Categories
мэдээ улс-төр

Бүх аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холбоно

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага, бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд шинэ ондоо хэрэгжүүлэх 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 багц ажлын төлөвлөгөө багтсан юм.

Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлэх талаараа танилцуулсан юм.

Тухайлбал, авто замын салбарт олон улсын автозамын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаан байшинт) чиглэлийн авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх томоохон зорилтийг дэвшүүлсэн байна. Мөн бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн гэрээний хугацаанд “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлж, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулан, барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Нарийн сухайт—Шивээхүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Зүүнбаян – Ханги” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах томоохон ажлуудыг төлөвлөж буй. “Богдхан төмөр зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, Эрдэнэт – Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой талаар танилцууллаа.

Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим систем нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл хийх, бүртгэлийн дугаар олгох үйлчилгээнд цахим тогтолцоог бүрдүүлэх гэнэ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг иргэдэд чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэх аж. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээний байгууламжууд барьж байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө багтаагаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *