Categories
мэдээ цаг-үе

Бөхөх одны гэгээ

Зохиолч, орчуулагч Х.Хангайсайханы “Бөхөх одны гэгээ” өгүүллэгийг хүргэж байна.

Амьдралдаа би тэр авгайг тийм сайхан явахыг харна гэж бодоогүй шүү. Тэгж бодохоос ч өөр аргагүй, үүр цүүрээр босоогүй айлын хаалга балбаж, хэрэгтэй юм шиг заавал онгойлгуулж ороод архины мөнгө гуйж, хэдэн төгрөг авахаас нааш албатай юм шиг гарахгүй, сөхрөн уйлан дуулан гуйдаг хүнийг тэгж бодохоос өөр яах билээ? Нүүр царай, үс зүс гэж авах юм байхгүй, шуудхан хэлэхэд эмгэн шулам шиг тэр амьтнаас сэжиглэхдээ бид мянган төгрөг өгч салахын түүс болж, хаалгаа хааж авдаг байлаа. Архичдын уудаг “найрка” гэж нэрлэх хорт шингэний үнэ болох мөнөөх мянган төгрөг салгаж авбал тэрээр тэнгэрийн умдаг атгасан юм шиг баярлан, хэнийг ч болов үнсэх гэж зүтгэн, архи, тамхи үнэртсэн хошуугаа цорвойх нь бүх биеийн жихүүдэс хүргэнэ. Тийм байдалтай манайд олон өглөө, үдэш “хүч түрэмгийлэн” орж ирсэн болохоор бид түүнээс бүр залхаж гүйцсэн юм…

Тэр авгай чухам хэдийд манайд анх ингэж ирснийг би мэдэхгүй. Түүний, төрсөн дүүгээсээ өргөж авсан ганц охин болох Бүжингаа гэж тав, зургаан насны бяцхан охин манай бага охинтой хамт нийлж тоглодог болсноос л хамаг хэрэг үүдсэн билээ. Тэднийх бүр манай гудамжны эсрэг талын орон сууцны хуучин байранд амьдардаг айл. Нөхөр, ганц төрсөн хүүхэд нь хэдэн жилийн өмнө автомашины ослоор нас барсан юм гэнэ билээ. Ингэж бяцхан охин, охиныг өргөж авсан эжий хоёр амьдрах болжээ. Уг нь энэ авгай залуу зандан насандаа урлагт авьяасаа сорьж, муугүй бүжигчин байжээ. Улсын урдаа барьдаг бүжигчин урт хугацаагаар чөлөө, амралт авч урлагийн чухал ажлыг хийдүүлэх, таслах ёсгүй гэсэн хатуу журамтай байж, байгалиас заяасан төрөлхийн авьяасаа амьдралынхаа гялсхийн өнгөрөх зурвас үед чухамхүү эх орондоо зориулж, гадаад, дотоодод улсынхаа нүүр тахлаж өнгөрөөжээ. Хар багаасаа бүжиглэсэн учир дөч гараад л өндөр насны тэтгэвэртээ суусан аж. Түүнийг бас биеийн хэв галбир эвдэрнэ, энээ тэр гэсэн амь, албаны бодол, дарамтаас болж ганцаас илүү хүүхэд төрүүлж чадаагүй гэх юм билээ. Олон ч удаа үр хөндүүлж, бие болон сэтгэлийн зовлон амссан нэгэн гэж дам дуулснаа эргэн санав.

“Нөхөр нь цэргийн дарга байсан, хүүтэйгээ автын ослоор нас барсан, тэгээд сэтгэл санаагаар унаж, гашуун нясуун ундаагаар сэтгэлээ засдаг биз дээ. Яахав зайлуул, ядарсан амьтан, хөөрхий…” хэмээн эхнэр маань нэгэнтээ түүнийг өрөвдөн ярьсан юм. Би ч бас тэгэхэд “Ядарсан биш, задарсан авгай …” гэх гэснээ “Зовлон гэдэг хэцүү, хэнд ч ялгалгүй ирдэг хорвоо. Нөхөр, хүүхдээсээ тэгж хагацсан өдий насны эмэгтэй яаж ч сэтгэл, санаагаар өөдрөг байх билээ. Хөөрхий тэгж л гунигаа тайлж, тайтгардаг биз. Гэхдээ ухаант хүмүүн гэдэг амьтан зовлон даадаг гэдэг биз дээ…” гэж гүймэгхэн бодоод өнгөрсөн билээ. Гэтэл ёстой нөгөө даврах гэгч болдог байгаа… Эхэндээ манайхаар долоо, арав хоногтоо нэг ирж, “Бэлэн архи байвал өгөөч. Гэрт хүн ирлээ. Дараа аваад өгчихье. Архи байхгүй бол шил архины мөнгө зээлдүүлээч…” гэнэ. Бид аль байсныг нь өгдөг байлаа. Эхнэр ээлжийн, би өдрийн ажилтай тул хэн манайхаас хэзээ юу авсныг тэр бүр ярилцаад байхгүй. Харин нөгөө авгай сүүлдээ бүр өдөр өнжилгүй шахам, бүр орой, өглөөгүй ирж архины тухай “асуудал” болдог боллоо. Бодоод, ярилцаад байсан чинь надаас авсан архи, мөнгөө надад, эхнэрт ч өгөөгүй, эхнэрээс авснаа бас хэнд ч өгөөгүй болж таарлаа. Нэг өглөө хар үүрээр амьтан босоогүй байхад хүн хаалга нүдэж, бүр муу юм бодогдуулахад хүргэв. Өтөл настай хөгшчүүлтэй улс бид юу эс бодох билээ. Тэгтэл мань архичин хар авгай. Шал согтуу, шүлсээ үсчүүлэн, мэндийн ч зөрөөгүй:

– Алив, нэг шил юу… Эс … Эсвэл мян… мянган төгрөг… гэж үгээ зөөн бөгцийсөн, ёстой хөсрий царайтай юм хөл дээрээ тогтож ядан байв. Миний сэжиг хүрч, уур оволзоно гэдэг жигтэйхэн, хэлэх үгээ олж ядахдаа:

– Ёстой хуцваа, чи… гээд хүчтэй түлхээд хаалгаа татлаа. Тэгтэл хаалганы цаана арай л ойчсонгүй бололтой:

– Миний дүү, чи эгчийгээ бодооч ээ. Тэгж болохгүй ш дээ, энэ чинь, Ий ий…” гээд уйлан дуугарав. Би “Муу архичин хар авгай баашилж байгаагий нь…” гэж амандаа үглээд хаалгаа янгинатал түгжсэн тул тэрбээр хаалганы савхан мод хэдэнтээ самраад нээрээ удтал енгэнэтэл уйлж байгаад чимээ тасарч билээ.

Сүүлд бодохноо тэр авгай бараг довжоон дээр сөхөрч үсээ зулгаасан санагддаг юм. Түүнээс хойш тэр манайд дахиж ирээгүй юм. Харин нэгэнтээ би гудамжны эсрэг талын хүнсний дэлгүүрээр ажил тарснаас хойш нэлээд орой ороход мань авгай таарав. Дэлгүүрт худалдагч, тэр хоёроос өөр хүнгүй шахуу байлаа. Нэг бага насны хүүхэд юу ч юм авч гарч явлаа. Авгайн хувцас, хунар, нүүр, ам гэж тааруухан. Гэхдээ тэр нэгэн өглөө ирдгийгээ бодоход арай дээр. Хувийн дэлгүүрийн худалдагч авгайгаас шил юм гуйсан бололтой. Нэлээд царайчлангуй зогсоо нь илт байлаа. Цаадах нь энэ хүний зовлон мэдэх авч ер тоосон шинжгүй:

– Хэн минь (Тийм ээ, түүний нэрийг хэн ч мэддэггүй байсан юм. Архичин хар авгай л гэнэ) явж үз. Худалдан авагчдад битгий саад бол… гэж илт хөөж, салахын түүс болж байлаа. Авгай, намайг дэлгүүрт орж очиход цочих шиг болсноо, төдөлгүй царай нь арай баясангуй болж:

– Оо, Дамдин дүү минь. Сайн уу? Танайхан сайн уу?.. гэж зориг муутайхан мэнд мэдэв. Дэлгүүрийн худалдагч бид хоёр луу ээлжлэн нэлээд сүрхий харснаа:

– За, сонин л юм байна. Архичин авгай, албан хаагч, дарга залуу хоёр танил байдаг… гэж нэг бодлын үнэнхүү гайхаж, нөгөө бодлын ёжилж хэлэв. Би ч энэ хоёр хүнийг аль алиныг нь сайн мэдэх тул:

– Үгүй яахав даа, энэ хүнийг танихгүй хүн манай энэ хороонд байхгүй байх аа. Бас намайг ч танихгүй хүн байхгүй. Олны танил л хүмүүс байгаа биз… гэж бас нэг бодлын бяцхан заль гаргаж, нөгөө бодлын үнэнийг хэлэв. Авгай, хэдийвээр цагаандаа гарсан архичин ч гэсэн хулмалзаж байнаа. Би дэлгүүрт мах, ногооны үнэ сонирхож бараг зүгээр шахуу орсон тул юу авах билээ. Хэдэн хором саатаад гарав. Гэтэл авгай ч миний хойноос дагаад гараад ирлээ шүү. Тэгснээ нэг л зориг муутайхан:

– Үгүй, эгч нь… гээд надаас харц дальдрав. Би ч “Нүүр өгөхгүй дээ…” гэж бодсон авч, яагаад ч юм сэтгэлийг нь нэг ч болов засах санаатай:

– Таныг юм хүртэхгүй байгаа гэсэн яалаа? гэвэл авгай муухан инээмсэглэх аядаад:

– Харин, одоо, би… гэж хэдэн эв хавгүй үг хэлэв. Би түүний нүүр лүү эгцлэн харж:

– Таны нүүр царай чинь гайгүй байна, одоо цаашдаа ингээд явбал бүр сайн болно шүү дээ гэвэл, авгай царайчлангуй инээмсэглээд:

– Дамдин… Эгчдээ ганц мянган төгрөг өгчих, тэгэх үү? гэж түгдрэлгүй асуув. Би ч энэ удаад сэтгэл нэг л уярч, өөрийн эрхгүй, гар минь энгэрийн халаас руу явлаа. Энэ мөчид авгайн нүүр чухамхүү баяраар яаж гийснийг үгээр хэлэх аргагүй. Би халаасаа тэмтрэн байж мянган төгрөг гаргаж өгөхдөө:

– Эгч минь, одоо, ганц муу охиноо бод л доо. Бас биеэ бод. Таны биеийг төмрөөр хийгээгүй шүү дээ гэвэл, авгай мянган төгрөгийг нэг л яаралгүй авч, нэгэнтээ шүүрс алдаад:

– Их баярлалаа, дүү минь. Эгч нь тэгнээ… гээд цааш эргэв. Би ч гудамж хөндлөн гарлаа. Тэр өдрөөс хойш хэдэн сар өнгөрч, авгай ч, түүний өргөмөл охин ч харагдахгүй байсныг би огт анзаарахгүй явжээ. Нэгэнтээ охин минь “Бүжингаа” гэж ярихын улмаас би “Харин тэд яасан бэ?” гэж гэрийнхнээсээ асуув. Охин минь “Бүжингаагийн ээж нь архи уугаад болохгүй болохоор Бүжингаа гомдоод, уурлаад өөрийн төрсөн ээж, аав хоёр дээрээ оччихсон. Ирэхгүй гэсэн. Тэр архичин ээж нь хойноос нь очиж авчрах гээд чадахгүй байгаа. Одоо тэр архичин ээж нь ч энэ гэртээ байхгүй” гэж ярив. Эхнэр ч хажуунаас нь “Тэд энд байхаа больсон гэнэлээ. Бүжингаа, нялх охин тэр архичин авгайн хажууд яаж байх вэ дээ. Төрүүлсэн эх, эцэг нь аваа биз…” гэснээр бидний яриа дахин тэдний тухайд гараагүй уджээ.

Харин өнгөрсөн хаврын нэгэн нарлаг, тогтуун өдрийг би одоо ч сайн санаж байна. Тэр өдөр тохиолдсон үйл явдлын тухайд би гэрийнхэндээ бүр баяр хөөр болгон ярьж билээ. Дөрвөн сарын сүүлчээр юмдаг. Намайг хотын төв номын сангийн буудал дээр буутал, нүдний буланд нэг л танил эмэгтэй өртлөө. Лавлан харвал нөгөө архичин хар авгай аж. Юу вэ, ёстой төрөл арилжсан мэт байв. Хөх торгон дээл, нарийхан шар дурдан бүс, өндөр өсгийтэй, урт түрийтэй сүүлийн үеийн загварын хар гутал… түүнд зохисон гэдэг жигтэйхэн. Үс, гэзгээ ч засуулсан, нүүр амаа будсан нь гайхалтай. Тавь гарсан настай авгай гэхэд хорин тавт шиг харагдсан шүү. Би бүр уулга алдан мэндэлсэн гээч. Харин авгай над руу үнэнхүү баяртай харж, сэтгэлээсээ инээж, мэндэлснээ:

– Эгч нь тун яарч явна!.. гээд зөрж одов. Тэр хаашаа ч юм үнэнхүү яарч явсан юм. Дахин над руу эргэж ч хараагүй. Харин би түүнийг холдон, олны урсгалд далд орон ортол зогсон харж билээ. Тэр, тэгэхэд ёстой хорин насандаа Улсын дуурь бүжгийн театрт бүжиглэж байсан шигээ төсөөлөгдсөн шүү. Яг тийм л бүжигчин гоолиг бүсгүй явсан байх. Цагтаа тэр одоогийн хэллэгээр бол ёстой “Од” байсан буй заа. Од гэснээс “Бөхөх одны гэгээ дэндүү хурц байдаг” гэж би нэгэнтээ номноос уншсан ч бил үү, эсвэл хэн нэгнээс сонссон санагдана. Энэ бүхнийг өгүүлэхийн учир гэвэл, тэр хүнийг нас баржээ гэж өнөөдөр манай гэрт яриа болж байгаатай холбоотой юм шүү дээ, хөөрхий!..a

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *