Categories
мэдээ цаг-үе

Боловсролын салбарт 56 жил зүтгэсэн математикийн багш Норов

Энэ удаагийн багш нүүртээ Говь-Алтай аймгийн боловсролын салбарыг 28 жил удирдсан МУБИС-ийн Хүндэт профессор, Математикийн багш Самдангийн Норовыг онцолж байна. Тэрбээр 1939 онд Говь-Алтай аймгийн Дарив сумын нутагт төржээ. 1962 онд Монгол Улсын Багшийн Дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр дүүргэсэн юм. С.Норов Монгол Улсын боловсролын салбарт 1962 оноос нийт 56 жил ажиллажээ. Энэ хугацаандаа боловсролын байгууллагыг хөгжүүлэх, өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх, залуу боловсон хүчнийг сургасаар иржээ. Тэрээр Говь-Алтай аймагт Гэгээрлийн хэлтсийн байцаагчаар долоон жил, Ардын боловсролын хэлтсийн даргаар 21 жил, математикийн багшаар зургаан жил, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуулийн математикийн багшаар 22 жил ажилласан байна.

Түүний найз Анагаах ухааны доктор, дэд профессор Р.Бямбаа ярихдаа “С.Норов багш 1962-1970 оны хооронд гэгээрлийн хэлтсийн байцаагчаар ажиллаж байх үед миний бие арван жилийн сурагч байжээ. 1968 онд би аравдугаар ангиа дүүргэж, дээд сургуульд явах хүртлээ С.Норов багшаар хичээл заалгаж явсангүй. 1975 онд би сумаас ирээд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын албыг хашиж, долоо хоногт нэг удаа болдог төвийн албан газрын дарга нарын яриан дээр аймгийн Ардын боловсролын хэлтсийн дарга С.Норов гэдэг хүнтэй анх уулзаж, танилцсан. Тэр цагаас хойш 40 гаруй жил бид нөхөрлөжээ. Аймгийн ардын боловсрол, эрүүлийг хамгаалах хоёр салбар аймагтаа тэргүүлдэг ч асуудал дагуулдаг нь хэцүү дээ. Хэцүү гээд яахав болохгүй бүхнийг болгох гэж явсаар нэг мэдэхэд Алтайдаа С.Норов Ардын боловсролын хэлтсийн даргаар 21, миний бие Эрүүлийг хамгаалах газрын даргаар 15 жил тасралтгүй ажиллаж, буг бурхнаа мэдэхгүй л явлаа. Боловсрол, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой юм болохоор нэгэн үзүүрт сэтгэлээр бид олон жил хамт явлаа. Бид бие биеэсээ суралцах, ярилцах, маргалдах, тохирох гээд олон зүйл дээр санал нэгдэх, нэгдэхгүй үе зөндөө л байсан биз ээ. Эцэстээ би С.Норов даргаас их “будаа идсэн” хүн дээ” хэмээв.

С.Норов улсын хэмжээнд ажлаараа сүүлээсээ гуравдугаар байранд явсан Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсийн ажлыг хүлээн авч, идэвх зүтгэл, бүтээлч ажиллагаа, шургуу хөдөлмөрөөрөө улсын тэргүүний байгууллага болтол хөгжүүлсэн гэдэг. Энэхүү амжилтаа арав гаруй жил батлан ажилласан байдаг. Тэрбээр боловсролыг хөгжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, хамран сургах хүрээг өргөтгөх талаар томоохон ажлуудыг удаа дараа хийж, гүйцэтгэсэн байна. МУБИС-ийн багшийн сургуульд ажиллах хугацаандаа математикийн танхим, сургалтын хоёр кабинетийг шинээр байгуулж, иж бүрэн тохижуулснаас нэг анги нь Багшийн сургуулиас зарласан уралдаанд нэгдүгээр байр эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж байсан түүхтэй. Сургалтын аргыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх технологийг өөрчлөн сургалтын аргыг шинэчилсэн. Хичээл зааж байсан оюутнуудын дотроос дөрвөн удаа, дөрвөн бүлгийн оюутнууд хамт олноороо “С.Норов багшаар хичээл заалгая” гэсэн оюутан бүрийн гарын үсэгтэй өргөдлийг сургалтын албанд ирүүлж байсныг сургуулийн зүгээс хэрэгжүүлэн ажиллажээ. Түүний шавь Шинжлэх ухааны гавьяат ажилтан А.Цанжид дурсахдаа “Гаталж чадахгүй байгаа голын өргөнийг, оройд нь хүрч чадахгүй байгаа модны өндрийг олох гээд хүүхдүүдийн ухааныг гижигдсэн хэн хүний сэтгэлд хоногшсон аугаа бодлогууд түүний сан хөмрөгт нь олон бий. Жишээлбэл, ганцхан өгүүлбэртэй атлаа 18 үйлдлээр хариу нь гардаг бодлого ч байна. Сорьж шалгадаг софизмын бодлогоор хүүхдүүдээ сорих, бодлогыг олон аргаар бодуулах зэрэг энгийн юм шиг мөртлөө эгэлгүй арвин туршлагатай багш хүн. Багш минь 8206 бодлогыг сонгон бодож түүндээ судалгаа хийж, “Эвийтэй хөөрхийс миний муусайн хүүхдүүд минь” гэсэн сэтгэлийн өргөлтэй, уншиж бодож ухаарсныхаа охь дээжийг шавь нартаа өглөг болгон түгээсэн. Багш минь буянтай хүн юм” хэмээн ярив.

С.Норов нь боловсролын хэлтсийн даргын үүрэгт ажлыг тасралтгүй 21 жил хашсан нь Монгол Улсын хэмжээнд боловсролын салбарын түүхэнд энэхүү албыг хамгийн олон жил гүйцэтгэсэн хоёр хүний нэг болжээ. Энэ хугацаанд багш, шавь нарынх нь дотроос Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан, Монгол Улсын Гавьяат багш 41, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан 200 гаруй төрөн гарсан байдаг. Түүний удирдсан боловсролын байгууллага салбарынхаа хэмжээнд улсад 12 жил дараалан эхний байруудад шалгарч Засгийн Газрын “Хүндэт жуух” бичгээр удаа дараа шагнуулж байжээ.

Түүнтэй мөр зэрэгцэн аймгийн Боловсролын хэлтэст ажиллаж явсан Д.Бааст дурсахдаа “1963 оны аравдугаар сарын 20-нд С.Норов Гэгээрлийн хэлтсийн байцаагчаар томилогдон ирэв. Энэ үед гэгээрлийн хэлтэст бага ангийн багш мэргэжилтэй нэг байцаагч, дунд боловсролтой хоёр нягтлан бодогчтой байлаа. Тэнд бас Энхийн Норов гэдэг байцаагч хамт ажилладаг байсан юм. Гаднаас хүн залгаад Норовтой ярья гэхээр нь аль Норов гэнэ. “Хар” Норов гэж харилцуурын цаанаас хэлнэ. Хоёулаа л “хар” шүү дээ гэхээр утсаар ярьж байгаа хүн хүнд байдалд орно. Бид бөөн инээдэм болно” гэж хуучлав.

С.Норов матемакикийн багш болсон түүхээ хуучлахдаа “Математикийн мэргэжлийг төдий л сонирхдоггүй байлаа. Тохиолоор математикийн багшийн мэргэжил эзэмших болсон тул хичээлтэйгээ холбоотой ном их цуглуулан судалдаг байв. Манай сургуулийн захирлаар Т.Балдан ажиллана. Д.Гомбосүрэн, Б.Батжаргал, У.Доёд, Г.Додон, Г.Бямбаа, Га.Дагва, Ц.Эрдэнэчимэг, Монгол Улсын гавьяат багш М.Насанбуян зэрэг алдартай багш нараар хичээл заалгаж байлаа. Анх багш нар яриад л байдаг. Түүнийг нь бичиж гүйцэхгүй их будилна. Багш нарын хэлсэн болгоныг алгасахгүй бичиж авахыг хичээв ч гүйцэхгүй. Нэг сар оролдсоны дараа багш нарын ярьсан зүйлээс гол санааг нь тэмдэглэж авч сурсан. Нэгдүгээр курст ороход оюутны байранд орох тоо гүйцсэн тул айлд байрлав. Математикийн шинжлэх ухааны доктор Б.Батжаргал багш манай ангид дээд тоо заана. Багш зохиосон номынхоо эхийг надаар хуулуулдаг байлаа. Шагналд нь надад кино үз гээд мөнгө өгнө. Түүгээр нь би голдуу ном л авдаг байсан. Улирал тутам багш бие даалт өгч ажиллуулаад үнэлгээ өгнө. Би дээд математикийн бодлого бодох сэдэв авдаг байлаа. Аналитик геометрийн хичээлийг Монгол Улсын гавьяат профессор У.Доёд багш орно. Хичээлээ их ойлгомжтой заадаг байсан шүү. Самбарт маш цэвэрхэн гоё бичнэ. Самбарын зайг бүрэн цэгцтэй ашиглана. Ном дэвтэр, бичиг цаас, томьёоны гаргалгаа, бодлогын бодолт гээд юу ч харахгүй самбарт цээжээр ямар ч түгдрэлгүй, эндүүрэлгүй бичиж тайлбарладаг нь одоо ч нүдэнд харагддаг юм. Яг л У.Доёд багш шиг болно гэж хүсч, тэмүүлж ирсэн. Эдгээр эрдэмт багш нараар хичээл заалгаж байсан болохоор ачит багш нарынхаа өндөр боловсрол, ур чадвар, заах арга барилыг шавь нартаа үлдээхийг зорьдог юм даа” хэмээн ярив.

С.Норов боловсролын байгууллагад нэгэн насны амьдралаа зориулж, 56 жил энэ салбарт ажилласан тул 1970 онд “Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 1975 онд Засгийн газрын “Хүндэт жуух”, 1986 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1990 онд “Алтан гадас одон”, 2001 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнуулж байв. Тэрээр 2007 онд БСШУЯ-ны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдэн, МУБИС-ийн “Хүндэт профессор” цолыг хүртсэн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *