Пентагон Украинд алсын тусгалтай шинэ пуужингуудыг шилжүүлэх талаар хэлэлцэж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээгээр “Боинг” корпораци АНУ-ын Батлан хамгаалах яаманд 150 км хүртэлх тусгалтай газраас хөөргөдөг жижиг хэмжээтэй пуужин болох “GLSDB”-ыг олноор нь үйлдвэрлэж Украинчуудад нийлүүлэхийг санал болгосон гэнэ. Энэ нь Украинд Оросын ар талын гүнд байрлалтай одоогоор хараахан хүрч чадахгүй байгаа цэргийн зориулалттай газруудад цохилт өгөх боломж олгоно.
Украины Зэвсэгт хүчин 70 гаруй километрийн зайд байгаа бай онох чадвартай, удирдлагатай пуужингийн систем (GMLRS)-ийг өнөөдөр дайнд амжилттай ашиглаж байна. Харин “GLSDB” нь “Boeing” болон “Saab” группын хамтарсан бүтээл юм. Энэ бол газраас хөөргөхөд зориулж өөрчилсөн “GBU-39” гэх нарийн онч бүхий пуужингаар зөөж байгаа онодог бөмбөг аж. Украинчууд одоо ашиглаж байгаа “M270 MLRS” ба “M142 HIMARS” хөөргөгчийн суурийг ашиглан “GMLRS” пуужинг хөөргөх боломжтой юм байна . “GLSDB” нь 150 км-ийн зайд 1 м хэмжээтэй байг алдахгүй онохоос гадна 1 м зузаан төмөр битон бэхлэлтийг сөнөөх чадвартай аж. Хамгийн гол нь “GMLRS” пуужин Украинчуудын гуйгаад байгаа “ATACMS” пуужингаас хамаагүй бага зардалтай учир “Boeing”компани олон тоогоор нь үйлвэрлэн Украинд нийлүүлэх боломжтой юм байна.
Г.АМАРСАНАА