Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Нийслэлийн Боловсролын газар, “Наад” брэнд хамтран “Би Монгол хүн” гар зургийн уралдааныг нийслэл болон орон нутгийн сургууль, цэцэрлэгийн бага насны /3-10 нас/ хүүхдийн дунд зарлаж амжилттай зохион байгууллаа.
Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг Монгол хүн болж төлөвшихөд туслах, Монгол хүний үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаа талаарх төсөөллийг нь олон нийтэд хүргэх зорилготой энэхүү уралдаанд Увс, Дорноговь, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн 9 дүүргийн ЕБС, цэцэрлэгийн нийт 980 хүүхэд багачууд бүтээлээ илгээжээ. Хоёр шатны шалгаруулалтын дүнд шилдэг 50 хүүхдийг шагналт байранд шалгарснаас нийт 9 хүүхэд эхний гурван байр эзлэв.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Наад” брэндийн захирал С.Сайханбаяр, ”Оливка” хүүхдийн асаргаа сувилгааны төвийн захирал П.Ганчимэг, оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Ай Пи Консалтинг” компанийн захирал Д.Дэлгэрцоо, ”Арти кор” галерейн уран бүтээлч зураач Г.Жааханхүү, “Чингис хаан” анимейшн киног бүтээсэн “Ocean Pictures” студийн захирал Б.Тэнгис нар ажилласан юм.
Зохион байгуулагч “Наад” брэндийн зүгээс 1 сая 350 мянган төгрөгийн мөнгөн шагнал болон, 1 сая 50 мянган төгрөгийн үнийн дүн бүхий МиМо гэр бүтээгдэхүүн, өргөмжлөлөөр урамшуулав. Уралдаанд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэхээр “Moon Dance’ хамтлаг ирж уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа. Уралдааныг “Хүүхдийн авьяасыг дэмжье” уриатайгаар “IceMark”, “Оливка” компани гарын бэлэг өөрийн бүтээгдэхүүнээрээ ивээн тэтгэсэн байна. Эцсийн шатны шалгаруулалтыг “UB art gallery”-д шилдэг 50 бүтээлийн дунд шууд зуруулах байдлаар явуулсан нь оролцогчид болон эцэг эхчүүд, үзэгчдийн таалалд нийцсэн шалгуур болсныг тэд хэлж байв. “Наад” брэндийн зүгээс энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийллээ.