Categories
мэдээ цаг-үе

Бүх хичээлээ Орос хэлээр судалсан Монголын анхны усны инженерүүд

Ангийн хамт олны оюутан ахуй

Монгол Улсын Их сургуулийн барилгын инженерийн факультетэд гидро техникч мэргэжил эзэмшин төгссөн, анхны усны инженерүүдийн 50 жилийн ойн баярын уулзалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэд 26-уулаа энэ мэргэжлийг эзэмшин, монголынхоо өнцөг булан бүрт хуваарилагдан, ажил хөдөлмөрийн гараагаа ихэвчлэн төрийн албанаас эхэлж байсан юм билээ. Харин энэ удаагийн уулзалтанд ангийн есөн хүүхэд ирцгээж, оюутан насны хөгжилтэй дурсамж, хөөр баяр, хичээл сургуулийнхаа тухай хөөрөлдөцгөөв. Сургалтын төлбөр гэж төлдөггүй харин стипент цалин авдаг байсан нь ч их гоё түүх гэнэ.

1967 онд сургуулиа төгсөөд, эх орныхоо говь хангай, хээр талд ус ундруулж газар тариалан усжуулж тухайн үедээ шаардагдаж байсан хөдөө аж ахуйн чухал ажлыг хийж, олон сайхан амжилт гаргаж явлаа хэмээн тэд мэргэжлээрээ ихэд бахархаж сууна лээ. Тухайн үед улсаас хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд ихэд анхаарч, ЗХУ зэрэг орнуудын тусламжаар, шаардлагатай техник, тоног төхөөрөмж авчруулан, суурь баазыг үүсгэж байсан гэнэ. Тухайлбал, 1960-аад оны сүүлээр бэлчээрийн усан хангамжийг сайжруулж, усалгаатай газар тариаланг өргөжүүлэх ажил ид эхэлж, жижиг усан цахилгаан станц барьж байсан үе. Яг энэ л үед эрчим хүчний хангамжийг сайжруулахад тэдний эзэмшсэн мэргэжил ихэд чухал үүрэг гүйцэтгэж байсан гэж энэ ангийнхан бахархан ярих дуртай юм билээ.

Гидро техникч буюу одоогийнхоор усны инженерийн энэхүү ангийг угаас улсын бодлогоор анх нээсэн бөгөөд эдний ангид элсэн орсон хүмүүсийн зарим нь 10-дугаар анги төгссөн хүүхдүүд байсан бол ажил хөдөлмөр дээр гарсан олон жилийн туршлагатай, техникчид ч олон байсан гэнэ.

Угаас манай улсад энэхүү мэргэжлийн суурь тавигдаж буй үе болоод ч тэр үү яг гидро техникчийн хичээл заах мэргэжлийн багш гэж бараг байгаагүй аж. Тиймээс ихэнх багш нь ОХУ-аас ирсэн мэргэжилтэн, багш нар. Тэд бүх хичээлийг орос хэлээр заана. Анхандаа оросоор хичээлээ ойлгоход тун хэцүү санагддаг байсан ч хичээсээр байгаад бүгд их сайн сурсан, орос хэлтэй, усны инженер мэргэжилтэй хүмүүс болоод, бөөн баяр сургуулиа төгсөж байжээ. Бас нэг асуудал нь барилгын болон гидротехникийн талын ном сурах бичиг бараг байгаагүй тул тухайн үеийн ЗХУ-аас сурах бичгээ авчруулдаг байжээ. Тавин жилийн уулзалтынхаа үеэр тэд Орос хэл анхлан сурахад хүнд шүү, гэхдээ сурдаг л юм даа, сурахгүй гээд яахав” хэмээн бахархалтайгаар хөгжилдөцгөөж байв.

Ангийн хамт олны 50 жилийн уулзалт

Ангийн төгсөгч Д.Балсанжав ярихдаа “1967 оны найман сард Хэнтий аймагт усжилтын конторын даргаар ажилласан. 1976 оны найман сард Говь-алтай аймгийн усны аж ахуйн удирдах газрын даргаар яамнаас томилогдож очоод тэнд дөрвөн жил ажилласан. Салбарын уралдаанд гурван удаа түрүүлж аймаг нь “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм. Одоо ингээд эргээд харахад тэр үед хөдөлмөрийн төлөө л явдаг байсан маргааш юу хийх вэ нөгөөдөр юу хийх вэ гэдгээ урьдчилан боловсруулна. Ингээд төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийгээд, аливааг бүтээхийн төлөө хамаг хүчээрээ зүтгэдэг байлаа. Одооны залуус тэгж зүтгэхгүй байгаа юм шиг харагддаг. Нийгэм өөр болоод тийм байх. Оюутан байхад бидэнд Должинжав, Дамдиндорж нарын Орос улсад сургууль төгссөн маш чадварлаг багш нар хичээл зааж өндөр мэдлэг олгож байсанд талархаж явдаг. Энэ багш нарын ачаар л бид Орос хэлийг сураад зогсохгүй, ном сурах бичгээ хүртэл төвөггүй уншдаг болсон. Биднийг анх элсэхэд МУИС маань ердөө хоёрхон байртай учраас хичээлийн байр хүрэлцдэггүй. Хичээл орчих хоосон байр олдвол хаана нь ч хамаагүй хичээлдээ ороод явдаг байсан. Гэхдээ ихэнхдээ МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд хичээллэдэг байсан. Харин нэгдүгээр байранд голчлон лабораторийн хичээлээ явуулдаг байлаа. Манай төгсөгчдөөс олон хүн амжилт гаргаж ажилласан. Аюуш, Балсанжав, Жалбаа, Баасанжав нарын туршлагатай хүмүүс усны конторын болон, нэгдлийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байсан. Анх манай ангид газар, газрын 30-аад хүүхэд элссэн санагдаж байна. Тэднээс шигшигдсээр 24 нь төгсөж байсан. Харин 50 жилийн ойгоороо уулзахад есөн хүн ирж байна даа бусад нь ч тэгээд ховоогийн жамаар бурхны оронд очсон байна даа” хэмээн нулимс унагаж байцгаасан. Ингэж ярих зуураа нээрээ манай ангийн дарга чинь Ц.Жалбаа байсан шүү дээ гээд өөдөөс нь хараад инээж байгаа нь өдий насалсан эр хүнийг илтгэх мэт ээ.

Харин ангийн дарга Ц.Жалбаагийн ажил, амьдралын тухай сонирхоход “Би Дорноговь аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 1953 оноос Зүүн баянгийн нефтийн үйлдвэрт өрөмдөгч, өрөмийн мастер хийсэн. Хийж байх хугацаандаа ЗХУ-руу явж нэг жил ажилласан. Түүний дараа нь 1964 онд МУИС-д гидро техникч мэргэжлээр ороод 1967 онд төгсөж байсан. Төгссөн даруйдаа Дорноговь аймгийн усны аж ахуйд даргаар ажиллаж, дараа нь усны аж ахуйн яаманд улсын байцаагч, улсын ахлах байцаагч хийж байгаад 1977 оноос 2003 он хүртэл Шарын голын усны аж ахуйн техникумд захирлаар ажиллаж байсан. Тэр үеийн залуус бол жинхэнэ хөдөлмөрийн төлөө л явж байсан даа” гэж байна.

Энэ ангийн Ц.Хэнзийн амьдрал их түүхтэй. Тэрээр Махкомбинатад ажиллаж, ажлынхаа хажуугаар оройгоор 12-дугаар дунд сургуульд суралцаж, дараагаар нь энэхүү их сургуульд орж, онц суран 240 төгрөгийн оюутны стипентээ 280 болгож авдаг байж. Ингээд усны инженер мэргэжил эзэмшин, мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байхдаа буюу 1976-1989 он хүртэл талийгаач Ш.Наранцацралт сайдтай хамт ажиллаж байсан гэнэ. Тэрээр сайд агсан Ш.Наранцацралтыг мэдлэгтэй, даруухан хүн байсан гэж онцолж байлаа. Харин 1989 оноос эхлэн сонирхлоороо гэрэл зураг авч, суралцаж, гэрэл зургийн студи нээж, олон жил үр бүтээлтэй ажиллан, Соёлын гавьяат зүтгэлтэн болжээ. Эдний ангийнхан энэ мэт ихэвчлэн дарга хийгээд явчихсан хүмүүс гэнэ.

Дадлага хийхээр задгай машинд суугаад явдаг байж. Тэгсэн чинь ангийн нэг хөвгүүн нь машины тэвшин дээр хүртэл ийш тийш алхан, зүгээр суудаггүй, хичээл дээр ч зүгээр суудаггүй байж. Түүнийгээ ангийнхан нь холхио хэмээн хочилдог байсан гэнэ. Одоо холхиогийн маань хөл нь өвдөөд холхиж чадахгүй болжээ хэмээн хөгжилдөцгөөж байв.

Д.ДОРЛИГЖАВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *