Дөрөвдүгээр сарын 25-нд Богд ууланд гарсан түймрийг нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбарын албан хаагчид өчигдөр 17.00 цагийн үед бүрэн унтраажээ.
Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Жаргалантын аманд гарсан ой хээрийн түймэр нийт 30 га газрыг хамарсан бөгөөд гал түймэр тавьсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж Богдхан уул, ногоон бүсээр эргүүл шалгалтыг зохион байгуулж байгаа юм байна.
Нийслэлийн Онцгой комиссын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх албан даалгаварт 2015 оны 3 дүгээр сарын 09-ний өдрөөс 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10 хүртлэх хугацаанд нийслэл орчмын ногоон бүсэд байгалийн дагалт баялгийг ашиглах зорилгоор зорчих, амралт аялал зугаалга зохион байгуулах, галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоригложээ.
Иймд иргэд, олон нийт нийслэлийн ногоон бүсэд дээрх хугацаанд зорчихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.