Categories
мэдээ нийгэм

Британийн хамгийн өргөн цар хүрээтэй “InspireMe Festival” энэ сарын 11-нд Монголд эхэлнэ

Британийн ЭСЯ-наас тус улсын соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах “InspireMe Festival” арга хэмжээг Шангри-ла Моллд энэ сарын 11, 12-нд зохион явуулах гэж байна.

Британи нь дэлхийн инновацийн индекст инновацийн чанарын үзүүлэлтээр, мөн боловсролын экспортын хэмжээгээр дэлхийд хоёрт жагсаж буй улс юм. Сүүлийн жилүүдэд Монгол улс Британи улсын хооронд нөхөрсөг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой өсч байгаагийн дээр хоёр улсын бизнес, олон улсын байгууллагууд, иргэд хоорондын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, шуудан харилцаа, худалдаа, соёл урлаг, спорт, аялал жуулчлал, байгаль орчин хамгаалал, хүмүүнлэгийн үйлс, боловсрол гэх мэт олон чиглэлд өргөжин тэлж байна.

Британийн “InspireMe Festival” өдөрлөг нь энэхүү хамтын ажиллагаанд гарч буй ололтуудыг онцлон таниулахаас гадна Улаанбаатарчуудад амралтын өдрүүдээ гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрүүлэх онц сонирхолтой, бүтээлч хэв маяг бүхий цогц арга хэмжээ болох юм.

Монголд зохиогдож буй Британийн хамгийн өргөн цар хүрээтэй “InspireMe Festival”-н талаар Британийн Элчин сайд хатагтай Катерин Арнолд хэлэхдээ “Монгол Улс олон тулгуурт эдийн засаг бүхий тогтвортой хөгжлийг эрэлхийлж, олон улс дахь түншүүдийнхээ хүрээг тэлэхийн зэрэгцээ, дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж буйг бид дэмжин ажиллахыг зорьж байна. Бид Монгол Улсын ирээдүйн хөгжилд түлхэц үзүүлэх мэргэшсэн мэдлэг, боловсрол, технологи, инженерчлэл, олон улсын төвшинд ажиллах арга туршлагаа Монгол түмэнтэй хуваалцахдаа баяртай байх болно” хэмээн онцлов.

Арга хэмжээний үеэр,

· Британи улсын инновацийг таниулах булан

· Хувцас хэрэглэл болон өдөр тутмын бүтээгдэхүүний булан

· Хүүхдийн номын уншлага, Британи номын үзэсгэлэн

· Англи цайны өдөрлөг

· Британи машины парад

· Британийн хөл бөмбөгийн тухай кино үзүүлбэр

· Шекспирийн 400 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаа

· Британийн телевизийн франчайз “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт оролцогчдын тоглолт

· Британийн хүмүүнлэгийн байгууллагуудын фото үзэсгэлэн

· Британи Монголын спорт дахь хамтын ажиллагааны танилцуулга

· Британийн орчин үеийн урлагийн тухай танилцуулга зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа 10:00-19:00 цагуудын хооронд хоёр өдрийн турш тасралтгүй үргэлжлэнэ.

Мөн уг арга хэмжээнд Монгол Британийн хамтарсан бизнес, боловсрол, хүмүүнлэгийн 50 гаруй байгууллагууд оролцоно. Түүнчлэн арга хэмжээнд Британийн дунд болон дээд боловсролын үзэсгэлэн дэлгэх бөгөөд London City University, BPP University зэрэг Британийн 15 их, дээд сургуулийн төлөөлөгчид мэргэжлийн зөвлөгөө хүргэхээр зэхэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *