Categories
мэдээ цаг-үе

“Би азтай хүн”

Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, “Зохиомж” дээд сургуулийн захирал, доктор, профессор Б.Цогтбаяртай ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхэн ой энэ өдрүүдэд тохиож байна. Таныг ардчиллын үйл хэрэгт оролцож байсан гэж ярьдаг юм билээ. Энэ тухай өгүүлдэг“Халуун салхи” баримтат киног мэдэх юм. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монголд ардчилал эргэлт буцалтгүй гарах нь дамжиггүй болсон байсан. Үүнийг сэтгэлийн угаас дэмжиж, хамгийн түрүүн оролцож байсан хүний нэг нь би. Ардчилсан холбооны анхны салбар зөвлөл гэдгийг анх санаачилсан Л.Хадбаатар гэж залуу тухайн цаг үед Монгол кино үйлдвэрт ажиллаж байсан юм. Мөн Мөнхбаатарыг дурсахгүй өнгөрч болохгүй. Москвад кино инженерээр төгссөн залуу шүү дээ. Түүнчлэн, дууны найруулагч Ц.Энхболд байна. Бид дөрөв анхны шавыг тавьж Ардчилсан холбооны салбар зөвлөлийг байгуулж байлаа. Би уран бүтээлч хүн болоод ч тэр үү хуучин нийгэмд дуртай байгаагүй. Шалтгаан нь сэтгэлгээний эрх чөлөө боогдмол, өөрөөр сэтгэж, бүтээл туурвих боломж хязгаарлагдмал байсан. Өөрийн чадах зүйлээр ардчиллын хөдөлгөөнийг ард түмэнд үнэн зөвөөр хүргэх талаар илүү бодсон. Миний үндсэн мэргэжил кино оператор. Ингээд нөхдийн хамт ардчиллын бүх үйл явцыг баримтжуулж авч эхэлсэн. Нийт 12 мянган метр плёнк дээр зураг авсан байдаг. Плёнк, дурангаа туршиж байна гэж худал хэлж хальсаа угаалгаж байсан.

Тэгтэл нэг жүжиг гарах байсныг хойшлуулж анх сонгуулийн өмнөх өдөр“Халуун салхи”баримтат киног Монголын ард түмний хүртээл болгосон. Энэ бол их чухал момент байсан. Сүүлд миний “Халуун салхи” киноны зураг авсан камерыг Үндэсний түүхийн музейд тавьсан даа. Ингэж би ардчиллыг сэтгэлээрээ дэмжиж оролцож байсан. Энэ цаг үеийн найзуудаа дурсах сайхан байна. Танай сониноор дамжуулаад анх ардчиллыг Монгол Улсад хөгжүүлэхэд оролцсон бүгдэд баярын мэнд дэвшүүлье.

Ардчиллын буянаар бид хэнээс ч асуухгүй өөр өөрийгөө аваад явчих улсын дайтай улс болсон шүү дээ. Нийгэмд гараад байгаа гаж буруу бүхэн ардчилал гараад бий болчихсон мэтээр зарим хүн ярьдагт би дургүй. Социализмын үед ч энэ бүхэн байсан. Ер нь төгс нийгэм гэж байхгүй шүү дээ. Английн ерөнхий сайд асан Черчиллийн хэлсэн үг байдаг. Ардчилал бол муу загвар. Гэхдээ дэлхий дахинд ардчиллаас өөр бодож хүн төрөлхтний олсон сайн сайн нийгэм одоогоор алга гэсэн байдаг. Бид алдаа бүхнээ засч сайжруулаад явах ёстой. Энэ бол хүн бүрийн үүрэг. Хүн нэг бүрт хамаатай асуудал.

-Таны бүтээсэн “Богд хаан” кино түүхийн бодит үнэнг олон нийтэд хүргэж, соён гэгээрүүлэхэд чиглэсэн байдаг. Эхний ангийг бүтээхэд хэр хүндрэлтэй байсан бэ?

-Би 2011 онд Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор “Богд хаан” киног хийсэн. Социализмын үед энэ хүнийг үргэлж хараар буддаг байлаа. Би 1982 онд оюутан болж, хоёрдугаар курсээс эхлээд кино гэж юу юм гэх зэргээр нүд нээгдээд, элдвийг эргэцүүлж бодоод эхэлж байгаа юм. Ямар ч муу хүнд сайн чанар заавал байдаг. Үүнтэй адил Богд хааныг харлуулж ярьж байгаа боловч сайн чанар, бүтээсэн зүйл байх л ёстой. Яагаад тэр сайн зүйлийг нь харуулж болдоггүй юм гэж боддог байлаа. Ингээд бодож явснаа хэрэгжүүлж,уг киног бүтээх завшаан олдсон.

-“Богд хаан” киноны хоёрдугаар ангийг бүтээх ажил руу ороод удаж байна уу?

-“Богд хаан” киноны хоёрдугаар ангийн бэлтгэл ажил 2012 оноос эхэлсэн.Нэгдүгээр ангийг нь бүтээсэн юм чинь хоёрдугаар ангийг хийж энэ түүхийг төгсгөх ёстой биз дээ. Энэ бол уран бүтээлч хүний үүрэг. Ингээд зохиолчтойгоо ярих, түүхчидтэй уулзах, архив сөхөж үзэх, хооронд нь харьцуулах зэргээр судалсан.Түүхийн аль болох бодит үнэнийг гаргах хэрэгтэй. Үүний тулд нарийн судалгаа, олон талын эх сурвалж дээр үндэслэж энэ түүхэн хүний дүрийг хамгийн зөв, бодитой байдлаар гаргаж чадна.Кино зохиол дээр зохиолч Д.Төрбат бид хоёр хамтарч ажилласан. Түүхчид, шашны зөвлөхүүдээс зөвлөгөө авсан.

Богд хаан бол үнэхээр эх оронч хүн байсан. Тавхан настайдаа Монголд Наймдугаар Богдын дүрээр тодорч орж ирсэн хүүхэд. Ингээд Монголд бичиг заалгасан, монгол соёл, сэтгэлгээ суусан. Төвдөд л төрсөн болохоос бүх талаараа монгол хүн. Монголд 1875 онд таван настайдаа орж ирсэнээс хойш Хятадын хилийн дээсийг давж нэг ч алхаагүй юм шүү. 1924 оны зургадугаар сарын 27-нд жанч халах хүртлээ нэг ч очоогүй. Манжийн эрхшээлд байх үед хүрээнээс гарсан тохиолдолд зөвшөөрөл авдаг, жилдээ 2-3 удаа Бээжинд дуудагддаг байж. Тэр болгонд бие чилээрхүү байна гэх юмуу, эсвэл таг хариу өгөхгүй явсаар нэг ч удаа очиж байгаагүй гэдэг.

Түүхэн кино хариуцлага шаарддаг. Түүх түүхээрээ байдаг ч түүх өөрчлөгддөг цаг үед бид амьдарч байна. Жишээ нь, социализмын үед Бодоог муу хүн мэтээр хэлдэг байлаа. Гэтэл Богдын шууд даалгавраар Бодоо, Цэвээн тэргүүн нар хойд хил дээрээс Барон Унгерныг тосч аваад газарчилж хүрээнд авчирсан үнэн түүх бий. Манай хожоо нь юу байв. Улаан байна уу, цагаан байна уу хамаагүй хятадуудыг л хөөх шүү дээ. Цагаантнаар хятадуудыг цохиулсан, эргээд цагаанаа улаан нь хөөсөн. Монголчууд цаг хожиж, боломжийг эрэлхийлж л байж.

Богдын нэг зорилго нь энэ хоёр хөршөөс гадна гурав дахь хөрштэй харилцах боломж хайж, гурав дахь хөршөөр Монголын бүрэн эрхт тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрүүлье гэж оролдсон. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч бүх эх орончдын эрмэлзэл байв. Яг үнэндээ оросууд манай тусгаар тогтнолыг нэлээд хожим хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Бид 1911 онд манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоод байдаг. Албан ёсны бичиг баримтанд 1945 оны сүүлээр манай улсын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тухай тусгагдсан.

-Эх орончдоос гадна урвагчид ч байжээ. Тийм үү?

-Богдтой хамт цогтой эх орончид болох Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, Ханд ван,Чагдаржав, Бодоо, Данзан нар байсан. 1911 онд Богд хаан ширээнд залагдаад хошуу ноёдын манжаас авч байсан цалин пүнлүүг зогсоосон. Гэтэл хилийн дагуу байсан зарим ноёд хятадуудыг өөрсдөө уриад газраа түрээсэлж эхэлсэн. Ер нь Орос, Хятад хоёрын хувьд Монгол бол зүгээр л бие биенээс нь тусгаарласан халхавч бүс л байжээ. Богд ч үүнийг дээд зэргээр ойлгож байсан. Иймд түүний гол бодлого нь Хятадын эсрэг орос, Оросын эсрэг Хятадыг тавиад цаг хожоод байсан шиг байгаа юм.

Урвагч ноёд бий. Овог нэртэйгээ. Батлан хамгаалахын сайд хүртэл дотор нь цохиж явсан. Шанзав Бадамдорж Богдын зараалаар Хятад руу явжээ. Бээжинд очоод Монголын автономитыг хэвээр хадгалах яриа хийж, эсрэг тал ерөнхийд нь зөвшөөрсөн байдаг. Гэтэл 15 урвагчийн өөрсдөө тусгаар тогтнолоосоо татгалзсан тухай бачиг очдог. Тэд бичигтээ бид автономитоо устгуулж танайд дагаар орж байгаагаа мэдэгдье гэж л дээ. Ингээд манайхан өөрсдөө улсаа байхгүй болгосон түүхтэй. Түүнээс биш Сью зэвсэг бариад ороод ирээгүй. Тэгээд ч /би та нарын урилгаар ирсэн хүн, одоо тариа тарина, төмөр зам барина, умардыг хөгжүүлнэ/ гэсэн байдаг. Манай кинон дээр хүртэл бий. Би та нарын урилгаар ирсэн хүн шүү гэдэг.


-Түүхэн кино хийхэд маш нарийн судалгаа хийж, бодит үнэний голчийг олох нь чухал байхаас гадна эдлэл хэрэглэлээс эхлээд тухайн цаг үеийг харуулахад ихээхэн хөдөлмөр ордог байх. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Жишээ нь, орчин үеийн кинонд ширээ дүүргэж гаргахын тулд аяга, таваг, хундага, халбага сэрээ, өөр юу ч юм тавьчихаж болно. Энэ нь асуудал биш. Тэгвэл түүхэн кинон дээр, Богд хааны ширээн дээр юу тавих вэ. Мөнгөн аяга байна, домбо тавих нь. Хааны зиндаа гэж бий. Зүгээр нэг мөнгөн аяга, домбо тавьчихаж болохгүй гэдгээс авахуулаад олон зүйлийг бодолцоно. Нарийн яривал их ойрхон үеийн түүх шүү дээ. Хийсвэр, нүд хуурсан байдлаар аргацааж болохгүй. Тухайлбал, энэ кинонд зориулж Богд хаан, Дондогдулам хатны сэнтийг бүтээлгэлээ. Их загварын яг хуулбар, бүтэн сийлбэр.

Миний ойлголтоор тухайн цаг үед Монголын ард түмэн тийм харанхуй бүдүүлэг байгаагүй. Жирийн монгол эр хүний өвөртөө хийсэн мөнгөн аяга нь урлагийн бүтээл байсныг та бид мэднэ. Хэт хутга, эмээл хазаар, үнэт чулуун гоёл бүхий малгай, дээл хувцас гээд л. Тиймээс ч бид кинондоо энэ бүхнийг бодолцсон.

-Ер нь манайд түүхэн кино цөөн хийгдэж байна. Намын бодлогоор зарим нэг үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор кино хийгээд байх шиг. Түүхэн кино нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?

-1990 оны залуус өсөж бойжоод, алдаж оноод, одоо ид хийж бүтээх насны торгон ирэн дээрээ явж байна. Одоо бүх юм тэднээс л шалтгаална. Бүх салбарт яг ийм ирлэсэн тонгорог шиг залуу үеийн бүхэл бүтэн арми бий болсон. Энэ залуусыг бид оюун санааны ядуурлаас аврах ёстой. Монголын түүхийн бодит үнэнийг хамгийн хүртээмжтэй кино урлагаар дамжуулж энэ залуус, мөн дэлхий дахинд таниулах ёстой. Гэдэсний өлсгөлөн бол даваад туулж болно. Оюун санааны хоосролыг нөхөхийн тулд дахин хэдэн арван жил шаардагдана. Тиймээс төр дорвитой арга хэмжээ авч Монголын төрт ёсны их түүхийг Хүннүгээс эхлүүлээд их эзэн Чингисээр дарааллуулаад төсвийн шууд санхүүжилтээр хийлгэх хэрэгтэй.Түүх гэхээр 100 жилийн наана цаана бодож болохгүй. Манайд дэлхийн хэмжээний түүхэн кино бүтээх арвин баялаг түүх бий. Дэлхийн улс үндэстнүүд түүхээрээ кино хийж хүүхэд залуустаа танилцуулахаас гадна төрийн уламжлал, бодлого, алсын харааг сурталчилж байдаг. Солонгосыг хар. Хятадыг хар, оросууд яаж хйиж байна. Бүх хаанаараа кино хийж, дэлгэцэнд мөнхөлж хүн төрөлхтний оюун сэтгэлгээнд хадаж өгч байна. Хятад улс Хубилайн хааны тухай кино хийлээ. Мөн Чингисийн тухай киног шинэчлэн хийхээр болж, манай жүжигчдээс тоглох нь. Тэр киног хятад хэлээр хийсэн биз дээ.Магадгүй 100 жилийн дараа энэ кинонуудыг үзсэн залуус Монголын түүхийг Хятадын түүх хэмээн харвал яах вэ. Түүхэн киног төрийн бодлогоор бодитой дэмжих нь чухал. Үүний цаана улс орны эрх ашиг, хүн ардын хүсэл зорилго хамгаалагдах болно. Ер нь кино бол олон хүний хөдөлмөрөөр бүтдэг нийлмэл урлаг. Олон нийтийг соён гэгээрүүлэх хамгийн хүчтэй зэвсэг, мөн өндөр зардлаар бүтдэг. Манай нөхцөлд уран бүтээлчид нуруун дээрээ үүрээд энэ салбарыг хөгжүүлнэ гэдэг тун хэцүү.

-“Богд хаан” киноны хоёрдугаар ангийг бүтээхэд төрийн дэмжлэг авсан уу?

-Богд бол аль нэг нам бүлэглэлийн гишүүн хүн биш юм. Төвд хүн шүү дээ. Шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүд дэмжлэг үзүүлээгүй. Жишээ нь, Увс аймгаас гаралтай хүний тухай кино хйихэд ядаж л Увс аймагт зураг авахад нутгийнхан нь манай нутгийн удирдагч гээд кино зургийн багийнхныг тултал нь дэмжээд өгчих жишээтэй. Богд хаан бол шашин төрийг хослон барьсан Монголын сүүлчийн эзэн хаан. Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, цар хүрээн их юм даа. Бидний уран бүтээлчид итгэл сэтгэлээр нэгдэж үндэстний сэхээтнүүдийн дэмжлэгтэйгээр киноны зураг авалтыг үндсэндээ дуусгаж байна.

Үндэсний үйлдвэрлэгч Эвсэг компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эцсийн амьсгалаа зориулсан эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэн их түүхээ дээдлэн энэхүү кино бүтээх үйлсэд хамтран оролцож байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Бид энэ түүхэн хүний гавьяаг кино урлагаар дамжуулж мөнхлөх болно. Хойшдын буян нь монголчуудад минь ирж үр тариа мэт өсөж үржинэ гэдэгт итгэлтэй байна. Ийм хувь тохиосон би азтай хүн.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *