Categories
мэдээ нийгэм

Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилээр хориглолоо || DNN.mn

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа.

Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйл заалтыг үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхээр иргэд, аж ахуйн нэгжийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.

Сүүлийн 2 жилд хур тунадас их, чийгшилт харьцангүй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудынхтай харьцуулахад бага гарчээ. Гуравдугаар сараас 7 дугаар сарын хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилт янз бүр байдаг. Харин энэ жил хуурайшилт ихсэж эрсдэл үүсэх магадлалтайг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна.

Өнгөрсөн онд Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгийн 35 суманд ой хээрийн түймэр 65 удаа гарчээ. Энэ түймэрт ойн 2092.1 га, хээрийн 201538 га талбай өртөж, экологид 3 тэрбум 174 сая төгрөгийн хохирол учирсан аж.

Одоогоор Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 70 гаруй хувь цас багатай хавар эрт их хуурайшиж ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй болоод байгааг салбарын яам мэдээлжээ.

Түймэр гарах нөхцөл нь хүний буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүхээр очсон иргэд асаасан галаа бүрэн унтраагаагүйгээс үүддэг байна. Зөвхөн тус дархан цаазат газарт сүүлийн 3 жилд гарсан их хэмжээний түймрийн мэдээг харахад 203 га талбай түймэрт өртөж ойн санд 204 сая гаруй төгрөгийн хохирол учирсэн тооцоо бий.

Хан Хэнтийн дархан цаазат газар нь Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 8 сумын нутгийг хамрах 1,748,103 га талбайтай нийт дархан газрын 96 хувь нь хөвч тайгын бүсэд оршдог. Монгол орны амьтны аймгийн биологийн төрөл зүйлийн 40,5 хувьтай тэнцэх буюу судлаачдын мэдээлснээр 56 зүйлийн хөхтөн амьтад байршин нутагладаг байна. Ургамлын аймгийн хувьд 85 овгийн 389 төрөлд хамаарах 1229 гуурст дээд ургамал бүртгэгджээ.

Ойн сангийн хувьд төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар хязгаарлагдмал, түймэр хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллгааны сөрөг нөлөөлд хялбар өртдөг эмзэг экосистем юм. Дархан газрын ойн сангын 96,8 хувь нь шилмүүст, 3,2 хувь навчит ойтой бөгөөд Монгол орны ойн нөөцийн 30 хувь нь Хэнтийн ууланд байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *