Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид үзэх ёстойгоо үзэж байгаа, ирэх цаг хугацаанд өөдрөг байхаас өөр аргагүй

Сар шинэ гарах нь ээ, сайхан бэлгэдэлтэй яриа хөөрөө өрнөсөн өдрүүд эхэлж байна. Магадгүй өнгөрсөн хугацаанд сайн сайхан зүйлсгүй юм шиг өдрүүд урсан өнгөрлөө. Өмнөх засгийн эрх баригчид хоорондоо түжигнэтэл хэрэлдэж уралцсаар сонгуультай золгож бүгдээрээ гудамжинд гарцгаав. Өнөөдөр харж байхад тэднийг гудамжнаас нь шорон руу зөөж эхлэв бололтой. Олон л хүн битгий тийшээ ачигдаасай гэж залбирч сууна. Өнөөдрийн засаглагчид болохоор эрх мэдэл авангуутаа л болж бүтэхгүй бүхнийг ярьсан. Гэвч яахав, ямартай ч асуудлыг шийдэх гэж тэд оролдож байгаагийн эхлэл нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” юм. Сайн мууг нь хэлж л байна, гарц нь л энэ. Өөр арга байхгүйг бидний монголчууд өнөөдөр хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо асуудлыг болохоос нь болохгүйг нь хүртэл шийдээд явах цаг л үлдсэн. Удаан бодох, удаан ярих шаардлагагүй. Гомдоллох, гоншигонох бүр ч хэрэггүй. Шаардлагатай асуудлаа шийдээд, цаашаа явцгаая. Томоохон төслүүдийг хөдөлгөхийн төлөө явуулж байгаа үйл ажиллагаа нь амаргүй байна. Гэхдээ амаргүй гээд дахин дахин ярилцаад суухаар монгол улам л хүндрээд байна. Магадгүй бид энэ их ажлын дунд алдаа гаргаж болно. Гэхдээ бид засах боломжтой улс орны иргэд шүү дээ. Үүнд л монголчуудын давуу чанар оршиж байгаа.

Бэрхшээл яривал бидэнд түүнээс их юм алга. Их өрийн шил дараалсан төлөлт, валютын хомсдол, ОУВС-гаас тулгаж буй болзлууд, дээр нь монголчууд бидний хувиа хичээсэн муухай зан, хомхой сэтгэл, төрийн бүх шатны авлигын тогтолцоо, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан байдал гээд тоочвол мянган даваа бидний өмнө байна. Тэглээ гээд бид яах юм, зугтах юм уу, үхэх юм уу. Ерөөсөө л монголчууд бид үзэх ёстойгоо үзэж, туулах ёстойгоо туулаад явж байгаа. 67 насалж байгаа хүн 24-хөн мянган өдөр л амьдардаг юм ш тээ. Ийм богинохон зайд бид хэдүй болтол биесээ хэмлэн амьдрах юм бэ. Тийм болохоор монголчуудаа хэдүүлээ эхлээд өөрсдийн зан араншингаа засцгаая. Таны зан араншин бол таны хувь заяа юм гэсэн үгийг өглөө бүр саная. Өнөөдөр Монгол орон хаврын тэнгэр шиг хуйсгануур байна. Энэ байдлаасаа эхлээд гаръя. Монгол хүн бүр аливаа болохгүй бүтэхгүйн өмнө адгалгүй, тайван хүлээцтэй, уужуу ухаанаар хандъя. Тэгэхгүй бол бүгдээрээ сэтгэл санааны стрессээс 50 хувь нь үүдэлтэй элэгний хавдраар явж дуусах нь. Уур уцаартай, бухимдалтай хүмүүс хамгийн түрүүнд өртөдөг ходоодны хорт хавдраар өвчлөөд дуусах нь. Энэ бүгд монгол хүний зан араншингаас хамааралтай юм шүү.

Сая УИХ-ын гишүүн асан хоёр хүн баригдахад хүн бүрийн дийлэнх нь “Хохь нь муу новшнууд” гэж байх юм. Энэ нь хүний сайн чанар мөн үү. Доошоо яваа нэгнээ дээш нь татаж ярьдаг буурал дээдсийн чанар хаачив. Хэр баргийн юмыг тоолгүй өнгөрдөг монгол эр хүний чанар хаачив. Юм болгонд гоншигоноод яваа эр хүн муухай харагддаг. Монгол эрчүүдэд яг л тийм шинж нь давамгайлсан цаг үе ирчихэж. Тэгэхээр л энэ улс орон уруудаж доройтоод, эмэгтэйчүүддээ байр сууриа алдаж байна. Энэ Их хурал эмэгтэй гишүүдээр дүүрэх шахлаа. Эмэгтэйлэг зан араншин гэж гарцаагүй байдаг юм. Байгууллага эмэгтэй удирдагчийнхаа зан араншингаар явж болно. Харин Монголын төр эмэгтэйлэг байж болохгүй. “Эмийн шинжтэй манай төр” гэж нэртэй яруу найрагч зүгээр ч нэг хэлчихээгүй юм шүү. Тэгэхээр ирж байгаа цаг хугацаанд эрчүүд минь эр хүн шиг бай. Баргийн юмыг өнгөрөөж сур. Өлөн битгий царайл. Маргааш турж үхэх гэж байгаа биш. Хүнээс байнга авдаг бол өөрийнхөө хэмжээнд өгч бас сур. Таныг хэн нэгэн муу хэлсэн дуулдвал тэр хүн рүүгээ шууд залгаад асуучихдаг эр зоригтой бай. Тэгж чадахгүй дотроо “Чи муу намайг тэгсэн гэл үү” хэмээн хөмхийгөө зуугаад, үнэн худал нь мэдэгдэхгүй үгэнд итгээд явах чинь таныг улам жижгэрүүлж байна шүү дээ. Ер нь хүн хоорондын нүүр нүүрээ харсан халуун харьцаа гэдэг ирэх цаг хугацаанд хамгийн үнэ цэнэтэй зүйл болох нь шиг байна.

Монголчуудын амиа бодсон, хомхой сэтгэлийн тухай түрүүнд дурдсан. Шатахууны үнийг нэмлээ. Дагаад бүх юмны үнэ өснө. Энэ нь эргээд өөрсдийнх нь бизнест сөргөөр нөлөөлнө гэдгийг үнээ нэмэгсэд бодохгүй байна шүү дээ. Тэдний авдаг юмны үнэ бас өсчихөж байгааг. Зах зээлийн нийгэм, эдийн засгийн цусны эргэлт гэдэг ийм гинжин урвалтай. Өнөөдөр та болж байгаа мэт ч маргааш бусадтайгаа яг адилхан байдалд орохыг бодож үзэх хэрэгтэй. Ийм л логик Монголын эдийн засагт байгаа. Монголчуудын хомхой, аминч үзэл гэдэг энэ.

Ер нь хүний алдаа оноо зөвхөн өөрөөс нь л болдог. Улс орны нийгэм эдийн засгийн амьдрал ч яг үүнтэй адилхан удирдан залж буй хүмүүсээс болсон. Тийм болохоор л хийсэн үйлдэлдээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох хэрэгтэй. Өнөөдрийн улс орны нөхцөл байдал, сайжруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, асуудлыг шийдэхийг оролдож буй арга хэлбэр нь алга ташмаар сайн биш ч гэсэн үүнээс өөр аргагүй юм билээ. Тухайлбал, тансаг хэрэглээний татварыг нэмснээр боломжит хэсгээсээ улс хандиваа авч байгаа хэрэг. Архи, тамхины татварыг нэмэхэд юунд нь эмзэглэх билээ. Хавтгайрсан халамжийг цэгцлэх цаг болсон шүү дээ. Төсвийн хэт тэлэлт, төрийн нүсэр бүтцийг эмхлэх нь зүй ёсны асуудал. Санхүүгийн сектор гэдгийг ерөөсөө арилжааны энэ олон банкуудыг хэлж байна гэж ойлгож байгаа. Тэдний үйл ажиллагааг зах зээлийнх нь жамаар явуулах ёстой. Тэгж яваагүйгээс эдийн засгийн хямралд банкууд нэрмээс болсон. Энэ мэт олон асуудлыг бусдын тусламжтайгаар эмхэлж цэгцэлж авахгүй бол Монгол Улс модоо барих нь юу юм, гэхдээ дахиж сонгогдохоо бодсон улстөрчдийн хийрхэлд сүйрэх нь. Өөрийнхөө өмнө дандаа буруу асуудал босгож, түүнийгээ шийдэх гэсээр ухамсарт амьдралаа дуусгадаг дампуудуухан хүний амьдралтай адилхан тийм л улс орон боллоо. Тийм болохоор монголчууд минь сар шинээ сайхан өргөн дэлгэр гаргаад, маргаашаас нь эхлэн бүгдээрээ өөрт байгаа сайн сайхан чанараа авч гаран, гэрэл гэгээтэй зүгт алхацгаая. Монголын нийгэмд бусдад гэмгүй, мөрөөрөө амьдралаа аваад явж яагаад болохгүй гэж. Болно ш тээ, өөрсдөө л эхлээд далжиганахгүй байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *