Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ-ны байран дахь кофешопыг ямар ч түрээсгүйгээр хараагүй иргэд ажиллуулна

Дэлхийн цагаан таягтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо 40 жилийн ойтойгоо золгож байна.

Энэхүү ойн арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр, БСШУСЯ-наас харааны бэрхшээлтэй иргэдээ сурах, хөдөлмөрлөх бололцоогоор хангах, тэдний ажил амьдралд тусалж дэмжих асуудлыг анхаарлынхаа төвд байлгах болно гээд хараагүй дөрвөн иргэнийг ажлын байраар хангах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Тэрбээр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны кофешопыг хараагүй иргэд ажиллуулж, эрүүл хоолоор үйлчилдэг. Үүний адил БСШУСЯ-ны яамны байран дахь кофешопыг ямар ч түрээсгүй ажиллуулах боломжийг хараагүй иргэдэд олголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, нийгэмшүүлэхэд зааж сургах 10 багшийг зардлыг нь төр 100 хувь дааж, ОХУ-ын Иркутск хотын Боловсролын их сургуульд бэлтгэж эхэлсэн тухай таатай мэдээг мөн дуулгав.

2018 онд БСШУСЯ Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн бага ангийн сурах бичгийн хэвлэх эрхийг есдүгээр сард олгож, 3 дугаар ангийн сурах бичгийг брайль үсгээр хэвлэн хүлээлгэн өгчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 186 дугаар цэцэрлэгт 25 сая төгрөгийн тоглоом, компьютер, ширээ сандал, 80 сая төгрөгийн гадна талбайн тохижилт, налуу зам, үерийн хамгаалалт, 116 дугаар сургуульд 80 сая төгрөгийн сантехникийн засвар, 30 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлээд байгаа аж.

Мөн 116 дугаар цэцэрлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд 60 мянган ам.долларын өртөгтэй сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авах тендер шалгаруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэгт 55 хүүхэд, 116 дугаар сургуульд 123 сурагч суралцаж байна.

Энэ үеэр хөдөлмөр гавьяа зүтгэлээрээ бусдыгаа хошуучлан яваа хараагүй иргэдийн төлөөллийг Засгийн газрын шагналаар шагнасныг гардуулан өглөө. Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ү.Амгалан, Д.Наранцэцэг, Ш.Нарангэрэл, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ц.Ганзориг, БСШУСЯ-ны “Хүндэт жуух” бичгээр Л.Анхбаяр, Ц.Жанчив, У.Саруултуяа, Б.Дэлгэрцэцэг нарыг шагнаж урамшуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *