Categories
мэдээ нийгэм

Бусдын алдсан мал, эд зүйлийг ашиглаад хэрэгт холбогдох нь ихэсчээ.

Алдуул мал, бусдын алдаж гээсэн эд зүйлийг авч ашиглаж, үрэгдүүлснээс үүдэж гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлд “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Голдуу иргэд энэ хууль дүрэм заалтыг мэдэхгүй зөрчсөн тохиолдол их.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс авсан гэмт хэргийн судалгааг сүүлийн 5 жилийн байдлаар он тус бүрээр харуулбал: 2010 онд 142, 2011 онд 128, 2012 онд 247, 2013 онд 319, 2014 оны эхний 9 сарын байдлаар 306 хэрэг тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан аж.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн ихэнх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийдвэрлэгддэг боловч 2013 онд 10, 2014 оны эхний 9 сарын байдлаар 7 иргэн дээрх хуулийн дагуу шүүхээс баривчлах болон хорих, торгох ял авчээ.
Хэрэгт холбогдон шүүхээс ял авсан 17 иргэний 15 нь хөдөө, орон нутгийн иргэд байдаг ба алдуул мал завшсан болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон байна.
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд иргэд хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй, бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй л бол гэмт хэрэг биш гэсэн ойлголттой байдгаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, улмаар шүүхээс хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсдэг.
Гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, дарагдмал үнэт зүйлсийг олсон иргэн Монгол Улсын Иргэний хуулийн 116, 117, 118 дугаар зүйлд заасны дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх, хүлээлгэн өгөх үүрэгтэй ба эд зүйлийн тодорхой хувийг урамшуулал, шагнал болгон авах, хуульд заасан хугацаанд эзэмшигч нь тогтоогдоогүй тохиолдолд өөрийн эзэмшлийн болгох зэрэг эрхтэй байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *