Categories
мэдээ улс-төр

“Бурхан халдун” хэмээн нэршихийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 100 хувийн саналаар “Тогтоолыг хэлэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Дээрх тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тайлбараар Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтийн хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх асуудал энэхүү тогтоолын хүрээнд орж ирсэн. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог. Өөрөөр хэлбэл, Хэнтийн хаан уулыг бүхэлд нь нэрийг өөрчлөх тухай асуудал биш. Зөвхөн өндөрлөг хэсэг нь хамаарна.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.

ЮНЕСКО-гоос Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Эдгээр асуудалтай холбоотойгоор уугуул нэрийг нь сэргээх асуудлыг Засгийн газраас мэдүүлсэн нь энэ аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн А.Сүхбат “Газар усны нэрийг бид хайрлаагүй, болгоомжтой хандах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хэнтийн нурууг бүхэлд нь Бурхан халдун болгон өөрчлөх нь гэж ойлгож болохгүй. Сая Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга хэллээ. Хэнтийн хаан уул гэх нэрийг оросууд 100 мянган масштабтай газрын зураг гаргахдаа нэрлэсэн. Тиймээс оруулж ирсэн асуудлыг дэмжих ёстой” гэсэн юм.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын өгч буй мэдээллээр 100 мянган масштабтай зурагт багтаагүй, мөн батлагдаагүй газар усны нэр асар их бий аж. Засгийн газар 2018 онд багтаан судалгааг хийж, улмаар 25 мянганы масштабтай зураг гарган, газар нутгийн бүх нэршлийг тодотгох ажлыг хийж гүйцэтгэх зорилт тавьжээ. Тиймээс цаашдаа ч УИХ-д эдгээр асуудлууд орж, ирэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *