Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бөх мөрөнгийн хүн чулуу

Уйгарын үед холбогдох хүн чулуун хөшөө.
Увс аймгийн Бөхмөрөн сумын төвийн сургуулийн хашаанд хоёр ширхэг хүн чулуун хөшөө байдаг бөгөөд Байшинтын 1, 2-р хүн чулуу хэмээх нэрээр эрдэм шинжилгээний судалгаанд оржээ.
Байшинтын 1-р хүн чулуу хэмээх том хэмжээтэй хүн чулууг хүрэн шаргал боржин чулуугаар урлан бүтээжээ. Нүдний аньсагыг гарган түүнийг тойруулан 2 см өргөн хонхойлгон үйлджээ. Хамрын хянгыг хоёр нүдний дундуур сахал хүртэл доош аажмаар өргөссөн зураасаар дүрсэлсэн. Энэхүү сийлмэл зураас нь хоёр нүдний дээд талаар хоёр тийш үргэлжлэн хөмсөгт хүрнэ. Түүний дээд талаар дан зураасаар нүүр болон үсний заагийг нилээд бодитой дүрсэлсэн бөгөөд мөн үсний самналт болон хагалалтыг зураасаар гаргажээ. Сахлыг нилээд бодитойгоор том жирвэгэр дүрслэн, түүний доор амыг нэг зураасаар харуулжээ. Уг хүн чулууны чихийг цагариган ээмэгтэй дүрсэлжээ. Чихний дээд талаар үсний хойш үргэлжилсэн хэсгийг зураасаар үргэлжлүүлж толгойн ар талд нэгтгэн боосноор дүрсэлсэн байна.

No description available.

Цээжний өмнө хоёр гараар бутан сав барьсан ба түүний доод талаар 4 унжлагатай бүстэй. Зүүн ташаанд 3 хос, баруун ташаанд нэг, түүний хажууд 3 талт цэцэг маягтай унжлага нэг, баруун хажууд нь нэг дөрвөлжин хэлбэрийн унжлагатай. Хүн чулууны баруун доод талд 25 см өндөр, 30 см өргөн эмтэрчээ. Мөн олон жилийн хур бороо, цасны нөлөөгөөр дээд хэсгээсээ бутарсан байна. Хүн чулууны хөмсөгнөөс дээшхи хэсгийн үсийг бодитой, зураасаар толгойн орой дээрх хэсгийг дүрслээд ар талыг дутуу орхисон. Үсний дээд талд магнайн голоос хоёр тийш дан зураас татан толгой дээрх малгай (алчуур)-ыг дүрсэлсэн бололтой.
Ийм хийцтэй хүн чулууд Тувагийн Уюк-Аржан, Хэмцэг, Шагонар голын зүүн биеэс олдсон байдаг. Хамрах он цагийн хувьд VIII-IX зууны үед Монгол улсын Орхон голын хөндийгөөр төвлөрч төр улсаа байгуулж байсан эртний Уйгур улсын үед хамрах бөгөөд тэдний дунд чулуун урлал эрчимтэй хөгжиж байсныг нотлох баримтууд одоо Монгол улсын эртний нийслэл хот болох Хархориноос хойш байрлах Уйгурын нийслэл байсан Хар балгасын түрэг, согд, нангиад бичээст хөшөөнөөс тодорхой ажиглагдана.

Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *