Categories
мэдээ нийгэм

“Боловсролын салбарын төсөв цахимд шилжсэнээр жил бүр 1.7 их наяд төгрөг сурагчдад хүрч байгаа эсэхийг хянана” гэв

Боловсрол, шинжлэх ухааны яам бусад салбараасаа хамгийн эхэнд төсвөө цахим хэлбэрт шилжүүлж, нээлттэй ил тод болгох ажлыг эхлүүлж байна.

Нээлтийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Засгийн газрын Цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагыг цахим болгох нь хамгийн том зорилго юм.

Боловсролын салбар анх удаа буюу бусад салбараасаа түрүүлж цахимаар төвсөө эхлүүлэх үйл ажиллагаа болж байгаад баяртай байна.
Өнөөдөр төрийн албан хаагчийн 50 хувь нь буюу 100 мянга орчим төрийн албан хаагч Боловсролын салбарт ажилладаг. Нөгөө талаар Боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгө нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьтай тэнцэх хэмжээний буюу 1.7 их наяд төгрөг. Манай салбарт хийгдэж байгаа 300-400 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсад нийт төсвөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 60-70 хувийг эзэлдэг.
Тиймээс боловсролын салбарын төсвийн шинэчлэлт нь Монгол Улсын төсвийн шинэчлэлтийн томоохон хэсгийн нэг юм.
Боловсролын салбарын төсөв ийнхүү цахимд шилжсэнээр жил бүр төсөвлөдөг 1.7 их наяд төгрөг сурагчдад хүрч байгаа эсэх, мөн 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь сурагчдын сурах орчин, сургалтын чанар хүртээмжид шууд зарцуулагдаж чадаж байгаа эсэхийг хянах боломжтой анхны алхам болж байна.
Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд ямар өртөгөөр сургадаг болон төрөөс нэг хүүхдэд оноож буй хувьсах зардлын хэдэн хувь нь сурах орчинд, хэдэн хувь нь сурлагын ахицад нөлөөлдөг гэдгийг хянах боломж нээгдэнэ.Зөв төсөв байж түүнээс зөв бодлого байна. Зөв бодлогоос зөв үр дүн гарна. Монгол Улсад байгаа цэцэрлэг сургуулийн тоо өнөөдөр 2,500-д хүрсэн байна.
Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор асар богино хугацааны дотор одоогийн жилд гарч байгаа зардлаас 1 тэрбум төгрөг хэмнэж байна. Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. Тиймээс цахим төсөв нь боловсролын салбарт гарч байгаа том хэмнэлт гэж ойлгож болно. Бид эхний ээлжид сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн хүрээнд төсвийн шинэчлэлийг хийнэ. Харин Их, дээд сургуулиудийн хувьд ирэх намраас эхлүүлэхээр төлөвлөсөн” хэмээв.
Сангийн сайд Б.Жавхлан “Боловсрол, нийгэм хамгаалал болон эрүүл мэндийн салбар нь манай улсын нийт төсвийн 75 хувийг эзэлдэг. Тиймээс төсвийн шинэчлэлт нь хамгийн түрүүнд дээрх гурван салбарын төсвийн шинэчлэлт байх болно.
Энэхүү төсвийн шинэчлэлийн амин хүнс нь боловсролын салбарын чанар үр дүн, хүртээмжид суурилсан санхүүжилтийн системийг бий болгох юм.
Энэ хүрээнд БШУ-ны сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тус салбараас нийгэмд үзүүлж байгаа үйлчилгээг илүү хүртээмжтэй, гүйцэтгэл сайтай болгож, үүнийг санхүүжилтээр нь хянах цогц хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Боловсролын салбарт зарцуулж байгаа нэг төгрөг болгон нь чанарт суурилах ёстой. Тиймээс өнөөдрийн цахим төсвийн цогц систем нь төсвийн төлөвлөлт, хяналтын шатанд маш том үүрэг гүйцэтгэнэ.
Энэ нь цаашид ЕБС, цэцэрлэг нь нам, танил талаараа төсвөө нэмүүлдэг бус хэдэн хүүхдийг сургаж, боловсролын чанарыг хэрхэн сайжруулсан гэдгээрээ санхүүжилтээ авч, түүгээрээ үр дүнг сайжруулахад чиглэсэн менежментийн үйл ажиллагааг хагас бие даасан байдлаар шийдвэрлэж чаддаг тогтолцоог бий болгох эхний алхам боллоо” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *