Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч компанийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгалаа. Шалгалтын явцад компанийн албаны хүмүүсээс тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөтэй харилцахгүй байхаар дотооддоо ярилцаж хэрэгжүүлсэн арга хэмжээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Тухайлбал, нэг удаагийн бээлийг тогтсон хугацаанд тогтмол сольж хэрэглэх, нэг удаагийн ариутгах хэрэглэл ашиглах, касс болон үйлчилгээний ажилтаныг тус бүрт нь ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа гэж Монгол Улсын Шадар Сайдын ажлын албанаас мэдээллээ.