Categories
мэдээ нийгэм

Бөхчүүд барилдав уу, зодолдов уу?

Өнгөрсөн амралтын өдрөөр Аварга цолны хүндэтгэлийн барилдаан болж Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат аварга түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдорж харцага үзүүрлэсэн билээ. Энэхүү барилдаанд бөх сонирхогчдыг гонсойлгосон хэд хэдэн жудаггүй барилдаан болсон нь бөхөө дээдлэгч монгол түмний зэвүүцлийг хүргэх боллоо. Учир нь дөрвийн даваанд Увс аймгийн харьяат харцага А.Бямбажав Завхан аймгийн харьяат начин Л.Нямсүрэн хоёр барилдахдаа нэг нь тахимаа өгөхгүй уурлаж нөгөөгийнхөө толгой руу ундааны сав шидэв. 

Барилдааны үеэр А.Бямбажав харцагыг барьцаа тавих үед нь начин Л.Нямсүрэн ухасхийн хөлөөрөө ганц дэгээдээд унагаачихсан. Харин А.Бямбажав харцага барилдаан зогсоод барьц тавиулах үед гэнэдүүлчихлээ гэж ихэд уурлан тахимаа өгөлгүй явчихав. Уг нь бол барилдааныг зогсоож барьц тавиулсан юмгүй, барилдаан үргэлжилж байх үед өрнөсөн хэрэг. Ингээд яах аргагүй даваа Л.Нямсүрэнгийнх болж туг тойрч дэвэх гэтэл тахимаа өгөлгүй уурлаад явсан харцага А.Бямбажав бухимдлаа барьж чадсангүй бололтой начны толгой руу ундааны сав шидэн цохиж харагдав. Бөхийн өргөөнд монгол бөхчүүдийнхээ уран сайхан барилдааныг үзэх гэж цугласан түмэн олон ихэд дургүйцэж шуугиж гарсан. Уг нь харцага А.Бямбажав барилдааны үеэр анхаарал болгоомжгүйгээсээ болж гэнэдсэн нь өөрийнх нь буруу гэж бөх сонирхогчид ярьж байв. 

Энэ шуугиан дарагдаагүй байтал зургаагийн даваанд Увс аймгийн харьяат начин С.Батсуурь Архангай аймгийн харьяат начин Р.Пүрэвдагватай барилдаж бараг л зэрэг газар уначихав. Энэ үеэр TV9 телевизийн бөх тайлбарлагч Ц.Батнасан зурагтаар тайлбарлах үедээ “Хэн нь давсныг удаашруулсан бичлэгээс харах болно” гэсэн. Зурагтаар харахад удаашруулсан бичлэгээр С.Батсуурь начны тохой түрүүлээд газар хүрч байгаа нь хэнд ч тодорхой харагдсан. Гэвч хөлийн цэцүүд зөвлөлдөөд  давааг С.Батсуурь начинд өгчихөв. Р.Пүрэвдагва начин А.Бямбажав харцага шиг бухимдсангүй харин ч тахимаа өгөөд цааш чимээгүй яваад өгсөн. Хэрвээ Бөхийн өргөөнд Төв цэнгэлдэхэд байдаг шиг сүүлийн үеийн том дэлгэц байсан бол тэр дор нь удаашруулаад хэн нь давсныг харчих л байсан болов уу. 

Ингээд нэг юм үзүүр, түрүүний бөх барилдаж барилдаан дуусах нь гэтэл С.Мөнхбат аварга харцага Ц.Содномдоржийг давахдаа нүүрийг гараараа нидэрч  орхив. Ц.Содномдорж энэ үйлдэлд хариу өгсөнгүй. Бөх сонирхогчдын ярьж буйгаар бол аваргын сануулга ч гэх. Ц.Содномдоржийн хувьд сар шинийн барилдаанаар гарьд Гончигдамбын гарыг хөшиж барилдах эрхээ дөрвөн сар хасуулчихад тухайн өдөр эрхийг нь сэргээж барилдсан нь энэ.

Д.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *