Өнгөрсөн долоо хоногт болсон зарим үйл явдлууд эрхгүй анхаарал татаж, агаар чанар нь ойролцоо мэт боловч авч буй арга хэмжээ, үр дүн нь тэнгэр газар мэт байсанд олон хүн гайхшрав. Улирагч аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулиас хойш эцэслэн шийдвэрлэгдэхгүй байгаа нэг асуудал бол Баянзүрх дүүрэгт аль нам нь олонхи болсон бэ гэдэг асуудал. Угтаа 41 суудлын 22-т нь АН, 19-т нь МАН ялалт байгуулчихсан боловч 22 суудал авсан АН-д үүнийгээ баталгаажуулах бяр нь дутаж, МАН-д үүнийг нь хүлээн зөвшөөрөх сэтгэл дутсан хэрэг л дээ. Товчоор хэлбэл, салхины чиг МАН руу эргэсэн учраас нөгөөд нь тэнхээ дутаж, наадханд нь бяр амтагдсанаас ийн удахад хүрсэн юм.
Ингээд дөрөв, таван сар учир зүйгээ олж чадалгүй хоёр Засаг дарга, хоёр Иргэдийн хурлын дарга томилж хүртэл үзсэн. Хоёр намын үл ойлголцол, нэгнээ хүлээн зөвшөөрөх улс төрийн соёл хаана хаанаа дутаад байгааг олон нийт анзаарч л байсан. Гэхдээ нэг ийм бүдүүлэг арга барилд гайхшрахаа болиод удсан учраас тэгтэл асуудал босгож, хэл ам гаргалгүй явсаар ирэв. Харин өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын даргын захирамжийг биелүүлэхээр Цагдаагийн байгууллага хүч хэрэглэхэд эрхгүй цочирдлоо. Төрийн нэрийн өмнөөс дүрэмт хувцас өмссөн хүмүүс иргэдийн эсрэг хүч хэрэглээд эхлэхээр эмзэглэх хүмүүс олон байдаг. Эмзэглэхээс ч аргагүй. 2008 оны долдугаар сарын 1-нд гарсан эмгэнэлт хэргийг хэн ч мартаагүй. Одоо хэр хар дарсан зүүд мэт. Дайны хөлд, байгалийн гамшигт биш ардчилсан улс оронд амьдарч байгаа атлаа таван халуун амь төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа цагдаа нарын гарт үрэгдсэнд гол эмгэнэл нь оршдог. Өнгөрсөн баасан гаригийн бага үдийн алдад БЗД-ийн Тамгын газрын байрны гараашийн хаалгыг цагдаа нар эвдэж нэвтрэхдээ гааз цацаж, тэнд эрх мэдлээ алдахгүй гэж тэмцэж байсан намын болоод сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцсэн иргэд рүү халдсан. Иргэд рүү гааз цацахад амьсгалах аргагүй болсон тэд гүйж гарахад хүрч байв. Зарим гүргэр нэгийг нь цаас эвхэж байгаа мэт аваад л гадагш нь шидлээд байгаа харагдсан. Хүүхэн, шуухан гэж харж үзэх ч юм байхгүй хумиад хумиад гаргачихсан.
Төрийн өмчдөө төрийн цагдаа нь халдсан, иргэдийн эсрэг гааз энэ тэр хэрэглэсэн дээр бол ямар нэг хуулийн гаргалгаа олчих байх л даа. Нийтийн эмх замбараагүй байдал үүсгэж байгааг зохицуулахын тулд зөвшөөрөөгдсөн зэвсэг энэ тэр хэрэглэсэн гээд яаж ч гоёор тайлбарлачих байх. Бас хуулийн хүрээнд ч хийсэн гэгдэх биз. Гэхдээ л даргын захирамжийг биелүүлэх гээд иргэнийхээ эсрэг гар далайж байгаа нь Монголын эмгэнэл. Ямар Парисын харуудын хороололд гарсан эмх замбараагүй байдал, машин шатаасан танхайрлыг зогсоох гэж байгаа биш дээ. Ямар нэг байдлаар үзэл бодлынхоо төлөө үнэнч байж, санал бодлоо илэрхийлж байгаа хүмүүс рүү татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, төрийн нэрийн өмнөөс ажилладаг алба хаагчдыг турхирч болохгүй. Тэгээд дээрээс нь таних тэмдэг, мөрдэс гээд зохих ёсны бүгдийгээ нуучихсан ажиллагаа хийж байдаг. БЗД-ийн энэ асуудал бол нийтийн тайван амгалан байдлыг алдагдуулсан эсвэл төрийн хэвийн ажиллагаанд саад учруулсан хэрэг биш. Сонгуультай холбоотой хэрэг учраас онцгой үйл явдал. Сонгууль бол иргэдийн, сонгогчдын саналыг дэнсэлж гаргадаг учраас хүчээр асуудлыг зохицуулах ямар ч боломжгүй тусгай явдал. Үзэл бодлыг үнэлэн үздэг ардчилсан оронд тусгайлахаас ч аргагүй хэрэг.
Гэвч үүн дээр Монголын цагдааг оролцууллаа. Үнэхээр даргын захирамж тушаалыг биелүүлэхэд босоо удирдлагатай учраас цагдаагийн байгууллага оролцохоос аргагүй байдаг гэж үзлээ гэвэл БЗД-ийн хэрэг явдлын нөгөөдөр нь болсон Дүнжингаравын хурд уралдааныг харахаар толгой эргэж, учир ойлгогдохгүй. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 3-ны өдөр Засгийн газраас товыг нь тогтоосон гурван морин уралдааныг зохион байгуулахыг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан.
Ингэснээр 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болох Дүнжингаравын хурд болохгүй нь гэсэн мэдээлэлтэй байтал өнөөх хурдан морины нүсэр уралдаан нь нижгэр гээч нь болчихлоо. Шүүхийн шийдвэрийг иргэд, дарга даамал хэн ч байсан биелүүлэх ёстой. Үнэхээр хууль тогтоомж, дүрэм журмыг биелүүлдэг даалгавартай байдаг бол цагдаагийнхан энэхүү дүрэмгүй баяр наадам хийгчдийг зогсоох ёстой байтал тэгсэнгүй ээ. Харин эмх журам зохицуулж байна гээд нөгөө муу хэдэн иргэдээ чирч гулдарч, олс дээсний наана цаана зогсоож дэглэж байгаа харагдсан. Даргын даалгаврыг биелүүлэхдээ ч, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхдээ ч өнөөх л хэдэн иргэдийнхээ эсрэг. Бас цас жавартай хайруу үеэр болсон уралдаанаар цөөнгүй хүүхэд мориноосоо унаж, гэмтсэн мэдээ сонстож байна.
Ийм нэгэн тэс өөр үр дагавар дагуулсан үйл явдал болж өнгөрлөө. БЗД-т даргын шийдвэр биелүүлэх гэж, Дүнжингаравт шүүхийн шийдвэр эсэргүүцэх гэж Монголын цагдаагийн бороохой тачигнасан нь тэр. Үнэхээр БЗД-т хотын даргын захирамжийг биелүүлэхээр очиж байсан нь аргагүй гэвэл Дүнжингаравын үеэр ч шүүхийн шийдвэрийг зөрчсөн уралдаан зохион байгуулагчдыг зохицуулах ёстой байлаа. Энэ бүхнээс харахад улс төрийн шийдвэр, намын эрх мэдэлтнүүдийн эрх ашгаар хөдлөөд байна уу даа гэж харагдах. Улстөрчдийн дохио зангаа, шийдвэрээр цагдаа яваад ирэхээрээ буруутдаг. Тэгээд эхэлбэл цагдаа нар шийтгэл хүлээдгээс хэн нэгэн дарга, улстөрч хүлээж байсан түүх үгүй. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын буруутан цагдаагийн хэдэн хурандаа нар, уг байгууллагыг толгойлж байсан Ч.Амарболд болж ял хүлээснээс аль нэгэн сайд, эрх мэдэлтэн болоогүй. Иргэдийнхээ эсрэг цагдаа нь хөдлөөд ирэхээр хамаг муу муухай дурсамж сэргэж, хүмүүс энэ бүхэнд агзганадаг болчихжээ. Ардчилсан үзэл санааны эсрэг, шударга ёсны эсрэг улс төрийн эрх мэдлээр далайлгадаг явдал манайд хэрээс хэтэрснийг хэн хүнгүй л харж байна. МАН өнөөдөр муухайдаа, АН гоёдоо ингээд байна гэж хэлэхийн аргагүй. Маниасаа өмнө гэгчээр МАН-аасаа өмнө АН-ынхан хүчээр далайлгаж, хуулийг гууль болгодог муухай жишгийг тогтоочихсон юм. Өнгөрсөн дөрвөн жилд эл байдал хэрээс хэтэрсэн.
Хуульд санаатай ч юм уу, санамсаргүй юм уу зохих ёсны заалтыг оруулахгүй үлдээгээд хүссэнээрээ сонгуулийн өмнө өөрчлөлт ч оруулж байх шиг, Цэцийн шийдвэр нь таалагдахгүй бол даргыг нь явуулчихаж ч байх шиг, даргад таалагдаагүй бол бүгдийг нь өөрчилдөг увайгүй шийдвэрүүд олныг үзсэн. Үг хэлүүлэлгүй микрофоныг нь хааж амыг нь ангалзуулна. Тэднээсээ өмнө нөгөө нам нь ч бас хийдүүлдэг л байсан. Гэхдээ нэг нь нөгөөгөөсөө давах гэсэн мэт муужруулсаар байтал ард түмэн туйлдаж гүйцлээ. Намуудын хүч түрэмгийлсэн муйхарлалд ард түмэн л хохирч, олон нийт л туйлддаг. Түүнээс хоёр нам биш. Үсрээд сонгуулиар нэг нь ялж, нөгөө нь ялагддаг. Харин энэ бүхэн он цаг үргэлжлэн даамжраад байвал ард олон туйлдаж ядарч, ардчилал устаж, нийгэм хохирдог. Тиймээс ард түмэн гэж ярих дуртай улстөрчид үнэнээсээ ард олноо бодоосой билээ.
Г.НАЦАГ