Categories
мэдээ нийгэм

Бернхард Лой: Нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд хэрэгжүүлэх нь ДЕНКФАРМЫН соёлын салшгүй хэсэг

– ДЕНКФАРМЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО –

Денк группын салбар болох ХБНГУ-ын Денкфарм компани 70 гаруй жилийн турш эмийн үйлдвэрлэл, экспортын салбарт үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа бөгөөд өдгөө дэлхийн 80 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаагийн нэг нь Монгол улс.

Денкфармынхан манай улсад хэрэгжүүлж байгаа нийгмийн хариуцлагын төслүүдийнхээ хүрээнд олон хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Эдгээрийн тоонд АШУҮИС-ийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр, эмч нарын тэтгэлэгт хөтөлбөр зүй ёсоор нэрлэгдэнэ. Тус компани 2014 оноос эхлэн АШУҮИС-ийн оюутнуудад нийт 50 сая төгрөг, эмч нарын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт нийт 50 сая төгрөг зарцуулжээ. Тэгвэл өчигдөр 2017 оны тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчдаа зарлаж, шагналыг нь гардуулсан юм. Гурав дахь удаагаа оюутнуудад нь тэтгэлэг олгож байгаа болохоор АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар бөөн бөөн талархлын үгийг Денкийнхэнд хаяглав. 2014 оноос эхлэн жил бүр шилдэг таван оюутанд тус бүр 2,5 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.

Денкфармын Зүүн Европ болон Азийн бүс нутгийг хариуцсан захирал Бернхард Лой тус сургуульд зочилж, оюутнуудад тэтгэлэг гардуулахдаа “Манай компанийн хувьд нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд хэрэгжүүлэх нь компанийн соёлын салшгүй хэсэг. Бид дэлхийн олон оронд эрүүл мэнд, боловсрол, охид эмэгтэйчүүдэд хандсан төсөл хэрэгжүүлдэг. Энэ удаа чанартай сургуулийн чадварлаг оюутнуудад тэтгэлэг олгож байгаадаа баяртай байна. Бидний үндсэн зорилго бол өвчнийг эмчлэх. Үүнээс гадна амьдралын чанарыг сайжруулах нь маш чухал. Бид энэ удаа анагаахын оюутнуудын дунд цахим орчинд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах талаар тэтгэлэг зарласан. Олон оюутан материалаа ирүүлсэнээс YouTube-ээр хөгжилтэй аргаар эрүүл мэндийн боловсрол олгох гэх мэт олон сонирхолтой санал оюутнуудаас ирсэнийг онцолж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох нь энгийн бас жижиг зүйлээс эхэлдэг шүү” гэлээ.

Бернхард Лой өөрөө ч оюутан байхдаа олон тэтгэлэгт хөтөлбөрт ханддаг байсан гэнэ. “Тэтгэлэгийн үнэ цэнэ, ямар их хөдөлмөр шингэдэгийг мэдэж байгаа учраас энэ тэтгэлэгийг гардуулахад надад маш сайхан байсан” гэж тэр дараа нь ярьсан юм. Тэрбээр оюутан байхдаа Европын холбооноос тэтгэлэг авч, алдартай сургуульд уригдсан гэсэн шүү.

Тэтгэлэг хүртсэн оюутнуудын нэг Б.Эрдэнэтуяатай танилцлаа. Биоанагаахын сургуулийн төгсөх дамжааны оюутан тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж байгаа төсөлд туслах ажилтнаар орсон. Элэг, ходоодны хорт хавдартай хүмүүстэй ярилцаад судалгааны асуумж авдаг. Асуумж авч байх явцдаа хүмүүс эрүүл мэндээ хамгаалах талаар юу хийж болох талаар маш их юм сурсан. Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар хэн нэгэн надаас зөвлөгөө авахыг хүсвэл хамгийн түрүүнд би зөв хооллоорой гэж хэлнэ. Бас тамхи татаж болохгүй. Мөн давсны хэрэглээгээ хянах хэрэгтэй. Их хэмжээний давс хэрэглэж байгаа хүмүүс ходоодны хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй байдаг. Эмийн зохисгүй хэрэглээ бас нөлөөлдөг. Аспириныг их хэмжээгээр уудаг хүмүүс ходоодны хавдраар өвдөх эрсдэл байдаг шүү” гэлээ. Б.Эрдэнэтуяа “Төгсөөд био анагаахын чиглэлээр ажиллана. Яг одоо би ходоодны хорт хавдрын генийн судалгаа хийж байгаа. Төгсөөд үргэлжлүүлээд магистр, докторт сурах бодолтой байгаа” гэж ярив.

Бернхард Лой “Тэтгэлэг хүртэх гол шалгуур чанар гэж хэлж болно” гэлээ. Жишээлбэл оюутнууд сурлагынхаа үзүүлэлтээс гадна цахим орчинд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар юу хийж чадаж байна. Цаашдаа юу хийхээр бодож төлөвлөж байгаа гэдгийг чухалчилж үзсэн” гэлээ. “Эмч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр маань эмчийнхээ ажлыг хийхийн зэрэгцээ эмчилгээ үйлчилгээндээ дэвшилттэй ямар санал санаачилга дэвшүүлж байгааг, шинжлэх ухаанч судалгаа шинжилгээний ажил хэр хийж байгааг нь харгалзаж үзсэн. Өөрөөр хэлбэл идэвхитэй эмч нарыг урамшуулж байгаа юм. Бид Улаанбаатараас гурав, хөдөө орон нутгаас хоёр эмчид тус бүр мянган долларын тэтгэлэг гардуулж, хийж байгаа ажлыг нь урамшуулах зорилготой хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна” гэж ярьсан юм.

Шангри-Лад болсон эмч нарт тэтгэлэг гардуулах ёслолд олон эмч хүрэлцэн иржээ. Тэтгэлэг хүртсэн таван эмчийн нэг нь Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хавдрын тасгийн эрхлэгчээр ажилладаг Г.Саранцэцэг байв. Тэрбээр ярихдаа “Би 17 дахь жилдээ хавдрын эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд гадны хэд хэдэн орноор явж, туршлага судлах аялалд хамрагдсан. Үзсэн харсан зүйлээсээ санаа авч өвчтөн тэдний ар гэрийнхэнд цэвэр орчинд ээлтэй үйлчилгээг үзүүлэх боломж байна гэсэн бодол төрсөн юм. Гар ариутгах цэгийг эмнэлгийн тасаг нэгж бүрд гаднаас үйлчлүүлэгч орж ирэх үүд болгонд байрлуулъя. Хаалга болгоны үүдэнд тэргэнцэр байрлуулж, гаднаас хүнд өвчтөн орж ирэхэд тэргэнцэрээр шууд үйлчилсэнээр үйлчлүүлэгч тэдний ар гэрийнхэнд ээлтэй үйлчилгээ үзүүлэх боломжтой. “Цэвэр орчин, ээлтэй үйлчилгээ” төсөл бичээд шалгарсандаа баяртай байна. Би хоёр дахь жилдээ докторантурт сурч байгаа” гэж шилдэг эмч хуучиллаа.

Тэтгэлэг хүртсэн өөр нэг эмч Ц.Үржиндэлгэр “Денкфармынхан миний мэдэхийн сүүлийн гурван жилд эмч нарын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Би хоёр дахь жилдээ оролцоод энэ жил шалгарлаа” гэв. Тэрбээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт тасгийн эрхлэгч хийдэг. Ц.Үржиндэлгэр эмч ярихдаа “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв маань гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг. Нэг, хоёрдугаар шатлалаас ирүүлсэн эхчүүдэд бид үйлчилдэг. Манай төвд онцгойлон явагддаг жирэмсний хяналт гэж бий. Зүрх судасны эмгэгтэй болон дутуу төрөх эрсдэлтэй эмэгтэйчүүдийн жирэмсний хяналт явагддаг. Жирэмсний эхний болон жирэмсний хожуу хордлогоор хүндрэх эмгэг, хоромсомын эмгэгтэй хүүхэд төрүүлэх эрсдэл, мөн зулбах, амьгүй төрөх эрсдлийг тооцох сэдвээр төсөл бичсэн” гэж тайлбарлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *