Categories
мэдээ цаг-үе

Биеийн тамирын факультетийн “Социалист нөхөрлөл”-ийн дөрвийн “А” ангийнхан

“Нэг ангийнхан” буланд энэ удаад Улсын Багшийн дээд сургуулийн Биеийн тамирын факультетэд Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар 1965-1969 онд суралцаж төгссөн нэг ангийнхныг урилаа.

Тухайн үедээ улсын шигшээ багт хичээллэдэг, аймаг, орон нутгаасаа шалгарсан, цаашид олимп, тив дэлхийд улс орныхоо нэрийг гаргах ирээдүйтэй гэсэн тамирчид, спортын салбарыг авч явах боловсон хүчнүүд энэ ангид элсэн оржээ. Шинэхэн оюутнууд дундаас Д.Намжилмаа, Г.Батбаяр, Ч.Дамдиншарав, Д.Хишгээ гэсэн дөрвөн оюутан Улсын шигшээгийн тамирчид. Тэд 1968 оны олимпод өрсөлдөх боломжтой тамирчдын тоонд зүй ёсоор тооцогдож байсан хүмүүс учир сургуулийн захиргаа болоод спортын газруудаас онцгой анхаарал хандуулна. Ер нь л тэмцээн уралдаан гээд явчихдаг учир эдний ангийнхны хувьд хичээлдээ бүрэн сууна гэдэг ярвигтай. Гэвч тэмцээнд явсан нэгнийхээ хичээлийг бусад нь нөхөж өгч, ирэхээр нь хоцорсон хичээлийг нь ойлгуулж өгдөг бие биедээ анхаарал халамж тавьдаг, их эв нэгдэлтэй, багш нарынхаа итгэлийг даасан мундаг анги байжээ. Социалист хөдөлгөөн идэвхжиж бүгд социалист хөдөлмөрийн даалгавар авч, нийгмийн бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан үе. Эдний ангийнхан ч тэр хөдөлгөөнөөс хоцрохыг хүссэнгүй. Хөдөлмөрийн төлөвлөгөө авч түүнийгээ ч биелүүлж “Социалист нөхөрлөл” гэсэн батламж авсан нь ангийнх нь дурсгалын цомогт үлджээ. Намар, хаврын ажилд Хөвсгөл, Хэнтий, Төв аймаг гээд ийш тийш явцгаана. Тамирын анги болохоор ер нь хүч чадал шаардсан ажилд дайчлагддаг байж. Станкин, Осипов, Аюшеева гэсэн Зөвлөлтийн мэргэжилтнүүд хичээл заана. Мэргэжлийн хичээлүүдээ орос хэлээр үзэцгээнэ. Ингээд 1968 оны олимп хаяанд ирэв. Д.Хишгээ шөрмөсөө гэмтээснээр олимп руу явах боломжгүй болжээ. Ингээд эдний ангиас Ч.Дамдиншарав чөлөөт бөхөөр, Д.Намжилмаа хөнгөн атлетикийн төрлөөр Мехиког зорьжээ. Ангийнх нь анд Ч.Дамдиншарав Мехикогийн олимпод одтой барилдаж Монгол Улсад анхны олимпийн медаль, хүрэл медаль хүртсэн нь үгээр илэрхийлэхийн аргагүй том баяр болжээ.

Ардын багш Ч.Дамдиншарав анхны медаль авсан тухайгаа “Тэгэхэд дөрвөн хүн финалд үлдсэн шүү дээ. Мөнхбат аварга, Сэрээтэр, Артаг бид дөрөв. Зарим нь медаль авах нь тодорхой биш байсан. Мөнхбат аварга Америкийн бөхийг ялбал авна. Ялагдвал ямар ч медальгүй хоцрох тийм л эгзэгтэй мөч байлаа. Тэр үед би хамгийн эхэлж салхийг нь хагалах хүн. Хөнгөн жингийн бөх. 52 кг-ын жинд барилддаг байлаа. Нөгөө гурав маань намайг хүлээж байсан юм, бэлтгэлийн заалнаас гараад. “Чи эхлээд медаль авна шүү. Чамайг медаль авбал бид гурав авна” гэсэн хүлээлттэй байсан. Би ч хүрэл медаль дээр буулаа. Намайг нөгөө гурав маань тэвэрч авлаа. Мөөеө аваргыг санадаг юм. Хана шаагаад л “Би америкийг дэлгэж өгнө өө” гээд л гарсан. Цөмөөрөө медалийн болзол хангасан. Миний хувьд тийм л юм. Азтай байсан байх. Одооны хүүхдийн ярьдгаар ёндоотой байсан болохоороо л анхны медалийг авсан болов уу гэж боддог шүү” гэж ярилаа.

Ангийнх нь анд ийнхүү олимпийн медалийн салхийг хагалж монгол түмнээ баярлуулсан бол Д.Намжилмаа хөнгөн атлетикаар шигшээ наймд шалгарсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болжээ.

Ч.Дамдиншарав олимпоос ирэхэд ангийнхан нь баяр хөөр болцгоож, бүгд л уран зохиолын элдэв төрлийн ном дурсгаж баяр хүргэжээ. Түүнээс биш медалийг нь угаана энэ тэр гэж одооныхон шиг наргиж цэнгэнэ гэж байдаггүй байж. Тэмцээн уралдааны бэлтгэлд гарсан, гадагшаа дотогшоо тэмцээнээр явсан нэгнийхээ хичээлийг нөхөж бичиж өгцгөөнө. Эдний ангиас ганц хос төрсөн нь Г.Ирина, Ч.Дамдиншарав хоёр. Г.Ирина тэмцээнээр явсан хүүхдийн хичээлийг нөхөж бичиж өгөхөд сэтгэлээрээ ханддаг охин байж. Ч.Дамдиншаравын хичээлийг уйгагүй бичиж өгч, хоцорсон хичээлийг нь хичээнгүйлэн заадаг байсан нь тэднийг дотно болгосон байж магадгүй. Тэгээд энэ хоёр маань удахгүй нэг гэрт орсон доо гэж ангийнхан нь ярилаа. Ардын багш Ч.Дамдиншарав “Ангийн охин Ирина буюу миний хань чинь намайг дээд сургуулиа амжилттай төгсөхөд хамгийн их дэмжиж, тусалсан хүн. Бид хоёр оюутан ахуй цагт дотносч хүү, охинтой болж байлаа. Ширээнийхээ охиноор хичээл хийлгэсээр байгаад л аваад суучихсан юм шүү дээ” гэж ярилаа. Эдний анги Д.Намжилмаа, Г.Батбаяр, Ч.Дамдиншарав, Д.Хишгээ гэсэн дөрвөн гавьяаттай бол спортын мастер цолтой нь арав гаруй бий. Б.Наран, Б.Баасан ширээний теннисний, Д.Баадай цанын, Б.Гунгаадаш хөнгөн атлетикийн, Ц.Базаргүр, О.Цогтоо нар хөлбөмбөгийн, Д.Түмэндамба боксын спортын мастерууд.

Д.Хишгээ дунд сургуулийн долдугаар ангиасаа л шигшээд орж, хүүхэд байхаасаа л тамирчны цалинд хүрсэн болохоор урилгаар уг ангид элсчээ. Түүнтэй хамт гуч гарсан ах эгч нар ч хамт сурч байжээ. Энд тэнд спортын чиглэлийн ажил хийж байгаад ирсэн Б.Гунгаадаш, Ц.Лувсандаш, О.Цогтоо нар бол ангийнхныхаа өмөг түшиг нь. Эдний ангийнхан энэ гурав дээрээ хуваагдаж хичээлээ давтацгаана. Б.Гунгаадаш Дундговь аймгийн дасгалжуулагч, Ц.Лувсандаш Хотын биеийн тамир спортын хорооны даргаар ажиллаж байсан тухайн үедээ оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сурлага, зохион байгуулалтаараа үеийнхнээ манлайлдаг оюутнууд. Тиймээс ангийнхаа бүх хүүхдэд аав нь юм шиг хандаж анхаарал тавьдаг байж.

О.Цогтоогийн группийнхныг “Баригдашгүй өшөө авагчид” киноны атаман Бурнашийн группийнхэн гэж өнөө хоёр группийнхэн нь шоолдог байж. Эдний ангийнхан спортоор шилдэг байгаад зогсохгүй, урлагаараа ч шилдэг нь байж. Урлагийн үзлэгт Ц.Отгон, Ц.Базаргүр, Ц.Гүндэгмаа, Я.Туяа, Д.Хишгээ нар “Усан цэргийн бүжиг”-ээр нэгдүгээр байрт шалгарч байжээ. Уг бүжигт Ц.Отгон, Ц.Базаргүр нар тогоочийн дүрийг бүтээсэн бол өнөө гурав нь сахал зурж, усан цэргийн малгай сэлт өмсөөд эрэгтэй дүрийг харуулжээ. Бүжгийн эргэлттэй хүнд үзүүлбэрийг харуулж чадсан учир тэр үедээ л багахан хэмжээний шуугиан тарьж түрүүлсэн нь тэдний хувьд хэзээ ч мартагдашгүй мөчүүдийнх нь нэг болж.

Анатоми физиологийн хичээл орно. Хүний биеийн бүтцийн талаар маш нарийвчлан заадаг байсан учир тэр үед биеийн тамирын ангийнхан бараг шахуу бага эмчийн хэмжээний мэдлэгтэй төгсдөг байжээ. Нэг удаа анатоми физиологийн хичээлийн шалгалт болж ангиар нь дүүрэн инээдэм болж байсан нь санаанаас гардаггүй гэнэ. Билет сугалтал Д.Хишгээд хүний гарын сарвууг тайлбарлах даалгавар иржээ. Багшийн заасныг бүгдийг нь хэлээд сайн авчээ. Түүний дараа Б.Гунгаадаш ороод эм бэлэг эрхтний тухай ярих болж. Ангийнхан дундаа ахмад оюутан байсан болохоор их л сайн ярьсан учир тав буюу онц аваад гараад иржээ. Харин түүний дараа Н.Бурмаа орвол эр бэлэг эрхтний тухай ярих сэдэв таарч. Н.Бурмаагийн нүүр улайж юу ч тайлбарлаж чадахгүй, сүүлдээ инээдээ барьж чадахгүй эргэн тойрныхноо хүртэл инээлгэчихэж. Багш нь энэ байдлыг анзаараад гурав тавьж шалгалтад тэнцүүлж байсныг ярьцгааж “Бөөн инээдэм болж билээ. Элэг хөштөл инээлдэж, Бурмаагаа үгүй ээ мөн их цаашлуулдаг байж шүү. Бас хүнд хэдэн хавирга байдаг вэ гэж багшийг асуутал хавиргаа тоолоод 12 гэж байсан хүн ч бидний дунд бий шүү” гэцгээв.

Багш, дасгалжуулагчийн ангийн оюутнууд бусад мэргэжлээр сурдаг оюутнуудаас 40 төгрөгөөр илүү стипендтэй. Дөрвөн жил сурахад нь улсаас хоёр удаа бэлтгэлийн хувцас өгдөг байж. Бас тодорхой тооны спортоор болзол хангасан байх шаардлага тавьдаг ачаалал ихтэй учир ийн өндөр цалин олгодог байсан гэнэ, улсаас.

Дөрвийн “А”-гийнхан 1969 онд сургуулиа төгсөөд эх орныхоо өнцөг булан бүрт очиж мэргэжлээрээ ажиллахын сацуу тамирчны замналаа ч үргэлжлүүлжээ. Монголын спортын хөгжилд шилдэг шавь нар бэлдэж хувь нэмэр оруулж, түүхийн шаргал хуудаснаа нэрээ мөнхөлцгөөсөн бол зарим нь хөдөө орон нутагт очиж Биеийн тамир, спортын газар удирдаж, спортын бодлогыг зангидалцаж явжээ. Одоо эдний ангийнхнаас Улаанбаатар хотод арав гаруй хүн амьдардаг юм байна. Ангийнхантайгаа байнгын холбоотой. Жилд нэгээс хоёр удаа уулзана. Зургадугаар сард тохиодог тамирчны өдрөөр заавал цуглацгаана. Зуны дэлгэр цагт амарч зугаалж, нэгнийдээ очдог бол намар ч уулзах дуртай гэсэн. Саяхан ангийнхан нь ангийн дөрвөн гавьяатдаа хүндэтгэл үзүүлж хүлээн авсан гэнэ. Хөнгөн атлетикийн гавьяат дасгалжуулагч Д.Хишгээ “Удахгүй дөрвөн гавьяат нь ангийнхнаа хүлээж авна даа. Хонины ээлж бидэн дээр ирж байна” хэмээлээ. Тавиад жилийн тэртээ Улсын багшийн сургуулийн босгыг алхан орж байсан залуус Монголын спортын алтан үеийг бичилцэж, тив, дэлхийд эх орныхоо алтан соёмбот тугийг мандуулж мандаж явжээ. Харин одоо тэд хийсэн бүтээсэнтэй, хэлэх үгтэй, захих захиастай энх тунх сууж, ирээдүйн тамирчдадаа үнэтэй зөвлөгөөгөө өгсөөр явна.

Монголын анхны олимпийн медальтан, ардын багш Ч.Дамдиншарав “Бид нэг анги гэх халуун бүлийн гишүүд болоод тавин жил болжээ. Сургуулиа төгсөөд тус тусын ажил амьдралын мөрөө хөөгөөд тамирчин, дасгалжуулагчаар ажиллаж, олон мундаг шавь төрүүлж спортод нэрээ үлдээцгээлээ, манай ангийнхан. Хийж бүтээх насаа өнгөрөөж гавьяаныхаа амралтад суугаад ирэхээр хүн чинь оюутан ахуй цагийн найзуудаа өөрийн эрхгүй их санадаг юм байна. Тэгээд нэг нэгээрээ хорвоогоос буцаад эхлэхээр үлдсэн хэд нь бие бие рүүгээ тэмүүлдэг болчихдог юм байна” гээд “Бид чинь ер нь байнгын холбоо харилцаатай байдаг хүмүүс. Тавин жил нөхөрлөсөн андууд. Ийм олон жил нөхөрлөж холбоо харилцаатай байна гэдэг ховор үйл явдал шүү. Биднийг тийм болохоор салшгүй андууд, жинхэнэ нэг ангийнхан гэж хэлж болно” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *