УИХ-ын гишүүн Д.Гантулгатай ярилцлаа.
-Энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүн болж буйд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Монголын залуус, нутгийн зон олон минь намайг дэмжиж төрийн түшээ болголоо. Иргэд, сонгогчдын хувьд МАН-д итгэл хүлээлгэж төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллаарай гэсэн. Миний хувьд 29 настай. Манай тойрогт иргэд, сонгогчдын 600-700 мянга гаруй нь миний насны болон дүү хүмүүс байсан. Тэр олон залуусынхаа дуу хоолойг төрд хүргэхээр сонгогдсондоо баяртай байгаа. Би оюутны байгууллагын ерөнхийлөгчийн хувьд залуусынхаа боловсролд түлхүү анхаарал хандуулан ажиллана гэж бодож байна. Мөн нутгийн хөгжилдөө тулгуурлан зохиосон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хичээх болно. Хэнтий аймгийн иргэдийн хурлын сонгуульд мөн МАН-ынхан дийлэнх суудлыг авсан. Тиймээс тэдэнтэйгээ хамтраад орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах бололцоо бүрдсэнд баяртай байгаа. Ер нь монгол төр тогтвортой байж гэмээнэ эдийн засгаа сэргээж өрийн асуудлаа шийдвэрлэх болно.
-Танай аймагт тулгамдаж буй гол асуудал юу байдаг вэ?
-Ер нь монгол төрд нүүрлэж буй гол асуудал бол хагарал, талцал, намчирхах үзэл. Үүний эсрэг зогсоно. Бид Монголоо бүтэн харж ажиллах ёстой. Надад саналаа өгөөгүй таван мянган иргэн байна. Тэдний итгэлийг олохын тулд төрийн ажлыг сайн хийнэ. Тэгэхгүй бол зөвхөн намтайгаа, зөвхөн өөрийг нь сонгосон түмэн олонтойгоо ажилладаг улстөрчдөөс болж Монгол хуваагдаж байгаа. Монгол байгаа боломжийнхоо талыг ашигласан. Одоо Монголоо бүтэн болгохын төлөө ажиллана.
-Сонгуульд ямар уриатай оролцсон бэ. Залуу хүн улс төрийн талбарыг арай шинэлгээр харж байв уу?
-УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон шүү дээ. Тэнд Ц.Оюунбаатар даргатай өрсөлдсөн. Ц.Оюунбаатар дарга намайг есдүгээр ангийн жаахан хүүхэд байхад минь УИХ-д өрсөлдөж байсан. Түүнээс хойш 12 жилийн дараа намын удирдах зөвлөлийн гишүүн, холбооны ерөнхийлөгч, докторт суралцаж буй судлаачийн хувьд өөрийгөө өрсөлдөх бүрэн боломжтой гэж үзсэн. Иймд намын Удирдах зөвлөлдөө дэвших саналаа хэлсэн юм. Намайг ийм санал тавихад боломжгүй гэж олон хүн харж байсан байх. Гэхдээ залуу хүн, залуусын баг хамтдаа зүтгэж амжилтад хүрлээ. Тэдэндээ баярлалаа гэж хэлье. Монголын улс төр, нийгэм даяараа шинэ хүн хүсч байсны илэрхийлэл болж байх шиг байна.
–Өмнө нь та хаана ажиллаж байв?
-Би “Сан” дээд сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн магистрын зэргээ 2021 он хүртэлх үндэсний хөгжлийн цогц бодлогод анализ хийж хамгаалсан. Одоо Удирдлагын академид Удирдахуйн ухааны докторын чиглэлээр суралцаж байна. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Монголын лектор” төвд цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Хоёрдугаар курстээ үндсэн багш болж дараа жил нь сургалт хариуцсан захирлаар ажиллаж байлаа. Дээд сургуулиа төгсөх жилээ хүүхэд залуусын оролцоог дэмжих “Хөгжлийн түүчээ” санг үүсгэн байгуулж анхны тэргүүнээр ажилласан. Улмаар “Doctor english” сургалтын төвийн захирлаар ажиллаж байгаад МАН-даа элсэн орсон. Одоо Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.
-Аав, ээж тань Хэнтийн уугуул уу. Юу хийдэг хүмүүс вэ?
-Миний аав Хэнтийн Жаргалтхаан, ээж Мөрөнгийн хүн. Би Мөрөн суманд төрсөн. Аав маань малчин. Ээж насаараа бага эмчээр ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарсан. Би эцэг эхээс зургуул, айлын отгон хүү. Манай ах, эгч нар нутагтаа мал маллаж амьдарч байна. Тэд маань намайг сургууль соёлд сурч, эрдэм боловсролтой хүн болгохын төлөө зарим нь сургуульд суралгүй малаа маллаж, барилга дээр ажиллаж зүтгэсэн. Тэднийхээ итгэл үнэмшлийг тээж явахын төлөө зүтгэнэ.
-Сонгуульд яллаа гэдгээ мэдээд хамгийн түрүүнд хэнд дуулгав?
-Аав, ээжтэйгээ хамт байсан болохоор ялалтын мэдээг бүгдээрээ зэрэг сонссон. Би дүн гарахад Хэнтийд байсан юм. Гэр бүлийнхэн маань л их баярладаг юм билээ.
-Аав, ээж тань юу гэж захисан бол?
-Олон түмнийхээ итгэлийг дааж, хичээж ажиллаарай гэсэн дээ. Тэднийхээ захиасыг санаж өөрт буй бүхий л боломж, мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно.