Categories
мэдээ цаг-үе

Бурхан хулгайлсан залуус “Хятадуудад өндөр үнээр худалдах гэж байсан” гэж мэдүүлжээ

-Гурван бурхныг хуурамч эсэхийг тогтоох ажил хийгдэж байна-


Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “Эрдэнэзуу” хийдийн музейд хулгай орж соёлын хосгүй үнэт өв болох долоон бурхан алдагдсан хэрэг энэ сарын 19-нд гарсан. Хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтэс болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт илрүүлжээ. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат гэх ах, дүү нар үйлдсэн гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр зуу гаруй сая төгрөгийн үнэтэй бурхдыг хулгайлахын тулд залуус эртнээс бэлтгэсэн байжээ. Хархорин музейн доторх байдал,  музейн хаана үнэ бүхий соёлын үнэт өв байгаа, дохиолол нь ажиллахгүй  байгаа гээд нарийвчилсан судалгаа хийсэн байжээ. Хэргийг үйлдэхээр энэ сарын 15-нд нийслэлээс Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат нар явсан байна. Тэд Хархорин сумаар ороод хойшоо Архангай аймгийн Өгийнуур сумын нутгаар явцгаажээ. Өгийнуурын ойролцоо хээр зэлүүд газар хоёр хоносон байна. Нутгийн иргэд улсын дугааргүй машин унасан залуус тэр хавиар эргэлдээд байхаар нь малын хулгайч байж магадгүй хэмээн сэжиглэн очиж уулзсан байна. Тэгсэн гурван залуу “Энд хүнтэй уулзахаар тохирсон юм. Тэгсэн ирэхгүй байна” гэхээс өөр зүйл ярихгүй доошоо харж нүүрээ малгайгаараа таглаж суучихаад байсан гэнэ. Иймд нутгийн иргэд тэр хавийн айлууддаа “Малаа сайн хараарай сэжиг бүхий хүмүүс яваад байна” гэж хэл хүргэж байжээ.
 Энэ сарын 19-ний өдөр Эрдэнэзуу хийдийн Хархорин музейд хулгай орж, XVIII зууны дунд үеийн долоон бурхан хулгайд алдагдсан юм. Хулгайлагдсан долоон бурхан хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шармал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар бурхан алдагдсан. Энэ гурван бурхан нь хосгүй үнэт өвд багтдаг. Мөн зэс хөөмөл, алт шармал 850 гр жинтэй Майдар, 2.2 кг зэс хөөмөл Майдар, 2 кг жинтэй зэс хөөмөл, алт шармал Майдар, гууль цутгамал, алт шармал, 765 гр жинтэй Манзушир бурхан хулгайлагдсан юм. Дүйнхор бурхан нь 32.6 см урттай, 20.7 см өргөн, 40.5 см өндөртэй. Зүүн дээд мутрын ядам, чигчий хуруу хугарсан, нүүрний боронз түрхэц халцарсан, суурийн дээрх цоорхойг нь гипсээр бөглөсөн, суурь, жавил нь модон залгаатай, жавилын арын улаан дурдан үжирсэн, суурийн чанх урд хэсэгт зурагдсан, баруун хөлийн гишгэгдлийн толгой салсан зэрэг содон шинж тэмдэгтэй байжээ. Музейд хулгай орж бурхан алга боллоо гэсэн дуудлага энэ сарын 19-ний 03:20 цагийн үед ирсэн байна. Ирсэн дуудлагын дагуу Хархорин сумын цагдаа нар хэргийн газарт үзлэг хийжээ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчдийн хэлж буйгаар хулгай гарах үед музейн дохиолол огт ажиллаагүй болох нь тогтоогджээ. Мөн тухайн үед манаач байхгүй  байжээ. Өмнө нь Музейн эрхлэгчээр  Найгаль гэж хүн ажиллаж байсан бол  түүний хүү Н.Төмөрбаатар  эрхлэгчээр томилогдсон байна. Найгалийг  музейн эрхлэгч байх үед Хархорин  музейгээс түүхийн үнэт ховор үзмэрүүд алдагдаж байсан гэнэ. Иймд Н.Төмөрбаатарыг хэрэгт холбоотой байж магадгүй хэмээн шалгаж эхэлжээ. Соёлын үнэт өв болох долоон бурхан алга болсон хэргийн мөрөөр цагдаагийнхан шалгалт хийж  Хархорин сумын ойролцоо байх бүх сумдаар явж сэжиг бүхий хүмүүсийн талаар судалгаа авсан байна. Мөн энэ сарын 19-20-ны өдрүүдэд нийслэл рүү явсан бүх машины судалгааг гаргажээ. Тэгээд Өгийнуур сумын иргэдийн өгсөн сэжиг бүхий гурван залуу явж байсан, унаж явсан  машины байр байдлыг тодорхой болгосон байна.  Ингээд тавдугаар сарын 19-ний өглөө эрт нийслэлийн 22-ын товчоогоор иргэдийн өгсөн мэдээлэлтэй ижил төстэй, улсын дугаартай машин орсон камерийн бичлэг зэргийг үндэслэн Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат гэх ах, дүү нарыг бурхан хулгайлсан байж магадгүй хэмээн шалгаж эхэлжээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Таван шард байх  Мөнхзул гэртээ хулгайлсан долоон бурхныг нууж байсныг илрүүлжээ.  
Хэргийг Зохион байгуу­лалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Бурхан хулгайлсан  хэмээн сэжиглэгдэн шалгаг­даж байгаа Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид  саатуулаад байна. Залуусын цаана бурхан хулгайлах захиалга өгсөн хүмүүс байж магадгүй учир мөрдөн байцаалт хийгдэж байгаа аж. Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат нар хулгайлсан бурхдыг “Урд хөршийн Хөх хотод аваачин өндөр үнээр худалдах гэж байсан” хэмээн мэдүүлсэн гэдгийг эх сурвалж онцолж байв. Дээрх мэдүүлгээс үүдэн бурхан хулгайлсан залуусын ард хятадууд байж магадгүй гэж цагдаагийнхан үзээд байна.  

Бурхан хуурамч гэх яриа цагдаа нар сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өгөх үед гарчээ
ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газраас 18.00 цагт дээрх долоон бурхныг бусад жижиг эд зүйлийн хамтаар Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгчээ. Энэхүү арга хэмжээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга, хурандаа Д.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцжээ. Энэ үеэр  зарим бурхан, суурь зэрэг нь хуурамч байна гэх яриа гарчээ. Иймд цагдаагийнхан   Хархорин музейн мэргэжилтнүүдээс таниулах арга хэмжээ авч шинжээчид эцэслэн тогтоохоор ажиллаж байна.

Э.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *