Манай нэг танил “инээдэг дайсан” гэж нэг эр нутагт нь байсан тухай хуучилж билээ.Сайхан инээд алдсан “аан уун” болсон эвлэгхэнэр гэнэ. Харин нутгийн хөгшчүүл болохоор түүнийг “инээдэг дайсан” гэх. Яаж ч юу болж байсан инээд алдаад л гүйгээд байдаг. Ороод гарсных ньдараа хайч алга болчихлоо, бээлий ч хаашаа орчихов гээд л бөөн шуугиан. Мань хүн л”өгөөгүйг авчихсан” байдагмуу зантай нэгэн аж. Гадаа бол чөдөр ногт гээд юухан хээхэн юу ч тэсгээдэггүй нөхөр байжээ.Хүмүүс түүнтэй муудаж чаддаггүй.Яагаад гэвэл өөдөөс инээд алдаад өөрийг чинь магтаж мандуулаад байхлаар “Тэр гуай мөн мундаг шүү, энэ өвөө за мөн ч гаатай бууддаг даа” гээд байхаар яаж муу байх вэ гэж хуучилдагсан.Хүнийг хүн магтахад ерөөсөө муухай байдаггүй.Магтаад байвал хайрлаад л байдаг муу зан бид бүхэнд байдаг аа. Магтуулаад л жижиг сажиг зүйлээ алдаж дуусаад байгаа мөртлөө муу байж чаддаггүй нөгөөөвгөд шиг бид бүхэн ч бас тийм билээ. Ямар сайндаа л “Хүний хамгийн хайртай дайсан нь магтаал” гэсэн үг гарах вэ. Уул нь хөндлөнгийн хүний магтах муулах хоёр чамд ямар ч хамаагүй юм шүү дээ. Чамайг муу хэлсэн ч чамд хамаагүйтэй адил чамайг яаж ч магтсан бас л чамд хамаагүй зүйл юм. Муулахад нь сэтгэлээр унах магтахад нь хөөрч баясан жолоогоо алдах нь хүний хамгийн сул тал гэж мэргэд сургадаг. Харин орчин үеийн бид нар “хэн намайг юу гэж магтах нь вэ” гэж сэрвэлзэж сэртэлзсэн л хүн байх юм. Магтуулах нь хэдийгээр сайхан ч дандаа тийм бишийг дээрх үг бид бүхний орой руу ортол хэлээд байх шиг санагдах юм.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөртөө бол ялалтын нэг алхам хийлээ

Утсаар ярьчих санаатай нэгэн танил руугаа залгаад нэмэр болсонгүй. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн эргээд залгаж байна. Ширээний теннис тоглоод утасны дуудлага сонсоогүй гэлээ. “За тэгээд хэр тоглов, хожив уу” гэтэл “Хожигдсон гэхдээ бас хожсон ч гэж болох юм” гэж хэлэв. Хэрэгт дурлаад “Юу гэсэн үг юм бэ” гэтэл тоглоомонд хожих хожигдохдоо чухал биш л дээ. Хөдөлгөөн хийснээрээ би өөртөө хожил авчирч байгаа юм” гэлээ.

Тэр цайны цагаараа ширээний ард аль нэг хоолны газар хэсэг нөхдийн хамт сууж хоол хүлээнэ гэж нэлээдгүй хугацааг, тэгээд болоогүй идэж дууссаны дараа баахан дэмий ярьж суудаг байж. Нийтлэг байдаг зүйл л дээ. Харин тэр байнгын энэ байдлаа өөрчилж өглөө арай эрт босоод үдийн цайгаа бэлдэж ажилдаа явдаг болсноор хоол идэхэд зарцуулдаг цаг хамаагүй багасч бас эдийн засагт ч хэмнэлттэй болоод явчихаж. Тэр хэмнэсэн мөнгө, цаг хугацааг өөртөө ашигтайгаар зарцуулж спортоор хичээллэж эхэлж. Нэг сумаар нэлээдгүй туулай буудна гэдэг л энэ байх. Дөнгөж сурч байгаа болохоор ихэвчлэн хожигддог ч өөртөө бол ялалтын алхам хийсэн гэж үүнийгээ тайлбарлана лээ. Байнгын хэвшсэн байдлаа жаахан л өөрчлөхөд ялалтын нэг алхам ирж байгаа нь энэ.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гандангийн тагтааг нүүлгэн шилжүүлье

Тэжээлгээд сурчихсан “Гандангийн тагтаа” ч хөөрхий, тагтааны сангаснаас болоод түүх соёлын нандин дурсгал болсон хийдийн дээвэр нурахдаа тулсан нь ч хэцүүхэн хэрэг болоод байна. Ганданд ирж үзсэн араб эр “Танай лам нар нэг шонхор тэжээх хэрэгтэй юм байна” гэж зөвлөсөн гэнэ билээ. Шонхор тагтаа үргээдэг гэнэ л дээ. Шувууны ханиад, тагтааны сангаснаас болоод хөөрхий тагтаа ад үзэгдэх боллоо. Тагтааны сангаснаас болоод хийдийн байшин барилга хэцүүдсэн гэдгийг ойлгож байгаа ч хөөрхий номхон тагтааг зөнд нь хаяж боломгүй. Гандангийн үүдээр явахдаа тагтаанууд нэг юман дээр жигтэйхэн овоорч байхыг олж харлаа. Юун дээр тэгтлээ овоороод байгааг нь олж харах санаатай дөхсөнөө зүрх хүрээгүй. “Арай нэг нэгнийгээ…” гэж муу юм бодож, нүгэл хураав. Сүм хийдийн газрууд тагтаанд будаа өгөхийг хориглох амархан. Харин тэжээлгэж сурсан тагтаанууд яаж амь зогоох бол. Тэдэнд ядаж шилжилтийн үе байх ёстой. Төрийн бус байгууллагынхан Ганданд санаа тавьсан байна лээ. Тэд тагтааны сангас дээврийг нураахад хүргэдэг тухай, тагтаа харшил өвчин үүсгэдэг тухай ухуулж, будаа зарсан хүмүүстэй “тулж ажиллаж” байна. Харин хөөрхий тагтаануудад хэн санаа тавих вэ. Амьтан хамгаалагч нар аа, шувуунд анхаарал тавиач. Хөөрхий номхон тагтааг өлсгөлөнгөөс болж амиа алдахад бүү хүргээч. Тагтааны сангас хэрэгтэй газар заавал байгаа. Сангас нь бордоо болж ашигтай түүхий эд болж болно. Хөөрхий тагтаануудыг нүүлгэн шилжүүлж, амь зогоож, бие дааж суртал нь бага ч гэсэн тэжээх хэрэгтэй байна. Бурханы шавь нар амьтан амьдрах аргагүй болж байгааг зүгээр хараад сууж боломгүй. Сүсэгтнүүдийнх нь сэтгэл алдарна. Лам нар аа, тагтааг өөрөөр амьдрахад нь заавал туслаарай.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамтдаа байгаадаа баярла, учир нь бүгд буцаж ирдэггүй

Хоолны ширээний ард нэгэн залуу ийм түүх ярьж байсныг би тод санаж байна. Тэр 40 гаруй насны хүн л дээ. Авлигын хэргээр хоригдоод гарч ирээд удаагүй байсан юм. Хэрэгт холбогдохоосоо өмнө залуухан бүсгүйтэй бараг л дэр нэгтгэхээр болсон байв. Эхнэрээсээ туурга тусгаар болоод хоёр жилийг үдэж байсан ч мөнгөөр бол тэр дутааж байгаагүй гэнэ. Харамсалтай нь түүнийг хоригдож байхад нөгөө бүсгүй нь битгий хэл найзууд нь ч зайгаа авсан аж. Эхнэрээс нь өөр хүн түүнийг эргэж тойрч байгаагүй бололтой. Суллагдахаасаа өмнө байнга эргэж ирж буй эхнэрийнхээ өмнө гэмшихдээ дэмий л “мөнгөтэй юу” гэж асуужээ. Эхнэр нь хариуд нь “Хамтдаа байгаадаа баярла, учир нь бүгд буцаж ирдэггүй” гэж хэлсэн байна. Тэгэхэд өнөөх залуу “Хайртай хүнээ олоход маш их цаг хугацаа хэрэгтэй ч алдахад ганц секунд ч хэрэггүй” гэдгийг тэр үед ойлгосон гэдгээ ярьж байсан юм. Хүний амьдрал богинохон. Гэвч энэ хооронд өөрийгөө мартталаа мөнгө, эрх мэдэлд шунаж хажуудаа байгаа үнэтэй зүйлээ гээтлээ амьдарсан энэ залуугийн түүх ухаарлаар төгссөнд олзуурхаж байсан юм. Амьдрал биднийг гоё сайханд төөрөлдүүлж уруу татдаг ч бас ухааруулах ямар нэгэн орон зай үлдээдэг нь гайхалтай. Тэгэхээр таны хэн болохыг мэдэж, бүх алдаа дутагдлыг тань тэвчиж, өөрөөс чинь алхам ч холдож чадахгүй, халамжилж хайрлаж байгаа тэр хүнийг хайрла. Тэр бол бидний дэргэд үргэлж байдаг хамгийн их үнэ цэнтэй зүйл билээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гарц байдаг

Үсчид өдөр бүр хүний үс засч, янзалж байж гэмээнэ орлоготой сууна. Гэтэл монгол зурхайгаар сарын гуч хоногийн бараг талд нь үс засуулахад муу, тохиромжгүй, сүлд тэнэж холдоно, үгүйрнэ гэх мэтээр номлосон байдаг. Хэрвээ энэ зурхайг хатуу баримтална гэвэл амьдрал дээр буушгүй юм. Тэгтэл үсчид хүний үсийг өдөр бүр засч, орлогоо таслахгүй байх аргаа олчихсон. Ямар ч өдөр, цаг, нар дор үс засахад харшлах үйлийг нь хариулдаг гэх тарни олоод толиныхоо дэргэд хадчихсан байдаг. Үйлчлүүлэгч орж ирээд “За, байз өнөөдөр чинь хуучны хэдэн билээ. Үсэндээ хайч хүргүүлчихвэл яадаг бол” хэмээн эргэлзэн асуухад өнөөх тарниа заагаад өгчихнө. Ингээд л боллоо. Үсчид монгол зурхайг харааж, зүхсэнгүй. Өөрсдийнхөө орлогыг тогтмол байлгахын тулд яах вэ гэж санаагаа чилээснийхээ хүчинд ийм энгийн гарц олчихжээ.

Үүн шиг юм бүхэнд гарц байдаг, том ч бай, жижиг ч бай. Эдийн засаг хямарлаа, хямарч байна, амьдрал хэцүүдлээ гэж хичнээн орилолдоод нэмэргүй. Бүгд л дор дороо хийж байсан ажлаа үргэлжлүүлж, авч байгаа цалин нь өмнөх шигээ хүрэлцэхгүй байгаа ч болно, бүтнэ гэсэн сэтгэлтэй зүтгэх хэрэгтэй юм шиг ээ. Эдийн засаг унтаж байсан хүн сэрэх шиг хормын төдийд сэргэдэггүй. Ард түмэн өмнөх шигээ амьдралаа залгуулж, хичээж ажиллах нь ирэх цагийн гарц нь ч юм билүү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жавар жанжин жар хонодог гэдэг дээ

Манай өвөл эхэлж байна. Гадаа тас няс хийсэн жавар тачигнах аж. Энэ хүйтэнд ч мань хэдээс нь өөр амьтан тэсч амьдрахгүй л дээ. Хэдэн муу бор шувуу шороо ухаж бөөвийцгөөгөөд, хэдэн мал минь даарч өлссөндөө шүдээ хавиран хөлөө эвхэцгээгээд л. Дээр нь хэдэн халтар монголчууд согтоод уначихгүй шүү бол тэсээд хаврын тэргүүн сарыг үзчихнэ дээ. Энэ хэдээс бусад нь манай хотын тачигнасан жавар, манарсан утаанд байж чаддаггүй юм гээ биз дээ. Байвал хүн амьдарч болохгүй аюултай газар байсны нэмэгдэл гэх мэт цалин цавгаа нэмэгдүүлж байгаад Бээжин хавьцаа л өвлийг авдаг бололтой юм. Муу годил тарвага хүртэл өвөл болохоор доошоо ухаад хөлдүүсийнх нь дор ороод унтаад өгнө гээч. Монголын энэ мөсөн дээр азарган чоно л бөөн хөөр баясал болж “хавтагаа” наан хөргөж ороо отоо нь орж байгаа. Бас тарган мах уур савсуулан чанаж халуунаар нь огтолсон монгол хархүү бөөн цан хүүрэг татуулан гэрээсээ гарч сэгсүүргэн дээлийнхээ энгэрийг яран жавар сэвэн сэрүүцэж байгаа. Өөр амьтай голтой амьтан энэ хөлдүүсэн дунд тэснэ гэж үү. Жавар тачигнаж бүх л юм хөлдөн болор мэт болж түүний талстан дээр туссан нарны гэрэл гялс гялс хийн ойно. Тийм ээ, Монголын энэ их тас няс хийсэн жавар ариусгах чанартай. Хөлдүү цэцэг, хөлдүү бохир хоёр ямар ч ялгаагүй мөс байдаг. Бас хөх Монголын хүйтэн жавар бидний тусгаар тогтнолын баталгаа ч болдог. Ай хүйтэн байна шүү. Жавар жанжин жар хонодог гэсэн үгтэй дээ.

Ж.САНДАГДОРЖ