Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбар цахим системд бүрэн шилжинэ

“Боловсролын салбарын мэдээллийн систем” төсөл нь энэ хичээлийн жилээс сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжих юм байна.

Уг системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халахаас эхлээд багш бүр БСШУС яамны сайдад санал хүсэлтээ шууд хүргэх бололцоотой болохыг салбар яамнаас өнөөдөр мэдээллээ.

Эцэг эхчүүдийн хувьд интернет ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээлэл гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Play Store”-оос “ESIS” аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой аж.

Боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагдаж байна. Монгол Улсын боловсролын салбарын удирдлага, төлөвлөлт, менежментийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, боловсролын салбар дахь мэдээллийн урсгалыг хянах, зохицуулах үүрэгтэй нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг удирдах системийг боловсруулахад төслийн үндсэн зорилго оршжээ.

Төслийн хүрээнд боловсролын салбарын мэдээллийн системийн нэгдсэн платформыг байгуулах, системийг боловсролын бүх шатны байгууллагад нэвтрүүлэх, тэдгээрийг үнэн бодит мэдээллээр хангаж, судалгаа шинжилгээ хийх бололцоо олгох, системд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийж тогтвортой ажиллагааг хангах зэрэг ажлууд багтаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *