Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-8 см өндөр ургасан байна DNN.mn


Ховд аймгийн нийт сумын нутгаар ургамлын дундаж өндөр 2-8 см байна. Өөрөөр хэлбэл,ургамлын ургалтын байдал Мөнххайрхан, Дуут, Цэцэг суманд сайн, Дарви, Мянгад суманд муу бусад суманд дунд гэсэн үнэлгээтэй байна.

Чийг бага, хөрсөн дээр 40 градусаас дээш халуун олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтад таагүй нөлөөлж, төлөөлөх болон нийт ургамлын ургалт саатсан хаталтын байдалтай байгаа гэж мэргэжилтнүүд хэллээ.

Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 18-30 хувийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.

Одоо сумдад сааль сүү бэлтгэх, мал оторлох, хонь хяргах, мал хөнгөлөх ажил үргэлжилж байгаа.

Өнгөрсөн 10 хоногт нийт нутгаар 34.4 мм тунадас орлоо. Хамгийн их нь Чандмань суманд 12.6 мм бороо орсон юм. Борооны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байсан.

Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно.

Иймээс тээврийн хэрэгсэлийн жолооч, малчид, иргэд гүүр, гарамгүй газраар авто машинаар болон явганаар гол мөрөн гатлахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж сэрэмжлүүлэг өгөх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрөн, нуурын усанд орохгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Энэ сарын 10-нд Ховд аймгийн төвд бороо орсны улмаас Рашаант, Наран, Бичигт багийн нутаг дэвсгэрийн айл өрх, үйлдвэр, шатахуун түгээх станцууд үерт автаж, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай хаагдаж, нөхцөл байдал хүндэрсэн.

Уг нөхцөл байдал дахин давтагдах, борооны улмаас ихэнх гол, нуурын усны түвшин нэмэгдэн уулнаасаа сүйтгэл ихтэй үер буух магадлалтай тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *