Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Коронавируст цар тахлын улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтын үеэр халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгуулж байна. Тодруулбал, талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд байраа эзэлснээр уулзалт эхэллээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий дахин тархсан цар тахлын үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгасан үйл явдал болж байна гээд, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан билээ. Айлчлалын хүрээнд хүнд хэцүү үеийг туулж буй хятадын ард түмэнд монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгон 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн юм. Улмаар хандивын 30 мянган толгой хонийг хятадын талд хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байна.

Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байгааг онцолж, монголын цэвэр хөрс, ус, агаарт боловсорсон “эко” хүнсийг экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр орны хүмүүнлэгийн харилцааны зарим асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал болохыг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Ноён Ван И уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлаад, ийнхүү хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргад хариу мэндчилгээг нь уламжлахыг хүсээд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн үр өгөөжтэй хөгжүүлэх талаар тодорхой саналуудаа илэрхийлсэн юм. Монгол Улсаас хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлоход татварын дэмжлэг үзүүлэх болон ОХУ-БНХАУ-ыг холбосон дэд бүтцийг Монгол Улсын нутгаар дамжуулахад тус улсыг анхаарахыг хүслээ. Мөн ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо, энэ ойг угтсан бодит үр дүнтэй ажил хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын хамтын ажиллагаа ирээдүйд бүхий л салбарт үр дүнтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад, БНХАУ үйлдвэрлэл, хөдөө, аж ахуй болон төмөр замын салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг ирэх жилүүдэд үр дүнтэй хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж байгаа албан айлчлалд амжилт хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *