БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өөрийнхөө гаргасан нэгэн тушаалыг нийтэд танилцууллаа. Түүний тушааснаар бага ангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хориглолоо. Ингэснээр хүүхдүүд ямар нэгэн уралдаан тэмцээнд орох эрхгүй болов. “Олимпиад, уралдаан тэмцээн нь хүүхдүүдийг их стресстүүлдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн, суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл болоод байна” хэмээн сайд мэдэгдэв. Үүнийгээ их сайн шийдвэр хэмээн андуурч бодоод байна. Харин ч хүүхдүүдийг олимпиад, тэмцээнд оруулахгүй байх нь өрсөлдөөнийг хориглож, байхгүй болгож байгаа хорон бодлого юм. Авьяас чадвар, мэдлэг, сурлагаараа бусдаас илүү гэсэн итгэлийг хүүхэд багаасаа мэдэрч өсөх нь буруудах юмгүй. Дээрх тушаал бол ийм итгэлийг байхгүй болгож байгаа хэрэг юм. Ангиас авьяас чадвартай, сурлагандаа сайн хүүхэд тодорч гарах нь бусдадаа халтай учраас ийм хүүхэд байлгахгүй гэж байгаа бололтой. Уул нь яг жинхэнэдээ хүүхдүүд биш, тэдний атаархуу эцэг эх л сайн хүүхдэд хорссондоо дээр сайдын дурдсан байдалд ордог шүү дээ.
Сүүлийн үед дүн гаргах, шалгалт авах, гэрийн даалгавар өгөхийг хориглох хэрэгтэй гэсэн үзэл давамгайлж, эцэг эхчүүд ч тэгж шаардах болжээ. Ганц манайх ч биш, дэлхий нийтийн үзэл хандлага иймэрхүү болчихож. Үүнийг сул доройчууд нийгмийг удирддаг болсноос үүдэлтэй хэмээн тайлбарладаг юм билээ. Энэ нь гялалзсан нэгнээ татаж унаган, бүгд ижилхэн байх хүслээс үүдэлтэй гэдэг. Тамын тогооны үлгэр бодит амьдрал дээр, бүр боловсролын салбарт биежиж эхэлж байна. Нэг нь уйгагүй мөлхөж оролдож арай гэж тогооны ирмэг дээр гарах дөхөхөөр доор байгаа хэсэг нь хөлнөөс нь татаад унагачихдаг. Ийм болохоор хэн ч тэр тогооноос гарч чаддаггүй, бүгд ёроолд нь үлддэг үлгэр бидний үр хүүхдүүдийн амьдралд бодит болох нь.
Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэж ардын сургаал бий. Яагаад хичээлдээ муу хүүхдийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг, сайн хүүхдийн эрх ашгийг бодож үзэхгүй байна вэ. Энэ улс оронд чинь хичээлдээ сайн хүүхэд хэрэгтэй, даанч ийм хүүхэд ховор заяадаг. Монголчуудаас яагаад зуун жил болоход Нобелийн шагналтан төрсөнгүй вэ. Манай сургалтын систем зөв байна уу, буруу байна уу гэдгийг бодож үзсэн хүн байна уу. Тэгэхлээр дээрээс нь тайрах биш, харин ч эсрэгээрээ доороос нь шахаж өгөх хэрэгтэй байна аа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хичээлийн талын уралдаан тэмцээнүүдийг харин ч олшруулж тэрэнд тэргүүлж байгаа хүүхдүүдийг магтан сайшааж урам өгч, эцэг эхийг нь цуг алдаршуулдаг, Монголыг авч явах хойч үе гэж үздэг болох хэрэгтэй. Ингэвэл хүүхдүүд харин ч муу байхаасаа ичих юм биш үү. Сайн ч адилхан, муу ч адилхан байхад хэн сайн байж биеэ зовоох юм бэ.
Е.Баатарбилэг сайд та энэ талаас нь бодох хэрэгтэй байсан юм. Тэгээд ч яаран ямар ч судалгаагүй, цахим санал комментэд тулгуурлан бодлого гаргаж болж байгаа юм уу. Хүүхэд онц сурлагтан, олимпиадын аваргаас болоод сэтгэл санаагаар унаж, хичээл номоо хаясан хэдэн тохиолдол бүртгэгдсэн юм бол. Хэн гэдэг эрдэмтэн үүнийг судалж, хаана ямар эрдэм шинжэлгээний хурал дээр илтгэл тавьж, ямар буурьтай хэвлэл дээр нийтлэл бичсэн байна вэ. Хаана ч ийм юм гараагүй гэдгийг бид бүгд л таамаглаж байгаа шүү дээ. Бид хойд үеээ гялалзсан ухаантай, өндөр боловсролтой, ямар ч бэрхшээл зовлонг даваад гарах хэмжээнд бэлтгэж үлдээх хэрэгтэй юм биш үү. Түүнээс өөрөөс нь дээш гарсан хүн харахаараа атаархасандаа бүтэж үхчих гээд өмдөндөө дусагнуулсан, нэгэнт боловсрол мэдлэг нь хүрэхгүй юм чинь тэр сайн хүнийг хорлохыг бодохоос өөр юм бодож чадахгүй хойч үе үлдээж болохгүй. Ухаантай боловсролтой хүнээ хорлоно гэдэг улсаа хорлож байгаа гэсэн үг.
Ийм нэгэн үеийг үлдээснээрээ та Монголын түүхэнд хараар бичигдэх болно гэдгээ бодож үзсэн үү. Үзээгүй бол одоо бодож үз. Тэгээд энэ ухаангүй шийдвэрээ даруйхан болиулах хэрэгтэй.
Дэлхийн хамгийн ухаалаг үндэстэн болох еврейчүүд хүүхдээ хэрхэн сургадаг тухай бид бишгүй л уншиж байв. Тэд хүүхдээ зургаан наснаас нь эхлэн том том номыг уншуулна. Уншуулаад зогсохгүй цээжлүүлнэ. Бага ангийн хүүхдүүдийн эцэг эх, тэр дундаа ээж нь илүү их хөдөлмөрлөх ёстой гэж сургууль нь шаарддаг. Америкт амьдардаг еврейчүүд хүүхдүүдээ сургах гэж тусгай сургууль байгуулдаг. Өөр бусад сургуульд хүүхдээ сургаж болох ч юм заадаггүй гэж үздэг болохоор өөрсдийнхөө стандарт сургалтаар хүүхдүүдээ сургах гэж байгаа нь тэр.
Америкийн бага, дунд сургуулиуд ч гэсэн анги бүр 3-4 түвшингээр нь хүүхдүүдээ хуваарилдаг байна. Жишээ нь, дөрөвдүгээр анги байлаа гэж бодоход математикийн хичээлээр дотроо дөрвөн түвшинтэй байх жишээтэй. Гоц сурлагатнууд нь нэгдүгээр түвшинд, гайгүй сайн сурдаг бол хоёрдугаар түвшинд, тоонд тааруу нь гуравт, бүр таг мэддэггүйнүүд нь дөрөвдүгээр түвшний ангид сууна. Түвшин бүрт хичээл заах арга барил өөр өөр байх нь тодорхой. Харин уран зохиолын хичээл дээр тоондоо таг хүүхдүүд нэгдүгээр түвшинд орж болно. Тэнд тогтсон нэг анги байхгүй бөгөөд хичээл тус бүр дээр өөр өөрийн түвшний хүүхдүүд нэг анги болдог байна. Энэ мэт тухайн хүүхдийн сонирхол, авьяас чадварыг нь үнэлж, түүнд нь таарсан арга барилаар хичээлээ заадаг. Манайд ингэж зохион байгуулахын оронд сайн хүүхдүүдийг дарж, нийтээр нь орк болгохоор шийджээ. Маш буруу бодлого гаргалаа. Орк гэдгийг хүүхдийнхээ хичээлийг хийлгэдэггүй, ажил хийдэггүй, хамаг цагаа facebook ухаж, телевизийн сериал үзэж өнгөрөөдөг хүмүүсийг хэлж байгаа юм.
Хүүхдүүд уралдаж, тэмцэж, олимпиадад орж, ялж ялагдаж сурах нь буруу биш. Нэг ангиас 1-2 хүүхэд тодорч бусад нь тэднийхээ бааз суурь нь болдог. Амьдрал дээр ч ялгаагүй, бүгд од болдоггүй, бүгд тэрбумтан болдоггүй, тэднийхээ бааз суурь, ажиллах хүчин, сайн боловсон хүчин, менежер нь болдог шүү дээ. Хал үзсэн хүүхэд хэзээ ч муу хүн болдоггүй. Улс орны хөгжил хүнийхээ чанараас шалтгаалж хөгждөг. Унаж босож, дийлж дийлдэж өссөн хүүхэд чанартай хүн болдог юм.
Ялалтын бахдал, ялагдалын гашуун нулимас хүнийг хатуужуулдаг. Үүнийг үзүүлэхгүй хэт халамжлах нь хүний чанарыг муутгадаг гэдгийг эцэг өвгөдийн сургаал бэлээхэн бидэнд хэлээд өгсөн байдаг.
Бидний хүүхдүүд харин ч багаасаа өөрийнхөө авьяас, хүч чадлыг мэдэрч өсөх нь олон давуу талтай. Доодхоо дээш нь татахын оронд гоц ухаантан, гойд сурлагатнуудыг доош нь дарсан бодлого гаргаснаа сайд маань мэдэж байгаа болов уу. Үүний оронд Бяцхан мисс, гүнж, ханхүү тодруулдаг, хэтэрхий хэлбэр хөөсөн шоу цэнгээний тоог хязгаарлавал илүү үр дүн гарч мэднэ. Ийм шоу цэнгээн харин хүүхдэд амар хялбарыг эрэлхийлсэн, нийгмээс бага хийж ихийг хүртэх гэсэн хүмүүсийг бий болгодог. Түүнээс хичээлдээ сайн хүүхдүүд сайн л хүн болдог юм даа.