Энэ долоо хоногт Кэмбрижийн Их сургууль биткоин олборлолтын талаар судалгааны тайлангаа танилцуулжээ.
Уг криптовалютыг өндөр хурдтай компьютер дээр тооцоолох замаар олборлодог ба олборлох хүчин чадлыг “hash rate” хэмээх үзүүлэлтээр хэмждэг юм.
Дэлхий даяар ашиглагдаж байгаа нийт “hash rate”-ийн 35.4 хувь АНУ-д оногдож, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ. Дэд байранд 18.1 хувьтай Казахстан улс, гутгаар байранд 11.23 хувьтай ОХУ тус тус орсон байна.
Өмнө нь Хятад улс дэлхийн хамгийн том биткоин олборлогч байжээ. Зөвхөн 2019 онд дэлхий даяар олборлогдсон нийт биткоины 75 хувь нь Хятадад оногдож байв.
Гэвч Бээжингийн эрх баригчид биткоин олборлох явдлыг хориглох болсноор 2020 онд 50 хувь, энэ оны эхний хагаст 44 хувь болж буурчээ.
Улмаар төрийн зохицуулалт хүчээ авснаар энэ оны долдугаар сараас эхлэн Хятадын “hash rate” тэгтэй тэнцэх болсон байна.
Биткоины үнэ ханш энэ оны эхээр $64,000 хүрч өссөн ч сүүлдээ огцом унаж байв. Харин сүүлийн өдрүүдэд эргэн сэргэж, нэгж биткоины ханш дахин $60,000 даваад байна.