Categories
гадаад мэдээ цаг-үе

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал болж байна

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал гуравдугаар сарын 7-нд эхлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын тайлангаа танилцуулжээ. Тэрбээр “Хятад иргэдийн дундаж наслалтыг дахиад нэг насаар нэмэгдүүлж, 78.3-т насанд хүргэх. Мөн хүн амын хөгшрөлтийг зохицуулахаар үндэсний стартегийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн амдаа үйлчлэх тогтолцоог байгуулах. Түүнчлэн төрөлтийн түвшнийг зохих хэмжээнд ахиулах, хууль ёсны тэтгэврийн насыг аажмаар сунгахыг зорьж байна” гэв.

БНХАУ-ын 2016-2020 оны 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хүн тутмын дундаж наслалтыг 76.3 наснаас 77.3 нас болгож нэмэгдүүлжээ. Тус улсын нийт хүн ам нэг тэрбум 400 сая аж.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян цааш нь мэдэгдэхдээ “2020 онд Хятад улс ажлын байрыг тогтвортой болгох замаар иргэдийн амьжиргаанд бодитой баталгааг хангасан. Тухайлбал, хот суурины 11.86 сая иргэнийг шинээр ажлын байраар хангаж, 2020 оны сүүлч гэхэд хот суурины ажилгүйдлийн түвшинг 5.2 хувь хүртэл бууруулсан. Мөн 2021 онд хот сууринд шинэ ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 5.5 хувь орчим байлгах зорилт тавиад байгаа” гэж тодотгожээ. Нөгөө талаас Хятадын технологийн үйлдвэрлэл АНУ-тай хийсэн худалдааны дайнд багагүй хохирол амсаад буй билээ. Тиймээс ойрын хугацаанд технологийн салбараа сэргээж, дэлхийг байлдан дагуулахыг зорьж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам болох Хятадын Коммунист нам жил бүр зохион байгуулдаг ээлжит хурлаа хийсэн. Хуралд оролцогчид өндөр технологийн ойрын таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцсэн талаар мэдээлж байв. Тус улсын эрх баригчид технологийн хөгжлөөрөө дамжуулан үндэсний аюулгүй байдал, бүх дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилго тавиад байна. Тухайлбал, олон лаборатори нэмэлтээр барьж, хүүхдүүдийн боловсролд түлхүү анхаарч, шинэ хөтөлбөрүүдээр баяжуулах гэнэ. Мөн квант компьютер, биотехнологи, хиймэл оюун ухаан зэргийг хөгжүүлэхэд зориулсан судалгааны талбаруудыг байгуулахаар болжээ.

Хятадын Засгийн газар эрдэм шинжилгээний судалгааны ажлыг өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулах гэнэ. Ийм төрлийн судалгааг 10.6 хувиар нэмэгдүүлэх агаад арван жилийн судалгааны төлөвлөгөөг боловсруулах гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *