Categories
мэдээ цаг-үе

Биднийг тойрсон төмөр замууд

Төмөр зам гэхээр геополитик, танк, буутай цэрэг яриад суучихдаг манай улсын хувьд хандлагаа өөрчлөхөөс аргагүй нь гэх бодол сэдэл төрөхөөр үйл явдал цэнхэр гариг даяар өрнөж байна. Таван толгойгоосоо Хятадын хил хүртэл нарийн царигийн төмөр зам барьж, нүүрсээ тээе гэхээр ийм юм яриад суучихдаг улс дэлхийд биднээс өөр алга. Дэлхий төмөр замын эдийн засгийн ашгийг хэрхэн харж байгааг сүүлийн үед өрнөсөн, өрнөж буй бүтээн байгуулалтуудаар нотолъё.

БЭЭЖИНГЭЭС ЛОНДОН РУУ ТӨМӨР ЗАМААР АЧАА ТЭЭЖ ЭХЭЛЛЭЭ

Бээжингээс Лондон хүртэл төмөр замаар ачаа тээвэр хийгээд эхэлчихлээ. Энэ маршрут Монголын өмнөд бүсийг захлан өнгөрнө. Барилгын материал, цүнх, чемодан, хувцас зэрэг бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Казахстан, Орос, Беларусь, Польш, Герман, Бельги, Франц зэрэг 56 орныг дайрч, Лондонд 18 хоногийн дотор хүрнэ, дэлхийн хамгийн урт төмөр замын шугам нээгдлээ гэж ирээд шуугьж байна. Азийн ачаа тээврийн хамгийн том цэг болох урд хөршийн хувьд энэ удаагийн аварга бүтээн байгуулалт төмөр замаар дэлхийг сүлжих том алхмынх нь нэг. Манайхны хөмсгөө зангидаж ирээд ярьдаг танк ачсан галт тэрэг гэх мэтийн үлгэрт дэлхий итгэдэггүйн бэлээхэн жишээ. Урьдын цагт Хятадаас Европ хүрэх ачааг далайгаар тээдэг байсан бол одоо ийм зовлонгоосоо салах том бодлого хэрэгжүүлж байгаа. Олон улсын төмөр замын эвлэлээс гаргасан нэг тооцоо бий. Урд хөршийн төмөр замын нийт урт 2010 онд мянга гаруйхан км байж. Гэтэл ердөө гуравхан жилийн дараа 103 мянган км болж дэлхийд гуравт бичигдэж байсан юм. Тэр үед Хятадын удирдлагууд “2025 онд төмөр замынхаа уртын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж амбицалж байв. Энэ сарын 1-нд Жэжян мужийн Иу өртөөнөөс Лондонг зорьсон анхны ачаа 12 мянган км зам туулна. Хятадуудын төмөр замаар дэлхийг хэрж байгаагийн нэг том жишээ мөнөөсөө мөн. Лондонгийн хувьд урд хөрштэй төмөр замаар холбогдсон Европын 15 дахь хот. Газраар төмөр замаар ингэж хурдлах нь далайгаар тээснээс хоёр дахин бага хугацаа зарцуулна, агаарын тээврээс хоёр дахин хямд гэсэн давуу талтай. Манайхны болгоомжилдог Хятадын хөрөнгө оруулалтыг Их Британийн Ерөнхий сайд “Хоёр улсын харилцааны алтан үе үргэлжилж байна. БНХАУ олон тэрбум долларын ашигтай чухал хөрөнгө оруулалт хийлээ” хэмээн сайшааж. Шинжаан, Казахстан, Төв Азийн орнуудыг дайран өнгөрөх энэ шугам Ази, Европыг хамгийн дөт байдлаар холбодог торгоны зам дагуу байрлаж байгаа юм. Бээжин, Лондонг холбосон маршрут БНХАУ-ын даргын “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын нэг. “Шинэ Торгоны зам” ч хэмээдэг. Шинэ Торгоны зам хуурай замаар Азийг Европ, Ойрхи Дорнодтой холбох хэтийн зорилготой. Төсөл хэрэгжсэнээр 4.4 тэрбум хүн амтай, 21 их наяд ам.долларын бараа эргэлттэй шинэ эдийн засгийн бүс бий болно гэдэг. Тэгэхээр төмөр замаар дэлхийг сүлжих Хятадын амбиц ингээд зогсохгүй гэсэн үг. Лав л 2020 он гэхэд Пакистан, Балба, Энэтхэгтэй төмөр замаар холбогдох төлөвлөгөөг аль хэдийнэ гаргачихаад байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Хятадын “Нэг бүс, нэг зам”-ын эхний алхам нь Бээжин-Лондон байсан юм. Энэ төслийн хүрээнд Хятад улс Европт төмөр замаар хүрэх гурван чиглэл төлөвлөж байсныг хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Эхнийх нь Хятад-Казакстан-Европ, хоёр дахь нь Хятад-Монгол-Орос -Европ, гурав дахь нь Хятад-Орос-Европ. Хоёр дахь хувилбар буюу манайхаар дайрах маршрут хасагдсан байх магадлалтай гэсэн болгоомжлол бий.

“Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд Хятадын Торгоны зам, Оросын Транс-Сибирийн төмөр замууд нийлнэ гэж ярьдаг. Энэ аварга сүлжээнд Монголын “Талын Зам”-ыг холбохоор төлөвлөсөн байгаа. Үүнийг ярихын тулд Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридор гэсэн том сэдвийг хөндөх хэрэг гарна.

ХЯТАДААС ОРОСЫГ ЗОРИХ ГАЛТ ТЭРЭГ АМАР МӨРНӨӨР СҮНГЭНЭНЭ

Хятад, Оросыг холбох төмөр зам ч манай улсыг тойрсон төмөр замын бас нэгэн том маршрут. Бээжингээс Москваг зорих галт тэрэг Амар мөрөн дээгүүр сүнгэнэнэ. Гүүрийн бүтээн байгуулалтад зарах мөнгөн дүн нь 400 сая ам.доллар. Оросын шууд хөрөнгө оруулалтын сан буюу RDIF, Хятадын хөрөнгө оруулалтын компани хамтарч байгаа. Энэ төмөр замаар жилд 21 сая тонн ачаа тээвэрлэнэ, сая гаруй хүн зорчино гэсэн тоо дуулддаг. Хятадын Тунцзян хотыг ОХУ-ын Нижнеленинсктэй холбох уг төмөр зам 2019 онд ашиглалтад орно гэж буй. Хоёр хөрш маань төмөр зам дээр дотно холбоотой ажилладгийн бас нэг жишээ нь Москва, Шаньси муж хооронд шууд галт тэрэгний шугам нээгдсэн явдал. Өөр нэг үйл явдлыг сануулъя. Зилинь мужийн төлөөлөгчид Приморийн хязгаар дундуур Владивосток хүртэл хурдны төмөр зам тавих санал гаргасан удаатай. Энэ санал ажил болбол Орос-Хятадыг холбосон анхны хил дамнасан хурдны төмөр зам зурайна. Хятадуудын хувьд баргийн зүйл дээр “а” гэж дуугарахгүй, цаанаасаа дохиотойгоор хөдөлж байж л ийм жинтэй санал тавьдаг. Товчхондоо төр засгийнхаа сонирхлыг илэрхийлсэн хэрэг. Оросын Приморийн хязгаарын тэргүүн энэ төслийг дэмжиж байгаагаа хэлчихсэн. Тэд ч Хятадаас ялгаагүй, юу юуны духанд хүрэлгүй “за зүй” гэж их мэдэгч царайлаад байх нөхөд биш.

ЦААСНААС ХЭТРЭХГҮЙ ЯВАА ГУРВАН УЛСЫГ ХОЛБОСОН “ТӨМӨР ЗАМ”

Уг нь бидэнд Европ, Азийг холбох өндөр боломж бий. Хятад, Орос гэдэг хоёр их гүрний голд оршдог гэдэг утгаараа. Нэг жилийн дотор Хятад, Монгол, Оросын хооронд 3.7 сая зорчигч зорчиж, 24.6 их наяд кг ачаа тээвэрлэгдсэн гэх статистик бий. Манайх экспортынхоо 80 хувийг Хятадад нийлүүлдэг. Оросын худалдааны хамгийн том түнш нь Хятад. Жилд ойролцоогоор 40–50 тэрбум долларын худалдаа хийдэг.Хоёр хөршийн худалдаа эргэлт 2020 онд 200 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тоо дуулддаг. Зүүн Өмнөд Азийн орнууд, Европын холбооны худалдаа эргэлтийн хэмжээ 2014 онд 246 тэрбум евро хүрч байж. Энэ хэмжээ алсдаа илүү томорно гэсэн таамаг байгаа. Ази, Европыг холбосон их мөнгө хол байна гэж бодоход хоёр хөршийнхөө ачаа, барааг тээвэрлүүлээд суухад л дажгүй мөнгө олчих боломж харагдаж байна. Төдийгөөс өдий хүртэл цааснаас хэтрэхгүй яригдаж байгаа Монгол-Орос, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болгох тухай яриа бий. Аятайхан ярьж тохирч чадвал өмнө ярьсан аварга сүлжээнд нэгдчих боломж уг нь байгаа. Гурван улсыг холбосон төмөр зам сүүлийн жилүүдэд гурван улсын Ерөнхийлөгч нарын яриа хэлэлцээний гол сэдэв болж буй ч тэр гээд хэлчихээр ахиц анзаарагдахгүй өнөөг хүрсэн нь харамсалтай үнэн. Хатуухан хэлэхэд судална, ярилцана гэсэн албаны хуурай үг төдийгөөс хэтрэхгүй яваа.

Ази, Европын нийт тээврийн хоёр хувь нь төмөр замаар дамждаг, энэ хэмжээг 2030 онд найман хувьд хүргэнэ гэсэн багцаа таамаг байдаг. Ази Европ тивийн хооронд төмөр замаар тээвэр хийхэд дунджаар 24 өдөр зарцуулдаг бол далайн тээвэр үүнээс хоёр дахин урт хугацаа авдаг гэдэг. Ингээд харахад хугацаа бага, үнэ хямд төмөр замын тээвэр алсдаа моодонд орох нь хэтээсээ тодорхой асуудал. Дахиад хэлэхэд хоёр тивийг холбосон ашигтай байрлалд орших бидэнд том боломж байгаа гэсэн үг.

Төмөр замаа яаж барих вэ, бидэнд технологи нь байхгүй, нарийн өргөн царигийн аль нь зөв бол, аюулгүй байдлаа бодвол нарийнаар барихгүй байсан нь дээр гэх мэт улиг болсон тайлбарууд үнэндээ жижиг асуудал. Хятадын төмөр замын бодлого, инженерчлэл саяхныг хүртэл гаднаас хараат байсныг түүхээс нь харчихаж болно. Манайх оросуудаар төмөр замаа бариулсан, одоо ч төмөр замын тодорхой хувийг тэд эзэмшдэг гэж ярьдаг шиг хятадууд ч 150 жилийн өмнө британичуудаар анх төмөр замаа бариулж байсан. За тэгээд Япон, хуучны ЗХУ, Франц, Германы оролцоо төмөр замын хөгжилд нь тод мөртэй. Бусдаар төмөр замаа бариулж, бусдаас төмөр замаараа хараат байсан урд хөрш өнөөдөр өндөр хурдны галт тэргээ, хурдны галт тэрэг сүнгэнэдэг төмөр замаа өөрсдөө бүтээж байна. Урд хөршийн төмөр замынхныг гаднаас хуулсан энэ тэр гэсэн шүүмжлэл дуулддаг. Гэхдээ тэгснийхээ хүчинд л өнөөдөр төмөр замаар дэлхийг хэрсэн улс болж чадсан. Бидний хувьд ч ялгаагүй бусдын зүйлсийг өөриймшүүлээд, хоёр том гүрэнтэйгээ бодлоготой харилцаж байгаад, Азиас Европыг чиглэсэн төмөр замыг нутаг дээгүүрээ татуулаад авах боломж бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *