Categories
мэдээ цаг-үе

Булган хангайн хүчит заан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн

Булган аймгийн Могод сумын уугуул Монголын Улсын заан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэнгийнд өнжлөө. Эл эрхэм эдүгээгээс дөчин таван жилийн өмнө буюу нэгэн мянга есөн зуун далан нэгэн онд ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойгоор заан цол хүртсэн юм. Хүчит арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир, уран барилдаант аварга Чойжилын Бээжин нарыг дараалуулан орхиж зааны босго алхсан тэрээр самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, улсын шигшээ багийн тамирчин явсан түүхтэй.

Лхагваа заан руу утсаар холбогдон өнжих тухайгаа дуулгахад, цаана нь бөөн дуу чимээ нажигнаж байв. “Буянт-Ухаа”-гийн спорт цогцолборт олон улсын жүдо бөхийн “Чингэс хаан” гран при тэмцээнийг үзэж яваа аж. Амралтын өдрөөр гэрт нь тавиад буулаа. “Зуслан дээр байж байтал гэрт зочин ирэхээр боллоо гэж манай хүн дуудуулаад. Бид гурав ч ум хумгүй орж ирээд байна” хэмээн гэрийн эзэгтэй өгүүлэн, хоёр зээтэйгээ шуугилдан угтлаа. Гэрийн эзэн буйдан дээр цээж нүцгэн тэрийгээд хэвтчихсэн, амар амгалан гэж жигтэйхэн. “Өвөөгийнхөө цамцыг аваад ир” гээд зээ хүүдээ хэлээд, хөгшнөөсөө хөөрөг даалингаа сураглав.

“Энэбиш, Хишигдаваа бид гурав Баавайн гол, Хулжийн голд өссөн нэг довны хүүхдүүд юм” гэж заан аядуухан хэлснээ сурагчийн дэвтрийн шугамдсан хуудсан дээр хэд хэдэн зүйл тэмдэглэчихэж, түүнээ үзүүлэв. Өвөр бэлд нь өсч торнисон Баян уулынхаа тухай бичсэн нь энэ ажээ. Наадмын дараахан “Сайхан Хулжийн гол” дууны клипийг Могод суманд хийх гэнэ. Тэр үеэр Лхагваа заан нутгийн зон олон, ах дүүс амраг садантайгаа Баян уулаа тахихаар төлөвлөж байгаа бололтой. “Нэг довны гурав” гэдэг нь Их хурлын дарга асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Лхамсүрэнгийн Энэбиш, “Хүч тамирын гайхамшиг” циркийн үзүүлбэрийг Дарийн Дамдин багшаасаа өвлөн авч, нуруун дээрээ найман зуун тавин килограмм ачаа үүрэн хүн төрөлхтнийг гайхашруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин Гончигийн Хишигдаваа хоёрыгоо хэлж байна.

Долоохон хоногийн дараа монгол төрийн наадам эхлэх гэж буй цаг мөчид хүчит заантай уулзсаных, наадмын тухай яриа хөөрөө дэлгэх нь дамжиггүй. “Улсын наадамд хэдэн онд анх зодоглосон билээ” гээд асуучихлаа. “Жаран зургаан оны их үерийн жил юм” хэмээн яриа эхэлж байна. Хагас зуун жилийн тэртээ төрийн наадамд анх зодоглохдоо Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат улсын арслан Гялдангийн Цоодолоор хоёр давчихаж. Төрийн наадамд Шаравын Батсуурь аваргатай хоёр жил дараалан түрүү үзүүр булаацалдаж байсан арсланг нь өвдөглүүлнэ гэдэг цэргийн хүүд том амжилт байх нь мэдээж. “Тэгтэл намайг гурвын даваанд барилдуулаагүй юм даа” гэж заан одоо хэр нь гомдолтой байдаг аж. “Үер бууж аюул болж байхад цэргийн хүүхэд барилдана гэж юу байхав. Бушуухан яв, Их тэнгэрт очиж харуул хий” гээд дарга даамлууд нь хөөгөөд явуулчихсан байна. “Улсын наадамд хоёр давчихсан хэрнээ барилдах эрхээ хасуулаад харуулд зогсож байхдаа цэргийн хүн л болохгүй юм шүү. Мөрдэстэй хүн гэдэг хэрэггүй байдаг юм байна гэх бодол төрж билээ. Ингээд цэргээс халагдахад намайг үлдээч гэсэн санал ирж байсан. Би огт зөвшөөрөлгүй нутаг явчихсан даа” хэмээн хүд хүд инээж байна.

Бөхийн зам мөр хөөхөд нь түшиг тулгуур болж дэмжсэн хүн нь олон түмнээ “тэмээ өргөдөг” гэж алдаршсан Бямбын Жамъяндорж арслан ажээ. Жараад оны сүүлээр Булган аймгийнхаа наадамд босоо явсан арсланг цэргээс халагдаж очсон залуу нэгэн барилдаанд өвдөг шороодуулчихсан байна. Тухайн барилдааны дараа Жамъяндорж гуай Лхагвасүрэнг хүнээр дуудуулжээ. “Өндөр цолтой бөхийг хаялаа гэж аашилдаг болов уу” хэмээн айж эмээсээр очтол “Чи хө, алсдаа юм дуулгах нөхөр шиг байна. Хоёулаа Хөвсгөл явж барилдана. Намайг уриад байгаа юм. Хань олдохгүй яадаг юм гэлээ гээд аргаа барж байтал, ашгүй чи гараад ирлээ” гэж урам зориг өгөн Хөвсгөл нутаг руу дагуулж явсан гэдэг.

“Тэмээ өргөдөг” арслан зам зуурт “Гурван удаагийн барилдаан хийнэ байх. Эхлээд би түрүүлнэ. Дараа нь чи түрүүлнэ, сүүлд нутгийн бөхийг түрүүлүүлнэ. Дийлмээргүй хүн байвал ахдаа дуулгачихаарай. Би аваад шидчихнэ” гэж өнөө л бүдүүн хадуун зангаараа сал пал ярьж явжээ. Лхагваа зааныг Жамъяндорж арслангийн тухай тийн дурсаж суухуйд олны дунд яригддаг хошин яриа нь санаанд буулаа. Жамъяндорж гуай жараад оны дундуур улсын наадамд барилдаж нутагтаа оччихоод найз нөхдөдөө “Хотод очиж голын цэнгэлдэхэд барилдах сайхан шүү. Өөрийн эрхгүй бяр ороод л ирж байгаа юм чинь. Дараа нь Туулын хөвөөнд суугаад хотын бөхчүүдтэй паав уух бас сайхан” гээд олны инээдийг хүргэдэг байж.

Монголын брэнд Могодын айргийг залгилсан шигээ уяа морьдын зурагтай ханан дахь хивсний өмнөх буйдан дээр зэрэгцэж суугаад бөхийн тухай хуучилж буй минь энэ. “Далан оны дүн өвлөөр Мөөеө аварга, Цэрэн аварга, Галдандагва, Юүвээ начин гээд бөхчүүдтэй Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь гээд олон аймгаар явж барилдаан хийсэн. Гэмпил жолоочийн цоо шинэ “тавин гурав”-тай гарч өгсөн юм. Хоёр аварга кабинд суугаад, бусад нь ачаан дээр бор эсгий дэвсээд үстэй дээл нөмрөөд хэвтчихнэ. Мөөеө аварга тэгэхэд ёстой ид байсан даа. Хөмсгөө атируулсан, булцгар цагаан жигтэйхэн амьтан байлаа. Цэрэн аварга тэр жилийн наадамд үзүүрлэж, их ойн одтой бөх гэдгээ баталж даян аварга болж байсан юм.

Халхын их хүчтэнүүдийн далбаан дор явсан тэрхүү аян зам надад өгөөжөө өгсөн. Тавин жилийн ойгоор заан цол хүртэх нөхцөл боломж тэгж л бүрдсэн. Бие хаа задарч, бэлтгэлийн формдоо орчихсон нэг л сайхан болоод ирж билээ. Сураар бол элдүүр нь ханаж байгаа нь тэр байх л даа. Эхэн үедээ Мөөеөд эргүү тэнэгээрээ дуудуулаад баахан загнуулна. Аймаг аймагт болсон барилдаануудад ихэвчлэн Мөөеө аварга түрүүлнэ. Заримдаа Цэрэн аварга түрүүлнэ. Дамдингийн Галдандагва начин ид байсан үе. Урьд жил нь Түвдэн аваргаар тав давж начин болчихсон байв. Далан оны бүх ард түмний спартакиадын тойргийн барилдаанд Галдандагва босоо түрүүлсэн. Түүнд заан цол олгох гэтэл “Улсын наадмаар заан цолоо авна. Тойргийн барилдаанаас заан болохгүй” гээд буруудсан хүн шүү дээ. Хэрвээ заан цолоо аваад барилдсан бол түрүүлэх ч юм бил үү, хэн мэдлээ. Наадмаар юун заан болох тавын даваанд Увсын Жамбалын Хайдавт унасан. Хайдав бараг л амьдралдаа хүний хөл авч үзээгүй бөх. Гэвч тэр жил Галдандагвын хөлийг аваад хаячихаж билээ. Хайдавын бэлтгэлийг Баянаа аварга долоо хоног тасралтгүй хийлгэсэн гэдэг. Гол нь Галдандагвыг унагах гээд байхгүй юу”.

Заан бид хоёрын дунд ийм л яриа хөөрөө үргэлжилсээр байгаа. Хөгшин нь хүүхдүүдтэйгээ утсаар яриад л, зуслангаас ороод ирсэн, буцаад гарна зэргээр тайлангаа тавьж байна. Ханын хүрэн шүүгээнээсээ баахан зурагт цомог гаргаад бид хоёрын орны дэргэд давхарлаад хураачихав. Нүүрэнд нь Лхагваа зааны зурагтай зузаан гэгчийн шаргал альбом дээр нь ил харагдана. Сөхөөд үзтэл домог болсон аваргуудын хөргөөс аваад жил жилийн наадмын түүхийг хадгалсан, бөхөд дуртай хэн бүхний харцыг булааж, эрхгүй сэтгэл хоргодохоор нандин эд байна шүү. Зургийн цомгийг нь шимтэнгээ заан цол хүртсэн наадмынх нь тухай асуулаа. Эрдэнэ-Очир арслан, Бээжин аварга нарыг хэрхэн сөхрүүлснийг нь сонирхлоо.

“Би чинь Түвдэн аваргынхаа (үндэсний спортын ууган гавьяат мастер, дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж) хийж өгсөн зодог шуудгийг өмсөж барилдаад улсын цол хүртсэн хүн юм” гэж ихэд бэлгэшээлтэйгээр хэллээ. “Тэр жил ээж “Улсын сайн малчдын зөвлөгөөн”-д нутгаасаа ирээд байв. Миний бие гэр бүл, хань ижил байхгүй ганц бие амьтан “Зуун айл”-д ээжийн дүү Сундуй ахынд байдаг байлаа. Ээж минь хүүгээ барилдахыг нэг харъя даа гээд төв цэнгэлдэх орсон доо” гээд дөчин таван жилийн тэртээх наадмаа дурссан билээ.

“Гурвын даваанд Говь-Алтайн Онхыг, дөрөвт Архангайн Юүвээг давсан. Онх золиг хөл авч дайраад золтой л хаячихаагүй. Бэлтгэл сайхан, хэнийг ч давна гэсэн итгэлтэй байсан учир Онх начинг сөргүүлж дайраад давсан юм. Тавын даваанд Эрдэнэ-Очир гуай амлалаа. Улсын заан цолтой, ид жагсаж явсан насандаа байв. Урьд жил нь Хайдав, Сосорбарам нарыг цувуулж орхин их шөвөгт шалгарч Дамдин аваргад тахимаа өгсөн, наадмын түрүү үзүүрт яригдаж байсан хүчтэй бөхийг их л амархан хаясан юмдаг. Золгоод тахимдтал хэвтээд өгсөн. Зургаагийн даваанд Бээжин амласан. Мань хүн далан оны наадамд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн, жинхэнэ ир бяр нь тэгширч байсан үе.

Наадмын өмнө Түнхэлд болсон сорилго барилдаанд Бээжин гуайд унасан байлаа. Намайг ганцхан шүүрч аваад л тахимдаж дайраад давчихсан юм. Гэхдээ надаас бяраар илүү биш юм гэдгийг нь мэдэрсэн. Уран дайчин барилдаантай бөх байлаа. Бээжинг баруун зүүн талдаа цавчиж дайраад ороод ирэхээр нь лавхан барьц өгөөд хүчтэй халтал баруун гарынхаа хурууны өндгийг долоогоод “гаслаад” явчихлаа. Тэгэхээр нь тас тэврээд элдээд хөөчихсөн. Бид хоёрын барилдаан их уран, үзүүштэй сайхан болсон. Даанч тэр барилдаан зурагтын дүрс бичлэгт үлдээгүй байдаг юм. Камер нь гүйцэж авч чадаагүй байх л даа”.

“Та долоогийн даваанд Баянаа аваргад унасан байдаг. Үнэхээр бараагүй юу. Ер нь ид барилдаж байх үедээ хаяж чадаагүй бөх гэж байна уу” хэмээн гэрийн эзнээс өдөх маягаар асуулаа. “Баянааг хаях боломж надад байсан. Гол нь би даваандаа ханачихсан, бөхчүүдийн хэлдгээр цолондоо ханачихсан байв. Их ойн жил учир зургаа давсан бөхөд заан, долоо давсан бөхөд арслан цол өгч байсан юм. Хайдав, Дагвасүрэн хоёр тэр жил долоо даваад арслан болж байлаа. Наадмын өмнө Мах комбинатын 50 жилийн ойн барилдаан болсон юм. Тэр барилдаанд би аймгийн цолтой байхдаа Эрдэнэ-Очир, Цэрэн, Баянаа гурвыг цувуулж хаяад түрүүлчихсэн. Тиймээс барилдаж байх үедээ надад унагаж үзээгүй бөх байхгүй дээ. 1971 оны наадмын долоогийн даваанд Мөөеө Цэрэн аваргыг амлаж барилдаад унасан. Тавын даваанд Түзэлийн Зундуй заантай барилдаж байхдаа бэртчихсэн. Тэгээд Цэрэндээ өгчихсөн байхгүй юу. Надад “цаад харыгаа заавал хаяна шүү” гэж хэлж билээ. Баянааг давна шүү гэсэн. Харин би далан найман оны наадмын зургаагийн даваанд Баянааг хаячихсан юм” гэх нь тэр.

Би сортос гээд л явчихлаа. “Далан найман оны наадамд Баянаа аварга шөвгийн дөрөвт Цэрэнтогтох аваргад унасан байдаг. Цэрэнтогтох аваргын анх түрүүлдэг жил санагдана” гэхэд “Тэгсэн тэгсэн. Би Хайдаваар тав давж шөвгөрөөд зургаад аваргад амлуулж барилдсан. Баянааг хагалж цохиод гуядтал өвдөглөчихсөн. Гэхдээ унаагүй гэж зүтгээд тахимаа өгөөгүй. Хэл амны нэмэр гэж бодоод би орхисон л доо” гэж байна.

Лхагвасүрэн зааны гэр бүлийн хүн Урнаа бүхий л насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан, нэртэй эмч нарын нэгэн ажээ. Нэг нутаг усны хүмүүс юм билээ. Сонирхолтой нь тэдний гэр бүл хоёр талаасаа бөхийн зүтгэлтнүүдээр ёстой нэг бялхсан айл байна лээ дээ. Тодруулбал, Лхагваа зааны эмэг эхийн садан төрлийн хүн нь алдарт Луузангийн Нямжав заан гэдэг. Харин дүү охин Эрдэнэцэцэгийнх нь нөхөр Монгол Улсын арслан, гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатар. Урнаа эгчийн төрсөн дүү нь далан таван онд Сэрээтэрийн Цэрэн аваргаар тав давсан улсын начин Долгорын Загдаа. Мөн Урнаа эгчийн дүү охиных нь нөхөр буюу Лхагваа зааны баз хүргэн нь Архангай аймгийн Лүн сумын харьяат улсын начин Гүсэмийн Жалаа гэж байгаа. Ганбаатар арслангийн хүү Мөнхсайхан Японы мэргэжлийн сумод хүч үзэж байгаа, Жалаа начингийн хүү бас барилддаг гээд үргэлжилбэл тоо томшгүй юм болно.

Ийм л нэг бөхийн салбарласан гэр бүл байна. “Манай аавыг Дамдинсүрэн гэхээсээ нутгийн олон Данид гэж авгайлж, хүндэтгэнэ. Аав минь надаас хамаагүй өндөр. Аавын маань аав Пэлжээ гэж өвөг эцэг минь манай ажаагаас (төв халхынхан аавыгаа ажаа гэдэг) бас өндөр хүн байжээ. Өсөхөө аварга шиг өндөр, биерхүү хүн байж. Ажаа минь 1934-1937 онд Дорнодын Баянтүмэнгийн дивизэд гурван жил цэргийн алба хаасан. Цэрэгт байхдаа “14 дүгээр дивизийн Дамдинсүрэн” гэж зарлуулаад барилддаг, ихэвчлэн түрүүлдэг байсан юм гэнэ лээ. Жигтэйхэн бяр тэнхээтэй хүн байсан” хэмээн хуучилсан юм.

“Манай хөгшний ижий аав, өвөг дээдэс нь их сайхан насалдаг хүмүүс” гэж Урнаа эмч хэлж байна. Аав Данид нь ерэн насыг зооглосон байна. Ерэн насных нь баярт тухайн үед Их хурлын дарга байсан Цэндийн Нямдорж ирж хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Зураг хөрөг нь ч байна. Харин Нямжав нь ерэн дөрвөн нас хүрч өнгөрөгч хавар урт холын аяндаа буцжээ. Ижийгийнх нь садангийн хүн ерэн найман нас хүрснийг зааны гэргий хэлж байсан.

Лхагвасүрэн зааныд Чин Ван Ханддоржийн аяга хадгалагдаж байдаг тухай Бямбажавын Өвгөнхүү нэгэнтээ дурсаж байсан. Тэр тухай сонирхоход хөгшин нь байлгүй яахав гээд Ханд вангийн хэрэглэж байсан гэх хул шаргал өнгийн шаазан аягыг гаргаад ирлээ. Лхагвасүрэн зааны өвөг эцэг Пэлжээ Хунтын рашаанд очин майхандаа цай ууж суутал өмнүүр нь өнгөрсөн морьтой хүн зогтусан эргээд ирэв гэнэ. Тэр хүн “Чамайг таньсангүй, аягаар чинь танилаа” гэсэн гэдэг. Бадамжав гэж буриад Ханд вангийн хураалганаас тэрхүү шаазан тагшийг авч Лхагвасүрэн зааны өвөг эцэгт өгсөн түүхтэй юм билээ. Мөн зааны дүү адуучин Тангадынд Сундуй гүний айрагны луутай шаазан байдаг гэсэн. Данидынхан гэдэг ийм л үүх түүхтэй, унаган хүлгүүдээ уяж хурдлуулан айраг түрүү хүртэж, хүү хүргэнүүд нь төрийн наадмын түрүү, үзүүр бөхөөр тодорч, Баян-Уул, Хулжийнхаа голд үе удмаараа нутаглаж байгаа ёстой л манайхны хэлдгээр төрийн наадмын үүдтэй айл ажээ. Зааных Ханд вангийн өргөөний урд талын есөн давхар байранд аж төрдөг аж. “Энэбишийн маань буян юм даа. Хотын захиргаанаас орон сууц хуваарилахдаа Хишигдаваа бид хоёрт нэг нэг байр өгсөн. Хишигдаваагийнх манай хажууханд. Энэбиш төрийн ноён нуруу болсон, голчтой сайхан хүн байлаа. Манай Булганыхан ч азгүй дээ. Тэр сайхан хүнээ эрт алдсан” гэж харамсангуй өгүүлж байв.

Өнжиж буй айлын маань эзэн сав л хийвэл Мөөеө, Цэрэн хоёроо дурсана. Халхын их хүчтэн, тэр энгүй хоёр аваргын нөхөрлөж явсан он жилүүдийг хамгийн сайн мэдэх хүн нь Лхагваа заан аж. “Цэрэн аварга Уртцагааны аж ахуйн нярав байсан. Жигтэйхэн олон төмөр түлхүүр хармаалаад л явж байдаг сан” гэж гэргий нь халуун дотноор дурсч байлаа. “Мөөеө аварга наадмын бэлтгэл дээр намайг гойд анхаарч, хааш нь ч хөдөлгөхгүй, бэлтгэлийг чамбай гэгч нь хийлгэнэ. Хадааг яг л над шиг хайрлаж бэлтгэлийг нь хийлгэнэ. Сүүлд Өсөхөө аваргыг бас л өөр дээрээ аваад Сонгинын аманд бэлтгэл хийлгэж байсан” хэмээн хөөргөөр тамхилангаа сонирхуулж байлаа.

Далан зургаан онд Архангайд болсон нэгэн барилдаанд хоёр Мөнх, тухайн үед ид гарч ирж байсан Хадаа, Цэрэнтогтох гээд шилдэг бөхчүүд бүгд очсон гэдэг. Уг барилдааны үеэр Буур Жамъян аварга Хадаа, Лхагвасүрэн хоёрыг хоёр талдаа суулгаад зургаа татуулсныг заан ихэд бахархалтайгаар өгүүлсэн юм. “Тэр зургийг нэг олоод авчихсан. Архангайн айлын жаазанд байгаа сураг дуулдсан юм. Буур аварга бол цаанаа заяагдсан гайхамшигтай бие хаатай, ухаан санаа цэцэн цэлмэг сайхан хүн байсан. Манай Хадаа чинь их өндөр хүн шүү дээ. Тэгэхэд Буур аваргын дэргэд хариугүй харагдаж билээ” гээд ширээн дээр байсан өндөр савтай жүүсний хажууд өөрийнхөө хөөргийг зэрэгцүүлж тавиад, Хадаа Буур аварга хоёрын өндөр намыг жишиж үзүүлэв.

Далан гурван оны наадмын тавын даваанд тэрээр өмнийн говийн хүчтэн Дэмүүл арсланд өвдөг шорооджээ. “Дэмүүлд өөрийнхөө буруугаас, залуу насны хөөргөн зангаасаа болж унасан хүн дээ, би. Их амархан хаяна гэж бодоод буруудаж байлаа” гэв. Дэмүүл арслангаас улбаалаад одоогийн том биетэй бөхчүүдийн тухай заанаас асуулаа. “Одоогийн энэ залуус яалаа гэж Дэмүүл гуайн тамир тэнхээд хүрэхэв дээ, хөөрхий минь” гэж шуудхан хариулав.

Тэгснээ цааш нь “Өнөөгийн бөхчүүд лагс биенээс өөр юм байхгүй. Барилдаан огт гаргахгүй юм. Наад зах нь эмнэг морь уургалаад татаж үзээгүй банди нар, хоёр шуундаа бяр гэдэг байдаг юм уу. Төмөртэй л зууралдсан хүмүүс. Жин ихтэй учир орон зайгаа мэдэрч чадахгүй байна. Түлхэлцэж түлхэлцэж эцэст нь нэг нь унаж, нэг нь давж байгаа харагдах юм. Баасанхүүг эс тооцвол бөхийн мэдрэмжээр гялсхийсэн барилдаан гарахгүй, үнэндээ урамгүй юм даа” гэж үнэнийг өчсөн. “Түвдэн, Батсуурь, Чимид-Очир аваргууд наадмын асарт завилж суугаад дараа үеийн бөхчүүдээ голж байгаа нь анзаарагддаг байв. Баянаа, Мөөеө энэ хэд ч Бат-Эрдэнийг бяртай юм. Гэхдээ дэлхийн дэвжээнээс амжилт гаргасангүй гээд бас л чамладаг”-ийг хэлж байсан. Энэ жилийн наадамд хэн түрүүлэхийг олон жил барилдсан заанаас лавлахад, Оюунболд, Бүрэнтөгс хоёрын нэг баттай түрүүлнэ гэлээ.

Лхагвасүрэн зааны дүү Эрдэнэцэцэг ахындаа байхад нь Ганбаатар арслан орж гарч яваад уургалаад авсан удаатай гэнэ. Ганбаа арсланг манайхан мэднэ дээ. Наян таван оны улсын наадамд Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Хадбаатар нарын хүчит дөрвөн аваргыг дараалуулан өвдөглүүлж улсын наадмын түрүү бөхөөр тодорч байсан. Лхагваа заан Ганбаа арсланг ханьтайгаа учрахад тийнхүү санаандгүйгээр гүүр болсон бол Жалаа начинд бас л тус хүргэсэн байдаг. “Урнаагийн дүү Саранг Жалаа эргүүлэх санаатай надад хэлнэ. “Чи өөрөө л учраа олохгүй юу. Би яаж мэддэг юм, битгий хуцаад бай” гээд цаадахыг чинь явуулна. Жалаа бид хоёр шигшээгийн тамирчид байсан юм. Загдаад хэлж байгаад Саранг тэднийд аваачиж Жалаатай уулзуулж байсан” гээд инээд алдаж байлаа. Инээмсэглэлийнхээ завсарт олон жил нөхөрлөсөн, бөхийн гайхамшиг Цэрэнтогтохыгоо алдсандаа гуниглан харуусч буйгаа мөн нуугаагүй юм.

Тэднийх дөрвөн хүүхэдтэй гэнэ. Том хүү Амгалан нь Чикагод гэр бүлээрээ амьдардаг байна. Өвөө эмээ дээрээ байгаа хоёр зээ нь том охин Одгэрэлийнх нь хүүхдүүд ажээ. Бадрал гэж бумбайсан хөөрхөн банди байна. Өнөө жил 12 настай, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлагад жүдогийн бэлтгэлд явдаг гэнэ. “Өвөөгийнхөө шийрийг хатаасан бөх болох хүү” гэж эмээ нь өхөөрдөж байлаа. Бадрал хүү өнөө жилийн наадмын хүүхдийн барилдаанд зодоглохоор Ганбаа арслангийн гэргийгээр зодог шуудаг хийлгээд хэдийнэ зэхчихсэн додьгор сууна.

Лхагвасүрэн заан одоогоос гурван жилийн өмнө 70 шүргэсэн насандаа Америкийн Маяами хотод болсон ахмадын жүдогийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ. Герман, Америк, Туркийн бөхчүүдийг ялсан байна. Тэрээр самбо, жүдогийн олон улсын хэмжээний мастер. Заантай багагүй хууч хөөрсний эцэст зураг хөрөг авах юм боллоо. Хөгшин нь цаад өрөөнөөс “Алив Лхагвасүрээн, чи энэ наадмын дээлээ өмсөөдөхөөч” гэж гуйж байна.

Жил бүрийн наадмаар, ханиа шинэ дээлээр гоёдог Урнаа эгч энэ жил цагаан саарал торгоор элбэг сайхан дээл хийжээ. Ингээд Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн зааныг наадмынх нь шинэ дээлийг өмсгөн, зээ хүүг нь зодог шуудгийг нь өмсгөөд зураг хөргийг нь дарлаа. Монгол бөхийн дэвжээнд хоёр Мөнхийг ид байх үед зэрэг гарч ирж, Дамдин, Цэрэнтогтох, Хадаа нарын домогт аваргуудтай ир бяраа сорьж явсан хүчит заантай хуучилсан тэмдэглэлээ хүргэхэд ийм буюу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *