Categories
мэдээ цаг-үе

Буйр нууранд живсэн хоёр автомашиныг гаргажээ

Энэ оны нэгдүгээр сард Дорнод аймгийн Халхгол сумын Буйрын нуурт мөс цөмөрснөөс үүдэн долоо хоногийн хугацаанд хоёр ч тээврийн хэрэгсэл живсэн осол гарсан.

Тодруулбал, өнгөрсөн сарын 26-нд Буйр нуурт зорчсон иргэн Г-ын эзэмшлийн суудлын автомашин, мөн сарын 31-нд иргэн Ү-ийн “Нюндай Либеро” маркийн автомашин цасан шуурганд төөрч, нуурын мөс цөмөрснөөс үүдэн живсэн ч жолооч, зорчигч нар нь автомашинаасаа шуурхай гарсан учраас золоор хүний амь эрсдээгүй.

Тэгвэл Буйр нуурын усыг бохирдохоос сэргийлж эрэн хайх, татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар тус аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын хошууч Ц.Отгонхүү захирагчтай Эрэн хайх, аврах анги, дэд хурандаа М.Сүхсайхан захирагчтай Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг тухайн газарт ажиллаж дээрх хоёр автомашиныг эзэмшигчид болон нутгийн иргэдийн оролцоотой татан гаргажээ.

Ингэхдээ Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд гурван удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлож, татсанаар гарган авчээ. Түүнчлэн татан гаргах үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг дээрх хоёр автомашиныг эзэмшигчээс гаргуулсан байна.

Мөн дээрх хэрэг явдалтай холбогдуулан гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлэх ажлыг тогтмол хийх, нуур, голын мөсөн дээр шөнийн цацруулагчтай сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, сэрэмжлүүлгийг сахин биелүүлээгүй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтан, сумдынхаа Засаг дарга нарт Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн даалгасан байна.

Ташрамд дуулгахад, Цаг агаар дулаарч байгаа энэ үед ихэнх гол мөрний нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байх, автотээвэр хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *